Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 06 сарын 12 өдөр

Дугаар 560

 

   2020         06          12                                      2020/ШЦТ/560

  

 

                                       МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Мөнх-Эрдэнэ даргалж,

нарийн бичгийн дарга: Ц.Чулуунчимэг;

улсын яллагч: Ж.Энх-Амгалан;

шүүгдэгч: А.Б, Г.Б, тэдгээрийн өмгөөлөгч А.Ганзориг нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,

 

Сүхбаатар дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт тус тус холбогдуулан яллахаар дүгнэлт үйлдэж ирүүлсэн А.Б, Г.Б нарт холбогдох эрүүгийн хэргийг 2020 оны 05 дугар сарын 26-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

           

Шүүгдэгч нарын биеийн байцаалтын талаар:

 

1. Монгол Улсын иргэн, 1991 оны 04 дүгээр сарын 14-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 29 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн ажилгүй, ам бүл 1, оршин суух тодорхой хаяггүй, урьд Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн 261 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял шийтгүүлж, уг хорих ялыг тэнсэж 1 жилийн хугацаагаар хянан харгалзсан, А.Б;

 

2. Монгол Улсын иргэн, 1984 оны 03 дугаар сарын 13-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 36 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн ажилгүй, ам бүл 1, оршин суух тодорхой хаяггүй, урьд Чингэлтэй дүүргийн шүүхийн 2008 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн 115 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1, 261 дүгээр зүйлийн 261.2 дахь хэсэгт зааснаар 5 жил 6 сарын хугацаагаар хорих ял шийтгүүлж, Нийслэлийн давж заалдах шатны шүүхийн 2008 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн 352 дугаар магадлалаар 3 жил 7 сарын хугацаагаар хорих ял болгон өөрчилж, 2010 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн шүүгчийн захирамжаар хугацааны өмнө тэнсэн суллагдсан, Г.Б.  

 

            Прокуророос үйлдэж ирүүлсэн яллах дүгнэлтээр:

             Яллагдагч Г.Б, А.Б нар нь бүлэглэн 2020 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр Сүхбаатар дүүгийн 8 дугаар хороо Улаанбаатар зочид буудлын урд сааданд Э.Дашнямын гар утсыг хүч хэрэглэж авахаар довтолж, гар утсыг дээрэмдэн авч бусдад 250.000 төгрөгийн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжпэн судлав. Үүнд:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч А.Б мэдүүлэхдээ: “...Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Мөрдөн байцаалтын шатанд бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй гэв.” гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Г.Б мэдүүлэхдээ: “....Мөрдөн байцаалтын шатанд бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Нэмж мэдүүлэх зүйлгүй гэв.” гэв.

 

Хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын шатанд хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 6-7/, таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл /хх-ийн 10-15/, хохирогч Э.Дашням /хх-ийн 19-20, 21/, гэрч Ц.Эрдэнэчимэг /хх-ийн 25/, гэрч Г.Батбаяр /хх-ийн 32/ нарын мэдүүлэг, “Дамно” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлан /хх-ийн 35-36/, А.Бгийн яллагдагчаар мэдүүлсэн мэдүүлэг /хх-ийн 48-49, 55-56, 88-89/, Г.Бийн яллагдагчаар мэдүүлсэн мэдүүлэг /хх-ийн 50-51, 53-54/, А.Бгийн хувийн байдалтай холбоотой баримтууд /хх-ийн 65, 80, 83-84/, Г.Бийн хувийн байдалтай холбоотой баримтууд /хх-ийн 66, 85-86/   зэрэг болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шүүх тал бүрээс нь бүрэн, бодитой магадлан хянасны үндсэнд ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч Г.Б, А.Б нар нь бүлэглэн 2020 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр Сүхбаатар дүүгийн 8 дугаар хороо, Улаанбаатар зочид буудлын урд сааданд иргэн Э.Дашнямын гар утсыг хүч хэрэглэн илээр, хууль бусаар авсан үйл баримтууд дараах хэрэгт хамаарал бүхий бүх нотлох баримтуудыг цогцоор нь дүгнэхэд тогтоогдож байна.  Үүнд:

           

хохирогч Э.Дашнямын /хх-ийн 19-20, 21/: “...нөгөө эмэгтэй бид хоёр саадны хойд хэсэг рүү алхаж байтал гэнэт хоёр согтуу эрэгтэй хүн гараад ирсэн. ...намайг “эмэгтэй хүн яагаад байна аа” гэж хэлээд над руу намхан биетэй хүзүүн дээрээ шивээстэй залуу нь ирээд шууд миний хойд талаас намайг боосон. Нөгөөдхөөсөө арай ахимаг байрын настай хар өнгийн цамцтай эрэгтэй нь миний өмдний халаасыг ухаад миний “Самсунг Эс-8” загварын гар утсыг авсан. Нөгөө залуу нь намайг хойноос боогоод унагаасан. Би босож ирээд утсыг маань буцаагаад өгчих гэж гуйсан. “40.000 төгрөг өгөөд утсаа авбал ав” гээд байсан. Би “надад 20.000 төгрөг байна” гэж хэлтэл “утсыг чинь өгөхгүй” гээд яваад өгсөн. ...надад учирсан хохирлыг бүрэн төлж барагдуулсан. ...гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлгээр,

 

гэрч Ц.Эрдэнэчимэгийн /хх-ийн 25/: “...нэг залуу хүрч ирээд тэр хоёртой юм ярьж байгаад тэр гурав хойшоо явчихсан. Хэсэг хугацааны дараа нөгөө залуу “зодуулчихлаа, гар утсыг минь аваад явчихлаа, би 20.000 төгрөг өгөөд гар утсаа авчихмаар байна, лизингээр авсан утсаа алдчихлаа” гээд уйлж байгаад явчихсан...” гэх мэдүүлгээр,

 

А.Бгийн яллагдагчаар мэдүүлсэн /хх-ийн 48-49/: “...2020 оны 04 дүгээр сарын 28-ны орой танил найз Г.Бийн хамт Улаанбаатар зочид буудлын сааданд архи ууж сууж байгаад саадны хойд хэсгээр нэг биеэ үнэлэгч хүүхэнтэй алхаж явсан залуу руу очоод “эмэгтэй хүнийг ингэдэг юм уу” гэж хэлсэн. Г.Б тэр залуу руу хэдэн үг хэлээд муудалцсан. Би нөгөө залуугийн араас нь хоолойноос нь боосон. ...нөгөө залуу босож ирээд Г.Бээс утсыг маань өгчихөөч гэж хэлээд байгаа сонсогдсон. ...би өөрийн үйлдсэн хэргийг хүлээн зөвшөөрч байна. ...” гэх мэдүүлгээр,

 

         Г.Бийн яллагдагчаар мэдүүлсэн /хх-ийн 50-51, 53-54/: “...А.Б

нөгөө залууг бариад авах шиг болсон. Би нөгөө залуугийн өмдний халаасыг ухаад нэг гар утас байсныг аваад халаасандаа хийсэн. ...тэр залуу “утсыг маань өгөөч” гэж хэлсэн. Би өгөлгүй хойшоо яваад өгсөн. ...100 айлын тэнд очоод гар утсыг үзэхэд “Самсунг Эс 8” загварын гар утас байсан. Тэр гар устыг гудамжинд явж байсан танихгүй хүнд 50.000 төгрөгөөр зараад мөнгөөр нь архи уугаад дууссан...” гэх мэдүүлэг болон  “Дамно” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлан /хх-ийн 35-36/, хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 6-7/, таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл /хх-ийн 10-15/ зэрэг мөрдөн байцаалтын явцад хуульд заасан үндэслэл, журмын дагуу хэрэгт цугларсан нотлох баримтуудаар тогтоогдож байна.

           

Дээрх нотлох баримтууд “хэрэг гарах болсон шалтгаан нөхцөл, шүүгдэгч А.Б нь хохирогчийн хоолойг боосон байхад шүүгдэгч Г.Б хохирогчийн өмдний халааснаас нь “Самсунг Эс 8” загварын гар утсыг илээр, хүч хэрэглэн, хууль бусаар авсныг хохирогч мэдүүлсэн, хохирогч өөрийг нь зодож эд зүйлийг нь авсан хүмүүсийг эргэлзээгүйгээр таньж олж, заасан, хохирогчийн алдсан эд зүйлсийн үнийг хөрөнгийн үнэлгээгээр тогтоосон” зэрэг үйл баримтуудыг агуулж байх тул энэ хэрэгт хамааралтай, хууль ёсны, ач холбогдолтой, үнэн зөв гэж шүүх үзсэн болно.

 

Бусдын эд хөрөнгийг өөрийн өмчлөлд авах зорилгоор бие махбодийн хүчирхийлэл (зодох) үзүүлэн довтолж буюу шунахай сэдэлтээр, илээр, үнэ төлбөргүйгээр хохирогчийн гар утсыг авч буй А.Б, Г.Б нарын гэм буруугийн санаатай үйлдэл нь “бүлэглэн бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэж авахаар довтолж дээрэмдэх” гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байх тул тэднийг уг гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, эрүүгийн хуульд заасан хариуцлагыг хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Шүүх гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн төлбөрийн асуудлыг дараах байдлаар шийдвэрлэв.

Хохирогч Э.Дашнямын “...надад учирсан хохирлыг бүрэн төлж барагдуулсан. ...гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг хавтаст хэргийн 21 дүгээр талд авагдсан байх тул шүүгдэгч нарыг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.  

Шүүх шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлагыг хүлээлгэхэд хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

Шүүх Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгч нарын хувийн байдал, хохирол төлбөрөө нөхөн төлсөн, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзсэний үндсэнд Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан шүүгдэгч А.Б, Г.Б нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан төрөл хэмжээний дотор тус бүрийг 2 жилийн хугацаагаар хорих ял шийтгэхээр шийдвэрлэв.

Мөн  дээрх нөхцөл байдлуудыг харгалзан шүүгдэгч нарыг шийтгэсэн  хугацаатай хорих ялыг нээлттэй хорих байгууллгад эдлүүлэхээр тогтов.

 

Хэрэгт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй бөгөөд эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болно.

           

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Шүүгдэгч А.Б-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “бүлэглэн бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэн авахаар довтолж дээрэмдсэн” гэмт хэрэг үйлдсэн,

 

шүүгдэгч Г.Б-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “бүлэглэн бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэн авахаар довтолж дээрэмдсэн” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч А.Бг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ялаар,   

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Бийг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэсүгэй.  

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Б, Г.Б нарт оногдуулсан хугацаатай хорих ялыг тус бүрийг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.

          

4. Шүүгдэгч  А.Б, Г.Б нар нь бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг дурдсугай.

 

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Б нийт 43 /дөчин гурав/ хоног, шүүгдэгч Г.Б нийт 43 /дөчин гурав/ хоног цагдан хоригдсоныг тус тус эдлэх ялд нь оруулан тооцсугай.

 

6. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч А.Б, Г.Б нарт урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлж, тэдний эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолсугай.

 

7. Шийтгэх тогтоолыг улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

8. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч А.Б, Г.Б нарт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                             Б.МӨНХ-ЭРДЭНЭ