Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2018 оны 10 сарын 05 өдөр

Дугаар 001/ХТ2018/01323

 

Б.Нын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

         Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Г.Алтанчимэг, Ц.Амарсайхан, Б.Ундрах, Г.Цагаанцоож нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

         Дархан-Уул аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн  

         2018 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн 221 дүгээр шийдвэр,

Дахан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 

         2018 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн 36 дугаар магадлалтай,

         Нэхэмжлэгч: Б.Н

         Хариуцагч: Ж.Од холбогдох

         1.680,000  төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

         Нэхэмжлэгч Б.Нын хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн

         Шүүгч Б.Ундрахын илтгэснээр хянан хэлэлцэв.

         Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: 2016-05-р сард Ж.Огийн хүсэлтийн дагуу өргөст хэмхийн үрийн үнэ болон 1.120.000 төгрөгийг хүнээс зээлж өгсөн.    Тухайн үед Ж.О үрээ тарьж, ургац хураахад цаг хугацаа орно гэж хэлсэн учир 2016-06- 01-с 2016-12-31-ний өдрийг хүртэл нийт 6 сарын хугацаатай 10 хувийн хүүтэй зээлийн гэрээ байгуулж, гарын үсэг зурсан. Зээлдэгч гэрээнд заасан хугацаанд  төлбөрөө төлөөгүй. Ж.О 280.000 төгрөг өгсөн байдаг. Ж.О 2017-04-30-ны өдөр өгье гэж хэлсэн учир зээлийн гэрээг дахин 4 сарын хугацаагаар сунгасан. Нэг сарын зээлийн хүүг 112.000 төгрөгөөр 7 сарын хугацаанд тооцож нэхэмжилсэн.  Дансны хуулгаас харахад хариуцагч 280.000 төгрөгийг 2017 онд өгсөн байна. Иймд 1.680.000 төгрөг гаргуулж өгнө үү.

         Хариуцагч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Би Б.Наас мөнгө зээлээгүй. Б.Н өөрөө надтай хамтарч ногоо тарья гэж хэлсэн. Бид хоёр 4 кг өргөст хэмхийн үрийг хоёр хоёр килограммаар нь хувааж төлөхөөр тохиролцсон. Тэр үед өргөст хэмхийн үрийн үнэ болон ногоо тарихад шаардлагатай бусад зардлыг хуваан хариуцахаар тохиролцсон. Гэтэл Б.Н намар мөнгөө өгье гэж хэлсэн. Би өргөст хэмхийн үрийн үнэ болох 560.000 төгрөгийг өгөх ёстой. Намар ургац хураах үед Б.Н намайг өргөст хэмхийн үрийн мөнгөө өг, би ургац хураалтад оролцохгүй гэсэн. Би хол газар очиж ургац хураахаар зардлын мөнгөө хийж чадахгүй гэж хэлтэл Б.Н 100 шуудай өргөст хэмх хураахад 500.000 төгрөг болно. Түүнийг хураахын тулд би ажилтан авч ажиллуулах шаардлагатай болно. Тэгж байхаар чи өөрөө наад асуудлаа зохицуул, чи зөвхөн 4 кг өргөст хэмхийн үрийн мөнгөө өг гэж хэлсэн. Түүнээс нь болж бид маргалдсан. Б.Н бид хоёрын хувьд 1.120.000 төгрөгийг хоёр хувааж төлөх ёстой. Ногоо тарихад 600.000 гаран төгрөгөөр газар хагалж, усалгаа хийсэн. Намайг Б.Нт нэг усалгааны мөнгө өгчих гэж хэлж байхад усалгааны мөнгө өгөөгүй. Би  Б.Нт 710.000 төгрөг өгсөн гэжээ.

       Дархан-Уул аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн 221 дүгээр шийдвэрээр Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1-д тус тус заасныг баримтлан  Ж.Огээс 1.264.000 төгрөг гаргуулж, Б.Нт олгож, 416.000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 45.500 төгрөгийг Төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 34.886 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэсэн байна.

        Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн 36 дугаар магадлалаар Дархан-Уул аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн 221 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр  буцаажээ.

        Нэхэмжлэгч хяналтын журмаар гаргасан гомдолдоо: ...нэхэмжлэлийн шаардлага тодорхой, нотлох баримтыг өгсөн байсад өөр ямар  баримт гаргаж өгөх ёстойг ойлгохгүй байна... Ж.О зээлийн гэрээ хийгээгүй гэж  байгаа ч  ямар нэг баримт авчирч өгөөгүй, сөрөг нэхэмжлэл гаргаагүй... гэрээг Ж.О өөрөө  хийсэн.. талууд сайн дурын үндсэн дээр гэрээнийхээ гол нөхцөлөө тохиролцоод хийсэн... Өргөст хэмхийн үр зээлээр авч Ж.Од өгсөн асуудал гэрээ хийхээс өмнө бидний хооронд болсон асуудал, тэр надаас мөнгө зээлж үрийн үнэ төлсөн. Мөнгө зээлж авах тухай саналыг Ж.О надад тавьсан. Ж.Огийн тайлбар хийгээд байгаа байдал нь хэрэгт баримтаар нотлогдон тогтоогдоогүй, би түүндээ хамтарч ногоо тарих талаар огт яриагүй. Тэр баримтгүй худлаа зүйл ярьж байгааг шүүх хүлээн авч байгаа нь үндэслэлгүй байна. Анхан шатны шүүх бидний хооронд үүссэн эрх зүйн харилцааг зээлийн гэрээ гэж зөв тодорхойлсон, нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд хэргийг үндэслэлтэй шийдвэрлэсэн. Харин давж заалдах шатны шүүх маргааны үйл явдлыг буруу дүгнэж хууль буруу хэрэглэсэн учраас магадлалыг хүчингүй болгож, шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

        Б.Н 2017 оны 12 дугаар сарын 25-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргаж, Ж.Огээс зээлийн гэрээний үүрэгт нийт 1.904.000  төгрөг шаардсаныг хариуцагч  эс зөвшөөрч “...мөнгө зээлж аваагүй, харин өргөст хэмх тарих талаар хамтран ажилласан...” гэж маргасан байна.   

        Анхан шатны шүүх талуудын хооронд зээлийн гэрээний харилцаа үүссэн гэж дүгнэн, нэхэмжлэлийн зарим хэсгийг хангаж шийдвэрлэснийг давж заалдах шатны шүүх хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцаажээ.

       Хяналтын шатны шүүхэд гаргасан нэхэмжлэгчийн гомдлыг хангах боломжгүй байна гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв. 

       Анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмыг зөрчсөн байна. 

       Б.Н 2017 оны 12 дугаар сарын 22-ны өдөр итгэмжлэл /хх 4/ олгосноор Л.Оюунсувд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд нэхэмжлэгчийг бүрэн төлөөлөх эрхтэй болжээ.

       Иргэн өөрийн биеэр буюу төлөөлөгчөөрөө дамжуулан хэрэг хянан шийдвэрлэхэд оролцоно. Өмгөөлөгчөөс өөр этгээдээр төлөөлүүлж байгаа иргэн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд биечлэн оролцохгүй. Биечлэн оролцох тохиолдолд өөрийг нь төлөөлж байгаа этгээдээс татгалзсан тухайгаа шүүхэд бичгээр мэдэгдэнэ.

       Б.Н өөрийг нь төлөөлж байгаа этгээдээс татгалзсан тухайгаа бичгээр мэдэгдээгүй буюу энэ тухай баримтыг ирүүлээгүй байхад шүүх түүнийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулж 2018 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр гаргасан тайлбар /хх 21/ болон 2018 оны 02 дугаар сарын 06-ны өдөр гаргасан хүсэлтийг /хх 26/  хэлэлцсэн /хх 27/ нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.5 дахь хэсгийн зохицуулалтад нийцээгүй байна.

      Түүнчлэн, Б.Н хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд өөрөө оролцсоноосоо хойш бусдад дахин итгэмжлэл олгоогүй байхад шүүх Л.Оюунсувдыг шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн төлөөлөгчөөр оролцуулж нэхэмжлэлийн шаардлагын хэмжээг багасгасныг хүлээн авсан нь, мөн “...нэхэмжлэгчийг өөрийг нь шүүх хуралдаанд оролцуулах...” тухай хариуцагчийн хүсэлтийн /хх 42/  талаар эсрэг талаас нь тайлбар аваагүй нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1, 105 дугаар зүйлийн 105.1 дэх хэсгийг зөрчжээ. 

         Анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмыг ноцтой зөрчсөн байх тул магадлалыг хэвээр үлдээв.

        Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ :

        1. Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн 36 дугаар магадлалыг хэвээр үлдээж, нэхэмжлэгч Б.Нын гомдлыг хангахгүй орхисугай.

        2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4-т заасныг баримтлан нэхэмжлэгчээс хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2018 оны 05 дугаар сарын 08-ны өдөр төлсөн 35.000 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

                                 ТАНХИМЫН ТЭРГҮҮН                           Х.СОНИНБАЯР

                                  ШҮҮГЧ                                                     Б.УНДРАХ