Завхан аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 09 сарын 03 өдөр

Дугаар 20

 

Завхан аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ч.Цэнд-Очир даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар:

Нэхэмжлэгч: Д.Мө-ын нэхэмжлэлтэй, Хариуцагч: Завхан аймгийн Хяргас нуур-Завхан голын сав газрын захиргааны даргад холбогдох,

2018 оны 5 дугаар сарын 22-ны өдрийн Б/11 дүгээр тушаалыг хүчингүй болгуулах, Хяргас нуур-Завхан голын сав газрын захиргааны гадаргын усны нөөц, судалгаа шинжилгээний асуудал хариуцсан мэргэжилтний албан тушаалд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, мөн хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлүүлж, холбогдох дэвтрүүдэд нөхөн бичилт хийлгүүлэх шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Д.Мө-, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Э.Долгорсүрэн, хариуцагч Н.Батболд, хариуцагчийн өмгөөлөгч Б.Алтангэрэл, гуравдагч этгээд П.Мөнхтулга, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Ганчимэг нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би Завхан аймгийн Хяргас нуур-Завхан голын сав газрын захиргаанд 2013 оны 3 дугаар сарын 15-ны өдөр ус ашиглалт, усны барилга байгууламж хариуцсан мэргэжилтнээр томилогдон анх ажиллаж байгаад 2014 оны 7 дугаар сард жирэмсний амралтаа авсан. Жирэмсний амралт дууссанаар намайг 2015 оны 6 дугаар сарын 22-ны өдрийн Б/21 дүгээр тушаалаар газрын доорх усны нөөц, ашиглалт хариуцсан мэргэжилтний албан тушаалд томилсон. Ийнхүү би дээрх орон тоон дээр ажиллаж байтал шинээр томилогдсон газрын дарга 2016 оны 4 дүгээр сарын 13-ны өдрийн Б/17 дугаар тушаалаар намайг гадаргын усны нөөц, судалгаа шинжилгээний асуудал хариуцсан мэргэжилтний албан тушаалд түр орлон гүйцэтгэгчээр томилсны дагуу ажиллаж байтал 2016 оны 6 дугаар сарын 13-ны өдөр намайг ажлаас халсан. Үүнийг би үндэслэлгүй гэж үзэн шүүхэд нэхэмжлэл гаргаснаар тус шүүхээс намайг ажлаас үндэслэлгүй халагдсаныг тогтоож, шүүхийн шийдвэрээр гадаргын усны нөөц, судалгаа шинжилгээний асуудал хариуцсан мэргэжилтнээр буцаан томилогдсон. Гэтэл 2018 онд шинээр ажилд орсон дарга 2018 оны 5 дугаар сарын 22-ны өдрийн Б/11 дүгээр тушаалаар Төсвийн тухай хуулийн 16.5, Төрийн албаны тухай хуулийн 23.1.2 болон Төрийн жинхэнэ албан тушаалд анх орох иргэний нөөцөд бүртгэж, нэр дэвшүүлэх тухай Төрийн албаны зөвлөлийн 2018 оны 4 дүгээр сарын 13-ны өдрийн 29 дүгээр тогтоол, Завхан аймаг дахь Төрийн албаны салбар зөвлөлийн 2018 оны 4 дүгээр сарын 24-ний өдрийн 31 дүгээр албан бичгийг тус тус үндэслэн намайг ажлаас чөлөөлсөн. Харин уг тушаалыг гарахын өмнө Хяргас нуур-Завхан голын сав газрын захиргаанаас миний ажиллаж байсан гадаргын усны нөөц, судалгаа шинжилгээний асуудал хариуцсан мэргэжилтний ажлын байран дээр сонгон шалгаруулалт явуулах захиалга өгснөөр Завхан аймгийн төрийн албаны салбар зөвлөлөөс 2018 оны 3 дугаар сарын 16-ны өдөр сонгон шалгаруулалт явуулсан. Энэхүү шалгалтыг би хүлээн зөвшөөрөөгүй боловч удирдлагаас заавал шалгалтанд ор гэснээр ажлын байраа алдахгүйн тулд шалгалтанд орсон. Уг шалгалтанд миний бие болон П.Мөнхтулга гэх хүн орж, тестийн шалгалтанд намайг тэнцээгүй гэсэн хариу өгсөн. Үүнийг үндэслэн намайг ажлаас чөлөөлж П.Мөнхтулгыг миний оронд ажилд томилсон. Үүнийг би үндэслэлгүй гэж үзэж байгаа бөгөөд анхнаасаа уг шалгалтанд тухайн албан тушаалд тавигдах ерөнхий болон тусгай шаардлагыг хангахгүй П.Мөнхтулга гэх хүнийг оруулж тэнцүүлсэн. Би ажиллаж байх хугацаандаа 2015 оны 4 дүгээр сарын 09-ний өдөр Ургамал сумын газар зохион байгуулалтын албаны газрын даамлын орон тоон дээр төрийн албаны шалгалт өгч тэнцсэн төрийн жинхэнэ албан хаагч юм. Нэгдүгээрт: Нэгэнт уг албан тушаал дээр төрийн албаны шалгалтанд тэнцсэн төрийн жинхэнэ албан хаагч ажиллаж байсан учраас сул орон тооны захиалга өгөх хууль зүйн үндэслэл бүрдээгүй байсан. Учир нь тус байгууллагаас төрийн албаны салбар зөвлөлд сул орон тооны захиалга ирүүлсэн нь Төрийн албаны зөвлөлийн 2009 оны 99 дүгээр тогтоолын хавсралт болох... Төрийн жинхэнэ албан тушаалд анх орох иргэний нөөцийг бүрдүүлэх журмын 5.2 дахь хэсэгт.. төрийн байгууллага дор дурдсан нөхцөл байдал үүссэн тохиолдолд нөөцийн сангаас тухайн сул орон тоог нөхөх тухай захиалгаа холбогдох зөвлөлд ирүүлнэ. 5.2.1-д холбогдох хууль тогтоомжийн дагуу тухайн албан тушаалд ажиллаж байсан төрийн жинхэнэ албан хаагчийг чөлөөлсөн, халсан. 5.2.2... эрх бүхий этгээдийн шийдвэрээр тухайн сул орон тоо шинээр гарсан. 5.2.3... тухайн албан тушаалд ажиллаж байсан төрийн жинхэнэ албан хаагч нас барсан,хүндэтгэн үзэх бусад шалтгаан гэж заасныг илт зөрчсөн үйл ажиллагаа болсон байна. ... Хоёрдугаарт: Хяргас нуур-Завхан голын сав газрын захиргаанаас төрийн албаны салбар зөвлөлд ерөнхий шалгуур нь усны менежмент, тусгай шалгуур нь гидрологич буюу усны нөөц экологич инженер мэргэжилтэй ажилтныг авахаар захиалгаа өгсөн байхад надтай хамт шалгалтанд орсон П.Мөнхтулга нь байгалийн ухааны багш мэргэжилтэй байхад Төрийн албаны салбар зөвлөлөөс ерөнхий болон тусгай шалгуурт түүнийг тэнцүүлж, шалгалтанд оруулсныг үндэслэлгүй гэж үзэж байна. Харин би 2006 онд ШУТИС-ийн барилгын инженерийн сургуулийг усны нөөц, экологи мэргэжлээр төгссөн учраас гадаргын усны нөөц, судалгаа шинжилгээний ажил хариуцсан мэргэжилтний албан тушаалын ерөнхий болон тусгай шалгуурыг бүрэн хангаж байсан. Гуравдугаарт: П.Мөнхтулга нь Завхан аймгийн Төрийн албаны салбар зөвлөлийн нарийн бичгийн дарга П.Мөнхзаяагийн төрсөн дүү учраас тэрээр Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.5 дахь хэсэгт зааснаар түүний ... хамаарал бүхий этгээд нь байна. Гэтэл П.Мөнхзаяа нь өөрийн хамаарал бүхий этгээддээ давуу байдал олгон шийдвэр гаргахад нөлөөлсөн байж болзошгүй байдал нь П.Мөнхтулгыг тухайн албан тушаалд тавигдсан ерөнхий болон тусгай шаардлагыг хангахгүй мөн захиалга өгсөн байгууллагын мэргэжлийн шаардлагыг хангахгүй байхад шалгалтанд оруулснаас харагдаж байна. Иймд хууль бус төрийн албаны шалгалтын дүнг үндэслэн Д.Мө- намайг ажлаас чөлөөлж П.Мөнхтулгыг гадаргын усны нөөц, судалгаа шинжилгээний асуудал хариуцсан мэргэжилтнээр томилсныг хүлээн зөвшөөрөхгүй байна. Би Хяргас нуур-Завхан голын сав газрын захиргааны даргын 2018 оны 5 дугаар сарын 22-ны өдрийн Б/11 дүгээр тушаалыг 2018 оны 5 дугаар сарын 22-ны өдөр гардан аваад уг тушаалыг хүлээн зөвшөөрөөгүй учраас Байгаль орчин, аялал жуулчлалын яамны дэргэдэх төрийн албаны салбар зөвлөлд 2018 оны 5 дугаар сарын 30-ны өдөр гомдлоо гаргасан. Харин төрийн албаны салбар зөвлөлөөс 30 хоногийн дотор хариу ирүүлээгүй учраас би гомдлоо дараагийн шатны байгууллага болох шүүхэд гаргаж байна. Иймд Завхан аймгийн Хяргас нуур-Завхан голын сав газрын захиргааны даргын 2018 оны 5 дугаар сарын 22-ны өдрийн Б/11 дүгээр тушаалыг хүчингүй болгож, намайг Хяргас нуур-Завхан голын сав газрын захиргааны гадаргын усны нөөц, судалгаа шинжилгээний асуудал хариуцсан мэргэжилтний албан тушаалд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулж мөн хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлүүлж, холбогдох дэвтрүүдэд нөхөн бичилт хийлгүүлж өгнө үү гэжээ.

Хариуцагч шүүхэд ирүүлсэн болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа : Завхан аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн захиргааны хэрэг үүсгэх тухай 2018 оны 7 дугаар сарын 05-ны өдрийн 94 дүгээр захирамж, Д.Мө-ын нэхэмжлэлийн шаардлагыг 2018 оны 7 дугаар сарын 09-ний өдөр хүлээн авч танилцаад дараах тайлбарыг гаргаж байна. Үүнд: 1. Төрийн албаны тухай хууль болон холбогдох хууль тогтоомжийг хэрэгжүүлж тус захиргааны даргын 2016 оны 4 дүгээр сарын 13-ны өдрийн Б/17 дугаар тушаалаар Гадаргын усны нөөц, судалгаа шинжилгээний асуудал хариуцсан мэргэжилтний үүргийг түр орлон гүйцэтгэгчээр 1 жил 9 сар гаруй хугацаанд ажиллаж байсан Д.Мө-ыг жинхлэн томилох зорилгоор ажлын байрны захиалгыг 2018 оны 1 дүгээр сарын 22-ны өдрийн 9 дүгээр албан бичгээр Төрийн албаны зөвлөлийн Завхан аймаг дахь салбар зөвлөлд хүргүүлсэн. Энэхүү захиалгаар нийт 3 ажлын байрны захиалгыг хүргүүлсэн бөгөөд түр орлон гүйцэтгэгчээр ажиллаж байсан 3 албан тушаалтанд энэ тухайгаа мэдэгдсэн. 2. Д.Мө- нь түр орлон гүйцэтгэгчээр томилогдон ажиллаж буй Гадаргын усны нөөц, судалгаа шинжилгээний асуудал хариуцсан мэргэжилтэн-ний сонгон шалгаруулалтыг зарлах гэж байгааг мэдсэн төдийгүй ажлын байрны захиалга өгөх үед ямар нэгэн гомдол, санал гаргаагүй, ажлын байрны захиалгыг өгч, зарлуулахыг зөвшөөрч гарын үсэг зурсан бөгөөд улмаар 2018 оны 3 дугаар сарын 15-ны өдөр зохион байгуулагдсан Төрийн жинхэнэ албанд орох иргэний мэргэшлийн шалгалт-д орж, ерөнхий мэдлэгийн түвшин тогтоох цахим шалгалтанд 29 оноо авч тэнцээгүй тул дараагийн шалгалтанд орох эрх үүсээгүй байна. Цахим сорилын шалгалтанд хариулах нийт хугацаа 60 минут бөгөөд 36 буюу түүнээс дээш оноо авсан иргэнийг ерөнхий мэдлэгийн түвшин тогтоох шалгалтад тэнцсэнд тооцож, тэнцсэн иргэн дараагийн шалгалтад орох эрхтэй хэмээн журамласан байдаг. 3.Түүнчлэн удирдлагын зүгээс Төрийн жинхэнэ албанд анх орох иргэний мэргэшлийн шалгалтанд заавал ор хэмээн шахалт үзүүлсэн зүйл огт байхгүй бөгөөд түр орлон гүйцэтгэгчээр ажиллаж байгаа ажилтныг жинхлэн ажиллуулах үүрэгтэй билээ. Д.Мө- нь тус шалгалтыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа болон даргын шахалтаар орж буй бол тухайн хууль бус гэж үзэж буй асуудлаа холбогдох байгууллагад хандаж шалгуулах боломж тухайн үедээ байсан. 4.Монгол Улсын Дээд шүүхийн 2010 оны 4 дүгээр сарын 26-ны өдрийн 8 дугаар тогтоол, Төрийн албаны тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1, 17 дугаар зүйлийн 17.3-т заасан төрийн албанд тавигдах ерөнхий болон тусгай шаардлагыг хангаагүй этгээд тухайн албан тушаалд ажиллаж байгааг сул орон тоо гарсан гэдэгт хамааруулж үзнэ гэсний дагуу тус сав газрын захиргааныгадаргын усны нөөц, судалгаа шинжилгээний асуудал хариуцсан мэргэжилтний ажлын байрыг сул орон тоо хэмээн үзэж, Төрийн албаны зөвлөлийн Завхан аймаг дахь салбар зөвлөлд захиалгаа хүргүүлсэн. 5. Д.Мө- нь Ургамал сумын газрын даамлын буюу туслах түшмэл ТЗ-3 ангилал зэрэглэлээр төрийн албаны мэргэшлийн шалгалт өгч тэнцсэн нь гадаргын усны нөөц, судалгаа шинжилгээний асуудал хариуцсан мэргэжилтэний буюу Дэс түшмэл ТЗ-5 ангилал, зэрэглэлд дэвшин ажиллах боломжгүй юм. Тэрээр төрийн жинхэнэ албанд анх орох иргэний мэргэшлийн шалгалтанд орж, ангилал, зэрэглэлээ ахиулах, түүнчлэн өөрийн ажлын байрны сонгон шалгаруулалтанд орж, хууль журмын дагуу нэр дэвшин томилогдохыг зөвшөөрсөн бөгөөд уг албан тушаалд анх орох иргэний нөөцийг жагсаалтанд бүртгэлгүй, тухайн албан тушаалд нэр дэвшиж томилогдоогүй зөрчилтэй байсан болно. 6.Төрийн жинхэнэ албан тушаалд анх ороход мэргэшлийн шалгалт авах журам, заавар батлах тухай Төрийн албаны зөвлөлийн 2013 оны 86 дугаар тогтоолоор батлагдсан журмын 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэгт заасны дагуу Салбар комисс нь тухайн мэргэшлийн шалгалттай холбогдсон аливаа асуудлыг хуралдаанаар хэлэлцэн шийдвэрлэх үүргийг хүлээх бөгөөд Д.Мө- нь өргөдөлд дурдсан асуудлаа тухайн үед нь салбар комисст хандан гаргаж салбар комисс нь мөн журмын 5 дугаар зүйлийн 5.1.6 дахь хэсэгт заасны дагуу Мэргэшлийн шалгалттай холбоотой иргэдээс гаргасан санал хүсэлт гомдлыг эрх хэмжээнийхээ хүрээнд шийдвэрлэж хариу өгөх шаардлагатай тохиолдолд төв комисст танилцуулж шийдвэрлүүлэх хугацааг алдсан гэж үзэж байна. 7.Төрийн жинхэнэ албан тушаалд анх орох иргэнийг нөөцөд бүртгэж нэр дэвшүүлэх тухай Төрийн албаны зөвлөлийн 2018 оны 4 дүгээр сарын 13-ны өдрийн 29 дүгээр тогтоол, Төрийн албаны зөвлөлийн Завхан аймаг дахь салбар зөвлөлийн 2018 оны 4 дүгээр сарын 24-ний өдрийн 31, мөн оны 5 дугаар сарын 01-ний өдрийн 47 дугаар албан бичгийг тус тус үндэслэн тус захиргааны гадаргын усны нөөц, судалгаа шинжилгээний асуудал хариуцсан мэргэжилтэн-ний ажлын байранд нэр дэвшсэн П.Мөнхтулгыг уг албан тушаалд томилон ажиллуулж, Төрийн албаны тухай хууль болон бусад холбогдох хууль тогтоомжийг хэрэгжүүлсэн болно. 8. Д.Мө- нь мөн Төрийн албаны зөвлөлийн Завхан аймаг дахь салбар зөвлөлд хандаж өргөдөл гаргасан байсан. Тус салбар зөвлөлөөс томилогдсон ажлын хэсгийн дүгнэлтийг салбар зөвлөлийн хуралдаанаар хэлэлцүүлж Хяргас нуур-Завхан голын сав газрын захиргааны даргын шийдвэрийг хууль зүйн үндэслэлтэй гэж үзсэн дүгнэлт, хамтын шийдвэрийн хувийг манайд ирүүлсэн. Иймд Д.Мө-ын Завхан аймгийн Хяргас нуур-Завхан голын сав газрын захиргааны даргын 2018 оны 5 дугаар сарын 22-ны өдрийн Б/11 дүгээр тушаалыг хүчингүй болгож, Гадаргын усны нөөц, судалгаа шинжилгээний асуудал хариуцсан мэргэжилтний албан тушаалд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулах, мөн хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлүүлж холбогдох дэвтрүүдэд бичилт хийлгүүлэх нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна гэжээ.

Гуравдагч этгээд шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хяргас нуур-Завхан голын сав газрын гадаргын усны нөөц, судалгаа шинжилгээний асуудал хариуцсан мэргэжилтний орон тоон дээр 2018 оны 03 дугаар сарын 16-ны өдөр сонгон шалгаруулалт явагдсан. Нэхэмжлэгч тайлбарлахдаа мэргэжлийн бус хүнийг бүртгэж сонгон шалгаруулалтанд оруулсан гэж ярилаа. Миний бие Ховд Их Сургуулийг 2001-2005 онд Байгаль шинжлэлийн бакалаврын зэрэгтэй суралцаж төгссөн. Ийнхүү суралцахад гадаргын усны нөөц, судалгаа шинжилгээний асуудал хариуцсан мэргэжилтэнтэй холбоотой бүх хичээлийг үзэж судалсан байдаг. Манай төрсөн эгчийг төрийн албаны шалгалт авсан гэж тайлбарлалаа. Мөнхзаяа нь миний төрсөн эгч мөн. Гэхдээ намайг бүртгүүлэх болон шалгалт авах процесст оролцоогүй. Д.Мө- нь Ургамал сумын газрын даамлын орон тоо буюу ТЗ-3 зэрэглэлд тэнцсэн байна. Үүнээс харахад тухайн албан тушаал дээрээ ажиллах журамтай. Түүнээс биш ТЗ-3 гэсэн зэрэглэлд шалгалт өгч тэнцээд, ТЗ-5-6 гэсэн зэрэглэлд ажиллаж болно гэсэн ойлголт биш юм гэжээ.

ҮНДЭСЛЭХ НЬ:

Шүүх хэрэгт хуульд заасан журмын дагуу цуглуулсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудад тулгуурлан дор дурдсан хууль зүйн дүгнэлтийг үндэслэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

1. Нэхэмжлэгч нь 2015 оны 4 дүгээр сарын 09-ний өдөр Ургамал сумын Газрын даамлын орон тоон дээр төрийн албаны шалгалт өгч тэнцсэн, төрийн жинхэнэ албан хаагч тул түүний ажиллаж байсан Хяргас нуур-Завхан голын сав газрын захиргааны гадаргын усны нөөц, судалгаа шинжилгээний асуудал хариуцсан мэргэжилтний орон тоон дээр сул орон тооны захиалга өгөх хууль зүйн үндэслэл бүрдээгүй байхад захиалга өгсөн гэж, нэхэмжлэгчийн өмгөөлөгч нь хариуцагч маргаан бүхий 2018 оны 5 дугаар сарын 22-ны Б/11 дүгээр тушаалдаа Төрийн албаны тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1.2 дахь заалтыг буруу хэрэглэж нэхэмжлэгчийг ажлаас чөлөөлсөн гэж, хариуцагч нь хуульд заасан журмын дагуу сул орон тоог зарлаж сонгон шалгаруулалт явуулсан, маргаан бүхий Б/11 дүгээр тушаалд уг тушаалыг гаргах болсон бодит нөхцлийг тодорхойлсон тул хүчингүй болгох үндэслэлгүй гэж тус тус маргаж байна.

2. Нэхэмжлэгч нь тус захиргааны даргын 2016 оны 4 дүгээр сарын 13-ны өдрийн Б/17, 2017 оны 3 дугаар сарын 15-ны өдрийн Б/08 дугаар тушаалаар Гадаргын усны нөөц, судалгаа шинжилгээний асуудал хариуцсан мэргэжилтнээр түр орлон гүйцэтгэгчээр томилогдсон байна. Улмаар тус захиргаанаас 2018 оны 1 дүгээр сарын 22-ны өдрийн 9 дүгээр албан бичгээр төрийн жинхэнэ албан тушаалын сул орон тоон дээр ажиллаж байгаа нэхэмжлэгчийн ажлын байрны захиалгыг Завхан аймаг дахь Төрийн албаны салбар зөвлөлд хүргүүлж, нэхэмжлэгч Д.Мө-д сул орон тооны ажлын байрны сонгон шалгаруулалтад орохыг мэдэгдсэн ба нэхэмжлэгч уг сонгон шалгаруулалтыг хүлээн зөвшөөрч өрсөлдөөд тестийн шалгалтанд тэнцээгүй[1] ба уг сонгон шалгаруулалттай холбогдуулж төрийн албаны салбар зөвлөлд хуулийн хугацаанд гомдол гаргаж шийдвэрлүүлээгүй байна.

3. Төрийн албаны тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1-д төрийн жинхэнэ албан тушаалын сул орон тоо гарсан тохиолдолд уг орон тоог нөхөх журмыг тодорхойлсон ба 17 дугаар зүйлийн 17.3-т ... энэ хуулийн 10.1-д заасан ерөнхий болон 33.5-д заасан тусгай шаардлагыг хангасан иргэдийг өрсөлдүүлэн шалгаруулах зорилгоор тэднээс төрийн албаны мэргэшлийн шалгалт авч онооны дэс дарааллаар төрийн жинхэнэ албан тушаалд анх орох иргэний нөөцийн жагсаалтад бүртгэнэ ... гэжээ. Төрийн албаны тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1-д тодорхойлсон сул орон тоо гарсан гэдэгт хуулийн 10 дугаар зүйлийн 10.1, 17 дугаар зүйлийн 17.3-т заасан төрийн албанд тавигдах ерөнхий болон тусгай шаардлагыг хангаагүй этгээд, түүнчлэн төрийн албаны мэргэшлийн шалгалтанд тухайн орон тоон дээр өрсөлдөж тэнцээгүй, эсхүл төрийн албаны ангилал, зэрэглэлийн өөр орон тоон дээр тэнцсэн этгээд ажиллаж байгааг хамааруулж үзэхээр байх тул нэхэмжлэгчийн маргаж буй сул орон тооны захиалга өгөх нөхцөл бүрдээгүй гэх тайлбар үндэслэлгүй байна.

4. Хяргас нуур-Завхан голын сав газрын захиргааны даргын 2018 оны 5 дугаар сарын 22-ны Б/11 дүгээр тушаал нь Төрийн албаны тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1.2 дахь заалтыг үндэслэсэн байна. Энэхүү заалт нь үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшин нь төрийн тухайн албан тушаал эрхлэх шаардлага хангахгүй болсон гэх үндэслэлээр төрийн жинхэнэ албан хаагчийг захиргааны санаачилгаар албан тушаал бууруулах зохицуулалттай байна. Захиргааны ерөнхий хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т бичгээр гаргасан захиргааны акт дараах шаардлагыг хангасан байна гээд хуулийн 40.2.3-т захиргааны актыг гаргах бодит нөхцөл байдал, хууль зүйн үндэслэлийг заах гэж зохицуулсан байна. Хэдийгээр хариуцагч нь Б/11 дүгээр нэхэмжлэгчийг ажлаас чөлөөлөх тушаалдаа төрийн жинхэнэ албан хаагчийг захиргааны санаачилгаар албан тушаал бууруулах хуулийн зохицуулалтыг баримталсан боловч уг тушаалыг гаргах болсон бодит нөхцөл байдлыг / нэхэмжлэгчид холбогдох үйл баримтыг/ тушаах хэсэгт тодорхой дурдсан байна. Иймд маргаан бүхий тушаалыг хуулийн заалт буруу баримталсан гэх үндэслэлээр хүчингүй болгох боломжгүй байна.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.14, 107 дугаар зүйлийн 107.5-д заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Төрийн албаны тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1, 17 дугаар зүйлийн 17.3 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан Хяргас нуур-Завхан голын сав газрын захиргааны даргын 2018 оны 5 дугаар сарын 22-ны өдрийн Б/11 дүгээр тушаалыг хүчингүй болгуулах, Хяргас нуур-Завхан голын сав газрын захиргааны гадаргын усны нөөц, судалгаа шинжилгээний асуудал хариуцсан мэргэжилтний албан тушаалд эгүүлэн тогтоолгох, мөн хугацааны нийгмийн болон эрүүл мэнд даатгалыг нөхөн төлүүлж, холбогдох дэвтрүүдэд бичилт хийлгүүлэх шаардлага бүхий иргэн Д.Мө-ын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Д.Мө-оос улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.2 дахь хэсэгт заасны дагуу шүүхийн шийдвэр нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд дээрх хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт заасны дагуу шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

ШҮҮГЧ Ч.ЦЭНД-ОЧИР


[1] Хавтаст хэргийн 93-р хуудас