Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 02 сарын 11 өдөр

Дугаар 221/МА2022/0120

 

“Т п” ХХК-ийн гомдолтой

захиргааны хэргийн тухай

 

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн

Шүүх бүрэлдэхүүн:

Шүүх хуралдаан даргалагч Ерөнхий шүүгч Д.Батбаатар

Бүрэлдэхүүнд оролцсон шүүгч Э.Лхагвасүрэн

Илтгэсэн шүүгч А.Сарангэрэл

Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч:

Хариуцагч Л.Ан, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Ө

Гомдлын шаардлага: “Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын улсын байцаагч Л.А-ийн 2021 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн 0003017 дугаартай шийтгэл оногдуулсан хуудсыг хүчингүй болгуулах”

Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 17 дугаар

Давж заалдах шатны шүүх хуралдааны оролцогчид:

Гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Г, хариуцагч Л.А, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Ө,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Шаравдорж

Хэргийн индекс: 128/2021/0747/3

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Гомдол гаргагч “Т п” ХХК нь Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын улсын байцаагчид холбогдуулан “Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын улсын байцаагч Л.А-ийн 2021 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн 0003017 дугаартай шийтгэл оногдуулсан хуудсыг хүчингүй болгуулах”-аар маргасан байна.

2. Нийслэл дэх Захиргааны хэргийн шатны шүүхийн 2022 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 17 дугаар шийдвэрээр гомдлын шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн байна.

3.Давж заалдах гомдлын агуулга: Хариуцагч Л.А, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Ө нар дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг эсэргүүцэж байна. Үүнд:

3.1.Анхан шатны шүүх Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын Улсын байцаагч Л.А-ийн 2021 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн 0003017 дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгож шийдвэрлэсэн нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй байна.

3.2.Учир нь анхан шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ хавтаст хэрэгт авагдсан нотлох баримт /зөрчлийн хэргийн материал/, хариуцагчийн зүгээс гаргасан тайлбар, хууль зүйн үндэслэлд дүгнэлт хийлгүй зөвхөн гомдол гаргагчийн гаргасан тайлбарыг үндэслэж шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлгүй юм.

3.3.Анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт “... нэг ижил төрлийн дээжийг шинжилсэн 2 лабораторийн сорилтын үр дүнгүүд хоорондоо зөрүүтэй, стандартын өөр өөр аргаар шинжилсэн, Мэргэжлийн хяналтын Ерөнхий газрын улсын байцаагчийн дүгнэлт нь шинжилгээнд хамрагдсан нийт аж ахуй нэгжүүдийн үзүүлэлтүүдийг дундажлан стандартын үзүүлэлттэй харьцуулан дүгнэлт гаргасан зэрэг эргэлзээтэй, бодитой тогтоогоогүй, сорилын дүн үндэслэлгүй бөгөөд хэмжилтийн нэгжийг алдаагүй, үнэн зөв тодорхойлсон гэж үзэх боломжгүй зэрэг гомдлыг хүлээж авах үндэслэлтэй байна” гэж дүгнэсэн нь ямар нэг нотлох баримтад тулгуурлаагүй, хууль зүйн үндэслэл дурдаагүй буруу дүгнэлт болсон.

3.4.Тодруулбал, Ашигт малтмал, газрын тосны газрын Уул уурхай, газрын тосны төв лаборатори болон Иргэний нисэхийн Үндэсний төв оношилгоо хэмжил зүйн лаборатори нь аль аль нь итгэмжлэгдсэн лаборатори бөгөөд газрын тосны бүтээгдэхүүн, шатах ашигт малтмал болон тэдгээрийн бүтээгдэхүүний шинжилгээ, туршилтыг Монгол улсад мөрдөж буй стандартын дагуу дүгнэлт гаргах чиг үүрэгтэй.

3.5.Энэ үүргийнхээ дагуу холбогдох дээжүүдийг хүлээн авч шинжилсэн байхад шүүх стандартын өөр өөр аргаар шинжилсэн гэж шууд үзсэн нь хууль бус гэж үзэж байна.

3.6.Мөн дээрх хоёр лабораторийн шинжилгээний хариунуудыг мэргэжлийн газрын Эрчим хүчний /газрын тос, болох Мэргэжлийн хяналтын ерөнхий хий/ хяналтын улсын ахлах байцаагч А.Б дүгнэлт гаргасан бөгөөд уг дүгнэлттэй гомдол гаргагч маргаагүй /дүгнэлт нь хүчин төгөлдөр байгаа/ байхад шүүх уг дүгнэлтийг эргэлзээтэй, бодитой биш гэж үзсэн нь захиргааны байгууллагын эрх хэмжээнд халдсан, мэргэжлийн шинжээчийн дүгнэлтийг өөрийн үзэмжээр үгүйсгэж байгаа нь хуульд нийцэхгүй байна.

3.7.Түүнчлэн анхан шатны шүүх "... тухайн тохиолдолд зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулахгүйгээр хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн нь зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаанд оролцох эрхээ эдлэх, хүсэлт гаргах, хууль ёсны төлөөлөгчөө томилуулах, гомдол гаргах, дахин шинжилгээ хийлгэх хүсэлтийг эрх бүхий албан тушаалтанд гаргаж шийдвэрлүүлэх” зэрэг эрх эдлүүлээгүй нь гомдол гаргагчийн хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн гэж буруу дүгнэлт өгсөн.

Нэгдүгээрт, Гомдол гаргагчийн зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаанд оролцох, тайлбар гаргах, хүсэлт гаргах, гомдол гаргаж шийдвэрлүүлэх зэрэг бүхий л эрх нь нээлттэй байсан бөгөөд уг эрхийнхээ дагуу 2021 оны 07 дугаар сарын 25-ны өдөр "Гомдол гаргах тухай" 02/473 дугаартай албан бичгээр гомдол гаргасан.

Хоёрдугаарт, зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 1.13 дугаар зүйл "Хүсэлт гаргах", 1.13 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт "Оролцогч зөрчил шалгах тодорхой ажиллагаа явуулах тухай хүсэлтийг зөрчлийн хэрэг бүртгэлтийн шатанд эрх бүхий албан тушаалтанд гаргах эрхтэй." гэж заасны дагуу хүсэлт гаргах эрхтэй. Өөрөөр хэлбэл оролцогч нь ямар ч үед хүсэлт гаргах /заавал гаргах/ эрхтэй бус гол нь зөрчлийн хэрэг бүртгэлтийн шатанд гомдол гаргах эрхтэй байхаар хуульчилсан.

Гуравдугаарт, зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт "Эрх бүхий албан тушаалтан энэ зүйлийн 1 дэх хэсэгт заасан зөрчлийн шинжтэй үйлдэл, эс үйлдэхүйг илрүүлсэн, эсхүл гомдол, мэдээллийг хүлээн авснаас хойш ажлын 5 өдрийн дотор шалгаж, дараахь шийдвэрийн аль нэгийг гаргана:", 2.1 д "гомдол, мэдээллийг харьяаллын дагуу шилжүүлэх", 2.2-т "гомдол, мэдээллийг хүлээн авахаас татгалзах", 2.3-т "хялбаршуулсан журмаар зөрчил шалган шийдвэрлэх;", 2.4-д "зөрчлийн хэрэг нээх" гэж тус тус заасан.

Өөрөөр хэлбэл Зөрчлийн хэрэг нээж нэмэлт ажиллагаа явуулах шаардлагагүй буюу Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 6.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт "Дараахь үндэслэлийн аль нэг нь тогтоогдвол эрх бүхий албан тушаалтан зөрчлийг газар дээр нь, эсхүл хялбаршуулсан журмаар шалган шийдвэрлэнэ:", 1.1-д "зөрчил үйлдэгдсэн нь ил тодорхой, зөрчил, учирсан хохирлыг нотлох талаар зөрчлийн хэрэг бүртгэлт явуулах шаардлагагүй бол" гэж тус тус заасны дагуу хялбаршуулсан журмаар шийтгэл оногдуулсан.

Тодруулбал, Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын албан бичгээр ирүүлсэн 2021 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн 01-07-106/259, 01-07-106/260 дугаартай Улсын ахлах байцаагчийн дүгнэлт нь тухайн улсын байцаагчийн бүрэн эрхийн хүрээнд хийгдсэн эцэслэн гарсан дүгнэлт /шийдвэр/ бөгөөд Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.7-д заасны дагуу Төрийн хяналт шалгалт хийхэд төрийн эрх бүхий байгууллагаас хийсэн шинжилгээний дүн, дүгнэлтийг хяналт шалгалтыг хэрэгжүүлэх эрх бүхий байгууллага харилцан хүлээн зөвшөөрөх зарчмыг баримтлах бөгөөд Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын Улсын ахлах байцаагчийн дүгнэлтийг баримтлан тухайн зөрчилд шийтгэл оногдуулсан нь үндэслэлтэй юм.

Дөрөвдүгээрт, Тус компанид 2021 оны 07 сарын 09-ний өдрийн 01/1474 дугаартай "Дуудан ирүүлэх тухай" албан бичгийг "Монгол шуудан" ХК-иар хүргүүлсэн. 2021 оны 07 дугаар сарын 16-ны өдөр “Т п” компанийн 70113003 дугаарын утсанд хандаж дээрх албан бичгийг авсан эсэх талаар лавлаж асуухад ирээгүй, дуудан ирүүлэх тухай албан бичгийн талаар мэдээлэл өгч хууль ёсны төлөөлөгчөө томилж ирүүлэх тухай мэдэгдэхэд холбогдох албан тушаалтнуудтай дамжуулж хэлнэ гэсэн хариу өгсөн. 2021.07.19-ний өдөр тус дугаар руу залгахад Алтанцэцэг 99997549 дугаарт холбогдохыг зөвлөсөн. Алтанцэцэгтэй холбогдоход борлуулалтын үйл ажиллагаа хариуцсан дарга Чинбатын 99116414 дугаартай утсыг өгсөн. Чинбаттай холбогдож Дуудан ирүүлэх бичиг авсан эсэхийг лавлахад аваагүй, ирээгүй гэв. Тус бичгийн талаар мэдээлэл өгч хууль ёсны төлөөлөгчөө ирүүлж, мэдүүлэг тайлбар өгөх талаар хэлэхэд тус компанийн захирал Майдар 99118744 утсаар ярихыг зөвлөсөн. Тус дугаар руу 2021.07.19, 20-ны өдөр удаа дараа залгахад холбогдох боломжгүй байсан. 2021 оны 07 дугаар 20-ны өдрийн 08:03 цагт [email protected] хаягаар тус албан бичгийг илгээсэн болно. Ч-тай холбогдож Майдар захирлын утас холбогдохгүй байгаа талаар хэлэхэд  Г-тэй холбогдоно уу гэсэн. Удаа дараа холбогдож мэдэгдэхэд хариу өгөөгүй болно. “Т п” ХХК нь санаатайгаар зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаанд саад учруулж, хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хуулийн этгээдийн эрх бүхий албан тушаалтан, итгэмжлэгдсэн төлөөлөгчийг томилон ирүүлээгүй байна. Иймд холбогдогчоос мэдүүлэг тайлбар авах, хялбаршуулсан журмаар зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулсан тухай тэмдэглэлтэй танилцуулах боломжгүй байх тул Зөрчлийн тухай хуулийн 10.2 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасны дагуу шийтгэл оногдуулсан шийтгэлийн хуудсыг Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 7.2 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт заасны дагуу шуудангаар хүргүүлсэн.

3.8.Холбогдогч нь Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 3.1 дүгээр зүйлийн 3.1, 3.3-д заасны дагуу эрх бүхий албан тушаалтны дуудсан цагт ирэх, зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаанд саад учруулахгүй байх үүрэгтэй энэ үүргээ зөрчилд холбогдогч “Т п” ХХК нь биелүүлээгүй.

3.9.Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд заасан хугацаанд, хялбаршуулсан журмаар шийдвэрлэх хуульд заасан үндэслэл бүрдсэн байхад шийтгэл оногдуулсан шийдвэрийг "хуульд заасан эрх эдлүүлээгүй, хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн, зөрчил үйлдсэн болох нь тогтоогдоогүй, зөрчилд шийтгэл оногдуулах маргаан бүхий захиргааны актын үндэслэл нотлогдоогүй" гэх үндэслэлээр хүчингүй болгож шийдвэрлэсэн нь учир дутагдалтай байна.

Иймд хуульд заасан эрхийг эдлүүлэх бүхий л боломжоор хангаж, хялбаршуулсан журмаар Зөрчлийн тухай хуулийн 10.2 дугаар зүйлийн 5-д заасны дагуу Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын улсын ахлах байцаагчийн дүгнэлтийг үндэслэн шийтгэл оногдуулсан нь үндэслэлтэй тул Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 17 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

1.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3-д зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг давж заалдах гомдлын хүрээнд хянаад анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, гомдол гаргагчийн гомдлын шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, хариуцагчийн давж заалдах гомдлыг ханган шийдвэрлэв.

2.Шүүх хариуцагч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Ө нарын давж заалдах гомдлыг дараах үндэслэлээр хангав. Үүнд:

2.1.Гомдол гаргагч “Т п” ХХК-аас “Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын улсын байцаагч Л.А-ийн 2021 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн 0003017 дугаартай шийтгэл оногдуулсан хуудсыг[1] хүчингүй болгуулах” шаардлага бүхий гомдлыг Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын улсын байцаагч Л.А-д холбогдуулан гаргажээ.

2.2.Хариуцагч улсын байцаагчаас Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын даргаас баталсан Хяналт шалгалтын 2021 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн 01/16 удирдамжийн[2] дагуу Засгийн газрын хуралдааны тэмдэглэлээр өгсөн үүрэг, иргэд хэрэглэгчдээс ирүүлсэн өргөдөл, гомдол, олон нийтийн мэдээллийн хэрэгслийн мэдээллийг үндэслэн шатахууны бөөний болон жижиглэнгийн худалдаа эрхлэгч аж ахуй эрхлэгчдийн үйл ажиллагаанд хяналт шалгалтыг явуулж, гомдол гаргагч “Т п” ХХК-нд маргаан бүхий шийтгэлийн хуудсаар 9,000,000 төгрөгөөр торгох шийтгэлийг оногдуулжээ.

2.3.Гомдол гаргагч компанийн Чингэлтэй дүүргийн 6 дугаар хороонд байрлах ШТС-5-ийн үйл ажиллагаа хариуцсан захиралд хяналт шалгалтын талаар танилцуулж АИ-92 авто бензин, дизелийн түлшнээс 2021 оны 03 дугаар сарын 18-ны өдөр дээж авч 210718, 210744 гэсэн кодоор кодлон, лацадсан, мөн Сүхбаатар дүүргийн 20 дугаар хороонд байрлах шатахууны агуулахын инженерд хяналт шалгалтын талаар танилцуулж, АИ-92 авто бензин, дизелийн түлшнээс 2021 оны 03 дугаар сарын 19-ний өдөр дээж аван 210719, 210751 кодоор кодлон, лацадсан, цаашлаад гомдол гаргагчийн хилээр орж ирсэн АИ-92 авто бензин, дизелийн түлшнээс тус компанийн инженерээр 2021 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр дээж авахуулан 518356, 518388 кодоор кодлон, лацадсан гэдэг нь хариуцагчийн тайлбар[3], зөрчил ханан шийдвэрлэх ажиллагааны тэмдэглэлүүд[4] зэргээс тогтоогдож байна.

2.4.Уг дээжийг Ашигт малтал, газрын тосны газрын уул уурхай, газрын тосны төв лаборатори, Иргэний нисэхийн үндэсний төвийн оношилгоо, хэмжил зүйн лабораторид тус тус хүлээлгэн өгч, эдгээр лабораториудаас ирүүлсэн баталгаажсан сорилын дүнг үндэслэн дүгнэлт гаргуулахаар Мэргэжлийн хяналтын ерөнхий газарт хүргүүлсэн.

Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын мэргэшсэн улсын ахлах байцаагчийн 2021 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн 01-07-106/259 дүгнэлтээр[5] гомдол гаргагчийн 210744, 210751, 518388 кодтой дээжийн шинжилгээний дүнгүүдээр 210744 код буюу СШ 21/116 сорилтын дугаар, 210751 код  буюу СШ 21/128 шинжилгээний сорилтын дугаар бүхий үр дүнгээр цетаны тоо нь “Дизелийн түлш Евро техникийн шаардлага” MNS 0216:2017, “Дизелийн түлш техникийн шаардлага  MNS 6861:2020 стандартын шаардлагыг хангахгүй, мөн 518388 код буюу GT086 сорилтын дугаар, 210744 код буюу СШ 21/115 сорилтын дугаар, 210751 кодтой СШ 21/127  сорилтын дугаар бүхий үр дүнгээр “Дизелийн түлш техникийн шаардлага MNS 6861:2020 стандартын шаардлагыг хангахгүй гэдэг нь тогтоогджээ.

2.5.Мөн Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын мэргэшсэн улсын ахлах байцаагчийн 2021 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн 01-07-106/260 дүгнэлтээр[6] гомдол гаргагчийн 210718, 20719, 518356 дээжийн шинжилгээний дүнгүүдээр 210719 код буюу СШ 21/71 сорилтын дугаар бүхий үр дүнгээр автобензинд механик хольц илэрсэн нь “Хөдөлгүүрийн түлш. Этилжүүлээгүй бензин. Техникийн шаардлага  MNS 0217:2017 стандартын шаардлагыг хангахгүй гэдэг нь тогтоогджээ.

2.6.Эдгээр мэргэжлийн хяналтын улсын байцаагчийн дүгнэлтүүдийг үндэслэн гаргасан маргаан бүхий шийтгэлийн хуудсыг Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хуулийн 12.1-д “Үйлдвэрлэгч, худалдагч, гүйцэтгэгчийн зах зээлд нийлүүлж байгаа бараа, ажил, үйлчилгээ нь ..., заавал мөрдөх стандартын болон техникийн зохицуулалтын шаардлагыг хангасан байна.”, Зөрчлийн тухай хуулийн 10.2 дугаар зүйлийн 5-д “Үйлдвэрлэгч, худалдагч, гүйцэтгэгчийн зах зээлд нийлүүлж байгаа бараа, ажил, үйлчилгээ нь хэрэглэгчийн ..., эсхүл заавал мөрдөх стандартын болон техникийн зохицуулалтын шаардлагыг хангаагүй бол учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж хүнийг есөн зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг есөн мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.” гэж заасантай нийцээгүй бөгөөд зөрчлийг хялбаршуулсан журмаар шалган шийдвэрлэснийг хууль бус гэж үзэх үндэслэл тогтоогдсонгүй.

2.7.Учир нь мэргэжлийн хяналтын улсын байцаагчийн дүгнэлтийг эргэлзээтэй, бодитой тогтоогоогүй, 2 лабораторийн сорилын дүнгүүдийг алдаатай гарсан гэж эрх бүхий этгээдээс хүчингүй болгоогүй, түүнчлэн тухайн шинжилгээнд зөвхөн гомдол гаргагч компанийн GT052  сорилтын дугаараар шинжилгээний дүнг гаргаагүй тус компанийн  АИ-92 авто бензин, дизелийн түлшнээс нийт 6 дугаар бүхий код олгож, эдгээрт шинжилгээний сорилтын дугаар олгогдсоноос 6 сорилтын дугаар бүхий үр дүнгээр гомдол гаргагч компанийн АИ-92 авто бензин, дизелийн түлш нь MNS 6861:2020 болон MNS 0217:2017 стандартын шаардлагуудыг  тус тус хангахгүй гэдэг нь тогтоогдож, мөн аж нэгжүүдээс авсан дээж бүрт тусгай код олгож, код бүрт тусад нь сорилтын дугаар олгожээ.

2.8.Гэтэл анхан шатны шүүхээс мэргэжлийн хяналтын улсын байцаагчийн шийдвэр хууль бус гэдэг нь тогтоогдоогүй байхад аливаа мэргэжлийн этгээдийн дүгнэлтгүйгээр мэргэжлийн хяналтын улсын байцаагчийн дүгнэлтийг үгүйсгэсэн.

Цаашлаад шинжилгээний сорилтын хэд хэдэн үр дүнгээр гомдол гаргагчийн бүтээгдэхүүн стандартын шаардлага хангаагүй гэж дүгнэгдсэн байхад мэргэжлийн хяналтын байцаагчийн дүгнэлтээр шаардлага хангаагүй гэж дүгнэгдээгүй зөвхөн GT052 дугаартай сорилтын нэг дүнг үндэслэн шинжилгээг бүхэлд нь “нэг ижил төрлийн дээжийг шинжилсэн 2 лабораторийн сорилтын дүнгүүд хоорондоо зөрүүтэй, стандартын өөр өөр аргаар шинжилсэн” гэж үзсэн, мөн  аж нэгжүүдээс авсан дээж бүрт тусгай код олгож, код бүрт тусад нь сорилтын дугаар олгон шинжилгээнд хамруулан, дүгнэлт гаргасан байдлыг харгалзан үзэлгүйгээр “шинжилгээнд хамрагдсан нийт аж ахуйн нэгжүүдийн үзүүлэлтүүдийг дундажлан стандартын үзүүлэлттэй харьцуулан дүгнэлт гаргасан” гэж үзэн зөрчил үйлдсэн нь тогтоогдоогүй, маргаан бүхий захиргааны актын үндэслэл нотлогдоогүй гэж дүгнэсэн нь тус тус үндэслэлгүй байна.

2.9.Түүнчлэн Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 6.6 дугаар зүйлийн 1-д  “Дараахь үндэслэлийн аль нэг нь тогтоогдвол эрх бүхий албан тушаалтан зөрчлийг газар дээр нь, эсхүл хялбаршуулсан журмаар шалган шийдвэрлэнэ:”1.3-т “зөрчил үйлдсэн болох нь стандартаар баталгаажсан хэмжилт-хяналтын төхөөрөмжөөр нотлогдсон бол.” гэж заасны дагуу шинжилгээний байгууллагаар баталгаажсан шинжилгээний дүнг үндэслэн мэргэжлийн хяналтын байцаагчаас гомдол гаргагч компанийн АИ-92 авто бензин, дизелийн түлш нь MNS 6861:2020 болон MNS 0217:2017 стандартын шаардлагуудыг  тус тус хангахгүй гэдгийг нотолсон тул уг зөрчлийг хялбаршуулсан журмаар шалган шийдвэрлэсэн хариуцагчийг зөрчил шалган шийдвэрлэх хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэж үзэх үндэслэлгүй гэх хариуцагчийн давж заалдах гомдол үндэслэлтэй байна.

2.10.Захиргааны ерөнхий хуулийн 26 дугаар зүйлийн 26.1-д “Захиргааны акт, ...ийг батлан гаргахын өмнө эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээдэд захиргааны шийдвэр гаргахад ач холбогдол бүхий нөхцөл байдлын талаар тайлбар, санал гаргах боломж олгоно.”, 27 дугаар зүйлийн 27.2. “Сонсох ажиллагааны талаарх мэдэгдлийг эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж байгаа этгээдэд дараах байдлаар хүргүүлнэ:” 27.2.1-д “хорь буюу түүнээс доош тооны этгээдийг сонсохоор бол мэдэгдлийг этгээд тус бүрд шууд хүргүүлэх” гэжээ.

2.11.Хяналт шалгалтын явцад гомдол гаргагч компанийн үйл ажиллагааны захирал, агуулахын эрхлэгч, ахлах инженер нарыг тус тус байлцуулан шинжилгээний дээж авч, дээжийг кодлон лацдаж шинжилгээнд хүргүүлсэн, мөн маргаан бүхий шийтгэлийн хуудсыг гаргахаас өмнө хариуцагчаас 2021 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн 01/1473 албан бичгээр “...зөрчлийн хэрэг бүртгэлтийн ажиллагааг явуулж байна. ...хэрэг бүртгэлтийн ажиллагаанд хуулийн этгээдийн эрх бүхий албан тушаалтан эсхүл, итгэмжлэгдсэн төлөөлөгчийг томилж, ...2021 оны 7 дугаар  сарын 19-ний 14.00 цагт ирж мэдүүлэг өгнө үү.” гэсэн дуудах хуудсыг гомдол гаргагчид шуудангаар хүргүүлсэн, 2021 оны 07 дугаар сарын 16, 2021 оны 07 дугаар сарын 19-ний өдөр гомдол гаргагч компанийн 3 албан тушаалтантай утсаар  холбогдож мэдэгдсэн, мөн компанийн борлуулалтын үйл ажиллагааны захирлын цахим шууданд захиа илгээж мэдэгдсэн гэдэг нь хэрэгт авагдсан албан бичгийн хуулбар, шуудангийн баримт, утсаар ярьсан тэмдэглэл, цахим шууданг илгээсэн баримт[7]  зэргээр тус тус тогтоогдож байна.

2.12.Үүнээс үзэхэд хариуцагчаас Захиргааны ерөнхий хуульд заасны дагуу маргаан бүхий шийтгэлийн хуудсыг гаргахаас өмнө гомдол гаргагч компанид хууль ёсны төлөөлөгчөө томилон оролцуулах, тайлбар, санал, хүсэлт гаргах боломж олгосон, хяналт шалгалт хийх талаар гомдол гаргагч компанид мэдэгдсэн гэдэг нь тогтоогдож байх тул анхан шатны шүүхийн “ дахин шинжилгээ хийлгэх хүсэлт гаргах, хууль ёсны төлөөлөгчөө оролцуулж оролцогчийн эрх, үүргийг тайлбарлуулж, эрхээ хамгаалан оролцох зэрэг эрхийг зөрчиж, зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа хуулийн дагуу явагдаагүй, ... гэх гомдол үндэслэлтэй гэж үзэхээр байна” гэсэн дүгнэлтийн үндэслэл тогтоогдсонгүй, харин энэ талаарх хариуцагчийн давж заалдах гомдол үндэслэлтэй.

2.13.Эдгээр үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэр нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагад нийцээгүй байх тул хүчингүй болгож,  гомдол гаргагчийн гомдлын шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон, хариуцагчаас гаргасан давж заалдах гомдлыг ханган шийдвэрлэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 121 дүгээр зүйлийн 121.1.1-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 01 дүгээр сарын 04–ний өдрийн 17 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хуулийн 12.1, Зөрчлийн тухай хуулийн 10.2 дугаар зүйлийн 5-д , Захиргааны ерөнхий хуулийн 26 дугаар зүйлийн 26.1-д заасныг тус тус баримтлан заасныг тус тус баримтлан гомдол гаргагч “Т п” ХХК-аас Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын улсын ахлах байцаагчид холбогдуулан гаргасан “Т п” ХХК-аас “Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын улсын байцаагч Л.А-ийн 2021 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн 0003017 дугаартай шийтгэл оногдуулсан хуудсыг хүчингүй болгуулах” гэсэн гомдлын шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, хариуцагч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын давж заалдах гомдлыг хангасугай.

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д зааснаар хариуцагч улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

3.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.5 дахь хэсэгт зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж хэргийн оролцогч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш таван хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                                  Д.БАТБААТАР

ШҮҮГЧ                                                                       Э.ЛХАГВАСҮРЭН

ШҮҮГЧ                                                                       А.САРАНГЭРЭЛ

 

[1] Хэргийн 8 дахь тал

[2] Хэргийн 47-51 дэх тал

[3] Хэргийн 37-40 дэх тал

[4] Хэргийн 96-98, 105-107 дахь тал

[5] Хэргийн 63-64 дэх тал

[6] Хэргийн 61-62 дахь тал

[7] Хэргийн 11, 96, 97, 105, 113, 114, 116