| Шүүх | Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Даваасүрэнгийн Ариунцэцэг |
| Хэргийн индекс | 171/2020/0110/э |
| Дугаар | 2020/ШЦТ/113 |
| Огноо | 2020-03-30 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Л.Энхтайван |
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2020 оны 03 сарын 30 өдөр
Дугаар 2020/ШЦТ/113
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Орхон аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Д.Ариунцэцэг даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Халиунаа
Улсын яллагч Л.Энхтайван
Шүүгдэгч Б.Л нарыг оролцуулан хийж Орхон аймгийн Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.Лт холбогдох эрүүгийн 2025001440124 дугаартай хэргийг тус шүүхийн танхимд нээлттэй хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Б.Л
Орхон аймгийн Прокуророос, шүүгдэгч Б.Лыг согтуурсан үедээ 2020 оны 02 дугаар сарын 19-ний өдөр Орхон аймгийн Баян-Өндөр сумын Баянбулаг баг Ургацын 1-13 тоотод Г.Сундуй-Очирын нүүрэн тус газар цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан /яллах дүгнэлтэд бичсэнээр/ гэмт хэрэгт холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлжээ.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Лын мэдүүлсэн “Гэм буруугаа хүлээж байна. Яллах дүгнэлтийг зөвшөөрч байна. 2-3 удаа цохисон нь үнэн гэх мэдүүлэг
-Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл хавсаргах гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 3-7-р хуудас/
-Хохирогч Г.Сундуй-Очирын мөрдөн байцаалтад мэдүүлсэн “...тэгээд эхнэр Эрдэнэчимэг та хоёр архи уулаа гээд загнатал Л Эрдэнэчимэгийн өөдөөс хэрэлдээд байхаар нь би Эрдэнэчимэгийг өмөөрөөд Лыг загнатал намайг нүүрэн тус газарт маань цохихоор нь би өөдөөс нь нулимсан юм. Тэгээд Л намайг хэд хэдэн удаа гараараа нүүрэн тус газарт цохисон. Гэтэл Амгаланбаатар босч ирээд салгасан. Тэгээд Эрдэнэчимэг цагдаа дуудсан... ...Л надаас чин сэтгэлээсээ уучлалт гуйсан байгаа, дахин ийм асуудал гаргахгүй гэдэгт итгэлтэй байна. Одоо миний зүгээс ямар нэгэн санал гомдол, нэхэмжлэх зүйл үгүй, Би шүүх хуралдаанд оролцохгүй” гэх мэдүүлэг /хх-ийн 9-11-р, 48-р хуудас/
-Гэрч Г.Шинэчимэгийн мэдүүлсэн... “2020 оны 02 дугаар сарын 19-ний өдөр 02 цаг өнгөрч байхад манай ах Ганбатын Сундуй-Очир нь манай гэрт зодуулсан байдалтай орж ирэхээр нь асуусан чинь Л, Амгаланбаатар гэдэг эхнэрийнхээ дүү нарт зодуулсан гэж хэлж байсан. Манайд орж ирэхэд ахын зүүн талын нүд хөхөрч хавдсан, зүүн талын сормуус хэсэг нь язарсан, уруул ам нь сэтэрсэн, хүзүү маш олон хөхөрч улайсан, өмсөж явсан хувцас нь цус болсон, урагдсан байдалтай байхаар нь цагдаагийн байгууллагад хандсан юм..” гэсэн мэдүүлэг /хх-н 11-р хуудас/
-Гэрч Б.Ганзоригийн мэдүүлсэн ...”2020 оны 02 дугаар сарын 19-ний өдөр Сундуй-Очир ахын гэрт бууз хийж байтал Л, Амгаланбаатар нар 02 цаг өнгөрч байхад 1 том пиво барьж орж ирээд бие биендээ нэг нэг аягыг хийж уучихаад Л ширээ цохиж босож ирээд Сундуй ахыг заамдаж аваад нүүр рүү нь маш их цохисон. Тэгээд би гараад цагдаа дуудах гэтэл гэрт байсан хүмүүс араас гарч ирээд Сундуй ах зугтсан” ... гэх мэдүүлэг /хх-ийн 12-р хуудас/
-Гэрч Б.Амгаланбаатарын мэдүүлсэн.....”тэгээд Сундуй-Очир ахынд ороход эхнэр нь болох Эрдэнэчимэг эгч бид хоёрыг архи дарс уулаа гэж загнасан. Гэтэл Сундуй-Очир ах Лын нүүр рүү нулимчихсан чинь Л босч ирээд Сундуй-Очир ахын нүүрэн тус газарт нь 2-3 удаа гараараа цохисон. Тэгэхээр нь би дундуур нь ороод салгасан чинь Сундуй-Очир гүйгээд гараад явчихсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 15-р хуудас/
-Гэрч Н.Нямсүрэнгийн мэдүүлсэн ...тэгээд орж ирэхэд нь Эрдэнэчимэг, Л, Амгаланбаатар хоёрыг загнасан. Тэгээд Л Эрдэнэчимэгийн өөдөөс уурласан чинь Сундуй-Очир хэрүүл дундуур нь орж хэрүүл хийж байгаад Сундуй-Очир Лын нүүр рүү нулимсан чинь Л Сундуй-Очирыг 2-3 удаа цохиж авсан.Тэгээд Амгаланбаатар салгасан” гэх мэдүүлэг /хх-ийн 16-р хуудас/
-Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2020 оны 02 сарын 20-ны өдрийн 222 дугаартай ”..Г.Сундуй-Очирын биед дээд урууланд шарх, дээд уруул, зүүн нүдний зовхинд зөөлөн эдийн няцрал, зүүн нүдний зовхинд цус хуралт, нүүрэнд зулгаралт үүсчээ. Уг гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн байхаар байна. Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулна. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д заасны дагуу гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарагдана...” гэх дүгнэлт /хх-н 19-20-р хуудас / зэрэг нотлох баримтуудаар дараахь үйл баримт тогтоогдож байна.
Шүүгдэгч Б.Л нь 2020 оны 02 дугаар сарын 19- ны өдөр Орхон аймгийн Баян-Өндөр сумын Баянбулаг баг Ургацын 1-13 тоотод согтуурсан үедээ үл ялих зүйлээр шалтаглан Г.Сундуй-Очирын нүүрэн тус газар цохиж зодон биед нь дээд урууланд шарх, дээд уруул, зүүн нүдний зовхинд зөөлөн эдийн няцрал, зүүн нүдний зовхинд цус хуралт, нүүрэнд зулгаралт бүхий хөнгөн хохирол учруулсан үйл баримт тогтоогдож байна.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан хохирогчийн мэдүүлэг, гэрчүүдийн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт зэрэг нотлох баримтыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар цуглуулж бэхжүүлсэн, дээрхи үйл баримтын талаархи мэдээллийг агуулсан хэрэгт хамааралтай, хэргийн бодит байдлыг тогтооход ач холбогдолтой, шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийхэд хангалттай гэж үзэв.
Шүүгдэгч Б.Лын бусдын биед санаатай халдаж хөнгөн гэмтэл учруулсан энэ үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан хүний эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинжтэй, нийгэмд аюултай, бусдын эрүүл мэндэд хохирол учруулсан үйлдэл мөн бөгөөд хэргийн зүйлчлэл зөв, прокурорын яллах дүгнэлт үндэслэлтэй байна.
Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн дүгнэлтээр “...Сундуй-Очирын биед дээд урууланд шарх, дээд уруул, зүүн нүдний зовхинд зөөлөн эдийн няцрал, зүүн нүдний зовхинд цус хуралт, нүүрэнд зулгаралт бүхий гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулна, шүүх эмнэлэгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д заасны дагуу гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарагдана” гэж дүгнэсэн ба шүүгдэгчийн үйлдлийн улмаас хохирогчийн биед хөнгөн гэмтэл учирсан шууд шалтгаант холбоотой болох нь тогтоогдсон, шүүгдэгч гэм буруугийн талаар маргахгүй байна.
Иймд Эрүүгийн хуулийн 2.1 дүгээр зүйлд “Энэ хуулийн тусгай ангид заасан, нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж, 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд...эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасны дагуу шүүгдэгч Б.Лыг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.
Улсын яллагч шүүх хуралдаанд: Шүүгдэгч согтуурсан үедээ 2020 оны 02 дугаар сарын 19- ны өдөр Орхон аймгийн Баян-Өндөр сумын Баянбулаг баг Ургацын 1-13 тоотод Г.Сундуй-Очирын нүүрэн тус газар цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь тогтоогдсон тул Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500 000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналтай гэжээ.
Шүүгдэгч өөрийгөө өмгөөлж: “Би гэм буруугаа хүлээж байна. Ялын саналыг зөвшөөрч байгаа гэжээ.
Шүүгдэгчийн гэм буруутай байдал нотлогдож тогтоогдсон тул ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас, хувийн байдлыг тодорхойлсон баримтууд зэргийг шинжлэн судлаж хэргийн нөхцөл байдал, учруулсан хохирлын хэр хэмжээ, хохирол төлөгдсөн байдал, гэм буруугаа хүлээсэн байдал, шүүгдэгчийн хувийн байдал, улсын яллагчийн санал зэргийг харгалзан торгох ял оногдуулах нь зүйтэй.
Хохирол төлбөрийн тухайд: хохирогч Г.Сундуй-Очир нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй, шүүх хуралдаанд оролцохгүй гэж шүүхэд мэдэгдсэн тул шүүгдэгчээс гаргуулах төлбөргүй гэж үзэв.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хөрөнгө битүүмжлэгдээгүй, шүүгдэгч цагдан хоригдоогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүйг дурьдлаа.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1.Шүүгдэгч Ч овгийн Б.Лыг Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Лыг 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 /таван зуун мянган/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4,5 дахь хэсэгт зааснаар Б.Лт оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн хугацаанд, сард 166,666 төгрөгөөр хэсэгчлэн төлөхөөр тогтоож, шүүхээс тогтоосон хугацаанд ялыг биелүүлээгүй бол хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
4.Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Лт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар ирүүлсэн эд зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч цагдан хоригдоогүй,төлөх төлбөргүй,эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүйг дурьдсугай.
6. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдний өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Д.АРИУНЦЭЦЭГ