| Шүүх | Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Цэгмидийн Дагиймаа |
| Хэргийн индекс | 146/2020/0035/Э |
| Дугаар | 2020/ШЦТ/42 |
| Огноо | 2020-05-29 |
| Зүйл хэсэг | 24.6.2.2., |
| Улсын яллагч | Д.Алимаа |
Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол
2020 оны 05 сарын 29 өдөр
Дугаар 2020/ШЦТ/42
Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн Эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Дагиймаа даргалж
Нарийн бичгийн дарга Г.Ишээ,
Улсын яллагч: Д.Алимаа,
Шүүгдэгч нарын өмгөөлөгч Г.Гандөш
Шүүгдэгч: С.Э-,
Шүүгдэгч: Б.Д-,
Шүүгдэгч:П.Д- нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,
Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 2.2-т заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн яллагдагч С-ын Э-, П-ийн Д-, Б-ын Д- нарт холбогдох эрүүгийн 1927000880023 дугаартай хэргийг 2020 оны 05 дугаар сарын 08-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгч нарын биеийн байцаалт
1. Монгол Улсын иргэн, 1974 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр Өвөрхангай аймгийн Бат-Өлзий суманд төрсөн, 45 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 6, эхнэр хүүхдүүдийн хамт Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын 4 дүгээр баг “___" гэх газар мал маллан оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд Өвөрхангай аймгийн Сум дундын шүүхийн 1994 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн 96 дугаартай тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 85 дугаар зүйлд зааснаар ял шийтгэгдэж байсан, Д- овгийн П-ийн Д-, регистрийн дугаар:/___/,
2. Монгол Улсын иргэн, 1977 оны 03 дугаар сарын 08-ны өдөр Өвөрхангай аймгийн Бат-Өлзий суманд төрсөн, 43 настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, ам бүл 6, эхнэр, хүүхдүүдийн хамт Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын 4 дүгээр багийн нутаг “___” гэх газар мал маллан оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд, Өвөрхангай аймгийн сум дундын шүүхийн 2000 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 202 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 188 дугаар зүйлийн 188.2 дахь хэсэгт зааснаар 250000 төгрөгөөр торгох ялаар, 2010 оны 07 дугаар сарын 19-ний өдрийн 34 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 203 дугаар зүйлийн 203.1 дэх хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар баривчлах ялаар шийтгэгдэж байсан, Ц- овгийн С-ын Э-, регистрийн дугаар:/___/,
3. Монгол Улсын иргэн, 1986 оны 02 дугаар сарын 21-ний өдөр Өвөрхангай аймгийн Бат-Өлзий суманд төрсөн, 34 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 4, эхнэр хүүхдүүдийн хамт Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын 4 дүгээр багийн нутаг “___” гэх газар мал маллан оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй, Б- овгийн Б-ын Д-, регистрийн дугаар:___,
Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдагдсанаар/
Яллагдагч Б.Д-, П.Д-, С.Э- нар нь бүлэглэн 2019 оны 02 дугаар сард Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын 4 дүгээр баг Тэмээн чулуу гэх газрын ойд зөвшөөрөлгүйгээр 0.83м3 шинэс мод бэлтгэсэн гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт яллах ба өмгөөлөх талуудын саналаар шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд. Үүнд:
Шүүгдэгч Б.Д- нь шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: “...2019 оны 02 дугаар сард нөхөрлөлд гараад мод бэлтгэсэн. Тэгээд тээвэрлэж явж байгаад ойн байцаагч нарт баригдсан гэв.
Шүүгдэгч П.Д- нь шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: “....мэдүүлэг өгөхгүй...” гэв.
Шүүгдэгч С.Э- нь шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ:” ...Би 2019 оны 02 дугаар сарын 26-ны өдөр мод бэлтгэсэн тээвэрлэж явж байгаад ойн байцаагч нарт баригдсан... гэв.
Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах прокурорын тогтоол /хх-ийн 1-2-р хуу/
Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 26-р хуу/
Яллагдагч Б.Д-, П.Д-, С.Э- нарын гэмт хэрэг /үйлдэхээ ашигласан 24-52ӨВР улсын дугаартай Пургон маркийн автомашиныг битүүмжилсэн тогтоол, үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 48-61 р хуу/
Яллагдагч Б.Д-, П.Д-, С.Э- нарын ойд зевшөөрөлгүйгээр бэлтгэсэн модыг битүүмжилсэн тогтоол, тэмдэглэл, үнэлгээ, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 66-69-р хуу/
Яллагдагч Б.Д-, П.Д-, С.Э- нарын гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан цахилгаан хөрөөг хураан авсан тогтоол, үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, /хх-ийн 71 -77-р хуу/
Бат-Өлзий сумын Улсын байцаагчийн 2020 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн 15/04/336/06 дугаартай “Ойн санд учирсан хохирлын ойн экологи-эдийн засгийн үнэлгээгээр ойн нөхөн төлбөр ногдуулах тухай” акт /хх-ийн 100-р хуу/
Иргэний нэхэмжлэгч Г.Ц-ын мөрдөн байцаалтад өгсөн: “Би энэ гурван хүнийг танина. Манай сумын иргэд байгаа юм. Би одоо Бат-Өлзий сумын Байгаль хамгаалагчаар ажилладаг. Энэ 3 хүн нь миний хариуцсан талбайгаас зөвшөөрөлгүй мод бэлтгээд шалгагдаж байгаа. Хэрэглээний мод бэлтгэх зөвшөөрөл авч байгаагүй. Тус 3 хүний мод бэлтгэсэн талбай нь улсын тусгай хамгаалалттай газар нутагт ордоггүй. Байгаль орчинд учруулсан хохиролоо бүрэн барагдуулчихвал өөр нэхэмжлэх зүйл байхгүй.” гэсэн мэдүүлэг, /хх-ийн 108-109-р хуу/
Гэрч Б.Я*ын мөрдөн байцаалтад өгсөн: “...2019 оны 02 дугаар сарын 26-ны өдөр Бат- Өлзий сумын 4 дүгээр багийн нутагт Тэмээн чулуу гэх газар хууль бусаар мод бэлтгээд байна гэх мэдээлэл ирсэний дагуу байгаль хамгаалагч Б-, П-, Ц- нарын хамт сумын төвөөс гараад явж байгаад Урд агуйтын амны ойролцоо Д- гэх хүн мотоцикльтой явж байгаад бид нарыг хараад зогссон. Тэгээд бид нар Урд агуйтын ам руу өгсөж байгаа дүр эсгээд эргээд Бөхөн шарын ам руу өгсөхөд өөдөөс бор ногоон өнгийн 24-52 ӨВР улсын цугаартай Пургон маркийн автомашин гарч ирсэн. Тухайн автомашиныг зогсоож шалгахад П.Д- гэх хүн автомашиныг жолоодсон байдалтай хажууд нь С.Э- сууж явсан. Тэгээд тээврийн хэрэгсэлд үзлэг шалгалт хийхэд пургон машины хойд талд дүүрэн унины цуудас мод ачсан, мөн цэнхэр өнгийн цахилгаан хөрөө байсан.” гэсэн мэдүүлэг, /хх-ийн 112-11 З-р хуу/
Гэрч О.Б-ийн мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг: “Манай нөхөрлөл 2018 оны 10 дугаар сард нэг цэвэрлэгээнд гараад сүүлд нь 11 дүгээр сарын сүүлээр мөн цэвэрлэгээнд гарсан цэвэрлэгээ хийж дуусаад ойн ангийн О- болон байгаль хамгаалагч нартай ирж шалгаад гарсан моднуудыг бүгдийг тэмдэглэгээ хийгээд тэмдэглэгээтэй бүсэд байгаа моднуудыг бүгдийг нь үзэж хараад дутуу цэвэрлэсэн байна үлдсэн мөчир шургааг 2 хоногийн дотор цэвэрлээд явсан юм. .. Ойн ангийн тэмдэглэгээтэй моднууд байгаа юм. Тухайн моднууд талбайгаас гаргаад модны захад байгаа наашаа төв рүү оруулж ирээгүй.” гэсэн мэдүүлэг, /хх-ийн 110-111, 128-р хуу/
Гэрч Н.П-ын мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг: “...Бөхөн шарын аманд бор ногоон ___ улсын дугаартай Пургон маркийн автомашин явж байхаар нь зогсоож шалгахад П.Д- тухайн машиныг жолоодсон байдалтай С.Э- хажууд нь сууж явсан. Мөн урд Д- мотоцикльтой явж байсан. Тэгээд тухайн машинд шалгалт хийхэд Пургоны ард талд дүүрэн гэрийн унины цуудас ачсан байдалтай явж байсан. Янжиндулам тухайн модны зөвшөөрлийг асуухад ямар нэгэн баримт зөвшөөрөл гаргаж өгөөгүй. Тэгээд явах гэтэл П.Д- нь та нар 1 өршөөчихөөч гээд гуйгаад байсан.” гэсэн мэдүүлэг, /ххх-ийн 119-р хуу/
Өвөрхангай аймгийн Сум дундын ойн ангийн экологи эдийн засгийн үнэлгээ тогтоосон тухай 2019 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн 16 дугаартай:
1.Тус мод нь нойтон шинэс модны төрөлд орно.
2.Тухайн модыг бэлтгэсэн гэх тэмээн чулуу гэх газрын ойн сан нь ОХБЦГазрын ойн санд орохгүй.
З.Экологи эдийн засгийн нийт үнэлгээ 491028 болж байна.’’ гэсэн дүгнэлт /хх-ийн 95-р хуу/ зэрэг болно.
Шүүхээс хэргийн талаар тогтоосон байдал болон тэдгээрт өгсөн шүүхийн дүгнэлтийн талаар
Шүүгдэгч П.Д-, С.Э-, Б.Д- нар нь бүлэглэн 2019 оны 02 дугаар сард Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын 4 дүгээр баг ___ гэх газрын ойд зөвшөөрөлгүйгээр шинэс мод бэлтгэсэн гэмт хэргийг үйлдсэн болох нь
- Ойн ангийн дүгнэлт /хх-ийн 95 дугаар хуудас/,
-Ойн санд учирсан экологи, эдийн засгийн үнэлгээ тогтоосон шинжээчийн дүгнэлт /хх-ийн 55-56/
-Эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоол, тэмдэглэл /хх-ийн 66-69/
-Эд зүйлийн үнэлгээ /хх-ийн 30-34/
-Эд мөрийн баримтаар тооцсон тогтоол, хураан авсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 70-76/
-Хохирогч байгууллагын төлөөлөгч Б.Я-ын өгсөн мэдүүлэг /хх-ийн 112-11Зр хуу/,
-Иргэний нэхэмжлэгч Г.Ц-ын өгсөн мэдүүлэг /хх-ийн 108-109-р хуу/,
-Шүүгдэгч П.Д-, С.Э-, Б.Д- нарын яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх-ийн 177-190 хуу/ болон тухайн хэрэгт хамааралтай, хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авсан бусад нотлох баримтууд болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан тухайн хэрэгт хамааралтай Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлж авагдсан дээрх бичгийн нотлох баримтуудаар шүүгдэгч П.Д-, С.Э-, Б.Д- нарыг гэм буруутай, Хархорин сум дахь Сум дундын Прокурорын газраас зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байна гэж шүүх дүгнэв.
Шүүхээс шүүгдэгч П.Д-, С.Э-, Б.Д- нарыг бүлэглэж, зөвшөөрөлгүйгээр мод бэлтгэн тээвэрлэсэн гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул эрүүгийн хариуцлага гарцаагүй байх, эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх, эрүүгийн хариуцлагын зорилго зорилт, гэм буруугийн болон шударга ёсны зарчимд тус тус нийцүүлэн түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Шүүгдэгч П.Д-, С.Э-, Б.Д- нарын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж хор уршгийг арилгасан зэргийг харгалзан шүүгдэгч П.Д-, С.Э-, Б.Д- нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнсэж, үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авах нь зүйтэй гэж үзэв.
Шүүгдэгч П.Д-, С.Э-, Б.Д- нар нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хохирогчид учруулсан хохирлыг нөхөн төлсөн зэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2-д заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл болох бөгөөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд зааснаар эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байхгүй болно.
Шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдэхэд ашигласан 2.000.000 төгрөгний үнэлгээ бүхий ___ улсын дугаартай Пургон маркийн автомашин, улсын дугааргүй БНХАУ-д үйлдвэрлэгдсэн “Yingang” маркийн мотоцикль, эд мөрийн баримтаар хураагдсан 25 000 төгрөгийн цахилгаан хөрөө нэг ширхэг, модон иштэй сүх нэг ширхэг, 200.000 /хоёр зуун мянган/ төгрөгийн үнэ бүхий 2.40 см-ийн урттай 385 /гурван зуун наян таван/ ширхэг шинэс мод зэргийг тус тус улсын төсөвт шилжүүлэх албадлагын арга хэмжээ авах нь зүйтэй байна.
Шүүгдэгч нар нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж, баримт бичгээр хураагдаж ирсэн зүйлгүй болохыг дурьдаж шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 31 дүгээр зүйлиийн 31.4, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.5, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч С-ын Э-, П-ийн Д-, Б-ын Д- нарыг бүлэглэж, зөвшөөрөлгүйгээр мод бэлтгэн тээвэрлэсэн гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг бармитлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар шүүгдэгч С-ын Э-, шүүгдэгч П-, шүүгдэгч Б-ын Д- нарыг 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ял оногдуулахгүйгээр тус тус тэнссүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 7.3 дугаар зүйлийн 2.5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч С-ын Э-, П-ийн Д-, Б-ын Д- нарыг оршин суух газар, ажил сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүргийг хүлээлгэсүгэй.
4. Шүүгдэгч С.Э-, П.Д-, Б.Д- нар нь цагдан хоригдсон хоноггүй, хилийн хориг тавигдаагүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогч нь гомдол саналгүй болохыг дурдсугай.
5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.1, Эрүүгийн хуулийн 7.5 дугаар зүйлийн 3,4-т зааснаар битүүмжлэгдсэн 2.000.000 төгрөгийн үнэлгээ бүхий ___ улсын дугаартай Пургон маркийн автомашин, улсын дугааргүй БНХАУ-д үйлдвэрлэгдсэн “Yingang” маркийн мотоцикль, эд мөрийн баримтаар хураагдсан 25 000 төгрөгийн цахилгаан хөрөө 1 /нэг/ ширхэг, модон иштэй сүх 1/нэг/ ширхэг, 200.000 /хоёр зуун мянган/ төгрөгийн үнэ бүхий 2.40 см-ийн урттай /385/ гурван зуун наян таван ширхэг шинэс мод зэргийг Улсын орлого болгосугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5-т зааснаар шүүгдэгч С-ын Э-, П-ийн Д-, Б-ын Д- нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч нар шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч С-ын Э-, П-ийн Д-, Б-ын Д- нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэжлүүлсүгэй
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ц.ДАГИЙМАА