Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 06 сарын 09 өдөр

Дугаар 2020/ШЦТ/43

 

Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Дагиймаа даргалж,

Нарийн бичгийн дарга: Г.Ишээ

Улсын яллагч: Н.Өнөрбаяр

Шүүгдэгчийн өмгөөлөгч: Д.Дашцэрэн,

Шүүгдэгч: С.Э- нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,

Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т дэх хэсэгт заасан гэмт хэрэгт ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б- овгийн С-ын Э-д холбогдох эрүүгийн 2027000000037 дугаартай хэргийг 2020 оны 05 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч биеийн байцаалт

Монгол улсын иргэн, 1984 оны 10 дугаар сарын 11-ний өдөр Өвөрхангай аймгийн Бат-Өлзий суманд төрсөн, 36 настай, эрэгтэй, яс үндэс халх, боловсролгүй, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 6, эхнэр, 4 хүүхдийн хамт амьдардаг, Өвөрхангай аймгийн Хархорин сумын Эрдэнэтолгой багийн ___ тоотод оршин суух хаягтай, гавьяа шагналгүй, 2013 оны 03 дугаар сарын 14-ний өдөр Булган аймгийн Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 31 дугаартай шийтгэх тогтоолоор 2 жилийн хорих ялаар шийтгүүлж, хорих ялыг 1 жилийн хугацаагаар тэнсэж, хянан харгалзсан, Б- овогтой С-ын Э- /РД:___/

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдагдсанаар/

Яллагдагч С-ын Э- нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ буюу 2020 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр 23 цагийн орчим Өвөрхангай аймгийн Хархорин сумын Эрдэнэтолгой багийн ___ тоотод байрлах иргэн Ж.Н-ын эзэмшлийн хүн байнга амьдрах зориулалт бүхий байшингийн цонхыг хагалж нууцаар, хууль бусаар нэвтрэн орж хар өнгийн БСБ брэндийн 32 инчийн 1 ширхэг зурагт, цагаан өнгийн 1 ширхэг уртасгагч, хар өнгийн 1 ширхэг дамжуулагч /USB / зэрэг эд зүйлсийг авч 184.200 төгрөгийн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах ба өмгөөлөх талуудын саналаар шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд. Үүнд:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч С.Э- нь мэдүүлэхдээ: “...2020 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр хохирогч Ж.Н-ын цонхоор нь ороод хар өнгийн БСБ брэндийн 32 инчийн 1 ширхэг зурагт, цагаан өнгийн 1 ширхэг уртасгагч, хар өнгийн 1 ширхэг дамжуулагч /USB/ зэрэг эд зүйлсийг гэрлүүгээ авч явсан. Тухайн үед цонх нь хагархай байсан. Ж.Н- согтуу байхад цагдаа нартай хамт ирээд зурагтаа аваад явсан. Би Ж.Н-аас уучлалт гуйсан...”гэв.

Гэрч Г.М-ын 2020 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн“...Би тус өдөр өглөө 08 цаг өнгөрч байхад босоод хашаан дотроо тамхи татаад явж байгаад хашаанаас гарч ирээд ойр орчмыг хараад зогсож байсан чинь Б-ын гэрийн хаалга онгорхой байсан тэгэхээр нь хашааны хаалгыг нь хаах гээд хашаа руу нь хальт шагайсан чинь хойд талын цонх нь хагарчихсан байсан. Тэгэхээр нь би Б-ын утас руу нь залгаад хашааны чинь хаалга онгорхой гал тогооны чинь цонх хагарчихсан байна гэж хэлсэн. Тэрний дараа хэсэг хугацааны дараа цагдаа нар ирсэн. Өөр надад мэдэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг, /хх-ийн 27-р хуудас/

Гэрч М.Б-ын 2020 оны 05 дугаар сарын 08-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...Би Улаанбаатар хотод ажил хийж байхад Хархорины гэрийн ар талын хашаанд байрлах М- нь надруу залгаад танай гэрийн ар талын гал тогооны цонх хагарчихсан байна. Хулгай орчихсон юм биш үү өчигдөрхөн танай цонх зүгээр байсан гэж надруу ярьсан...Надруу ярихаар нь би эхнэрлүүгээ ярьж хэлсэн..." гэх мэдүүлэг, /хх-ийн 28-р хуудас/

Хохирогч Ж.Н-ын 2020 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн "...Миний бие 2020 оны 04 дүгээр сарын 02-ны өдөр Хархорин сум 4-р баг ___ гэх газар байдаг хадам М-ынх руу хоёр хүүхдийн хамт мал төллүүлэхээр очсон манай нөхөр Б- надруу залгаж манай гэрт хулгай орсон юм шиг байна гэж манай хойд айлын М- гэх залуу утсаар хэлсэн гэсэн тэгээд би цагдаагийн байгууллагад өргөдөл гаргасан...Манай гэрээс 32 инчийн БСБ-ийн ЛСД зурагт, цагаан өнгийн уртасгагч andriod гар утасны цэнэглэгч хулгайд алдсан...” гэх мэдүүлэг, /хх-ийн 11-12-р хуудас

Хохирогч Ж.Н-ын 2020 оны 05 дугаар сарын 08-ны өдөр дахин мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...Би тухайн өдөр мэдүүлэг өгчхөөд цагдаагаас гарч яваад зах дээгүүр явж байгаад гэртээ очиж байж байгаад үдээс хойш нэлээн байж байгаад ер нь л таньж мэддэг хүмүүсийнхээ гэрээр ороод үзээд явъя гэж бодоод өөрийнхөө ___ улсын дугаартай хувийн автомашинаар хойд 6 дугаар хороо руу хамгийн араас нь эхлээд явчий гээд явж байгаад манай нөхөртэй цуг хуучин ажиллаж байсан Э- гэх хүний гэрт орсон тэгсэн манай зурагт уртасгагч цэнэглэгч гурав байсан хүүхэд нь манай зурагтаар кино үзээд сууж байсан. Э- болохоор согтуу унтаж байгаад намайг харсан тэгсэн сэрэнгүүтээ надад хандаж сайн уу юу байна гэж хэлсэн тэгэхээр нь би энэ манай зурагт байна чи яагаад хүний байшин ухаж зурагт авдаг юм гэж хэлсэн тэгсэн тэр юу ч хэлэхгүй байсан...Цагдаа дээр орж ирээд үүдэнд нүдний шилтэй нэг бор цагдаад зурагтаа олсон талаар хэлсэн...” гэх мэдүүлэг, /хх-ийн 13-14-р хуудас/

Гэрч Т.Ц-ийн 2020 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...Намайг эрүүлжүүлэх саатуулах байранд ээлжтэй гарч байх өдөр хэлтсийн байранд нэг эмэгтэй ирээд манай зурагтыг Э- авчихсан байна би гэрээс нь очиж зурагтаа аваад ирлээ одоо яах вэ гэхээр нь би тэр эмэгтэйтэй цуг яваад Э-ыг гэрээс нь хэлтсийн байранд хүргэж ирж эрүүгийн алба хаагч нарт хүлээлгэн өгсөн...” гэх мэдүүлэг,/ХХ-ийн 26 хуудас/

Хөрөнгийн үнэлгээний Вендо ХХК-ийн 2020 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн “...Зурагт, уртасгагч, цэнэглэгч нийт 184,200 төгрөг...” гэх шинжээчийн дүгнэлт, /хх-ийн 30-31-р хуудас/

Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл, хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зураг, /хх-н 18-22-р хуудас/

Эрүүгийн хэрэг үүсгэж , яллагдагчаар татсан прокурорын тогтоол, /хх-ийн 1-2-р хуудас/

мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зураг /хх-ийн 15-17-р хуудас/ зэрэг нотлох баримтуудыг тус тус шинжлэн судлав.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар тогтоосон нотлох баримт цуглуулах, бэхжүүлэх талаарх журам, шаардлагыг зөрчсөн болон хэргийн оролцогчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, шинжээчийн дүгнэлтийг хэрэгт хувийн сонирхолгүй, зохих дадлага туршлага бүхий, гаргасан дүгнэлтийнхээ хариуцлагыг хүлээх үүрэг хүлээсэн шинжээч гаргасан байх тул тэдгээр баримтыг хууль ёсны, үнэн зөв баримтууд гэж шүүх үнэлж дүгнэн, шийдвэрийн үндэслэл болгосон болно.

Тухайн хэргийн хувьд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлууд бүрэн шалгагдаж тогтоосон байх тул прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч С.Э-ы гэм буруугийн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх боломжтой гэж шүүх дүгнэлээ.

Шүүхээс хэргийн талаар тогтоосон байдал болон тэдгээрт өгсөн шүүхийн дүгнэлтийн талаар

Шүүгдэгч С.Э- нь 2020 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр 23 цагийн орчим Өвөрхангай аймгийн Хархорин сумын Эрдэнэтолгой багийн ___ тоотод байрлах иргэн Ж.Н-ын эзэмшлийн хүн байнга амьдрах зориулалт бүхий байшингийн цонхыг хагалж нууцаар, хууль бусаар нэвтрэн орж хар өнгийн БСБ брэндийн 32 инчийн 1 ширхэг зурагт, цагаан өнгийн 1 ширхэг уртасгагч, хар өнгийн 1 ширхэг дамжуулагч /USB / зэрэг эд зүйлсийг хүч хэрэглэхгүйгээр нууцаар, хууль бусаар хулгайлсан гэмт хэргийг үйлдсэн болох нь хохирогч Ж.Н-ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг /хх-ийн 13-14 дугаар  хуудас/, гэрч Г.М-ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлгүүд /хх-ийн 27 дугаар хуудас/, мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлгийн шатанд шүүгдэгч С.Э- хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгүүд зэрэг хавтас хэрэгт авагдаж, шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсаныг тус тус гэмт хэрэгт тооцохоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт хуульчилсан бөгөөд Иргэний эд хөрөнгө шударгаар олж авах, эзэмших, өмчлөх, захиран зарцуулах эрх болон орон байрны халдашгүй дархан байдал нь тус тус Монгол улсын Үндсэн хуулиар баталгаажуулсан хүний баталгаатай эдлэх үндсэн эрх, эрх чөлөө болохын хувьд Эрүүгийн хуулиар хамгаалагдсан. Гэмт этгээд бусдын эзэмшил, өмчлөлд байгаа эд юмс, эд хөрөнгийг өөрөө захиран зарцуулах эрхгүй, бусдын эзэмшил өмчлөлийнх гэдгийг мэдсээр байж хувийн ашиг олох шунахай сэдэлт зорилгоор хүч, заналхийлэл хэрэглэхгүйгээр, нууц далд аргаар, үнэ төлбөргүйгээр хууль бусаар авч өөрийн эзэмшил ашиглалтад шилжүүлэн авсныг “Хулгайлах” гэмт хэрэг гэж ойлгох бөгөөд уг авсан эд юмс, эд хөрөнгөө захиран зарцуулах бодит боломж бололцоо бүрдсэнээр хулгайлах гэмт хэрэг төгс үйлдэгдсэнд тооцогдох юм.

Түүнчлэн хүн байнга амьдрах болон үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нэвтэрч үйлдсэн нь тухайн гэмт хэргийн хүндрүүлэх шинж болохоор Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааж хуульчилсан. Хэргийн нөхцөлд шүүгдэгч С.Э- нь 2020 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр 23 цагийн орчим Өвөрхангай аймгийн Хархорин сумын Эрдэнэтолгой багийн ___ тоотод байрлах иргэн Ж.Н-ын эзэмшлийн хүн байнга амьдрах зориулалт бүхий байшингийн цонхыг хагалж нууцаар, хууль бусаар нэвтрэн орж хар өнгийн БСБ брэндийн 32 инчийн 1 ширхэг зурагт, цагаан өнгийн 1 ширхэг уртасгагч, хар өнгийн 1 ширхэг дамжуулагч /USB/ зэрэг эд зүйлийг нууцаар, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар бусдын эд хөрөнгийг авч, өөрийн хувийн хэрэгцээгээ хангаж захиран зарцуулж ашиглах зорилготой авсан гэм буруутай үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 заалтад заасан “хулгайлах гэмт хэргийг хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч үйлдсэн гэмт хэргийг шинжийг бүрэн агуулсан байна. Шүүгдэгч С.Э- нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хэргийн үйл баримт болоод гэм буруугийн талаар маргаагүй болно.

Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын Прокурорын газраас дээрх гэмт үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 заалтад зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь түүний гэм буруутай үйлдэлд тохирсон, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэргийн талаар нотлогдвол зохих байдлыг бүрэн шалгаж тогтоосон гэж шүүх дүгнэлээ.

Иймд шүүгдэгч С.Э- шууд санаатай үйлдлээр бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар хууль бусаар авч, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 заалтад заасан “Хулгайлах” гэмт хэргийг хүн байнга амьдрах орон байранд нэвтэрч үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тухайн зүйл, хэсэг, заалтад заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх эрх зүйн үндэслэлтэй байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлд “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохирол гэж, ...гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршиг гэж тус тус тодорхойлон заасан. Шүүгдэгч С.Э-ы үйлдсэн дээрх хулгайлах гэмт хэргийн улмаас хохирогч Ж.Н-ын эд хөрөнгийг хулгайлсан болох нь шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн Хөрөнгийн үнэлгээ, зуучлалын Вендо ХХК-ийн 2020 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн “...Зурагт, уртасгагч, цэнэглэгч нийт 184,200 төгрөг...” гэх шинжээчийн дүгнэлт, /хх-ийн 30-31-р хуудас/  /нэг зуун наян дөрвөн мянга хоёр зуу/ төгрөгийн эд хөрөнгийн хохирол учирсан нь хөдлөх эд хөрөнгийн үнэлгээ, шинжилгээ хийх эрх бүхий тусгай зөвшөөрөлтэй, үнэлгээний байгууллагын үнэлгээчний дүгнэлт, хохирогч Ж.Н- нарын мэдүүлэг зэрэг баримтаар тус тус тогтоогдсон ба дээрх эд хөрөнгийн үнэлгээ дүгнэлтэд хэргийн хохирогч болон шүүгдэгч талууд тус тус маргаагүй болно.

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт тус тус зааснаар “бусдын эрх, ...эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг хорыг хариуцан арилгах, ...гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх /адил нэр, төрөл, чанарын эд хөрөнгө өгөх, гэмтсэн эд хөрөнгийг засах зэргээр/ буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлөх” хуулийн зохицуулалттай. Монгол улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэг болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.9 дэх заалтад тус тус заасан эрхийнхээ хүрээнд гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийг арилгуулах, нөхөн төлүүлэх талаарх хүсэлт, гомдлын шаардлага гаргах эрхтэй бөгөөд гэмт хэргийн улмаас учирсан хохиролд тооцон шүүгдэгч нь 184.200 төгрөгийн үнэ бүхийн телевизор хүлээн авагчийг хүлээлгэж өгсөн,... Одоо надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй.” гэсэн мэдүүлэг хэргийн 23-24 дугаар талд авагдсан байна. Иймд шүүгдэгч С.Э-ыг гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирол, хор уршигт тооцон энэ тогтоолоор гаргуулах төлбөргүй гэж үзнэ.

Шүүх, шүүгдэгч С.Э- бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар хууль бусаар авч, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 заалтад заасан “Хулгайлах” гэмт хэргийг хүн байнга амьдрах орон байранд нэвтэрч үйлдсэн гэм буруутай болохыг тогтоож шийдвэрлэсэн тул эрүүгийн хариуцлага гарцаагүй байх гэм буруугийн зарчим, эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, нийгэмшүүлэхэд орших эрүүгийн хариуцлагын зорилго болон Эрүүгийн хуулийн шударга ёсны зарчимд нийцүүлэн, шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлыг нөхөн төлж арилгасныг мөн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан ялыг оногдуулахдаа, гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан уг ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т зааснаар ялын төрөл хэмжээний дотор хорих ялын доод хэмжээний хоёрны нэгээс багагүй ял оногдуулж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасан нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоож шийдвэрлэв.

Шүүгдэгч С.Э- нь цагдан хоригдсон хоноггүй, иргэний бичгийн баримт шүүхэд ирээгүй, хилийн хориг тавигдаагүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, хохирогч нь гомдол саналгүй болохыг тус тус дурдав.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Б- овгийн С-ын Э- нь хүн байнга амьдрах орон байранд нэвтэрч, бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг баримтлан шүүгдэгч Б- овгийн С-ын Э- Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

3.  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Б- овгийн С-ын Э-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар оногдуулсан 01 /нэг/ жилийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй. 

4. Шүүгдэгч С.Э-ы бичиг баримт шүүхэд ирээгүй, эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, хилийн хориг тавигдаагүй, цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжлэгдсэн зүйлгүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.12 дугаар зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч С.Э-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж энэ өдрөөс эхлэн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол Өвөрхангай аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын цагдан хорих байранд хорьсугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч нар шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурьдсугай.

7.  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд гомдол, эсэрэгүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолыг түдгэлзүүлж тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч С.Э-д урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                    Ц.ДАГИЙМАА