| Шүүх | Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Цэгмидийн Дагиймаа |
| Хэргийн индекс | 146/2020/0042/Э |
| Дугаар | 2020/ШЦТ/44 |
| Огноо | 2020-06-09 |
| Зүйл хэсэг | 24.6.1., |
| Улсын яллагч | Н.Өнөрбаяр |
Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол
2020 оны 06 сарын 09 өдөр
Дугаар 2020/ШЦТ/44
Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн Эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Дагиймаа даргалж
Нарийн бичгийн дарга:Т.Энхжин,
Улсын яллагч: Н.Өнөрбаяр,
Шүүгдэгчийн өмгөөлөгч: Г.Гандөш,
Шүүгдэгч: Б.М- нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,
Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1-т заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн яллагдагч А- овогтой Б-ы М-д холбогдох эрүүгийн 20270000000033 дугаартай хэргийг 2020 оны 05 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгч нарын биеийн байцаалт
Монгол улсын иргэн, 1987 оны 05 дугаар сарын 10-ний өдөр Өвөрхангай аймгийн Хархорин суманд төрсөн, 33 настай, эрэгтэй, яс үндэс халх, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт Улаанбаатар хот Сонгинохайрхан дүүрэг 24 дүгээр хороо, ___ тоотод оршин суудаг, гавьяа шагналгүй, урьд нь ял шийтгүүлж байгаагүй, А- овгийн Б-ы М- /РД:___/
Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдагдсанаар/
Яллагдагч А- овогтой Б-ы М- /РД:___/ нь 2019 оны 10 дугаар сард Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын 4 дүгээр багийн нутаг “___” гэх газрын ойд зөвшөөрөлгүйгээр 2 ширхэг босоо “Шинэс” мод хууль бусаар бэлтгэж 2 метр 40 см урттай 13 ширхэг болгож нагац ах С.М-гийн эзэмшлийн ___ улсын дугаартай УАЗ 469 маркийн тээврийн хэрэгслээр 2020 оны 03 дугаар сарын эхээр гарал үүслийн гэрчилгээгүйгээр тээвэрлэсэн гэх гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт яллах ба өмгөөлөх талуудын саналаар шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд. Үүнд:
Шүүгдэгч Б.М- нь шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: “... Мэдүүлэг өгөхгүй...” гэв.
Яллагдагч Б.М- нь мөрдөн байцаалтийн шатанд мэдүүлэхдээ: “... Би 2019 оны 10 дугаар сарын сүүлээр хөдөө ___ гэх газар малд явж байгаад хэдэн унаны мод байхыг харсан. Тэгээд тухайн модоо хэд хоногийн дараа очиж авахаар бэлтгээд буцаж явсан 2020 оны 03 дугаар сард хамаатны ах болох М-н машиныг гуйгаад бэлтгэсэн модоо ачиж явсан...” гэв.
Иргэний нэхэмжпэгч Г.Цогтбаатарын 2020 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр мөрдөн байцаалтад өгсөн “...М- нь миний хариуцсан талбайгаас зохих зөвшөөрөлгүй мод бэлтгээд шалгагдаж байгаа. Мод бэлтгэсэн гэх газар нь орчны бүс бөгөөд улсын тусгай хамгаалтанд ордоггүй...Мод бэлтгэх зөвшөөрөл авч байгаагүй...Байгаль орчинд учруулсан хохирлоо бүрэн барагдуулчихвал өөр нэхэмжпэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг, /хх-ийн 51-р хуудас/
Гэрч Х.Баасангийн 2020 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр мөрдөн байцаалтад өгсөн "...Ц- мотоциклоо алдсан юм. Тэгээд Ц- гэх айлд очоод хэргийн газрын үзлэг хийж байсан. Тухайн үед Ц-ийн хашааны баруун урд талд нь зах банзаар хучиж далдалсан нойтон шинэс моднууд байсан...М-ынх байх гэж хэлсэн...” гэх мэдүүлэг, /хх-ийн 52-р хуудас/
Гэрч С.М-гийн 2020 оны 04 дүгээр сарын 16-ны өдөр мөрдөн байцаалтад өгсөн “...М- нь цагаан сарын өмнө би түлээгүй болчихлоо төв рүү түлээний мод оруулаадхая гэж хэлээд миний машиныг аваад явсан. Машин авч явснаас хойш 2 хоногийн дараа миний машиныг авчирч өгсөн...Тэр машин нь миний эзэмшлийнх байгаа юм....Цагаан өнгийн ___ улсын дугаартай УАЗ 469 маркийн автомашин байгаа....М- нь над дээр би өвөл таны машинаар түлээ зөөгөөдхөе гээд машиныг аваад явахдаа түлээний мод биш хэрэглээний мод оруулчихсан юм тэр модыг цагдаа нар ирээд аваад явсан гэж хэлж байсан...” гэх мэдүүлэг, /хх-ийн 53-р хуудас/
Гэрч Ц.С-ын 2020 оны 04 дүгээр сарын 16-ны өдөр мөрдөн байцаалтад өгсөн “...манай нөхөр гэрийнхээ унийг бэлдэнэ гэж ярьж байсан. Тэгээд тэр модыг хийсэн юм шиг байналээ...” гэх мэдүүлэг, /хх-ийн 54-р хуудас/
Гэрч Д.Ц-ийн 2020 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр мөрдөн байцаалтад өгсөн “...Намайг хөдөө байх зуур М- манай хашаанд буулгасан юм байналээ би тэрийг нь мэдээгүй байсан юм...Тухайн үед цагдаа М-ын буулгасан модыг харсан юм байналээ...” гэх мэдүүлэг,
Сум дундын ойн ангийн 2020 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн Экологи эдийн засгийн үнэлгээ тогтоосон тухай “...Б.М-ын бэлтгэсэн 13 ширхэг мод нь хэрэглээний нойтон шинэс модны төрөлд орно. 2.40 метрийн урттай шинэс модыг зүсэж гэрийн унь хийдэг...Экологи эдийн засгийн нийт үнэлгээ 403.920 төгрөг болж байна...” гэх 22 дугаартай дүгнэлт, /хх-ийн 55-р хуудас/
2020 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татсан прокурорын тогтоол, /хх-ийн 1-2-р хуудас/
Модонд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зураг, мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зураг, тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зураг, Байгаль орчны хяналтын улсын байцаагч Б.Янжиндуламын 2020 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн “Ойн санд учирсан хохирлын ойн экологи эдийн засгийн үнэлгээгээр ойн нөхөн төлбөр ногдуулах тухай акт, эд мөрийн баримтаар тооцож хураан авсан тэмдэглэл, гэрэл зураг зэрэг болно.
Шүүхээс хэргийн талаар тогтоосон байдал болон тэдгээрт өгсөн шүүхийн дүгнэлтийн талаар
Шүүгдэгч Б.М- нь 2019 оны 10 дугаар сард Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын 4 дүгээр багийн нутаг “___” гэх газрын ойд зөвшөөрөлгүйгээр 2 ширхэг босоо “Шинэс” мод хууль бусаар бэлтгэсэн гэх үйлдэл нь
-хохирогч байгууллагын төлөөлөгч Г.Цогтбаатарын өгсөн мэдүүлэг /хх-ийн 51 дүгээр хуудас/,
-Ойн ангийн дүгнэлт /хх-ийн 55 дугаар хуудас/,
-мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлгийн шатанд шүүгдэгч Б.М- хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгүүд зэрэг хавтас хэрэгт авагдаж, шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тогтоогдож байна.
-Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан тухайн хэрэгт хамааралтай Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлж авагдсан дээрх бичгийн нотлох баримтуудаар шүүгдэгч Б.М- гэм буруутай, Хархорин сум дахь Сум дундын Прокурорын газраас зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байна гэж шүүх дүгнэв.
Иймд шүүгдэгч Б.М- нь зөвшөөрөлгүйгээр ойд мод бэлтгэж, тээвэрлэсэн гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна гэж шүүх үзэв.
Шүүгдэгч Б.М- нь өөрийн үйлдэл, хэргийн үйл баримт, гэм буруугийн талаар маргаагүй, өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрсөн болохыг тус тус тэмдэглэв.
Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д ”Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөнд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” гэж заасан.
Гэмт хэргийн улмаас байгаль орчинд 403.920 төгрөгийн хохирол учирсан болохыг шинжээчийн дүгнэлтээр тогтоосон байна. Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.1-т “...ойн санд учирсан хохирлыг экологи эдийн засгийн үнэлгээг гурав дахин нэмэгдүүлсэн хэмжээгээр тогтооно...” гэж заасан байх тул шүүгдэгч нь 403.920х3=1211760 төгрөгийн нөхөн төлбөрийг төлж барагдуулаагүй байх тул Б.М-аас 1211760 төгрөгийг гаргуулж Бат-Өлзий сумын Байгаль орчин уур амьсгалын санд оруулахаар шийдвэрлэв.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлд гэмт хэрэг үйлдэхэд ашигласан, ашиглахаар завдсан техник хэрэгсэл, гэмт хэрэг үйлдэж олсон эд зүйлийг хураан авахаар заасан ба шүүгдэгч Б.М- нь гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан С.М-н эзэмшлийн 200.000 төгрөгийн үнэлгээ бүхий ___ улсын дугаартай УАЗ 469 маркийн автомашиныг ашигласан байна.
Иймд нийтийн ашиг сонирхол, аюулгүй байдлыг цаашид гэмт халдлагаас хамгаалах, урьдчилан сэргийлэхэд чухал ач холбогдолтой тул дээрх тээврийн хэрэгслийг С.М-д олгож, автомашиныг үнэ болох 200.000 төгрөгийг шүүгдэгч Б.М-аас гаргуулж улсын орлого болгох нь зүйтэй.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан ял хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүгдэгч Б.М-ын гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгч нь “...мөнгө хэрэг болсон тул зөвшөөрөлгүй ойгоос мод бэлтэсэн...” гэж тайлбарлаж байгаа байдал мөн тус орон нутагтаа нэн ядуу өрхөд хамаардаг болох нь хэрэгт авагдсан байдал зэрэг нөхцөл байдлыг харгалзан улсын яллагчаас эрүүгийн хариуцлагын талаарх гаргасан саналын хүрээнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч Б.М-д 300 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэл оногдуулах нь зүйтэй гэж дүгнэв.
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 30.000 төгрөгийн үнэлгээ бүхий гар хөрөө, Мөн хууль бусаар бэлтгэсэн 80.000 төгрөгийн үнэлгээ бүхий 13 ширхэг шинэс мод нь гэмт хэрэг үйлдэж олсон эд зүйл тул улсын орлого болгох үндэслэлтэй байна.
Шүүгдэгчийн бичгийн баримт шүүхэд ирээгүй, хилийн хориг тавигдаагүй, түүнээс гаргуулах хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгчийг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсэн тул түүнд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг үргэлжлүүлэх нь зүйтэй гэж үзлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.11, 36.12, 36.13, 38.1 дүгээр зүйлийн 1-т заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч А- овгийн Б-ы М- нь зөвшөөрөлгүйгээр, гарал үүслийн гэрчилгээгүйгээр ойд хууль бусаар мод бэлтгэсэн, тээвэрлэсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1-т зааснаар Б.М-ыг 300 /гурван зуун / цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4-т зааснаар Б.М-д оногдуулсан 300 /гурван зуун / цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.1, Эрүүгийн хуулийн ерөнхий 7.5 дугаар зүйлийн 3, 4-т зааснаар прокурорын 2020 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн эд хөрөнгө битүүмжлэх тухай 08 дугаар тогтоолоор битүүмжлэгдсэн шүүгдэгч Б.М-ын гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан 38-10 ӨВА УАЗ маркийн тээврийн хэрэгслийг эзэмшигч С.М-д олгож, автомашиныг үнэ болох 200.000 төгрөг, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 30.000 төгрөгийн үнэлгээ бүхий гар хөрөө, хууль бусаар бэлтгэсэн 80 000 төгрөгийн үнэлгээ бүхий 2 метр 40 см урттай 13 ширхэг мод зэргийг тус тус улсын орлого болгосугай.
5. Шүүгдэгч Б.М- нь цагдан хоригдсон хоноггүй, хилийн хориг тавигдаагүй түүний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурьдсугай.
6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.4-т зааснаар шүүгдэгч Б.М-аас хохирол 1.211.700 төгрөгийг гаргуулж Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын засаг даргын тамгын газарт олгосугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5-т зааснаар шүүгдэгч Б.М-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч нар шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Б-ы М-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэжлүүлсүгэй
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ц.ДАГИЙМАА