Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 06 сарын 11 өдөр

Дугаар 2020/ШЦТ/49

 

Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн Эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Дагиймаа даргалж

Нарийн бичгийн дарга: Г.Ишээ,

Улсын яллагч: Д.Алимаа,

Шүүгдэгчийн өмгөөлөгч: Г.Гандөш,

Шүүгдэгч: Г.Д- нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй  хийсэн хуралдаанаар,

Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1-т заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн яллагдагч Г- овогтой Г-ын Д-д холбогдох эрүүгийн 20270000000035 дугаартай хэргийг 2020 оны 05 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч нарын биеийн байцаалт

Монгол Улсын иргэн, 1985 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр Өвөрхангай аймгийн Бат-Өлзий суманд төрсөн, 35 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эхнэр хүүхдүүдийн хамт Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын ___ багт оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд Өвөрхангай аймаг дахь Сум дундын шүүхийн 2013 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн 19 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 211 дүгээр зүйлийн 211.1 дэх хэсэгт зааснаар 1 жил 5 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, оногдуулсан хорих ялыг 2 жилийн хугацаагаар тэнсэж шийтгэгдэж байсан, Г- овгийн Г-ын Д-, регистрийн дугаар:/___/,

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдагдсанаар/

Яллагдагч Г.Д- нь 2020 оны 04 дүгээр сарын эхээр Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын 5 дугаар баг ___ гэх газрын ойд зөвшөөрөлгүйгээр 79 ширхэг буюу 1.2 шоо метр мод бэлтгэсэн гэх гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах ба өмгөөлөх талуудын саналаар шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд. Үүнд:

Шүүгдэгч Г.Д- нь шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: “..Хийсэн хэрэгтээ гэмшиж байна ар гэрт мөнгөний хэрэг болоод хууль бусаар мод бэлтгэсэн. Манай ээж шар чулуут гэх газар оршин суудаг. Тэгээд ээжийн үхэрийг хайж яваад хэдэн мод байхаар нь бэлтгэчхээд өөрийн машинаар сум руу тээвэрлэж явж байгаад ойн байцаагч нарт баригдсан гэв.

Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах прокурорын тогтоол /хх-ийн 1-2-р хуу/

Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 8-р хуу/

Яллагдагч Г.Д- нь зөвшөөрөлгүйгээр мод бэлтгэхдээ ашигласан ашигласан 53-05 ӨВА улсын дугаартай пургон маркийн автомашиныг битүүмжилсэн тогтоол, тэмдэглэл, зах зээлийн үнэлгээ, гэрэл зургийн үзүүлэлтүүд, /хх-ийн 41-55-р хуу/

Яллагдагч Г.Д-гийн ойд зөвшөөрөлгүйгээр бэлтгэж, тээвэрлэсэн модыг битүүмжилсэн тогтоол, тэмдэглэл, зах зээлийн үнэлгээ, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 6-8, 33-40-р хуу/

Яллагдагч Г.Д-гийн гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан гар хөрөө, модон иштэй сүхийг хураан авсан тогтоол, үзлэг хийсэн тэмдэглэл, зах зээлийн үнэлгээ, гэрэл зургийн үзүүлэлтүүд, /хх-ийн 19-31-р хуу/

Бат-Өлзий сумын Улсын байцаагчийн 2020 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн 15/04/336/14 дугаартай ‘’Ойн санд учирсан хохирлын ойн экологи-эдийн засгийн үнэлгээгээр ойн нөхөн төлбөр ногдуулах тухай” акт /хх-ийн 103-р хуу/

Иргэний нэхэмжлэгч Н.Пүрэвтогтохын мөрдөн байцаалтад өгсөн: “ Манай сумын иргэн байгаа юм. Энэ хүн надаас мод бэлтгэх эрхийн бичиг авч байгаагүй. Байгаль орчинд учруулсан хохирлоо бүрэн барагдуулчихвал өөр нэхэмжлэх зүйл байхгүй. Тус газар нь улсын тусгай хамгаалалттай газар нутагт орохгүй. Орчны бүсэд хамаардаг газар юм." гэсэн мэдүүлэг, /хх-ийн 59-61-р хуу/

Гэрч М.Баасангийн мөрдөн байцаалтад өгсөн: "...2020 оны 04 дүгээр сарын эхээр Бат-Өлзий сумын төвд эргүүлийн үүрэг гүйцэтгэж явсан юм. Өглөөний 07 цагийн орчим Бат-Өлзий сумын урд талаас цагаан өнгийн машин сумын төв рүү чиглэлтэй явж байхад нь өөдөөс нь очиж шалгасан. Зогсооход цагаан өнгийн ___ улсын дугаартай УАЗ фургон маркийн тээврийн хэрэгсэл байсан. ...Тэгээд тус машины ар талыг нээн шалгахад машины дотор талд цуулбар мод болон бөөрөнхий модыг голоор нь хуваасан тал моднууд байсан.” гэсэн мэдүүлэг /хх-ийн 64-65-р хуу/

Гэрч Э.О-ын мөрдөн байцаалтад өгсөн: “...Тус машиныг би 2017 онд нутгийн хүнээс аваад өөр дээрээ унаж байгаад 2019 онд Д- гээд нутгийн хүнд зарсан. Тэр машиныг анх өөр дээрээ авахдаа машины бичиг баримтыг шилжүүлж аваагүй. Мөн Д-д бас машины худалдаалахдаа нэрийг нь шилжүүлж өгөөгүй. Би анх Д-д зарахдаа хоёр сая найман зуун мянган төгрөгөнд худалдаалсан. Бид хоёрт машины ямар ч өгөө аваа байхгүй. Тус машин нь бичиг баримт шилжүүлээгүй болохоос биш Д-гийн өөрийнх нь эзэмшлийн машин байгаа юм....” гэсэн мэдүүлэг, /хх-ийн 66-р хуу/

Өвөрхангай аймгийн Сум дундын ойн ангийн 2020 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн 34 дугаартай: “Өвөрхангай аймгийн Ойн сан нь 1-р мужид хамрагддаг. Энэ мод нь нойтон шинэс модны төрөлд багтах бөгөөд нэг шоо.метр модны суурь үнэлгээ нь 570216 төгрөг Байгаль орчин, аялал жуулчлалын Сайдын 2020 оны А/176 дугаар тушаалын 1 дүгээр хавсралтанд заасны дагуу зүсмэл материалын модны ашиглалтын гарцыг итгэлцүүр 2.9-өөр тооцдог. Шинэс модны хохирлын үнэлгээ 1.2 шоо.метр х 570216 = 684259 х 2.9 = 1984351 төгрөг. 1.Нойтон шинэс модыг цуулж гэрийн унь, хана хийдэг. 2.Тус мод нь нойтон шинэс модны төрөлд орно. Экологи эдийн засгийн нийт үнэлгээ 1984351 төгрөг болж байна.” гэсэн дүгнэлт /хх-ийн 97р хуу/ зэрэг болно. 

Шүүхээс хэргийн талаар тогтоосон байдал болон тэдгээрт өгсөн шүүхийн дүгнэлтийн талаар

Шүүгдэгч Г.Д- нь 2020 оны 04 дүгээр сарын эхээр Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын 5 дугаар баг ___ гэх газрын ойд зөвшөөрөлгүйгээр 79 ширхэг буюу 1.2 шоо метр мод бэлтгэсэн гэмт хэрэгт,

Хохирогч  байгууллагын төлөөлөгч Д.Пүрэвтогтохын өгсөн мэдүүлэг /хх-ийн 59-61 дүгээр хуудас/, Ойн ангийн дүгнэлт /хх-ийн 97 дугаар хуудас/, мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлгийн шатанд шүүгдэгч Г.Д- хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгүүд зэрэг хавтас хэрэгт авагдаж, шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан тухайн хэрэгт хамааралтай Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлж авагдсан дээрх бичгийн нотлох баримтуудаар шүүгдэгч Г.Д- гэм буруутай, Хархорин сум дахь Сум дундын Прокурорын газраас зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байна гэж шүүх дүгнэв.

Иймд шүүгдэгч Г.Д- нь зөвшөөрөлгүйгээр ойд мод бэлтгэж, тээвэрлэсэн гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна гэж шүүх үзэв.

Шүүгдэгч Г.Д- нь өөрийн үйлдэл, хэргийн үйл баримт, гэм буруугийн талаар маргаагүй, өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрсөн болохыг тус тус тэмдэглэв.

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д ”Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөнд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” гэж, 510 дугаар зүйлийн 510.1-д “Бусдын эд хөрөнгөнд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх /адил нэр, төрөл, чанарын эд хөрөнгө өгөх, гэмтсэн эд хөрөнгийг засах зэргээр/ буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлнө” гэж тус тус заасан.

Гэмт хэргийн улмаас байгаль орчинд 1.984.351 төгрөгийн хохирол учирсан болохыг Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2020 оны А/176 дугаартай тушаалын 1 дүгээр хавсралтанд заасны дагуу гарсан шинжээчийн дүгнэлтээр тогтоосон байна. Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.4-т ойн санд учирсан хохирлыг экологи эдийн засгийн үнэлгээг гурав дахин нэмэгдүүлсэн хэмжээгээр тогтооно гэж заасан байх тул гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг 1.2 шоо.метр х 570216 = 684259 х 2.9 = 1984351x3 төгрөгөөр тогтоож, шүүгдэгч нь 5.953.053 төгрөгийн нөхөн төлбөрийг төлж барагдуулаагүй байх тул Г.Д-гээс 5.953.053 төгрөгийг гаргуулж Бат-Өлзий сумын Байгаль орчин уур амьсгалын санд оруулахаар шийдвэрлэв.

Шүүгдэгч нь хохирогч байгууллагын 100100351404 тоот дансанд 2020 оны 06 дугаар сарын 08-ны өдөр 330.000 төгрөгийг төлж барагдуулсан талаархи баримтаа шүүх хуралдаан дээр ирүүлсэн байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлд гэмт хэрэг үйлдэхэд ашигласан, ашиглахаар завдсан техник хэрэгсэл, гэмт хэрэг үйлдэж олсон эд зүйлийг хураан авахаар заасан ба шүүгдэгч Г.Д-гийн эзэмшлийх болох нь хавтаст хэрэгт авагдсан гэрч Э.Оч-ын мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэгээр тогтооддог. Дээрхи авто машиныг шүүгдэгч Г.Д- нь гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан байх тул 1.800.000 төгрөгийн үнэлгээ бүхий ___ улсын дугаартай УАЗ-3962 маркийн автомашины нийтийн ашиг сонирхол, аюулгүй байдлыг цаашид гэмт халдлагаас хамгаалах, урьдчилан сэргийлэхэд чухал ач холбогдолтой тул дээрх тээврийн хэрэгслийг хурааж, мөн хууль бусаар бэлтгэсэн 90.000 төгрөгийн үнэлгээ бүхий 79 ширхэг шинэс мод нь гэмт хэрэг үйлдэж олсон эд зүйл тул улсын орлого болгох үндэслэлтэй байна. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан ял хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Иймд шүүхээс шүүгдэгч Г.Д-г гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, түүний хувийн байдал зэрэг нөхцөл байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1-т заасан 350 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэх нь зүйтэй гэж дүгнэв.

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 11.000 төгрөгийн үнэлгээ бүхий гар хөрөө, сүх зэргийг улсын орлого болгож, шүүгдэгчийн бичгийн баримт шүүхэд ирээгүй, хилийн хориг тавигдаагүй, түүнээс гаргуулах хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгчийг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсэн тул хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авах нь зүйтэй гэж үзлээ.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.11, 36.12, 36.13, 38.1 дүгээр зүйлийн 1-т заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Г- овогтой Г-ын Д-д нь зөвшөөрөлгүйгээр, гарал үүслийн гэрчилгээгүйгээр ойд хууль бусаар мод бэлтгэсэн, тээвэрлэсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1-т зааснаар Г.Д-г 350 /гурван зуун тавин/ цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4-т зааснаар Г.Д-д оногдуулсан 350 /гурван зуун тавин/ цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.1, Эрүүгийн хуулийн ерөнхий 7.5 дугаар зүйлийн 3, 4-т зааснаар прокурорын 2020 оны 05 дугаар сарын 04-ний №23 дугаартай тогтоолоор битүүмжлэгдсэн шүүгдэгч Г.Д-гийн эзэмшлийн гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан ___ УАЗ пургон маркийн автомашин, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 11000 төгрөгийн үнэлгээ бүхий модон иштэй сүх, 11000 төгрөгийн үнэлгээ бүхий гар хөрөө,  хууль бусаар бэлтгэсэн 90.000 төгрөгийн үнэлгээ бүхий 1.2 метр 79 ширхэг мод зэргийг тус тус улсын орлого болгосугай.

5. Шүүгдэгч Г.Д- нь цагдан хоригдсон хоноггүй, хилийн хориг тавигдаагүй түүний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурьдсугай.

6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.4-т зааснаар шүүгдэгч Г.Д-гээс хохирол 5.623.053 төгрөгийг гаргуулж Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын засаг даргын тамгын газарт олгосугай.

7.  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5-т зааснаар шүүгдэгч Г.Д-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

8.   Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч нар шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

9.   Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Г-ын Д-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэжлүүлсүгэй

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                            Ц.ДАГИЙМАА