Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 03 сарын 16 өдөр

Дугаар 08

 

Б.Сүрэнхандын нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

              Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Д.Эрдэнэбилэг даргалж, шүүгч Л.Нямдорж, Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн ерөнхий шүүгч Т.Даваасүрэн нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар

         Өвөрхангай аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 493 дугаар шийдвэртэй

           Нэхэмжлэгч: Б.Сүрэнхандын нэхэмжлэлтэй Хариуцагч: Б.Бадмаанямбууд холбогдох “Хүүхдийн асрамж, хүүхдийн тэтгэлэг гаргуулах” тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг давж заалдах шатны шүүх хариуцагч Б.Бадмаанямбуугийн гаргасан давж заалдах гомдлоор 2017 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр хүлээн авч, шүүгч Л.Нямдоржийн илтгэснээр хянан хэлэлцэв.

        Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Б.Сүрэнханд, нэхэмжлэгчийн өмгөөлөгч А.Адъяасүрэн, нарийн бичгийн дарга Г.Дорждулам нар оролцов.

       ТОДОРХОЙЛОХ нь:

               Нэхэмжлэгч Б.Сүрэнханд шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие Б.Бадмаанямбуутай 2013 онд танилцаж, дотносон 2015 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр охин Б.Амарцэцэгийг төрүүлсэн. Хамтран амьдрах хугацаанд хадам ээж Хөгжил нь гэр бүлийн дотоод хэрэгт оролцож, нөхөртэй минь их муудалцуулдаг. Биднийг амьдар гээд өгсөн гэрийн тохь тух, дулаалга муугаас хүүхэд ханиад тусч, хөхүүл үед сүү муу байхад нэмэлт сүү уулгахгүй гэсний улмаас хүүхэд маань бага жинтэй болсон. Үүнийгээ миний буруу мэтээр нөхөрт маань ойлгуулдаг байсан. Өвлийн хүйтэн боллоо дулаан орохоор хүүхдээ гэртээ ав гээд манай хүүхдийг аваад явсан. Тэр хооронд хадам болох Хөгжил нь намайг дандаа гэр бүлийн дарамтанд оруулж, 2 хүүхэд нь дандаа загнаж зандардаг байсан. Ийм учир нөхөртэйгээ таарамжгүй болж цаашид хамт амьдрах аргагүй байдалд орсон. Хавар цаг болоод хүүхдээ өөр дээрээ авъя гэхэд өгөхгүй, охинтой маань уулзуулахгүй гэж элдвээр хэлж сэтгэл санааны дарамтанд оруулдаг. Бид хамтран амьдрах хугацаанд гэрлэлтээ албан ёсоор батлуулаагүй байсан. Хоорондоо таарч тохирохгүйн улмаас 2016 оны 05 дугаар сараас хойш тусдаа амьдарч байна. Иймд хүүхдийн асрамж тогтоолгож, тэтгэлэг гаргуулж өгнө үү гэжээ.

          Хариуцагч Б.Бадмаанямбуу шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Охиноо өгмөөргүй байна. Бид хоёр ярилцаж байгаад охиноо манай ээж дээр аваачиж өгсөн Б.Сүрэнхандын хэлж байгаа бүгд худлаа. Би хариу тайлбартаа тодорхой хэлсэн байгаа гэжээ. Анхан шатны шүүх: Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6, 40 дүгээр зүйлийн 40.1.1-д тус тус зааснаар 2015 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр төрсөн охин Б.Амарцэцэгийг 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/ хүртэл эцэг Б.Бадмаанямбуугаас хүүхдийн тэтгэлэг гаргуулж, cap бүр тэжээн тэтгүүлэхээр, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.4-т зааснаар нэхэмжлэгчийг улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлсөн болохыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар хариуцагч Б.Бадмаанямбуугаас 98826 төгрөг гаргуулан орон нутгийн орлогод оруулахаар, шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй бөгөөд зохигчид шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдаж шийдвэрлэжээ. Хариуцагч Б.Бадмаанямбуу давж заалдах гомдолдоо: Өвөрхангай аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 493 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргаж байна. Сүрэнхандын анхан шатны шүүхэд гаргасан нэхэмжлэлд дурдсан зүйл бүгд худлаа. Ээж маань бидний амьдралд оролцдоггүй. Харин энэ хүн өөрөө л ээжийг минь аашилж загнадаг. Хүүхдээ өөрөө хаяаад явсан. Ээж маань хүн болгож өдий зэрэгтэй болгосон. Охин маань надад болон манай ээжид дассан. Одоо эрүүл саруул өсөж бойжиж байгаа. Сүрэнхандын ар гэр болон Сүрэнханд охиноо өсгөж чадахгүй гэж би бодож байна. Би охиноо өгөх боломжгүй. Хүүхдийн мөнгө төлөх чадваргүй. Энэ хүмүүсийн цаад санаа нь хүүхдийн мөнгө л авах санаа зорилготой. Би охиноо мөнгөөр наймаалцмааргүй байна. Дасаагүй сураагүй орчин, танихгүй хүмүүсийн дунд охин маань хэцүү байх болно. Иймд охиныг маань миний асрамжинд үлдээж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

              Анхан шатны шүүх маргааныг шийдвэрлэхдээ хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтой зөрчсөн байна. Нэхэмжлэгч Б.Сүрэнханд, Б.Бадмаанямбууд холбогдуулан хүүхдийн асрамж тогтоолгож, хүүхдийн тэтгэлэг гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргасан бөгөөд мөн улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлж өгөх тухай бичгээр хүсэлт гаргажээ. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.2-т зааснаар нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн бүрдүүлбэрт улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт хавсаргасан байхыг шаарддаг. Энэ шаардлагыг хангаагүй тохиолдолд шүүхэд нэхэмжлэл гаргах эрх нь нээгдэхгүй. Харин нэхэмжлэгч төлбөрийн чадваргүй байдлаас шалтгаалан улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлүүлэх талаар шүүхэд бичгээр хүсэлт гаргасан бол уг хүсэлтийг хүлээн авах эсэхийг шүүгч захирамжаар шийдвэрлэнэ.

         Гэтэл шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.3-т зааснаар улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлсөн тухай шүүгчийн захирамж гаргаагүй атал хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулж маргааныг шийдвэрлэжээ. Түүнчлэн шийдвэрийн тогтоох хэсгийн 2 дахь заалтанд нэхэмжлэгчийг улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурьдахдаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.4-т заасан улсын тэмдэгтийн хураамж төлөх хэмжээг багасгах буюу хугацааг хойшлуулах, эсхүл хэсэгчлэн төлүүлэхээр зохицуулсан заалтыг баримтлан хууль буруу хэрэглэсэн байна. Нэхэмжлэгч Б.Сүрэнханд хүүхдийн асрамж тогтоолгож, хүүхдийн тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ. Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт “...охин Б.Амарцэцэг нь бага насны буюу 1 нас 7 сартай байх тул хүүхдийг эхийнх нь асрамжинд үлдээж, эцгээр нь тэжээн тэтгүүлэх нь зүйтэй,” гэж дүгнэсэн боловч нэхэмжлэлийн шаардлагын нэг болох “хүүхдийн асрамж тогтоолгох” гэсэн хэсгийг шийдвэрлээгүй орхигдуулсан нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.5-д заасныг ноцтой зөрчсөн гэж үзнэ. Энэ алдаа, зөрчлүүдийг давж заалдах шатны шүүх зөвтгөж, залруулах боломжгүй тул шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

          Анхан шатны шүүх хариуцагчийн өмгөөлөгч А.Адьяасүрэнд эрх, үүргийг нь тайлбарлаж өгөөгүй, хэргийн оролцогчийн эрхийг зөрчсөн ба хэдийгээр энэ талаар хэргийн оролцогч болон зохигчдоос гомдол гаргаагүй боловч уг зөрчлийг дахин гаргахгүй байхыг анхааруулах нь зүйтэй байна.

          Монгол улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5-д заасныг удирдлага болгон 

ТОГТООХ нь:

            1. Өвөрхангай аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 145/ШШ2016/00493 дугаартай шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

       2. Хариуцагч Б.Бадмаанямбуу нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурьдсугай.

        3. Давж заалдах шатны шүүх магадлал гаргахдаа хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн буюу хууль буруу хэрэглэсэн гэж үзвэл Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2-т заасан үндэслэлээр зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                    Д.ЭРДЭНЭБИЛЭГ

                                      ШҮҮГЧИД                     Л.НЯМДОРЖ

                                                                            Т.ДАВААСҮРЭН