Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 06 сарын 07 өдөр

Дугаар 360

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Отгонтуяа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 3 дугаар танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Ц.Б,

Хариуцагч: Нийслэлийн Засаг даргад холбогдох,

Нэхэмжлэлийн шаардлага: Нийслэлийн Засаг даргын 2017 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн “Иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг хангах талаар авах зарим арга хэмжээ”-ний тухай А/912 дугаар захирамжийг хүчингүй болгуулж, эзэмших эрхийг сэргээлгэх шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Ө, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.М, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.М, гуравдагч этгээд С.Б, Ц.Г, Б.О, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Сумъяа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Ц.Б нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Монгол Улсын иргэн Ц.Б миний бие Нийслэлийн Засаг даргын 2017 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн А/56 тоот захирамжийг үндэслэн Сүхбаатар дүүргийн 7 дугаар хороонд 300 м.кв талбай бүхий үйлчилгээний зориулалттай газрыг 2017 оны 02 дугаар сарын 10-ны өдөр дугаар ******* газар эзэмших эрхийн гэрчилгээний дагуу эзэмших болсон. Гэтэл Нийслэлийн Газрын албаны 2017 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн 03/5250 тоот газар эзэмших эрхийн гэрчилгээг хураалгах, гэрээ цуцлах тухай албан бичиг гарсан тухай мэдэгдэж миний бие 2017 оны 12 дугаар сарын 27-ны өдөр гардан авсан. Тус албан бичигт Нийслэлийн Засаг даргын “Иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг хангах талаар авах зарим арга хэмжээний тухай” дугаар А/912 захирамжийг хавсарган ирүүлсэн.

Дээр дурдсан газрыг миний бие анх 2013 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн А/105 тоот шийдвэрээр үйлчилгээний зориулалтаар 5 жилийн хугацаатай эзэмшихээр 2013 оны 12 дугаар сарын 09-ний өдөр ******* гэрчилгээг авсан. Гэтэл Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалтын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.8.4 дэх заалт, 17.14 дэх хэсгийг зөрчсөн хэмээн 2015 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн А/66 тоот Нийслэлийн Засаг даргын захирамжаар газар эзэмших эрхийг хүчингүй болгосон байдаг. Миний бие 2015 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн А/66 тоот захирамжийн холбогдох хэсгийг хүчингүй болгуулж, газар эзэмших эрхээ сэргээлгэхээр захиргааны хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан. Энэхүү нэхэмжлэлтэй холбогдуулан хэргийг хянан шийдвэрлэх явцад шүүхээс харьяа газрын алба нь анх газар эзэмших эрхийн гэрчилгээ олгохдоо тухайн газрыг иргэн, хуулийн этгээдэд эзэмшүүлэхэд хориглох нөхцөл байдал, үндэслэл байгаа эсэхийг холбогдох төрийн байгууллагаас тодруулах шаардлагатай байсан бөгөөд энэхүү үйл ажиллагаагаа хэрэгжүүлээгүйгээс иргэн Ц.Бт төвлөрсөн хангамжийн бохирын шугам болон түүний хамгаалалтын бүсэд газар олгогдож, улмаар хөрөнгө оруулалт хийсээр байсан байна гэж үзэж энэхүү үйлдэл нь газар эзэмшиж буй иргэний бус төрийн байгууллагын буруутай үйлдэл бөгөөд иргэн энэхүү асуудлыг тодорхойлох эрх, боломж байхгүй болохыг тогтоож, нэхэмжлэлийн шаардлагыг ханган шийдвэрлэсэн. Энэ тухай Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн дугаар 172 тоот шийдвэрийн Үндэслэх хэсэг буюу шийдвэрийн 7-8 дахь талд тодорхой дурдсан байдаг бөгөөд анхан шатны шүүхийн шийдвэрийг 2016 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн дугаар 221/******* магадлалаар хэвээр үлдээсэн байдаг.

Дээрх 2 шатны шүүхийн шийдвэрийг үндэслэн миний бие хоёр жил хууль ёсны эрх, ашиг сонирхлоо хязгаарлуулсны дараа буюу 2017 оны 02 дугаар сарын 10-ны өдөр өөрийн хууль ёсны газар эзэмших эрхээ сэргээлгэн дугаар ******* тоот газар эзэмших эрхийн гэрчилгээгээ авсан.

Түүнчлэн миний эзэмшлийн газар доор байрлаж буй бохирын шугамыг хуулийн дагуу ашиглаж, эзэмших эрх бүхий этгээд болох Ус сувгийн удирдах газартай зөвшилцсөний үндсэн дээр тухайн бохирын шугам дээр тунелын систем байгуулах ажлын зургийг боловсруулан хянуулж, зураг төслийн дагуу Ус сувгийн удирдах газрын инженерүүдийн хяналтан дор бохирын шугамыг хамгаалах зориулалт бүхий тунелын системыг өөрийн зардлаар буюу нийт 61.8 сая төгрөгийн хөрөнгөөр 90 орчим хувийн гүйцэтгэлтэй гүйцэтгэснээс гадна тухайн газар дээр 3 давхар үйлчилгээний барилга барихаар зураг төсөл боловсруулан Нийслэлийн Хот төлөвлөлт, ерөнхий төлөвлөгөөний газраас 2017 оны 10 дугаар сарын 11-ний өдөр ******* дугаар барилгын ажлын зөвшөөрлөө авч, ажлаа эхлүүлэн одоогийн байдлаар барилгын суурь болон 1 дүгээр давхарын угсралтын ажлыг хийсэн бөгөөд тухайн газрыг шилжүүлэн авах, хуулийн дагуу эзэмших, ашиглахтай холбогдуулан нийт 617,790,005 /зургаан зуун арван долоон сая долоон зуун ерөн мянга тав/ төгрөгийн хөрөнгө оруулалтыг хийж, газрын төлбөр тооцоог хуулийн хугацаанд бүрэн төлсөөр ирсэн.

Гэтэл төрийн эрх бүхий байгууллагаас нэгэнт өмнө нь Монгол Улсын шүүхээр эцэслэн тогтоогдсон нөхцөл байдлыг үгүйсгэж, өмнө гаргасан алдаагаа давтаж 2017 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр дугаар А/912 захирамжийн дагуу Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалтын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.8.4 дэх заалт, 17.14 дэх хэсгийг зөрчсөн хэмээн Нийслэлийн Засаг даргын 2017 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн А/56 дугаар захирамжийн Ц.Б миний газар эзэмших эрхийг сэргээсэн хавсралтын 16 дахь хэсгийг хүчингүй болгож, иргэн миний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг ахин дахин хохироосоор байна.

Анх энэ газрыг эзэмших болсон үеэс л хажуу талын байрны оршин суугч н.Галбадрах /Галаа/ нь надад удаа дараа танай газрыг заавал цуцлуулна, наад газрыг чинь би авна, та нар энэ хойд талын газрыг асуу, хүн аваагүй байгаа гэж хэлдэг байсан бөгөөд барилгын ажил эхэлсэн үеэс л хэл ам хийж, цагдаад худал мэдээлэл, дуудлага өгч, хуулийн дагуу хэвийн явагдаж буй барилгын ажилд саад учруулахаас эхлэн Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар, Ус сувгийн удирдах газар, Нийслэлийн Хот төлөвлөлт, ерөнхий төлөвлөгөөний газруудад үндэслэлгүй гомдол гаргасаар байсан нь 2017 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр Нийслэлийн Засаг дарга “Иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг хангах талаар авах зарим арга хэмжээний тухай” дугаар А/912 захирамж гаргахад хүргэсэн байна гэж би үзэж байна.

Иймд Нийслэлийн Засаг даргын 2017 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн дугаар А/912 захирамж нь хууль тогтоомж болон зорилгодоо нийцээгүй байх тул тус захирамжийг хүчингүй болгож, Ц.Б миний газар эзэмших эрхийг сэргээж өгнө үү” гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Ө нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Нэхэмжлэгч Ц.Б нь 2013 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн А/105 тоот шийдвэрээр үйлчилгээний зориулалтаар 5 жилийн хугацаатай эзэмшихээр 2013 оны 12 дугаар сарын 09-ний өдөр ******* гэрчилгээг авсан. Гэтэл Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалтын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.8.4-т газар эзэмших, ашиглах, өмчлөх эрх олгох, 17.14 дэх хэсэгт бохир ус татан зайлуулах шугамын тэнхлэгээс хоёр тийш зургаан метрээс багагүй зайд барилга байгууламж, шугам сүлжээг барихыг хориглоно гэж заасныг зөрчсөн гэж үзэн 2015 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн А/66 тоот Нийслэлийн Засаг даргын захирамжаар газар эзэмших эрхийг хүчингүй болгосон.

Улмаар нэхэмжлэгч Ц.Б 2015 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн А/66 тоот захирамжийн холбогдох хэсгийг хүчингүй болгуулж, газар эзэмших эрхээ сэргээлгэхээр Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан байдаг. Тухайн нэхэмжлэлтэй холбогдуулан хэргийг хянан шийдвэрлэх явцад шүүхээс харьяа газрын алба нь анх газар эзэмших эрхийн гэрчилгээ олгохдоо тухайн газрыг иргэн, хуулийн этгээдэд эзэмшүүлэхэд хориглох нөхцөл байдал, үндэслэл байгаа эсэхийг холбогдох төрийн байгууллагаас тодруулах шаардлагатай байсан. Энэхүү үйл ажиллагаагаа хэрэгжүүлээгүйгээс нэхэмжлэгч Ц.Бт төвлөрсөн хангамжийн бохирын шугам болон түүний хамгаалалтын бүсэд газар олгогдож, улмаар хөрөнгө оруулалт хийсээр байсан гэж үзэн энэ үйлдэл нь иргэний бус төрийн байгууллагын буруутай үйлдэл бөгөөд иргэн энэхүү асуудлыг тодорхойлох эрх, боломж байхгүй болохыг тогтоож, нэхэмжлэлийн шаардлагыг ханган шийдвэрлэсэн байдаг ч бодит байдал дээр ахин цуцалсан байдаг. 

Тухайн нөхцөл байдлаас үзэхэд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.2-т Хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрээр нэгэнт тогтоогдсон болон нийтэд илэрхий үйл баримт хэрэг хянан шийдвэрлэхэд холбогдолтой байвал түүнийг дахин нотлохгүй гэж заасан. Өөрөөр хэлбэл өмнө нь энэ асуудал шүүх дээр шийдэгдээд бүх асуудал дууссан тул ямар нэг байдлаар нэхэмжлэгч Ц.Бын эрх ашиг хөндөгдөх ёсгүй энэ нь цэвэр захиргааны байгууллагын буруутай үйл ажиллагаа гэдгийг шүүх тогтоосон тул өнөөдөр энд ахин хэрэг маргаан үүсгээд байж байгаа нь үндэслэлгүй гэж үзэж байна. Иймд Нийслэлийн Засаг даргын 2017 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн А/912 дугаар захирамжийг хүчингүй болгож, нэхэмжлэгч Ц.Бын газар эзэмших эрхийг сэргээж өгнө үү гэж хүсэж байна” гэв.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.М нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Нэхэмжлэгчийн зүгээс одоогийн байдлаар 617,790,005 /зургаан зуун арван долоон сая долоон зуун ерэн мянга тав/ төгрөгийн зардал гаргасан байгаа. Мөн Нийслэлийн Засаг даргын А/912 тоот захирамжид дурдаж байгаа кадастрын зураглал ба газрын кадастрын тухай хуулиас холбогдох заалтуудыг зөрчиж байгаа гэдгийг Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн магадлалын хянасан хэсэгт, нэхэмжлэгч газар эзэмших хүсэлт гаргахад тухайн газар нь хариуцагчийн маргаан бүхий актыг үндэслэгдсэн Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалтын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.8.4-т газар эзэмших, ашиглах, өмчлөх эрх олгох, 17.14 дэх хэсэгт бохир ус татан зайлуулах шугамын тэнхлэгээс хоёр тийш зургаан метрээс багагүй зайд барилга байгууламж, шугам сүлжээг барихыг хориглоно гэж тус тус заасан нөхцөл байдал үүсээгүй байсан нь хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдож байна гэж заасан. Өөрөөр хэлбэл нэгэнт тогтоогдсон үйл баримтыг дахин нотлохгүй тул ярих шаардлагагүй гэж үзэж байна.

Захиргааны ямар ч акт эрх зүйн материаллаг ба шаардлага хангасан байх ёстой байдаг. Харин Нийслэлийн Засаг даргын А/912 тоот захирамж нь эрх зүйн материаллаг шаардлагыг хангахгүй байгаа гэж үзэж байна. Учир нь эрх зүйн үндэслэлийг зөв хэрэглэсэн байх ёстой. Өөрөөр хэлбэл хуулийн урьдчилсан нөхцөл нь хэргийн бодит нөхцөл байдалд тохирсон байх ба хуулийг зөв хэрэглэж, тайлбарласан байх шаардлагатай юм. 

Үндэслэл болсон хуулийн заалт нь Захиргааны ерөнхий хуулийн 28 дугаар зүйлийн 28.1.3-т иргэн, хуулийн этгээдийн өргөдөл, гомдлыг ханган шийдвэрлэж байгаа тохиолдолд сонсох ажиллагааг хийхгүй байж болно гэж заасныг үндэслэж байгаа. Мөн Захиргааны ерөнхий хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д Сөрөг нөлөөлөл бүхий хууль бус захиргааны актад гомдол гаргах хөөн хэлэлцэх хугацаа өнгөрснөөс үл хамааран захиргааны байгууллага тухайн захиргааны актыг бүхэлд нь, эсхүл хэсэгчлэн хүчингүй болгоно гэж заасныг үндэслэл болгосон байгаа. Энэ асуудал дээр хөөн хэлэлцэх асуудал яригдаж байгаа. Хөөн хэлэлцэх хугацаа дууссан байсан ч эрх ашиг нь хөндөгдөж байгаа этгээдэд сөрөг нөлөөлөлтэй байхаар бол хөөн хэлэлцэх хугацаа хамааралгүйгээр хүчингүй болгож болохгүй. Хэрвээ эерэг нөлөөлөлтэй байсан бол хөөн хэлэлцэх хугацааг үл хамааран захиргааны байгууллага энэ заалтыг ашиглаж болох байсан. 

Мөн гуравдагч этгээдүүдийн хувьд Захиргааны ерөнхий хуулийн 92 дугаар зүйлд заасан хөөн хэлэлцэх хугацааг баримтлах ёстой. Өөрөөр хэлбэл газар олгосон захиргааны актад иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх тухай хууль, Захиргааны ерөнхий хуулийг баримтлан 30 хоногийн дотор өргөдөл, гомдол гаргах ёстой байсан ч гаргаагүй байж байгаад 2 жилийн дараа гаргаж байна. Энэ өргөдөл, гомдол гаргаагүй ажиллагаанд захиргааны байгууллага буюу Нийслэлийн Засаг даргын буруутай үйл ажиллагаанаас болж тухайн хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн. Учир нь тухайн үед газрын зөвшөөрөл олгохдоо иргэдтэй мөн адил сонсох ажиллагаа хийх ёстой байсан. Мөн гуравдагч этгээд нар үзээгүй цонхны талаар ярьдаг нь нотлох баримтаар тогтоогдохгүй байгаа учраас хэрэгт ач холбогдолгүй гэж үзэж байна. 

Захиргааны шүүхийн хүчин төгөлдөр шийдвэр, магадлалд өмнөх газарт нь газар эзэмшүүлэх боломжтой эсэх, бодит нөхцөл байдал дээр газар эзэмших боломжгүй бол өөр газарт эзэмшүүлэх боломжтой эсэхийг хянан үзэж, нэхэмжлэгчийн газар эзэмших эрхийг сэргээсэн байдлаар шийдвэрлэж, ахин шинэ акт гарах хүртэл маргаан бүхий захиргааны актыг түдгэлзүүлэхээр заасан. Тухайн шийдвэрийн дагуу 2017 оны А/56 тоот Нийслэлийн Засаг даргын захирамж гарсан ба хавсралтын шийдвэрлэх хэсэгт шүүхийн шийдвэрийг дурдаж, нэхэмжлэгчийн эрхийг сэргээсэн. Нэхэмжлэгчийн зүгээс  617,791,000 төгрөгийн санхүүгийн зардал гаргасан байгаа. Хэрвээ шүүхийн шийдвэр нэхэмжлэгчийн эсрэг байр суурьтай гарвал энэ зардлын талаарх асуудал яригдах учраас шүүх анхаарч үзнэ үү.

Иймд Нийслэлийн Засаг даргын 2017 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн А/912 дугаар захирамжийг хүчингүй болгож, нэхэмжлэгч Ц.Бын газар эзэмших эрхийг сэргээж, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү” гэв.

Хариуцагч Нийслэлийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч С.М нь шүүхэд ирүүлсэн хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Нийслэлийн Сүхбаатар дүүргийн 07 дугаар хорооны нутаг дэвсгэрт, Денверийн гудамжны дагуу орон сууцны 12а байрны зүүн талд үйлчилгээний зориулалтаар 300 м.кв газрыг иргэн Ц.Бт эзэмшүүлсэн нь Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалтын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.8.4 дэх хэсэгт “Ус хангамжийн эх үүсвэрийн хамгаалалтын болон эрүүл ахуйн бүсэд газар эзэмших, ашиглах, өмчлөх эрх олгохыг хориглоно” гэж Захиргааны ерөнхий хуулийн 60.1.1-д “Захиргааны хэм хэмжээний акт Монгол Улсын Үндсэн хууль, энэ хууль болон бусад хуульд нийцсэн байх шаардлагыг хангасан байна” гэж заасныг тус тус зөрчсөн тул газар эзэмших эрх олгосон Нийслэлийн Засаг даргын 2017 оны А/56 дугаар захирамжийн хавсралтын 16 дахь хэсгийг хүчингүй болгож шийдвэрлэсэн. 

Иймд Нийслэлийн Засаг дарга хуульд нийцүүлэн бүрэн эрхийнхээ хүрээнд шийдвэрлэсэн байх тул иргэн Ц.Бын хуулиар олгогдсон эрх ашиг сонирхлыг хөндөөгүй учраас нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү

Нийслэлийн Засаг дарга А/912 тоот захирамжийг гаргахдаа Байгаль Орчныг Хамгаалах тухай хууль, Усны тухай хууль, Газрын тухай хууль, Кадастрын зураглал ба газрын кадастрын тухай хууль, Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалтын тухай хууль, Барилгын тухай хуулиудыг үндэслэж гаргасан.

Нэхэмжлэгч Ц.Бын эзэмшил газар руу дулааны шугам, усны хоолой явж байгаа нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаас тогтоогдож байгаа. Мөн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2016 оны 50 дугаар тогтоолд заасан усны хамгаалалтын бүсийн зурваст орсон, барилга хоорондын зайг зөрчиж байгаа тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.

Гуравдагч этгээд С.Б нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Нэхэмжлэгч Ц.Б өөрийн хүсэлтээр тухайн мөнгийг гаргаж ажил хийсэн болохоос оршин суугчдын шахалт хүчээр хийгээгүй юм. Нэхэмжлэгч Ц.Б нь 18 наснаас дээш настай болон хариуцлага хүлээх чадвартай иргэн байгаа. Захиргааны байгууллагын буруутай үйл ажиллагаанаас болж газар олгосон гэдгийг мэдсээр байж барилгынхаа үйл ажиллагааг явуулсаар байгаа. Үүнээс гадна Захиргааны байгууллагын буруутай үйл ажиллагаанаас шалтгаалан хувийн ашиг сонирхлоо эхэнд тавьж болохгүй гэж үзэж байна. Нэхэмжлэгчийн зүгээс гуравдагч этгээд нарын эрх ашиг хөндөгдөхгүй гэж ярьж байгаатай санал огт нийлэхгүй байна. Учир нь эрх ашиг хөндөгдөж байгаа тул гуравдагч этгээдээр шүүх хуралдаанд оролцож байгаа. 

Мөн шүүхийн шийдвэр гараагүй байхад үйл ажиллагааг одоог хүртэл явуулж байгаа. /Шөнө хүртэл явуулдаг/. Гарын үсгийн хувьд оршин суугчид бүгд хүлээн зөвшөөрөөд зурсан гэж байгаа нь үндэслэлгүй бөгөөд өөр зүйл тайлбарлан зуруулсан байх магадлалтай. Бохирын шугам дээр аргалаад цемент цутгаад үйл ажиллагаагаа явуулж болно гэсэн хуулийн зохицуулалт байдаг уу? Үүнийг шүүгч анхаарч үзээсэй гэж хүсэж байна. Албан ёсны шүүхийн шийдвэрээр хууль тогтоомжийг зөрчсөн байгаа нь харагдаж байгаа учраас нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.

Гуравдагч этгээд Ц.Г нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “4, 5 жилийн өмнөөс эхлээд тус байрны оршин суугчид байшингаа буулгаад гэр барьж жорлон ухаад байж байхаас нь эхлүүлээд хашаа барьсан. Зөвхөн миний хувьд Нийслэлийн Засаг дарга “1111 төв” зэрэг газрууд руу нийт 50 гаруй удаа утастаж хэлсэн байдаг. Надаас өөр бусад хүмүүс хэдэн удаа утастаж хэлсэн гэдгийг мэдэхгүй. Нийтийн бохирын шугам задарсан бол зөвхөн эдгээр хоёр байр биш Сүхбаатар дүүрэг биш хот даяар бохир халина. Нар үзэх цонхыг маань хаасан. Нийслэлийн Мэргэжлийн хяналтаас удаа дараа мэдэгдэх хуудас өгсөөр байхад мэдэгдэх хуудсыг зөрчөөд барилга барьсан. Ус сувгийн удирдах газрын инженерүүдтэй зөвшилцсөн гэж яриад байх юм. Гэтэл Ус сувгийн удирдах газраас “Манай байгууллагаас Нийслэлийн Мэргэжлийн хяналтад албан ёсны ямар ч зөвшөөрөл өгөөгүй байгаа” гэсэн. Нийслэлийн Мэргэжлийн хяналт нь өөрсдөө хэдэн удаа шалгаж үзээд прокурорын дүгнэлт гаргуулаад өгсөн байдаг. 

Явган хүний зам, машины зам таглаад байшин барьсан. Манай байр арван хоёр давхартай түүний 7, 8 дугаар давхар хүртэл өндөртэй ургасан 9 ширхэг мод байдаг. Тэдгээр модны үндсийг нь таслаад хундам цутгасан. Үүнтэй холбоотойгоор Нийслэлийн Байгаль орчны газрын дэд дарга дээр нь асуудал тавиад ороход “Тал үндэс нь л тасрах юм бол үхдэг юм. Ийм тохиолдолд тасалсан этгээдүүдийг нь дуудаж 400,000-500,000 төгрөгийн нөхөн олговор авдаг” гэж хэлсэн. Энэ их утаа униартай цагт цэнгэг агаар бий болгож байгаа хэдэн сайхан модыг маань устгасан. 1 тоотоос 16 тоот хүртэлх айлуудын нар үзэх эрхийг нь хаасан байгаа. Энэ нь хуульд заасан эрхийг зөрчсөн байгаа юм. Мөн байшин хоорондын зай нь 2-4 давхар бол 15м, 12 давхар бол 40м байх ёстой гэх заалтыг зөрчсөн байгаа тул Нийслэлийн Засаг даргын А/912 тоот захирамжийг зөв буюу үндэслэлтэй гэж үзэж байгаа учраас нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэж хүсэж байна” гэв.

Гуравдагч этгээд Б.О нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Эдгээр хүмүүсийн яриад байгаа хамгийн гол асуудал нь 600 гаруй сая төгрөгийн хөрөнгө оруулалтыг оруулахаас ч өмнө Нийслэлийн Мэргэжлийн хяналт үйл ажиллагааг нь зогсоогоод хорьсоор байхад барилга барьсан. Гуравдагч этгээд С.Б, Ц.Г нарын тайлбартай санал нэг байна” гэв.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Шүүхээс хэрэгт цугларсан бөгөөд шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв эргэлзээгүй талаас нь үнэлж нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэлээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгчийн зүгээс хариуцагч Нийслэлийн засаг даргын 2017 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн “Иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг хангах талаар авах зарим арга хэмжээний тухай” А/192 дугаар захирамжийг хүчингүй болгуулах, газар эзэмших эрхээ сэргээлгэх” тухай нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “...өмнөх шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрт нэхэмжлэгчийг газар эзэмших үед Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалтын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.8.4, 17.14 дэх хэсэгт заасан нөхцөл байдалгүй байсан болох нь тогтоогдсон гэж дүгнэсэн, өөрөөр хэлбэл хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрээр нэгэнт тогтоогдсон үйл баримтыг дахин нотлохгүй, гэвч хариуцагч нь дахин энэ үндэслэлийг заан нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн эрх зүйн болон материаллаг шаардлагыг хангаагүй актыг гаргасан ба ингэхдээ нэхэмжлэгчид захиргааны шийдвэр гаргахад ач холбогдол бүхий тайлбар, санал гаргах боломжийг олгоогүй буюу сонсох ажиллагааг явуулаагүй, захиргааны ерөнхий хуулийн холбогдох заалтыг буруу хэрэглэсэн, ямар ч хамааралгүй хуулийн заалтуудыг захирамжид үндэслэл болгосон” гэх агуулгаар тайлбарласан ба

хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн зүгээс “...Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалтын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.8.4, 17.14 дэх хэсэгт заасныг зөрчсөн, хариуцагчаас хуульд нийцүүлэн бүрэн эрхийнхээ хүрээнд шийдвэрлэсэн” гэх агуулга бүхий тайлбарыг гарган нэхэмжлэгч түүний төлөөлөгч, өмгөөлөгчийн үндэслэлийг үгүйсгэж байна.

1. Хэргийн үйл баримтын талаар дараах нөхцөл байдлууд тогтоогдож байна. Үүнд:

Анх Нийслэлийн Засаг даргын 2013 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн А/1050 дугаар захирамжаар  мөн Засаг даргын 2010 оны 203 дугаар захирамжаар иргэн Ц.Зэргэлжингийн эзэмшиж байсан 300 м2 газрын эзэмших эрхийг нэхэмжлэгч Ц.Бт шилжүүлэн, 5 жилийн хугацаагаар газар эзэмших ******* дугаартай эзэмших эрхийн гэрчилгээг олгосон байдаг ба Нийслэлийн Засаг даргын 2015 оны 1 дүгээр сарын 26-ны өдрийн А/66 дугаар захирамжаар газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгож шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч нь хариуцагчийн гаргасан дээрх 2015 оны А/66 дугаар захирамжийг хүчингүй болгуулахаар шүүхэд хандсан байх ба Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 3 дугаар сарын 10-ны өдрийн 172 дугаар шийдвэрийн “Үндэслэх нь” хэсэгт  “...хариуцагч Нийслэлийн Засаг даргаас газар эзэмших эрхийн гэрчилгээг шилжүүлэн бүртгэх явцад уг газрын байршил өөрчлөгдөн бүртгэгдэж нэхэмжлэгчид эзэмшүүлснээр иргэн С.Ганболд, Ц.Бт эзэмшүүлсэн газар нь байршлын хувьд хөдлөн нэг газар биш болж шилжээд, улмаар Сэлбийн голын баруун эрэг дагуу байрлах төвлөрсөн хангамжийн бохирын шугам болон түүний хамгаалалтын бүсэд орж, Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалтын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.14-д “Бохир ус татан зайлуулах шугамын тэнхлэгээс хоёр тийш зургаан метрээс багагүй зайд барилга байгууламж, шугам сүлжээг барихыг хориглоно” гэж заасныг зөрчсөн гэсэн нөхцлийг бий болгосон,... нэхэмжлэгчийн тухайн газраа ашиглаж хөрөнгө гаргасан, газрын төлбөрөө цаг тухай бүрт нь төлж байсан,... асуудлыг хэрхэн шийдвэрлэх талаар судалгаа хийж, дүгнэлт, шийдвэр гаргаагүй гэж үзэхээр байна. ...Хариуцагч Нийслэлийн Засаг даргын харъяа газрын асуудал эрхэлсэн алба нь хууль зөрчиж бүртгэл хийсэн өөрийн буруутай үйл ажиллагаагаа... залруулж шийдвэр гаргахдаа...газар эзэмших эрх нь хүчингүй болж байгаа этгээдийн асуудлыг хэрхэн шийдвэрлэх, газрын мэдээллийн санд орсон өөрчлөлтүүд нь нэхэмжлэгчийн шууд буруутай үйл ажиллагаанаас болсон эсэх зэрэг асуудлыг нарийн шалгаж, тодруулаагүй, маргаан бүхий актыг гаргасан болох нь тогтоогдож байна. ...Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалтын төвлөрсөн бохирын шугам, түүний хамгаалалтын зурвас газарт хамаарч байгаа эсэх, өөр иргэн, аж ахуй нэгжийн хүсэлт гаргасан болон, эзэмшүүлж, ашиглуулахаар олгогдсон газартай давхцаж байгаа, газрын мэдээллийн санд орсон өөрчлөлтийг...захиргааны байгууллага ...тодорхойлох ба иргэн, хуулийн этгээд үүнийг тодорхойлох эрх, боломж ч байхгүй,..гэж тус тус дүгнээд,

Газрын тухай хуулийн 38 дугаар зүйлд заасан харилцааны хүрээнд алдаа зөрчлийг дахин шалгаж, тухайн газарт нэхэмжлэгчид газар эзэмших эрхийг гэрчилгээгээр нь газар эзэмших боломжтой эсэх, одоогоор бодит нөхцөлд газар эзэмших боломжгүй бол өөр газарт газар эзэмшүүлэх боломжтой эсэхийг хянан үзэж, нэхэмжлэгчийн газар эзэмших эрхийг сэргээсэн байдлаар шийдвэрлэж, дахин шинэ акт гаргах хүртэл маргаан бүхий 2015 оны А/166 дугаар захиргааны актыг түдгэлзүүлж шийдвэрлэснийг,  Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхээс хянаад 2016 оны 5 дугаар сарын 18-ны өдрийн 221/******* дугаар магадлалаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээснээр,  шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсон байна. Иймээс “...Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалтын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.8.4, 17.14 дэх хэсэгт заасан нөхцөл байдалгүй байсан нь хуулийн хүчин төгөлдөр шийдвэрээр тогтоогдсон” байх тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1-д “Хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрээр нэгэнт тогтоогдсон болон нийтэд илэрхий үйл баримт хэрэг хянан шийдвэрлэхэд холбогдолтой байвал түүнийг дахин нотлохгүй” гэж зааснаар шүүхээс нэгэнт тогтоогдсон үйл баримтын талаар дүгнэхгүй, хэргийн оролцогч илэрхий үйл баримтыг дахин нотлохгүйг дурдах нь зүйтэй.

2. Хариуцагч Нийслэлийн Засаг дарга түүний ажлын албанаас Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 3 дугаар сарын 10-ны өдрийн 172 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 5 дугаар сарын 18-ны өдрийн 221/******* дугаар магадлалд заасныг буюу шүүхийн шийдвэрийг биелүүлэн гаргасан Нийслэлийн Засаг даргын 2017 оны 2 дугаар сарын 03-ны өдрийн А/56 дугаар захирамжаар  нэхэмжлэгч Боржигон овогт Ц.Б өмнөх байршилд нь үйлчилгээний зориулалтаар 300м2 газрыг 15 жилийн хугацаагаар эзэмшүүлэхээр шийдвэрлэн, улмаар Нийслэлийн газрын албанаас нэхэмжлэгчтэй газар эзэмшүүлэх гэрээг байгуулан, 2017 оны 2 дугаар сарын 10-ны өдөр ******* дугаар “газар эзэмших гэрчилгээ”-г  олгосон байх боловч мөн хариуцагчаас 2017 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн “Иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг хангах талаар авах зарим арга хэмжээний тухай” А/192 дугаар захирамжаар  нэхэмжлэгч Ц.Бын Нийслэлийн Сүхбаатар дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэр, Денверийн гудамжны дагуу орон сууцны 12а байрны зүүн талд үйлчилгээний зориулалтаар эзэмшиж байсан 300 м2 газрын эзэмших эрхийг хүчингүй болгож шийдвэрлэжээ. 

Хариуцагч нь өмнө хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрт дурдсан “...алдаа зөрчлийг дахин шалгаж, тухайн газарт нэхэмжлэгчид газар эзэмших эрхийг гэрчилгээгээр нь газар эзэмших боломжтой эсэх, одоогоор бодит нөхцөлд газар эзэмших боломжгүй бол өөр газарт газар эзэмшүүлэх боломжтой эсэхийг хянан үзэж, нэхэмжлэгчийн газар эзэмших эрхийг сэргээсэн байдлаар шийдвэрлэх” гэж заасныг хэрэгжүүлэлгүйгээр тухайн газрыг нь нэхэмжлэгчид дахин эзэмшүүлсэн актыг гаргасан, газар эзэмших эрхийг нь сэргээсний дараа нэхэмжлэгчээс тухайн газарт их хэмжээний буюу 617 сая төгрөгийн хөрөнгө хөрөнгө оруулалт хийсэн /энэ талаар хариуцагчаас үгүйсгэн маргаагүй/ байхад дахин нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн актыг гаргасан болох нь дараахь байдлаар тогтоогдож байна.

2.1. Хариуцагчаас маргаан бүхий акт болох 2017 оны А/192 дугаар захирамждаа Захиргааны ерөнхий хуулийн 28 дугаар зүйлийн 28.1.3-д “иргэн, хуулийн этгээдийн өргөдөл, гомдлыг ханган шийдвэрлэж байгаа тохиолдолд”, 48 дугаар зүйлийн 48.1-д “ Сөрөг нөлөөлөл бүхий хууль бус захиргааны актад гомдол гаргах хөөн хэлэлцэх хугацаа өнгөрснөөс үл хамааран захиргааны байгууллага тухайн захиргааны актыг бүхэлд нь, эсхүл хэсэгчлэн хүчингүй болгоно.”, 48.2.2-т “бусад этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхол, эсхүл нийтийн ашиг сонирхолд сөргөөр нөлөөлсөн;”, 60 дугаар зүйлийн 60.1.1 дэх зүйлүүдийг үндэслэл болгожээ.

Захиргааны ерөнхий хуулийн хуулийн 37 дугаар зүйлийн 37.5-д “Сөрөг нөлөөлөл бүхий захиргааны акт гэж эрх зүйн үйлчлэл чиглэсэн этгээдэд үүрэг бий болгосон, эсхүл түүний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хязгаарласан захиргааны актыг ойлгоно” гэж заасан ба нэхэмжлэгч Ц.Бын хувьд маргаан бүхий 2017 оны А/192 дугаар захирамж нь “түүний газар эзэмших эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хязгаарлаж, хөндсөнөөрөө сөрөг нөлөөлөл бүхий акт” болох бөгөөд хариуцагч нь мөн хуулийн 26 дугаар зүйлийн 26.1-д “Захиргааны акт, захиргааны гэрээг батлан гаргахын өмнө эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээдэд захиргааны шийдвэр гаргахад ач холбогдол бүхий нөхцөл байдлын талаар тайлбар, санал гаргах боломж олгоно”, 26.2-т “Энэ хуулийн 26.1-д заасан оролцогчоос тайлбар, санал авах ажиллагааг сонсох ажиллагаа гэнэ” гэж заасныг хэрэгжүүлэн ажиллаагүй буюу А/192 дугаар захирамжийг гаргахдаа “Сонсох ажиллагаа”-г явуулаагүй болох нь тогтоогдож байна. Зүй нь хариуцагчаас нэхэмжлэгч Ц.Бт “сонсох ажиллагааг явуулах журам, явуулах он сар, өдөр, цаг байрлал, дараалал, захиргааны шийдвэр гаргах эрх олгогдсон хууль, захиргааны хэм хэмжээний актын зүйл, заалт, захиргааны шийдвэр гаргах тухайн асуудлын талаарх мэдээлэл, үндэслэлийг тус тус тусгасан мэдэгдлийг нэхэмжлэгчийн зүгээс тайлбар, санал гаргах боломжит хугацаанд гарт нь хүргүүлсэн, улмаар сонсох ажиллагааны явц, үр дүнгийн талаар тэмдэглэл хөтөлж, гарсан саналыг захиргааны шийдвэрт хэрхэн тусгасан талаарх мэдээллийг бэлтгэж баримтжуулсан тохиолдолд захиргааны зүгээс хуульд заасан оролцогчийн эрхийг хангах үүргээ хэрэгжүүлсэн гэж үзэхээр байна. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс сонсох ажиллагааг явуулаагүй талаараа “...иргэдийн гомдлын дагуу гаргасан акт, нийт иргэдийн эрх ашгийг хамгаалах зорилготой учраас сонсох ажиллагаа хийхгүй байх боломжтой” гэж тайлбарлаж байгаа нь үндэслэлгүй.

Учир нь мөн захирамжид үндэслэл болгосон Захиргааны ерөнхий хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д “Сөрөг нөлөөлөл бүхий хууль бус захиргааны актад гомдол гаргах хөөн хэлэлцэх хугацаа өнгөрснөөс үл хамааран захиргааны байгууллага тухайн захиргааны актыг бүхэлд нь, эсхүл хэсэгчлэн хүчингүй болгоно” гэж заасныг сөрөг нөлөөлөл бүхий актад хамааруулан ойлгож хэрэгжүүлэх ба нэхэмжлэгчийн газар эзэмших эрх олж авсан 2017 оны А/56 дугаар захирамж нь “эрх олгосон” буюу эерэг нөлөөлөлтэй акт юм, харин мөн зүйлийн 48.2.2-т “бусад этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхол, эсхүл нийтийн ашиг сонирхолд сөргөөр нөлөөлсөн” гэж заасныг нэхэмжлэгч нь бусад этгээдийн газар эзэмших эрхийг зөрчсөн байхаар ойлгож хэрэгжүүлэх ба мөн хуулийн 60 дугаар зүйлийн 60.1.1-д “Монгол Улсын Үндсэн хууль, энэ хууль болон бусад хуульд нийцсэн байх” гэж заасан нь захиргааны хэм хэмжээний актад тавигдах шаардлагуудыг тодорхойлон хуульчилсныг үндэслэсэн нь Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5-д “зорилгодоо нийцсэн, бодит нөхцөлд тохирсон, шийдвэр нь үндэслэл бүхий байх”, 4.2.6-д “бусдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн захиргааны шийдвэр гаргах тохиолдолд тэдгээрт урьдчилан мэдэгдэх, оролцоог нь хангах” гэж заасан захиргааны үйл ажиллагаанд баримтлах зарчимд нийцээгүй бөгөөд мөн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2.5-д “захиргааны актыг хүлээн зөвшөөрөхгүй тохиолдолд гомдлыг хандан гаргах этгээд болон хугацааг заах”, 40.4-д “Захиргааны актад тухайн захиргааны акт гаргах шаардлага бүхий бодит нөхцөл байдлыг тодорхой заана” гэх захиргааны актад тавигдах шаардлагыг хангаагүй, 15 дугаар зүйлийн 15.1.1-д заасан “захиргааны шийдвэр гаргах ажиллагааны талаар хуульд заасан журмын дагуу мэдээлэл авах, “холбогдох баримт бичгийг хуулбарлан авах, 15.1.4-т заасан “захиргааны шийдвэр гаргахаас өмнө оролцогч нотлох баримт гаргах, шаардлагатай баримт бичгийг бүрдүүлэн өгөх”, 92 дугаар 92.1-д “Хуульд өөрөөр заагаагүй бол иргэн, хуулийн этгээдээс түүний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн гэж үзвэл холбогдох захиргааны актыг хууль болон зорилгодоо нийцэж байгаа эсэх талаар хянуулахаар гомдол гаргах эрхтэй” гэх нэхэмжлэгчийн хуульд заасан эрхийг зөрчсөн, түүнчлэн мөн хуулийн 26 дугаар зүйлийн 26.1-д “Захиргааны акт, захиргааны гэрээг батлан гаргахын өмнө эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээдэд захиргааны шийдвэр гаргахад ач холбогдол бүхий нөхцөл байдлын талаар тайлбар, санал гаргах боломж олгоно”, 32 дугаар зүйлийн 32.1-д “Захиргааны байгууллага өөрийн шийдвэрийн хүчин төгөлдөр байдлыг урьдчилан мэдэгдэх, тухайн шийдвэртэй холбоотой оролцогчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалахад шаардлагатай баримт бичигтэй оролцогч, түүний төлөөлөгчид танилцах боломж олгоно” гэж заасныг тус тус хэрэгжүүлэн ажиллах хуулиар тогтоосон журмыг захиргааны зүгээс биелүүлээгүй байна. 

Мөн Барилгын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-ийн “Барилга байгууламж дараахь шаардлагыг хангасан байна” гэсэн ерөнхий заалтыг үндэслэсэн нь уг зүйлд заасан шаардлагын алийг нь хангаагүй, эсхүл хангасан эсэх нь ойлгомжгүй байх ба Захиргааны ерөнхий хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1-д “Захиргааны актын агуулга ойлгомжтой, тодорхой байна” гэж заасан хэлбэрийн шаардлагыг хангаагүй, мөн барилгын хууль зөрчсөн зөрчлийг мэргэжлийн хяналтын улсын байцаагчид харьяалуулан шийдвэрлүүлэхээр Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд заасан байхад өөрийн чиг үүрэгт үл хамаарах асуудлыг зохицуулсан хуулийг актад үндэслэсэн нь буруу байна.

Түүнчлэн Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, 29.3, Газрын тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1 дэх зүйлүүдийг үндэслэсэн ба 29 дүгээр зүйлийн 29.2-т “Засаг дарга эрх хэмжээний хүрээнд хууль тогтоомжид нийцүүлэн захирамж гаргана” гэж заасан нь Засаг даргад хуульд зааснаар олгогдсон бүрэн эрх байх ба энэхүү эрхээ хэрэгжүүлэн гаргасан акт нь хууль тогтоомжид нийцсэн байхаар, 29.3-т “Засаг даргын захирамж хууль тогтоомжид нийцээгүй бол өөрөө, ...хүчингүй болгоно”, Газрын тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1-д “Төрийн эрх бүхий байгууллага, албан тушаалтан өөрийн шийдвэр, үйлдэл /эс үйлдэхүй/-ээрээ газрын тухай хууль тогтоомж, газар эзэмшигч, ашиглагчийн хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн бол уг байгууллага, албан тушаалтан өөрөө ...хүчингүй болгож, үйлдлийг таслан зогсооно” гэж заасныг тус тус хариуцагч Засаг даргаас гаргасан Газрын тухай хууль зөрчсөн шийдвэр нь бусад газар эзэмшигч, ашиглагчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн тохиолдолд хэрэгжүүлэхээр ойлгоно.

Захиргааны байгууллага, албан тушаалтаны гаргасан захиргааны акт нь эрх зүйд үндэслэсэн байх ёстой бөгөөд зөвхөн хуулиар олгогдсон эрх хэмжээний хүрээнд аливаа этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд халдах учиртай. Гэтэл Газрын тухай хуулийн 39 дүгээр зүйлд зааснаар нэхэмжлэгчийн газар эзэмших эрх дуусгавар болоогүй, мөн 40 дүгээр зүйлд заасан газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох үндэслэл тогтоогдоогүй байхад захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд баримтлах хуульд заасан журмыг зөрчин, хуульд нийцээгүй актыг гарган нэхэмжлэгчийн газар эзэмших субъектив эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн болох нь тогтоогдож байх тул шүүхээс Газрын тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1-д “Төрийн эрх бүхий байгууллага, албан тушаалтан өөрийн шийдвэр, үйлдэл /эс үйлдэхүй/-ээрээ газрын тухай хууль тогтоомж, газар эзэмшигч, ашиглагчийн хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн бол... шүүх уг хууль бус шийдвэрийг хүчингүй болгож, үйлдлийг таслан зогсооно” гэж заасныг баримтлан хариуцагч Нийслэлийн засаг даргын 2017 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн “Иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг хангах талаар авах зарим арга хэмжээний тухай” А/192 дугаар захирамжийг хүчингүй болгож шийдвэрлэн, нэхэмжлэгчийн газар эзэмших эрхийг сэргээх үндэслэлтэй гэж үзлээ.

Гуравдагч этгээдүүдийн зүгээс “бидний эрүүл аюулгүй орчинд амьдрах эрхийг зөрчсөн” гэх тайлбаруудыг гаргаж байх бөгөөд эдгээр иргэдээс Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын төлөөлөгч, Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар зэрэг холбогдох байгууллагуудад хандсанаар маргаан бүхий газарт баригдаж байгаа барилгын ажлыг зогсоосон болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоодсоныг, мөн шүүхээс хэрэгт хамааралгүй, ач холбогдолгүй болон нотлох баримтын шаардлага хангаагүй зарим баримтуудыг тус тус үнэлээгүйг дурдах нь зүйтэй байна.

 

                  Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.2, 106.3.1 дэх зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5, 4.2.6, 15 дугаар зүйлийн 15.1.1, 15.1.4, Газрын тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1 дэх зүйлүүдэд заасныг баримтлан нэхэмжлэгч Ц.Б-ын нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж Нийслэлийн засаг дарга нь 2017 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн “Иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг хангах талаар авах зарим арга хэмжээний тухай” А/192 дугаар захирамжийг хүчингүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1 дэх зүйлүүдэд заасныг баримтлан нэхэмжлэгч Ц.Б-аас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 /далан мянга хоёр зуун/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Нийслэлийн Засаг даргаас 70200 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх зүйлд зааснаар шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөч 14 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                       С.ОТГОНТУЯА