| Шүүх | Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Баярын Мөнх-Эрдэнэ |
| Хэргийн индекс | 185/2020/0586/Э |
| Дугаар | 580 |
| Огноо | 2020-06-17 |
| Зүйл хэсэг | 20.16.1., |
| Улсын яллагч | П.Эрдэнэбаатар |
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2020 оны 06 сарын 17 өдөр
Дугаар 580
2020 06 17 2020/ШЦТ/580
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Мөнх-Эрдэнэ даргалж,
нарийн бичгийн дарга: Ц.Чулуунчимэг;
улсын яллагч: П.Эрдэнэбаатар,
шүүгдэгч: Ш.Б/өөрийгөө өмгөөлж/ нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,
Сүхбаатар дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.17 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт яллахаар дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ш.Б-д холбогдох эрүүгийн хэргийг 2020 оны 06 дугаар сарын 10-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:
Монгол Улсын иргэн, 1988 оны 12 дугаар сарын 28-ны өдөр Өвөрхангай аймагт төрсөн, 31 настай, эрэгтэй, дээд боловсролтой, программист мэргэжилтэй, эрхэлсэн ажилгүй, ам бүл 4 эх, дүү, эхнэрийн хамт, урьд ял шийтгэлгүй, Ш.С.
Прокуророос үйлдэж ирүүлсэн яллах дүгнэлтээр:
Яллагдагч Ш.Бнь Сүхбаатар дүүргийн 05 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Голомт хотхоны Д блокийн 16 дугаар давхрыг түрээсэлж улмаар 2020 оны 04 дүгээр сарын 16-аас 17-нд шилжих шөнө олон тооны хүмүүсийг цуглуулан үр дүнг нь урьдчилан төсөөлөх боломжгүй, аз туршиж тоглодог арван гурван модны покер, тэхас покер зэрэг мөрийтэй тоглоом тоглуулж хуулиар хориглосон мөрийтэй тоглоомын газар ажиллуулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ш.Бмэдүүлэхдээ: “Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Мөрдөн байцаалтын шатанд бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй” гэв.
Хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын шатанд хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 6-16/, бичмэл нотлох баримтыг хуулбарлан авсан тухай тэмдэглэл /хх-ийн 18-23/, гэрч Ч.Батбаатар /хх-ийн 24/, гэрч Ж.Батхүлэг /хх-ийн 25/, гэрч Л.Эрдэнэтогтох /хх-ийн 26/, гэрч Б.Энхбат /хх-ийн 27/, гэрч Г.Хишигбаяр /хх-ийн 28/, гэрч Э.Энхцогт /хх-ийн 29/, гэрч Б.Оюунболд /хх-ийн 30-31/, гэрч Г.Энх-Амгалан /хх-ийн 33-34/, гэрч М.Энхжаргал /хх-ийн 36/, гэрч Ч.Энхболд /хх-ийн 38/, гэрч А.Шинэбаяр /хх-ийн 40/, гэрч Цогт-Очир /хх-ийн 42/, гэрч М.Нямдорж /хх-ийн 44/, гэрч Б.Золбаяр /хх-ийн 45/, гэрч Э.Энхгэрэл /хх-ийн 47/, гэрч Х.Баясгалан /хх-ийн 49/, гэрч Б.Пүрэвсүрэн /хх-ийн 50/, гэрч Д.Гэрэлмаа /хх-ийн 54-55/ нарын мэдүүлэг, Ш.Б-н яллагдагчаар мэдүүлсэн мэдүүлэг /хх-ийн 57-58, 59-60/, Ш.Б-н хувийн байдалтай холбоотой баримтууд /хх-ийн 63-70/, Ш.Б-н депозит дансны дэлгэрэнгүй хуулга /хх-ийн 72-115/ зэрэг болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шүүх тал бүрээс нь бүрэн, бодитой магадлан хянасны үндсэнд ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Ш.Бнь Сүхбаатар дүүргийн 5 дугаар хорооны нутагт байрлах “Голомт” хотхоны Д блокийн 16 дугаар давхрын 161 тоот орон сууцыг хөлсөлж байхдаа буюу 2020 оны 04 дүгээр сарын 16-17-нд шилжих шөнө олон тооны хүмүүсийг цуглуулан үр дүнг нь урьдчилан төсөөлөх боломжгүй, аз туршиж тоглодог арван гурван модны покер, тэхас покер зэрэг мөрийтэй тоглоом тоглуулж хуулиар хориглосон мөрийтэй тоглоомын газар ажиллуулсан үйл баримт дараах хэрэгт хамаарал бүхий бүх нотлох баримтуудыг цогцоор нь дүгнэхэд тогтоогдож байна. Үүнд:
гэрч Ч.Батбаатарын /хх-ийн 24/: “...Би 2020 оны 04 дүгээр сарын 16-ны оройн 20 цагийн орчим Сүхбаатар дүүргийн 5 дугаар хорооны нутагт байрлах “Голомт” хотхоны Д блокийн 16 дугаар давхарт мөрийтэй тоглохоор очсон. Энд мөрийтэй тоглуулдаг талаар нэг танил хүнээсээ сонссон байсан. Намайг очих үед тэнд ойролцоогоор 10 гаран хүн мөрийтэй тоглож байсан ...тухайн газрыг хариуцан зохион байгуулж байсан хүн бол Ш.Бгэдэг хүн байсан. ...13 тоглох болон покер тоглоход үр дүнг урьдаас мэдэх боломжгүй, аз туршиж л тоглодог, азтай нь хождог тоглоом...” гэх мэдүүлгээр,
гэрч Ж.Батхүлэгийн /хх-ийн 25/: “... 2020 оны 04 дүгээр сарын 16-ны оройн 20 цагийн орчим Пэрэнлээ гэх найзтайгаа мөрийтэй тоглож байсан газар сонирхож очин үзээд би машинаа өгөөд явуулсан ...Ш.Бгэх залуу хүмүүс рүү утасдаж дуудаад мөрийтэй тоглоом санал тавьдаг. ...тоглохоор ирсэн хүмүүс Ш.Б-н данс руу мөнгө хийгээд байх шиг байсан...” гэх мэдүүлгээр,
гэрч Л.Эрдэнэтогтохын /хх-ийн 26/: “...Би 2020 оны 04 дүгээр сарын 16-ны оройн 22 цагийн орчим Сүхбаатар дүүргийн 5 дугаар хорооны Өгөөжийн баруун талд байрлах “Голомт” хотхоны Д блокийн 16 дугаар давхарт ...дүү нараас хэдэн төгрөг гуйж авах санаатай очсон. Тухайн газар мөрийтэй тоглоом тоглодог газар юм...” гэх мэдүүлгээр,
гэрч Г.Хишигбаярын /хх-ийн 28/: “... 2020 оны 04 дүгээр сарын 16-ны өдөр “Голомт” хотхонд байдаг Ш.Б“...ганц хоол хийгээд өгөөч” гэхээр нь ирж хоол хийж өгсөн. ...Өвөл хүйтэн байхад цагдаа нар ирж шалгасан...” гэх мэдүүлгээр,
гэрч Э.Энхцогтын /хх-ийн 29/: “...Би өчигдөр орой баруун 4 замын “Голомт” хотхоны Д блок байранд Ш.Бгэх хүнтэй уулзахаар ганцаараа очсон. ...10 гаруй хүн байсан ...мөрийтэй тоглох гэж очсон. Хааяа найз нөхдийн хамт мөрийтэй тоглодог. ...манай хуурай дүү Ш.Бажиллуулдаг...” гэх мэдүүлгээр,
гэрч Г.Энх-Амгалангийн /хх-ийн 33-34/: “... Би 2020 оны 04 дүгээр сарын 16-ны оройн 22 цагийн орчим өөрийн найз Э.Энхгэрэлтэй утсаар холбогдож Сүхбаатар дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Голомт” хотхоны Д блокийн 16 дугаар давхарт нэг газар руу орсон. ...тухайн газар ...покер тоглох гээд сууж байтал цагдаагийн алба хаагч нар орж ирсэн...” гэх мэдүүлгээр,
гэрч М.Энхжаргалын /хх-ийн 36/: “... Би өчигдөр орой 20 цагийн орчимд баруун 4 замын “Голомт” хотхоны Д блок байранд очсон. Намайг очиход 5-6 хүн байсан. 4 хүн нь 50000 төгрөгийн бооцоотой 13 гэх тоглоом тоглож байсан. ...оноог нь бичиж хожсон хүнээс 20000 төгрөг авдаг болохоор очсон. ...тухайн газрыг Ш.Бгэх хүн ажиллуулдаг...” гэх мэдүүлгээр,
гэрч Ч.Энхболдын /хх-ийн 38/: “...Би өчигдөр орой 20 цагийн орчимд баруун 4 замын “Голомт” хотхоны Д блок байранд очсон. Тэгээд нэг ширээнд суугаад 20000 төгрөгний ултай техас хөзөр тоглож байсан. ...манай ширээнд 11 хүн тоглож байсан. ...Би 3.000.000 төгрөгтэй очоод 3.000.000 төгрөгөө алдсан...” гэх мэдүүлгээр,
гэрч Б.Золбаярын /хх-ийн 45/: “... Би 2020 оны 04 дүгээр сарын 16-ны оройн 20 цагийн орчим өөрийн танил ах Нямаа ахтай цуг “Голомт” хотхоны Д блок байрны 15 давхарт байрлах покер тоглоомын газар очсон. ...хүмүүстэй покер 50000 болон 100000 төгрөгний бооцоотой тоглож сүүлдээ 300000 төгрөгөнд тохиролцоод сууж байтал гаднаас цагдаа нар орж ирсэн. ...Ш.Бзохион байгуулж байсан...” гэх мэдүүлгээр,
гэрч Э.Энхгэрэлийн /хх-ийн 47/: “...Би 2020 оны 04 дүгээр сарын 16-ны оройн 22 цагийн орчим өөрийн найз Г.Энх-Амгалан 4 замын “Голомт” хотхон дээр 13 покер тоглох гэж байна гэхээр нь өөрийн найз Энхбатын хамт Голомт хотхоны Д блок байрны 15 давхарт ороход хүмүүс 13 покер тоглоод сууж байсан...” гэх мэдүүлгээр,
гэрч Д.Гэрэлмаагийн /хх-ийн 54-55/: “...“Голомт” хотхоны Д байрны 16 дугаар давхар нь миний эзэмшлийн орон сууц юм. 16 дугаар давхар тэр чигтээ нэг орон сууц байр, дээврийн хэсэг гэж хэлж болно...” гэх мэдүүлгээр,
Ш.Б-н яллагдагчаар мэдүүлсэн /хх-ийн 57-58, 59-60/: “...Тоглох гэж байгаа хүмүүс хоорондоо тохироод л мөрийгөө өгөлцөж авалцдаг байсан. Өндөр мөрийтэй тоглох нь тоглоод, багаар тоглох нь тоглодог. Би ...мөрийнөөс хамаараад янз бүрийн байдлаар тодорхой мөнгө л тоглолтын нэг ширээнээс авдаг байсан. ... орчин нөхцөлөөр хангасан гэдэг утгаараа нэг тоглолтоос тодорхой хэмжээгээр мөнгө авдаг байсан. 13 модны покер гэх тоглоомыг урдаас тааж үр дүнг нь мэдэх боломжгүй, хэн хожихыг бол таах боломжгүй. 2-оос 3 удаа хүмүүс дуудаж мөрийтэй тоглоом зохион байгуулсан...” гэх мэдүүлэг болон хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 6-16/, бичмэл нотлох баримтыг хуулбарлан авсан тухай тэмдэглэл /хх-ийн 18-23/ зэрэг мөрдөн байцаалтын явцад хуульд заасан үндэслэл, журмын дагуу хэрэгт цугларсан нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Дээрх нотлох баримтууд “хэрэг гарах болсон шалтгаан нөхцөл, шүүгдэгч нь хуулиар хориглосон мөрийтэй тоглоомын газар ажиллуулсан болохыг шүүгдэгч, гэрч нарын хэн аль нь зөрүүгүй гэрчилж мэдүүлсэн” зэрэг үйл баримтуудыг агуулж байх тул энэ хэрэгт хамааралтай, хууль ёсны, ач холбогдолтой, үнэн зөв гэж шүүх үзсэн болно.
Шүүхийн тогтоолын тодорхойлох хэсэгт дурдагдсан байдлаар хуулиар хориглосон мөрийтэй тоглоомын газар ажиллуулсан Ш.Б-н гэм буруугийн санаатай үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.17 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “үр дүнг нь урьдчилан төсөөлөх боломжгүй, аз туршиж тоглодог хуулиар хориглосон мөрийтэй тоглоомын газар ажиллуулсан” гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байх тул түүнийг уг гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуульд заасан эрүүгийн хариуцлагыг хүлээлгэх үндэслэлтэй.
Шүүх гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн төлбөрийн асуудлыг дараах байдлаар шийдвэрлэв.
Гэмт хэргийн улмаас бусдад хохирол учраагүй тул шүүгдэгч Ш.Б-г бусдад төлөх төлбөргүй гэж дүгнэв.
Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлагыг хүлээлгэхэд хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.
Шүүх хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулсан бөгөөд шүүгдэгч Ш.Б-г “үр дүнг нь урьдчилан төсөөлөх боломжгүй, аз туршиж тоглодог хуулиар хориглосон мөрийтэй тоглоомын газар ажиллуулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэж үзсэн тул гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хүлээлгэхэд хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэж Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.17 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан төрөл, хэмжээний дотор прокурорын саналын хүрээнд 5400 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу (1 нэгж=1000 төгрөг) 5.400.000 төгрөгөөр торгох ял шийтгэхээр шийдвэрлэв.
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ш.Бнь торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор биелүүлэх үүрэгтэй бөгөөд тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдаж байна.
Хэрэгт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэг, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1. Шүүгдэгч Ш.Б-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.17 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “үр дүнг нь урьдчилан төсөөлөх боломжгүй, аз туршиж тоглодог хуулиар хориглосон мөрийтэй тоглоомын газар ажиллуулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.17 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ш.Б-г 5400 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу (1 нэгж=1000 төгрөг) 5.400.000 /таван сая дөрвөн зуун мянган/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ш.Б торгох ялыг шүүхээс тогтоосон 90 хоногийн хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.
4. Шүүгдэгч Ш.Бнь урьд цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг тус тус дурдсугай.
5. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
6. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ш.Б-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.МӨНХ-ЭРДЭНЭ