| Шүүх | Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Баярын Мөнх-Эрдэнэ |
| Хэргийн индекс | 185/2020/0591/Э |
| Дугаар | 587 |
| Огноо | 2020-06-18 |
| Зүйл хэсэг | 11.4.1., |
| Улсын яллагч | Г.Сундуй |
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2020 оны 06 сарын 18 өдөр
Дугаар 587
2020 06 18 2020/ШЦТ/587
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Мөнх-Эрдэнэ даргалж,
нарийн бичгийн дарга: Ц.Чулуунчимэг;
улсын яллагч: Г.Сундуй;
хохирогч: Х.Нандинбат;
шүүгдэгч: О.Э, түүний өмгөөлөгч А.Ганзориг нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,
Сүхбаатар дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллахаар дүгнэлт үйлдэж ирүүлсэн О.Э-т холбогдох эрүүгийн хэргийг 2020 оны 06 дугаар сарын 08-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар
Монгол Улсын иргэн, 2002 оны 04 дүгээр сарын 14-ний өдөр Орхон аймагт төрсөн, эрэгтэй, 18 настай, тусгай дунд боловсролтой, дулааны зуухны машинист мэргэжилтэй, эрхэлсэн ажилгүй, ам бүл 6, эцэг эх, ах, дүү нарын хамт, урьд ял шийтгэлгүй, МЙ02241416 регистерийн дугаартай, Монгол овогт Орхонбаатарын Энхбаатар.
Прокуророос үйлдэж ирүүлсэн яллах дүгнэлтээр:
Яллагдагч О.Э нь 2020 оны 05 дугаар сарын 09-ний өдөр Сүхбаатар дүүргийн 16 дугаар хороо, Бэлх 8 дугаар гудамж, 164 тоотод иргэн Х.Нандинбаттай маргалдаж улмаар түүний толгой хэсэгт гараараа цохих зэргээр зодож, эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Х.Нандинбат мэдүүлэхдээ: “...2020 оны 05 дугаар сарын 09-ний өдөр найз охинтойгоо цуг Драгон руу юм хүргэж өгөх гээд явсан. Автобусанд суугаад явж байтал манай найз охины ээж, аав хоёр залгаад “ирж ав” гэж хэлсэн. Сүхбаатар дүүргийн 16 дугаар хороо, Бэлхийн 8-164 тоотод очиход Н.Мөнхбаатар ах согтуу байсан. Би О.Эыг танихгүй. Урьд нь ч харж байгаагүй. Н.Мөнхбаатар ах миний гарнаас татаад “наашаа суу” гэж хэлсэн. Би гарыг нь тавиулаад гэр рүү нь орсон. Буцаад гарч иртэл О.Э намайг “Н.Мөнхбаатар ах руу томорсон уу” гээд хацар руу цохисон. Нүүрээ дараад тонгойтол хэд хэдэн удаа цохиод дэвссэн. Шүүх эмнэлэгт үзүүлсэн. Баруун талын нүдний яс болон хамрын яс хугарсан. Хажуу тийшээ харахаар юм хоёр давхцаж харагддаг. Энэ нь нүдний өөх гадагшилсантай холбоотой. Яаралтай хагалгаанд орохгүй бол нөгөө нүдэндээ нөлөөлөх магадлалтай байгаа. Би өөрөө эмчилгээ хийлгэсэн. Одоогийн байдлаар шүүгдэгчээс нэг ч төгрөг аваагүй. Хагалгааны зардлыг гаргуулж өгнө үү” гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч О.Э мэдүүлэхдээ: “Өөрийн буруутай үйлдлээ хүлээн зөвшөөрч байна. Хохирол төлбөрийг төлнө. Мөрдөн байцаалтын шатанд бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэг зүйлгүй” гэв.
Хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын шатанд О.Эын яллагдагчаар мэдүүлсэн мэдүүлэг /хх-ийн 3-4/, хохирогч Х.Нандинбат /хх-ийн 12-13/, Н.Мөнхбаатар /хх-ийн 16/, гэрч О.Буяндорж /хх-ийн 17/ нарын мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2020 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн 5633 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 19-20/, О.Эын хувийн байдалтай холбоотой баримтууд /хх-ийн 25-26/, хохирогчийн хохиролтой холбоотой баримтууд /хх-ийн 40-44, 48/ зэрэг болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шүүх тал бүрээс нь бүрэн, бодитой магадлан хянасны үндсэнд
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч О.Э нь 2020 оны 05 дугаар сарын 09-ний өдөр Сүхбаатар дүүргийн 16 дугаар хороо, Бэлх 8 дугаар гудамж, 164 тоотод иргэн Х.Нандинбатыг “ахад томорлоо” гэх шалтгаанаар зодож, түүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан үйл баримт дараах хэрэгт хамаарал бүхий бүх нотлох баримтуудыг цогцоор нь дүгнэхэд тогтоогдож байна. Үүнд:
хохирогч Х.Нандинбатын /хх-ийн 12-13/: “...2020 оны 05 дугаар сарын 09-ний өдөр 15 цагийн үед манай найз охин руу ээж нь залгаад “ирээд ав” гэж хэлсэн байсан. Би найз охины хамт Сүхбаатар дүүргийн 16 дугаар хороо, Бэлхийн 8-164 тоотод байх Н.Мөнхбаатар ахын гэрт ирсэн чинь Н.Мөнхбаатар ах хашаан дотор үүдний хажууд согтуу сууж байсан. Хажууд одоо мэдсэнээр О.Э, Энхбаяр, Буяндорж нар хамт байсан. Намайг Н.Мөнхбаатар ах “наашаа суу” гээд миний гараас татахаар би гарыг нь тавиулаад гэрт нь явж орсон. Намайг гэр рүү орж байх үед араас юм яриад байх шиг байсан. ...Тэгээд бид хоёр гэрт ороод найз охины ээж аав хоёрыг дагуулаад гараад иртэл О.Э “чи миний ахад томорсон юм уу” гэхээр нь “үгүй” гэж хэлэхэд О.Э миний баруун нүд хэсэг рүү гараараа цохисон. Би нүүрээ дараад хашаа налаад доош суухад толгой руу хэд хэдэн удаа цохисон...” гэх мэдүүлгээр,
гэрч Н.Мөнхбаатарын /хх-ийн 16/: “...О.Э 2020 оны 05 дугаар сарын 10-ны өглөө ирж уулзахад ...Х.Нандинбат таныг үл тоогоод нуруу руу чинь өшиглөөд толгой дээгүүр алхаад гарсан тэгэхээр нь уур хүрээд Х.Нандинбатыг цохисон” гэж хэлсэн...” гэх мэдүүлгээр,
гэрч О.Буяндоржийн /хх-ийн 17/: “...Х.Нандинбат эхнэрийнхээ хамт орж ирээд ээж, аавыгаа аваад гэрээс гарсан. ...гэрт ...байж байтал гадаа хүн орилох шиг болсон. Би гэрээс гүйгээд гартал О.Э Х.Нандинбатын толгой хэсэг рүү гараараа цохиж байсан. Би ...О.Эын араас тэврээд салгасан...” гэх мэдүүлгээр,
О.Эын яллагдагчаар мэдүүлсэн /хх-ийн 4/: “...Би 2020 оны 05 дугаар сарын 09-ний өглөө хотод ажил хийх гээд хадам ах Н.Мөнхбаатарын гэрт 09 цаг өнгөрч байхад ирэхэд Н.Мөнхбаатар, надад зодуулсан Х.Нандинбатын ээж, аав нар архи ууж байгаад ээж, аав нь агсан согтуу тавиад “чи миний охиныг жаргаахгүй зовоолоо, чи үхвэл таарна, хүн биш” гэх мэтээр хэлээд байхаар нь бүгдийнх нь учрыг олуулаад унтуулсан. ...Х.Нандинбатыг орж ирэх үед Н.Мөнхбаатар Х.Нандинбатыг “ахтайгаа жаахан юм яриач” гээд Х.Нандинбатын гарнаас барьтал гарыг нь савж тавиулаад Н.Мөнхбаатарын нуруу хэсэг рүү өшиглөөд ...гэрт орсон. Х.Нандинбат гэрт орох үед би араас нь “хөөе гөлөг минь ахтай яаж харьцаад байгаа юм бэ, танай хадам эгчийн чинь нөхөр биз дээ” гэж хэлтэл юм ярихгүй гэрт орсон. Тэр үед Н.Мөнхбаатар ахын зүрх өвдөөд газарт хэвтэж байтал Х.Нандинбат эхнэр болон аав ээжтэйгээ хамт гэрээс гарч ирээд явахдаа Н.Мөнхбаатарын дээгүүр алхаад гарсан. Би “үхсэн хүний дээгүүр гардаг болохоос амьд хүний дээгүүр гардаггүй шүү, үл тоогоод байна уу” гэж хэлтэл нэг юм ярьсан. ...би очоод Х.Нандинбатын хацар хэсэг рүү гараараа нэг удаа цохисон. Х.Нандинбат хашаа налаад нүүрээ гараараа дараад доош суухаар нь дахиад толгой хэсэг рүү нь 2-3 удаа гараараа цохисон...” гэх мэдүүлгээр,
Х.Нандинбатын биед “баруун гайморын хөндийн урд ханын хугарал, баруун ухархайн дотор ханын хугарал, тархи доргилт, баруун зовхинд шарх, цус хуралт, зөөлөн эдийн няцрал, алимны салстад цус хуралт” бүхий гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах хүндэвтэр зэргийн гэмтэл учирсныг тогтоосон Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2020 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн 5633 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 19-20/ зэрэг мөрдөн байцаалтын явцад хуульд заасан үндэслэл, журмын дагуу хэрэгт цугларсан нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Дээрх нотлох баримтууд “хэрэг гарах болсон шалтгаан нөхцөл, шүүгдэгч, хохирогч нар ямар шалтгаанаас болж маргалдсаныг хохирогч, шүүгдэгч, гэрч нар хэн аль нь зөрүүгүй мэдүүлсэн, хохирогч зодуулсны улмаас гэмтсэн, шүүх эмнэлгийн дүгнэлтээр хохирогчийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол (гэмтэл) учирсан болохыг тогтоосон” зэрэг үйл баримтуудыг агуулж байх тул энэ хэрэгт хамааралтай, хууль ёсны, ач холбогдолтой, үнэн зөв гэж шүүх үзсэн болно.
Шүүхийн тогтоолын тодорхойлох хэсэгт дурдагдсан байдлаар хүнийг зодож эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан О.Эын гэм буруугийн санаатай үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах” гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байх тул түүнийг уг гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуульд заасан эрүүгийн хариуцлагыг хүлээлгэх үндэстэй.
Шүүх гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн төлбөрийн асуудлыг дараах байдлаар шийдвэрлэв.
Хохирогч Х.Нандинбатын хувьд нүдний хагалгаа, бусад зардалд нийт 3.262.000 төгрөг нэхэмжилсэн боловч энэ талаарх нотлох баримтыг хавтаст хэрэгт гаргаж өгөөгүй тул хэлэлцэхгүй орхиж, энэ талаарх болон цаашид гарах эмчилгээтэй холбоотой шаардлага хангасан нотлох баримтаа бүрдүүлж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар гэм буруутай этгээдээс жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлэв.
Шүүх гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн төлбөрийн асуудлыг шийдвэрлэхдээ мөрдөн байцаалтаар гаргуулах үндэслэл, хэмжээ нь тогтоогдсон бүрэн нөхөн төлөгдөөгүй хохирол, гэм хор болох нийт 366.664 /эмнэлэгт үзүүлэхээр явсан замын зардал/ төгрөгийг гаргуулж хохирогч Х.Нандинбатад олгох нь зүйтэй.
Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлагыг хүлээлгэхэд хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.
Шүүх эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хүлээлгэхэд хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэж Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан төрөл, хэмжээний дотор шүүгдэгч О.Эыг өдөрт наймаас дээшгүй цагаар, нийт 600 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэхээр шийдвэрлэв.
Хэрэгт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1. Шүүгдэгч О.Э-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.Эыг нийт 600 /зургаан зуун/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч О.Эт оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт наймаас дээшгүй цагаар тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.Э нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.
5. Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг дурдсугай.
6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.Эаас 366.664 төгрөгийг гаргуулж хохирогч Х.Нандинбатад олгож, хохирогчийн 3.262.000 төгрөгийн нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхиж, энэ талаарх болон цаашид гарах эмчилгээтэй холбоотой шаардлага хангасан нотлох баримтаа бүрдүүлж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар гэм буруутай этгээдээс жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээсүгэй.
7. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
8. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч О.Эт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.МӨНХ-ЭРДЭНЭ