Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Тогтоол

2016 оны 10 сарын 06 өдөр

Дугаар 138/ШШ2016/01115

 

Монгол Улсын нэрийн өмнөөс

 

Дорнод аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Уртнасан даргалан шүүх хуралдааны “Б” танхимд явуулж,

Нэхэмжлэгч Дорнод аймгийн ******* сумын 3 дугаар багт /*******/ оршин суух, ******* овгийн ******* *******ын /РЛ:*******/ хүсэлттэй Улсад ажиллаж байсан байдлаа тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд  

Нарийн бичгийн дарга Г.Эрдэнэбат

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Урансувд нар оролцов

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Нэхэмжлэгч Ц.******* шүүхэд гаргасан хүсэлтдээ: Миний бие 1958 онд төрсөн. 58 настай, 6 хүүхэд төрүүлж өсгөсөн. 2008 онд 50 насандаа олон хүүхэд төрүүлж, өсгөсөн, улсад 20 жил ажилласан гэдгээр өндөр насны тэтгэврээ тогтоолгосон боловч Нийгмийн даатгалын хэлстээс энэ онд шүүхээр ажилласан жилээ заавал баталгаажуулах хэрэгтэй гэсэн тул шүүхэд хандаж байна.

Миний бие 1973 оны 01 сарын 01-ний өдрөөс эхлэн Дорнод аймгийн ******* сумын Улз нэгдлийн 3 дугаар бригадад малчнаар ажилд орсон бөгөөд 1990 оны 3 сар дуустал тасралтгүй ажилласан... Миний хөдөлмөрийн дэвтэр болон бусад баримт бичиг маань 1980 оны ой хээрийн түймэрт манай гэр өтрөхөд шатаж устсан. Гэвч аймгийн болон сумын архиваас ажиллаж байсан үеийн баримтуудаа архиваас хуулбарлан авсан тул энэ баримтуудыг үндэслэн Ц.******* миний биеийг Дорнод аймгийн ******* сумын Улз нэгдэлд 1973 оны 01 сарын 01-ний өдрөөс 1990 оны 3 сарын 31-ний өдрийг хүртэл малчин, саальчнаар ажиллаж байсан болохыг тогтоож өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Урансувд шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие нэхэмжлэгч Ц.*******ын итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр шүүх хуралдаанд оролцож байна. Ц.******* нь 2008 онд өндөр насны тэтгэвэрээ тогтоолгоод одоо тэтгэврээ авч байгаа. Нийгмийн даатгалын байцаагч нь тухайн үед архивын баримтуудыг үндэслэн өндөр насны тэтгэвэрт гаргасан байгаа. Гэвч Нийгмийн даатгалын хэлтсээс хийсэн шалгалтаар Ц.*******ын тус хэлтэст бүрдүүлж өгсөн баримт нь дутуу байсан учраас шүүхэд хандаж ажилласан жилээ тогтоолгож баталгаажуулах хэрэгтэй гэсэн зөвлөгөө өгсний үндсэн дээр шүүхэд хандсан байгаа.

Ц.*******ын Дорнод аймгийн ******* сумын Улз нэгдлийн 3 дугаар бригадад 1973 оноос 1990 он хүртэл тасралтгүй малчин, саальчин хийж байсан үеийн баримтууд нь аймгийн болон сумын архиваас гарч ирсэн. Гэхдээ 1973 онд анх ажилд орсон үеийн тушаал гарч ирээгүй боловч 1973-1980 он хүртэл ажиллаж байхдаа авч байсан цалингийн цэс гарч ирснийг сумын архиваас түүвэрлэн авсан байгаа. 1980-1990 онуудын тушаал он тус бүрээр аймгийн архиваас гарч ирсэн. Иймд эдгээр баримтуудыг үндэслэн нэхэмжлэгчийн өндөр насны тэтгэврээ цаашид үргэлжлүүлэн авах шаардлагатай байгаа тул Ц.*******ын шүүхэд гаргасан хүсэлтийг хангаж өгнө үү гэв.

 

Шүүх нэхэмжлэгчийн тайлбар болон хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ НЬ:

 

Нэхэмжлэгч Ц.******* нь 1973 оны 01 сарын 01-ний өдрөөс 1990 оны 3 сарын 31-ний өдрийг хүртэл Дорнод аймгийн Дорнод аймгийн ******* сумын Улз нэгдэлд малчин, саальчнаар ажиллаж байсан байдлаа тогтоолгох тухай хүсэлтийг шүүхэд гаргажээ.

Шүүх хуралдаанд Дорнод аймгийн Архивын тасгаас “хуулбар үнэн” болохыг баталсан Дорнод аймгийн ******* сумын Улз нэгдлийн даргын 1976, 1979, 1980, 1983, 1984, 1986, 1987, 1988, 1989 онуудын тушаалууд болон хавсралтууд, мөн тус нэгдлийн зөвлөлийн хурлын 1990 оны 3 сарын 12-ны өдрийн 3/12 тоот тогтоол түүний хавсралтын хуулбарууд, ******* сумын Засаг даргын Тамгын газрын архиваас хуулбарласан Ц.*******ын 1973-1975, 1977-1979 онуудад авч байсан цалингийн тодорхойлолт, нэхэмжлэгчийн ажиллаж байсныг тодорхойлохоор түүнтэй хамт ажиллаж байсан Д.Энхцэцэгийн гэрчээр өгсөн мэдүүлэг зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүх хуралдаанд шинжлэн судалсан дээрх бичгийн нотлох баримтуудаар нэхэмжлэгч Ц.******* нь  Дорнод аймгийн ******* сумын Улз нэгдэлд 1973 оны 01 сарын 01-ний өдрөөс 1990 оны 3 сарын 31-ний өдрийг хүртэл малчин, саальчнаар ажиллаж байсан болох нь тогтоогдож байна.

Иймд Ц.*******ын улсад ажиллаж байсан байдлыг тогтоох нь нэхэмжлэгчийг өндөр насны тэтгэврээ үргэлжлүүлэн авахад эрх зүйн ач холбогдол бүхий байх тул нэхэмжлэгчийн хүсэлтийг хангах нь зүйтэй гэж шүүх үзлээ.

 

           Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1-д тус тус заасныг удиирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д заасныг баримтлан нэхэмжлэгч ******* овгийн ******* ******* /РЛ:*******/ нь Дорнод аймгийн ******* сумын Улз нэгдэлд 1973 оны 01 сарын 01-ний өдрөөс 1990 оны 3 сарын 31-ний өдрийг хүртэл малчин, саальчнаар ажиллаж байсан болохыг тогтоосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т тус тус зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төсвийн орлогод үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4-т зааснаар энэ шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд нэхэмжлэгч нь мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.3-т заасан 7 хоногийн хугацаа өнгөрмөгц 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авахыг мэдэгдсүгэй.

 

            4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар энэ шийдвэрийг нэхэмжлэгч, түүний төлөөлөгч нар нь эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                        Г.УРТНАСАН