Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Тогтоол

2016 оны 10 сарын 07 өдөр

Дугаар 138/ШШ2016/01120

 

Монгол Улсын нэрийн өмнөөс

 

 

Дорнод аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Уртнасан даргалан тус шүүхийн шүүх хуралдааны “Б” танхимд явуулж,

Нэхэмжлэгч Дорнод аймгийн ******* сумын 2 дугаар багт оршин суух, ******* овгийн ******* Батжаргалын /РД: *******/ нэхэмжлэлтэй,

Хариуцагч Дорнод аймгийн Хэрлэн сумын 6 дугаар баг, ******* ******* тоотод оршин суух, ******* овгийн ******* од /РД:/ холбогдох,

Худалдах худалдан авах гэрээний үүрэг 2000000 төгрөг гаргуулах, *******д холбогдох 1500000 төгрөг гаргуулах тухай А.ын сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд:

Нарийн бичгийн дарга Г.Эрдэнэбат

Нэхэмжлэгч *******

Хариуцагч А. нар оролцов.

 

 ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч ******* шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2014 оны 12 сард А. гэдэг хүнтэй өвөл, зуны байшинг 3.500.000 төгрөгөөр худалдан авахаар аман гэрээ байгуулсан. Тухайн үед би байшингаа үзэж харахад дээвэрлэсэн дөрвөлжин раам л байсан. Энэ байшинг чи надад бүрэн бүтэн болгоод өгвөл би авч болж байна гэхэд тэгнээ, та хэзээ авах юм гэхэд нь би аймагт газраа бэлдчихээд хавар авъя гэсэн. Харин А. тухайн үед надад 2.000.000 төгрөгийн урьдчилгаа хэрэгтэй байна. Би үлдэгдэл мөнгөө байшингаа бэлэн болохоор танаас авна гэж хэлээд 2.000.000 төгрөг авсан. Тухайн үед би хөдөө байсан болохоор аймагт ямар нэг газаргүй байсан. Аймагт газар худалдаж авчихаад байшингаа авна гэж тохирсон. Би хөдөөнөөс хавар ирээд газраа бэлдчихээд байшингаа авахаар А.той уулзахад нөгөө байшин яг хэвээрээ байхаар нь наймаагаа буцаая, 2000000 төгрөгөө буцааж авъя, би өөр байшин авлаа гэхэд тэгээ тэг, гэхдээ надад одоо танд өгөх мөнгө байхгүй байна. Би энэ байшингаа өөр хүнд зараад танаас авсан мөнгөө өгнө гэж хэлээд нэг жил гарны хугацаа өнгөрсөн тул шүүхэд хандах болсон. Иймд хариуцагч А.оос 2.000.000 төгрөгийг нэн даруй гаргуулах хүсэлтэй байна гэв.

            Хариуцагч А. шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2015 оны 1 сард ******* ах эхнэрийн хамт миний байшинг ирж үзээд 3.500.000 төгрөгөөр авахаар болсон. Харин ******* ах хөдөө байдаг гэрлүүгээ явж ирээд чиний мөнгийг өгнө гэж надад хэлсэн. Удалгүй хөдөөнөөс ирээд ах нь мал авчирч зарсан боловч 3.500.000 төгрөг хүрсэнгүй чи одоохондоо энэ 2.000.000 төгрөгийг авч бай би хөдөөнөөс ирээд чамд үлдэгдэл 1.500.000 төгрөгийг өгнө гэж хэлсэн. Харин хөдөө явж ирээд би байшинг чинь авахаа больсон өөр хашаа байшин худалдаж авсан учраас чамд өгсөн 2.000.000 төгрөгөө буцааж авмаар байна миний мөнгийг өг гэж хэлсэн. Би тухайн үед өөрт нь хэлсэн надад одоо танд өгөх мөнгө байхгүй байна. Би энэ байшингаа зарчихаад таниас авсан 2.000.000 төгрөгөө өгнө гэж хэлсэн. Наймаагаа буцаая гэхэд нь би зөвшөөрсөн. Би өгөхгүй гэж хэлээгүй. Би Батжаргал ахад 2000000 төгрөгийг нь төлнө. Гэвч надад хугацаа хэрэгтэй байна. Яг одоо май гээд өгчих мөнгө байхгүй байна. Учир нь би улирлын чанартай барилгын ажил эрхэлдэг. Зун барилгын ажил эхлэхээр л өгөх боломжтой байна. Батжаргал ахыг надад хугацаа өгөөч гэхэд 2016 оны 12 сар гэхэд өг гэсэн боловч тэр үеэр надад мөнгө олдохгүй. Тиймээс би энэ мөнгийг 2017 оны зун ажил эхлэхээр төлье гэсэн саналтай байна гэв.

Хариуцагч шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ: Батжаргал ахад зарсан байшин бол 4*7 харьцаатай, канад технологиор барьсан төмөр карказан байшин юм. Энэ байшинд би 4 сая төгрөг зарцуулсан. Уг байшин нь хаалга цонх хийж, доторлогоо хийгдэх байсан ба энэ талаар Батжаргал ах эхнэртэйгээ хамт ирж үзэж харж тохиролцсон. Тэр үед үлдэгдэл 1.500.000 төгрөгөө өгч уг байшинг авахаар тохирсон боловч өнөөдрийг хүртэл үлдэгдэл мөнгөө өгөхгүй намайг хохироож байна... Би үлдэгдэл мөнгийг нь өгөхийг хүлээж өдийг хүртэл уг байшинг хадгалж байсан. Хүн авъя гэхэд нь зарагдсан гээд буцаадаг байсан. Иймд Батжаргалаас байшингийн үлдэгдэл болох 1500000 төгрөгийг яаралтай гаргуулж өгнө үү. Хэрвээ Батжаргал ах надад 2000000 төгрөгийг нь төлөх хугацаа өгвөл сөрөг нэхэмжлэлээ татан авахад татгалзах зүйлгүй гэв.

Нэхэмжлэгч сөрөг нэхэмжлэлд гаргасан хариу тайлбартаа: анх тохиролцохдоо байшинг бүрэн бүтнээр нь хүлээлгэж өгнө гэсэн. Бүрэн бүтэн гэдгийг хаалга цонхтой, доторлогоо хийгдсэн байшин гэж ойлгож байгаа. Хавар нь байшингаа авахаар ирэхэд дутуу тэр хэвээрээ байсан. Чи бүрэн бүтэн болгож өгнө гэсэн биз дээ гэхэд хаалга цонхыг нь та өөрөө хийнэ ш дээ гэсэн. Тэгээд л би ийм дутуу юм авахгүй гэж наймаагаа буцаахаар болсон. Би наймаагаа буцчихаад тухайн үед  газар дээрээ байшин бариулсан учраас одоо надад байшингийн хэрэгцээ байхгүй. Тиймээс гэрээгээ үргэлжлүүлж 1500000 төгрөгийг од өгөх шаардлагагүй учир хүлээн зөвшөөрөхгүй. миний мөнгийг өгөхгүй жил гаран болсон учраас мөнгөө л авмаар байна гэв.

 

Шүүх зохигч талуудын тайлбар, хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч ******* нь хариуцагч А.од холбогдуулан худалдах худалдан авах гэрээний үүрэгт 2000000 төгрөгийг нэн даруй гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч А. нь нэхэмжлэгч *******д холбогдуулан худалдах худалдан авах гэрээний үүрэгт 1500000 төгрөгийг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг тус тус гаргажээ.

Нэхэмжлэгч хариуцагч нар нь 2014 оны 12 сарын орчим 4*7 хэмжээтай канад технологиор барьсан төмөр карказан байшинг 3500000 төгрөгөөр худалдахаар тохиролцон. Нэхэмжлэгч ******* нь байшингийн үнэд 2000000 төгрөгийг бэлнээр төлж, 2015 оны хавар байшингаа авахдаа үлдэгдэл 1500000 төгрөгийг төлөхөөр харилцан тохиролцсон байх ба зохигч талуудын хооронд Монгол Улсын Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан худалдах худалдан авах гэрээний харилцаа үүссэн байна.

Нэхэмжлэгч хариуцагч нар нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа 4*7 хэмжээтай канад технологиор барьсан төмөр карказан байшингийн үнийн талаар болон нэг тал нь гэрээнээс татгалзсан талаар, мөн нэхэмжлэгч нь гэрээний зүйл болох байшинг өөрийн өмчлөлд шилжүүлж аваагүй талаар тус тус маргаагүй байна.

Харин нэхэмжлэгч нь нэгэнт гэрээнээс татгалзсан учраас байшингийн урьдчилгаанд төлсөн 2000000 төгрөгийг нэн даруй гаргуулж, байшингийн үлдэгдэл мөнгө 1500000 төгрөгийг төлөхгүй гэж, хариуцагч нь уг мөнгийг төлөхийг хүлээн зөвшөөрч байх боловч нэн даруй төлж чадахгүй, харин байшингийн үлдэгдэл мөнгө болох 1500000 төгрөгийг нэхэмжлэгчээс гаргуулж авна гэж тус тус маргаж байна.

Монгол Улсын Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт зааснаар худалдах худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх, худалдан авагч нь хэлэлцэж тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээдэг. Гэвч хариуцагч А. нь хэлэлцэж тохирсны дагуу 2015 оны хавар 4*7 хэмжээтай канад технологиор барьсан төмөр карказан байшинг бүрэн бүтнээр /хаалга, цонх, доторлогоо хийгдсэн байх/ нь хүлээлгэн өгөх үүргээ биелүүлээгүйгээс нэхэмжлэгч ******* нь гэрээнээсээ татгалзсан нь Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1 дэх хэсэгт заасан “талуудын аль нэг нь гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн... бол нөгөө тал гэрээнээс татгалзах эрхтэй” гэснийг зөрчөөгүй байна.

Түүнчлэн нэхэмжлэгч *******ын гэрээнээсээ татгалзсаныг хариуцагч А. нь тухайн үед хүлээн зөвшөөрсөн байх бөгөөд нэхэмжлэгчийн 2000000 төгрөг гаргуулах тухай шаардлагыг шүүх хуралдаан дээр хүлээн зөвшөөрч байх боловч уг мөнгийг улирлын чанартай ажил эрхэлдэг тул нэн даруй төлж чадахгүй талаар маргажээ.   

Монгол Улсын Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1-т зааснаар гэрээний аль нэг тал нь гэрээнээс татгалзсан бол талууд гэрээний гүйцэтгэлийг биет байдлаар нь харилцан буцааж өгөх үүрэгтэй тул хариуцагч А.оос худалдах худалдан авах гэрээний үүрэг буюу байшингийн урьдчилгаанд төлсөн 2000000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч *******д олгох нь зүйтэй байх ба хариуцагчийн шүүх хуралдаан дээр гаргасан “улирлын чанартай ажил эрхэлдэг учраас одоо төлөх мөнгө байхгүй” гэх тайлбар нь Иргэний хуулийн дээрх заалттай нийцээгүй байна. 

  Хариуцагч А. нь шүүх хуралдаан дээр тухайн үед байшин худалдах худалдан авах хэлцэл хийхдээ дээрх байшинг хаалга цонхгүй, доторлогоо хийхгүйгээр тэр хэвээр нь худалдахаар тохирсон гэж маргаж байх боловч энэ талаараа шүүхэд нотолж чадаагүй байна.

Монгол Улсын Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1, 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэгт тус тус заасны дагуу нэхэмжлэгч ******* нь нэгэнт худалдах худалдан авах гэрээнээс татгалзсан, үүнийг хариуцагч А. нь хүлээн зөвшөөрч, түүний байшингийн урьдчилгаанд төлсөн мөнгийг буцаан төлөхөө хүлээн зөвшөөрч байхаас гадна Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.4-т зааснаар талууд гэрээнээс татгалзаж болохгүй гэх нөхцөл байдал хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудаар тогтоогдохгүй байх тул талуудын хооронд байгуулагдсан гэрээг хэвээр үргэлжлүүлэн нэхэмжлэгчээс байшингийн үнийн үлдэгдэл 1500000 төгрөгийг гаргуулан хариуцагчид олгох хууль зүйн үндэслэлгүй байна.

Иймд дээрх үндэслэлүүдээр хариуцагч А.оос гэрээний үүрэгт 2000000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч *******д олгож, нэхэмжлэгч *******аас 1500000 төгрөг гаргуулах тухай хариуцагч А.ын сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

 

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Монгол Улсын Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1, 225 дугаар зүйлийн 225.1, 243 дугаар зүйлийн 243.1-т тус тус зааснаар хариуцагч А.оос худалдах худалдан авах гэрээний үүрэгт 2000000 /хоёр сая/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч *******д олгож, нэхэмжлэгч *******д холбогдох 1500000 /нэг сая таван зуун мянга/ төгрөг гаргуулах тухай А.ын сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 2. Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т тус тус зааснаар улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгч *******ын төлсөн 46950 төгрөг, хариуцагч А.ын төлсөн 38950 төгрөгийг тус тус төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч А.оос улсын тэмдэгтийн хураамжид 46950 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч *******д олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар энэхүү шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4-т зааснаар шүүх хуралдаанд оролцсон тал шийдвэр хүчинтэй болсон өдрөөс хойш 7 хоногийн хугацаа өнгөрмөгц 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардаж авахыг мэдэгдсүгэй.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар нэхэмжлэгч болон хариуцагч нар нь шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дорнод аймаг дахь Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.7-д зааснаар нэхэмжлэгч хариуцагч нар нь 14 хоногийн хугацаанд  шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг мэдэгдсүгэй. 

                      

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                          Г.УРТНАСАН