Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 06 сарын 19 өдөр

Дугаар 590

 

 

 

                                       МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Мөнх-Эрдэнэ даргалж,

нарийн бичгийн дарга: Ц.Чулуунчимэг;

улсын яллагч: Н.Түвшинбаяр;

шүүгдэгч: Г.У, түүний өмгөөлөгч А.Ганзориг  нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,

 

Сүхбаатар дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан гэмт хэрэгт яллахаар дүгнэлт үйлдэж ирүүлсэн Г.У-т холбогдох эрүүгийн хэргийг 2019 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

           

Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:

Монгол Улсын иргэн, 1981 оны 03 дугаар сарын 09-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 39 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, гагнуурчин мэргэжилтэй, эрхэлсэн ажилгүй, ам бүл 4, эцэг, эх, хүүхдийн хамт, урьд

-Чингэлтэй дүүргийн шүүхийн 1997 оны  05 дугаар сарын 16-ны өдрийн 316 дугаар таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, тогтоол биелүүлэхийг 1 жилийн хугацаагаар хойшлуулсан,

-Сүхбаатар дүүргийн шүүхийн 1998 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн 409 дугаар таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 131 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 1 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, уг хорих ялыг тэнсэж 1 жилийн хугацаагаар хянан харгалзсан,

-Сүхбаатар дүүргийн шүүхийн 2000 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн 421 дугаар таслан шийдвэрлэх тогтоолооор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 239 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 1 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, 2001 оны 07 дугаар сарын 27-ны өдөр шүүгчийн захирамжаар хугацааны өмнө тэнсэн суллагдсан,  

-Сүхбаатар дүүргийн шүүхийн 2005 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 308 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 32 дугаар зүйлийн 32.3-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 126 дугаар зүйлийн 126.3-т зааснаар 15 жил 1 сарын хугацаагаар хорих ял, 60 дугаар зүйлийн 60.3-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 2 жил хорих ялаар тус тус шийтгүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар хөнгөн ялыг нь хүндэд нь багтааж нийт эдлэх ялыг 15 жил 1 сарын хугацаагаар шийтгүүлж, 2017 оны 07 дугаар сарын 03-ны өдөр хуулийн тэгшитгэлээр суллагдсан,  

-Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 10 дугаар  сарын 22-ны өдрийн 2018/ШЦТ/1455 дугаартай тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгүлж, уг ялыг Сүхбаатар дүүргийн шийдвэр гүйцэтгэх албаны 2019 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн 19/10 дугаар тогтоолоор эдэлж дууссан, хэрэг хариуцах чадвартай, Г.У.

 

            Прокуророос үйлдэж ирүүлсэн яллах дүгнэлтээр:

Яллагдагч Г.У нь 2019 оны 07 дугаар сарын 21-ний өдөр
Сүхбаатар дүүргийн 16 дугаар хороо, Бэлхийн 11 дүгээр гудамжны 260 тоот Ц.Лхагвадоржийн гэрт нэвтрэн орж эд зүйл хулгайлсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Г.У мэдүүлэхдээ: “Үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна. Нэмж мэдүүлэх зүйлгүй” гэв.

Хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын шатанд хохирогч Ц.Лхагвадорж /хх-ийн 17-19/, гэрч С.Ууганбат /хх-ийн 20-21/, гэрч А.Саранцэцэг /хх-ийн 26-27/, гэрч Г.Ганбаатар /хх-ийн 22-23/, гэрч Т.Мандалмаа /хх-ийн 24-25/ нарын мэдүүлэг, Г.Уын яллагдагчаар мэдүүлсэн мэдүүлэг /хх-ийн 46-48/, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, уг ажиллагааны явцад бэхжүүлэн авсан гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 4-8/, эд зүйл хураан авсан, хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хх-ийн 13-14, 71/, “Дамно” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлан /хх-ийн 31-33/,  Г.Уын хувийн байдалтай холбоотой баримтууд /хх-ийн 49, 52-70, 80-82/ зэрэг  болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шүүх тал бүрээс нь бүрэн, бодитой магадлан хянасны үндсэнд ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Г.У нь 2019 оны 07 дугаар сарын 21-ний өдөр Сүхбаатар дүүргийн 16 дугаар хороо, Бэлхийн 11 дүгээр гудамжны 260 тоотод ошин суух Ц.Лхагвадоржийн гэрт хууль бусаар нэвтрэн орж 32 инчийн “HAEIR” маркийн LCD телевизор, эрэгтэй хүний савхин куртик, “Luna V8” маркийн гар утас, орны бүтээлэг зэрэг эд хөрөнгийг хууль бусаар авч 425.000 төгрөгийн хохирол учруулсан үйл баримт дараах хэрэгт хамаарал бүхий бүх нотлох баримтуудыг цогцоор нь дүгнэхэд тогтоогдож байна.  Үүнд:

            хохирогч Ц.Лхагвадоржийн /хх-ийн 17-19/: “...Би 2019 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн 16 цагийн орчимд Сүхбаатар дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Бэлхийн 11-260 тоотод байдаг гэрээсээ охин Номин, 2 зээгийн хамт байшингаа цоожлоод 7 буудал руу явсан. Тэгээд 17 цаг 45 минутад охин, 2 зээгийн хамт гэртээ ирхэд манай эхнэр Сарангийн эгч Саранцэцэг, түүний хүү Ууганбат нар манай гэрийн гадаа зогсож байсан. Саранцэцэг эгчийн гэр нь манай хажууд байдаг юм. Саранцэцэг, Ууганбат 2 дээр очиход “танай гэрт хулгайч нар ороод зугтчихлаа, цагдаад дуудлага өгсөн байгаа” гэхээр нь гэртээ орохгүйгээр гудамжаар тойрч хайсан. Тэгтэл удаагүй цагдаа нар ирээд хулгай хийсэн гэх 2 залууг барьсан. Намайг гэрт орж үзэхэд 32 инчийн ЛСД зурагтыг цэнхэр өнгийн бүтээлэгт боогоод хаалганы хажууд тавьчихсан, хажууд нь эрэгтэй хүний богино савхин куртик зэргийг тавьсан байсан. Мөн манай охин Номингийн “Луна Ви 8” маркийн гар утас алга болсон...” гэх мэдүүлгээр,

 

            гэрч С.Ууганбатын /хх-ийн 20-21/: “...Би 2019 оны 07 дугаар сарын 21-ний өдөр Сүхбаатар дүүргийн 16 дугаар хороо, Бэлхийн 11-261 тоотод гэртээ төрсөн эх Саранцэцэг, эхнэр, хүүхдийн хамт амарч байсан. Тэггэл 16-17 цагийн орчимд хүргэн ах Лхагвадоржийн хашааны хаалгыг үл таних 1 хүн тогшиж байгаад намайг хараад яваад өгсөн. Би хашаандаа хоол хийж байтал хүргэн ахын гэрийн хаалга нь “таг” гэж дуугарахаар нь эргэж харсан чинь үл таних 31-32 орчим насны 180 см орчим өндөртэй, махлаг, халимаг үстэй, цэнхэр өнгийн фудволк, саарал шоорт өмссөн бор царайтай эрэгтэй байшингийн хаалгаар орж харагдсан. Тэгэхээр нь би ганцаараа хүргэн ах Лхагвадоржийн байшинд ороход зурагтыг нь бүтээлгэнд боогоод хаалганы хажууд тавьчихсан, хар өнгийн савхин куртикийг гартаа барьж байхаар нь би хаалгаар гаргахгүй гээд хаалгыг таглаж зогссон. Тэгэхэд тухайн залуу цаашаа гүйгээд жижиг өрөөний цонхыг онгойлгоод гараад хашааны 2 банзны завсраар гараад зугтаасан. Би таавчиктай байсан учраас хөөж гүйгээд гүйцээгүй. Манай ээж Саранцэцэг нь цагдаад дуудлага өгсөн. Тэгээд удаагүй 2-3 минутын дараа хүргэн ах Лхагвадорж охин, зээ нарынхаа хамт ирсэн...” гэх мэдүүлгээр,

гэрч А.Саранцэцэгийн /хх-ийн 26-27/: “...Би 2019 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн 17-18 цагийн орчимд хүү Ууганбатын хамт Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хороо, Бэлхийн 11 дүгээр гудамжны 260 а тоотод байрлах гэртээ байсан. Тэгтэл манай хүү Ууганбат “Ээж Лхагваа ахын гэр лүү хүн орчихлоо, гараад ирээч” гэж хэлээд түрүүлээд гүйсэн. Би араас нь гэрээс гараад залгаа хашааны хаалгаар дотогш ороод хүү Ууганбатын араас хүргэн Лхагвагийн байшингийн хаалгыг онгойлгож ороход үүдэнд нь өндөр нуруутай, бор царайтай, махлаг залуу баруун гартаа зурагтыг орны бүтээлгээр ороогоод барьчихсан, зүүн гартаа хар өнгийн савхин куртик барьчихсан зогсож байхад хүү Ууганбат “чи айлд яагаад орсон юм” гэж асуусан. Би “чи наад 2-оороо яах гэж байгаа юм” гэж асуухад тухайн залуу “намайг аваад ир гэсэн юм” гэж хэлэхээр би “чи битгий худлаа ярь” гэхэд тухайн залуу “гадаа машинд хүлээж байгаа” гэж хэлсэн. Манай хүү Ууганбат “цагдаа дуудаарай” гэж хэлэхээр нь би гэртээ ороод гар утсаа аваад гараад ирэхэд хүү Ууганбат байшингийн хаалгыг гаднаас нь дарчихсан зогсож байхад нөгөө хулгай хийсэн гэх эрэгтэй цонхоор нь гараад зугтаагаад явчихсан. Манай хүү араас нь хөөгөөд барьж чадаагүй гэсэн...” гэх мэдүүлгээр,

            Г.Уын яллагдагчаар мэдүүлсэн /хх-ийн 46-48/: “...Би 2019 оны 07 дугаар сарын 20-ны өдөр найз Цэрэн-Очирынд очиж хоноод маргааш өглөө нь 11 цагийн үед тэднийхээс гараад 7 буудлын тэр хавьд Түвшинтэй тааралдаад тэндээ 1 шил архи уугаад, архиа ууж дуусчихаад автобусны буудал руу явж байгаад би бие засах гээд үлдсэн. Бие засчихаад араас нь явж байхад палкаар барьсан, цонх нь онгорхой байшин байхаар нь хашааны завсраар нь ороод байшингийн цонхоор нь ороход цонхны доор орон дээр шар өнгийн гар утас байхаар нь ороод утсыг аваад байшингийн хаалгаар гарах гэж байхад эзэн нь бололтой залуу хүүхэнтэй орж ирэхээр нь буцаад цонхоор нь гарч гүйгээд бургастай голын хажууд байж байхад цагдаа ирээд барьж авсан...” гэх мэдүүлгээр болон хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, уг ажиллагааны явцад бэхжүүлэн авсан гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 4-8/, “Дамно” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлан /хх-ийн 31-33/  зэрэг хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын явцад хуульд заасан үндэслэл, журмын дагуу хэрэгт цугларсан нотлох баримтуудаар тогтоогдож байна.   

     

Дээрх нотлох баримтууд “хохирогч гэрээсээ эд зүйлээ хулгайд алдаж хохирсныг, шүүгдэгч нь хохирсон иргэний хөрөнгийг гэрээс нь нууцаар авч явсныг, авахаар завдсаныг гэрч, шүүгдэгч хэн аль нь зөрүүгүй мэдүүлсэн, хохирогчийн хулгайд алдсан эд зүйлийн үнийг хөрөнгийн үнэлгээгээр тогтоосон” зэрэг  үйл баримтуудыг агуулж байх шүүх энэ хэрэгт хамааралтай, хууль ёсны, ач холбогдолтой, үнэн зөв гэж үзсэн болно.

Ийнхүү хүн байнга амьдрах орон байранд хууль бусаар нэвтэрч, бусдын өмчлөлд байгаа эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууц далд аргаар, хууль бусаар авч, шунахай сэдэлтээр өөрийн эзэмшил болгож буй Г.Уын гэм буруугийн санаатай үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан “хүн байнга амьдрах орон байранд нэвтэрч бусдын хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах”  гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байх тул түүнийг уг гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуульд заасан эрүүгийн хариуцлагыг хүлээлгэх үндэстэй.

Шүүх гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн төлбөрийн асуудлыг дараах байдлаар шийдвэрлэв.

Шүүгдэгч Г.У нь хохирогч Ц.Лхагвадоржийн гэрээс авсан эд зүйлээ буцаан өгсөн тул түүнийг хохирогчид төлөх төлбөргүй гэж үзэв.

Шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно. 

Шүүх Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзсэний үндсэнд Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан Г.Ут Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан төрөл хэмжээний дотор хорих ял шийтгэж, мөн дээрх нөхцөл байдлуудыг харгалзан үзэж шүүгдэгчид оногдуулсан хугацаатай хорих ялыг нээлттэй хорих байгууллгад эдлүүлэхээр тогтов.

Хэрэгт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болно.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Шүүгдэгч Г.У-г хүн байнга амьдрах орон байранд нэвтэрч бусдын хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар шүүгдэгч Г.Уыг 2 (хоёр) жил 8 (найм) сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн  4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Ут оногдуулсан хугацаатай хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн  1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Уын урьд цагдан хоригдсон 43 хоногийг эдлэх ялд нь оруулан тооцсугай.

5. Шүүгдэгч Г.У нь бусдад төлөх төлбөргүй, хэрэгт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.

6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Г.Ут урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, түүний эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолсугай.

7. Шийтгэх тогтоолыг улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

8. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Г.Ут авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

    

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                       Б.МӨНХ-ЭРДЭНЭ