Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 06 сарын 23 өдөр

Дугаар 607

 

   2020         06         23                                     2020/ШЦТ/607

 

 

                                        МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Мөнх-Эрдэнэ даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Ц.Чулуунчимэг;

улсын яллагч: Д.Даваадорж;

шүүгдэгч: Б.Н, түүний өмгөөлөгч С.Давааравдан;

хохирогч: У.Цэрэннадмид нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,

 

Сүхбаатар дүүргийн прокурорын газраас  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.Н-т холбогдох эрүүгийн хэргийг 2020 оны 06 дугаар сарын 10-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:

Монгол Улсын иргэн, 1994 оны 05 дугаар сарын 11-ний өдөр Улаанбаатар
хотод төрсөн, 26 настай, эрэгтэй, дээд боловсролтой, олон улсын
харилцааны мэргэжилтэй, “Асгат сервис” ХХК-д менежер ажилтай, ам бүл 5, эцэг, эх, дүү нарын хамт, хэрэг хариуцах чадвартай,
урьд ял шийтгэлгүй, Б.Н.

 

Яллагдагчийн холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/:

Яллагдагч Б.Н нь “газрын албанд таньдаг хүн байгаа тул газрын гэрчилгээ гаргуулж өгнө...” хэмээн 2019 оны 06 дугаар сарын 24-ний өдрөөс 2019 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн хооронд хохирогч У.Цэрэннадмидаас Сүхбаатар дүүргийн 3 дугаар хороо, 9-60 тоотод байрлах гэрээсээ интернэт банк ашиглан нийт 33 удаагийн давтамжаар шилжүүлсэн 8.120.000 төгрөгийг “ХААН” банкны 5070271711 тоот дансандаа тухай бүрт нь шилжүүлэн авч, мөн хохирогчоор 480.000 төгрөгийн үнэ бүхий “Самсунг Эс-8 плас” загварын гар утсыг худалдан авахуулж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, нийт 8.600.000 төгрөгийг залилж авсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Н мэдүүлэхдээ: “Буруу зүйл хийсэн нь үнэн. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Мөрдөн байцаалтын шатанд бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй” гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч У.Цэрэннадмид мэдүүлэхдээ:  “...Би Б.Нтой газрын бичиг баримтаа хөөцөлдөж яваад таарсан. Б.Н надад  “таньдаг хүн байна, ээж маань Нийслэлийн газрын албанд ажилладаг, газрын гэрчилгээ гурван сарын дотор гаргуулаад өгье, 10.000.000 төгрөг болно” гэж хэлсэн. Би 2019 оны 6 дугаар сарын 24-нөөс 09 дүгээр сарын 10-ны хооронд нийт 8.120.000 төгрөг дансаар шилжүүлсэн. Мөн 480.000 төгрөгийн үнэтэй “Самсунг Эс-8 плас” загварын гар утас авахуулсан. Үүнийгээ өгөх мөнгөнөөсөө хасаад тооцчих гэж хэлсэн. Одоо гомдол саналгүй, хохирол бүрэн барагдуулсан...”  гэв.

 

Хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын шатанд хохирогч  У.Цэрэннадмидийн мэдүүлэг /хх-ийн 10/, Б.Нын яллагдагчаар мэдүүлсэн мэдүүлэг /хх-ийн 16/, Б.Нын хувийн байдалтай холбоотой баримтууд /хх-ийн 17-19, 53/, У.Цэрэннадмидын депозит дансны дэлгэрэнгүй хуулга /хх-ийн 20-33/, Б.Нын депозит дансны дэлгэрэнгүй хуулга /хх-ийн 36-49/ зэрэг  болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шүүх тал бүрээс нь бүрэн, бодитой магадлан хянасны үндсэнд ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч Б.Н нь “газрын албанд таньдаг хүн байгаа тул газрын гэрчилгээ гаргуулж өгье” хэмээн ямар нэгэн баталгаагүй амлалт өгч, итгүүлэн үнэмшүүлж, хуурч мэхлэх байдлаар 2019 оны 06 дугаар сарын 24-ний өдрөөс 2019 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн хооронд иргэн У.Цэрэннадмидаас 8.120.000 төгрөгийг өөрийн “ХААН” банкны 5070271711 тоот дансаар шилжүүлэн авч, мөн 480.000 төгрөгийн үнэ бүхий “Самсунг Эс-8 плас” загварын гар утас авахуулж нийт 8.600.000 төгрөг залилан авсан үйл баримт дараах хэрэгт хамаарал бүхий бүх нотлох баримтуудыг цогцоор нь дүгнэхэд тогтоогдож байна.  Үүнд:

 

хохирогч У.Цэрэннадмидийн /хх-ийн 10/: “...Би 2019 оны 6 дугаар сард Баянгол дүүрэг 2 дугаар хороонд байрлах газрынхаа хугацааг сунгуулах гээд Нийслэлийн газрын албан дээр явж байтал танил дүү Б.Нтой тааралдсан Б.Н надад “манай ээж энд ажилладаг, та газрынхаа бичиг баримтыг хөөцөлдөж байгаа бол би ээжээрээ гаргуулаад өгье...” гэж хэлсэн. Маргааш нь над руу залгаад “би ээжтэй ярьж тохирсон нэг айлын газрыг 5.000.000 төгрөгөөр гаргадаг, танайх 2 айлын газар юм чинь 10.000.000 төгрөг болно, бичиг баримт нь 3 сарын дотор гарна, та тэр хооронд мөнгөө бага, багаар боломжоороо шилжүүлчих” гэж хэлсэн. Тэр даруй 2.500.000 төгрөгийг түүний данс руу шилжүүлсэн. Үүнээс хойш бага багаар мөнгө шилжүүлсээр хамгийн сүүлд 2019 оны 09 дүгээр сарын 10-ны өдөр 110.000 төгрөг шилжүүлсэн. Нийтдээ 8.120.000 төгрөгийг өгсөн. Мөн Б.Нт 2019 оны 09 дүгээр сарын 10-ны өдөр “Тэди" төвөөс 480.000 төгрөгөөр “Самсунг Эс-8 плас” загварын гар утсыг худалдаж авч өгсөн. ...2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдрөөс хойш утас нь холбогдохоо байсан...” гэх мэдүүлгээр,

 

            Б.Нын яллагдагчаар мэдүүлсэн /хх-ийн 16/: “...Би У.Цэрэннадмид гэх хүнтэй хуурай ах дүүгийн холбоотой. ...тэрээр “ах нь хүнд газраа залилуулчихлаа” гэж хэлсэн. Би тухайн үед мөрийтэй тоглоом тоглодог байсан болохоор мөнгөний асуудал ярихаар нь түүнээс авъя гэж бодоод “надад таньдаг хүн байгаа, газрын гэрчилгээ гаргаж өгнө” гэж хэлээд цувуулж 8.120.000 төгрөг, дараа нь “Самсунг Эс-8” загварын 480.000 төгрөгийн үнэ бүхий гар утас зэргийг авсан. Надад газрын албанд таньдаг хүн байхгүй...” гэх мэдүүлэг болон У.Цэрэннадмидын депозит дансны дэлгэрэнгүй хуулга /хх-ийн 20-33/, Б.Нын депозит дансны дэлгэрэнгүй хуулга /хх-ийн 36-49/ зэрэг  хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын явцад хуульд заасан үндэслэл, журмын дагуу хэрэгт цугларсан нотлох баримтуудаар тогтоогдож байна.

 

Хохирогч нь шүүхийн тогтоолын тодорхойлох хэсэгт дурдагдсан байдлаар Б.Нын үг, үйлдэлд хууртагдан, төөрөгдөж түүнд эд хөрөнгийг шилжүүлэн өгснөө тодорхой мэдүүлдэг бөгөөд хохирогч, шүүгдэгч нарын депозит дансны дэлгэрэнгүй хуулгаар хохирогчид учирсан хохирлын хэмжээ тогтоогдсон байх тул шүүх дээрх нотлох баримтуудыг хэрэгт хамааралтай, хууль ёсны, ач холбогдолтой, үнэн зөв гэж үзсэн болно.

 

Шүүгдэгч Б.Нын эрхэлж байсан ажил, албан тушаал нь газрын гэрчилгээ гаргахтай холбоогүй, энэ талаар эдлэх эрх, давуу байдал үгүй байсан бөгөөд иргэнд газрын гэрчилгээ олгох эсэх нь төрийн байгууллагын эрх бүхий албан тушаалтны үйл ажиллагаатай холбоотой, гадны нөлөөгүйгээр шийдвэрлэх асуудал бөгөөд Б.Нт үл хамаарахаар байтал газрын гэрчилгээ гаргуулж өгье гэж өөрт байхгүй эрх хэмжээнд иргэнд амлалт өгч, өөрөөс нь үл хамаарах, биелэгдэх боломж багатай асуудлын үр дүнгийн талаар зохиомол амлалт өгч мэдсээр байж бусдыг төөрөгдүүлэн эд хөрөнгийг нь бодитой бус үйл ажиллагааны төлбөрт авч байгаа нь хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж залилах гэмт хэргийн шинжийг бүрэн тодорхойлж байгаа болно.

 

Ийнхүү шүүгдэгч Б.Нын хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж өмчлөгч, эзэмшигчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч залилсан гэм буруу нотлогдсон гэж дүгнэж түүнд Эрүүгийн хуульд заасан эрүүгийн хариуцлагыг оногдуулах нь үндэстэй.

 

Гэмт хэргийн улмаас учирсан хохирлын нөхөн төлбөрийн асуудлыг шүүх дараах байдлаар шийдвэрлэв.

 

Хохирогч У.Цэрэннадмид шүүх хуралдаанд “...гомдол саналгүй, хохирол төлбөр бүрэн барагдсан” гэж мэдүүлсэн байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

 

Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлагыг хүлээлгэхэд хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

 

Шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал зэргийг тал бүрээс нь харгалзан үзсэний үндсэнд Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан төрөл хэмжээний дотор 800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу (1 нэгж=1000 төгрөг) 800.000 төгрөгөөр торгох ял шийтгэхээр шийдвэрлэв.

 

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Н  нь торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор биелүүлэх үүрэгтэй бөгөөд тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдаж байна.

 

Хэрэгт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болно.

           

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Шүүгдэгч Б.Н-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан  “хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч залилсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Ныг 800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800.000 /найман зуун мянган/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Н торгох ялыг шүүхээс тогтоосон 90 хоногийн хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.

4. Шүүгдэгч Б.Н нь урьд цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг тус тус  дурдсугай.

 

5. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

6. Давж заалдах шатны шүүхэд гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолыг биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Нт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

                      

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                        Б.МӨНХ-ЭРДЭНЭ