| Шүүх | Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Баярын Мөнх-Эрдэнэ |
| Хэргийн индекс | 185/2020/0633/Э |
| Дугаар | 618 |
| Огноо | 2020-06-26 |
| Зүйл хэсэг | 17.1.2.1., |
| Улсын яллагч | Ш.Хосбаяр |
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2020 оны 06 сарын 26 өдөр
Дугаар 618
2020 06 30 2020/ШЦТ/628
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Мөнх-Эрдэнэ даргалж,
нарийн бичгийн дарга: Ц.Чулуунчимэг;
улсын яллагч: Ш.Хосбаяр;
шүүгдэгч: Д.Ш, түүний өмгөөлөгч А.Ганзориг нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,
Сүхбаатар дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан гэмт хэрэгт яллахаар дүгнэлт үйлдэж ирүүлсэн Д.Ш-т холбогдох эрүүгийн хэргийг 2020 оны 06 дугаар сарын 12-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:
Монгол Улсын иргэн, 1979 оны 02 дугаар сарын 16-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 41 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн ажилгүй, ам бүл 2, эхнэрийн хамт урьд
-Сүхбаатар дүүргийн шүүхийн 2012 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 463 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1-д зааснаар 3 жил 1 сарын хугацаагаар хорих ял шийтгүүлж, уг хорих ялыг тэнсэж, 2 жилийн хугацаагаар хянан харгалзсан,
-Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 1081 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлж, уг ялыг 2020 оны 06 дугаар сарын 30-ны өдөр эдэлж дууссан, Д.Ш.
Прокуророос үйлдэж ирүүлсэн яллах дүгнэлтээр:
Яллагдагч Д.Ш нь 2020 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр Сүхбаатар дүүргийн 19 дүгээр хороо, Хандгайтын зуслангийн задгай тоот Д.Баясгалангийн зуслангийн байшинд хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар нэвтрэн орж Х.Чулуунбатын гагнуурын алхыг хулгайлан бага хэмжээний хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Д.Ш мэдүүлэхдээ: “Үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна. Мөрдөн байцаалтын шатанд бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй” гэв.
Хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын шатанд Д.Шийн яллагдагчаар мэдүүлсэн мэдүүлэг /хх-ийн 5-8/, хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 15-19/, эд зүйл хураан авч, хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хх-ийн 20-21/, хохирогч Х.Чулуунбат /хх-ийн 24-27/, гэрч А.Бямбажав /хх-ийн 36/, гэрч Д.Алимаа /хх-ийн 37-40/ нарын мэдүүлэг, “Дамно” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлан /хх-ийн 42-43/, Д.Шийн хувийн байдалтай холбоотой баримтууд /хх-ийн 49-52, 56-65/, Х.Чулуунбатын хүсэлт /хх-ийн 77/ зэрэг болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шүүх тал бүрээс нь бүрэн, бодитой магадлан хянасны үндсэнд ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Д.Ш нь 2020 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр Сүхбаатар дүүргийн 19 дүгээр хороо, Хандгайтын зуслангийн задгай тоотод оршин суух Д.Баясгалангийн зуслангийн байшинд хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар нэвтрэн орж иргэн Х.Чулуунбатын гагнуурын алхыг хулгайлан бага хэмжээний хохирол учруулсан үйл баримт дараах хэрэгт хамаарал бүхий бүх нотлох баримтуудыг цогцоор нь дүгнэхэд тогтоогдож байна. Үүнд:
хохирогч Х.Чулуунбатын /хх-ийн 24-27/: “...Би Сүхбаатар дүүргийн 19 дүгээр хороо, Хандгайт Их тамир амралтын газрын хойд талд байрлах Баясаа гэх айлд байшингийн засварын ажил хийж байгаа. Уг ажлыг 2020 оны 04 дүгээр сарын 11-ний өдрөөс хойш ажиллаж байгаа юм. ...2020 оны 04 дүгээр сарын 14-ний орой 22 цагийн орчимд ажлаа хийж дуусаад ажлын багажнуудаа хурааж засвар хийж байшингийн дотор хаалганы хажууд өөрийн эзэмшлийн цэнхэр өнгийн цахилгаан гагнуурын аппаратыг байрлуулж тавиад хотын төв рүү харьсан. ...2020 оны 04 дүгээр сарын 15-ний өглөө 11 цагийн орчимд очсон. ...байшингийн хаалга онгорхой байсан. ...ажлаа хийх гэтэл хаалганы хажууд үлдээсэн цэнхэр өнгийн гагнуурын аппарат байхгүй байсан. Би ...гэрийн эзэн болох Баясаагаас гагнуурын аппаратаа асуухад “тавьсан газраа байгаа байх, өглөө та нарыг ирнэ гэж бодоод 09 цаг 30 минутын орчимд байшингийн хаалгыг онгойлгосон” гэж хэлсэн. ...Би өнгөрсөн жил 100 айлын дэлгүүрээс 500.000 төгрөгөөр авч байсан. Жил гаран хэрэглэсэн хуучин аппарат байсан...” гэх мэдүүлгээр,
гэрч Д.Алимаагийн /хх-ийн 37-40/: “... Би нөхөр Д.Шийн хамт 2020 оны 04 дүгээр сарын 14-ний өдөр Сүхбаатар дүүргийн 19 дүгээр хороо, Хандгайтын 74 тоотод байрлах зуслангийн жижиг амбаарт очсон. Тэндээ архи ууж хоносон. Өглөө намайг унтаж байхад нөхөр Д.Ш нь гараад явсан. Цаг гарны дараа гаднаас нэг шил 0,5 литрийн “Хараа” нэртэй архи бариад орж ирсэн. Бид хоёр тэр архийг хувааж уугаад гараад явсан. Доошоо явж байтал Д.Ш намайг “явж бай” гээд буцаад явсан. ...Хандгайтын автобусны буудал орж явахад араас ...цэнхэр өнгийн гагнуурын аппарат барьчихсан ирсэн. Автобус хүлээгээд зогсож байхад Бямбаа гэх ах машинтай явж байгаад тааралдсан. Д.Ш Бямбаа ахад уг цэнхэр өнгийн гагнуурын аппаратыг 20.000 төгрөгөнд өгөөд бид хоёр автобусанд суугаад зурагтын эцэс рүү харьсан. ...Би хаанаас авсныг нь сайн мэдэхгүй байна. Д.Шт гагнуурын аппарат байдаггүй. Би хулгай хийснийг нь мэдээгүй. Надад гагнуурын аппаратыг хүнээс авсан гэж тухайн үед ярьж байсан. Би нэг их сонирхож асуугаагүй...” гэх мэдүүлгээр,
гэрч А.Бямбажавын /хх-ийн 36/: “... 2020 оны 04 дүгээр сарын 15-ний өглөө 10 цагийн орчимд усанд явах гээд машинаа асаагаад хашаандаа зогсож байхад Д.Ш гэх залуу эхнэрийнхээ хамт цэнхэр өнгийн гагнуурын аппарат барьчихсан нарийн гудамжаар явж байгаад надтай тааралдсан. Намайг “та хаашаа явах гэж байгаа юм, таньтай хамт суугаад Жигжид рүү дөхөөд бууя” гээд миний машинд эхнэрийн хамт суугаад явсан. Замдаа явж байхдаа би “юун гагнуурын аппарат бариад явж байгаа юм бэ” гэхэд “барилгын ажил эхэлтэл ломбардад тавих гэж байгаа юм” гэж хэлсэн. Би “хэдэн төгрөгөөр тавих гэж байгаа юм бэ” гэж асуухад “40.000 төгрөгөнд тавих гэж байгаа” гэж хэлсэн. Би “наадах чинь хулгайн юм биш байгаа биз дээ” гэж хэлсэн чинь “үгүй” гэж байсан. ... “та надаас 20.000 төгрөгөөр авчих, би танаас ажил эхлэхээр буцаагаад авчихъя, дүүд битгий хэлээрэй” гэж хэлээд надад гагнуурын аппаратаа өгөөд надаас 20.000 төгрөг аваад явсан. Би гагнуурын аппаратыг нь гэртээ авчихсан юм. ... Би огт мэдээгүй. Асуусан чинь хулгайн эд зүйл биш гэж хэлэхээр нь худалдаж авсан юм” гэх мэдүүлгээр,
Д.Шийн яллагдагчаар мэдүүлсэн /хх-ийн 5-8/: “...Би 2020 оны 04 дүгээр сарын 14-ний өдөр эхнэрийн хамт Хандгайтад байрлах зуны амбаартаа очиж хоносон. ...хот руу явъя гээд автобусны буудал руу алхаж байгаад эхнэрийгээ “чи буудал дээр очоод байж бай, би араас чинь очно, таньдаг айлаар ороодъхоё” гэж хэлээд салж яваад таньдаг айлдаа очсон чинь хүнгүй байсан. Хажуу айлын үүдний амбаар нь онгорхой байхаар нь асуух санаатай “хүн байна уу” гэсэн чинь хүн дуугарахгүй байсан. ...хаалганы хажууд цэнхэр өнгийн гагнуурын аппарат байхаар нь авч яваад автобусны буудал дээр очиход эхнэр “юу барьчихсан юм бэ” гэхээр нь “таньдаг хүний юм байгаа юм” гэж хэлсэн. ...таньдаг ах машинтайгаа ирэхээр нь суугаад хот руу дөхье гээд явж байгаад “ажил эхэлтэл ломбарданд тавих гэсэн юм” гэхэд тэр ах “надад зарчих” гэхээр нь 20.000 төгрөгөөр өгсөн. Зарсан мөнгөөрөө тамхи, хоол ундны юм аваад дууссан...” гэх мэдүүлэг болон хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 15-19/, эд зүйл хураан авч, хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хх-ийн 20-21/, “Дамно” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлан /хх-ийн 42-43/ зэрэг хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын явцад хуульд заасан үндэслэл, журмын дагуу хэрэгт цугларсан нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Дээрх нотлох баримтууд “хохирогч эд зүйлээ хулгайд алдаж хохирсныг, шүүгдэгч нь хохирсон иргэний хөрөнгийг нууцаар авч явсныг гэрч, шүүгдэгч хэн аль нь зөрүүгүй мэдүүлсэн, хохирогчийн хулгайд алдсан эд зүйлийн үнийг хөрөнгийн үнэлгээгээр тогтоосон” зэрэг үйл баримтуудыг агуулж байх шүүх энэ хэрэгт хамааралтай, хууль ёсны, ач холбогдолтой, үнэн зөв гэж үзсэн болно.
Ийнхүү хүн байнга амьдрах орон байранд хууль бусаар нэвтэрч, бусдын өмчлөлд байгаа эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууц далд аргаар, хууль бусаар авч, шунахай сэдэлтээр өөрийн эзэмшил болгож буй Д.Шийн гэм буруугийн санаатай үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан “хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч, бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах” гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байх тул түүнийг уг гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуульд заасан эрүүгийн хариуцлагыг хүлээлгэх үндэстэй.
Шүүх гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн төлбөрийн асуудлыг дараах байдлаар шийдвэрлэв.
Шүүгдэгч Д.Ш нь хохирогч Х.Чулуунбатад эд зүйлийг буцаан өгсөн /хх-ийн 21, 77/ тул түүнийг хохирогчид төлөх төлбөргүй гэж үзэв.
Шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүх Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзсэний үндсэнд Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан шүүгдэгч Д.Шт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан төрөл хэмжээний дотор хорих ял шийтгэхээр шийдвэрлэв.
Шүүгдэгч Д.Шт хорих ял оногдуулахдаа шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хулгайлсан эд зүйлээ буцаан өгсөн зэргийг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-д заасныг баримтлан оногдуулах хорих ялыг хөнгөрүүлж, мөн дээрх нөхцөл байдлуудыг харгалзан шүүгдэгчийг шийтгэсэн хугацаатай хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтов.
Хэрэгт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1. Шүүгдэгч Д.Ш-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан “хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч, бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар шүүгдэгч Д.Шийг 1 (нэг) жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Шт оногдуулсан хугацаатай хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.
4. Шүүгдэгч Д.Ш нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.
5. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Д.Шт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж цагдан хорьж, түүний эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолсугай.
6. Шийтгэх тогтоолыг улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
7. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.Шт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.МӨНХ-ЭРДЭНЭ