Шүүх | Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Дүйсэнбекийн Көбеш |
Хэргийн индекс | 130/2015/00588/И |
Дугаар | 212/МА2017/00028 |
Огноо | 2017-02-20 |
Маргааны төрөл | Ажлаас үндэслэлгүй халагдсан, |
Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2017 оны 02 сарын 20 өдөр
Дугаар 212/МА2017/00028
2017 оны 02 сарын 17 өдөр Дугаар 212/МА2017/00028 Өлгий сум
К.А гийн нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай
Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн Ерөнхий шүүгч С.Өмирбек даргалж, шүүгч М.Нямбаяр, шүүгч Д.Көбеш нарын бүрэлдэхүүнтэй хийж,
Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 738 дугаар шийдвэртэй, Баян-Өлгий аймгийн Өсумын * дугаар багт оршин суух, Н овогт К гийн А гийн нэхэмжлэлтэй, Баян-Өлгий аймаг дахь Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвд холбогдох иргэний хэргийг хариуцагчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн 2017 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр хүлээн авч, шүүгч Д.Көбешийн илтгэснээр тус шүүхийн хуралдааны танхимд хянан хэлэлцэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэлийн шаардлага: Баян-Өлгий аймаг дахь Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвийн дотуур байрны багшийн ажилд томилохыг тус сургуулийн захиралд даалгах тухай.
Нэхэмжлэлийн агуулга: Нэхэмжлэгч К.А би тус шүүхэд 2015 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр ажилд эгүүлэн тогтоолгох тухай шаардлага бүхий нэхэмжлэл гаргасан. Одоо нэхэмжлэлийн шаардлагыг дараах байдлаар тодруулж байна. Нэхэмжлэгч К.А би тус байгууллагад 2009 оны 9 дүгээр сарын 01-нээс өмнө дотуур байрны менежерийн, 2010 оны 9 дүгээр сарын 01-нээс дотуур байрны хүмүүжүүлэгчийн ажлыг тус тус гүйцэтгэж байсан. Орон тооны цомхтголоор номын санч, эрдэм шинжилгээний ажилтнаар шилжин томилогдсон. Гэтэл 2015-2016 оны хичээлийн жилд номын санчийн орон тоо дахин цомхтгож, өмнө нь дотуур байрны багшийн орон тоо 1 байснаас шинээр 3 орон тоо нэмэгдэж, нийт 4 орон тоотой болсон. Энэ нь Хөдөлмөрийн сайдын 2015 оны 6 дугаар сарын 29-ний өдрийн Мэргэжлийн болон техникийн боловсролын сургалтын байгууллагын дүрэм, бүтэц, орон тоо батлах тухай А/126 дугаар тушаалын хавсралтын хоёрт Сургалтын алба гэсэн хэсгийн 29-т Дотуур байрны багш-ТҮМБ-2-4 гэснээр нотлогдож байна. Ажил олгогч нь тус сургуульд шинээр бий болсон дотуур байрны багшийн орон тоонд тус байгууллагад манаач Н.Е , Ш.Ө, цагийн багш Н.Н нарыг томилсон нь тухайн ажлын байранд тавигдах шаардлагыг хангахгүй мэргэжлийн бус хүмүүсийг томилсон гэж үзэж байна. Харин К.А би өмнө нь тус сургуулийн дотуур байрны менежер, дотуур байрны хүмүүжүүлэгчээр ажиллаж байсан давуу эрхээр дотуур байрны багшийн аль нэгэн орон тоонд хууль ёсоор заавал ажиллах ёстой гэж үзэж байна. Энэ нь Хөдөлмөрийн Сайдын 2015 оны А/126 дугаар тушаалын хавсралтаар тус төвд шинээр дотуур байрны багшийн 4 орон тоо нэмэгдсэн болохыг баталж байна. Хөдөлмөрийн тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.2-т Ажилтны урьд эрхэлж байсан ажлын байр, албан тушаал нь цомхтгогдсон бол ажил олгогч ажилтантай тохиролцсоны үндсэн дээр адил чанарын өөр ажил, албан тушаалд ажиллуулах үүрэгтэй гэжээ. Иймээс нэхэмжлэгч К.А намайг Баян-Өлгий аймгийн Мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төвд дотуур байрны багшаар ажиллах давуу эрхтэй учраас ажил олгогчид дотуур байрны багшид томилохыг даалгаж өгөхийг хүсэж байна. гэжээ.
Хариуцагчийн тайлбарт: Хөдөлмөрийн сайдын 2015 оны 6 дугаар сарын 29-ний өдрийн А/126 дугаартай тушаалаар Мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төвийн бүтцийг шинэчлэн батлахдаа номын санчийн 2 орон тоог цөөрүүлж, 1 орон тоотойгоор баталсан. Нэгэнт дээд шатны байгууллагаас К.А гийн орон тоог цомхтголд оруулсан учраас ажил олгогчийн зүгээс Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1-д заасныг үндэслэн ажлаас нь чөлөөлсөн. Манай Мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төвд дотуур байрны сахиул ажилладаг байсныг байгууллагын бүтцийн өөрчлөлтөөр дотуур байрны багш гэсэн нэртэйгээр 4 орон тоо батлагдсан. Хэдийгээр энэ нь шинэ орон тоо мэт харагдавч дотуур байрны сахиулын гүйцэтгэдэг ажил үүргийг дотуур байрны багш гүйцэтгэж байгаа тул шинээр батлагдсан орон тоо гэж үзэх боломжгүй. Иймээс ажил олгогчийн зүгээс дотуур байрны сахиулаар ажиллаж байсан хүмүүсийг дотуур байрны багшаар томилсон, мөн байгууллагын олон ажилтан цомхтголд орсон тул Хөдөлмөрийн тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.2-т заасан үүргээ биелүүлж К.А д өөр ажил санал болгох боломжгүй байсан. гэжээ.
Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 738 дугаар шийдвэрээр: 1.Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-т зааснаар нэхэмжлэгч К.А гийн Баян-Өлгий аймаг дахь Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвийн дотуур байрны багшийн ажилд томилохыг тус сургуулийн захиралд даалгаж өгөхийг хүссэн тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай. 2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч К.А нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай. гэж шийдвэрлэжээ.
Нэхэмжлэгчийн давж заалдах гомдлын агуулга: Нэхэмжлэгч Х.А би Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 738 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргаж байна. Анхан шатны шүүх К.А миний нэхэмжлэлийн шаардлагыг шийдвэрлэхэд Хөдөлмөрийн тухай хуулийг буруу тайлбарлан хэрэглэж, хэрэгт цугларсан нотлох баримтуудыг тухайн хэрэгт хамааралтай талаас нь бодитой үнэлж чадаагүй, хууль бус дүгнэлт хийж, алдаатай шийдвэр гаргасан гэж үзэж байна.
1.Хөдөлмөрийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1, 21.1.2, 21.1.3, 21.1.4, 23.2.1, 24.1-т тус тус зааснаар ажилтан К.А надтай хөдөлмөрийн гэрээ байгуулаагүй асуудал нь ажил олгогчийн орон тооны цомхотгол, өөр ажилд шилжүүлэх, ажлаас чөлөөлөх зэрэг нөхцөл байдлыг тодорхойлох боломжгүй байдалд хүргэж байгаа асуудалд ажилтны буруутай үйл ажиллагаа байхгүй гэж үзэж байна
2.Хөдөлмөрийн тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.2-т Ажилтны урьд эрхэлж байсан ажлын байр, албан тушаал нь цомхотгогдсон бол ажил олгогч ажилтантай тохиролцсоны үндсэн дээр адил чанарын өөр ажил, албан тушаалд ажиллуулах үүрэгтэй" гэж заасан. Хөдөлмөрийн Сайдын 2015 оны 6 дугаар сарын 29-ний өдрийн А\126 дугаар тушаалын хавсралтаар баталсан байгууллагын орон тоо, бүтцэд К.А миний ажиллаж байсан номын санчийн орон тоог цомхотгосон учраас ажилтан К.А би тухайн өдөр захирал Р.Гтай харилцан тохиролцож тус сургуулийн дотуур байрны багшаар ажиллах хүсэлтээ илэрхийлсэн. К.А миний энэхүү хүсэлт үндэслэлгүй гэдгийг хариуцагч болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд нотлох баримтаар үгүйсгэж чадаагүй гэж үзэж байна. Хариуцагч Баян-Өлгий аймаг дахь Мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төвийн захирлын үүргийг түр орлон гүйцэтгэгч Р.Г шүүхэд ирүүлсэн тайлбартаа: ...Ажил олгогч миний бие Хөдөлмөрийн тухай хуулийн дагуу дотуур байрны багшийн орон тоог санал болгосон боловч К.А нь тус албан тушаалыг хаших боломжгүй гэж хариулт өгсөн учир тус орон тоонд цомхотголд орсон өөр багшийг томилсон болно... гэснээр түүнчлэн хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Е аас шүүх хуралдаанд өгсөн тайлбарт "...Үүний дагуу ажил олгогч буюу Баян-Өлгий аймаг дахь Мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төвийн захирал нь нэхэмжлэгч К.А д Хөдөлмөрийн тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.2 дахь хэсэгт зааснаар сургуулийн дотуур байрны багшаар ажиллахыг санал болгосон. Гэвч тухайн үед К.А нь сургуулийн дотуур байранд өдрийн ажлын 8 цагаар ажиллах талаар хэлсэн боловч манай сургуулийн дотуур байранд ажиллаж байгаа багш нар 24 цагаар үүрэг гүйцэтгэдэг учраас К.А г сургуулийн дотуур байранд 8 цагаар ажиллуулах боломжгүй болсон..." гэж мэдүүлснээр миний өмнө ажиллаж байсан орон тоо хасагдсан боловч дотуур байрны багшийн ажилд цаашид үргэлжүүлэн ажиллуулах боломжтой байсныг нотолж байна.
3. Хөдөлмөрийн Сайдын 2015 оны 6 дугаар сарын 29-ний өдрийн Мэргэжлийн болон техникийн боловсролын сургалтын байгууллагын дүрэм, бүтэц, орон тоо батлах тухай" А/126 дугаар тушаалын хавсралтын Хоёрт. Сургалтын алба гэсэн хэсгийн 29-т "Дотуур байрны багш-ТҮМБ-2-4 гэж дурдсан юм. \хэргийн 33-34-р талд авагдсан\ Энэ нь Хөдөлмөрийн Сайдын 2015 оны А\126 дугаар тушаалын хавсралтаар тус төвд шинээр дотуур байрны багшийн 4 орон тоо нэмэгдсэн болохыг нотолж байна. Хариуцагч шинээр бий болсон дотуур байрны багшийн орон тоонд өмнө тус сургуульд сахиулаар ажиллаж байсан Н.Е , манаачаар ажиллаж байсан Ш.Ө, цагийн багшаар ажиллаж байсан К.Н нарыг томилсон юм. Эдгээр хүмүүс нь тус мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төвийн дотуур байрны багшийн ажлын байрны тодорхойлолтод заасан ажлын байрны зорилго, ажлын байрны чиг үүрэг, ажлын байрны гол үйл ажиллагаа, тавигдах шаардлагыг хангахгүй байгаад гомдолтой байна. Ингэхээр Бакалавр зэрэгтэй, түүгээр ч барахгүй эрдмийн зэрэгтэй хүнийг дотуур байрны багшаар ажиллуулахгүй байгаа ажил олгогчийн эс үйлдэл нь шударга ёсонд нийцэхгүй юм.
4. Ажилтан К.А намайг ажлаас чөлөөлсөн тушаал нь эрх зүйн үр дагавар бий болгож буй эрхийн акт учраас эрх зүйн актад тавигдах шаардлагыг бүрэн хангасан байх, ажлаас нь чөлөөлсөн тушаалд баримталсан хуулийн зохицуулалт нь ажилтныг ажлаас чөлөөлөх үндэслэлтэй тохирч Хөдөлмөрийн тухай хуульд нийцсэн байх ёстой. Хариуцагч тус аймгийн МҮСТ-ийн захирал намайг ажлаас чөлөөлсөн тушаалд ажлаас халах үндэслэл болгосон Баян-Өлгий аймгийн Мэргэжил, сургалт үйлдвэрлэлийн төвийн бүтэц, орон тоог батлах тухай Хөдөлмөрийн Сайдын 2015 оны 6 дугаар сарын 29-ний өдрийн А/126 тоот тушаалын хавсралтаар батлагдсан байгууллагын орон тоог хамт олонд танилцуулсан, ажилтан нараас энэ талаар хүсэлт авсан эсэх нь эргэлзээтэй, ажил олгогч маргаан бүхий тушаалдаа байгууллагын дотоод журмын 3.9 дэх хэсэг, 9.2.2 дахь заалт, 9.2.7 дахь хэсгүүдийг үндэслэл болгосон боловч энэ талаар хэрэгт ач холбогдол бүхий нотлох баримт, хэлэлцсэн хурлын тэмдэглэл, ажилтны тайлбар бүхий нотлох баримтыг ажил олгогч гаргаж өгөөгүй юм.
5. К.А миний ажиллаж байсан номын санчийн орон тоо хасагдсан боловч ажил олгогчийн 2014 оны 4 дүгээр сарын 16-ны өдрийн Албан тушаалын зэрэглэл тогтоох, ажил хавсран гүйцэтгүүлэх тухай" 37 дугаар тушаалын 2-т Номын санч К.А д Эрдэм шинжилгээний ажлыг хавсран гүйцэтгүүлсүгэй. 3-т Эрдэм шинжилгээний ажлыг хавсарган гүйцэтгүүлсэн ажил үүргийг үндсэн цалингийн 20 хувиар бодож олгосугай. 4-т Номын санч бөгөөд эрдэм шинжилгээний ажилтан К.А г ТҮСУ-5 зэрэглэлийн 4-р шатлалаар цалинжуулж, дэд докторын нэмэгдлийг 15%- иар, ур чадварын нэмэгдлийг 15%-иар, хавсарган гүйцэтгүүлсэн ажил үүргийг 20%-иар тус тус үндсэн цалингаас бодож олгохыг ерөнхий нябо \Х.Бауыржан\-д зөвшөөрсүгэй. 5. Уг тушаалын 3,4-р хэсгүүдийг 2014 оны 01 дүгээр сарын 01-нээс эхлэн дагаж мөрдсүгэй. гэжээ. Ажил олгогчийн энэхүү тушаал нь хүчингүй болоогүй ба ялангуяа намайг эрдэм шинжилгээний ажлыг хавсран гүйцэтгүүлсэн заалтууд хэвээр байгаа юм. Дээр дурдсан нөхцөл байдал нь ажил олгогчийн "Баян-Өлгий аймаг дахь Мэргэжпийн Сургалт Үйлдвэрлэлийн төвийн захирлын 2015 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 103 дугаартай Хөдөлмөрийн гэрээг цуцалж, ажлаас чөлөөлөх тухай тушаал нь хууль зүйн үндэслэл муутай гэдгийг нотолж байна.
Иймд Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 738 дугаар шийдвэрийн хууль зүйн үндсийг хянан үзээд нэхэмжлэгч К.А миний нэхэмжлэлийн шаардлага болох Баян-Өлгий аймаг дахь Мэргэжлийн Сургапт Үйлдвэрлэлийн төвийн захирлын 2015 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 103 дугаартай Хөдөлмөрийн гэрээг цуцалж, ажлаас чөлөөлөх тухай тушаалыг хүчингүй болгож, Хөдөлмөрийн тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.2 дахь хэсэгт зааснаар Кгын А г Баян-Өлгий аймаг дахь Мэргэжлийн Сургалт Үйлдвэрлэлийн төвийн дотуур байрны багшаар ажиллуулахыг ажил олгогчид үүрэг болгосугай гэсэн өөрчлөлт оруулж өгөхийг хүсэж байна. гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангасан байна.
Нэхэмжлэгч К.А нь хариуцагч Баян-Өлгий аймгийн Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвд холбогдуулан Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвийн дотуур байрны багшийн ажилд томилохыг тус сургуулийн захиралд даалгах тухай шаардлага гаргаж, хариуцагч эс зөвшөөрөн маргасан байна.
Ажил олгогч 2015 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 103 дугаартай Хөдөлмөрийн гэрээг цуцалж, ажлаас чөлөөлөх тухай тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.8, 38 дугаар зүйлийн 38.1.2, 40 дүгээр зүйлийн 40.1.1, 42 дугаар зүйлийн 42.1, байгууллагын дотоод журамын 3.9, 9.2.2, 9.2.7 дахь хсэгүүдийг тус тус үндэслэн Хөдөлмөрийн Сайдын 2015 оны 6 дугаар сарын 29-ний өдрийн А/126 дугаар тушаалаар номын санчийн орон тоог цөөрүүлсэн тул К.А г ажлаас чөлөөлж, хөдөлмөрийн гэрээг цуцалсан байна.
Нэхэмжлэгч К.А нь Хөдөлмөрийн Сайдын 2015 оны 6 дугаар сарын 29-ний өдрийн А/126 дугаар тушаалаар сургуулийн дотуур байрны багшийн орон тоог өмнө 1 байсныг 3-аар нэмж нийт 4 орон тоо болсон тул Хөдөлмөрийн тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.2-д зааснаар сургуулийн дотуур байрны багшийн орон тоонд ажиллах ёстой гэж тайлбарлах боловч уг 3 орон тоонд 2015 оны 9 дүгээр сарын 28-ны өдрийн 80 дугаартай тушаалаар Н.Е , Ш.Ө, 2015 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн 89 дугаартай тушаалаар К.Н нарыг тус тус томилсон болох нь нотлогдсон байна.
Ажилтан К.А нь номын санчийн ажлаас 2015 оны 10 дугаар сарын 29-ний өдөр чөлөөлөгдсөн ба дотуур байрны багшаар Н.Е , Ш.Ө, К.Н нар нэг сарын өмнө томилогдсон болох нь тогтоогдсон тул анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй ба шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.
Нэхэмжлэгч давж заалдах гомдол гаргахдаа Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1.-т заасныг удирдлага болгож, ТОГТООХ нь:
1. Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 738 дугаар шийдвэрийг хэвээр нь үлдээж, нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д зааснаар хариуцагчийн давж заалдах гомдол улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөнийг дурдсугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.1, 172.2.-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч давж заалдах шатны шүүхийн энэ магадлалд шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн, шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан
шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн зэрэг үндэслэлүүдээр, магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ,
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ С.ӨМИРБЕК
ШҮҮГЧИД М.НЯМБАЯР
Д.КӨБЕШ