| Шүүх | Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Мөнхөөгийн Пүрэвсүрэн |
| Хэргийн индекс | 188/2017/0547/э |
| Дугаар | 114 |
| Огноо | 2018-02-01 |
| Зүйл хэсэг | 27.10.3., |
| Улсын яллагч | Д.Батхишиг |
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2018 оны 02 сарын 01 өдөр
Дугаар 114
Б.Бд холбогдох эрүүгийн
хэргийн тухай
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч С.Соёмбо-Эрдэнэ даргалж, шүүгч Н.Батсайхан, М.Пүрэвсүрэн нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
прокурор Б.Батхишиг,
шүүгдэгч Б.Бгийн өмгөөлөгч Б.Чинбат,
хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ч.Дүүрэнжаргал, түүний өмгөөлөгч Т.Баасанжаргал,
нарийн бичгийн дарга Б.Батжаргал нарыг оролцуулан,
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ц.Оюунчимэг даргалж шийдвэрлэсэн шүүх хуралдааны 2017 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 525 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Б.Б, түүний өмгөөлөгч Б.Чинбат нарын гаргасан давж заалдах гомдлуудыг үндэслэн Б.Бд холбогдох 1703000010070 дугаартай эрүүгийн хэргийг 2018 оны 1 дүгээр сарын 15-ны өдөр хүлээн авч, шүүгч М.Пүрэвсүрэнгийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шуудай овгийн Бат-Очирын Б.Б, Хөвсгөл аймгийн Шинэ-Идэр суманд 1981 оны 8 дугаар сарын 3-ны өдөр төрсөн, 36 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эхнэр, хүүхдүүдийн хамт амьдардаг, хэрэгт холбогдох үедээ Сонгинохайрхан дүүргийн 7 дугаар хороо, Мон лаагийн 16-3 тоотод оршин сууж байсан,
2013 онд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.3 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хасч, 3 жил 1 сарын хорих ял шийтгүүлж, уг ялыг тэнсэж 2 жилийн хугацаагаар хянан харгалзсан. /регистрийн дугаар: РУ81080318/
Б.Б нь 2017 оны 8 дугаар сарын 12-ны өдрийн 10 цагийн орчим Сонгинохайрхан дүүргийн 24 дүгээр хорооны нутаг дэвсгэр, “Үрж мөнх манал” нэртэй хүнсний дэлгүүрийн зүүн талын шороон замд “Toyota cresta” загварын, 63-76 ХӨА улсын дугаартай автомашиныг жолоодож явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 2.1-д заасан “Механикжсан тээврийн хэрэгслийн жолооч дараах бичиг баримтыг биедээ авч явна: а/ тухайн тээврийн хэрэгслийн ангилалд тохирох Монгол Улсын үндэсний буюу олон улсын жолоодох эрхийн үнэмлэх”, мөн дүрмийн 9.2-т заасан “Жолооч хөдөлгөөнд аюул, саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасч, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэсэн заалтуудыг зөрчсөний улмаас зам дээр хэвтэж байсан Л.Чийг дайрч амь насыг нь хохироосон гэмт хэрэгт холбогджээ.
Тээврийн прокурорын газраас: Б.Бн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Б.Бг хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний амь нас хохироосон гэмт хэрэгт гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хасч, 2 жил хорих ял оногдуулж, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Б.Бн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хассан нэмэгдэл ялын хугацааг түүнд оногдуулсан 2 жил хорих ялыг эдэлж дууссан үеэс тоолуулахаар тогтоож, шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй, энэ тогтоолоор гаргуулах төлбөргүй, түүний жолоочийн үнэмлэхийг шүүхэд ирүүлээгүй болохыг дурдаж, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ч.Дүүрэнжаргал нь өөрт учирсан бусад хохирлоо нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэйг дурдаж, Ч.Бат-Очирын нэр дээрх №00792069 дугаартай тээврийн хэрэгслийн гэрчилгээг Б.Бд буцаан олгож, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 1 ширхэг “СиДи”-ийг хэрэгт хавсаргаж шийдвэрлэжээ.
Шүүгдэгч Б.Б гаргасан давж заалдах гомдолдоо: “... Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 заалтад “хорих ялын дээд хэмжээг 5 жил хүртэл хугацаагаар тогтоосон гэмт хэрэгт гэмт хэрэг үйлдсэн хүн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн бол 5 жил түүнээс бага хугацаагаар тэнсэж үүрэг хүлээлгэж болно” гэсний дагуу би хорих ял авахгүйн тулд байгаа эд хөрөнгөө зарж борлуулж, хохирлоо сайн дураараа төлж амь насны хохиролд урьдчилгаа 2,000,000 төгрөг өгөөд, үлдсэн 6,000,000 төгрөгийг 6 сарын дотор ажил хийж төлөхөөр хохирогчийн төлөөлөгчтэй сайн дурын үндсэн дээр харилцан тохиролцож, гэрээ хэлцэл байгуулан хохирогчийн зүгээс гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй болсон билээ.
Гэтэл анхан шатны шүүхээс гэмт хэрэг анх гарах болсон санамсар болгоомжгүй нөхцөл байдал гэм буруугийн шинж, гэмт хэргийн ангилал, хохирол төлбөрөө сайн дураар төлсөн, үйлдсэн хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж байгаа байдал, хохирогчийн гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй болсон зэрэг хуульд заасан хөнгөрүүлэх нөхцөл байдлуудыг харгалзан үзэлгүй хорих ял оногдуулсанд гомдолтой байна.
Би эхнэр, бага насны хоёр хүүхэд, тал харвасан төрсөн эх Хандсүрэн нарын хам амьдардаг бөгөөд миний эхнэрийн асаргаанд эх минь байдаг тул ар гэрийн байдлыг харгалзан үзэн, надад оногдуулсан хорих ялыг тэнсэж, хянан харгалзаж өгнө үү...” гэжээ.
Шүүгдэгч Б.Бн өмгөөлөгч Б.Чинбат давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад “хорих ялын дээд хэмжээ 5 жил хүртэл хугацаагаар тогтоосон гэмт хэрэгт, гэмт хэрэг үйлдсэн хүн гэмт хэргийн улмаас учирсан хохирлоо нөхөн төлсөн бол таван жил, түүнээс бага хугацаагаар тэнсэж үүрэг хүлээлгэж болно” гэж заасан тул миний үйлчлүүлэгч Б.Б хорих ял авахгүйн тулд байгаа эд хөрөнгөө зарж борлуулж байж хохирлоо сайн дураараа төлж, амь насны хохиролд урьдчилгаа 2,000,000 төгрөг өгөөд үлдсэн 6,000,000 төгрөгийг 6 сарын дотор ажил хөдөлмөрөө эрхэлж байж төлөхөөр хохирогчтой сайн дурын үндсэн дээр харилцан тохиролцон гэрээ хэлцэл байгуулан, хохирогчийн зүгээс гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй болсон билээ.
Гэтэл анхан шатны шүүхээс гэмт хэрэг анх гарах болсон санамсар болгоомжгүй нөхцөл байдал, гэм буруугийн шинж, гэмт хэргийн ангилал, хохирол төлбөрөө сайн дураараа төлсөн, үйлдсэн хэрэгтээ чин санаанаас гэмшиж байгаа байдал, хохирогчийн зүгээс гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй болсон зэрэг хуульд заасан хөнгөрүүлэх нөхцөл байдлуудыг харгалзан үзэлгүй хорих ялаар шийтгэсэнд гомдолтой байна.
Иймд анхан шатны шүүхээс Б.Бд оногдуулсан хорих ялыг тэнсэж, хянан харгалзаж өгнө үү.” гэв.
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ч.Дүүрэнжаргал тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Шүүгдэгч талаас гаргасан тохиролцъё гэсэн асуудлыг хүлээн зөвшөөрч байгаа.” гэв.
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ч.Дүүрэнжаргалын өмгөөлөгч Т.Баасанжаргал тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Шүүгдэгчийг хорих ял эдлэхээс тэнсэх нь шүүхийн эрх хэмжээний асуудал учраас хэлэх тайлбар байхгүй. Харин шийтгэх тогтоолд тодорхой хэмжээний өөрчлөлт оруулж өгнө үү гэсэн хүсэлтэй байгаа. Хохирогч талаас амь хохирогчийн эмчилгээ болон оршуулгын зардал нийтдээ 6,484,850 төгрөг нэхэмжилсэн. Хэргийг шүүх хэлэлцэх явцад шүүгдэгчийн зүгээс сэтгэл санааны хохирол, амь нас хохирсонтой холбоотой зардалд нийтдээ 8,000,000 төгрөг өгье гээд нийт 14,000,000 гаруй төгрөгийн эд материалын мөнгөн тусламж үзүүлье гэсэн асуудал гаргаад, үүнээсээ 7,500,000 гаруй төгрөг төлсөн. Одоо 6,000,000 гаруй төгрөг үлдсэн. Үүнийгээ 6 сарын хугацаанд төлнө гэж хэлсэн. Хэрэв давж заалдах шатны шүүхээс шүүгдэгчид оногдуулсан хорих ялыг тэнссэн тохиолдолд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх хэсэгт зааснаар гэмт хэргийн хор уршгийг арилгах талаар арга хэмжээ авах үүргийг хүлээлгэж өгнө үү.” гэв.
Прокурор Б.Батхишиг тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “Б.Б урьд 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.3 дахь хэсэгт зааснаар ял шийтгүүлж, эрхээ хасуулсан зэрэг байдлыг нь анхан шатны шүүх харгалзан үзээд биечлэн хорих ял оногдуулахаар шийдвэрлэсэн. Өнөөдрийн шүүх хуралдаанд давж заалдах гомдол, хохирогч талын байр суурь нь биечлэн хорих ял эдлүүлэхгүйгээр Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлд заасныг үндэслээд 6,000,000 төгрөгийг төлөх боломж бололцоо хангах үүднээс тэнсэж, үүрэг хүлээлгэж өгнө үү гэсэн гомдол, тайлбарыг гаргаж байна. Иймд прокурорын зүгээс тусгайлан гаргах саналгүй.” гэв.
ХЯНАВАЛ:
Давж заалдах шатны шүүх, Б.Бд холбогдох хэргийг хэлэлцэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт заасан эрх хэмжээний хүрээнд давж заалдах гомдлын үндэслэлээр хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянан үзэхэд дараах байдал тогтоогдов.
1. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн №1638 дугаар дүгнэлтэд талийгаач Л.Чийг “... цээжний битүү гэмтлийн улмаас уушигны хатгалгаагаар ...” нас барсан гэжээ. Үүнээс үзэхэд хохирогчийн үхлийн шалтгаан болсон уушигны хатгалгаа нь олон хавирганы хугарал, сээрний 12-р нугаламын их бие, бүсэлхийн 1, 2-р нугаламуудын баруун хөндлөн сэртэнгийн хугарал, дэлүүний язрал гэмтэлтэй ямар шалтгаант холбоотойг тодруулаагүйгээс дээрх шинжээчийн дүгнэлт эргэлзээ төрүүлэхээр байна. /хх-67-70/
2. Б.Бг автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын журам зөрчих гэмт хэрэгт буруутгах болсон үндэслэл нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 9.2-т “Жолооч хөдөлгөөнд аюул, саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасч, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэснийг зөрчсөн гэжээ.
Яллагдагч Б.Б “... гудамжнаас гараад зүүн гар тийшээ эргэтэл машины урд дугуй ямар нэгэн зүйл дээр даваад гарсан, толиндоо хартал хүн хэвтэж байсан...” гэж мэдүүлсэн. Өөрөөр хэлбэл зам дээр хүн хэвтэж байгааг яллагдагч хараагүй мэтээр мэдүүлэг өгсөн байна.
Хэргийн газрын үзлэгийн тэмдэглэл болон дүрс бичлэг дээр Б.Бн жолоодож явсан автомашин гудамжны өгсүүр замаас гол зам руу орж зүүн гар тийш эргэх хөдөлгөөн хийсэн байх тул тухайн орчин нөхцөлд зам дээр хэвтэж байгаа хохирогчийг харах боломжтой байсан эсэхийг ижил, төсөөтэй зүйл дээр туршилт хийх замаар тогтоох шаардлагатай.
Эдгээр асуудлууд нь шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийхэд чухал ач холбогдолтой байхад анхан шатны шүүх урьдчилсан хэлэлцүүлэг явуулж, тодруулалгүй орхигдуулсан байх тул шүүхийн тогтоолд дурьдсан дүгнэлт хэргийн жинхэнэ байдалтай нийцээгүй гэж үзнэ.
Иймд шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, Б.Бд холбогдох хэргийг шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгийн шатанд буцаах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.
Хэргийг шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэгт буцаасан тул “... шүүгдэгч Б.Бд оногдуулсан хорих ялыг тэнсэж, үүрэг хүлээлгэх...” талаар гаргасан давж заалдах гомдлуудыг хэлэлцээгүй болохыг дурьдав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 525 дугаар шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, Б.Бд холбогдох хэргийг шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэгт буцаасугай.
2. Хэрэг шүүхэд очтол Б.Бд урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжүүлсүгэй.
3. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ С.СОЁМБО-ЭРДЭНЭ
ШҮҮГЧИД Н.БАТСАЙХАН
М.ПҮРЭВСҮРЭН