Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 08 сарын 10 өдөр

Дугаар 488

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Отгонтуяа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 4 дүгээр танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Б.Э

Хариуцагч: Нийслэлийн Сүхбаатар дүүргийн Засаг дарга болон Нийслэлийн Чингэлтэй дүүргийн Засаг даргад тус тус холбогдох

Нэхэмжлэлийн шаардлага: “Нийслэлийн Чингэлтэй дүүргийн Засаг даргын 2018 оны 07 дугаар сарын 26-ны өдрийн 1/1348, Нийслэлийн Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2018 оны 07 дугаар сарын 30-ны өдрийн 1/2027 дугаар шийдвэрүүдийг тус тус хүчингүй болгуулах, Нийслэлийн Чингэлтэй дүүргийн Засаг даргын Тамгын газрын даргын 2018 оны 07 дугаар сарын 24-ний өдрийн 3/1338 дугаар албан бичгийг хүчингүй болгохыг Чингэлтэй дүүргийн Засаг даргад даалгах” тухай нэхэмжлэлтэй захиргааны хэргийг хянан хэлэлцэв

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Б.Э, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Г.Б, хариуцагч Сүхбаатар дүүргийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.О, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Энхжаргал нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Б.Э шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...2018 оны 07 дугаар сарын 23-ны өдөр Б.Э миний бие “Ёс бусаар алтан амиа алдсан хохирогчдын буянд зориулсан 49 хоногийн зул өргөх ёслолын үйл ажиллагаа”-г 2018 оны 07 дугаар сарын 23-ны өдрийн 08:00 цагаас 2018 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн 20:00 цаг хүртэл хугацаанд Чингэлтэй дүүргийн Хуульчдын гудамжинд байрлах Хэлмэгдэгсдийн хөшөөний өмнө зохион байгуулах хүсэлт гаргасан. Гэвч 2018 оны 07 дугаар сарын 24-ний өдөр Чингэлтэй дүүргийн Засаг даргын Тамгын газраас Жагсаал цуглаан хийх урмын тухай хуулийн 9.2-т заасныг хангаагүй тул хүсэлтийг бүртгэхээс татгалзсан шийдвэр гарсан байна. Ингээд миний бие Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд 2018 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр гомдол гаргасан боловч 2018 оны 07 дугаар сарын 30-ны өдөр харьяалал нь Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх байна хэмээн хариу гарсан. Энэ хугацаанд 2018 оны 07 дугаар сарын 26-ны орой 22:00 цагийн орчим Чингэлтэй дүүргийн Засаг дарга мөн л миний мэдэгдлийг бүртгэхээс татгалзсан шийдвэрийг гаргасан. 

Жагсаал цуглаан хийх мэдэгдлийг хүлээн авахаас татгалзсан үндэслэлийг тухайн хуулийн 10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тодорхой зааж өгсөн байдаг. Дээр дурдсан хуулийн заалтад тухайн хуулийн 9 дүгээр зүйлийн 9.2-т заасан “Жагсаал, цуглаан хийх тухай мэдэгдэлд түүний зорилго, эхлэх, дуусах хугацаа, оролцогчдын баримжаа тоо, хэрэглэх техник хэрэгсэл, цуглах, жагсан явах гудамж, талбай зэргийг тодорхой заана” гэсэн үндэслэл хамаарахгүй байна. 

Миний бие хүсэлтдээ жагсаал хийх зорилго, эхлэх, дуусах хугацаа, оролцогчдын тоо, нэрс, жагсан явах гудамж талбай зэргийг тодорхой заасан байхад ийнхүү удаа дараагийн үйлдлээр эрх бүхий албан тушаалтнууд татгалзсан нь Жагсаал цуглаан хийх журмын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг зөрчиж байна. 2018 оны 07 дугаар сарын 26-ны шөнө миний мэдэгдлийг хүлээн авахаас татгалзсан шийдвэр гаргасан Чингэлтэй дүүргийн Засаг даргын шийдвэрийн дараа миний бие Сүхбаатар дүүргийн нутагт орших Ю.Цэдэнбал агсны хөшөөний өмнө зул асаах, тусгай субъектийг байгуулахыг шаардсан ажиллагааг бүртгэхийг  хүссэн мэдэгдлийг 2018 оны 07 дугаар сарын 07-ны өдөр Сүхбаатар дүүргийн Засаг даргад гаргасан боловч 2018 оны 07 дугаар сарын 30-ны өдрийн мэдэгдлээр Жагсаал цуглаан хийх журмын тухай хуулийн  9 дүгээр зүйлийн 9.2 дахь хэсгийг зөрчиж байх тул бүртгэхээс татгалзаж байна гэдэг мэдэгдлийг хүргүүлсэн. Зул асаах үйл ажиллагааг Жагсаал цуглаан хийх журмын тухай хуулийн цуглаан гэсэн объект эрхэд тооцон түүнд нийцүүлэхийг шаардаж байгаа нь хууль буруу хэрэглэж байгааг харуулж байна. Гэвч миний бие эрх баригч нарын хүсэлтэд өөрийн үйл ажиллагааг нийцүүлэн мэдэгдэл хүргүүлсэн боловч 9 дүгээр зүйлийн 9.2 дахь хэсэгт нийцэхгүй байна гэж хэлэн Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 16.16 дахь хэсэгт заагдсаныг дүүргийн Засаг дарга болон Тамгын газрууд зөрчиж байна. Мөн жагсаал цуглаан бүртгэх үүргийг “... зөвшөөрөл олгох” эрхтэй андуурч, хүч хэрэглэхээр заналхийлж байгаад гомдолтой байна” гэв. 

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч: 2018 оны 07 дугаар сарын 23-ны өдрийн Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрт байрлах Хэлмэгдэгсдийн хөшөөнд зул өргөх ёслол хийсэн. Гэтэл тус дүүргийн Цагдаагийн 1 дүгээр хэлтсийн дарга н.Найдансүрэн энэхүү ажиллагааг Жагсаал цуглаан хийх журмын тухай хуулиар зохицуулагдана. “Зул өргөх” ажиллагааг цуглаан гэж үзнэ хэмээн тайлбарласан. Хэдийгээр “Зул өргөх” ажиллагааг цуглаан гэж үзэх хууль зүйн тайлбар байхгүй боловч “...майхан барьсан, майхандаа хүний зураг тавьсан байгаа нь үзэл бодлоо илэрхийлж буйг харуулж байна “ гэж маргасан. Иймд бид эрх бүхий албан тушаалтны тавьсан шаардлагад нийцүүлэн Чингэлтэй дүүргийн Засаг даргад Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1-д зааснаар 3 өдрийн дотор жагсаал, цуглаан хийх тухайгаа мэдэгдэж, бүртгүүлэхээр хандсан. Гэтэл 2018 оны 07 дугаар сарын 23-ны өдрийн хүсэлтийн хариуг 24-ний өдөр өгөхдөө Чингэлтэй дүүргийн Тамгын газрын дарга нь татгалзсан хариу өгсөн. Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.3 дахь хэсэгт дүүргийн Засаг дарга хариу өгөхөөр зохицуулсан байхад Тамгын газар хариу өгсөн нь хууль зөрчсөн гэж үзсэн. Тамгын газар нь дотогшоо чиглэсэн шийдвэр гаргах эрхтэй болохоос гадагшаа нийтэд чиглэсэн шийдвэр гаргах эрхгүй. Ингээд 2018 оны 07 дугаар сарын 25-ны шөнийн 22 цаг 30 минутад 1/1348 дугаар албан бичгээр Чингэлтэй дүүргийн Засаг даргын ажлын алба нь дүүргийн Тамгын газар гэх тайлбарыг хийж, Тамгын газраас гаргасан шийдвэрийг дагаж мөрдөхгүй бол албадан буулгах болохыг мэдэгдсэн байсан. Чингэлтэй дүүргийн Цагдаагийн 1 дүгээр хэлтсээс албадан тараах мэдэгдэл хүргүүлсэн. Тус цуглаанд оролцогчдын тоо, цаг хугацаа, зорилго зэргийг нэг бүрчлэн хүсэлтдээ тусгасан байсан. Гэтэл үүнийг тодорхой бус гэж үзэж татгалзсан. Хэрэв тодорхой бус бол Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4-т “Засаг дарга нь зохион байгуулагчтай уулзана...” гэж заасны дагуу уулзах хүсэлт гаргахад Засаг дарга огт уулзахгүй байсан. Энэ нь Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 16.16-д заасан “жагсаал, цуглаан хийх эрхтэй” гэснийг зөрчсөн. Хуулийг буруу тайлбарлах замаар бидний эрхийг зөрчсөн. Ингээд шөнө шийдвэр гарсны дагуу салхинаас хамгаалж барьсан майхныг буулгаж, лам нарын уншиж эхэлсэн номыг зогсоосон тул Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт байрлах Ю.Цэдэнбал гуайн хөшөөний ард очиж байрласан. Ингээд Сүхбаатар дүүргийн Засаг даргад үргэлжлүүлэн зул өргөх ёслол үйлдэхээр хүсэлтээ гаргасан боловч мөн хуулийн 9 дүгээр зүйлийн 9.2-т заасны дагуу татгалзсан. Үүний дараа мөн хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4-т зааснаар биечлэн уулзах хүсэлт гаргасан боловч мөн хүлээж аваагүй. Ингээд Үндсэн хуульд заасан эрх зөрчигдсөн гэж үзэж, Жагсаал, цуглаан хийх тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.2 дахь хэсгийг баримтлан шүүхэд хандаж байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү”, 

Нэхэмжлэлийн шаардлагаа Чингэлтэй дүүргийн Засаг даргын Тамгын газрын даргын 2018 оны 07 дугаар сарын 24-ний өдрийн 3/1338 дугаар албан бичгийг хүчингүй болгохыг Чингэлтэй дүүргийн Засаг даргад даалгах гэж нэхэмжлэлийн шаардлагаа тодруулж байна” гэв.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Б-с шүүхэд бичгээр ирүүлсэн тайлбартаа: “...Б.Э нь Хэлмэгдэгсдийн хөшөөний урд 2018 оны 07 дугаар сарын 23-ны өдрийн 07:40 цагаас эхэлж “Бид хүнлэг ардчилсан нийгэмд амьдраад байна уу, хүйтэн хэлмэгдэлтийн 1937 онд амьдраад байна”, “Улсын Их хурлын дарга М.Э******* та 2017 оны 05 дугаар сарын 18-ны өдөр юу хийчих вэ? Хууль хүн бүрд тэгш үйлчлэх ёстой, хохирогчид цаашид нэмэгдэх ёсгүй” гэх утга бүхий хулдаасан хэвлэл 4-н талд 2*2 метрийн хэмжээтэй асрыг босгож, асар дотор олон тооны зул асаан зөвшөөрөлгүй жагсаал, цуглаан зохион байгуулж байсныг Чингэлтэй дүүргийн Цагдаагийн нэгдүгээр хэлтсийн бие бүрэлдэхүүн очин Жагсаал цуглаан хийх журмын тухай хуулийн дагуу харьяа дүүргийн Засаг даргад мэдэгдэн бүртгүүлэх талаар шаардлага тавьсны дагуу Б.Эаас 2018 оны 07 дугаар сарын 23-ны өдрийн 08:00 цагаас 2018 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн 20:00 цаг хүртэл 24 цагаар 7 хүний бүрэлдэхүүнтэйгээр тусгай субъектийг шалгах газар байгуулах мөн ёс бусаар амиа алдсан хохирогчдын буянд зориулсан зул өргөх ёслолын үйл ажиллагаа зохион байгуулах хүсэлт гаргасан. 

Ирсэн хүсэлтийг судалж үзэн хууль, тогтоомжийн дагуу дүүргийн Засаг даргын Тамгын газрын даргын 2018 оны 07 дугаар сарын 24-ний өдрийн 3/1338 дугаар албан бичгээр бүртгэж авахаас татгалзсан хариуг өгсөн. Энэхүү албан бичгийг хүлээн авснаас хойш 2018 оны 07 дугаар сарын 24-ний өдрийн 16:44 цагт иргэн Б.Э дүүргийн Засаг даргад хандан өмнөх зорилго, агуулгатай ижил хүсэлтийг өгсний дагуу холбогдох хууль тогтоомжийн дугаар судалж холбогдох хэлтэс, аж ахуйн нэгж, төрийн байгууллагуудаас тодруулга, санал авч дүүргийн Засаг даргын Тамгын газрын даргын 2018 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн 3/1347 дугаар албан бичгээр Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.2-т заасан шаардлага хангаагүй тул бүртгэх боломжгүй, хууль зөрчсөн үйл ажиллагааг таслан зогсоох тухай хугацаатай мэдэгдэл гардуулан өгсөн. 

Дээрх мэдэгдлийг хүлээн авсан Б.Э*******ийн өмгөөлөгч Г.Б цагдаагийн байгууллагын албан хаагч нартай уулзан хуульд дүүргийн Засаг дарга бүртгэж авах, эс бүртгэх асуудлыг шийдвэрлэх ёстой тийм байтал дүүргийн Засаг даргын Тамгын газрын дарга хариу өгсөн энэ мэдэгдлийг хүлээн зөвшөөрөхгүй Засаг даргаас албан бичиг ирсэн тохиолдолд үйл ажиллагааг зогсооно гэж мэдэгдсэний дагуу дүүргийн Засаг даргын 2018 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн 1/1348 дугаар албан бичгээр Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 3, 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдал бий болсон талаар анхааруулж хууль зөрчсөн үйл ажиллагааг зогсоох талаар мэдэгдэл хүргүүлсний дагуу иргэд сайн дураараа үйл ажиллагаагаа зогсоосон болно. 

Иймд Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1, 9.2, 11 дүгээр зүйлийн 3, 4 дэх хэсэгт заасныг зөрчиж үйл ажиллагааг зохион байгуулсан тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй тул хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв. 

Хариуцагч Сүхбаатар дүүргийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс шүүхэд бичгээр ирүүлсэн болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... 2018 оны 07 дугаар сарын 26-ны өдөр Б.Эаас ёс бусаар алтан амиа алдсан хохирогчдын буянд зориулсан 49 хоногийн зул өргөх ёслолын үйл ажиллагааг Сүхбаатар дүүргийн Драмын театрын урд талбайд байрлах Цэдэнбалын хөшөөний өмнө зохион байгуулах гэж байгаа тухай хүсэлтийг холбогдох хууль тогтоомжийн дагуу бүртгэж авахаас татгалзсан болно. 

Мөн 2018 оны 07 дугаар сарын 31-ний өдөр Б.Эаас дүүргийн Засаг даргад мэдэгдэл хүргүүлсэн уг мэдэгдэл нь хуульд нийцсэн тул 2018 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн 1/2055 дугаар албан бичгээр уг зул өргөх арга хэмжээг 07 дугаар сарын 31-ний өдрийн 00:00 цагаас 08 дугаар сарын 07-ны өдрийн 00:00 цаг хүртэл бүртгэж авсан. 

2018 оны 08 дугаар сарын 03-ны өдөр Б.Эаас 2018 оны 08 дугаар сарын 07-ны өдрийн 00:00 цагаас 2018  оны 08 дугаар сарын 14-ний өдрийг дуустал үргэлжлүүлэх тухай мэдэгдлийг судалж үзээд бүртгэж авсан болно. 

2018 оны 08 дугаар сарын 09-ний өдрийн 09:19 минутад нэхэмжлэгч Б.Этай утсаар холбогдоход танай байгууллагаас гарсан анхны албан бичигт гомдол гаргасан. Түүнээс хойш удаа дараа бүртгүүлээд үйл ажиллагаа хэвийн явагдаж байгаа тул бид гомдолгүй танайхаас хариу тайлбараа гаргаад өг. Танай дээр нээх асуудал байхгүй гэж хэлсэн. 

Иймд Б.Эийн Сүхбаатар дүүргийн Засаг даргад холбогдох Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2018 оны 07 дугаар сарын 26-ны өдрийн 1/2027 дугаар шийдвэрийг хүчингүй болгуулах тухай хүсэлтийг эс зөвшөөрч байна” гэв. 

Хариуцагч Сүхбаатар дүүргийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4 дэх хэсэгт зааснаар биечлэн уулзах хүсэлт гаргасан гэж тайлбарлаж байна. Гэхдээ манайд огт ийм хүсэлт ирээгүй болно. Засаг даргын татгалзсан үндэслэл нь тус хуулийн 9 дүгээр зүйлийн 9.2 дахь хэсэгт зааснаар татгалзсан бөгөөд жагсаал, цуглааныг бүртгэж авахдаа Төрийн тусгай хамгаалалт, Цагдаагийн газар, Тагнуулын ерөнхий газартай холбогдож, тодорхой санал авснаар бүртгэдэг. Үүний дагуу Төрийн тусгай хамгаалалтын газраас ямар нэг албан ёсны айлчлал, төрийн өндөр дээд хэмжээний айлчлал байгаа эсэх талаар тодруулахад “49 хоногийн хугацаа нь урт хугацаа тул тодорхой хариу өгөх боломжгүй” гэж мэдэгдсэн. Сүхбаатар дүүргийн Цагдаагийн 1 дүгээр хэлтэст хандахад “.... М.Э******* гуайн зургийг тавьж, доор нь асуултын тэмдэг тавьсан байсан. Үүнийгээ тусгасан эсэхийг тодруулсан байсан. Бид үүнийг судалж үзэхэд хэн нэг албан тушаалтны хөрөг зургийг тавих талаар огт тусгаагүй байсан. Дээрх үндэслэлүүдээр бид тухайн цуглааныг бүртгэхээс татгалзсан. 2018 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн Сүхбаатар дүүргийн Засаг даргын 1/2027 тоот албан бичгийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч н.Хулан гэгчид гардуулсан байдаг. Тэгэхдээ цуглаан хийх хүсэлтээ 7 хоногоор гаргаад, тухай бүрт нь бид бүртгэх боломжтой гэдгээ мэдэгдсэн. Мөн М.Э******* гуайн зургийг тавихгүй байх талаар мэдэгдсэн. Үүний дагуу тус Цагдаагийн хэлтсээс шаардсан. Үүнийг хүлээн зөвшөөрч, байхгүй болгосон байсан. Иймээс 2018 оны 07 дугаар сарын 31-ний өдөр нэхэмжлэгчээс Сүхбаатар дүүргийн Засаг даргад цуглааныг 7 хоногоор сунгах бичиг ирүүлсэн.  Энэ хүсэлтийг 2018 оны 08 дугаар сарын 03-ны өдрийн албан бичгээр бүртгэсэн гэдгээ мэдэгдсэн. Одоо ч мөн 7 хоногоор хүсэлтээ гаргаад, бид түүнийг зохих журмын дагуу бүртгэж авсаар байгаа. Иймд дээрх албан бичгийг хүчингүй болгуулах шаардлагагүй гэж үзэж байна” гэв. 

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Б.Эаас анх шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа “Нийслэлийн Чингэлтэй дүүргийн Засаг даргын Тамгын газрын даргын 2018 оны 07 дугаар сарын 24-ний өдрийн 3/1338, Нийслэлийн Чингэлтэй дүүргийн Засаг даргын 2018 оны 07 дугаар сарын 26-ны өдрийн 1/1348, Нийслэлийн Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2018 оны 07 дугаар сарын 30-ны өдрийн 1/2027 дугаар шийдвэрүүдийг тус тус хүчингүй болгуулах” гэж тодорхойлж байсан бөгөөд шүүх хуралдааны хэлэлцүүлгийн явцад түүний өмгөөлөгчөөс “Нийслэлийн Чингэлтэй дүүргийн Засаг даргын Тамгын газрын даргын 2018 оны 07 дугаар сарын 24-ний өдрийн 3/1338 дугаар албан бичгийг хүчингүй болгуулах” шаардлагаа “Чингэлтэй дүүргийн Засаг даргын Тамгын газрын даргын 2018 оны 07 дугаар сарын 24-ний өдрийн 3/1338 дугаар шийдвэрийг хүчингүй болгохыг Чингэлтэй дүүргийн Засаг даргад даалгах” гэж тодруулсан болно.

Шүүхээс хариуцагч Нийслэлийн Чингэлтэй дүүргийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Б-д шүүх хуралдааны товыг мэдэгдсэн боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хүрэлцэн ирээгүй, мөн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Э нь шүүх хуралдааныг хойшлуулах тухай хүсэлтийг шүүхэд ирүүлсэн боловч хүндэтгэн үзэх шалтгаанаа нотолсон баримтыг ирүүлээгүй тул Г.Эыг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд хүрэлцэн ирээгүй гэж үзэн түүний хүсэлтийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж, хэргийн оролцогчдоос гаргасан хүсэлтийн дагуу Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 91 дүгээр зүйлийн 91.4, 91.5-д заасныг баримтлан Чингэлтэй дүүргийн засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүхэд урьд гаргасан тайлбарыг шүүх хуралдаанд гаргасантай адилтган үзэж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарыг оролцуулалгүйгээр шүүх хуралдааныг үргэлжлүүлэн хэргийг хянан шийдвэрлэлээ. 

1.Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлд “Монгол Улсын иргэн дараахь үндсэн эрх, эрх чөлөөг баталгаатай эдэлнэ” гэж, мөн зүйлийн 16-д “...тайван жагсаал, цуглаан хийх эрх чөлөөтэй...” гэж заажээ. 

Мөн Жагсаал цуглаан хийх журмын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 1-д “Монгол Улсын иргэдээс улс төр, нийгэм,эдийн засаг, хүний эрх, эрх чөлөөтэй холбогдсон асуудлаар үзэл бодол, санал, шаардлагаа нийтэд илэрхийлэх зорилгоор зохион байгуулж байгаа үйл ажиллагааг цуглаан гэнэ”, 4 дүгээр зүйлийн 1-д “Жагсаал, цуглааныг Монгол Улсын иргэн, ... зохион байгуулах эрхтэй” гэж тус тус заасан ба нэхэмжлэгч Б.Эаас дээрх хуульд заасан эрх, эрх чөлөөгөө хэрэгжүүлэн “Тусгай субъектийг шалгах газрыг байгуулахыг шаардах” зорилго бүхий “Ёс бусаар алтан амиа алдсан хохирогчдын буянд зориулсан 49 хоногийн зул өргөх ёслолын үйл ажиллагаа” буюу цуглааныг 2018 оны 07 дугаар сарын 23-ны өдрийн 08:00 цагаас 2018 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн 20 цаг хүртэл хугацаанд 24 цагаар Нийслэлийн Чингэлтэй дүүргийн Хуульчдын гудамжинд байрлах Хэлмэгдэгсдийн хөшөөний өмнө зохион байгуулах тухай хүсэлт, мэдэгдлийг 2018 оны 7 дугаар сарын 23-ны өдөр Нийслэлийн Чингэлтэй дүүргийн Засаг даргад гаргасан байна. 

Нийслэлийн Чингэлтэй дүүргийн Засаг даргын тамгын газрын дарга А.Д*******оос “...хүсэлт нь Жагсаал цуглаан хийх журмын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 2-т заасан шаардлагыг хангаагүй тул бүртгэх боломжгүй” гэсэн 2018 оны 7 дугаар сарын 24-ний өдрийн 3/1338 дугаар албан бичгийг;

Нийслэлийн Чингэлтэй дүүргийн Засаг дарга Ж.Э-аас “...таны ирүүлсэн өргөдлийг Засаг даргын ажлын албанаас холбогдох байгууллагуудтай хамтран судлан бүртгэх боломжгүй, хууль зөрчсөн үйл ажиллагаагаа зогсоох талаар мэдэгдэл хүргүүлсэн байна, ...хууль зөрчсөн үйл ажиллагаагаа үргэлжлүүлбэл холбогдох хууль, тогтоомжийн дагуу арга хэмжээ авахыг анхааруулж байна” гэх агуулга бүхий 2018 оны 7 дугаар сарын 25-ны өдрийн 1/1348 дугаар албан бичгийг тус тус нэхэмжлэгч Б.Эд хүргүүлж, түүний жагсаал цуглаан хийх хүсэлтийг /мэдэгдлийг/ бүртгэхээс татгалзжээ.

Нэхэмжлэгч, түүний өмгөөлөгчөөс дээрх 1/1348 дугаар албан бичгийг хүчингүй болгуулах, 3/1338 дугаар албан бичгийг хүчингүй болгохыг хариуцагч Засаг даргад даалгах нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “...хуульд цуглаан хийх мэдэгдлийг Засаг дарга бүртгэхээр заасан байхад Засаг даргын тамгын газрын дарга өөрт олгогдоогүй эрх хэмжээний асуудлаар бүртгэхээс татгалзсан албан бичгийг, мөн Засаг даргаас тамгын газрын даргынхаа хууль зөрчсөн албан бичгийг дэмжсэн, албадан тараана гэсэн агуулга бүхий хариуг өгч, үндэслэлгүйгээр бүртгэхээс татгалзаж жагсаал, цуглаан хийх эрхийг зөрчсөн” гэх агуулгаар тайлбарлан маргаж байна.

2. Жагсаал цуглаан хийх журмын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 1-д “Гудамж, талбайд жагсаал, цуглаан хийх тухай мэдэгдлийг сум, дүүргийн Засаг даргад өгч бүртгүүлнэ” гэж заасныг зөрчин Дүүргийн Засаг даргын ажлын албаны удирдах албан тушаалтан болох Засаг даргын тамгын газрын даргаас “цуглаан хийх тухай мэдэгдлийг бүртгэхээс татгалзсан” 2018 оны 7 дугаар сарын 24-ний өдрийн 3/1338 дугаар албан бичгийг нэхэмжлэгчид хүргүүлсэн болох нь тогтоогддог хэдий ч уг албан бичгээр Б.Эын Чингэлтэй дүүргийн Хуульчдын гудамжинд байрлах Хэлмэгдэгсдийн хөшөөний өмнө зохион байгуулсан цуглааныг албадан тараасан эрх зүйн үр дагавар шууд бий болоогүй, Чингэлтэй дүүргийн Засаг даргын тамгын газрын даргын энэхүү албан бичиг нь захиргааны актын шинжийг бүрэн агуулаагүй байх тул Нийслэлийн Чингэлтэй дүүргийн Засаг даргын Тамгын газрын даргын 2018 оны 07 дугаар сарын 24-ний өдрийн 3/1338 дугаар албан бичгийн улмаас нэхэмжлэгч иргэн Б.Эын цуглаан хийх эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдөөгүй байна гэж үзэн нэхэмжлэгчийн энэ шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.

3. Чингэлтэй дүүргийн Засаг даргын 2018 оны 7 дугаар сарын 25-ны өдрийн 1/1348 дугаар албан бичгийг хүчингүй болгуулах” шаардлагын талаар 

Чингэлтэй дүүргийн Засаг дарга Ж.Э-аас 2018 оны 7 дугаар сарын 25-ны өдрийн 1/1348 дугаар албан бичгээр нэхэмжлэгч Б.Эын хүсэлтийн хариуг өгсөн ба уг албан бичигт “...таны ирүүлсэн өргөдлийг Засаг даргын ажлын албанаас холбогдох байгууллагуудтай хамтран судлан бүртгэх боломжгүй, хууль зөрчсөн үйл ажиллагаагаа зогсоох талаар мэдэгдэл хүргүүлсэн байна, ...хууль зөрчсөн үйл ажиллагаагаа үргэлжлүүлбэл холбогдох хууль, тогтоомжийн дагуу арга хэмжээ авахыг анхааруулж байна” гэж дурджээ.

Жагсаал цуглаан хийх журмын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 1-д “Гудамж, талбайд жагсаал, цуглаан хийх тухай мэдэгдлийг сум, дүүргийн Засаг даргад өгч бүртгүүлнэ” гэж, мөн хуулийн 10 дугаар зүйлийн 1-д “Жагсаал, цуглаан хийх тухай мэдэгдэл хүлээн авсан Засаг дарга дор дурдсан үндэслэл байвал түүнийг хийхийг бүртгэхээс татгалзсан шийдвэр гаргаж, энэ хуулийн 9 дүгээр зүйлийн З дахь хэсэгт заасан хугацаанд жагсаал, цуглаан зохион байгуулагчид бичгээр мэдэгдэнэ” гэж тус тус зааснаас үзвэл жагсаал, цуглаан хийх мэдэгдлийг дүүргийн Засаг дарга бүртгэх, хэрэв бүртгэхээс татгалзвал татгалзсан үндэслэлийг заасан албан бичгийг цуглаан зохион байгуулагчид хүргүүлэхээр байна. 

Гэвч дээрх албан бичгийн агуулгаас үзвэл хариуцагч Чингэлтэй дүүргийн Засаг дарга нь тамгын газрын даргынхаа өөрт хамаарахгүй асуудлаар хууль зөрчин гаргасан захиргааны актыг хамгаалсан, цуглаан хийхийг хориглосон, хариуцлага тооцохыг мэдэгдсэн буюу нэхэмжлэгчид дарамт үүсгэсэн актыг гаргасан, уг актын улмаас нэхэмжлэгчийн хуульд зааснаар олгогдсон “цуглаан хийх эрх, хууль ёсны ашиг сонирхлыг” зөрчин түүний зохион байгуулж байсан цуглааныг тараасан эрх зүйн үр дагаварыг шууд бий болгосон байна. 

Жагсаал цуглаан хийх журмын тухай хуулийн 10 дугаар зүйлд заасан бүртгэхээс татгалзах үндэслэл тогтоогдсон тохиолдолд хариуцагч Засаг даргаас нэхэмжлэгчийн цуглаан зохион байгуулах субъектив эрхэд халдах буюу цуглааныг бүртгэхээс татгалзах үндэслэл бий болохоор байгааг дурдах нь зүйтэй ба хариуцагч нь маргаан бүхий 1/1348 дугаар албан бичигтээ Жагсаал цуглаан хийх журмын тухай хуулийн 10 дугаар зүйлийн аль хэсгийг үндэслээгүй, өөрөөр хэлбэл ийм үндэслэл тогтоогдоогүй байхад цуглаан хийх тухай мэдэгдлийг бүртгэхээс хууль бусаар татгалзаж нэхэмжлэгч иргэн Б.Эын Монгол Улсын Үндсэн хуульд зааснаар олгогдсон “Монгол Улсын иргэний тайван жагсаал, цуглаан хийх” үндсэн эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн хууль бус захиргааны актыг гаргасан байх тул хариуцагчийн гаргасан 2018 оны 7 дугаар сарын 25-ны өдрийн 1/1348 дугаар албан бичгийг хүчингүй болгож шийдвэрлэх нь үндэслэлтэй байна.

5. Нэхэмжлэгч Б.Эаас “Ёс бусаар алтан амиа алдсан хохирогчдын буянд зориулсан 49 хоногийн зул өргөх ёслолын үйл ажиллагаа”-г 2018 оны 07 дугаар сарын 26-ны өдрийн 08:00 цагаас 2018 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн 20 цаг хүртэл хугацаанд Нийслэлийн Сүхбаатар дүүргийн Драмын театрын урд талбайд байрлах Цэдэнбалын хөшөөний өмнө зохион байгуулах тухай хүсэлтийг Нийслэлийн Сүхбаатар дүүргийн Засаг даргад гаргасан ба Сүхбаатар дүүргийн Засаг даргаас “...таны хүсэлт Жагсаал цуглаан хийх журмын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.2 дахь зүйлд заасан шаардлагыг хангахгүй байна” гэх агуулга бүхий 2018 оны 7 дугаар сарын 30-ны өдрийн 1/2027 дугаар албан бичгийг Б.Эд хүргүүлэн түүний хүсэлтийг бүртгэхээс татгалзжээ.

Жагсаал цуглаан хийх журмын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 1-д “Жагсаал, цуглаан хийх тухай мэдэгдэл хүлээн авсан Засаг дарга дор дурдсан үндэслэл байвал түүнийг хийхийг бүртгэхээс татгалзсан шийдвэр гаргаж, энэ хуулийн 9 дүгээр зүйлийн З дахь хэсэгт заасан хугацаанд жагсаал, цуглаан зохион байгуулагчид бичгээр мэдэгдэнэ”, мөн хуулийн 9 дүгээр зүйлийн 2-т “Жагсаал, цуглаан хийх тухай мэдэгдэлд түүний зорилго, эхлэх, дуусах хугацаа, оролцогчдын баримжаа тоо, хэрэглэх техник хэрэгсэл, цуглах, жагсан явах гудамж, талбай зэргийг тодорхой заана” гэж тус тус заасан байна.

Нэхэмжлэгч Б.Эын Сүхбаатар дүүргийн Засаг даргад гаргасан хүсэлт /мэдэгдэл/-ээс үзвэл цуглаан хийх зорилгыг: “Тусгай субъектийг шалгах газар байгуулах” гэж, эхлэх дуусах хугацааг “2018 оны 07 дугаар сарын 26-ны өдрийн 08:00 цагаас 2018 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн 20 цаг хүртэл” гэж, нийт 5 оролцогчийн нэр мэдээллийг тусган, цуглаанд хэрэглэгдэх эд зүйлийн жагсаалтыг гарган, цуглаан болох талбайг “Сүхбаатар дүүргийн Драмын театрын талбайн урд талбайд байрлах Цэдэнбалын хөшөөний өмнө” гэж тус тус тодорхойлон заасан байх ба өөрөөр хэлбэл хүсэлтэд /мэдэгдэл/ Жагсаал цуглаан хийх журмын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан мэдээллийг бүрэн тусгасан байна. Иймд хуулийн 9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан шаардлагыг хангасан мэдэгдлийг гаргасаар байхад түүнийг бүртгэхээс татгалзсан нь хууль бус байх тул Сүхбаатар дүүргийн Засаг даргын гаргасан 2018 оны 7 дугаар сарын 30-ны өдрийн 1/2027 дугаар албан бичгийн улмаас нэхэмжлэгч иргэн Б.Эын Монгол Улсын Үндсэн хуульд зааснаар олгогдсон “Монгол Улсын иргэний тайван жагсаал, цуглаан хийх” үндсэн эрх, эрх чөлөө, Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуульд заасан цуглаан зохион байгуулах эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчигдсөн гэж үзэх үндэслэлтэй, хариуцагчийн 1/2027 дугаар албан бичгийг хүчингүй болгож шийдвэрлэв.

Шүүх нэхэмжлэгч, хариуцагчийн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, татгалзлыг хэрэгт авагдсан бөгөөд шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудтай харьцуулан судалж, нотлох баримтыг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, эргэлзээгүй талаас нь үнэлж, нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагаас “Чингэлтэй дүүргийн Засаг даргын Тамгын газрын даргын 2018 оны 7 дугаар сарын 24-ний өдрийн 3/1338 дугаар албан бичгийг хүчингүй болгохыг Чингэлтэй дүүргийн засаг даргад даалгах” шаардлагыг хэрэгсэхгүй болгон, үлдэх шаардлагууд болох Чингэлтэй дүүргийн Засаг даргын 2018 оны 7 дугаар сарын 25-ны өдрийн 1/1348 дугаар, Сүхбаатар дүүргийн Засаг даргын гаргасан 2018 оны 7 дугаар сарын 30-ны өдрийн 1/2027 дугаар албан бичгүүдийг тус тус хүчингүй болгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэлээ. 

 

                 Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1,106.2, 106.3.1, 106.3.13 дахь хэсгүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 16,  Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Б.Э-н нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж “Нийслэлийн Чингэлтэй дүүргийн Засаг даргын 2018 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн 1/1348 дугаар албан бичиг, Нийслэлийн Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2018 оны 07 дугаар сарын 30-ны өдрийн 1/2027 дугаар албан бичгийг тус тус хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх “Чингэлтэй дүүргийн Засаг даргын Тамгын газрын даргын 2018 оны 07 дугаар сарын 24-ний өдрийн 3/1338 дугаар албан бичгийг хүчингүй болгохыг Чингэлтэй дүүргийн Засаг даргад даалгах” шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай. 

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 /далан мянга хоёр зуун/ төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Нийслэлийн Сүхбаатар дүүргийн Засаг даргаас 35100 /гучин таван мянга, нэг зуун/, хариуцагч Нийслэлийн Чингэлтэй дүүргийн Засаг даргаас 35100 /гучин таван мянга, нэг зуун/ төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч Б.Э-д олгосугай.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч 14 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                   С.ОТГОНТУЯА