Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2018 оны 09 сарын 27 өдөр

Дугаар 001/ХТ2018/01267

 

“Т” ХХК-ийн Орхон салбарын

нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

         Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Г.Алтанчимэг, Б.Ундрах, Д.Цолмон, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Орхон аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн            

         2018 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 142/ШШ2018/00115 дугаар шийдвэр,

    Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 

         2018 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн 50 дугаар магадлалтай,

         Нэхэмжлэгч: “Т” ХХК-ийн Орхон салбар

         Хариуцагч: Т.С, Б.Ц нарт холбогдох

    Б.Цгийн тэтгэврийн орлогоор зээлийн үүргийн гүйцэтгэлийг хангуулах, зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүргийн үнийн дүн 12.726.789,07 төгрөг, нотариатын зардал 7.500 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

         Хариуцагч нарын төлөөлөгч Ё.М хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн

         Шүүгч Б.Ундрахын илтгэснээр хянан хэлэлцэв.

      Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Ж, нарийн бичгийн даргад Г.Наранхүү нар оролцов.

         Нэхэмжлэгч талын нэхэмжлэл болон тайлбарт: Т.С 2014-11-27-ны өдөр Тны Орхон салбарын Зэст тооцооны төвөөс зээлийн гэрээ байгуулан 15 сая төгрөгийн цалингийн зээл авсан. Мөн 2016-10-27-ны өдөр Тны Орхон салбарын Зэст тооцооны төвөөс зээлийн гэрээ байгуулан 1.140.000 төгрөгийн нэмэлт зээл авч нийт 13.440.000 төгрөгийг жилийн 21,6 хувийн хүүтэй, 36 сарын хугацаатай авсан. Зээлийн үүргийн гүйцэтгэлд цалин болон өөрийн эзэмшлийн гэрийн тавилга эд хогшил, хөдлөх хөрөнгө бүгдийг барьцаалсан. Зээлдэгч зээлийн гэрээний 3.2.3-г зөрчиж, зээлээ хуваарийн дагуу төлөөгүй. Зээл төлөх мэдэгдэл  өгсөн  төлөлт хийгдээгүй. Иймд Б.Цгийн тэтгэврийн орлогоор зээлийн үүргийн гүйцэтгэлийг хангуулж, 2017-10-30-ны өдрийн байдлаар үндсэн зээл 11.489.064,97 төгрөг, хүү 1.237.724,10 төгрөг, нийт 12.726.789,07 төгрөг, нотариатын зардал 7.500 төгрөгийн хамт гаргуулж өгнө үү гэжээ.

        Хариуцагч нарын төлөөлөгч хариу тайлбартаа: Т.С 2014-11-27-ны өдөр Тнаас 15 сая төгрөгийн цалингийн зээлийг хамтран зээлдэгчгүй авсан. Б.Цгийн хувьд Т.Сын цалингийн зээлийн гэрээнд хамтран зээлдэгчээр 2016-10- 27-ны өдөр  гэрээ байгуулан 1.140.000 төгрөгийн нэмэлт зээл авахад  гарын үсэг зурсан боловч тухайн үед банкны зүгээс “...зээл гаргахын тулд заавал хамтран зээлдэгчээр гарын үсэг зуруулдаг...” гэж хэлсэн байдаг. Зээлийн гэрээнд гарын үсэг зурахдаа ирээдүйд гарах үр дагаврын талаар тайлбарлаагүй бөгөөд банк болон үндсэн зээлдэгч хоёрын хооронд үүссэн зээлийн гэрээний үр дүнг бий болгохын тулд гарын үсэг зуруулж тухайн цалингийн зээлийг зээлдэгч Т.Сад банк гаргаж өгсөн.  Т.С тухайн цалингийн зээлийг өөрийн дансруугаа шилжүүлэн авч хувийн хэрэгцээндээ ашигласан.  12.726.789 төгрөгийн зээлийг Б.Ц захиран зарцуулаагүй, банк зээлийг Б.Цд өгөөгүй, Б.Ц аваагүй юм.  Үндсэн зээлдэгч нь өнөөдрийн байдлаар хөдөлмөр эрхэлж байгаа бөгөөд зээлийн төлбөрөө төлөх боломжтой. Зээлийн төлбөрийг хамтран зээлдэгчийн тэтгэврийн орлогоос гаргуулах тухай нэхэмжлэл үндэслэлгүй тул зээлийн төлбөрийг Т.Саас гаргуулах нь зүйтэй гэжээ.

       Орхон аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 142/ШШ2018/00115 дугаар шийдвэрээр Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.1, 452.2, 453 дугаар зүйлийн 453.1-д заасныг баримтлан Т.С, Б.Ц нараас 12.734.289 төгрөг гаргуулж “Т” ХХК-ийн Орхон салбарт олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 218.580 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч нараас 218.580 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид  олгож шийдвэрлэсэн байна.

        Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн 50 дугаар магадлалаар Орхон аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 142/ШШ2018/00115 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “...Монгол Улсын Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.1, 452.2, 453 дугаар зүйлийн 453.1-д зааснаар хариуцагч Т.С, Б.Ц нараас 12.734.289 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Тны Орхон салбарт олгосугай ...” гэснийг “...Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.1, 452.2, 453 дугаар зүйлийн 453.1-д зааснаар хариуцагч Т.С, Б.Ц нараас үндсэн зээл 11.489.064 төгрөг, зээлийн хүү 1.237.724 төгрөг, нотариатын зардал 7.500 төгрөг нийт 12.734.289 төгрөг гаргуулж нэхэмжлэгч “Т” ХХК-ийн Орхон салбарт олгосугай ...” гэж, 2 дахь заалтад “...нэхэмжлэлийн шаардлагаас хамтран зээлдэгч Б.Цгийн тэтгэврийн орлогоор зээлийн үүргийн гүйцэтгэлийг хангуулах хэсгийг хэрэгсэхгүй болгосугай ...” гэж нэмэлт оруулж, 2, 3, 4 дүгээр заалтыг 3, 4, 5 дугаар заалт болгон тус тус өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээжээ.

        Хариуцагч нарын төлөөлөгч хяналтын гомдолдоо: Б.Ц шийдвэр, магадлалыг эс зөвшөөрч байгаа. Давж заалдах шатны шүүх Б.Цгийн  гомдол баримтаар  тогтоогдоогүй гэсэн нь үндэслэлгүй  байна. Учир нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлд заагдсан зээлийн гэрээ Т.С, Тны салбартай хийсэн бөгөөд зээлийн гэрээний талууд нь Т.С, Тны салбар юм. Зээлийн гэрээний зохицуулалтаар зээлдэгч зээлээ гэрээнд заасан хугацаанд төлөх үүрэгтэй. Үндсэн зээлдэгч нас барсан эсхүл хөдөлмөрийн чадваргүй болж цалингийн зээл төлөх боломжгүй болсон нөхцөлд хамтран зээлдэгч төлбөрийг төлөхөөр зээлэнд зохицуулалт хийсэн гэж үзэж байна. Иргэний хууль болон Банкны тухай хуулинд хамтран зээлдэгч гэсэн зохицуулалт байхгүй байдаг. Т.С цалингийн зээлээ ажилгүй байх хугацаандаа төлөөгүй бөгөөд ажил хөдөлмөр эрхэлж эхэлсэн хугацаанаасаа эхлэн төлөлтийг бага дүнгээр төлөх тухай санал удаа дараа тавьж байсан. Энэхүү саналыг “...хүлээн зөвшөөрөх боломжгүй, харин ээжийнхээ тэтгэврийг банкруу шилжүүлээд тэтгэврийн зээл авахуулж зээлээ төл... эсвэл ээжийг чинь шүүхэд өгнө...” гэсэн шаардлага тавьсан. Т.С зээлийг өөрөө төлөхийг зөвшөөрдөг. Б.Ц нь Т.С 2016-10- 27-ны өдөр зээлийг 1.140.000 төгрөгөөр нэмэх үед хамтран зээлдэгч болсон.  Т.С 2014-11-27-ны өдрийн 3107-98 дугаартай зээлийн гэрээг ганцаараа хийж 15 сая төгрөг зээлсэн.   2016-12-04-ний өдрийн гэрээгээр 9.900.000 төгрөгийн зээлийн үлдэгдэл дээр нэмж зээл авсан байдаг. 2016-10-27-ны өдрийн гэрээгээр 1 140 000 төгрөг нэмж авах үед Б.Ц гарын үсэг зурсан байдаг. Гэтэл шүүх нэхэмжлэлийн нийт үнийн дүнг Б.Цд хувааж шийдвэрлэсэн нь буруу юм. Цалингийн зээл гэдэг бол тухайн зээлдэгчийн ажил эрхлэлтийг үндэслэн түүнд зээл олгосон. Харин хамтран зээлдэгчийн ажил эрхлэлтийг судлаагүй бөгөөд Т.Сын авсан зээл түүний ажил эрхлэлтийн байдлаас олгосон цалингаасаа төлөх зээл юм. Т.С нь ажил эрхэлж байгаа тул цалингийн зээлээ төлөх боломжтой. Мөн өөрийн өмчлөлийн машинаа худалдсан байгаа учир машин зарсан мөнгө орж ирэхээр нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн төлөх боломжтой юм. Шүүх Иргэний хуулийн 1.2-т заасан хуулийн зохицуулалтыг зөрчиж хариуцагчийн үүргийг тодорхойлж чадаагүй байна. Иргэний хуулийн 13.2-т заасны дагуу зээлдэгч Т.С нь өөрийн хүсэл зоригийн дагуу зээлийг өөрөө авч хэрэглэсэн бөгөөд зээлийг өөрөө төлөх бүрэн боломжтой хамтран зээлдэгчээр төлүүлэхийг хүлээн зөвшөөрөхгүй зөвхөн өөрөө төлөхийг хүлээн зөвшөөрсөн байхад шүүх хүлээн авч дүгнэлт өгөөгүй нь Иргэний хуулийг ноцтой зөрчиж байна. Иймд төлбөрийг Т.Саас гаргуулахаар шийдвэрлэж өгнө үү.” гэжээ.

ХЯНАВАЛ:

        Тны Орхон салбар 2017 оны 12 дугаар сарын 18-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргаж, Т.С, Б.Ц нараас үндсэн зээл 11,489,064.97 төгрөг, хүү 1,237,724.10 төгрөг, нийт 12,726,789.07 төгрөгийг нотариатын зардал 7,500 төгрөг болон улсын тэмдэгтийн хураамж 218,580 төгөргийн хамт гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг Б.Цгийн тэтгэврийн орлогоор хангуулахыг шаардсан байна. /хх 1/ 

       Хариуцагч нарын төлөөлөгч маргахдаа “.../хх 37-39/ зээлийг Б.Цгаас шаардсаныг зөвшөөрөхгүй...зээлийг Т.С авсан...” гэжээ .

       Анхан шатны шүүх нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэснийг давж заалдах шатны шүүх хянаж, шийдвэрийн тогтоох хэсэгт найруулгын өөрчлөлт оруулсан байна. 

       Хяналтын шатны шүүхэд гаргасан хариуцагч нарын төлөөлөгчийн гомдлыг хангах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

      1. Хоёр шатны шүүх Б.Цд холбогдох шаардлагыг шийдвэрлэхдээ Иргэний хуулийн 211, 242, 451 дүгээр зүйлийн зохицуулалтыг хэрэглээгүй байна.

       Хэрэгт авагдсан баримтаас үзвэл, нэхэмжлэгч нь Т.С 2014-11-27-ны өдөр 15,000,000 төгрөгийг нэг жилийн 16,8 хувийн хүүтэй 36 сарын хугацаатай зээлснээс гадна 2016-02-04-ны өдөр 5,000,000 төгрөгийг 2014-11-27-ны өдрийн  зээлийн гэрээний үлдэгдэл 9,900,000 төгрөг дээр нэмж нийт 14,900,000 төгрөг зээлсэн байдлаар гэрээ хийжээ. /хх 6-7, 8-10/ Түүнчлэн, Т.С 2016-10-27-ны өдрийн гэрээгээр 1,140,000 төгрөгийг 2016-02-04-ны өдрийн зээлийн гэрээний үлдэгдэл 12,300,000 төгрөг дээр нэмж нийт 13,440,000 төгрөгийг нэг жилийн 21,60 хувийн хүүтэй 36 сарын хугацаатай зээлсэн /хх 11-14/ бөгөөд  хамтран зээлдэгч нь Б.Ц гэжээ.   

       Нэхэмжлэгч 2014-11-27-ны өдрийн гэрээгээр 15,000,000 төгрөг, 2016-02-04-ны өдрийн гэрээгээр 5,000,000 төгрөг, 2016-10-27-ны өдрийн гэрээгээр 1,140,000 төгрөг зээлүүлэхдээ зээлийн мөнгөний үнийн дүнд өмнөх зээлийн үлдэгдлийг оруулан тооцож, зээл өгсөн байдлаар гэрээ хийдэг байсан нь тогтоогдсон байна.       

       Банкнаас зээл олгох гэрээгээр зээлдүүлэгч нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар, зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээнэ.

       Нэхэмжлэгч нь Т.Сад зээл олгохдоо үүргийн гүйцэтгэлийг хангах зорилгоор  Б.Цгаар гэрээнд гарын үсэг зуруулсан үйл баримтыг зохигч нар үгүйсгээгүй, 1,140,000 төгрөгийг Б.Цд хүлээлгэн өгсөн баримт хэрэгт байхгүй тул Б.Цг Тны Орхон салбараас мөнгө зээлсэн гэж үзэх үндэслэлгүй байна. 

        Иймд Б.Цд холбогдох нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох тухай хариуцагч нарын төлөөлөгчийн гомдлыг хангах нь зүйтэй юм.  

        2. Тны Орхон салбарын нэхэмжлэлийг Т.С татгалзаагүй бөгөөд   2014-11-27, 2016-02-04, 2016-10-27-ны өдрийн зээлийн гэрээний үүрэгтэй холбоотой тооцоог шүүхэд гаргаж өгөөгүй тул Т.Саас үндэс зээлийн үлдэгдэл 11,489,064.97 төгрөг, хүү 1,237,724.10 төгрөг нийт 12,726,789 төгрөгт холбогдох нэхэмжлэлийг анхан шатны шүүх хангасан нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйл, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 42 дугаар зүйлийн  42.3, 42.4-д нийцсэн гэж дүгнэв.

        Харин нотариатын зардалд нэхэмжлэгч 7.500 төгрөг шаардсаныг шүүх хангасан байх бөгөөд энэ талаар хариуцагч нар гомдол гаргаагүй байна.   

        Дээр дурдсан үндэслэлээр Т.Саас зээлийн үүрэгт 12,726,789 төгрөг, нотариатын зардалд 7500 төгрөг нийт 12,734,289 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгох, нэхэмжлэлээс Б.Цд холбогдох шаардлагыг  хэрэгсэхгүй болгох, хэргийг хянан шийдвэрлэх хуулийн зүйл, хэсэг, заалтыг зөвтгөх, улсын тэмдэгтийн хураамжийг нэхэмжлэлийг хангагдсан хэмжээгээр  хуваарилах өөрчлөлтийг шийдвэр, магадлалд оруулна.

        Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ :

        1. Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн 50 дугаар магадлалын тогтоох хэсгийн 1 дэх заалт, Орхон аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 142/ШШ2018/00115 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “... Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.1, 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт заасныг баримтлан Т.Саас 12,734,289 төгрөг гаргуулан Тны Орхон салбарт олгож, Б.Цд холбогдох нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай...” гэж, 2 дахь заалтын “...Т.С, Б.Ц нараас...” гэснийг “...Т.Саас...” гэж өөрчилж, шийдвэр болон магадлалын бусад заалтуудыг хэвээр үлдээсүгэй.  

        2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн  59 дүгээр зүйлийн 59.3-т заасныг баримтлан хариуцагчаас хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2018 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр төлсөн 116.824 төгрөгийг Б.Цд захирамжаар буцааж олгосугай.  

                                 ТАНХИМЫН ТЭРГҮҮН                           Х.СОНИНБАЯР

                                  ШҮҮГЧ                                                     Б.УНДРАХ