| Шүүх | Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дашцэрэнгийн Ренченхорол |
| Хэргийн индекс | 186/2020/0481/Э |
| Дугаар | 552 |
| Огноо | 2020-07-08 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | М.Энхбаатар |
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2020 оны 07 сарын 08 өдөр
Дугаар 552
2020 07 08 2020/ШЦТ/552
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Ренченхорол даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Мөнхбадрал,
улсын яллагч М.Энхбаатар,
шинжээч Б.Даваасүрэн,
хохирогчийн өмгөөлөгч Ц.Батбаяр /ҮД:1002/,
шүүгдэгч: Г.А /өмгөөлөгчгүй оролцох хүсэлт гаргасан/ нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Нийслэлийн Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Г.А-д холбогдох эрүүгийн 2011 00179 0123 дугаартай хэргийг 2020 оны 06 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Холбогдсон хэргийн талаар /Яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/;
Шүүгдэгч Г.А нь архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2020 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр Чингэлтэй дүүргийн 17 дугаар хороо,Сурагчийн 82 дугаар гудамжны 971 тоотод байх гэртээ иргэн Ц.Даваажаргалтай маргалдаж улмаар түүний нүүрэн тус газарт цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Шүүгдэгч Г.А нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “…Би гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Би хохирогч Даваажаргалын эмчилгээний зардалд 1.400.000 төгрөг өгсөн. Бэлэн бусаар 376.000 төгрөгөөр эм тариа авч өгсөн, эмчилгээнд л гэж өгсөн...” гэв.
Шинжээч эмч Б.Даваасүрэн шүүхэд мэдүүлэхдээ:
Нүдний ухархайд хагалгаа хийж имплант хийлгэсэн нь гэмтлийн зэрэгт нөлөөлөхгүй гэж мэдүүлсэн болно.
Мөн шүүх хуралдаанаар хавтаст хэргийн материалаас дараах бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Хохирогч Ц.Даваажаргалын “...2020 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр 15 цагийн үед би эхнэр Мөнгөнцэцэгийн хамтаар хамаатан Г.А-гийн гэрлүү эхнэр, хүүхдийн хамтаар очсон юм...Ингээд Г.А-гийн эхнэр бид хоёрыг ирсэн гээд Тайга нэртэй архи задалж, уг архийг Г.А бид хоёр хувааж уусан. Ингээд би дэлгүүрээс авсан Соёрхол нэртэй архиа задлаад сууж байтал манай эхнэр Мөнгөнцэцэг, Г.А-гийн эхнэр Батцэцэг нар гараад явсан. Тэгээд удалгүй орж ирэхдээ дэлгүүрээс пиво, архи авчихсан орж ирсэн...Тэгсэн манай эхнэр Мөнгөнцэцэг Г.А-д хандан “ээж чинь хавдартай байна гэсэн. Ах дүүсээрээ нийлж байгаад эмчилгээнд оруулъя, шинжилгээ өгч хавдар мөн эсэхийг тогтоодог” гэсэн гэж хэлсэн. Тэгсэн Г.А уйлаад “одоо тэгээд би яахын” гээд сэтгэл санаагаар унахад манай эхнэр Мөнгөнцэцэг, Батцэцэг нар Г.А-гийн 2 талд нь суугаад Г.А-г тайвшруулсан. Тэгсэн манай эхнэр Мөнгөнцэцэг, Батцэцэг нар гадаа гарч бие засахаар гарсан хойгуур нь би Г.А-д хандан “хэдүүлээ бөөнөөрөө байхад болно. Манай хадам ээж ч гэсэн үүнийг сонсчихоод 2 хоног нойргүй хоносон” гэж хэлэхэд Г.А миний өөдөөс “миний ээж яачихаад байгаа юм бэ” гээд үгийн зөрөөгүй нэг удаа шанаадахад би Г.Ад хандан “чи яасан гэж намайг цохиж байгаа юм бэ” гэхэд Г.А “би та нарыг ална шүү” гээд намайг дахин шанаадаж цохиход би газар унахад гаднаас манай эхнэр Мөнгөнцэцэг, Батцэцэг нар орж ирээд манай эхнэр Мөнгөнцэцэг цээжээрээ намайг тэврээд Г.А-д хандан “чи яагаад манай нөхрийг цохиж байгаа юм бэ” гэж хэлсэн. Тэгсэн Г.А “яадгийн, би та нарыг бүгдийг чинь ална, тэр хадам ахдаа хэлээрэй” гээд Г.А хөлөөрөө миний нүүрэн тус газарт 2 удаа дэвссэн...” гэх мэдүүлэг. /хх-ийн 11-12-р хуудас/,
Гэрч А.Батцэцэгийн “...Мөнгөнцэцэг манай нөхөрт хандан “танай ээж одоо хорт хавдартай, гэтэл чи энд архи уугаад байж байдаг, арчаагүй юм.” гэсэн утгатай зүйл ярихад манай нөхөр Г.А Мөнгөнцэцэгт хандан “чи одоо юу яриад байгаа юм бэ” гэхэд Ц.Даваажаргал дундуур орж ирээд эхнэрээ өмөөрөөд “үнэн юм чинь” гээд хоорондоо маргалдсан. Манай нөхөр уурлаад Даваажаргалын нүд рүү нь гараараа 2 удаа цохиход Даваажаргал газарт унасан...” гэх мэдүүлэг /хх-ийн 19-20-р хуудас/,
Гэрч Ж.Мөнгөнцэцэгийн “...би Г.А-д санаа зовоод “ээж чинь хорт хавдартай гэсэн, хэдүүлээ бөөндөө эмчлүүлье” гэж хэлсэн. Тэгсэн Г.А 2 гараа саваад сууж байсанаа огцом босож ирж уурлаад байсан ба Батцэцэг надад хандан “чи яах гэж хэлж байгаа юм бэ” гэхэд нь би Г.Аг мэдэж байгаа юм байх л гэж бодсон ш дээ гэж хэлсэн. Ингээд Батцэцэг “намайг гарч тамхи татая” гэхэд нь хамт гараад тамхи татаж байхдаа “одоо нээх юм битгий ярь, нэг уурлахаар яадаг билээ чи мэднэ биз дээ” гэж хэлсэн. Ингээд Батцэцэгтэй тамхи татаад буцаад гэрлүү ороход манай нөхөр Даваажаргал том өрөөний шалан дээр уначихсан байхаар нь би гүйж очоод нөхөрөө хамгаалахад Г.А манай нөхөр Ц.Даваажаргалын дээрээс хөлөөрөө дэвсээд байхаар нь би салгаж нөхөрөө аваад явсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 21-23-р хуудас/,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмч Б.Даваасүрэнгийн 2020 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 1456 дугаартай “...Ц.Даваажаргалын биед баруун нүдний ухархайн дотор хананы цөмөрсөн хугарал, баруун дээд зовхинд шарх, баруун нүдний алим, баруун дээд, доод зовхинд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрхи гэмтэл нь гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэх шинжээчийн дүгнэлт /хх-ийн 29-30-р хуудас/,
шүүгдэгч урьд ял шийтгэгдэж байсан эсэхийг шалгах хуудас /хх 63/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх 49/, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт /хх 50/, эд хөрөнгөтэй эсэх дэлгэрэнгүй лавлагаа /хх 51/, оршин суугаа газрын тодорхойлолт /хх 52/, Хаан банкны дансны хуулга /хх 53-54/ зэргийг шинжлэн судлалаа.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтууд нь хэргийг шийдвэрлэхэд хангалттай, хэргийн бүрдэл хангагдсан, шүүгдэгчийн үйлдэлд прокуророос зүйлчилсэн хуулийн зүйл хэсэг тохирсон байна гэж шүүх дүгнэлээ.
Шүүгдэгч Г.А нь архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2020 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр Чингэлтэй дүүргийн 17 дугаар хороо,Сурагчийн 82 дугаар гудамжны 971 тоотод байх гэртээ иргэн Ц.Даваажаргалтай маргалдаж улмаар түүний нүүрэн тус газарт цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь хавтаст хэрэгт цуглуулж бэхжүүлэгдсэн хохирогч Ц.Даваажаргалын “...Г.А миний өөдөөс “миний ээж яачихаад байгаа юм бэ” гээд үгийн зөрөөгүй нэг удаа шанаадахад би Г.А-д хандан “чи яасан гэж намайг цохиж байгаа юм бэ” гэхэд Г.А “би та нарыг ална шүү” гээд намайг дахин шанаадаж цохиход би газар унахад гаднаас манай эхнэр Мөнгөнцэцэг, Батцэцэг нар орж ирээд манай эхнэр Мөнгөнцэцэг цээжээрээ намайг тэврээд Г.Ад хандан “чи яагаад манай нөхрийг цохиж байгаа юм бэ” гэж хэлсэн. Тэгсэн Г.А “яадгийн, би та нарыг бүгдийг чинь ална, тэр хадам ахдаа хэлээрэй” гээд Г.А хөлөөрөө миний нүүрэн тус газарт 2 удаа дэвссэн...” гэх мэдүүлэг. /хх-ийн 11-12-р хуудас/, гэрч А.Батцэцэгийн “...Мөнгөнцэцэг манай нөхөрт хандан “танай ээж одоо хорт хавдартай, гэтэл чи энд архи уугаад байж байдаг, арчаагүй юм.” гэсэн утгатай зүйл ярихад манай нөхөр Г.А Мөнгөнцэцэгт хандан “чи одоо юу яриад байгаа юм бэ” гэхэд Ц.Даваажаргал дундуур орж ирээд эхнэрээ өмөөрөөд “үнэн юм чинь” гээд хоорондоо маргалдсан. Манай нөхөр уурлаад Даваажаргалын нүд рүү нь гараараа 2 удаа цохиход Даваажаргал газарт унасан...” гэх мэдүүлэг /хх-ийн 19-20-р хуудас/, гэрч Ж.Мөнгөнцэцэгийн “...би Г.А-д санаа зовоод “ээж чинь хорт хавдартай гэсэн, хэдүүлээ бөөндөө эмчлүүлье” гэж хэлсэн. Тэгсэн Г.А 2 гараа саваад сууж байсанаа огцом босож ирж уурлаад байсан ба Батцэцэг надад хандан “чи яах гэж хэлж байгаа юм бэ” гэхэд нь би Г.А-г мэдэж байгаа юм байх л гэж бодсон ш дээ гэж хэлсэн. Ингээд Батцэцэг “намайг гарч тамхи татая” гэхэд нь хамт гараад тамхи татаж байхдаа “одоо нээх юм битгий ярь, нэг уурлахаар яадаг билээ чи мэднэ биз дээ” гэж хэлсэн. Ингээд Батцэцэгтэй тамхи татаад буцаад гэрлүү ороход манай нөхөр Даваажаргал том өрөөний шалан дээр уначихсан байхаар нь би гүйж очоод нөхөрөө хамгаалахад Г.А манай нөхөр Ц.Даваажаргалын дээрээс хөлөөрөө дэвсээд байхаар нь би салгаж нөхөрөө аваад явсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 21-23-р хуудас/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмч Б.Даваасүрэнгийн 2020 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 1456 дугаартай “...Ц.Даваажаргалын биед баруун нүдний ухархайн дотор хананы цөмөрсөн хугарал, баруун дээд зовхинд шарх, баруун нүдний алим, баруун дээд, доод зовхинд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрхи гэмтэл нь гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэх шинжээчийн дүгнэлт /хх-ийн 29-30-р хуудас/ зэрэг хавтаст хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Иймд шүүгдэгч Г.А-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна гэж дүгнэв.
Мөн шүүх хуралдаанд шүүгдэгч өмгөөлөгчгүй орох хүсэлт гаргаж, өөрөө өөрийгөө өмгөөлж, гэм буруу болон хэргийн зүйлчлэлийн талаар маргаагүй хүлээн зөвшөөрч оролцсон болно.
Шүүх шүүгдэгч Г.А-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хувь хүний байдал зэрэг нөхцөл байдлуудыг харгалзан 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ял оногдуулахаар шийдвэрлэв.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.А-д оногдуулсан торгох ялыг 5 сарын хугацаанд хэсэгчлэн төлөх хугацаа тогтоож, тогтоосон хугацаанд торгуулийн ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг тайлбарлав.
Хохирогч Ц.Даваажаргал нь эмчилгээний төлбөр, цалин хөлс гэж 3 409 075 төгрөг нэхэмжилсэн боловч хавтаст хэрэгт баримтаар 2.376.360 төгрөг нэхэмжилсэн байна.Шүүгдэгч Г.А нь 1.400.000 төгрөг төлсөн байх тул шүүгдэгч Г.А-гаас нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 976.360 төгрөгийг гаргуулж хохирогч Ц.Даваажаргал /РД: /ОЭ83080194/ Баянгол дүүргийн 12 дугаар хороо, 16-53 тоотод оршин суух хаягтай/-д олгох нь зүйтэй байна.
Шүүгдэгч Г.А нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд хөрөнгө битүүмжлээгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.3, 36.5, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 38.2 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Г.А-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.А-г 500 /таван зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.А-д оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон үеэс 5 /тав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.А нь торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар сольж болохыг сануулсугай.
5.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.А-гаас 976.360 төгрөгийг гаргуулж хохирогч Ц.Даваажаргал /РД: /ОЭ83080194/ Баянгол дүүргийн 12 дугаар хороо, 16-53 тоотод оршин суух хаягтай/-д олгосугай.
5. Шүүгдэгч Г.А нь цагдан хоригдсон хоноггүй. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, хэрэгт эд хөрөнгө битүүмжлээгүй болохыг тус тус дурдсугай.
6. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд прокурор, дээд шатны прокурор, оролцогч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэйг дурьдсугай.
7. Гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Г.А-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.РЕНЧЕНХОРОЛ