Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 07 сарын 08 өдөр

Дугаар 554

 

 

 

 

 

 

  2020        07          08                                   2020/ШЦТ/554

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Ренченхорол даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Лувсаншарав, 

улсын яллагч Г.Ууганбаатар,

  шүүгдэгч Э.Х /өмгөөлөгчгүй оролцох хүсэлт гаргасан/ нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд хялбаршуулсан журмаар нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар, 

Нийслэлийн Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн   Э.Хэд холбогдох эрүүгийн 2011 00943 0607 дугаартай хэргийг 2020 оны 07 дугаар сарын 03-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Холбогдсон хэргийн талаар /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/;

Шүүгдэгч Э.Х нь 2020 оны 04 дүгээр сарын 09-ний өдөр Чингэлтэй дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт С.Отгонтулгатай маргалдан улмаар гараараа нүүрэн тус газар нь цохиж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Э.Х нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Мөрдөн шалгах ажиллагааны үед бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Би гэм буруугаа хүлээн зөвшөөр байгаа. Дахин гэмт хэрэгт холбогдохгүй. Нэмж мэдүүлэх зүйлгүй...” гэв.

Мөн шүүх хуралдаанаар хавтаст хэргийн материалаас дараах бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав. 

Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тухай тэмдэглэл /хх-ийн 6 дугаар хуудас/,

Хохирогч С.Отгонтулгын “...2020 оны 4 дүгээр сарын 9-ний өдөр найз Э.Х болон Хашбилэг нар утсаар ярьж байгаад намайг гэрээс ирж авсан. Тухайн үед Э.Х бага зэрэг халамцуу, машиныг нь Хаш-Эрдэнэ барьж байсан. Тэр хооронд Э.Х бид хоёр 1 шил архи хувааж уусан бөгөөд Э.Х, Хашбилэг бид 3 хамт Чингэлтэй дүүргийн 7 дугаар хороо Зурагтын ойролцоо байдаг Хуягаа гэх залуугийн гэрийн гадаа ирээд бид нар 0.75 литрийн 1 шил архи машин дотор хувааж уусан. Тэгээд Э.Хтэй ам зөрөлдөөд улмаар хоорондоо зодолдсон. Уг гэмтлийг Э.Х учруулсан, Э.Х миний нүд рүү гараараа цохисон. Яг хэдэн удаа цохисоныг нь санахгүй байна. Надад гомдол, санал нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 8-9 дүгээр хуудас/,

Гэрч С.Хашбилэгийн “...Отгонтулга Э.Х нар хоорондоо хэрүүл маргаан хийгээд зодолдоод эхэлсэн. Тэгээд Хуягаа бид 2 тэр хоёрыг салгаж байсан чинь Э.Хийн машины цонхыг хагалчих гээд байхаар нь би машиныг нь унаад Э.Х-ийг гэрт нь хургэж өгнө гээд явж байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 14 дүгээр хуудас/,

Гэрч Б.Эрдэнэхуягийн “...Улмаар Э.Х Отгонтулга хоёр маргалдаад барилцаж аваад бие биенийгээ 2-3 удаа гараараа цохисон. Тэр үед Хаш-Эрдэнэ бид 2 зодооныг салгасан..." гэх мэдүүлэг /хх-ийн 19 дүгээр хуудас/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2020 оны 4 дүгээр сарын 17-ны өдрийн №4660 тоот шинжээчийн “...С.Отгонтулгын биед баруун нүдний алимны салстын цус харвалт, дээд, доод зовхины цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэх дүгнэлт /хх-ийн 25 дугаар хуудас/,

Шүүгдэгчийн урьд ял шийтгэгдэж байсан эсэхийг шалгах хуудас /хх 37/, оршин суух газрын тодорхойлолт /хх 44/, иргэний үнэмлэхний лавлагаа /хх 43/, ажлын газрын тодорхойлолт /хх 26/, Чингэлтэй дүүргийн прокурорын газрын хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх тухай 2020 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн 166 дугаар тогтоол /хх 69/, шүүгдэгч, хохирогч нарын гаргасан хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай хүсэлт /хх 64-65/ зэргийг шинжлэн судлалаа.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хэргийг шийдвэрлэхэд хангалттай, хэргийн бүрдэл хангагдсан, шүүгдэгчийн үйлдэлд прокуророос зүйлчилсэн хуулийн зүйл хэсэг тохирсон байна гэж шүүх дүгнэлээ.

Шүүгдэгч Э.Х нь 2020 оны 04 дүгээр сарын 09-ний өдөр Чингэлтэй дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт С.Отгонтулгатай маргалдан улмаар гараараа нүүрэн тус газар нь цохиж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь мөрдөн шалгах ажиллагааны явцад хавтаст хэрэгт цуглуулж бэхжүүлэгдсэн гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тухай тэмдэглэл /хх-ийн 6 дугаар хуудас/, хохирогч С.Отгонтулгын “...2020 оны 4 дүгээр сарын 9-ний өдөр найз Э.Х болон Хашбилэг нар утсаар ярьж байгаад намайг гэрээс ирж авсан. Тухайн үед Э.Х бага зэрэг халамцуу, машиныг нь Хаш-Эрдэнэ барьж байсан. Тэр хооронд Э.Х бид хоёр 1 шил архи хувааж уусан бөгөөд Э.Х, Хашбилэг бид 3 хамт Чингэлтэй дүүргийн 7 дугаар хороо Зурагтын ойролцоо байдаг Хуягаа гэх залуугийн гэрийн гадаа ирээд бид нар 0.75 литрийн 1 шил архи машин дотор хувааж уусан. Тэгээд Э.Хтэй ам зөрөлдөөд улмаар хоорондоо зодолдсон. Уг гэмтлийг Э.Х учруулсан, Э.Х миний нүд рүү гараараа цохисон. Яг хэдэн удаа цохисоныг нь санахгүй байна. Надад гомдол, санал нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 8-9 дүгээр хуудас/, гэрч С.Хашбилэгийн “...Отгонтулга Э.Х нар хоорондоо хэрүүл маргаан хийгээд зодолдоод эхэлсэн. Тэгээд Хуягаа бид 2 тэр хоёрыг салгаж байсан чинь Э.Хийн машины цонхыг хагалчих гээд байхаар нь би машиныг нь унаад Э.Хийг гэрт нь хургэж өгнө гээд явж байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 14 дүгээр хуудас/, гэрч Б.Эрдэнэхуягийн “...Улмаар Э.Х Отгонтулга хоёр маргалдаад барилцаж аваад бие биенийгээ 2-3 удаа гараараа цохисон. Тэр үед Хаш-Эрдэнэ бид 2 зодооныг салгасан..." гэх мэдүүлэг /хх-ийн 19 дүгээр хуудас/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2020 оны 4 дүгээр сарын 17-ны өдрийн №4660 тоот шинжээчийн “...С.Отгонтулгын биед баруун нүдний алимны салстын цус харвалт, дээд, доод зовхины цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэх дүгнэлт /хх-ийн 25 дугаар хуудас/ зэрэг шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.   

Хохирогч С.Отгонтулга нь “...Надад одоо гомдол санал байхгүй нэхэмжлэх зүйлгүй бид эвлэрсэн....” гэх тул гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршиг арилсан, шүүгдэгч Э.Х нь бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

Иймд шүүх шүүгдэгч Э.Х-ийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгийн торгох ял шийтгэв. Ингэхдээ хуульд заасан торгох ял оногдуулах талаар гаргасан улсын яллагчийн санал буюу түүнийг зөвшөөрч шүүгдэгчийн гарын үсэг зурсан тэмдэглэл зэргийг харгалзав.

Түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хүндрүүлэх, болон хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдав.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Х-эд оногдуулсан торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг тайлбарлав.

Шүүгдэгч Э.Х нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд хөрөнгө битүүмжлээгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдав.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 38.2 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч  Э.Х-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Х-ийг 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Х-эд оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон үеэс 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Х нь торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар сольж болохыг сануулсугай.

5. Шүүгдэгч Э.Х нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, хэрэгт эд хөрөнгө битүүмжлээгүй болохыг тус тус дурдсугай.

6. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд прокурор, дээд шатны прокурор, оролцогч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэйг дурьдсугай.

7. Гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Э.Х-эд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй. 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                             Д.РЕНЧЕНХОРОЛ