Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 07 сарын 09 өдөр

Дугаар 555

 

 

 

 

 

 

   2020        07          09                                   2020/ШЦТ/555

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Ренченхорол даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Мөнхбадрал, 

улсын яллагч П.Итгэл,

  шүүгдэгч У.Б /өмгөөлөгчгүй оролцох хүсэлт гаргасан/ нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд хялбаршуулсан журмаар нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар, 

Нийслэлийн Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн   У.Б-д холбогдох эрүүгийн 2011 00000 0689 дугаартай хэргийг 2020 оны 07 дугаар сарын 07-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Холбогдсон хэргийн талаар /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/;

Шүүгдэгч У.Б нь архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2020 оны 06 дугаар сарын 09-ний өдөр Чингэлтэй дүүргийн 9 дүгээр хороо,Чингэлтэйн 19 дүгээр гудамжны 486 тоотод бэр О.Наранчимэгтэй маргалдан улмаар түүний үснээс зулгааж газарт унаган зүүн шуу ясны далд хугарал бүхий эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.   

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч У.Б нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Мөрдөн шалгах ажиллагааны шатанд бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Би гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Нэмж мэдүүлэх зүйл байхгүй...” гэв.

Мөн шүүх хуралдаанаар хавтаст хэргийн материалаас дараах бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав. 

Иргэн О.Наранчимэгээс Чингэлтэй дүүрэг дэх цагдаагийн газрын нэгдүгээр хэлтэст гаргасан гэмт хэргийн талаарх гомдол /хх-ийн 1-р хуудас/,

Хохирогч О.Наранчимэгийн “...2020 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн орой 19:00 цагт ажлаасаа тараад гэртээ иртэл манай нөхрийн ихэр дүү У.Б, манай нөхөр Батмөнх, хадам аав Ухнаа нар байсан. Манай нөхөр Батмөнх архи уугаад тасарчихсан ор нь дээр унтаж байсан, өөрийн аав Орсоо, У.Б нар хашаан дотор согтуу тэврэлдчихсэн байдалтай, хадам аав Ухнаа гуай гэртээ эрүүл унтаж байсан хадам аав Ухнаа хөгжлийн бэрхшээлтэй, улаан хоолойн хорт хавдартай тухайн үед архи уугаагүй байсан. Бид нэг хашаанд манайх байшинд, хадам аав манай хашаанд гэрээ бариад ганцаараа амьдардаг. Гэтэл энэ тэндээс хамаатан садан хүмүүс ирээд архи согтууруулах ундаа хэрэглээд байдаг. Тэгээд би өөрийн аав Орсоо болон У.Б нарт уурлаад архи уулаа хажууд нь чинь хүүхдүүд байна, хажуу айлаасаа ичээчээ гээд хэлтэл Аав Орсоо юм дуугараагүй, нөхрийн ихэр дүү У.Б болхоор надад уурлаад би аавын гэрт байна хаана идэж уух нь чамд ямар хамаатай юм гээд хадам аав Ухнаагийн гэрлүү орсон. Тэгээд би бие засчихаад гараад иртэл өөрийн аав Орсоо миний буруу архи уухгүй манай гэрлүү ортол, хадам аав Ухнаагийн гэрийн хаяагаар У.Б салаавч гаргаад намайг элдэвээр хэлээд намайг зайл гэж хэлэхээр нь “Чи хэнийг хаанаас хөөгөөд байна бэ? миний түрээслэж байгаа хашаа” гээд хөл рүү нь өшиглөсөн чинь У.Б уурлаж босож ирээд миний үснээс зулгаагаад газарт унагасан. Энэ үед аав Орсоо гэрт орж ирээд хүүе чи хүүхдийн үснээс тавь, болохгүй ахын дүү гээд салгах үед миний зүүн гарын бугалга хэсгээр хавдаад өвдөөд эхэлсэн намайг юугаар яаж цохисоныг би мэдэхгүй байна. Нэг мэдэхэд гар өвдөөд эхэлсэн. Тэгээд би хадам аавын гэрээс гараад Гэмтэл согог судлалын үндэсний төвд үзүүлсэн. Зүүн гарын шуу хэсгээр хугарсан гэж хэлсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 4-5-р хуудас/,

Гэрч Г.Оросоогийн “...Тухайн өдөр би охин Наранчимэгийн 2 хүүхдийг хараад байшинд нь байсан. Өдөр 12:00 цагийн үед байхаа У.Б согтуу ирээд гаднаас ирээд Ухнаагийн гэрт орсон. Тэгтэл У.Б орж ирээд гаднаас архитай ирээд бид хоёр хувааж уугаад би нээх уугаагүй. У.Б согтуу болохоор Ухнаагийнд орж амруулах санаатай хашаанд сууж байтал гаднаас Охин Наранчимэг орж ирээд У.Б бид хоёрт уурлаад архи уухаа боль гэж хэлсэн. Тэгэхээр би охиныхоо гэрт орчихоод буцаад гараад иртэл Охин Наранчимэг урд талын Ухнаагийн гэрт орсон У.Б орилоод охин Наранчимэгийг хэл амаар доромжлоод байхаар би яваад ортол У.Б Наранчимэгийн үснээс зулгаагаад татчихсан байхаар нь би болиулаад салгах гэтэл У.Бын гарыг дийлэхгүй болхоор одоо боль ингэж болохгүй болиулсан. Охин Наранчимэгийг үсдээд доошоо дарчихсан байх үед охины зүүн гар гэмтсэн. Намайг салгатал охин гар хугарчихлаа гээд уурлаад гараад Гэмтэл согог судлалын төв руу явсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 6-р хуудас/,

Шүүгдэгч У.Бын “...би Наранчимэгт уурлаад, хаана хэнтэй архи уух чамд ямар хамаатай юм чи зайл гэж хэлчихээд би аавын гэрт орчихоод хэвтэж байтал Наранчимэг орж ирээд хэнийг хаанаас хөөгөөд байгаа юм, энэ түрээсийн хашааны мөнгийг бид нар төлж байна гэж бид хоёр маргалдаад намайг хэвтэж байхад хөл рүү нудраад байхаар нь би уурлаад босч ирээд бэрийнхээ үснээс зулгаад, гарыг нь бариад доошоо дарах үед Наранчимэгийн гарыг гэмтээчихсэн...” гэх мэдүүлэг /хх- ийн 52-р хуудас/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч Б.Даваасүрэнгийн 2020 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн 6870 дугаартай “...О.Наранчимэгийн биед зүүн шуу ясны далд хугарал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн шинэ гэмтэл байна. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна...” гэх дүгнэлт /хх-ийн 10-11-р хуудас/,

Шүүгдэгчийн урьд ял шийтгэгдэж байсан эсэхийг шалгах хуудас /хх 15/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх 17/, оршин суугаа газрын лавлагаа /хх 18/, Чингэлтэй дүүргийн прокурорын газрын хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх тухай 2020 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 181 дугаар тогтоол /хх 60/, шүүгдэгч, хохирогч нарын гаргасан хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай хүсэлт /хх 55, 56/ зэргийг шинжлэн судлалаа.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хэргийг шийдвэрлэхэд хангалттай, хэргийн бүрдэл хангагдсан, шүүгдэгчийн үйлдэлд прокуророос зүйлчилсэн хуулийн зүйл хэсэг тохирсон байна гэж шүүх дүгнэлээ.

Шүүгдэгч У.Б нь архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2020 оны 06 дугаар сарын 09-ний өдөр Чингэлтэй дүүргийн 9 дүгээр хороо,Чингэлтэйн 19 дүгээр гудамжны 486 тоотод бэр О.Наранчимэгтэй маргалдан улмаар түүний үснээс зулгааж газарт унаган зүүн шуу ясны далд хугарал бүхий эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь мөрдөн шалгах ажиллагааны явцад хавтаст хэрэгт цуглуулж бэхжүүлэгдсэн иргэн О.Наранчимэгээс Чингэлтэй дүүрэг дэх цагдаагийн газрын нэгдүгээр хэлтэст гаргасан гэмт хэргийн талаарх гомдол /хх-ийн 1-р хуудас/, хохирогч О.Наранчимэгийн “...Тэгээд би бие засчихаад гараад иртэл өөрийн аав Орсоо миний буруу архи уухгүй манай гэрлүү ортол, хадам аав Ухнаагийн гэрийн хаяагаар У.Б салаавч гаргаад намайг элдэвээр хэлээд намайг зайл гэж хэлэхээр нь “Чи хэнийг хаанаас хөөгөөд байна бэ? миний түрээслэж байгаа хашаа” гээд хөл рүү нь өшиглөсөн чинь У.Б уурлаж босож ирээд миний үснээс зулгаагаад газарт унагасан. Энэ үед аав Орсоо гэрт орж ирээд хүүе чи хүүхдийн үснээс тавь, болохгүй ахын дүү гээд салгах үед миний зүүн гарын бугалга хэсгээр хавдаад өвдөөд эхэлсэн намайг юугаар яаж цохисоныг би мэдэхгүй байна. Нэг мэдэхэд гар өвдөөд эхэлсэн. Тэгээд би хадам аавын гэрээс гараад Гэмтэл согог судлалын үндэсний төвд үзүүлсэн. Зүүн гарын шуу хэсгээр хугарсан гэж хэлсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 4-5-р хуудас/, гэрч Г.Оросоогийн “...Тэгэхээр би охиныхоо гэрт орчихоод буцаад гараад иртэл Охин Наранчимэг урд талын Ухнаагийн гэрт орсон У.Б орилоод охин Наранчимэгийг хэл амаар доромжлоод байхаар би яваад ортол У.Б Наранчимэгийн үснээс зулгаагаад татчихсан байхаар нь би болиулаад салгах гэтэл У.Бын гарыг дийлэхгүй болхоор одоо боль ингэж болохгүй болиулсан. Охин Наранчимэгийг үсдээд доошоо дарчихсан байх үед охины зүүн гар гэмтсэн. Намайг салгатал охин гар хугарчихлаа гээд уурлаад гараад Гэмтэл согог судлалын төв руу явсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 6-р хуудас/, шүүгдэгч У.Бын “...би Наранчимэгт уурлаад, хаана хэнтэй архи уух чамд ямар хамаатай юм чи зайл гэж хэлчихээд би аавын гэрт орчихоод хэвтэж байтал Наранчимэг орж ирээд хэнийг хаанаас хөөгөөд байгаа юм, энэ түрээсийн хашааны мөнгийг бид нар төлж байна гэж бид хоёр маргалдаад намайг хэвтэж байхад хөл рүү нудраад байхаар нь би уурлаад босч ирээд бэрийнхээ үснээс зулгаад, гарыг нь бариад доошоо дарах үед Наранчимэгийн гарыг гэмтээчихсэн...” гэх мэдүүлэг /хх- ийн 52-р хуудас/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч Б.Даваасүрэнгийн 2020 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн 6870 дугаартай “...О.Наранчимэгийн биед зүүн шуу ясны далд хугарал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн шинэ гэмтэл байна. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна...” гэх дүгнэлт /хх-ийн 10-11-р хуудас/ зэрэг шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.   

Хохирогч О.Наранчимэг нь “...Надад гомдол, санал, нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх тул гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршиг арилсан, шүүгдэгч У.Б-ыг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

Иймд шүүх шүүгдэгч У.Б-ыг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800.000 төгрөгийн торгох ял шийтгэв. Ингэхдээ хуульд заасан торгох ял оногдуулах талаар гаргасан улсын яллагчийн санал буюу түүнийг зөвшөөрч шүүгдэгчийн гарын үсэг зурсан тэмдэглэл зэргийг харгалзав.

Түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хүндрүүлэх, болон хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдав.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч У.Бод оногдуулсан торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг тайлбарлав.

Шүүгдэгч У.Б нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд хөрөнгө битүүмжлээгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдав.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 38.2 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч   У.Б-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч У.Б-ыг 800 /найман зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800.000 /найман зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч У.Б-од оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон үеэс 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч У.Б нь торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар сольж болохыг сануулсугай.

5. Шүүгдэгч У.Б нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй. Энэ хэрэгт эд хөрөнгө битүүмжлээгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдсугай.

6. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд прокурор, дээд шатны прокурор, оролцогч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэйг дурьдсугай.

7. Гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч У.Б-од авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй. 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                             Д.РЕНЧЕНХОРОЛ