| Шүүх | Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Ёндонгийн Цогтзандан |
| Хэргийн индекс | 186/2020/0377/Э |
| Дугаар | 390 |
| Огноо | 2020-05-13 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Г.Ууганбаатар |
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2020 оны 05 сарын 13 өдөр
Дугаар 390
2020 05 13 2020/ШЦТ/390
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ё.Цогтзандан даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Мөнхтөр,
улсын яллагч Г.Ууганбаатар,
шүүгдэгч С.Б /шүүгдэгч өөрөө өөрийгөө өмгөөлж оролцсон/ нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд хялбаршуулсан журмаар нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Чингэлтэй дүүргийн прокурорын газраас хялбаршуулсан журмаар мөрдөн шалгах ажиллагаа явуулсан Г.Эд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2011007520354 дугаартай хэргийг 2020 оны 05 дугаар сарын 08-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Шүүгдэгч Монгол улсын иргэн, Боржгон овогт Б.Э, 1992 оны 4 дүгээр сарын 11-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 28 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, операторч мэргэжилтэй, “Талх чихэр” ХХК-д камерийн хяналтын ажилтан, ам бүл 5, эцэг, эх, ах, эгч нарын хамт Чингэлтэй дүүргийн 11 дүгээр хороо, Нуурын 23 дугаар гудамж 29-3 тоотод оршин суух, ял шийтгэлгүй, улсаас авсан гавъяа шагналгүй, хэрэг хариуцах чадвартай, регистрийн дугаар ...........................
/яллах дүгнэлтэнд дурдснаар/
Шүүгдэгч Базарсүрэнгийн Эрдэнэбаясгалан /РД:УУ92041133/ нь 2020 оны 3 дугаар сарын 20-21-нд шилжих шөнө Чингэлтэй дүүргийн 11 дүгээр хороо, Нуурын 22-515 тоотод А.Пүрэвдоржийн зүүн нүдний орчим аягаар цохиж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн яллах, цагаатгах нотлох баримтыг шинжлэн судалж ТОДОРХОЙЛБОЛ:
Шүүгдэгч С.Б шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Мөрдөн шалгах ажиллагааны үед үнэн зөв мэдүүлэг өгсөн, нэмж мэдүүлэх зүйлгүй” гэв.
Хохирогч А.Пүрэвдоржоос мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “...2020 оны 3 дугаар сарын 20-ны орой өөрийн гэртээ хамаатны ах Амарбаатарын хамт байх үед 23 цагийн орчим гаднаас манай үеэл ах Тэмүүжингийн хамт манай гэрийн ойролцоо байдаг Баясаа нилээд согтуу хувцас хунар нь шороо болчихсон гартаа архи барьчихсан орж ирээд хувцсаа над руу шидээд энийг цэвэрлэ гэж хэлсэн. Тэгээд авч ирсэн архи хувааж ууцгааж байснаа би утсаа оролдоод сууж байтал ширээн дээр байсан аягийг аваад миний зүүн нүдний хажууд цохичихсон. Тэгтэл миний хөмсөгний доор язраад цус гарсан” гэх мэдүүлэг /хх-8х/,
Гэрч А.Амарбаатараас мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “...Баясаа нилээд халамцуу, мөн манай хамаатан Тэмүүжингийн хамт орж ирсэн. Орж ирэхдээ нэг шил архи авч орж ирсэн ба тэр архиа ууж байх үедээ Пүрэвдорж руу юм яриад чи муу бацаан энэ тэр гэж хэлж байснаа ширээн дээр байсан аягийг аваад цохичихсон” гэх мэдүүлэг /хх-12х/,
Яллагдагч С.Б мэдүүлэхдээ: “2020 оны 03 дугаар сарын 20-ны өдөр би манай гэрийн ойролцоо байдаг танил ах Баясгалантөгсийн гэрт нь архи пиво ууж байгаад гарч яваад танил дүү Тэмүүжинтэй тааралдаад хамтдаа нэг шил архи аваад манай гэрийн ойролцоо байдаг танил дүү Пүрэвдоржийн гэрт нь очсон. Тэдний гэрт нь Амбуу гэх залуу хамт байсан ба бид дөрөв авч ирсэн нэг шил архийг хувааж ууцгаасан. Би нэлээд согтчихсон байсан бөгөөд Пүрэвдорж бид хоёр юунаас болсоныг мэдэхгүй, муудалцаад хоорондоо маргалдаж хэрэлдсэн ба би сууж байгаад уурандаа ширээн дээр байсан шаазан аяга аваад нүүр лүү нь цохичихсон юм ...” гэх мэдүүлэг /хх-31-32х/,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2020 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний №3937 тоот дүгнэлтэнд:
“1. А.Пүрэвдоржийн биед хөмсөгт няцарсан шарх гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгджээ.
3. Уг гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д заагдсанаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
4. Цаашид энгийн хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй.
5. Дээрх гэмтлүүд нь тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой” гэжээ /хх-15-16х/,
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтууд нь хэргийг шийдвэрлэхэд хангалттай, хэргийн бүрдэл хангагдсан, шүүгдэгчийн үйлдэлд прокуророос зүйлчилсэн хуулийн зүйл хэсэг тохирсон байна гэж шүүх дүгнэлээ.
Шүүгдэгч Базарсүрэнгийн Эрдэнэбаясгалан /РД:УУ92041133/ нь 2020 оны 3 дугаар сарын 20-21-нд шилжих шөнө Чингэлтэй дүүргийн 11 дүгээр хороо, Нуурын 22-515 тоотод А.Пүрэвдоржийн зүүн нүдний орчим аягаар цохиж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь хавтаст хэрэгт цуглуулж бэхжүүлэгдсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Иймд шүүгдэгч С.Бг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Шүүгдэгч С.Б нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, хохирогч нь гэм буруутай этгээдэд гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн хүсэлтээ мөрдөн шалгах ажиллагааны үед бичгээр гаргаж өгсөн бөгөөд прокуророос шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял оногдуулах санал гаргасныг шүүгдэгч хүлээн зөвшөөрсөн болно.
Торгох ялын нэг нэгжийг мөн хуулийн 5.3 дугаар зүйлийн 3-т зааснаар нэг мянган төгрөгтэй тэнцүү байхаар тооцлоо.