Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 06 сарын 04 өдөр

Дугаар 434

 

2020        06         04                                    2020/ШЦТ/434

 

 

                                      МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ё.Цогтзандан даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Мөнхтөр,

Улсын яллагч Г.Анармөнх,

Шүүгдэгч А.А /шүүгдэгч өөрөө өөрийгөө өмгөөлж оролцсон/ нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн  17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боржгон овогт А.Ад холбогдох эрүүгийн 2011004790357 дугаартай хэргийг 2020 оны 05 дугаар сарын 14-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

        Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Шүүгдэгч Боржгон овогт А.Ад, Монгол Улсын иргэн, 1999 оны 05 дугаар сарын 17-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 20 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эцэг, эх, дүү нарын хамт Чингэлтэй дүүргийн 15 дугаар хороо, Жаргалантын 62 дугаар гудамжны 981б тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, /РД:..................................../.

         Шүүгдэгч А.А нь 2020 оны 02 дугаар сарын 05-ны өдөр Чингэлтэй дүүргийн 15 дугаар хороо, Жаргалантын 62 дугаар гудамжинд унтаж байсан Ц.Самданхоролын Самсунг А-20 загварын гар утсыг нууцаар, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авч 449.600 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

          Шүүх хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт авагдаж шүүх хуралдаанаар шинжлэн судлагдаж, хэлэлцэгдсэн баримтуудыг үндэслэн ТОДОРХОЙЛОХ нь:

          Шүүгдэгч А.Аоос мөрдөн шалгах ажиллагааны үед яллагдагчаар мэдүүлсэн: “...гэрээсээ ганцаараа гараад найз Боогийтой уулзах гээд явж байхад Жаргалантын 64 дүгээр гудамжинд байх худгийн хажууд 50 орчим насны эрэгтэй хүн нэлээд согтуу, ухаангүй байдалтай дээшээ харсан хэвтэж байсан. Тэгэхээр нь би хажууд нь очиж үзэхэд баруун гартаа улаан хүрэн өнгийн хавтсан кэйстэй, хар өнгийн Самсунг А-20 загварын гар утас барьсан байсан. Тэгээд тэр хүн ухаангүй унтаж байхаар нь би гар утсыг нь аваад яваад өгсөн ...уг гар утсыг гар утасны үл таних засварчин дээр очоод өөрийнхөө гар утсыг гэж хэлээд гар утасны кодыг гаргуулсан ...би ээж Ариунтуяад гар утас олоод ломбарданд тавьсан байгаа, тэгээд хугацаа нь дуусах гээд байна гэж хэлээд ээжээс 200.000 төгрөг аваад гар утсыг ломбарднаас аваад ээж Ариунтуяад өгөөд хэрэглүүлж байсан юм ...” гэх мэдүүлэг /хх-56-57х/,

Шүүгдэгч А.Аоос шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн: “Би найз руугаа явж байсан. Урд согтуу хүн явж байхаар нь утсыг нь авчихсан юм” гэв.

Хохирогч Ц.Самданхоролоос мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “...2020 оны 02 дугаар сарын 05-ны өдөр Чингэлтэй дүүргийн 15 дугаар хороонд амьдардаг Батмагнай гэх хуурай дүүгийнхээ гэрт очиж дөрвүүлээ 2 шил архи уусан ба тэндээсээ гараад гэр лүүгээ харих гэж явтал араас цохиж унагаад миний гарт байсан Самсунг А-20 загварын гар утсыг үл таних 2 залуу булаагаад зугтсан ...” гэх мэдүүлэг /хх-8-9х/, “...би тухайн үед нэлээд согтуу тасарчихсан явж байсан. Нэг мэдсэн хувцас хунар нэлээд шороо болчихсон байсан болохоор нь би хүн намайг унагасан байна гэж бодсон. Ер нь бол нэлээд согтуу байсан. Гар утас байхгүй, хувцас хунар шороо болчихсон байхаар нь дээрэмдүүлчихлээ гэж тухайн үедээ бодоод цагдаад хандсан ...” гэх мэдүүлэг /хх-10-11х/,

Гэрч У.Ариунтуяагаас мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “...манай хүү Амарболд нэг гар утас олсон юм. Тэгээд хүүд мөнгөний хэрэг гараад 200.000 төгрөгөөр ломбарданд тавьсан байгаа юм. Хугацаа нь дуусах гээд байна, та мөнгө өгөөч би авах гэсэн юм гэхээр нь би хүүгээ олсон юм болов  уу гэж бодсон ...” гэх мэдүүлэг /хх-18-19х/,

Шүүгдэгч А.Аын иргэний үнэмлэхний лавлагаа /хх-42х/,

Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-39х/,

Оршин суух хаягийн тодорхойлолт /хх-40х/,

Эд зүйлийн үнэлгээ /хх-23-24х/,

Эд зүйл хүлээн авч, хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл /хх-27-28х/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судаллаа.

Шүүх хуралдаанаар шинжлэн судласан нотлох баримтууд болон хавтаст хэрэгт авагдсан хохирогч, гэрч нарын мэдүүлгээр шүүгдэгч А.А нь 2020 оны 02 дугаар сарын 05-ны өдөр Чингэлтэй дүүргийн 15 дугаар хороо, Жаргалантын 62 дугаар гудамжинд унтаж байсан Ц.Самданхоролын Самсунг А-20 загварын гар утсыг нууцаар, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авч 449.600 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь нотлогдож байна.

Хэрэгт нотолбол зохих байдал бүрэн хангагдсан, прокуророос зүйлчилсэн хуулийн зүйл заалт тохирсон байх тул шүүгдэгч А.Аыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг нууцаар, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авч 449.600 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан ял оногдуулах хууль зүйн үндэслэлтэй байна.

Шүүгдэгч А.А нь мөрдөн шалгах ажиллагааны үед хар өнгийн ар талдаа Самсунг гэсэн бичигтэй 357086105095440, 357087105095448 имей кодтой Самсунг А20 загварын гар утсыг хохирогч Ц.Самданхоролд хүлээлгэн өгсөн байх ба хохирогч нь “...надад одоо ямар нэг гомдол байхгүй, учирсан гэмтэл байхгүй, гар утсаа олж авсан ..” гэж /хх-10-11х/ мэдүүлсэн байх туд шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

Шүүх шүүгдэгч А.Аод эрүүгийн хариуцлага буюу ял шийтгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзээд түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 /хоёр зуун дөч/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдаж шийдвэрлэсэн болно.

Хэрэгт битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч А.А нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.