Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 02 сарын 01 өдөр

Дугаар 115

 

 

 

 

 

 

 

 

 

      С.Бт холбогдох эрүүгийн

        хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч С.Соёмбо-Эрдэнэ даргалж, шүүгч Н.Батсайхан, М.Пүрэвсүрэн нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

                             

            прокурор С.Болорчулуун,

            нарийн бичгийн дарга Б.Батжаргал нарыг оролцуулан,

 

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч П.Туяат даргалж шийдвэрлэсэн шүүх хуралдааны 2017 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 371 дүгээр шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч прокурор С.Болорчулууны бичсэн 2017 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 49 дүгээр улсын яллагчийн эсэргүүцлийг үндэслэн С.Бт холбогдох 1710000000212 дугаартай эрүүгийн хэргийг 2018 оны 1 дүгээр сарын 15-ны өдөр хүлээн авч, шүүгч М.Пүрэвсүрэнгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Халх овгийн Самбуугийн С.Б, Дундговь аймгийн Эрдэнэдалай суманд 1974 оны 6 дугаар сарын 5-ны өдөр төрсөн, 43 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, “МSC” ХХК-д аюулгүй байдал хариуцсан ажилтай, ам бүл 4, эхнэр, хүүхдүүдийн хамт амьдардаг, Хан-Уул дүүргийн 9 дүгээр хороо, Центр гудамжны 27 тоотод оршин суух хаягтай, ял шийтгэлгүй. /регистрийн дугаар: ШГ74060574/

С.Б нь 2017 оны 11 дүгээр сарын 2-ны өдөр Хан-Уул дүүргийн 9 дүгээр хороо, Центр гудамжны 27 тоот гэртээ согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ эхнэр С.Оыг зодож, бие махбодид нь “зүүн гарын шуу ясны далд хугарал, дух, зүүн хацарт зөөлийн эдийн няцрал, цус хуралт, хүзүүнд зулгаралт” бүхий хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

            Хан-Уул дүүргийн прокурорын газраас: С.Бын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: С.Быг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 төгрөгөөр торгох ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар С.Б нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг түүнд мэдэгдэж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурьдаж шийдвэрлэжээ.

 

Прокурор С.Болорчулуун бичсэн улсын яллагчийн эсэргүүцэл болон тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “анхан шатны шүүх шийтгэх тогтоолдоо... торгох ялыг ямар хугацаанд хэсэгчлэн төлөхийг... тогтоож өгөөгүй орхигдуулсан. Шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол гэж дурьдаж өгсөн.

Торгох ялыг ямар хугацаанд төлөхийг шийдвэрлэж, хугацаа тогтоож өгөөгүй нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.6-д заасан “гэмт хэрэг үйлдсэн этгээдэд торгох ял оногдуулах, эсхүл хохирогчид хохирол, хор уршигийг нөхөн төлж барагдуулах бол мөнгөн төлбөр, хохирол барагдуулах ажиллагааг ямар хугацаанд, ямар хэмжээгээр хийх” талаар тусгах заалтыг зөрчсөн байна.

Иймд Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 371 дүгээр шийтгэх тогтоолоос шүүхээс тогтоосон хугацаанд гэснийг хасч өгнө үү” гэв.

 

ХЯНАВАЛ:

 

С.Б нь 2017 оны 11 дүгээр сарын 2-ны өдөр Хан-Уул дүүргийн 9 дүгээр хороо, Центр гудамжны 27 тоот гэртээ, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ эхнэр С.Оыг зодож, бие махбодид нь хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

 

- хохирогч С.Оын “... 2017 оны 11 дүгээр сарын 1-ний шөнийн 23 цагийн үед гэртээ байхад таксины жолооч над руу залгаад “гэрээ зааж өгөөч, танай нөхөр С.Б согтуу, гэрээ зааж чадахгүй байна” гэсэн. Ингээд гэрээ зааж өгсөн ба хэсэг хугацааны дараа гадаа машин ирэхээр нь нөхрийгөө тосч авахаар гартал нөхөр С.Б их хэмжээний согтолтой, намайг танихгүй, “чи хэн бэ, чамайг ална” гээд миний унтлагын хувцаснаас зуураад өшиглөх гэхээр нь би зугтаасан. Гэртээ ороод үүдний амбаарт түүнийг хараад зогсч байтал араас орж ирээд миний үснээс зулгааж байгаад баруун гараараа миний баруун шанааны хэсэгт нэг удаа цохиход би газарт унасан. Намайг газар унасан байхад толгой руу 2-3 удаа цохьсон. Би түүнийг түлхэж унагаад гэртээ ортол араас орж ирээд зүүн гарын бугуй хэсгээс барьж авахаар нь гараа татаж авахад гар мушгигдаж өвдсөн...” /хх-17/ гэсэн мэдүүлэг,

- хохирогч С.Оын биед зүүн гарын шуу ясны далд хугарал, дух, зүүн хацарт зөөлийн эдийн няцрал, цус хуралт, хүзүүнд зулгаралт бүхий хүндэвтэр зэргийн гэмтэл учирсан болохыг тогтоосон Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн №13733 дугаар дүгнэлт /хх-27/

- С.Бын хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгүүд зэрэг нотлох баримтуудаар нотлогдон, тогтоогдсон, мөрдөн байцаалтын шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг бүрэн шалгаж, тодруулсан байна.  

 

Шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон дээрх нотлох баримтуудыг хуульд заасан журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх ба хэрэгт хамааралтай, ач холбогдолтой талаас нь шалгаж, үнэлэх боломжтой гэж үзэв.

 

Анхан шатны шүүх, С.Быг “хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай талаар хэргийн бодит байдалтай нийцсэн үндэслэл бүхий дүгнэлт хийж, түүний гэм буруу, хувийн байдал, үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээнд тохирсон ял оногдуулжээ.

 

Мөрдөн байцаалт, шүүхийн шатанд оролцогчдын эрхийг хассан буюу хязгаарласан, эсхүл бусад байдлаар шүүхийн шийдвэрт сөргөөр нөлөөлөхөөр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн гэж үзэх нөхцөл байдал тогтоогдоогүйн гадна шүүхээс хэргийг шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг зөв хэрэглэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчөөгүй байна.

 

Харин анхан шатны шүүх С.Бт торгох ял оногдуулахдаа уг ялыг биелүүлэх хугацааг тогтоогоогүй атлаа шийтгэх тогтоолд “... торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол ...” хорих ялаар солихыг мэдэгдсэн заалт оруулсан нь ойлгомжгүй болжээ.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт “Шүүх ялтны хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан торгох ялыг гурван жил хүртэл хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож болно.” гэж заасан тул шүүх заавал хэрэгжүүлэх зохицуулалт биш гэж үзэж болох ч Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.6 дахь заалтад “гэмт хэрэг үйлдсэн этгээдэд торгох ял оногдуулах, ... бол мөнгөн төлбөр, ... барагдуулах ажиллагааг ямар хугацаанд, ... хийх”-ийг шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт заавал тусгахаар хуульчилсан болно.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт “Ялтан торгох ял оногдуулсан шийдвэрт өөрөөр заагаагүй бол тухайн шийдвэрийг хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор, хэрэв хэсэгчлэн төлөхөөр тогтоосон бол тогтоосон хугацаанд биелүүлэх үүрэгтэй.”, мөн зүйлийн 160.2 дахь хэсэгт “Энэ хуулийн 160.1-д заасан хугацаа дуусгавар болоход ялтан торгуулийг төлөөгүй бол ... сайн дураар биелүүлэх хугацааг 30 хүртэл хоногоор сунгаж,... болно.”, 160.3 дахь хэсэгт “Энэ хуулийн 160.2-т заасан дагуу ... ялтан тогтоосон хугацаанд биелүүлээгүй тохиолдолд торгох ялыг хорих ялаар солих тухай сануулж, тэмдэглэл үйлдэн гарын үсэг зуруулна.”, мөн хуулийн 156 дугаар зүйлийн 156.1. дэх хэсэгт “Ялтан төлбөл зохих торгуулийг хугацаанд нь бүрэн төлж барагдуулаагүй, ... бол хорих ялаар солих тухай саналаа эрүүгийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны хувийн хэргийн хамт прокурорт хүргүүлнэ.” гэж торгох ялыг биелүүлэх журмыг тогтоожээ.

 

Шүүхээс торгох ялыг биелүүлэх тодорхой хугацаа заагаагүй нөхцөлд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасан дээрх хугацаа үйлчлэхээр байх тул улсын яллагчийн эсэргүүцлийг хүлээн авч, шийтгэх тогтоолын 3 дахь заалтыг хүчингүй болгох нь зүйтэй гэж үзлээ.   

Анхан шатны шүүх, С.Бт оногдуулах ялын төрөл, хэмжээний талаар тогтоолдоо хууль зүйн дүгнэлт хийгээгүй, мөн шүүгдэгч гэм буруугийн талаар маргаагүй гэсэн үндэслэлээр шүүх хуралдааныг нэг үе шаттай явуулсан зэрэг нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.1 дүгээр зүйлийн 1, 36.1 дүгээр зүйлийн 5, 6, 8 дахь хэсгүүд, 36.7 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтууд заасан шаардлагад нийцэхгүй болно.

 

Торгох ялыг биелүүлэх хугацаа тогтоохгүй байх нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.6 дахь заалт, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1, 160.2, 160.3 дахь хэсэг, мөн хуулийн 156 дугаар зүйлийн 156.1. дэх хэсэгт заасан зохицуулалтуудын дагуу тодорхой хууль зүйн үр дагавар үүсгэхээр байгааг анхан шатны шүүх цаашид анхаарч Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар торгох ялыг биелүүлэх хугацааг тогтоох, эсхүл хугацаа тогтоох шаардлагагүй гэж үзсэн үндэслэлийн талаар хууль зүйн дүгнэлт хийж байвал зохино.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн  1.5 дахь заалт, 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.6 дахь заалтыг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Прокурор С.Болорчулууны бичсэн 2017 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 49 дүгээр улсын яллагчийн эсэргүүцлийг хүлээн авч Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 371 дүгээр шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 3 дахь заалтыг хүчингүй болгож, бусад заалтуудыг хэвээр үлдээсүгэй.

 

2. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

 

 

 

                                    ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     С.СОЁМБО-ЭРДЭНЭ

 

                                    ШҮҮГЧИД                                                       Н.БАТСАЙХАН

 

М.ПҮРЭВСҮРЭН