Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 08 сарын 02 өдөр

Дугаар 476

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Отгонтуяа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Н.Т-ийн нэхэмжлэлтэй 

Хариуцагч: Хан-Уул дүүргийн Засаг даргад холбогдох

Нэхэмжлэлийн шаардлага: “Н.Т-ийг 12 дугаар хорооны Засаг даргаар томилох асуудлыг шийдвэрлэхгүй байгаа Хан-Уул дүүргийн Засаг даргын эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгож, шаардагдах захиргааны акт гаргахыг хариуцагчид даалгах” тухай нэхэмжлэлтэй захиргааны хэргийг хянан хэлэлцэв

Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Уранбилэг, нэхэмжлэгч Н.Т, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Т.Б нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Н.Т шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...2018 оны 02 дугаар сарын 24-ний өдөр Хан-Уул дүүргийн 12 дугаар хорооны иргэдийн Нийтийн Хурлын анхдугаар хуралдаан болж Н.Т миний бие 12 дугаар хорооны Засаг даргад нэр дэвшин, хуралдаанд оролцсон гишүүдийн 67 хувийн саналаар тус хорооны Засаг даргаар сонгогдсон. Хорооны иргэдийн Нийтийн хурлаас 2018 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн 06 дугаар тогтоол гаргаж, улмаар хорооны иргэдийн Нийтийн Хурлын даргын 2018 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн 04 дүгээр албан бичгээр намайг томилуулахаар дүүргийн Засаг даргад санал болгож хурлын шийдвэрийг хүргүүлсэн юм. 

Гэвч дүүргийн Засаг даргаас өнөөдрийг хүртэлх хугацаанд ямар ч хариу өгөх арга хэмжээ авахгүй байгаа бөгөөд хуулиар олгогдсон бүрэн эрхээ ямар нэгэн хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр үл хэрэгжүүлж байгаа нь Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.3-д заасан “Эс үйлдэхүй гэж иргэн, хуулийн этгээдээс эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хэрэгжүүлэх, хамгаалуулахаар гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх үүргээ захиргааны байгууллага хуульд заасан хугацаанд биелүүлээгүй, эсхүл шийдвэрлэхгүй орхигдуулсныг ойлгоно” гэж заасан нөхцлийг бүрдүүлж байна. 

Мөн дүүргийн Засаг даргын эс үйлдэхүй нь Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.6-д заасан шаардлагыг хангаж байгаа иргэн миний Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасан “ажил мэргэжлээ чөлөөтэй сонгох”, Төрийн албаны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.4-д заасан “иргэд хуульд заасан болзол, журмын дагуу төрийн албанд орох адил тэгж боломжтой байх” гэж тус тус заасны дагуу төрийн албанд ажиллах эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчиж байна. Үүний зэрэгцээ энэхүү хугацаанд нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1-д заасан “Хуульд өөрөөр заагаагүй бол албан тушаалтан энэ хуулийн 18.6-д зааснаас бусад аж ахуйн үйл ажиллагаа гардан эхлэх болон аж ахуйн нэгжийн удирдах бүтцэд ажиллахыг хориглоно”  гэж зааснаар бусад аж ахуй эрхлэх эрх маань ч хязгаарлагдаж байгаа болно. 

Улмаар ганцхан иргэн миний субъектив эрх, хууль ёсны ашиг сонирхлоос гадна намайг сонгон нэр дэвшүүлсэн иргэдийн Нийтийн Хуралд оролцож надад санал өгсөн нийт 123 иргэний сонголт, хүсэл зоригийг ч хөсөрдүүлж, сонгогдох эрхийг маань ч зөрчиж байна. 

Миний бие дүүргийн Засаг даргаас хариу өгөхгүй 35 хоног өнгөрсөний дараа 2018 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр Нийслэлийн Засаг даргад Захиргааны ерөнхий хуулийн 98 дугаар зүйлийн 98.1.3-д заасны дагуу Хан-Уул дүүргийн Засаг дарга Ж.Алдаржавхлангийн хууль бус эс үйлдэхүй нь иргэн миний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчиж байх тул захиргааны зохих акт /12 дугаар хорооны Засаг даргаар томилох/ гаргахыг Хан-Уул дүүргийн Засаг даргад даалгаж өгнө үү гэсэн гомдол гаргасан боловч Нийслэлийн Засаг даргын Тамгын газраас 2018 оны 05 дугаар сарын 14-ний өдөр “...Хорооны Засаг даргыг томилох тухай асуудал нь “Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хууль”-ийн 26 дугаар зүйлийн 26.3-д зааснаар тухайн дүүргийн Засаг даргын шийдвэрлэх эрх хэмжээний асуудал тул Нийслэлийн Засаг даргын зүгээс та бүхний тавьсан асуудлаар шийдвэр гаргах эрх зүйн боломжгүй болохыг мэдэгдэж байна” гэсэн хариу өгснийг эс зөвшөөрч байна. 2018 оны 02 дугаар сарын 24-ний өдөр Хан-Уул дүүргийн 12 дугаар хорооны Иргэдийн Нийтийн Хурлын даргын тогтоолын дагуу хурлаа зохион байгуулж, хорооны Засаг даргад нэр дэвшин нийт 184 иргэдээс 67 хувийн саналаар сонгогдсон. Энэ нь манай хорооны хуралд оролцсон иргэдийн ирцийн бүртгэл, шүүхэд нотлох баримтаар гаргаж өгсөн CD дээрх бичлэг зэргээр нотлогдоно гэж үзэж байна. Иймд Хан-Уул дүүргийн Засаг даргын эс үйлдэхүйг тогтоолгохоор шүүхэд нэхэмжлэл гаргасан болно.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Т.Б шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “2013 онд шинээр бүрэн эрх нь хэрэгжиж эхэлсэн н.Баярсайхан даргатай иргэдийн Нийтийн Хурлын Тэргүүлэгчдийн 2018 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн 6 дугаар тогтоолын үндсэн дээр хурал нь зарлагдаж, хууль ёсны дагуу хүчин төгөлдөр иргэдийн Нийтийн Анхдугаар хуралдаан гэж үзэж байгаа. Хан-Уул дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2018 оны 02 дугаар сарын 07-ны өдөр А/06 дугаар тогтоолыг гаргаж Хан-Уул дүүргийн 12 дугаар хорооны иргэдийн Нийтийн Анхдугаар хуралдааныг 2018 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн 14 цаг 30 минутад хуралдуулахаар тогтоосон байдаг. Хан-Уул дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал болон Тэргүүлэгчдээс хорооны иргэдийн Нийтийн Хурлын анхдугаар хуралдааныг зарлах, чиглэл өгөх хууль эрх зүйн үндэслэл байхгүй, илт хууль бус захиргааны акт болохыг шүүхээс тогтоосоныг дурдах нь зүйтэй гэж үзэж байна. Гэхдээ шүүхэд нөлөөлөх байдлаар хандаж хэлээгүй болно. Өөрөөр хэлбэл сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас баг, хорооны иргэдийн Нийтийн Хурлыг мэргэжил, арга зүйн удирдлагаар хангах, хурлын дарга зөвлөгөө өгөх хуулийн заалт нь Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд байхгүй. Тийм учраас Хан-Уул дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал бол бүтэн 1 жилийн хугацаанд буюу 2017 онд тус дүүргийн хороодын 4 жилийн бүрэн эрхийн хугацаа дуусаж хуралдах гэсэн боловч 2017 оны 01 дүгээр сар, 02 дугаар сар, 03 дугаар сард нийт 3 удаагийн “... иргэдийн Нийтийн Анхдугаар Хуралдааныг хийж болохгүй” гэсэн утга бүхий албан бичиг өгсөн байдаг. 2017 оны 01 дүгээр сар, 02 дугаар сар, 03 дугаар сард ирүүлсэн албан бичгүүдийн доор нь “иргэдийн Нийтийн Анхдугаар Хуралдаанаар сонгогдсон хорооны Засаг дарга, иргэдийн Нийтийн Хурлын даргыг Хан-Уул дүүргээс батлахгүй” гэж заасан байдаг. Үүнтэй холбоотойгоор хорооны иргэдийн Нийтийн Хурлын дарга нар анхдугаар хуралдааныг зохион байгуулахгүй байсан шалтгаан бол “Хан-Уул дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ажлын албанаас хорооны иргэдийн Нийтийн Хурлын дарга нар мөнгөн урамшуулал авдаг” учраас дүүргийн иргэдийн Нийтийн Хурлын даргатай зөрчилдөхгүйн тулд 2018 он хүртэл хуралдаагүй байдаг. Гэхдээ Хан-Уул дүүргийн 5, 6, 11 дүгээр хороод 2017 онд анхдугаар хуралдааныг зохион байгуулж хорооны Засаг дарга болон иргэдийн Нийтийн Хурлын даргаа сонгож нэр дэвшүүлсэн байгаа. Н.Тийн хувьд 2013 оноос 2017 он хүртэл хугацаанд тус хорооны Засаг даргаар ажиллаж байсан бөгөөд Хан-Уул дүүргийн Засаг дараас 4 жилийн бүрэн эрхийн хугацаа дууссан гэж албан тушаалаас нь чөлөөлж хорооны Засаг даргын үүргийг тор орлон гүйцэтгэгчээр Д.Дыг томилсон байдаг. Д.Д нь өнөөдрийг хүртэл буюу одоогоор 2 жилийн хугацаагаар уг албан тушаалд ажиллаж байна. Д.Д нь тус шүүхэд “Хан-Уул дүүргийн Засаг даргын эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоолгох” нэхэмжллийн шаардлага гаргаж захиргааны хэрэг үүссэн хэдий ч уг хэрэг нь одоогоор түдгэлзсэн байгаа. 

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.4-д “... бүрэн эрхийн хугацаа дуусгавар болж байгаа иргэдийн Нийтийн Хурлын Тэргүүлэгчид хуралдаан эхэлхээс 15-аас доошгүй хоногийн өмнө зарлаж хуралдуулна” гэсэн заалтыг хангаж 2018 оны 02 дугаар сарын 08-ны өдөр А/06 дугаар тогтоолыг гаргаж 2018 оны 02 дугаар сарын 24-ний өдөр “Сонгино” амралтын газар хуралдуулахаар зарласан байгаа. Уг хуралд нийт 184 иргэн оролцсон. Өнөөдөр хариуцагч болон гуравдагч этгээдээс хуралд оролцсон иргэдийн ирцийн бүртгэлтэй маргахгүй байгаа онцлон дурьдаж байна. Тухайн хуралд оролцсон нийт иргэдээс Н.Т нь 123 иргэний санал буюу 67.1 хувийн санал авч хорооны Засаг даргаар сонгогдож тогтоол гарч Хан-Уул дүүргийн Засаг даргад уламжилсан. Мөн уг хуралдаанаас гарсан тогтоол шийдвэр нь тамга, тэмдэгтэй байгаа бөгөөд гуравдагч этгээд Д.Дын хувьд Засаг даргаар сонгогдсон гэх 2018 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн хуралдаанаас гарсан тогтоол, шийдвэр нь тамга, тэмдэггүй байдаг.

Гуравдагч этгээд Д.Д нь Хан-Уул дүүргээс өгсөн зөвлөмжийн дагуу иргэдийн Нийтийн Анхдугаар Хуралдааныг хуралдуулсан гэж тайлбарласан боловч дүүргээс зөвлөмж өгөх ойлголт байхгүй бөгөөд өөрөө хүлээн зөвшөөрсөн байдаг. Монгол Улсын Үндсэн хуульд зааснаар “... хорооны Засан даргыг хорооны иргэдийн Нийтийн Хурлаас нэр дэвшүүлж дүүргийн Засаг дарга 4 жилийн хугацаагаар томилно” гэж заасан байдаг. Нийслэлийн Засаг дарга хариу хүргүүлэхдээ “Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.3-т заанснаар дүүргийн Засаг даргын шийдвэрлэх эрх хэмжээний асуудал байх тул үүнийг шийдвэрлэх эрх зүйн боломжгүй” гэсэн агуулгатай хариу өгсөн. Мөн бидний зүгээс урьдчилан шийдвэрлэх ажиллагаа хийлгэсэн. Хан-Уул дүүргийн 12 хорооны иргэдийн Нийтийн Анхдугаар хуралдааныг товлон зарласантай холбоотойгоор зар мэдээллийн самбарт хурлын тов тавигдаж иргэд мэдсэн. Иргэдийн Нийтийн Анхдугаар хуралд иргэд оролцож хүчинтэй болох ёстой байтал намын үзэл бодол буюу гадуурхал гаргаж хурлыг хийсэн байдаг. Дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас баталсан хуваарийн дагуу 2018 оны 02 дугаар сарын 23-ны өдөр хуралдсан гэдэг боловч тэр нь хууль бус юм. 2018 оны 02 дуаар сарын 24-ний өдрийн хуралдаан нь хуульд заасан ирцийг давж хуралдсан учраас хууль ёсны хүчин төгөлдөр юм. Тийм учраас уг хуралдаанаас хорооны Засаг даргаар нийт иргэдээс 67.1 хувийн санал авч сонгогдсон Н.Тийг дүүргийн Засаг дарга томилох эсэх асуудлыг шийдвэрлэх хуулийн заалттай. Хэрвээ томилохгүй гэж үзсэн тохиолдолд үндэслэлээ дурдаж татгалзсан шийдвэрийг хүргүүлэх юм бол 15 хоногийн дотор дахин иргэдийн Нийтийн Анхдугаар Хуралдааныг зохион байгуулах хуулийн заалттай. Үүний дагуу Нийслэлийн Засаг даргад хандаж, ирүүлсэн хариу албан бичгийг үндэслэн тус шүүхэд хуульд заасан хугацаанд нэхэмжлэл гаргасан бөгөөд нэхэмжлэлийн шаардлагыг дэмжиж байна, хуулийн 26 дугаар зүйлийн 26.3, 26.4-д зааснаар дүүргийн Засаг дарга томилох, эсхүл томилохоос татгалзах шийдвэр гаргах зохицуулалттай байгаа учраас шаардагдах захиргааны акт гаргуулахыг даалгах гэж нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлсон” гэв. 

Хариуцагч Хан-Уул дүүргийн Засаг дарга Ж.Алдаржавхлан шүүхэд бичгээр гаргасан тайлбартаа: “... Дүүргийн 12 дугаар хорооны иргэдийн Нийтийн Хурлын даргын 2018 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн 04 дүгээр тогтоолоор Д.Дыг 12 дугаар хорооны Засаг даргаар томилуулахаар, мөн 12 дугаар хорооны иргэдийн Нийтийн Хурлын даргын 2018 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн 04 дүгээр албан бичгээр Н.Тийг 12 дугаар хорооны Засаг даргаар томилуулахаар тус тус ирүүлсэн, мөн 2 тал шүүх дээр маргаан үүсгэн явж байгаа тул дээрх асуудлыг шүүхийн журмаар эцэслэн шийдэх хүртэл ямар нэгэн шийдвэр гаргах боломжгүй байна” гэжээ.

Гуравдагч этгээд Д.Доос шүүхэд бичгээр гаргасан тайлбар, хүсэлтдээ: “... Дүүргээс өгсөн зөвлөмжийн дагуу хорооны иргэдийн Нийтийн Хурлыг хуулийн дагуу зохион байгуулагдсан гэж үзэж байна. 

Миний бие тус хурлаас 444 хүний санал авч хорооны Засаг даргаар томилуулах тухай хурлын материалыг хүргүүлсэн. Шүүх хуралд өөрийн биеэр оролцох боломжгүй байна. Намайг оролцуулахгүйгээр шүүх хуралдааныг явуулж өгнө үү” гэжээ. 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Б 2018 оны 8 дугаар сарын 01-ний өдөр шүүхэд гаргасан хүсэлтдээ: “... Т.Т-ийн нэхэмжлэлтэй, Хан-Уул дүүргийн Засаг даргад холбогдох захиргааны хэрэгт хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр томилогдсон Ч.Б миний бие гэмтэл авч эмчлүүлж байгаа бөгөөд хүндэтгэн үзэх шалтгааныг харгалзан үзэж 2018 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн хуралдаанд оролцуулахгүйгээр шүүх хуралдааныг явуулж өгнө үү” гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Шүүхээс хариуцагч Хан-Уул дүүргийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Б-д шүүх хуралдааны товыг мэдэгдсэн боловч өөрийг нь оролцуулалгүйгээр шүүх хуралдааныг явуулж өгөхийг хүссэн хүсэлтийг шүүхэд ирүүлсэн байх ба, мөн нэхэмжлэгч, түүний өмгөөлөгчийн зүгээс хариуцагчийн төлөөлөгчийг оролцуулалгүйгээр шүүх хуралдааныг үргэлжлүүлэх хүсэлтийг шүүх хуралдаанд гаргасан тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 91 дүгээр зүйлийн 91.5-д заасныг баримтлан хариуцагчийн урьд гаргасан тайлбарыг шүүх хуралдаан дээр гаргасантай адилтган үзэж, мөн гуравдагч этгээд Д.Д нь “өөрийг нь оролцуулалгүйгээр шүүх хуралдааныг явуулах” талаар хүсэлтээ шүүхэд гаргасан нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.2-т “... гуравдагч этгээд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцохгүй бол энэ талаар хүсэлтийг бичгээр гаргана” гэж заасантай нийцэж байх тул баримтлан хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч болон гуравдагч этгээдийг тус тус оролцуулалгүйгээр хэргийг хянан шийдвэрлэсэн болно. 

Нэхэмжлэгч, түүний өмгөөлөгчийн зүгээс “хариуцагчийн эс үйлдэхүйг тогтоолгох, шаардагдах актыг гаргахыг даалгах” тухай нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “...хорооны Засаг даргыг дүүргийн Засаг дарга томилох, хэрэв томилохоос татгалзвал иргэдийн нийтийн хурал дахин Засаг даргыг томилуулахаар дахин нэр дэвшүүлэхээр заасан байхад хуулийг биелүүлэхгүй хорооны Засаг даргаар Н.Тийг томилсон, эсхүл томилохоос татгалзсан шийдвэрийн аль нэгийг гаргахгүй байгаа нь хариуцагчийн эс үйлдэхүй болно” гэх агуулгаар маргасан бол, хариуцагчийн зүгээс “...12 дугаар хорооны Засаг даргаар Д.Дыг, мөн Н.Тийг томилуулахаар тус тус Иргэдийн Нийтийн хурлын тогтоолууд ирсэн, 2 тал шүүх дээр маргаж байгаа тул шүүх шийдвэр гаргах хүртэл эцэслэн шийдвэрлэх боломжгүй” гэх тайлбарыг шүүхэд бичгээр гаргасан байна.

Нийслэлийн Хан-Уул дүүргийн 12-р хорооны Иргэдийн нийтийн хурлын тэргүүлэгчдийн 2018 оны 2 дугаар сарын 08-ны өдрийн 6 дугаар тогтоолын  1 дэх заалтаар “Тус хорооны Иргэдийн Нийтийн Анхдугаар хуралдааныг 2018 оны 02 дугаар сарын 24-ны өдөр зарлан хуралдуулж “Хорооны Иргэдийн Нийтийн Хурлын Дарга, Тэргүүлэгчдийг сонгох, Хорооны Засаг дарга сонгох” асуудлуудыг тус тус хэлэлцэхээр, 2 дахь заалтаар хуралдааны бэлтгэл ажлыг хангах, иргэдэд зар хүргэх, ирц бүрдүүлэх ажлыг хуулийн хүрээнд шуурхай зохион байгуулахыг хорооны Засаг даргыг түр орлон гүйцэтгэгч Д.Д /гуравдагч этгээд/–т даалгасан байна.

Хан-Уул дүүргийн 12 дугаар хорооны Иргэдийн Нийтийн хурлын /цаашид “ИНХ” гэх/ тэргүүлэгчдийн 01 дүгээр тогтоолоор  Хорооны ИНХ-ын Анхдугаар хуралдааны даргалагчаар хуралд оролцсон иргэдийн олонхийн санал авсан Мишигийн Бямбааг сонгосныг баталж, мөн өдрийн ИНХ-ын 02 дугаар тогтоолоор  ИНХ-ын Анхдугаар хуралдааны Тооллогын комиссыг 5 хүний бүрэлдэхүүнтэй байгуулсан байх ба ийнхүү байгуулагдсан Тооллогын комиссын 03 дугаар тогтоолоор  Хорооны Засаг даргад нэр дэвшүүлэн өрсөлдөн хуралдаанд оролцсон нийт иргэдийн 67.1 хувь буюу 123 хүний санал авсан Н.Т-ийг 12 дугаар хорооны Засаг даргад сонгож, мөн хорооны ИНХ-ын тэргүүлэгчдийн 2018 оны 2 дугаар сарын 24-ний өдрийн 06 дугаар тогтоолоор  Н.Т-ийг хорооны Засаг томилуулахаар шийдвэрлэснийг ИНХ-ын даргаас холбогдох баримтыг хавсарган 2018 оны 2 дугаар сарын 26-ны өдрийн 04 дүгээр албан бичгээр  хариуцагч Хан-Уул дүүргийн Засаг даргад санал хүргүүлсэн байна. 

Энэ нь Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2-т “Баг, хорооны Засаг даргад тухайн нэгжийн нийтийн Хуралд оролцож байгаа иргэд, ...уг Хурлын хуралдаанд оролцсон иргэд, төлөөлөгчдийн олонхийн буюу 50-иас дээш хувийн санал авсан нэр дэвшигчийг томилуулахаар томилох эрх бүхий албан тушаалтанд санал болгоно” гэж заасантай нийцсэн байх ба Хан-Уул дүүргийн Засаг даргаас мөн хуулийн 26 дугаар зүйлийн 26.3-т “Энэ хуулийн 26.2-т зааснаар нэр дэвшүүлсэн бол ...баг, хорооны Засаг даргыг сум, дүүргийн Засаг дарга тус тус 4 жилийн хугацаагаар томилох бөгөөд нөхөн томилогдсон Засаг даргад энэ хугацаа хамаарахгүй” гэж заасан дагуу 12 дугаар хорооны Засаг даргаар Н.Тийг томилох эсэх асуудлыг шийдвэрлэхээр байна.

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.10-д “Баг, хорооны Хурлын хуралдаанд зөвхөн тухайн баг, хорооны сонгуулийн насны иргэн бүр оролцож болох бөгөөд хуралдаанд ... хороо, аймгийн төвийн сумын багт 20-30 өрх тутмаас тус бүр нэг хүн хүрэлцэн ирсэн тохиолдолд хүчинтэйд тооцно” гэж заажээ. Тус хорооны 1800 өрхийн  20 өрх тутмаас нэг хүн гэж тооцоход 90 хүн, 30 өрх тутмаас тооцоход нийт 60 хүн хүрэлцэн ирсэн тохиолдолд хуралдааныг хүчинтэйд тооцохоор байх ба уг хуралдаанд 184 хүн ирсэн болох нь ирцийн бүртгэл,  хуралдааны явцыг бичсэн /цагаан өнгийн CD-г шүүх хуралдаанд шинжлэн судалсан/ бичлэг  зэрэг нотлох баримтаар тогтоогдсон болно.

Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.3-д “Эс үйлдэхүй гэж иргэн, хуулийн этгээдээс эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хэрэгжүүлэх, хамгаалуулахаар гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх үүргээ захиргааны байгууллага хуульд заасан хугацаанд биелүүлээгүй, эсхүл шийдвэрлэхгүй орхигдуулсныг ойлгоно” гэж тодорхойлж хуульчилсан ба хариуцагч Хан-Уул дүүргийн Засаг даргаас Н.Т-ийг тус дүүргийн 12 дугаар хорооны Засаг даргаар томилсон, эсхүл томилохоос татгалзсан шийдвэрийн аль нэгийг гаргаагүй буюу 12 дугаар хорооны Иргэдийн Нийтийн хурлын даргаас хүргүүлсэн саналыг хуульд зааснаар шийдвэрлээгүй эс үйлдэхүй нь хууль бус бөгөөд Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 9-д “шууд буюу төлөөлөгчдийн байгууллагаараа уламжлан төрийг удирдах хэрэгт оролцох эрхтэй. Төрийн байгууллагад сонгох, сонгогдох эрхтэй” гэж заасан Монгол Улсын иргэн Н.Тийн үндсэн эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн болох нь тогтоогдож байна. 

Иймээс нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж хариуцагч Хан-Уул дүүргийн Засаг даргын “Н.Тийг тус дүүргийн 12 дугаар хорооны Засаг даргаар томилох эсэх асуудлыг Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.3-д зааснаар шийдвэрлэхгүй байгаа эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, хуульд заасан шаардагдах захиргааны акт гаргахыг хариуцагчид даалгаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

Хариуцагч Хан-Уул дүүргийн Засаг дарга, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс нэхэмжлэгч Н.Тийг 12 дугаар хорооны Засаг даргаар сонгосон тус хорооны ИНХ-ын 2018 оны 2 дугаар сарын 24-ний өдрийн анхдугаар хуралдааны талаар болон гуравдагч этгээд Д.Дыг /тус хорооны Засаг даргын үүрэг гүйцэтгэгчээр ажиллаж байсан/ Засаг даргаар сонгосон 2018 оны 2 дугаар сарын 23-ны өдрийн ИНХ-ын хуралдааны, уг хуралдаануудаас гаргасан шийдвэрүүдийн талаар аль нэгийг нь хүчинтэй эсхүл хүчингүй буюу хууль ёсны эсхүл хууль бус гэх агуулгаар маргаагүй ба өөрөөр хэлбэл нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн эсхүл татгалзсан талаарх үндэслэлийг заасан тайлбарыг холбогдох нотлох баримтын хамт шүүхэд ирүүлээгүй болно. Тэрээр шүүх хуралдаан товлохоос өмнө нотлох баримт гаргаж өгөх хуульд заасан үүргээ хариуцагч түүний төлөөлөгчөөс биелүүлээгүй нь шүүхийг буруутгах үндэслэл болохгүйг дурдах нь зүйтэй байна.

Шүүхээс нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын улмаас эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй гэж үзэн Д.Дыг гуравдагч этгээдээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулсан бөгөөд Д.Д нь тус хорооны Засаг даргын үүрэг гүйцэтгэгчээр ажиллаж байсан болох нь Хан-Уул дүүргийн 12-р хорооны Иргэдийн нийтийн хурлын тэргүүлэгчдийн 2018 оны 2 дугаар сарын 08-ны өдрийн хуралдааны тэмдэглэл,  мөн өдрийн ИНХ-ын тэргүүлэгчдийн 6 дугаар тогтоолоор  тус тус тогтоогддог. 

Гуравдагч этгээд Д.Доос өөрийг нь Хан-Уул дүүргийн 12 дугаар хорооны Засаг даргаар томилуулахаар шийдвэрлэсэн 2018 оны 2 дугаар сарын 23-ны өдрийн ИНХ-ын хуралдааныг “...хуулийн дагуу зохион байгуулагдсан, 444 хүний санал авч хорооны Засаг даргаар томилуулах тухай материалыг дүүргийн Засаг даргад хүргүүлсэн” гэх тайлбарыг  бичгээр гаргасан боловч, түүнийг тус дүүргийн 12 дугаар хорооны Засаг даргаар сонгосон ИНХ-ын 2018 оны 2 дугаар сарын 23-ны өдрийн тогтоол, холбогдох бусад баримт нь  тамга тэмдэггүй, албан бланк дээр бичигдэж хэлбэржээгүй байх тул шүүхээс хуульд заасан нотлох баримтын шаардлага хангасан баримт гэж үзэн үнэлэх боломжгүй ба нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гаргасан “...гуравдагч этгээд Д.Д нь Анхдугаар хуралдааны 2018 оны 02 дугаар сарын 24-ний өдөр хуралдахыг мэдсэн ба Анхдугаар хуралдааны зохион байгуулалтыг өөрөө хариуцахаар байсан, энэ нь Д.Дыг Засаг даргаар томилсон 2018 оны 2 дугаар сарын 23-ны өдрийн ИНХ-ын хуралдааныг хууль бус болохыг баталж байна” гэх агуулга бүхий тайлбарыг үндэслэлтэй байна гэж үзлээ.

Тэрээр гуравдагч этгээд Д.Дт хамаарах дээрх баримтуудыг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.5-д “...Шүүхээс өмнө нь шийдвэрлэсэн, эсхүл шийдвэрлэж байгаа хэрэг хянан шийдвэрлэх үйл ажиллагааны явцад цугларсан нотлох баримтын шаардлага хангасан материалыг хэргээс хуулбарласан тохиолдолд бичмэл нотлох баримтыг нотлох баримтын шаардлага хангасан гэж үзнэ” гэж заасан дагуу тус шүүхэд хянагдаж байгаа Хан-Уул дүүргийн 2, 3, 4, 9, 12 дугаар хорооны Иргэдийн Нийтийн хурлын нэхэмжлэлтэй Хан-Уул дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн хуралд холбогдох захиргааны хэргээс шүүх хуралдааны хэлэлцүүлгийн явцад шинжлэн судалж, нотлох баримтын шаардлага хангуулан хэрэгт нотлох баримтаар авч хавсаргасан болохыг;

Хан-Уул дүүргийн 12 дугаар хорооны Иргэдийн Нийтийн хурлын болон хорооны Засаг даргын бүрэн эрхийн хугацаа 2017 онд дуусгавар болсноос хойш шинээр ИНХ, түүний тэргүүлэгчид, мөн хорооны Засаг даргыг сонгох Анхдугаар хуралдааныг 2018 оны 2 дугаар сарын 24-ны өдөр хуралдуулсан шалтгааныг нэхэмжлэгчийн өмгөөлөгчөөс “Хан-Уул дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн Хурлын дарга Б.Цэрэнгээс өөрт олгогдоогүй эрх хэмжээний асуудлаар дарамт үзүүлсэн 2017 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн 01,  2017 оны 3 дугаар сарын 14-ний өдрийн 30 дугаар  албан бичгүүдийг тус тус хороодын ИНХ-д хүргүүлэн анхдугаар хуралдааныг хийлгэхгүй удаашруулсан” гэж тайлбарлаж байх боловч нэхэмжлэгчээс эдгээр албан бичгүүдийг хүчингүй болгуулахаар шаардлага гаргаагүйг, шүүхээс энэ талаар дүгнэлт өгөх шаардлагагүй гэж үзсэнийг тус тус дурдах нь зүйтэй гэж үзлээ.

Шүүх хэрэгт цугларсан бөгөөд шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв эргэлзээгүй талаас нь үнэлж нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн болно. 

 

             Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1,106.2, 106.3.4, 106.3.12 дахь хэсгүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.3, 26.4-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Н.Т-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, хариуцагч Хан-Уул дүүргийн Засаг даргын Н.Т-ийг 12 дугаар хорооны Засаг даргаар томилох асуудлыг шийдвэрлэхгүй байгаа эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, Хан-Уул дүүргийн 12 дугаар хорооны Засаг даргаар Н.Т-ийг томилуулахаар өргөн мэдүүлсэн саналыг шийдвэрлэн, шаардагдах захиргааны акт гаргахыг хариуцагч Хан-Уул дүүргийн Засаг даргад даалгасугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч Н.Т-ээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Хан-Уул дүүргийн засаг даргаас 70200 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөч 14 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                             С.ОТГОНТУЯА