Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 02 сарын 09 өдөр

Дугаар 221/МА2022/0099

 

 

 

 

 

 

 

 

 

                   Ү.Э-ны нэхэмжлэлтэй

               захиргааны хэргийн тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн

Шүүх бүрэлдэхүүн:

Шүүх хуралдаан даргалагч Ерөнхий шүүгч Д.Батбаатар

Бүрэлдэхүүнд оролцсон шүүгч С.Мөнхжаргал

Илтгэсэн шүүгч Н.Долгорсүрэн

Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч:

Гуравдагч этгээд Г.Б

Нэхэмжлэлийн шаардлага: “Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2019 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн А/399 дүгээр захирамжийн Х.Г-эд холбогдох хэсэг, 2020 оны 08 дугаар сарын 14-ний өдрийн А/272 дугаар захирамжийн Г.Б-д холбогдох хэсгийг тус тус хүчингүй болгуулах”

Гуравдагч этгээд Г.Б бие даасан шаардлага: “Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2011 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн 309 дүгээр захирамжийн Ү.Эд газар эзэмших эрх олгосон хэсгийг хүчингүй болгуулах”

Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 715 дугаар

Давж заалдах шатны шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ү.Б, түүний өмгөөлөгч Б.Г-О

Гуравдагч этгээд Г.Б, түүний өмгөөлөгч Б.А

Гуравдагч этгээд Х.Гийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.О

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Батмаа

Хэргийн индекс: 128/2020/0723/З

 

 

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч Ү.Э нь Сүхбаатар дүүргийн Засаг даргад холбогдуулан “Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2019 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн А/399 дүгээр захирамжийн Х.Гэд холбогдох хэсэг, 2020 оны 08 дугаар сарын 14-ний өдрийн А/272 дугаар захирамжийн Г.Бд холбогдох хэсгийг тус тус хүчингүй болгуулах”-аар маргасан,

Гуравдагч этгээд Г.Б нь Сүхбаатар дүүргийн Засаг даргад холбогдуулан “Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2011 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн 309 дүгээр захирамжийн Ү.Эд газар эзэмших эрх олгосон хэсгийг хүчингүй болгуулах”-аар маргасан байна.

2. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 715 дугаар шийдвэрээр: Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3, 40 дүгээр зүйлийн 40.1.6, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д тус тус заасныг баримтлан нэхэмжлэгч Ү.Э-ны Сүхбаатар дүүргийн Засаг даргад холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, тус дүүргийн Засаг даргын 2019 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн А/399 дүгээр захирамжийн Х.Гэд холбогдох хэсэг, 2020 оны 08 дугаар сарын 14-ний өдрийн А/272 дугаар захирамжийн Г.Бд холбогдох хэсгийг тус тус хүчингүй болгож, гуравдагч этгээд Г.Баас Сүхбаатар дүүргийн Засаг даргад холбогдуулан гаргасан “Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2011 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн 309 дүгээр захирамжийн Ү.Эд газар эзэмших эрх олгосон хэсгийг хүчингүй болгуулах” бие даасан шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

3. Давж заалдах гомдлын агуулга: Гуравдагч этгээд Г.Б дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг эсэргүүцэж байна. Үүнд:

          3.1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 715 дугаар шийдвэрээр Ү.Э-ны “Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2019 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн А/399 дүгээр захирамжийн Х.Гэд холбогдох хэсэг, 2020 оны 08 дугаар сарын 14-ний өдрийн А/272 захирамжийн Г.Бд холбогдох хэсгийг хүчингүй болгуулах” нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, гуравдагч этгээд Г.Бын бие даасан шаардлага болох “Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2011 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн 309 дүгээр захирамжийн Ү.Эд холбогдох хэсгийг хүчингүй болгуулах” нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүчингүй болгож шийдвэрлэсэн.

3.2. Гуравдагч этгээд Г.Бын өмгөөлөгчийн зүгээс анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ дараах байдлаар хууль зүйн үндэслэлгүй дүгнэлт гаргасан бөгөөд, шүүхийн шийдвэр шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл байх шаардлагыг хангаагүй, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн гэж үзэж байна.

3.3. Тодруулбал шийдвэрийн Үндэслэх хэсэгт “Нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны мэдээллийн сангийн хяналт шалгалт хийх ажлын хэсгийн 9 дүгээр хурлын устгагдсан төлөвт шилжүүлэх шийдвэр гарснаар нэгж талбарын 18642333727340 дугаартай газар нь эзэмшигчийн мэдээлэлгүйгээр тухайн төлөвт бүртгэгдсэн байна” гэжээ. Ү.Эд эзэмшүүлсэн 18642333727340 дугаартай газрыг кадастрын мэдээллийн санд анх бүртгэхдээ овог, нэр, регистрийн дугаарын мэдээллийг дутуу бүртгэснээс Нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны мэдээллийн сангийн хяналт шалгалт хийх ажлын хэсгийн шийдвэр гарч эзэмшигчийн мэдээлэлгүй уг газрыг устгах төлөвт бүртгэсэн тухай тайлбарласан байдаг. Гэтэл уг нөхцөл байдлыг шүүх буруу тайлбарлаж дүгнэн, Нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны мэдээллийн сангийн хяналт шалгалт хийх ажлын хэсгийн 9 дүгээр хурлын шийдвэрээр устгагдсан төлөвт шилжүүлэх шийдвэр гарснаар нэгж талбарын 18642333727340 дугаартай газар нь эзэмшигчийн мэдээлэлгүйгээр тухайн төлөвт бүртгэгдсэн байна” гэж буруу тодорхойлж дүгнэсэн.

3.4. Үндэслэх хэсэгт “Ү.Э-ны эзэмшлийн нэгж талбарын 18642333727340 дугаартай газар нь мэдээллийн сангаас бүрэн устаагүй, эзэмших эрхийг олгосон захирамжийн дугаар, нэгж талбар бүхий газрын байршил, хэмжээ тодорхой харагдаж байхад” гэж шүүгч өөрийн үзэл санааг шууд тусгасан байх бөгөөд, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүхэд болон шүүх хуралдаанд удаа дараа гаргасан “устгагдсан төлөвт бүртгэсэн тохиолдолд” тухайн газар ямар ч эзэмшигчгүй байдлаар харагдана гэж тайлбарласныг огт авч үзээгүй, дүгнээгүй.

3.5. Үндэслэх хэсэгт гуравдагч этгээдийн бие даасан шаардлагыг буруу тодорхойлж, түүндээ буруу тайлбар гаргаж шийдвэрлэсэн. Үндэслэх хэсгийн нэхэмжлэлийн шаардлага, гуравдагч этгээдийн бие даасан шаардлагыг Тодорхойлох хэсэгтээ “Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2011 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн 309 дүгээр захирамжийн Х.Г миний газартай давхцуулан газар эзэмших эрх олгосон хэсгийг хүчингүй болгуулах шаардлага бүхий” гэж буруу тодорхойлсон байна.

3.6. Үндэслэх хэсэгт “... Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д заасан газар эзэмших эрхийг хүчингүй болгох эрхийг дүүргийн Засаг дарга хэрэгжүүлэх бөгөөд дүүргийн Засаг даргын энэхүү эрхийг шүүх хөндлөнгөөс хэрэгжүүлэх боломжгүй” гэж дүгнэжээ. Гуравдагч этгээд Г.Бын зүгээс нэхэмжлэгчийг 2 жил дараалан газраа ашиглаагүй гэж үздэг бөгөөд, шүүхээс газрыг 2 жил дараалан ашиглаагүй байгаа нь газар эзэмших эрх хүчингүй болох үндэслэл мөн эсэх талаар огт дүгнэлт хийгээгүй нь шүүхээс гарах шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй гэж үзэхээр байна.

3.7. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь шүүхэд болон шүүх хуралдаанд удаа дараа тайлбарлахдаа “ ... Ү.Эд Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2011 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн 309 дүгээр захирамжаар эзэмшүүлсэн газар, мөн Засаг даргын 2019 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн А/399 дүгээр захирамжаар Х.Гэд эзэмшүүлсэн газар нь захиргааны байгууллагын буруутай үйл ажиллагааны улмаас давхардуулан эзэмшүүлсэн болохыг дурдаад, “захиргааны байгууллагаас уг буруутай үйл ажиллагаагаа залруулж, дахин шинэ акт гаргах замаар нэхэмжлэгч, гуравдагч талын эрхийг сэргээх боломжтой” гэж тайлбарласан байтал үүнд огт дүгнэлт хийлгүй шийдвэрлэсэн нь гуравдагч этгээд талд илтэд хохиролтой шийдвэр гарахад хүргэсэн.

3.8. Нэхэмжлэгч Ү.Э нь “Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2019 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн А/399 дүгээр захирамжийн Х.Гэд холбогдох хэсэг, 2020 оны 08 дугаар сарын 14-ний өдрийн А/272 дугаар захирамжийн Г.Бд холбогдох хэсгийг хүчингүй болгуулах тухай” нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2019 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн А/399 дүгээр захирамжийн Х.Гэд Сүхбаатар дүүргийн 19 дүгээр хороо, Хандгайтын зусланд 615 м.кв газрыг 15 жилийн хугацаатай эзэмшүүлсэн бөгөөд Х.Г нь газар эзэмших эрхээ Сүхбаатар дүүргийн Засаг 2020 оны 08 дугаар сарын 14-ний өдрийн А/272 дугаар захирамжаар Г.Бд шилжүүлсэн байдаг. Өөрөөр хэлбэл, Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2020 оны 08 дугаар сарын 14-ний өдрийн А/272 захирамжийн 2 дахь хэсэгт зааснаар Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2019 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн А/399 дүгээр захирамжийн Х.Гэд холбогдох хэсэг хүчингүй болсон. Гэтэл шүүх “дүүргийн Засаг дарга эрх хэмжээнийхээ хүрээнд хүчингүй болгож шийдвэрлэсэн захирамжийг хүчингүй болгуулах” нэхэмжлэлийн шаардлагыг хангаж дахин хүчингүй болгож шүүх үндэслэлгүй, ойлгомжгүй шийдвэр гаргасан байна.

3.9. Иймд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 121 дүгээр зүйлийн 121.1.1-д заасны дагуу Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 715 дугаар шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож өгнө үү гэжээ.

4. Хариуцагч, нэхэмжлэгч нар гомдлыг үгүйсгэж, бичгээр тайлбар гаргаагүй байна.

ХЯНАВАЛ:

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг давж заалдах гомдлын хүрээнд хянав.

2. Шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх тул хэвээр үлдээж, гомдлыг хангахгүй орхилоо.

3. Шүүх гуравдагч этгээд Г.Бын давж заалдах гомдлыг дараах үндэслэлээр хангахгүй орхилоо. Үүнд:

            3.1. Нэхэмжлэгч Ү.Э нь Сүхбаатар дүүргийн Засаг даргад холбогдуулан “Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2019 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн А/399 дүгээр захирамжийн Х.Гэд холбогдох хэсэг, 2020 оны 08 дугаар сарын 14-ний өдрийн А/272 дугаар захирамжийн Г.Бд холбогдох хэсгийг тус тус хүчингүй болгуулж, Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2011 оны 309 дүгээр захирамжаар олгосон газар эзэмших эрхээ сэргээлгэх”-ээр маргажээ.

           3.2. Маргаан бүхий А/399 дүгээр захирамжаар Х.Гэд Сүхбаатар дүүргийн 19 дүгээр хороо, Хандгайтад байрлалтай 615 м.кв газрыг 15 жилийн хугацаагаар зуслангийн зориулалтаар эзэмшүүлсэн, А/272 дугаар захирамжаар уг газрыг Г.Бд эзэмшүүлэхээр шийдвэрлэсэн байна. 

            3.3. Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2011 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн 309 дүгээр захирамжаар нэхэмжлэгч Ү.Эд Сүхбаатар дүүргийн 19 дүгээр хороо, Хандгайтад байрлах 700 м.кв газрыг 15 жилийн хугацаатай эзэмшүүлэхээр шийдвэрлэснийг хариуцагчаас үгүйсгэж маргаагүй, харин гуравдагч этгээд Г.Баас “... Ү.Э нь 2011 онд эзэмшсэн газраа хаяж явсан, зориулалтын дагуу эзэмшиж, ашиглаагүй хирнээ 9 жилийн дараа гэнэт миний эзэмшлийн газар гээд нэхэмжлэл гаргаж байгаа нь үндэслэлгүй” гэж тайлбарлан маргаж байна.

            3.4. Дээрх үйл баримтууд, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд, талуудын тайлбараас үзвэл нэхэмжлэгч Ү.Эд маргаан бүхий газрыг эзэмших эрх гуравдагч этгээд Х.Гээс Г.Бд шилжихээс өмнө үүссэн гэж үзэхээр байх бөгөөд 309 дүгээр захирамжийг эрх бүхий байгууллагаас хүчингүй болгосон, эсхүл Ү.Э-ны газар эзэмших эрхийг аливаа байдлаар цуцалсан, дуусгавар болгосон эрх зүйн акт гараагүй байна. 

            3.5. Гэтэл хариуцагч Сүхбаатар дүүргийн Засаг дарга нь Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3-д заасан хүсэлт гаргасан газар нь бусдын эзэмшиж, ашиглаж байгаа газартай ямар нэг хэмжээгээр давхцаагүй байх хуулийн үндсэн шаардлагыг зөрчиж, Х.Г, Г.Б нарын хүсэлтийг хүлээн авч газар эзэмших эрх олгосон нь уг маргааныг үүсгэжээ гэж дүгнэхээр байна.

3.6. Гэрч П.А-ийн “... 2015 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр Ү.Этай уулзахад энэ байшингаа буулгаж, шинэ байшинтай болно, мөн бохирын шугам хоолой худагтай нь тавиулъя гэсэн, ... хүн харахад доор шугам хоолой байгаа гэж харагдсан” гэх мэдүүлэг, гэрч Д.Э-гийн “... Х.Г гэх хүн надад хэлэхдээ Хандгайтад олон жил болсон ийм газар байгаа юм аа гэж хэлсэн, тухайн үед газар зохион байгуулагчид манай дүүгийнх байгаа юм гээд худлаа хэлсэн ,... Х.Г газар дээр ямар ч хүн байхгүй гэхээр нь би ямар ч хүн байхгүй гэж байна, очиж үзье гээд би гуйсаар байгаад /газар зохион байгуулагчаас/ очиж үзсэн, кадастрын зургаа шалгуулахад ямар нэгэн давхцал байхгүй байсан” гэх мэдүүлэг, нэхэмжлэгчээс гаргаж өгсөн фото зургууд, шүүхийн үзлэгийн тэмдэглэлүүдээс үзвэл нэхэмжлэгчийг Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д зааснаар хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй гэж үзэх үндэслэлгүй, түүнчлэн хариуцагчаас энэ үндэслэлээр нэхэмжлэгчийн газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгосон шийдвэр гаргаагүй.

3.7. Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газрын 2021 оны 03  дугаар сарын 31-ний өдрийн 1/707 дугаар албан бичгээс үзвэл 2012 оны 08 дугаар сарын архивын зурган мэдээлэлд 18642333727340 нэгж талбарын дугаартай газрын эзэмшигчийн мэдээлэл өөрчлөгдөн Ү.Э-ны нэр дээр бүртгэгдсэн, улмаар 2020 оны 06 дугаар сарын 10-ны өдөр уг газар нь Нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны мэдээллийн сангийн хяналт шалгалт хийх ажлын хэсгийн 9 дүгээр хурлын шийдвэрээр “Устгагдсан” төлөвт бүртгэгдсэн, үүний дараагаар 1462103570 нэгж талбарын дугаартай газар нь 2020 оны 06 дугаар сарын 22-ны өдөр Х.Гийн нэр дээр бүртгэгдсэн, дээрх нэгж талбар бүхий газрууд давхцалтай байгаа нь нэхэмжлэгчийн буруутай үйл ажиллагаанаас болоогүй, түүнээс хамааралгүй байх тул газар эзэмших эрх үүссэний дараа гуравдагч этгээдэд газар олгосон хариуцагчийн буруутай үйл ажиллагааг зөвтгөх боломжгүй, гомдолд дурдсан үндэслэлүүдээр шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, маргаан бүхий захирамжуудын холбогдох хэсгийг хэвээр үлдээх хууль зүйн үндэслэлгүй байна. Иймд анхан шатны шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, гуравдагч этгээд Г.Бын бие даасан шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь зөв байна.

3.8. Сүхбаатар дүүргийн Засаг даргын А/272 дугаар захирамжаар маргаан бүхий газрыг Г.Бд эзэмшүүлэхдээ мөн Засаг даргын А/399 дүгээр захирамжийн Х.Гэд холбогдох заалтыг хүчингүйд тооцохоор заасан боловч дээрх байдлаар шүүх А/272 дугаар захирамжийн Г.Бд холбогдох хэсгийг хүчингүй болгосон, уг захирамж эрх зүйн үр дагавар бий болгохооргүй болсон тул А/399 дүгээр захирамжийн Х.Гэд холбогдох хэсгийг хүчингүй болгосны үндсэн дээр нэхэмжлэгчийн зөрчигдсөн гэх эрх, хууль ёсны ашиг сонирхол сэргэх боломжтой. 

           3.9. Гуравдагч этгээд Г.Б нь Сүхбаатар дүүргийн Засаг даргад холбогдуулан “Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2011 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн 309 дүгээр захирамжийн Ү.Эд газар эзэмших эрх олгосон хэсгийг хүчингүй болгуулах”-аар нэхэмжлэлийн бие даасан шаардлага гаргасан байх бөгөөд анхан шатны шүүх шийдвэрийн Удиртгал хэсэгт дээрх нэхэмжлэлийн шаардлагыг “Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2011 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн 309 дүгээр захирамжийн Х.Г миний газартай давхцуулан Ү.Эд газар эзэмших эрх олгосон хэсгийг хүчингүй болгуулах” гэж тодорхойлсон нь бичвэрийн хувьд буруу боловч шийдвэрийн Үндэслэх болон Тогтоох хэсэгт зөв тодорхойлж, дүгнэлт өгч шийдвэрлэсэн байх тул энэхүү алдаа нь шийдвэрийг хүчингүй болгох үндэслэл болохгүй.

3.10. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.2.1-д зааснаар хариуцагч шүүхийн дуудсанаар хүрэлцэн ирэх, 21 дүгээр зүйлийн 21.2.2-т зааснаар хариуцагч өөрөө, эсхүл төлөөлөгчөөрөө дамжуулан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох үүрэгтэй, шүүх хуралдааны товыг шүүхээс лавлаж, шүүх хуралдаанд оролцох бүрэн эрхтэй бөгөөд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс тус хэрэгт холбогдох тайлбарыг шүүхэд бичгээр ирүүлж, хэргийг шийдвэрлэх шүүх хуралдаанд оролцож тайлбараа гаргасан, мөн хариуцагчаас 2021 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр Ж.Б-г итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр томилсны дагуу түүнд шүүх хуралдааны товыг мэдэгдэхэд “... тус хэргийн шүүх хуралдаанд оролцохгүй” гэж мэдүүлсэн, хариуцагчаас түүнийг оролцуулахаас татгалзсан талаар мэдүүлээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох өөр итгэмжлэгдсэн төлөөлөгчийг томилон ирүүлээгүй, хариуцагчид шүүхийн мэдэгдэх хуудсыг хүргүүлэхэд шүүх хуралдаанд оролцоогүй, шүүх хуралдааны товыг шүүхээс лавлаагүй зэргээс үзэхэд давж заалдах шатны шүүх түүний шүүх хуралдаанд оролцох эрхийг аливаа байдлаар хязгаарлаагүй, хариуцагч дээрх байдлаар шүүх хуралдаанд ирээгүй нь давж заалдах журмаар хэргийг хянан шийдвэрлэхэд саад болохгүй тул гуравдагч этгээд Х.Гийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн “... хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийг шүүх хуралдаанд оролцуулахаар шүүх хуралдааныг хойшлуулах” хүсэлтийг хүлээн аваагүй болохыг тэмдэглэв.

Иймд анхан шатны шүүх хэрэгт авагдсан баримтын хүрээнд нэхэмжлэлийн үндэслэл, шаардлага, хэргийн нөхцөл байдалд дүгнэлт өгч хэргийг шийдвэрлэсэн байх тул шийдвэрийг хэвээр үлдээж, гуравдагч этгээд Г.Бын давж заалдах гомдлыг хангахгүй орхилоо.

Мөн анхан шатны шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэхдээ Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.12 дахь заалтыг баримтлаагүй нь буруу боловч энэ нь хэргийн шийдэлд нөлөөлөхгүй, шийдвэрт өөрчлөлт оруулах, эсхүл шийдвэрийг хүчингүй болгох үндэслэл болохгүй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 715 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, гуравдагч этгээд Г.Бын гомдлыг хангахгүй орхисугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-д зааснаар гуравдагч этгээдээс давж заалдах гомдол гаргахдаа төлсөн 70200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан, хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                                  Д.БАТБААТАР

ШҮҮГЧ                                                                       Д.МӨНХЖАРГАЛ

ШҮҮГЧ                                                                       Н.ДОЛГОРСҮРЭН