Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2018 оны 09 сарын 27 өдөр

Дугаар 001/ХТ2018/01263

 

ӨМӨЗО-ны “Ш,” ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

        Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Г.Алтанчимэг, Ц.Амарсайхан, Б.Ундрах, Г.Цагаанцоож нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн       

        2018 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн 182/ШШ2018/00125 дугаар шийдвэр,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 

        2018 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн 704 дүгээр магадлалтай,

        Нэхэмжлэгч: ӨМӨЗО-ны “Ш” ХХК

        Хариуцагч: “Г” ХХК-д холбогдох

     Үндсэн нэхэмжлэл: Худалдах-худалдан авах гэрээний үнийн үлдэгдэл 46.780.163,08 төгрөг гаргуулах тухай,

        Сөрөг нэхэмжлэл: Хариуцагчийн гаргасан доголдолтой эд хөрөнгийн улмаас гарсан хохирол зардалд 68.612.600 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг

        Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нарын хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн

        Шүүгч Б.Ундрахын илтгэснээр хянан хэлэлцэв.

        Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.З, хариуцагчийн төлөөлөгч Д.М, нарийн бичгийн дарга Г.Наранхүү нар оролцов.

         Нэхэмжлэгч нэхэмжлэлдээ:  Г XXК нь 2012, 2013 онд БНХАУ-ын ӨМӨЗО-ны Ш ХХК-иас нийт 623,330 юанийн үнэ бүхий замын гэрэлтүүлэгч, кабел, гүйдлийн трансформатор болон эрчим хүчний бусад тоног төхөөрөмж, бараа бүтээгдэхүүнүүдийг зээлээр худалдан авсан. Нийлүүлсэн барааны нийт үнээс Г ХХК нь 390,000 юань  төлсөн. Үлдэгдэл 233,330 юанийг 2013-05-07-ны өдрөөс өмнө төлж дуусгана гэж  Г ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Цэдэнбал худалдагчид бичгээр баталгаа гаргасан. Б.Цэдэнбал 2013-05-02-ны өдөр Г ХХК-иас бичгээр итгэмжлэл авч нотариатаар гэрчлүүлсэн байдаг ба энэхүү итгэмжлэлийн дагуу худалдагчаас бараа материалыг хүлээн авч, холбогдох баримт бичигт гарын үсэг зурж, гаалийн бүрдүүлэлт хийж бараа материалыг Монгол улс руу хариуцан оруулсан.  Г XXX 2014-11- 27-ны өдөр 100,000 юань төлсөн. Үүнээс хойш барааны үлдсэн төлбөрийг төлөөгүй тул талууд тохиролцож үлдэгдэл 133,330 юанийн төлбөрийн дүнг бууруулан барааны үлдэгдэл төлбөрөө баталгаажуулж, Г ХХК-тай 2015-02-08-ны өдөр зээлийн гэрээ байгуулсан. Нэхэмжлэгч  нь БНХАУ-д байрладаг бөгөөд байнга Монгол улсад ирж буцах боломжгүй тул барааны үлдэгдэл төлбөрийг Г XXK-с шаардах эрхийг Монгол улсын Бигвайт ХХК-д шилжүүлсэн. Үүнийг Г ХХК зөвшөөрч Бигвайт ХХК-тай зээлийн гэрээ байгуулсан. Г ХХК зээлийн гэрээгээр тогтоосон хугацаанд төлбөрөө төлөөгүй тул Бигвайт ХХК 43,938,000 төгрөгийг Г ХХК-с шаардсан бөгөөд шүүхийн шийдвэрээр зээлийн гэрээний үүрэгт төлбөр гаргуулах боломжгүй гэж нэхэмжлэлийг хангаагүй. Иймд худалдсан барааны үлдэгдэл төлбөр 46,780,163.08 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

          Хариуцагч хариу тайлбартаа: Г ХХК 2013-03-15-ны өдөр Ялгуусан ХХК-тай гадна гэрэлтүүлгийн ажлыг гүйцэтгэх гэрээ байгуулж Зүүн 4 замаас Амгалангийн тролейбусын эцэс хүртэлх 4.5 км авто замын гэрэлтүүлгийн ажлыг гүйцэтгэхээр болсон. Тус гэрээний дагуу ажилд шаардлагатай гэрэлтүүлэгч, кабел утас зэрэг хэрэгцээт материалыг худалдан авахаар нэхэмжлэгч байгууллагатай тохиролцсон байсан. Гэвч худалдагчийн зүгээс тохиролцсон тоо хэмжээний барааг нийлүүлээгүйн дээр нийлүүлсэн бараа нь чанарын шаардлага хангаагүйн улмаас манай байгууллагад их хэмжээний хохирол учирсан. Бигвайт ХХК хууран мэхэлж, сүрдүүлэн байж зээлийн гэрээ хийсэн ба гэрээ хийсний дараа Бигвайт ХХК болон нэхэмжлэгч байгууллага үлдэгдэл гэрэлтүүлгийн тоног төхөөрөмжийг өгөөгүйгээс гадна доголдолтой эд хөрөнгийг сольж өгөөгүй. Иймээс манай байгууллагын зүгээс Төгс гэрэлтүүлэг ХХК-иас гэрэлтүүлгийн тоног төхөөрөмжийг худалдан авч ажлыг гүйцэтгэсэн. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

        Хариуцагч шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ: Г ХХК нь гэрэлтүүлгийн ажлын хүрээнд нэхэмжлэгчтэй гэрээ байгуулж гэрэлтүүлгийн тоног төхөөрөмж худалдан авч суурилуулсан. Гэтэл ажил гүйцэтгэсний дараагаас эхлэн гудамжны гэрэлтүүлэг нь унтарч эхэлсэн. Унтарсан гэрэлтүүлгийг шалгаж үзэхэд тэжээлийн блок болон гэрэлтүүлэгч нь шатсан байсан. Тиймээс удаа дараа нэхэмжлэгч талд биечлэн болон утсаар доголдолтой бараа бүтээгдэхүүнээ солихыг шаардсан ч сольж өгөөгүй. Тиймээс манай компани Төгс гэрэлтүүлэг ХХК-иас нийт 27 сая төгрөгийн гэрэлтүүлгийн материал /гэрэлтүүлэгч, тэжээлийн блок/ зэргийг худалдан авч сольсон. Иймд нэхэмжлэгчээс 27 сая төгрөг,  доголдолтой эд хөрөнгийг солихтой холбоотой гарсан зардал 41,612,600 төгрөг, нийт 68,612,600 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

      Нэхэмжлэгч сөрөг нэхэмжлэлд өгсөн хариу тайлбартаа:  Хийж гүйцэтгэсэн гэрэлтүүлгийн ажилд доголдол гарч, ажил гүйцэтгэсний дараагаас гэрэлтүүлэг унтарч эхэлсэн гэж хохирол шаардаж байгаа ч энэ нь нэхэмжлэгчээс худалдан авсан бараа бүтээгдэхүүнээс шалтгаалсан гэж үзэх боломжгүй. Г ХХК-ийн төлөөлөгч Б.Цэдэнбал бараа шилжүүлэн өгөх үед нийлүүлсэн барааны тоо, хэмжээ, ажиллагаа зэргийг шалгаж үзсэний үндсэн дээр гарын үсэг зурж, хүлээн авсан. Иймд  Г ХХК-ийн зүгээс манай компанийг доголдолтой бараа нийлүүлсэн хэмээн маргаж буй нь үндэслэлгүй байна. Түүнчлэн, Г ХХК нь ажил гүйцэтгэхдээ ашиглах бараа материалаа худалдан авахдаа чанарын шаардлага хангасан, доголдолгүй гэдгийг шалгаж, хүлээн авах үүрэгтэй. Худалдан авагчийн зүгээс бараа материалыг хүлээн авснаас хойш 4 жилийн дараа ийнхүү эд хөрөнгийн доголдлын талаар шаардлага гаргаж байгаа нь хуульд нийцэхгүй. Иймд сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

       Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн 182/ШШ2018/00125 дугаар шийдвэрээр Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасныг баримтлан Г ХХК-иас 133,330 юань буюу 46,780,163.80 төгрөг  гаргуулж нэхэмжлэгчид олгож, Иргэний хуулийн 254 дүгээр зүйлийн 254.1 дэх хэсэгт заасныг баримтлан сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна.

        Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн 704 дүгээр магадлалаар Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн 182/ШШ2018/00125 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн  гомдлыг хангахгүй орхижээ.

       Хариуцагч тал хяналтын  гомдолдоо: Иргэний хуулийн 243.1-т зааснаар худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөөс хүлээн авах үүргийг тус тус хүлээдэг. Гэтэл нэхэмжлэгчээс худалдан борлуулсан гэрэлтүүлгийн тоног төхөөрөмж нь чанарын шаардлага хангаагүйн улмаас хариуцагчид их хэмжээний хохирол учирсан нөхцөл байдалд дүгнэлт өгсөнгүй.  Магадлалын хянавал хэсэгт “Г ХХК нь замын гэрэлтүүлэгч, кабель, гүйдлийн трансформатор зэрэг нийт 623.330 юанийн үнэ бүхий эрчим хүчний тоног төхөөрөмжийг нэхэмжлэгчээс худалдан авч 390.000 юанийн төлбөрийг тухайн үед бэлнээр төлж, үлдэх 233.330 юанийг 2013-05- 15-ны өдөр төлж барагдуулахаар баталгаа гаргасан нь хэрэгт авагдсан 2013-05- 07-ны өдрийн өрийн бичгийн баталгаа /хх-4-5/ 2013-03- 25-ны өдрийн бараа худалдах бичиг /хх-6-10/, зохигчдын тайлбараар тогтоогдсон байна” гэж дүгнэснийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь Г ХХК нь 2013-03- 25-ны өдөр 623.330 юанийн үнэ бүхий бараа материалыг худалдан авахаар тохиролцсон боловч нэхэмжлэгч нь хариуцагчид 520.000 юанийн бараа материалыг нийлүүлсэн. Үүнээс 390.000 юанийг төлсөн. Үлдэгдэл 130.000 юаниас 100.000 юанийн төлбөрийг хожим төлсөн. Хавтаст хэргийн 6-10 дахь талд байрлах баримт нь 623.330 юанийн бараа материалыг худалдан авах санал гаргаж байсныг нотлох баримт болохоос 623.330 юанийн бараа бүтээгдэхүүнийг хүлээн авсан гэж нотлох баримт биш юм. 2017-11- 09-ний өдөр Б.Цэданбал нь гэрчээр асуугдах үедээ гэрээгээ шинэчилнэ гээд цагаан цаасан дээр гарын үсэг зуруулаад авч үлдсэн...” гэх мэдүүлэг. Мөн Б.Цэдэнбал нь хятад хэл мэдэхгүй, бичиж чадахгүй талаараа хэлсэн. Хэргийн материалд 5 дахь талд байрлах өрийн бичгийн баталгаа гэх баримтад Б.Цэдэнбалын гарын үсгээс бусад бичиглэлийн компьютер дээр шивж гаргасан байдаг. Тус бичиглэлд Б.Цэдэнбалын хүсэл зориг илэрхийлэгдсэн байсан эсэхэд хууль зүйн хувьд үнэлэлт, дүгнэлт өгөлгүйгээр Б.Цэдэнбалын хүлээн зөвшөөрч гарын зурсан мэтээр дүгнэснийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Нөгөөтээгүүр Б.Цэдэнбалд манай байгууллагыг төлөөлөн өрийн бичгийн баталгаа гаргах эрх олгогдоогүй. Манай байгууллагыг төлөөлөн өрийн бичгийн баталгаа гаргах эрхийг Б.Цэдэнбалд олгоогүй. Магадлалын хянавал хэсэгт “Худалдан авагч буюу хариуцагч нь төлбөрийн үлдэгдлийн баталгаа гаргаснаа үгүйсгээгүй. Харин эрчим хүчний тоног төхөөрөмж чанарын шаардлага хангахгүй байсан тул үлдэгдэл төлбөрийг төлөхгүй гэх боловч худалдах-худалдан авах гэрээг бичгээр байгуулаагүй, бараанд доголдол гарсан тохиолдолд талуудын хүлээх үүргийг гэрээгээр нарийвчлан зохицуулаагүйгээс гадна барааг хүлээн авсны дараа суурилуулснаас хойш тэжээлийн блок шатаж байсан талаар гэрч нар мэдүүлсэн байна. Иймд Иргэний хуулийн 247.1 дэх хэсэгт зааснаар хөрөнгийг худалдан авагчид шилжсэний дараа тухайн хөрөнгийг суурилуулснаас хойш гэмтсэний эрсдэл худалдан авагчид шилжих тул хариуцагчийн татгалзлыг хүлээн авах үндэслэлгүй гэж дүгнэснийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь Иргэний хуульд заасан худалдах-худалдан авах гэрээний гол нөхцөлийг харвал худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй эд хөрөнгийг шилжүүлэн өгөх үүрэгтэй талаар хуульд заасан. Иймээс гэрээний үүргээ биелүүлээгүй худалдагч нь Иргэний хуулийн 261.1-д заасан хариуцан арилгах үүрэгтэй. Гэрэлтүүлгийн тоног төхөөрөмжийг суурилуулж ажлуулж үзэхгүйгээр түүний доголдолтой эсэхийг мэдэх боломжгүй. Нөгөөтээгүүр хариуцагчийн зүгээс худалдагчид өрийн бичгийн баталгаа гаргаж байгаагүй. Гэрч М.Бэхболот, Ө.Бямбасайхан, Б.Тулга, Г.Энхманлай, Б.Цэдэнбал, С.Ганболд нарын мэдүүлгээр худалдагчаас авсан гэрэлтүүлгийн тоног төхөөрөмжийг Зүүн дөрвөн замаас Амгалангийн троллейбусны эцэс хүртэлх 4,5 км авто замын гадна гэрэлтүүлгийн ажилд хэрэглэсэн болох нь тогтоогдсон. Уг ажилд үзлэг хийлгэх хүсэлтийг ч гаргаж байсан. Тус ажилд үзлэг хийж дүгнэлт гаргасан “Дамно” ХХК-ийн дүгнэлтээр худалдагчийн чанарын шаардлага хөрөнгийг шилжүүлсний улмаас тус ажилд доголдол бий болсон нь тогтоогдсон. Гэрчүүдийн мэдүүлгээр ч нотлогдсоор байхад хууль зүйн хувьд үнэлэлт, дүгнэлт өгөөгүйг хүлээн зөвшөөрөхгүй байна. Нөгөөтээгүүр ИХШХШТХ-ийн 7.4-д “Гадаад хэлээр бичигдсэн нотлох баримтыг албан ёсны зөвшөөрөл бүхий орчуулагч, хэлмэрчээр Монгол хэл дээр орчуулуулсан байна” гэж заасан. Мөн тус хуулийн 44.2-т “Бичмэл нотлох баримтыг шүүхэд эхээр нь, хэрэв эхийг өгөх боломжгүй бол нотариатчаар гэрчлүүлсэн хуулбарыг өгнө” гэж заасан. Анхан болон давж заалдах шатны үнэлж шийдвэрлээд байгаа хх-5, хх 6-10 дахь талд байрлах баримтуудыг шүүхэд орчуулуулж өгсөн баримтууд нь үндсэн баримтаасаа илтэд зөрүүтэй байсан тул 2017-11- 09-ний өдөр шүүх хуралдааныг хойшлуулах тухай захирамжаар хойшлуулж дээрх баримтуудыг орчуулуулсан боловч орчуулгын баримтыг нотариатаар гэрчлүүлээгүй. Нотлох баримтын шаардлага хангаагүй баримт хэрэгт өгөгдсөн, захирамжийн биелэлт хангагдаагүй. Иймд шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэжээ.

ХЯНАВАЛ:

       БНХАУ-ын ӨМӨЗО-ны “Шэнг Хуй Инг Ли цахилгаан эрчим хүч, шинжлэх ухаан” ХХК 2017 оны 05 дугаар сарын 17-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргаж, “Г” ХХК-с худалдсан барааны үлдэгдэл мөнгө 133,330 юань буюу 46,780,163.8 төгрөг шаардсан байна. /хх 1-н 1-2/

       Хариуцагч нэхэмжлэлийг эс зөвшөөрч /хх 1-н 39/, сөрөг нэхэмжлэл гаргаж /хх 54/ нэхэмжлэгчээс 68,612,600 төгрөг шаарджээ. Сөрөг нэхэмжлэлийг нэхэмжлэгч зөвшөөрөөгүй. /хх 1-н 60/

      Анхан шатны шүүх нэхэмжлэлийг бүрэн хангаж, сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосныг давж заалдах шатны шүүх хэвээр үлдээсэн байна.

       Шийдвэр болон магадлалыг тус тус хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

       Анхан шатны шүүх хуульд заасан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтой зөрчсөн байхад давж заалдах шатны шүүх шийдвэрийг хэвээр үлдээсэн нь  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5 дахь хэсгийн зохицуулалтад нийцээгүй байна.

        Гадаад хэлээр бичигдсэн нэг баримтын хоёр өөр орчуулга хэрэгт авагдсан байхад шүүх нэгийг нь үнэн зөв гэж үзсэн үндэслэлээ шийдвэрт заагаагүй нь мөн хуулийн 116 дугаар зүйлийн 116.3-т нийцээгүй байна. Өөрөөр хэлбэл, орчуулга эргэлзээтэй байхад шүүх энэ асуудлаар шинжээч томилох эсэхийг тодруулаагүй нь дутагдалтай болжээ. 

         Орчуулга үнэн зөв эсэх талаар маргаж буй тохиолдол нь тухайн баримтыг өөр этгээдээр дахин орчуулуулах бус, харин шинжээч томилох үндэслэл бөгөөд энэ талаар зохигч хүсэлт гаргаагүй бол хэргийг байгаа баримтын хэмжээнд шийдвэрлэх нөхцөл болно. 

        Бичмэл нотлох баримтыг шүүхэд эхээр нь, хэрэв эхийг өгөх боломжгүй бол нотариатчаар гэрчлүүлсэн хуулбарыг өгнө. Хуулбарыг өгсөн үед шаардлагатай гэж үзвэл шүүх жинхэнэ эхийг шаардан авах эрхтэй.  

        Талууд, хэргийн 5, 9, 10, 209-217 дугаар талд буй баримтын үнэн зөв эсэх талаар маргаж буй тохиолдолд уг баримтын жинхэнэ эхийг шаардан авах нь нэхэмжлэлийн талаар дүгнэлт хийхэд ач холбогдолтой байгааг шүүх анхаарч үзээгүй байна.

       Түүнчлэн, хэргийн 9 дүгээр талд буй баримт дээр хуулийн этгээдийн нэрийг  “Шен Хуй цахилгаан тоног төхөөрөмж худалдааны компани” гэсэн байх тул уг баримтыг үндэслэн  “Шэнг Хуй Инг Ли цахилгаан эрчим хүч, шинжлэх ухаан компани” нэхэмжлэл гаргахад  үндэслэл байх шаардлагатай юм.

        Дээр дурдсан үндэслэлээр шийдвэр, магадлалыг тус тус хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаав. 

         Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.5 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

         1. Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн 182/ШШ2018/00125 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн 704 дүгээр магадлал тус тус хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

         2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн  59 дүгээр зүйлийн 59.3-т заасныг баримтлан хариуцагчаас хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2018 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр төлсөн 894.000 төгрөгийг захирамжаар буцааж олгосугай.

                                 ТАНХИМЫН ТЭРГҮҮН                           Х.СОНИНБАЯР

                                  ШҮҮГЧ                                                     Б.УНДРАХ