Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 06 сарын 15 өдөр

Дугаар 471

 

2020        06         15                                   2020/ШЦТ/471

 

 

 

                                    МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ё.Цогтзандан даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Мөнхтөр,

Улсын яллагч Ц.Батбямба,

Шүүгдэгч У.Ш /шүүгдэгч өөрөө өөрийгөө өмгөөлж оролцсон/ нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Булиа овогт У.Шт холбогдох эрүүгийн 1911031100430 дугаартай хэргийг 2020 оны 05 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

  Шүүгдэгч Булиа овогт УШ, Монгол Улсын иргэн, 1988 оны 12 дугаар сарын 11-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 31 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эцэг, эх, дүү нарын хамт Чингэлтэй дүүргийн 14 дүгээр хороо Хайлаастын 20 дугаар гудамжны 461 тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, /РД:........................../.

/Холбогдсон хэргийн талаар/

Шүүгдэгч У.Ш нь 2019 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр Нийслэлийн Чингэлтэй дүүргийн 14 дүгээр хорооны нутагт үйл ажиллагаа явуулдаг “Далайхүү” худалдааны төвд байрлах Хаан банкны АТМ-аар үйлчлүүлэхдээ хохирогч Ч.Одончимэгийн гээгдүүлсэн “Орро А7” маркийн 550.000 төгрөгийн үнэ бүхий гар утсыг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшсаны улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Шүүх хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт авагдаж шүүх хуралдаанаар шинжлэн судлагдаж, хэлэлцэгдсэн баримтуудыг үндэслэн ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч У.Шаас мөрдөн шалгах ажиллагааны үед яллагдагчаар мэдүүлсэн: “…Би 2019 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр ганцаараа Чингэлтэй дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Далайхүү” худалдааны төв дотор байрлах Хаан банкны АТМ-аас мөнгө авах гээд ороход АТМ-ний тавцан дээр ягаан өнгийн Орро А7 маркийн гар утас байсан. Би эргэн тойрноо харахад хүн байхгүй болохоор нь АТМ-аас мөнгө авчихаад уг гар утсыг аваад куртикныхаа халаасанд хийгээд явсан. Тэгээд би маргааш нь уг гар утсанд өөрийн 80160400 дугаарын сим картыг хийж ашиглах гэтэл гар утас кодтой байхаар нь би “Теди” худалдаан төв ороод кодыг гаргах гэхэд гар утасны кодыг Монголд гаргах боломжгүй, энд ашиглах боломжгүй гар утас байна гэсэн ...” гэх мэдүүлэг /хх-69-70х/,

Шүүгдэгч У.Шаас шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн: “Би бэлэн мөнгөний машинаас 2019 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр гар утас олсон. Намайг олох үед тэр утас унтарсан байсан. Би тэр утасны кодыг нь гаргуулах гээд хүмүүс дээр очиж гаргуулсан. Сар гаруйн дараа надад мөнгө хэрэгтэй болсон учраас 50.000 төгрөгөөр зарсан” гэв.

Хохирогч Ч.Одончимэгээс мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “...Би 2019 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр 10 цаг 20 минутын орчим Чингэлтэй дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Далайхүү” худалдааны төвийн Хаан банкны үүдээр ороод цонхон талын захын АТМ-д үйлчлүүлж өөрийнхөө дансанд мөнгө хийх гэж байгаад гар утсаа АТМ-н дээр мартаж орхиж явсан. Тэгээд АТМ-д үйлчлүүлж дуусаад цаашаа теллер орж юм асуучихаад тэр чигтээ гараад машиндаа суусан. Тэгээд гар утсаа мартсанаа санаад нөхрийнхөө 88066420 дугаараас өөрийнхөө 88206420 дугаар луу залгаж үзэхэд холбогдож байсан. Тэгээд нөхөр дуудаж байна гялс дотогшоо ор гэхээр нь би гүйж ороод үйлчлүүлж байсан АТМ дээр очиход миний гар утас байхгүй байсан ...” гэх мэдүүлэг /хх-18-19х/,

Дамно ХХК-ийн 2019 оны 12 дугаар сарын 3-ны өдрийн ЧД2-19-726 дугаартай “...Орро А7 маркийн гар утас 2019 онд худалдан авсан үнэ 550.000 төгрөг ...” гэсэн үнэлгээний тайлан /хх-29-30х/,

Үүрэн холбооны Юнител ХХК-ийн 2020 оны 01 дүгээр сарын 27-ны  өдрийн 05-01/5963 дугаартай “...860469047649419 имей кодтой утсанд 80160400 дугаарыг 2019 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр хийж ашигласан байна. 80160400 дугаар Уранчимэгийн Шинэбаяр /рд:УА-88121119/, Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, 14 дүгээр хороо, Хайлаастын 20 дугаар гудамжны 461 тоот ...” гэсэн лавлагаа /хх-34х/,

Шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-58/,

Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-55х/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судаллаа.

Шүүх хуралдаанаар шинжлэн судласан нотлох баримтууд болон хавтаст хэрэгт авагдсан хохирогчийн мэдүүлгээр шүүгдэгч У.Ш нь 2019 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр Нийслэлийн Чингэлтэй дүүргийн 14 дүгээр хорооны нутагт үйл ажиллагаа явуулдаг “Далайхүү” худалдааны төвд байрлах Хаан банкны АТМ-аар үйлчлүүлэхдээ хохирогч Ч.Одончимэгийн гээгдүүлсэн “Орро А7” маркийн 550.000 төгрөгийн үнэ бүхий гар утсыг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшсаны улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь нотлогдож байна.

Хэрэгт нотолбол зохих байдал бүрэн хангагдсан, прокуророос зүйлчилсэн хуулийн зүйл заалт тохирсон байх тул шүүгдэгч У.Шыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гээгдэл эд хөрөнгийг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшсаны улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан ял оногдуулах хууль зүйн үндэслэлтэй байна.

Дамно ХХК-ийн 2019 оны 12 дугаар сарын 3-ны өдрийн ЧД2-19-726 дугаартай үнэлгээний тайлангаар хохирогч Ч.Одончимэгийн “Орро А7” маркийн 2019 онд авсан гэх гар утас 550.000 төгрөг /хх-29-30х/-өөр үнэлэгдсэн.

Иймд энэ гэмт хэргийн улмаас учирсан гэм хорын хохирол болох 550.000 төгрөгийг шүүгдэгч У.Шаас гаргуулж хохирогч Ч.Одончимэгт олгох нь зүйтэй.

Шүүх шүүгдэгч У.Шт эрүүгийн хариуцлага буюу ял шийтгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзээд түүнд 240 /хоёр зуун дөч/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж, оногдуулсан 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдаж шийдвэрлэв.

Энэ хэрэгт битүүмжлэгдэн ирсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй боловч хэргийн хамт хүргэгдэн ирсэн Хаан банкнаас ирүүлсэн гэх 1 ширхэг СиДи-г хэрэгт хавсаргаж, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурьдав.