| Шүүх | Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Ёндонгийн Цогтзандан |
| Хэргийн индекс | 186/2020/0488/Э |
| Дугаар | 505 |
| Огноо | 2020-06-25 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Г.Ууганбаатар |
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2020 оны 06 сарын 25 өдөр
Дугаар 505
2020 06 25 2020/ШЦТ/505
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ё.Цогтзандан даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Мөнхтөр,
Улсын яллагч Г.Ууганбаатар,
Шүүгдэгч П.Ц /шүүгдэгч өөрөө өөрийгөө өмгөөлж оролцсон/ нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн П.Цт холбогдох эрүүгийн 2011009510606 дугаартай хэргийг 2020 оны 06 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:
Монгол Улсын иргэн, Цэцэн овгийн П.Ц, 1982 оны 08 дугаар сарын 20-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 37 настай, эрэгтэй, дээд боловсролтой, жүжигчин мэргэжилтэй, Цэцэн Оюу ХХК-ний захирал гэх, ам бүл 2, эхийн хамт иргэний үнэмлэхийн лавлагаагаар Баянгол дүүргийн 17 дугаар хороо, 4 дүгээр хороолол, 41 дүгээр байрны 55 тоотод оршин суух хаягийн бүртгэлтэй боловч одоо Чингэлтэй дүүргийн 5 дугаар хороо, 16-10 тоотод оршин суух,
урьд: Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 764 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял шийтгүүлсэн, хэрэг хариуцах чадвартай /РД:.................../
/яллах дүгнэлтэнд дурьдсанаар/
Шүүгдэгч Цэцэн овогт П.Ц /РД: ХП82082031/ нь 2020 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр Чингэлтэй дүүргийн 10 дугаар хороо 12 дугаар гудамжинд Н.Пунсалдуламыг “гэр рүүгээ явлаа гэхэд нь явуулахгүй” гэж маргалдан гараараа нүүрэн тус газар нь цохиж, хөлөөрөө өшиглөж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Шүүх хуралдаанаар дараах нотлох баримтуудыг шинжлэн судаллаа. Үүнд:
Шүүгдэгч П.Ц шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Мөрдөн шалгах ажиллагааны үед үнэн зөв мэдүүлэг өгсөн, нэмж мэдүүлэх зүйлгүй” гэв.
Шүүгдэгч П.Цаас мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: /хх-34-35х/ “...хохирогч Н.Пунсалдуламын тархи доргилт, цус хуралт, дагзны зөөлөн няцрал, зүүн хацар, шанаа, зүүн шилбэний зөөлөн эдийн няцрал, цус хуралт, доод уруулын язрал, баруун, зүүн бугалга, зүүн гуя, өвдөгний цус хуралт, баруун зүүн сарвууны зулгаралт гэмтлийг би учруулсан ...” гэх мэдүүлэг,
Хохирогч Н.Пунсалдуламаас мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: /хх-13, 15х/ “...2020 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр хамтран амьдрагч Цогтбаатар хүү Мөнхнаран нарын хамт Чингэлтэй дүүргийн 10 дугаар хорооны 12 дугаар гудамжинд байрлах нийтийн байранд гэртээ байтал манай найз Нарангэрэл манай гэрт ирсэн Цогтбаатар ганц шил архи ууя гээд дэлгүүр ороод Ихмонгол гэж нэртэй 0,75 л савалгаатай архи авч ирээд бид гурав ууж дуусгаад Цогтбаатар уурлаад байхаар нь би ээжийн гэр рүү явлаа гэтэл явуулахгүй байсан тэгэхээр нь гэрээс гараад зугтаатал Цогтбаатар араас гарч ирээд гудамжинд миний үснээс зулгаагаад цээж рүү гараараа 2-3 удаа цохиж унагааж байгаад миний нуруу руу хөлөөрөө өшиглөсөн. Тэгээд би босож зугтаагаад ээжийндээ ирээд ээж маань цагдаа дуудсан...”, “...бид хоёрт гэрлэлтийн баталгаа байхгүй. Цогтбаатар бид 2 уулзахгүй байгаа, надаас уучлалт гуйсан. Одоо надад гомдол санал байхгүй” гэх мэдүүлэг,
Гэрч Ш.Нарангэрэлээс мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: /хх-21х/ “...би 2020 оны 04 дүгээр сарын 22-ны өглөө Чингэлтэй дүүргийн 10 дугаар хороонд байрлах нийтийн байранд 09 цагийн үед очтол Цогтбаатар, Пунсалдулам хоёр байсан. Тэгээд бид гурав Их монгол гэх нэртэй 0,75 л савлагаатай архи хувааж уугаад байж байтал Цогтбаатар, Пунсалдулам хоёр хоорондоо маргалдаад эхэлсэн. Пунсалдулам хоолны юм авъя гэтэл Цогтбаатар ганц юм уучихъя гээд байсан юм тэгтэл Пунсалдулам би ээжийнх рүү явлаа гэтэл Цогтбаатар явуулахгүй гэж байсан тэгтэл Пунсалдулам гараад зугтаатал Цогтбаатар араас нь гудамжинд гараад араас нь гүйж очоод үснээс нь татаж унагаагаад толгой руу нь нэг цохих шиг болсон би тэгэхээр нь өөрсдөө учраа олох байлгүй гэж бодоод гараад яваад өгсөн. Би өмнө нь тэр хоёрыг зодолдож байхыг хараагүй” гэх мэдүүлэг,
Гэрч Я.Гүндсамбуугаас мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн:/хх-23х/ “Би Пунсалдуламыг сайн танихгүй, манай дүү Цогтбаатартай архи уугаад яваад байдаг юм шиг байна лээ. Ээж надад хэлсэн. Цогтбаатар, Пунсалдулам нарыг хамт амьдардаг гэж бодохгүй байна. Цогтбаатар хөгшин настай ээжийгээ асардаг” гэх мэдүүлэг,
Гэрч О.Бямбаагаас мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: /хх-24х/ “Охин Пунсалдулам 2020 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр 11 цаг өнгөрөөгөөд нөхөр Цогтбаатартаа зодуулчихаад гэртээ орж ирсэн. Тэгээд би цагдаад дуудлага өгсөн. Манай охин Пунсалдуламыг Чингэлтэй дүүргийн 10 дугаар хороо 11 дүгээр гудамжинд зодсон гэсэн. Өмд хувцас нь шороо болсон орж ирсэн” гэх мэдүүлэг,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2020 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн №5044 дугаар шинжээчийн дүгнэлтэнд: /хх-27х/ “Н.Пунсалдуламын биед тархи доргилт, дагзны зөөлөн эдийн няцрал, зүүн хацар, шанаа, шилбэний зөөлөн эдийн няцрал, цус хуралт, доод уруулын язрал, баруун, зүүн бугалга, зүүн гуя, өвдөгний цус хуралт, баруун, зүүн сарвууны зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна” гэх дүгнэлт,
Эдгээр нотлох баримтуудыг хэрэгт хамааралтай, хууль ёсны, ач холбогдолтой, үнэн зөв гэж үзсэн болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шүүх тал бүрээс нь бүрэн бодитой магадлан хянасны үндсэнд ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Цэцэн овогт Пүрэвийн Цогтбаатар /РД: ХП82082031/ нь 2020 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр Чингэлтэй дүүргийн 10 дугаар хороо 12 дугаар гудамжинд Н.Пунсалдуламыг “гэр рүүгээ явлаа гэхэд нь явуулахгүй” гэж маргалдан гараараа нүүрэн тус газар нь цохиж, хөлөөрөө өшиглөж тархи доргилт, дагзны зөөлөн эдийн няцрал, зүүн хацар, шанаа, шилбэний зөөлөн эдийн няцрал, цус хуралт, доод уруулын язрал, баруун, зүүн бугалга, зүүн гуя, өвдөгний цус хуралт, баруун, зүүн сарвууны зулгаралт бүхий гэмтэл үүсгэжээ.
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн дүгнэлтээр энэ гэмтэл нь гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарах бөгөөд шүүгдэгчийн дээрхи үйлдлийн улмаас хохирогчид учруулсан гэмтлийг хөнгөн хохирол учирсан байна гэж дүгнэлээ.
Шүүгдэгч хохирогчийг цохисон, үүний улмаас түүнд хөнгөн зэргийн гэмтэл учруулсан гэж улсын яллагчаас яллаж буй Эрүүгийн хуулийн зүйл заалт, гэм буруугийн талаар маргаагүй бөгөөд энэ нь хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар нотлогдож байна.
Иймд шүүгдэгч П.Цыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.
Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлагыг хүлээлгэхэд хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй бөгөөд хохирогч гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэжээ.
Мөрдөн шалгах ажиллагааны явцад П.Цаас хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр хүсэлт гаргасан бөгөөд прокурор хүсэлтийг хүлээн авч тогтоол гаргасан байна. Шүүх хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг мөн явуулсан бөгөөд шүүгдэгч П.Цыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэж үзсэн тул гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хүлээлгэхэд хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан төрөл хэмжээний дотор прокурорын саналыг харгалзан 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэхээр шийдвэрлэв.
Хохирогч Н.Пунсалдулам нь шүүгдэгчээс нэхэмжлэх зүйлгүй, гомдол, саналгүй гэсэн тул шүүгдэгч П.Цыг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
Шүүгдэгч П.Ц нь цагдан хоригдоогүй, түүний бусад эрхийг хязгаарлаагүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг тус тус дурдав.