Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Намжилын Долгорсүрэн |
Хэргийн индекс | 128/2021/0176/З |
Дугаар | 221/МА2022/0122 |
Огноо | 2022-02-16 |
Маргааны төрөл | Бусад, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2022 оны 02 сарын 16 өдөр
Дугаар 221/МА2022/0122
“Г” ХХК-ийн гомдолтой
захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн
Шүүх бүрэлдэхүүн:
Шүүх хуралдаан даргалагч Ерөнхий шүүгч Д.Батбаатар
Бүрэлдэхүүнд оролцсон шүүгч Д.Оюумаа
Илтгэсэн шүүгч Н.Долгорсүрэн
Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч:
Хариуцагч Т.С, Ц.Б
Гомдлын шаардлага: “Баянгол дүүргийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч Ц.Б, Т.С нарын 2018 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн 0299555 дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах”
Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 827 дугаар
Давж заалдах шатны шүүх хуралдааны оролцогчид:
Гомдол гаргагч гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.У, Р.Н
Хариуцагч Ц.Б
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Шаравдорж
Хэргийн индекс: 128/2021/0176/З
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Гомдол гаргагч “Г” ХХК нь Баянгол дүүргийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч Ц.Б, Т.С нарт холбогдуулан “Баянгол дүүргийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч Ц.Б, Т.С нарын 2018 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн 0299555 дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах”-аар маргасан байна.
2. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 827 дугаар шийдвэрээр: Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 3.1 дүгээр зүйлийн 2.7, 2.9, 7.2 дугаар зүйлийн 6-д заасныг тус тус баримтлан Баянгол дүүргийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч Ц.Б, Т.С нарын 2018 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн 0299555 дугаартай шийтгэлийн хуудсыг захиргааны байгууллагаас дахин шинэ акт гаргах хүртэл 58 хоногийн хугацаагаар түдгэлзүүлж шийдвэрлэжээ.
3. Давж заалдах гомдлын агуулга: Хариуцагч Т.С, Ц.Б нар дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг эсэргүүцэж байна. Үүнд:
3.1. Баянгол дүүргийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч Т.С, Ц.Б нар “Г” ХХК-ийн 2016 оны албан татвар ногдуулалт, төлөлтийн байдалд шалгалт хийж, 2018 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн 0299555 тоот шийтгэлийн хуудсаар “... 688,771,825,97 төгрөгийн үнийн дүн бүхий бараа материалыг худалдан авсан мэтээр хуурамч бичилт хийлгэн, төсөвт төлөх нэмэгдсэн өртгийн албан татвар ногдох орлогоос хасч, албан татвар ногдуулах орлогыг бууруулсан нь татварын болон холбогдох бусад хууль тогтоомжийг зөрчсөн” гэсэн үндэслэлээр 68,877,182.60 төгрөгийн нөхөн татвар 20,663,154 80 төгрөгийн торгууль, 16,885,939.80 төгрөгийн алданги нийт 106,426,277.20 төгрөгийн төлбөрийг шийтгэлийн хуудсаар ногдуулсан. “Г” ХХК-ийн зүгээс энэхүү шийтгэлийн хуудсаар ногдуулсан төлбөрийг эс зөвшөөрч Нийслэлийн Татварын газар болон Татварын ерөнхий газрын дэргэдэх Татварын маргаан таслах зөвлөлд гомдол гаргасныг хянаад татварын улсын байцаагч нарын шийдвэр хуульд нийцсэн гэж шийдвэрлэсэн.
3.2. Гомдол гаргагч Маргаан таслах зөвлөлийн шийдвэрүүдийг эс хүлээн зөвшөөрч Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд хандан шийтгэлийн хуудсыг хүчингүй болгох агуулга бүхий гомдол гаргасныг тус шүүх захиргааны хэрэг үүсгэн 2021 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 827 дугаартай шийдвэрээр татварын улсын байцаагч нарын 0299555 дугаартай шийтгэлийн хуудсыг захиргааны байгууллагаас дахин шинэ акт гаргах хүртэл 58 хоногоор түдгэлзүүлж шийдвэрлэсэн.
3.3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэл нь Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 3.1 дүгээр зүйлийн 2-т “Холбогдогч дараахь эрхтэй”, 2.7-д “Өөрийн, эсхүл хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгчийн хүсэлтийн дагуу хийгдэж байгаа зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаанд биечлэн оролцох , уг ажиллагааны тэмдэглэлтэй танилцах, түүнд засвар оруулах хүсэлт гаргах”, 2.9-д “Зөрчлийн хэрэгтэй танилцах”, 7.2 дугаар зүйлийн 1-д “Зөрчил үйлдсэн хүн, хуулийн этгээдэд шийтгэл оногдуулах шийдвэр нь шийтгэлийн хуудас хэлбэртэй байна”, 6-д “Эрх бүхий албан тушаалтан шийтгэлийн хуудасны хувийг зөрчил үйлдсэн хүн, хуулийн этгээдэд шийдвэр гарснаас хойш ажлын 3 өдрийн дотор биечлэн танилцуулах, эсхүл харилцаа холбооны хэрэгсэл ашиглан хүргүүлнэ” гэж заасан. Хуулийн дээрх заалтуудын агуулгаас үзвэл холбогдогч нь зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаанд биечлэн оролцох, уг ажиллагааны тэмдэглэл болон зөрчлийн хэрэгтэй танилцах эрхтэй байх бөгөөд эрх бүхий албан тушаалтан шийтгэлийн хуудсын хувийг зөрчил үйлдсэн хүн, хуулийн этгээдэд шийдвэр гарснаас хойш ажлын 3 өдрийн дотор биечлэн танилцуулах эсхүл харилцаа холбооны хэрэгсэл ашиглан хүргүүлэх үүрэгтэй байна. Маргаан бүхий тохиолдолд зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааг явуулж, маргаан бүхий захиргааны актыг гаргахдаа хариуцагч нар нь холбогдогчийн хуульд заасан эрхийг нь бүрэн эдлүүлээгүй, мөн захиргааны актыг хуульд заасан журмын дагуу танилцуулж гардуулаагүй. Шийтгэлийн хуудасны хувийг гардуулсан тухай тэмдэглэл зэрэгт холбогдогчийн хууль ёсны төлөөлөгч Х.Гөөр гарын үсэг зуруулаагүй зэрэг үндэслэлээр 827 дугаартай шийдвэрээр татварын улсын байцаагч нарын 0299555 дугаартай шийтгэлийн хуудсыг захиргааны байгууллагаас дахин шинэ акт гаргах хүртэл 58 хоногоор түдгэлзүүлсэн.
3.4. Анхан шатны шүүхийн 827 дугаартай шийдвэрийг эс зөвшөөрч гомдол гаргаж буй үндэслэл нь татварын улсын байцаагч Т.С, Ц.Б нар нь тус компанийн 2016 оны татварын ногдуулалт төлөлтийн байдалд Татварын ерөнхий газрын даргын 2018 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн 07/960 дугаар албан бичиг, Татварын хяналт шалгалтын тасгийн даргын олгосон 26180400198 дугаартай томилолтын дагуу хэсэгчилсэн татварын хяналт шалгалтыг хийж 2018 оны 05 дугаар сарын 18-ны өдөр 260000397 дугаартай дүгнэлт гаргаж, Баянгол дүүргийн Татварын хэлтсийн 2018 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн 01/964 дүгээр албан бичгээр Цагдаагийн ерөнхий газрын Эрүүгийн цагдаагийн албанд шилжүүлсэн.
3.5. Татварын ерөнхий газрын 2018 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн 01/1787 дугаартай “Чиглэл хүргүүлэх тухай” албан бичиг, Эрүүгийн цагдаагийн албаны 2018 оны 05 дугаар сарын 16-ны 10а-3/2998 дугаартай албан бичгийн дагуу Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 6.1 дүгээр зүйлийн 1.1-д “Хуулиар хүлээсэн чиг үүргээ хэрэгжүүлэх явцад энэ хуулиар шалган шийдвэрлэхээр харьяалуулсан зөрчлийн шинжтэй үйлдэл, эс үйлдэхүйг илрүүлсэн”, 6.4 дүгээр зүйлийн 2-т “Эрх бүхий албан тушаалтан зөрчлийг хянан шалгах явцад гэмт хэргийн шинжийг илрүүлсэн бол холбогдох баримтыг харьяаллын дагуу шалгуулахаар прокурорт даруй шилжүүлнэ” гэж тус тус зааснаар дүгнэлтийг буцаан ирүүлсний дагуу холбогдох материалыг прокурорт шилжүүлсэн. Баянгол дүүргийн прокуророос хэрэг нээх хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн байх тул Зөрчлийн тухай хууль /2015 оны/-ийн дагуу шийдвэрлэх талаар зөвлөсний дагуу зөрчлийн хэрэг нээж хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэж 2018 оны 12 дугаар сарын 31-ний өдөр 0299555 дугаартай шийтгэлийн хуудсаар 106,426,277.20 төгрөгийн төлбөр ногдуулсан. Эрүүгийн цагдаагийн алба шилжүүлсэн дүгнэлтийг эрүүгийн журмаар үргэлжлүүлэн шалгахгүй буцаасан тохиолдолд тухайн дүгнэлт нь акт болж тухайн акт тавигдсан иргэн, хуулийн этгээд хүлээн зөвшөөрч гарын үсэг зурснаас ул хамааран гардуулах, эсвэл шуудангаар хүргүүлэх процесс хийгддэг байсан. Зөрчлийн хуулийн дагуу шийдвэрлэх болсноор холбогдогч этгээдийг зөрчлийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулаагүй, танилцуулаагүй гэж үзэж шийдвэр гаргасан.
3.6. Хяналт шалгалтын ажлын явцад тухайн хуулийн этгээдийн эрх бүхий албан тушаалтан болох Х.Г нь процесс ажиллагаанд оролцоод явж байсан тул зөрчил шийдвэрлэх ажиллагаанд биечлэн оролцоогүй, танилцаагүй гэж үзэх үндэслэлгүй. Шийтгэлийн хуудсыг Татварын ерөнхий хуулийн 42 дугаар зүйлийн 42.7-д заасны дагуу шуудангаар хүргүүлсэн. Түүнчлэн Татварын ерөнхий хуулийн 42 дугаар зүйлийн 42.5-д “Татварын алба, татварын улсын байцаагч нь албан ёсны маягтад эцэслэн баталгаажуулаагүй нөхөн ногдуулалтын актыг татвар төлөгчид урьдчилан танилцуулахгүй” гэж заасан.
3.7. Иймд анхан шатны шүүхийн “холбогдогчийн хуульд заасан эрхийг нь бүрэн эдлүүлээгүй, мөн захиргааны актыг хуульд заасан журмын дагуу танилцуулж гардуулаагүй” гэсэн үндэслэлээр гаргасан 827 дугаартай шийдвэрийг хянаж бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
4. Гомдол гаргагч гомдлыг үгүйсгэж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хамгаалж, бичгээр тайлбар гаргаагүй байна.
ХЯНАВАЛ:
1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.4-т зааснаар хэргийг бүхэлд нь хянав.
2. Дараах үндэслэлээр шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцааж шийдвэрлэлээ.
3. Шүүх хариуцагч нарын давж заалдах гомдлыг дараах үндэслэлээр хангахгүй орхиж шийдвэрлэв. Үүнд:
3.1. Гомдол гаргагчаас “Баянгол дүүргийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч Ц.Б, Т.С нарын 2018 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн 0299555 дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах”-аар маргаж байх бөгөөд 0299555 дугаартай шийтгэлийн хуудсаар “Г” ХХК нь “ 2016 онд 5608678 регистрийн дугаартай “Т.Ө.К” ХХК-иас 688,771,825,97 төгрөгийн үнийн дүн бүхий бараа материалыг худалдан авсан мэтээр хуурамч бичилт хийлгэн, төсөвт төлөх нэмэгдсэн өртгийн албан татвар ногдох орлогоос хасч, албан татвар ногдуулах орлогыг бууруулсан зөрчил гаргасан” гэж үзээд Татварын ерөнхий хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.3 дахь заалтуудыг үндэслэн 68,877,182.60 төгрөгийн нөхөн татвар, 20,663,154.80 төгрөгийн торгууль, 16,885,939.80 төгрөгийн алданги нийт 106,426,277.20 төгрөгийн төлбөр ногдуулсан, мөн шийтгэлийн хуудсыг Нийслэлийн Татварын газрын дэргэдэх Маргаан таслах зөвлөлийн 2019 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 057, Татварын ерөнхий газрын дэргэдэх Татварын маргаан таслах зөвлөлийн 2020 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 09 дүгээр тогтоолуудаар тус тус хэвээр үлдээсэн байна.
3.2. Анхан шатны шүүх “... зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааг явуулж маргаан бүхий захиргааны актыг гаргахдаа хариуцагч нар нь холбогдогчийн хууль ёсны төлөөлөгчийн оролцоог хангаж, эрхийг бүрэн эдлүүлээгүй, маргаан бүхий захиргааны актыг хуульд заасан журмын дагуу танилцуулж, гардуулаагүй байх бөгөөд мөн холбогдогчийн анхан шатны хэдэн төрлийн ямар, ямар баримтуудыг шалгаж, маргаан бүхий захиргааны актыг үйлдсэн нь тодорхойгүй байх тул уг асуудал нь шүүхийн шинжлэн судлах боломжоос хэтэрсэн” гэх дүгнэлтийг хийж маргаан бүхий актыг захиргааны байгууллагаас дахин шинэ акт гаргах хүртэл 58 хоногийн хугацаагаар түдгэлзүүлж шийдвэрлэсэн нь үндэслэл муутай болжээ.
3.3. Учир нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д зааснаар захиргааны хэргийн шүүх хэргийн нөхцөл байдлыг тодруулах, хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримт цуглуулах, үнэлэх ажиллагааг хэрэгжүүлэх, 34 дүгээр зүйлийн 34.1-д зааснаар хэрэгт авагдсан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзэх, 107 дугаар зүйлийн 107.4-т зааснаар шүүхийн шийдвэрийн Үндэслэх хэсэгт хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдэж, хэргийг хянан шийдвэрлэхэд үндэслэл болгосон нотлох баримтыг үнэлж дүгнэсэн байдал, захиргааны актын хууль зүйн үндэслэл, түүнд өгөх тайлбар, шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон хэм хэмжээ, тэдгээрийг хэргийн бодит нөхцөл байдалд хэрхэн тайлбарлаж хэрэглэсэн тухайгаа тусгах үүрэгтэй.
3.4. Гомдол гаргагчаас давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан “... бүх баримтуудыг өгсөн, буцааж аваагүй, ... манай зүгээс нэмэлтээр баримт гаргах боломжгүй, байгаа бүх баримтуудаа өгсөн” гэх тайлбар, хариуцагчийн “... тухайн үед холбогдох бүх баримтуудыг өгсөн, анхан шатны борлуулалт хийсэн баримтууд 2 компанийнх байгаа, ... кассаар мэдүүлсэн баримтыг хуурамчаар үйлдсэн гэдэгт акт гаргасан, гомдол гаргагч компаниас н.Бямбасүх гэх хүн ирж бүх тайлбар, холбогдох баримтыг гаргаж өгч байсан” гэх тайлбар, мөн хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаас үзвэл анхан шатны шүүх дээрх хуульд заасан эрх, үүргээ хэрэгжүүлж, хариуцагч нар нь зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааг явуулахдаа чухам ямар баримтуудын хүрээнд хяналт шалгалт хийж, түүнийг хэрхэн үнэлж дүгнэсэн, тийнхүү дүгнэсэн нь холбогдох хууль тогтоомжид нийцсэн эсэхийг тогтоож, үйл баримтад холбогдуулан хууль зүйн дүгнэлтийг хийж хэргийг нэг мөр шийдвэрлэх боломжтой байна.
3.5. Хэдийгээр зөрчлийн хэрэгт авагдсан хууль ёсны төлөөлөгчөөр “Г” ХХК-ийн захирал Х.Гийг тогтоосон тогтоол, зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны тэмдэглэл, эрх бүхий албан тушаалтан хуулиар хүлээсэн чиг үүргээ хэрэгжүүлэх явцад зөрчлийн шинжтэй үйлдэл, эс үйлдэхүйг илрүүлсэн тухай тэмдэглэл, шийтгэлийн хуудасны хувийг гардуулсан тухай тэмдэглэл зэрэгт “Г” ХХК-ийн захирал Х.Гийн гарын үсэг зурагдаагүй боловч 2018 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн холбогдогчоос мэдүүлэг авсан тэмдэглэлээс үзвэл хариуцагч нар “Г” ХХК-д ямар хэрэгт холбогдуулан мэдүүлэг авч байгаа талаар танилцуулж, хуульд заасан эрх, үүргийг тайлбарлаад, өмгөөлөгч авах эсэх талаар тодруулж, мэдүүлэг авсан байх тул гомдол гаргагчийг Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд заасан эрхийг эдлүүлээгүй гэж үзэхээргүй, хариуцагч нараас гомдол гаргагчийн зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаанд оролцохдоо тайлбар, баримт гаргах эрхийг аливаа байдлаар хязгаарлаагүй, түүнчлэн татварын улсын байцаагч Т.С, Ц.Б нар 2018 оны 05 дугаар сарын 18-ны өдөр 688,771,826 төгрөгийн зөрчилд эрүүгийн хэрэг бүртгэлт хийлгэхээр 260000397 дугаартай дүгнэлтийг бичсэнтэй Х.Г танилцаж гарын үсэг зурсан байгаагаас үзвэл тус зөрчлийг шалган шийдвэрлэх ажиллагаа явагдаж байгааг мэдэж байсан гэж үзэхээр бөгөөд маргаан бүхий актыг гардуулснаар гомдол гаргагчаас Нийслэлийн Татварын газар болон Татварын ерөнхий газрын дэргэдэх Маргаан таслах зөвлөлд гомдол гаргаж, уг шийтгэлийн хуудсыг хэвээр үлдээжээ.
3.6. Түүнчлэн анхан шатны шүүх “... зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа дууссаны дараа талуудын баримт хүлээлцсэн акт хэрэгт авагдсан боловч тус актад ... гэснээс үзвэл зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны явцад хэдэн хуудас, ямар материалыг зөрчилд холбогдогчоос гаргаж өгч шалгуулсан, холбогдогчоос гаргаж өгсөн баримтуудад одоо гаргаж өгсөн, өгөөгүй гэж маргаж буй баримтууд байсан эсэх нь тодорхойгүй байх тул энэ үйл баримттай холбоотой асуудлаар шүүх дүгнэлт хийх боломжгүй” гэж дүгнэсэн нь ойлгомжгүй. Тодруулбал тус баримт хүлээлцсэн акт нь 2017 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн буюу маргаан бүхий шийтгэлийн хуудсыг гаргахдаа явуулсан зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаанаас өмнөх огноотой, мөн “хүлээлгэн өгсөн Ц” гэж гарын үсэг зурсан нь “Т.Ө.К” ХХК-ийн зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны явцад үйлдсэн баримт байж болохоор бөгөөд хариуцагчаас ирүүлсэн 2018 оны 04 дүгээр сарын 02-ны өдрөөс 2018 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн хугацаанд зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулсан материалд дээрх баримт авагдаагүй байна.
Иймд анхан шатны шүүх дээрх байдлаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчиж, хэргийг шийдвэрлэхэд ач холбогдол бүхий баримтуудыг бүрэн цуглуулаагүй, түүнд харьцуулан дүгнэлт хийгээгүй, зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааг дахин явуулах нь гомдол гаргагчийн зөрчлийг шалган тогтооход төдийлөн ач холбогдолгүй, уг маргааны хувьд нэмж тодруулах зүйлийн цар хүрээ шүүхийн шинжлэн судлах боломжоос хэтэрсэн гэж үзэхээргүй байх тул шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 121 дүгээр зүйлийн 121.1.4, 121.3.3, 121.3.4-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 827 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, анхан шатны шүүхэд дахин хэлэлцүүлэхээр буцаасугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д зааснаар хариуцагчаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.
3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.5 дахь хэсэгт зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж хэргийн оролцогч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш таван хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Д.БАТБААТАР
ШҮҮГЧ Д.ОЮУМАА
ШҮҮГЧ Н.ДОЛГОРСҮРЭН