Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 07 сарын 05 өдөр

Дугаар 432

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Отгонтуяа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 3 дугаар танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: “А” ХХК,

Хариуцагч: Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэст холбогдох,

Нэхэмжлэлийн шаардлага: А ХХК-ийн эзэмшиж байгаа Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын нутагт орших ашигт малтмалын хайгуулын XV- *******, XV******* дугаартай тусгай зөвшөөрлүүдийн хугацааг сунгахаас татгалзсан 48 дугаар шийдвэрийг хууль бус болохыг тогтоож хүчингүй болгуулах, ашигт малтмалын хайгуулын ХV-*******, XV******* дугаартай тусгай зөвшөөрлүүдийн эрхийг сэргээж, хугацааг сунгахыг Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэст даалгах шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч А.М, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар А.Түвшинзаяа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч “А” ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Манай компани нь Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын нутаг Эрдэнэцагаан нэртэй 25677.36 га талбайд ашигт малтмалын хайгуулын ХV-*******, 6018.2 га талбайд XV******* дугаартай тусгай зөвшөөрлүүдийг эзэмшдэг болно. Ашигт малтмалын хайгуулын ХV-******* дугаартай тусгай зөвшөөрлийг 2008 оны 01 дүгээр сарын 14-ний өдрөөс эхлэн эзэмшиж байгаа бөгөөд 2017 онд тухайн талбайн нөөц тогтоосон 631.05 га талбайд МV-******* дугаартай ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрөл авсны дараа үлдэх хэсэгт XV-03166Х. ХV******* гэсэн дугаартай 2 хэсэг хайгуулын тусгай зөвшөөрөлтэй болсон.

Манай компани дээрх тусгай зөвшөөрлүүдийг эзэмших хугацаандаа Ашигт малтмалын тухай хуульд заасан тусгай зөвшөөрөл эзэмшигчийн үүргээ бүрэн биелүүлж ирсэн бөгөөд хайгуулын тусгай зөвшөөрлийн төлбөрийг жил бүр төлж, хайгуулын ажлын төлөвлөгөө, тайлан, байгаль орчны менежментийн төлөвлөгөөг хуульд заасны дагуу батлуулсны үндсэн дээр үйл ажиллагаагаа явуулж байсан. Түүнчлэн Ашигт малтмалын тухай хуулийн 21.1.5-д заасан эрхийн дагуу хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацааг тогтмол сунган ажиллаж ирсэн.

Дээрх хайгуулын тусгай зөвшөөрлүүдийн хүчин төгөлдөр байх хугацаа 2018 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр хүртэл байсан бөгөөд Ашигт малтмалын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1 дэх хэсэгт заасны дагуу 1 сарын өмнө өргөдлөө гаргах үүрэгтэй байсан. Энэ хуулийн зохицуулалтын дагуу манай компани хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацаа сунгуулахад шаардлагатай бичиг баримтын нэг болох байгаль орчны менежментийн төлөвлөгөөг шинэчлэн батлуулахаар 2017 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр буюу тусгай зөвшөөрлийн хугацаа дуусахаас 2 сар гаруй хоногийн өмнө Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын Засаг даргад хүргүүлсэн. Гэвч сумын Засаг дарга байхгүй байсан шалтгаанаар манай компанийн байгаль орчны менежментийн төлөвлөгөөг баталж өгөөгүй Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын Засаг дарга Ө.Б энэ талаараа Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэст 2018 оны 1/22 тоот албан бичгээр тайлбар хүргүүлсэн бөгөөд тайлбартаа: ... “А” ХХК-ийн Байгаль хамгаалах төлөвлөгөө-г 2017 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр бичиг хэрэг дээр хүлээн авсан байна. Тус бичгийг танилцуулж шийдвэрлэх үед сумын Засаг дарга миний бие 2017 оны 11 дүгээр сарын 01-нээс ээлжийн амралттай, Байгаль орчны хяналтын улсын байцаагч Улаанбаатар хотод сурч байсан учир албан бичгийн шийдвэрлэлт хойшлогдож 2017 оны 12 дугаар сарын 25-ны өдөр шийдвэрлэж ажилласан болно гэсэн байна. Ашигт малтмалын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.3-д энэ хуулийн 38.1.1-д заасан төлөвлөгөөг тухайн хайгуулын талбай орших сум, дүүргийн Засаг даргад хүргүүлж батлуулах, мөн хуулийн 38 дугаар зүйлийн 38.2-т Сум, дүүргийн Засаг дарга энэ хуулийн 38.1.3, 38.1.6-д заасан төлөвлөгөө, түүний өөрчлөлтийг хүлээн авснаас хойш 10 хоногийн дотор хянан баталж, тусгай зөвшөөрөл эзэмшигчид хүргүүлнэ гэж тус тус заасан байдаг. Дээрх хуулийн 10 хоногийн хугацааг тооцож үзээд манай компани байгаль орчны менежментийн төлөвлөгөөг Эрдэнэцагаан сумын Засаг даргад 2017 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр буюу тусгай зөвшөөрлийн хугацаа сунгуулах өргөдөл гаргахаас 1 сар гаруй хоногийн өмнө хүргүүлсэн болох нь баримтаар нотлогдож байгаа болно. Гэтэл нутгийн захиргааны байгууллага холбогдох төлөвлөгөөг хуульд заасан хугацааны дотор баталж өгөөгүй буруутай үйл ажиллагааг хариуцагч Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсээс манай компанийн гэм буруу мэтээр тайлбарлаж, өргөдлийг сунгахаас татгалзаж шийдвэрлэснийг хүлээн зөвшөөрөх үндэслэлгүй байна. Тодруулбал, нутгийн захиргаан байгууллага хуульд заасан үүргээ биелүүлээгүй нь манай компанийг хуульд заасан үүргээ биелүүлээгүй гэж үзэх үндэслэл болохгүй юм.

Хэдийгээр байгаль орчны менежментийн төлөвлөгөөг Эрдэнэцагаан сумын Засаг дарга баталж өгөөгүй боловч манай компанийн зүгээс тусгай зөвшөөрлүүдийн хугацаа сунгуулах хүсэл зоригоо илэрхийлж, Ашигт малтмалын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1-д зааснаар тусгай зөвшөөрлийн хугацаа сунгуулах үйлчилгээний хураамжийг 2017 оны 12 дугаар сарын 14-ний өдөр төлж, улмаар Кадастрын хэлтэст өргөдлөө гаргаж бүртгүүлсэн болно. Түүнчлэн ашигт малтмалын хайгуулын ХV-*******, ХV******* дугаартай тусгай зөвшөөрлүүдийн ээлжит жилийн төлбөр болох 229,792,810 төгрөгийг Ашигт малтмал, газрын тосны газрын Төрийн сан банкин дахь ******* тоот дансанд тушаасан бөгөөд хариуцагчаас уг төлбөрийг хүлээн авсан болно.

Дээр дурдсанчлан нутгийн захиргааны байгууллага /сумын Засаг дарга/-ын хуульд заасан үүргээ биелүүлээгүй үйл ажиллагаанаас шалтгаалан байгаль орчны менежментийн төлөвлөгөөг 2017 оны 12 дугаар сарын 14-ний өдрөөс өмнө батлуулж чадаагүй талаараа хариуцагч Ашигт малтмал, газрын тосны газарт удаа дараа тайлбарласан боловч бидний тайлбарыг хүлээн авахгүй байгаа шалтгаанаа хүндэтгэн үзэх шалтгаан биш гэж, улмаар Кадастрын хэлтсийн даргын 2018 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 7/237 тоот албан бичгээр ...өргөдлүүдийг Ашигт малтмалын тухай хуулинд заасан хугацаанд гаргаагүй байх тул Кадастрын хэлтсийн даргын 2018 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 48 дугаар шийдвэрээр уг тусгай зөвшөөрлүүдийн хугацааг сунгахаас татгалзаж шийдвэрлэсэн-ийг хууль зүйн үндэслэлгүй гэж үзэж байна.

Ашигт малтмалын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4-т хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацаа сунгахаас татгалзах үндэслэлүүдийг Тусгай зөвшөөрөл эзэмшигч нь энэ хуулийн 7.2, 31 дүгээр зүйлд заасан нөхцөл, шаардлагыг хангаагүй бол төрийн захиргааны байгууллага хугацаа сунгахаас татгалзаж энэ тухай өргөдөл гаргасан зтгзэдзд бичгээр мэдэгдэнэ гэж заасан байдаг. Гэтэл хариуцагч Кадастрын хэлтсийн даргын 2018 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 7/237 тоот албан бичгээр ирүүлсэн мэдэгдэлд Ашигт малтмалын тухай хуулинд заасан хугацаанд өргөдөл гаргаагүй гэдэг үндэслэлээр татгалзсан болохыг мэдэгдсэн байх бөгөөд энэ нь хуульд заагаагүй үндэслэлээр манай компанийн хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацаа сунгуулах өргөдлийг татгалзсан болохыг нотолж байна.

Манай компанийн зүгээс Кадастрын хэлтсийн дээрх хууль бус үйлдлийн талаар дээд шатны. албан тушаалтан болох Ашигт малтмал, газрын тосны газрын дарга Х.*******д 2018 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн 75 тоот албан бичгээр гомдол гаргасан. Гэвч Ашигт малтмал, газрын тосны газрын даргын 2018 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн 1/2590 тоот албан бичгээр өргөдлөө хугацаандаа гаргаагүй тул гомдлыг хүлээн авч шийдвэрлэх боломжгүй талаар өгсөн хариуг хүлээн зөвшөөрөх боломжгүй тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.1-д зааснаар энэхүү нэхэмжлэлийг шүүхэд гаргаж байна гэжээ.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч А.М нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч компани нь ашигт малтмалын хайгуулын 013166 дугаартай тусгай зөвшөөрлийг хариуцагч байгууллагын 2008 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн шийдвэрээр эзэмшиж эхэлсэн. 2017 онд тухайн талбайн нөөц 631.05 га газар тогтоолгож, үүн дээр ашиглалтын ******* дугаартай тусгай зөвшөөрөл авсан. Үлдэх хэсэгт нь тусгай зөвшөөрөл нь 2 хэсэгт хуваагдаж 013166, 020797 гэсэн дугаартай тусгай зөвшөөрлүүдтэй. Эдгээр тусгай зөвшөөрлүүдийг 2008 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр олгосон. Манай компани нь тусгай зөвшөөрлийг эзэмшиж байх явцдаа хуульд заасан үүргээ биелүүлсээр ирсэн. Ямар нэгэн алдаа зөрчил гаргаж байгаагүй бөгөөд хугацаа нь 2018 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр дуусах байсан. Ашигт малтмалын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1-д ...Хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацаа дуусахаас 1 сарын өмнө түүнийг эзэмшигч нь хугацааг сунгуулах тухай өргөдлийг төрийн захиргааны байгууллагад гаргаж, түүнд дараах баримт бичгийг хавсаргана гэж заасан. Уг зохицуулалтын дагуу нэхэмжлэгч нь 2017 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр байгаль орчны менежментийн төлөвлөгөө бүхий баримтыг тусгай зөвшөөрлийн хугацаа дуусгавар болохоос 2 сарын өмнө гарган өгсөн. Гэтэл байгаль орчны менежментийн төлөвлөгөөг сумын Засаг дарга байхгүй гэсэн шалтгаанаар баталж өгөөгүй. Гэсэн хэдий ч нэхэмжлэгч компани хуулийн хугацаандаа эдгээр асуудлуудаа тодруулж 2017 оны 12 дугаар сарын 14-ний өдөр хариуцагч компанид хугацаа сунгуулах өргөдлөө гаргасан байдаг. Мөн өргөдөлдөө байгаль орчны менежментийн төлөвлөгөө батлагдаагүй шалтгааныг тодорхой дурдсан. Үүний дагуу Ашигт малтмал, газрын тосны газар Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын Засаг даргаас бичиг гаргуулж ир гэдэг. Иймд Эрдэнэцагаан сумын Засаг даргаас очиж лавлагааг авсан. Тус лавлагаанд ...Эрдэнэцагаан сумын Засаг дарга би тухайн үед ээлжийн амралттай байсан учир “А” ХХК-ийн менежментийн төлөвлөгөөг баталж өгөлгүй хугацаа хожимдуулсан гэх утга агуулгыг тусгасан байсан. Иймд дээрх нөхцөлүүдийг харгалзан үзэлгүй хугацаа сунгахаас татгалзаж шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлгүй байна. Иймд тусгай зөвшөөрлүүдийг сунгахаас татгалзсан 48 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, тусгай зөвшөөрлүүдийг сунгахыг хариуцагчид даалгаж өгнө үү.

Ашигт малтмалын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.2-т ...Төрийн захиргааны байгууллага энэ хуулийн 22.1-д заасан өргөдлийг хүлээн авснаас хойш ажлын 10 өдөрт багтааж тусгай зөвшөөрөл эзэмшигч нь мөн хуулийн 7.2, 31 дүгээр зүйлд заасан нөхцөл, шаардлагыг хангасан эсэхийг хянаж, зөрчилгүй бол тусгай зөвшөөрлийн хугацааг энэ хуулийн 21.1.5-д заасан хугацаагаар сунгаж энэ тухай тусгай зөвшөөрлийн бүртгэлд тэмдэглэнэ гэж заасан байдаг. Уг заалтаас үзвэл Ашигт малтмалын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2-т ...Тусгай зөвшөөрөл эзэмшигч нь тусгай зөвшөөрөл хүчин төгөлдөр байх бүх хугацаанд энэ хуулийн 7 1-д заасан нөхцөлийг хангасан байх ба Монгол улсын татвар төлөгч байна гэсэн шаардлагыг манайх хангаж байсан. Мөн хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1-д ...Тусгай зөвшөөрөл эзэмшигч нь энэ хуулийн 32, 33 дугаар зүйлд заасан нөхцөл, шаардлагыг хангаж ажиллах үүрэгтэй бөгөөд зөрчвөл мөн хуулийн 56 дугаар зүйлд заасны дагуу тусгай зөвшөөрлийг цуцална гэж заасан ба уг заалтыг задалж авч үзэхэд, мөн хуулийн 32 дугаар зүйлд тусгай зөвшөөрлийн төлбөрийн асуудлыг нарийвчлан зохицуулсан. Мөн 33 дугаар зүйлд хайгуулын ажлын зардлын дээд доод хэмжээ, түүнийг баталгаажуулах тухай зохицуулалтууд байгаа. Энэ мэтчилэн хуулийн зохицуулалтуудаас үзвэл хугацаа сунгах өргөдөлд ирсэн баримтууд нь Монгол улсын татвар төлөгч мөн эсэх, жил бүрийн төлбөрөө хийсэн эсэх, хайгуулын ажлыг жил бүр гүйцэтгэсэн эсэх агуулгуудыг хянаж үзэх нь зүйтэй юм. Эдгээр зүйлсийг хянаж үзсэний үндсэн дээр Ашигт малтмалын тухай хуулийн 22.4-т зааснаар татгалзах эрх нь үүснэ.

Мөн Захиргааны ерөнхий хуульд мэдэгдэх, сонсох ажиллагааны талаар тусгаж хуульчилсан байгаа. Гэтэл хариуцагч нь захиргааны акт гаргахаасаа өмнө уг ажиллагааг хийсэн бол бид хүндэтгэн үзэх шалтгаанаа тодорхой тайлбарлаж уг асуудлыг шийдвэрлэх бүрэн боломжтой байсан.

Хариуцагч нь тусгай зөвшөөрлийг сунгахаас татгалзсан шийдвэрээ өөрсдийн буруу биш гэж тайлбар хийж байна. Өөрөөр хэлбэл байгаль орчны менежментийн төлөвлөгөөг хариуцагч батлах ёсгүй гэж тайлбар хийж байгаа. Гэтэл манай зүгээс хариуцагчийг батлах ёстой байсан гэж маргаагүй. Гол нь Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын Засаг дарга хуулийн хугацаандаа баталсан бол бид өргөдлөө цаг хугацаандаа гаргаж өгч хуулийн дагуу тусгай зөвшөөрлийнхөө хугацааг 3-н жилээр сунгах бүрэн боломжтой байсан. Гэтэл Засаг дарга нь өөрөө ээлжийн амралттай, байгаль орчны байцаагч нь сургалтын чөлөөтэй байсан гэдэг шалтгаанаар тухайн асуудлыг шийдвэрлэж чадалгүй цаг хугацаа алдсан. Үүнийг нотлох баримтаар гаргаж өгсөн байхад хариуцагч нь хүндэтгэн үзэх шалтгаан гэж үзэлгүй Ашигт малтмалын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1-д ашигт малтмалын тусгай зөвшөөрлийн хугацаа сунгахаас татгалзах зохицуулалт байхгүй байхад хуулийг буруу хэрэглэж асуудлыг шийдвэрлэсэн нь хариуцагчийн буруутай үйлдэл гэж үзэж байна.

Мөн “А” ХХК-ийн захирал өөрчлөгдсөн тухай лавлагаануудыг хэрэгт хавсарган өгсөн байгаа. Мөн хариуцагчийн итгэмжпэгдсзн төлөөлөгчийн тайлбараар тусгай зөвшөөрлийн хугацаа сунгуулахыг хүссэн байгууллагуудын хүндэтгэн үзэх шалтгаануудыг харгалзан тусгай зөвшөөрлийг нь сунгадаг тухай дурдсан. Гэтэл дээр дурдсан асуудал нэхэмжлэгчээс шалтгаалсан зүйл байхгүй. Өөрөөр хэлбэл төрийн захиргааны байгууллага нь холбогдох шийдвэрээ гаргаагүйгээс үүдэн хугацаа алдсан. Иймээс дээрх асуудлуудыг шүүх харгалзан үзэхийг хүсэж байна. Иймд тусгай зөвшөөрлүүдийг сунгахаас татгалзсан 48 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, тусгай зөвшөөрлүүдийг сунгахыг хариуцагчид даалгаж өгнө үү гэв.

Хариуцагч Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Д.Дашзэвэг нь шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын нутаг Эрдэнэцагаан нэртэй талбайд 34404.74 га талбайд 2008 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр анх “А” ХХК-д ашигт малтмалын хайгуулын ХV-013166 дугаартай тусгай зөвшөөрлийг олгосон байна. Дээрх ашигт малтмалын хайгуулын ХV-013166 дугаартай тусгай зөвшөөрлийн 631.05 га талбайд “А” ХХК-иас 2017 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр ашигт малтмалын ашиглалтын МV-******* дугаартай тусгай зөвшөөрөл авч, өмнөх тусгай зөвшөөрлийн талбай хуваагдсан /тусгаарлагдсан/ тул тухайн хуваагдсан 6018.20 га талбайд ашигт малтмалын хайгуулын ХV******* дугаартай тусгай зөвшөөрлийг шинээр бичиж олгосон байна. Уг ашигт малтмалын хайгуулын ХV******* дугаартай тусгай зөвшөөрлийн анх олгосон огноо нь анхны тусгай зөвшөөрөл /ХV-013166/-ийн нэгэн адил 2008 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр болно.

Хайгуулын тусгай зөвшөөрөл эзэмшигчийн эрхийг Ашигт малтмалын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1.5-д энэ хуульд заасан нөхцөл, шаардлагыг хангасан тохиолдолд цацраг идэвхт ашигт малтмалаас бусад төрлийн ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацааг 3 жилийн хугацаагаар 3 удаа сунгуулах гэж тодорхойлсон байдаг. “А” ХХК-ийн ашигт малтмалын хайгуулын ХV-013166 дугаартай тусгай зөвшөөрлийн хувьд Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсийн даргын 2012 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн 597, 2014 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 565 дугаартай шийдвэрээр тусгай зөвшөөрлийн хугацааг тус тус 3 жилийн хугацаагаар сунгуулсан бөгөөд хүчин төгөлдөр зөвшөөрлийн хугацааг тус тус 3 жилийн хугацаагаар сунгуулсан бөгөөд хүчин төгөлдөр байх хугацаа нь 2018 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийг хүртэл байсан. Түүнчлэн шинээр үүссэн ашигт малтмалын хайгуулын ХV******* дугаартай тусгай зөвшөөрлийн хүчин төгөлдөр байх хугацаа нь дээрхийн нэгэн адил 2018 оны 01 дугээр сарын 14-ний өдрийг хүртэл байсан.

Ашигт малтмалын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1-д Хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацаа дуусахаас 1 сарын өмнө түүнийг эзэмшигч нь хугацааг сунгуулах тухай өргөдлийг төрийн захиргааны байгууллагад гаргаж, түүнд дараахь баримт бичгийг хавсаргана гээд 4 бичиг баримтыг хавсаргахаар заасан байдаг Гэтэл “А” ХХК-ийн хувьд хуульд заасан дээрх хугацаанд холбогдох баримтаа бүрдүүлж, хугацаа сунгуулах өргөдлөө гаргаагүй байна. Хэдийгээр тухайн компанийн байгаль орчны менежментийн төлөвлөгөөг Эрдэнэцагаан сумын Засаг дарга хугацаанд нь баталж өгөөгүй гэх боловч энэ нь хариуцагч байгууллагын буруутай үйлдэл биш болно. “А” ХХК-ийн нэхэмжлэлд ...сунгуулах хүсэл зоригоо илэрхийлж,..тусгай зөвшөөрлийн хугацаа сунгуулах үйлчилгээний хураамжийг төлж...тусгай зөвшөөрлүүдийн төлбөр болох 229,792,810 төгрөгийг тушаасан... гэсэн байх боловч энэ нь хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацаа сунгах хангалттай үндэслэл болохгүй юм. Дээрх үндэслэлүүдээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй байх тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагч Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Б нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын нутагт анх 2008 оны 01 дүгээр сарын 14- ний өдөр нэхэмжлэгч компанид хайгуулын тусгай зөвшөөрөл олгосон. Уг тусгай зөвшөөрлийн талбай дээр 2017 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр 631.05 га талбай бүхий ашиглалтын ******* дугаартай зөвшөөрөл олгосон. Ашиглалт олгосонтой холбоотойгоор уг талбайг хувааж 020797 дугаартай шинэ тусгай зөвшөөрөл олгосон байдаг. Уг 2 тусгай зөвшөөрлийн хугацааны хувьд анх олгогдсон тусгай зөвшөөрлийн хугацаатай ижил буюу 2018 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийг хүртэл хүчин төгөлдөр байсан.

Ашигт малтмалын хуулийн 22.1.5-д ...энэ хуульд заасан нөхцөл, шаардлагыг хангасан тохиолдолд цацраг идэвхт ашигт малтмалаас бусад төрлийн ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацааг 3 жилийн хугацаагаар 3 удаа сунгуулах гэж заасан. Нэхэмжлэгч нь 2016, 2017 онуудад тус тус өргөдөл гаргасан байдаг. Ашигт малтмалын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1-д ...Хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацаа дуусахаас 1 сарын өмнө түүнийг эзэмшигч нь хугацааг сунгуулах тухай өргөдлийг төрийн захиргааны байгууллагад гаргаж, түүнд дараах баримт бичгийг хавсаргана гэж заасан байдаг. Гэтэл нэхэмжлэгч нь хуульд заасны дагуу материалаа бүрдүүлж хугацаа сунгах өргөдлөө өгөөгүй. Байгаль орчны менежментийн төлөвлөгөөг Эрдэнэцагаан сумын Засаг дарга батлаагүй нь Ашигт малтмал, газрын тосны газрын буруутай үйлдэл биш гэж үзэж байгаа. Мөн нэхэмжлэгчээс 229 сая төгрөгийг 2018 онд ашиглах тусгай зөвшөөрөлдөө төлсөн гэж үзэж байгаа. Гэхдээ энэ нь Ашигт малтмалын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1-д заасан хугацаа сунгуулах үндэслэл болохгүй. Иймээс нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг үндэслэлгүй гэж үзэж байгаа тул хэрэгсэхгүй болгож өгнө үү. Манайх өмнө нь бичгээр шүүхэд өгсөн тайлбар болон өнөөдөр шүүх хуралдаанд гаргаж байгаа тайлбараа бүрэн дэмжиж байна. Өөр нэмж хэлэх зүйлгүй гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгчээс анх шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа “А” ХХК- ийн эзэмшиж байгаа Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын нутагт орших ашигт малтмалын хайгуулын ХV-*******, ХV******* дугаартай тусгай зөвшөөрлүүдийн хугацааг сунгахаас татгалзсан үйлдлийг хууль бус болохыг тогтоож, ашигт малтмалын хайгуулын ХV-*******, ХV******* дугаартай тусгай зөвшөөрлүүдийн эрхийг сэргээж, хугацааг сунгахыг Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэст даалгах гэж тодорхойлж байсан боловч шүүх хуралдааны хэлэлцүүлгийн явцад тусгай зөвшөөрлүүдийг сунгахаас татгалзсан акт болох хариуцагчийн гаргасан 2018 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 48 дугаар шийдвэрийг хүчингүй болгуулж, тусгай зөвшөөрлүүдийг сунгахыг хариуцагчид даалгах гэж нэхэмжлэлийн шаардлагаа тодруулсан болно.

Шүүхээс хэрэгт цугларсан бөгөөд шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзэж тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв эргэлзээгүй талаас нь үнэлж нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэлээ.

Анх “А” ХХК-д Ашигт малтмалын газар Геологи, Уул уурхайн Кадастрын хэлтсийн даргын 2008 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын нутаг Эрдэнэцагаан нэртэй талбайд 34422 га талбайд ашигт малтмалын хайгуулын ХV-******* дугаартай тусгай зөвшөөрлийг олгож, үүний дараа 2017 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр хайгуулын тусгай зөвшөөрөлтэй 34422 га талбайгаас 631.05 га талбайд “А” ХХК-д ашиглалтын тусгай зөвшөөрлийг олгосноор, өмнөх тусгай зөвшөөрлийн талбайгаас хуваагдсан 6018.20 га талбайд ашигт малтмалын хайгуулын ХV******* дугаартай тусгай зөвшөөрлийг шинээр олгосон байдаг.

“А” ХХК нь ашигт малтмалын хайгуулын ХV-******* дугаартай тусгай зөвшөөрлийг Ашиг малтмалын газрын Кадастрын хэлтсийн даргын 2012 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн 597, 2014 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 565 дугаар шийдвэрээр тус тус 3 жилийн хугацаагаар сунгуулсан бөгөөд хүчин төгөлдөр байх хугацаа нь 2014 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийг хүртэл, шинээр үүссэн ашиг малтмалын хайгуулын ХV******* дугаартай тусгай зөвшөөрлийн хүчин төгөлдөр байх хугацаа нь 2014 оны 01 дүгээр сарын 14-ний өдрөөр дуусгавар болохоор байжээ.

Хариуцагч Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2018 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 48 дугаар шийдвэрээр ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацааг сунгуулахыг хүссэн өргөдлүүдийг хугацаа дуусахаас 1 сарын өмнө гаргаагүй гэж үзэн Ашигт малтмалын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.14, 22 дугаар зүйлийн 22.1-д заасныг үндэслэл болгон нэхэмжлэгч “А” ХХК-ийн ХV-*******, ХV******* дугаартай тусгай зөвшөөрлүүдийн хугацааг сунгахаас татгалзаж шийдвэрлэсэн байна.

Нэхэмжлэгч, түүний өмгөөлөгчөөс нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ ...сумын засаг даргаас байгаль орчны менежментийн төлөвлөгөөг хуулийн хугацаанд баталж өгөөгүй нь нэхэмжлэгчийн буруутай үйлдэл биш хүндэтгэн үзэх шалтгаанаа тайлбарласаар байхад харгалзан үзээгүй, төлөвлөгөө батлуулаагүй нь зөвшөөрлийг сунгахаас татгалзах үндэслэлд хамааралгүй, хууль буруу хэрэглэсэн, хариуцагчаас сонсох ажиллагаа явуулаагүй гэх агуулгаар тайлбарладаг, харин хариуцагч түүний төлөөлөгчийн зүгээс тусгай зөвшөөрлүүдийг сунгах өргөдлөө 1 сарын өмнө буюу 2017 оны 12 дугаар сарын 14-ний өдөр гаргах байсан, байгаль орчны менежментийн төлөвлөгөө батлах нь манайд хамааралгүй тул хүндэтгэн үзэх шалтгаанд тооцохгүй гэх агуулгаар нэхэмжлэгчийн тайлбарыг үгүйсгэн маргасан.

Ашигт малтмалын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1-д зааснаар нэхэмжлэгч нь ашигт малтмалын хайгуулын ХV-*******, ХV******* дугаартай тусгай зөвшөөрлүүдийг сунгуулах тухай өргөдлийг 2017 оны 12 дугаар сарын 14-ний өдөр гаргах байсан боловч өргөдлөө хуульд заасан хугацаанаас 12 хоногийн дараа буюу 12 дугаар сарын 26-ны өдөр гаргаж, үүнээс 2 өдрийн дараа буюу 12 дугаар сарын 28-ны өдөр дутуу баримт бичгийг бүрдүүлэн өргөдөлд хавсаргасан нь тогтоогддог ба энэ талаар хэргийн оролцогчдын зүгээс маргаагүй болно.

Ашигт малтмалын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22:4-т.Тусгай зөвшөөрөл эзэмшигч нь энэ хуулийн 7.2, 31 дүгээр зүйлд заасан нөхцөл, шаардлагыг хангаагүй бол төрийн захиргааны байгууллага хугацаа сунгахаас татгалзаж энэ тухай өргөдөл гаргасан этгээдэд бичгээр мэдэгдэж тусгай зөвшөөрлийн бүртгэлд тэмдэглэнэ гэж заасан байх ба энэ нь хариуцагчаас тусгай зөвшөөрлийн хугацааг сунгахдаа тусгай зөвшөөрөл эзэмшигч нь Монгол Улсын хуулийн этгээд байх хуулийн 7.1-д заасан нөхцөл шаардлагыг хангаж байгаа эсэх, 31 дүгээр зүйлийн 31.1-д зааснаар мөн хуулийн 32 дугаар зүйлд заасан тусгай зөвшөөрлийн төлбөрийг жил бүр тогтоосон хэмжээгээр төлсөн эсэх, 33 дугаар зүйлд заасан хайгуулын ажилд зарцуулсан зардлын хэмжээг төрийн захиргааны байгууллагаар жил бүр баталгаажуулсан эсэхийг хянан шалгаж, дээрх шаардлагуудыг хангаагүй байгаа тохиолдолд тусгай зөвшөөрлийг сунгахаас татгалзаж шийдвэрлэхээр байна.

Гэтэл хариуцагч нь тусгай зөвшөөрлийн төлбөрийг төлөөгүй, хайгуулын ажилд зарцуулсан зардлын хэмжээг баталгаажуулаагүй зэрэг нөхцөл шаардлагыг хангаагүй буюу тусгай зөвшөөрлийн хугацааг сунгахаас татгалзах хуульд заасан үндэслэл тогтоогдоогүй байхад Ашигт малтмалын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1-д зааснаар хайгуулын тусгай зөвшөөрөл эзэмшигч нь тусгай зөвшөөрлийн хугацаа дуусахаас 1 сарын сунгуулах тухай өргөдлийг гаргаагүй гэж үзэн сунгахаас татгалзсан нь үндэслэлгүй, өөрөөр хэлбэл хариуцагчаас тусгай зөвшөөрлийг сунгахаас татгалзаж шийдвэрлэхдээ Ашигт малтмалын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1 дэх зүйлийг үндэслэл болгосон нь буруу, үүгээрээ маргаан бүхий акт нь хууль бус болсон байна.

Мөн нэхэмжлэгч “А” ХХК-иас дээрх хайгуулын тусгай зөвшөөрлүүдийг сунгуулахаар 2017 оны 12 дугаар сарын 14-ний өдөр Ашигт малтмал газрын тосны газрын Геологийн хэлтэс болон Кадастрын хэлтэст тус тус хайгуулын ажлын зардлын доод хэмжээнээс багагүй хэмжээний ажил гүйцэтгэсэн тухай болон хайгуулын ажлын тайлан хүлээлгэн өгсөн лавлагаа, тусгай зөвшөөрлийн төлбөрийг жил бүр төлсөн лавлагааг гаргуулахаар хандсан болох нь 2017 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 44, 45, 46, 47 дугаар албан бичгээр, Геологи хайгуулын хэлтсээс 2015-2017 оны жилийн төлөвлөгөө, 2014-2016 оны тайлан хянуулсан, 2014-2016 онд хайгуулын ажлын зардлын доод хэмжээг баталгаажуулсан талаарх лавлагааг 2017 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 991 дүгээр тодорхойлолтоор Кадастрын хэлтэст ирүүлсэн нь,

Нэхэмжлэгчээс байгаль орчны менежментийн төлөвлөгөөг шинэчлэн батлуулахаар 2017 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр Сүхбаатар сумын Эрдэнэцагаан сумын Засаг даргын тамгын газарт хүргүүлсэн, Эрдэнэцагаан сумын Засаг дарга нь 2017 оны 11 дүгээр сарын 01-нээс ээлжийн амралттай, байгаль орчны байцаагч Улаанбаатар хотод сурч байсан шалтгаанаар 2017 оны 12 дугаар сарын 25-ны өдөр баталж хариуцагчид тус тус хүргүүлсэн нь “А” ХХК-ийн 2018 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 59 дүгээр албан бичиг , Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын Засаг даргын 2018 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн 1/22 дугаар албан бичгээр тус тус тогтоогддог.

Дээрхийг цаг хугацааны дарааллаар дүгнэн үзвэл нэхэмжлэгч нь хуульд заасан хугацаанд буюу 2017 оны 12 дугаар сарын 14-ний өдрөөс тусгай зөвшөөрлүүдийн хугацааг сунгуулах өргөдөл гаргахад шаардлагатай лавлагааг авахаар хариуцагч төрийн захиргааны байгууллагад хандсан өөрөөр хэлбэл өргөдлийг гаргах ажиллагааг тусгай зөвшөөрлийн хугацаа дуусахаас 1 сарын өмнө эхлүүлсэн байхад тусгай зөвшөөрлийн хугацаа дуусахаас 1 сарын өмнө өргөдлөө гаргаагүй гэж үзэх боломжгүй, Геологийн хэлтсээс дээрх лавлагааг 13 хоногийн дараа буюу 2017 оны 12 дугаар сарын 27-ны өдөр гарган өгсөн, түүнчлэн байгаль орчны менежментийн төлөвлөгөө-г харьяалах албан тушаалтнаас хугацаа алдаж баталсан, энэ талаарх хүндэтгэн үзэх шалтгааныг нэхэмжлэгчээс тайлбарласаар байхад түүнийг 1 сарын өмнө өргөдлөө гаргаагүй гэж буруутгасан нь үндэслэлгүй байна.

Кадастрын хэлтэс нь тусгай зөвшөөрлийн хугацааг сунгуулах өргөдөлд хавсаргасан баримтыг хянан шалгах үүргийнхээ хүрээнд тусгай зөвшөөрлийн төлбөрийг төлсөн бөгөөд хайгуулын зардлын доод хэмжээг баталгаажуулсан тухай лавлагааг Геологийн хэлтсээс гаргуулан авах боломжтой ба байгаль орчны менежментийн төлөвлөгөө-г хуульд заасан хугацааг хэтрүүлэн баталсан

Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын Засаг даргын үйлдэл нь нэхэмжлэгчээс үл хамаарах бөгөөд харин энэ нь Ашигт малтмал газрын тосны газрын нэгжүүд болох Геологийн хэлтэс болоод Кадастрын хэлтсийн үйл ажиллагааны уялдаа холбоогүй байдал, төрийн захиргааны байгууллага, албан тушаалтнуудын үйл ажиллагаатай шууд холбоотой байна.

Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.5-д Сөрөг нөлөөлөл бүхий захиргааны акт гэж эрх зүйн үйлчлэл чиглэсэн этгээдэд үүрэг бий болгосон, эсхүл түүний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хязгаарласан захиргааны актыг ойлгоно гэж заасан бөгөөд маргаан бүхий акт болох хариуцагчийн гаргасан 2018 оны 48 дугаар шийдвэр нь нэхэмжлэгч “А” ХХК-ийн хувьд түүний хуульд заасан сонгон шалгаруулалтын үр дүнд олж авсан хайгуулын тусгай зөвшөөрлүүдийг сунгаагүй буюу тусгай зөвшөөрлүүдийг эзэмших эрхийг цуцалснаараа эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн сөрөг нөлөөлөл бүхий акт болно.

Захиргааны ерөнхий хуулийн 26 дугаар зүйлийн 26.1-д ...захиргааны акт...-ыг батлан гаргахын өмнө эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээдэд захиргааны шийдвэр гаргахад ач холбогдол бүхий нөхцөл байдлын талаар тайлбар, санал гаргах боломж олгоно гэж заасныг хариуцагч нь зөрчин сонсох ажиллагаа явуулаагүй байх ба энэ нь түүний төлөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбараар тогтоогддог.

Иймээс захиргааны шийдвэр гаргахад ач холбогдол бүхий нөхцөл байдлын талаар тайлбар, санал гаргах боломжийг нэхэмжлэгчид олгоогүй, тэрээр хариуцагчийн үйлдлийг зөвтгөх үндэслэл тогтоогдохгүй байх ба Захиргааны ерөнхий хуулийн 15 дугаар зүйлийн 15.1.4-д захиргааны шийдвэр гаргахаас өмнө оролцогч нотлох баримт гаргах, шаардлагатай баримт бичгийг бүрдүүлэн өгөх гэж заасан нэхэмжлэгчийн эрхийг зөрчсөн байна гэж үзлээ.

Дээрхийг бүхэлд нь дүгнэвэл маргаан бүхий акт болох хариуцагчийн 2018 оны 48 дугаар шийдвэрийн улмаас нэхэмжлэгч “А” ХХК-ны хайгуулын талбайн хилийн дотор хуулийн дагуу ашигт малтмал эрэх хайх, хуульд заасан нөхцөл шаардлагыг хангасан тохиолдолд хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацааг 3 жилийн хугацаагаар 3 удаа сунгуулах эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн гэж үзэн “А” ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2018 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн Хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацааг сунгахаас татгалзах тухай 48 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, “А” ХХК-ийн XV-*******, ХV******* дугаартай тусгай зөвшөөрлүүдийн хугацааг сунгахыг Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэст даалгаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

            Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.2, 106.3.1, 106.3.4, 106.3.12 дахь зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Захиргааны ерөнхий хуулийн 26 дугаар зүйлийн 26.1, Ашигт малтмалын тухай хуулийн 22 дүгээр зүйлийн 22.4 дэх зүйлд заасныг баримтлан нэхэмжлэгч “А” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2018 оны 01 дүгээр сарын 11- ний өдрийн 48 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, “А” ХХК-ийн ХV-*******, ХV******* дугаартай хайгуулын тусгай зөвшөөрлүүдийн хугацааг сунгахыг Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэст даалгасугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1 дэх зүйлүүдэд заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч “А” ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсээс 70200 төгрөг гаргуулан нэхэмжлэгч “А” ХХК-д олгосугай.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх зүйлд зааснаар шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч 14 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 С.ОТГОНТУЯА