Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 03 сарын 16 өдөр

Дугаар 10

 

 

 

 

 

 

2017 оны 03 сарын 16-ны өдөр                   Дугаар 204/МА2017/00010                                    Өвөрхангай аймаг

 

 

                                  Г.Дашдамбын нэхэмжлэлтэй иргэний

                                                   хэргийн тухай

 

          Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Эрдэнэбилэг даргалж, шүүгч Л.Нямдорж, Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Т.Даваасүрэн нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн

2017 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн 34 дүгээр шийдвэртэй

Нэхэмжлэгч: Г.Дашдамбын нэхэмжлэлтэй

Хариуцагч: Г.Бямбадоржид холбогдох

 “Өмгөөллийн хөлс 2.000.000 төгрөг, алданги 1.000.000 төгрөг гаргуулах тухай” нэхэмжлэлтэй иргэний хэргийг давж заалдах шатны шүүх хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлоор 2017 оны 02 дугаар сарын 21-ний өдөр хүлээн авч, шүүгч Л.Нямдоржийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нарийн бичгийн дарга Г.Дорждулам нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:                                               

Нэхэмжлэгч Г.Дашдамба шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “...Монголын хуульчдын холбооны гишүүн хуульч, өмгөөлөгч Г.Дашдамба миний бие 2016 оны 01 дүгээр сарын 22-нд Ганхуяг овогтой Бямбадоржтой хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ байгуулан ажилласан болно. Уг хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээнд Ганхуяг овогтой Бямбадоржийн холбогдсон иргэний хэрэгт хууль зүйн туслалцаа үзүүлэх үүрэгтэй оролцсон. Уг хэрэгт нь хууль зүйн туслалцаа үзүүлж 2016 оны 02 дугаар сарын 19-нд шүүх хурал нь Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхэд болж Ганхуяг овогтой Бямбадоржид холбогдох хэрэг нь хэрэгсэхгүй болж шийдвэрлэгдсэн. Миний хувьд өөрийнхөө үүргийг бүрэн биелүүлсэн болно. Шүүх хуралдаан болсноос хойш Ганхуяг овогтой Бямбадорж нь хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэлгүй өдий хүрлээ. Иймд миний бие Ганхуяг овогтой Бямбадоржоос хууль зүйн туслалцааны төлбөр 2.000.000 төгрөг, алданги 1.000.000 нийт 3.000.000 төгрөгийг нэхэмжилж байна гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Гансүх нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...2016 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр Г.Дашдамба өмгөөлөгч, Г.Бямбадоржтой хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ байгуулсан. Тэгээд 2016 оны 02 дугаар сарын 19-ны өдөр Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын иргэний шүүх хуралдаанд Г.Бямбадоржид холбогдох хэрэг хэрэгсэхгүй болж шийдвэрлэгдсэн. Миний хувьд өөрийнхөө үүргийг бүрэн биелүүлсэн гэж үзэж байгаа. Харин Г.Бямбадорж нь хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээний үүргээ биелүүлэхгүй өдий хүрсэн. Г.Бямбадоржоос хууль зүйн туслалцааны төлбөр 2.000.000 төгрөг, алданга 1.000.000 төгрөг нийт 3.000.000 төгрөг нэхэмжилж байна гэжээ.

Хариуцагч Г.Бямбадорж шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...2016 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр анх эрүү, иргэн гэсэн хоёр талын үүрэгтэй оролцуулахаар Г.Дашдамба өмгөөлөгчтэй хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ байгуулсан. Энэ нь ямар учиртай юм бэ гэхээр миний ээж эрүүгийн хэрэгт хохирогчоор оролцсон. Хэрэг нь хэрэгсэхгүй болсон. Шүүгдэгчээс нь ээжийн хохирлын мөнгө авсан байсныг иргэний хэрэгт нэхэмжилсэн. Иргэний хэрэгт хоёр талын үүрэгтэй оролцуулахаар тус бүрээс нь 1.000.000 төгрөг гаргуулна гэж анх гэрээ байгуулсан. Г.Дашдамба өмгөөлөгч ганцхан иргэний хэрэг дээр гэрээ байгуулсан гэж худлаа ярьж байна. Энийг юугаар нотлох вэ гэвэл хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээний 1 дүгээр зүйлийн 1.1-т зааснаар анхан болон давж заалдах шатанд өмгөөлөх үүрэгтэйгээр оролцоно гэж байгаа гэжээ.

Анхан шатны шүүх: Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1, 360 дугаар зүйлийн 360.1-д зааснаар хариуцагч Г.Бямбадоржоос өмгөөллийн хөлс 2.000.000 /хоёр сая/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Г.Дашдамбад олгож, нэхэмжлэлээс алданги 1.000.000 /нэг сая/ төгрөгийг нэхэмжилсэнийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 62950 төгрөгийг улсын төсвийн дансанд хэвээр үлдээж, хариуцагч Г.Бямбадоржоос 46950 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба шийдвэр хүчинтэй болсон өдрөөс хойш 7 хоногийн хугацаа өнгөрмөгц хуралдаанд оролцсон тал 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг мэдэгдэж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор шийдвэр гарсан шүүхээр дамжуулан Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдаж шийдвэрлэжээ.

Хариуцагч Г.Бямбадорж давж заалдах гомдолдоо:

Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн 2017 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн 34 дүгээр шийдвэрийг эс зөвшөөрч давж заалдах гомдлыг гаргаж байна.

Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн 2017 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн 34 дүгээр шийдвэр нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т зааснаар шийдвэр нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна гэсэн хуулийн заалтай нийцээгүй гэж үзэж дараах үндэслэлээр гомдол гаргаж байна.

1. Хариуцагч үйлчилгээний хөлс болон үйлчилгээг дутуу үзүүлсэн гэж маргасан. Өмгөөлөгч Г.Дашдамбатай эрүүгийн хэрэг хэрэгсэхгүй болгосон талаар харилцан ярилцаж байхад эрүүгийн хэргийн шинэ нөхцөл байдал илэрсэн гэдгээр дахин сэргээх асуудлыг шийдвэрлэж болох талаар өмгөөлөгч Г.Дашдамба ярьсан юм. Тэгээд би өмгөөлөгч Г.Дашдамбатай 2 чиглэлээр гэрээ байгуулахыг харилцан тохиролцож ярилцаж гэрээ байгуулсан юм.

Иргэний хэрэгт оролцоход 1.000.000 (нэг сая), Эрүүгийн хэргийг шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас хэргийн сэргээн шалгахад өмгөөлөгчөөр оролцоход 1.000.000 (нэг сая) төгрөгийг төлөхөөр харилцан тохиролцож гэрээ байгуулсан юм.

2.Хавтаст хэрэгт авагдсан материал дунд хэргийн үйл баримтыг нотлох хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ гэсэн нэг өдөр хийсэн. Тус бүр 1 хуудастай 2 гэрээ байх бөгөөд 1 нь үйлчилгээний хөлсийг тусгаагүй нөгөө нь үйлчилгээний хөлсийг тусгасан байх боловч илүү дүнтэйгээр нөхөж бичсэн байдалтай засвар хийсэн буюу 3.000.000 (гурван сая) төгрөг гэж гэрээндээ тусгасан заалтыг шүүх хэрэглэсэн нь учир дутагдалтай. Мөн нэхэмжлэгч Г.Дашдамба нь өөрт байсан хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээндээ мөнгөн дүнд завсар хийсэн байна. Тус гэрээний 1.1-д заасан заалтыг харвал туслалцаа үзүүлэгч тал нь иргэний болон эрүүгийн, захиргааны бүх хэрэгт туслалцаа үзүүлэн гэж тусгажээ. Мөн гэрээний заалтаас үзвэл үйлчилгээний хөлсийг 1.000.000 (нэг сая) төгрөгөөр харилцан тохиролцсон нь байдал нь харагдаж байна.

Өмгөөлөгч Г.Дашдамба нь гэрээний 3 дугаар зүйлийн 3.1-д заасан хууль зүйн туслалцаа үзүүлэх хөлсийг бүрэн хүлээж аваад гэрээ байгуулж иргэний хэргийн ажиллагаанд оролцсон гэж үзэж байна.

Хариуцагч Бямбадорж би гэрээнд заасан үүрэг болох 1.000.000 (нэг сая) төгрөгийг өмгөөлөгчид бүрэн төлж хууль зүйн гэрээнд өмгөөлөгчидтэй гарын үсгээ зурж тохиролцсоноор гэрээ хүчин төгөлдөр болж өмгөөлөгч үүргээ гүйцэтгэх үүрэгтэй гэж үзнэ.

З.Өмгөөлөгч Г.Дашдамба нь хөлсөөр ажилласан хөлснийхөө зохих татварыг орон нутгийн татвар төлсөн эсэх нь мэдэгдэхгүй байна. Хүн амын орлогын татвар төлөх үүрэгтэй. Талуудын дунд байгуулагдсан гэрээнд үзүүлэх үйлчилгээг хөлс зэрэг нь ойлгомжтой байх бөгөөд туслалцаа үзүүлэгч тал иргэний хэрэгт ажлаад эрүүгийн хэрэгт огт ажиллаагүй буюу гэрээгээр хүлээсэн үүргээ бүрэн биелүүлээгүй байна. Иргэний хэрэгт оролцсон цаг хугацаа хэрэгт ажилласан цаг хугацаа хир ээдрээ төвөгтэй байсан нь хэдэн удаа оролцсон ямар ямар нотлох баримт бүрдүүлэхэд хир хугацаа зарцуулсан ажлын бүтээмжийг нь нягтлаж үзэх шаардлагатай байна. Ер нь өмгөөлөгч Г.Дашдамба нь цаг хугацаа бага зарцуулсан гэж үйлчлүүлэгч би ойлгож байгаа иймд би Иргэний хуулийн 209 зүйл 209.1-д заасан үндэслэлээр туслалцаа үзүүлэгч талд хөлс төлөх үүргээс татгалзах эрхтэй. Шүүх хурлын тов өмнө нь 4 удаа зарлагдахад Г.Дашдамба нь ямар нэгэн шалтгаанаар ирээгүй шүүх хурлыг удаа дараа хойшлуулсан шүүх эцэст нь өмгөөлөгч Г.Дашдамбыг албадан авчруулах шүүхийн захирамж гарч 2016 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн шүүх хуралд заавал байлгахаар Цагдаагийн байгууллагад томилолт өгсөн байсан боловч 2016 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн шүүх хуралд Г.Дашдамба өмгөөлөгч нь ирээгүй болон өөрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч гэж Д.Гансүх гэдэг хүнийг явуулсан байсан. Иймд хариуцагч Бямбадорж би нэхэмжлэгч Г.Дашдамба нь нэхэмжлэлийн шаардлагаа дэмжихгүй байна мөн өөрийн биеэр ирж эрх үүрэгтэйгээ танилцаагүй байгаа учир шүүхэд ирсэн нэхэмжлэлийг нь буцаах хүсэлт өгсөн боловч шүүх шийдвэрээ гаргасан. Ер нь Г.Дашдамбаас болж шүүх хурал 2 удаа хойшилоход шүүх нэхэмжлэлийг буцаах ёстой байсан үүнээс болж дахин удаа дараа хойшлогдож би цаг зав ажил төрлөө алдаж байгааг анхааран үзнэ үү.

4. Шүүх анхнаасаа хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн бөгөөд ажлын хөлсийг тохиролцсон заалт засвартай буюу гэрээний 3 дугаар зүйлийн 3.1-д заасныг баримталсан мөн талуудын дунд ямар гэрээ байгуулсанг тодорхой болгоогүй. Талууд ямар ямар ажил хийхээр тохиоролцсоныг тодруулаагүй хөлс тохирсон тохироогүйг гэрээнээс алиныг нь шүүх хэрэглэх ёстой хэнийг нь үндэслэлтэй зэргийг тодорхой болгоогүйгээс байхаас гадна шаардлагатай бол шүүх иргэний хуулийн 198 дугаар зүйлт зааснаар гэрээг тайлбарлах шаардлагатай байсан.

5. Ер нь хуульчийн эрх зүйн байдлын хуульд зааснаар өмгөөлөгч, үйлчлүүлэгч хоёр хоорондоо харилцан тохиролцож гэрээ байгуулан гэж заасан байдгийг шүүх бүрэлдэхүүн анхааран үзнэ үү.

6. Энэ гэрээний туслалцаа үзүүлэгч тал нь өмгөөлөгч Г.Дашдамба 11.500.000 (арван нэг сая таван зуун мянган) төгрөгний маргаанд 2 удаа шүүх хуралд ороод л 3.000.000 (гурван сая) төгрөг авах гэж гэрээндээ засвар хийчихээд хуульч гэдэг албан тушаалаа ашиглаад шүүхэд хуурамч нотлох баримт бүрдүүлээд шүүгч нь түүнийг нь үндэслэлтэй гэж шийдвэрлэж байгаа нь хуульд хир нийцэж байгааг нь дахин нягтлаж үзнэ үү.

Өмгөөлөгч Г.Дашдамба нь засвартай хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ бариад хариуцагчаас мөнгө нэхэмжлэлээд байгаа нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-д заасан заалттай нийцэхгүй буюу нийтээр хүлээн зөвшөөрсөн зан суртахууны хэм хэмжээнд харш үйлдэл хэлцэл болно. Өөрөөр хэлбэл өмгөөллийн хөлсийг харилцан тохиролцоно гэж хуульчилаад нэхэмжлэлийн үнийн дүнгийн 10 хувиас хэтрэхгүй буюу үүнийг зах зээлд ингэж тогтсон байхаас гадна өмгөөлөгч бүр ийм үнэ хэлдэг хүн бүр ингэж ойлгодог. Иймд талуудын дунд байгуулсан хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээний хөлс нь зах зээлд тогтсон ханшнаас хэт өндөр буюу Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-д зааснаар нийтээр хүлээн зөвшөөрсөн зан суртахууны хэм хэмжээнд харш хэлцэл тул гэрээг хүчин төгөлдөр бусад тооцож шийдвэрлэж нэхэмжлэгч Г.Дашдамбын нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлээгүй тул анхан шатны шүүхийн шийдвэр нь хууль ёсны үндэслэлтэй гаргаж чадаагүй байгаа тул гомдолтой байна.

           Иймд нэхэмжлэгч Г.Дашдамбын нэхэмжлэлтэй Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн 2017 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн 34 дүгээр шийдвэрийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

            Нэхэмжлэгч Г.Дашдамбын нь хариуцагч Г.Бямбадоржид холбогдуулан өмгөөллийн хөлс 2.000.000 төгрөг, алданги 1.000.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

            Зохигчид гэрээ байгуулагдсан талаар маргаагүй. Харин гэрээний үүрэг буюу хөлс төлөх талаар маргасан байна.

            Анхан шатны шүүх нэхэмжлэгч Г.Дашдамба нь хариуцагч Г.Бямбадоржтой 2016 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр гэрээ байгуулан 3.000.000 төгрөгийн хөлс төлөхөөр тохиролцсон байна гэж дүгнээд Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1, 360 дугаар зүйлийн 360.1-д зааснаар хариуцагч Г.Бямбадоржоос өмгөөллийн хөлс 2.000.000 /хоёр сая/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Г.Дашдамбад олгож, нэхэмжлэлээс алданги 1.000.000 /нэг сая/ төгрөгийг нэхэмжилсэнийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-д зааснаар шүүх хэрэгт цугларсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлнэ гэж заасан байдаг.

          Нэхэмжлэгч Г.Дашдамба хариуцагч Г.Бямбадорж нарын хооронд 2016 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр байгуулсан “Хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ” нь /хавтаст хэргийн 3 дугаар хуудас/ хэдийгээр хэрэгт хамааралтай, боловч үнэн зөв, эргэлзээгүй гэж үзэх үндэслэлгүй байна.

        Учир нь “Хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ”-ний 3.1, 3.2 дахь заалтууд нь агуулгын хувьд адилхан атал 3.1-д 3.000.000 төгрөг, 3.2-т 1.000.000 төгрөгийн хөлс төлөхөөр тохиролцсон мэт бичигдсэн байна.

            Хууль зүйн ямар туслалцаа үзүүлбэл 3.000.000 төгрөгийн хөлс, 1.000.000 төгрөгийн хөлс төлөх нь гэрээний дээрх 2 заалтаар тодорхойгүй, хариуцагч хууль зүйн туслалцаа үзүүлсний хөлсийг 3.000.000 төгрөгөөр тохиролцоогүй гэж үгүйсгэж байгаагаас дүгнэхэд талууд гэрээний гол нөхцлүүдийн талаар тохиролцсон гэж үзэхэд учир дутагдалтай, нэхэмжлэгчийн хувьд өөрийн үзүүлсэн хууль зүйн туслалцааны хөлсийг 3.000.000 төгрөгөөр тохиролцсон болохоо шүүхэд нотлоогүй байхад хариуцагч Г.Бямбадорж, нэхэмжлэгчид 3.000.000 төгрөгний хөлс төлөхөөр тохиролцсон гэдэг нь хангалттай тогтоогдсон гэж үзэх боломжгүй юм.

 

            Мөн хариуцагчийн “Эрүү, Иргэний хэрэгт тус бүр 1.000.000 төгрөгний хөлс төлөхөөр тохиролцсон боловч Эрүүгийн хэрэгт туслалцаа үзүүлэх үүргээ биелүүлээгүй” гэснийг нэхэмжлэгч үгүйсгэж чадаагүй байна.

          Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт маргааны талаар шүүх ямар дүгнэлт хийж байгаа, энэхүү дүгнэлт нь ямар нотлох баримтад тулгууралсан болохыг зааж өгөх ёстой.

         Гэтэл гэрээний 3.1, 3.2 дахь заалтуудад бичигдсэн дүн зөрүүтэй байхад талууд 3.000.000 төгрөгөөр тохиролцсон гэдгийг яагаад үнэн зөв гэж үзсэнээ шийдвэрийн үндэслэх хэсэгт тусгаагүй байна.

Нотлох баримтаар тогтоогдоогүй үйл баримтыг шүүх тогтоогдсон гэж үзэх нь шүүхийн шийдвэр үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг зөрчиж буй явдал юм.

            Иймд хариуцагчийн “...нэхэмжлэгч Г.Дашдамбын нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлээгүй тул анхан шатны шүүхийн шийдвэр нь хууль ёсны үндэслэлтэй гаргаж чадаагүй...Дашдамбын нэхэмжлэлтэй Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн 2017 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн 34 дүгээр шийдвэрийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү” гэсэн гомдлыг хүлээн авах үндэслэлтэй байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

            Хариуцагчийн гомдлыг үндэслэлтэй гэж үзэн шийдвэрийг хүчингүй болгосон тул хариуцагч Г.Бямбадоржоос давж заалдах гомдол гаргахдаа төлсөн улсын тэмдэгтийн хураамж 46950 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгохоор шийдвэрлэв.  

 

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.4-т заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

        1. Өвөрхангай аймгийн Хархорин дахь сум дундын шүүхийн 2017 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн 146/ШШ2017/00034 дугаартай шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай. 

 

        2. Хариуцагч Г.Бямбадоржоос давж заалдах гомдол гаргахдаа төлсөн улсын тэмдэгтийн хураамж 46950 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

        3. Иргэний хэрэг  шүүхэд хянан шийдвэрлэх тухай  хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2-т зааснаар Давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэхдээ хууль буруу хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзвэл зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч  магадлалыг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

         4. Иргэний хэрэг  шүүхэд хянан  шийдвэрлэх тухай  хуулийн  119 дүгээр  зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар  талуудад магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногт  шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах  үүрэгтэй бөгөөд гардаж аваагүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг  мэдэгдсүгэй.

 

           

 

 ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                         Д.ЭРДЭНЭБИЛЭГ

                                      ШҮҮГЧИД                         Л.НЯМДОРЖ

                                                                                Т.ДАВААСҮРЭН