Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 02 сарын 01 өдөр

Дугаар 116

 

 

 

 

 

 

 

 

 

      Э.Э, Т.Д нарт холбогдох

       эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч С.Соёмбо-Эрдэнэ даргалж, шүүгч Н.Батсайхан, М.Пүрэвсүрэн нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

                             

            прокурор Ш.Насанжаргал,

            шүүгдэгч Э.Э, Т.Д нарын өмгөөлөгч Б.Мөнхгэрэл,

            нарийн бичгийн дарга Б.Батжаргал нарыг оролцуулан,

 

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Идэр даргалж шийдвэрлэсэн шүүх хуралдааны 2017 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 480 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч прокурор П.Даваасүрэнгийн бичсэн 2018 оны 1 дүгээр сарын 9-ний өдрийн 3 дугаар улсын яллагчийн эсэргүүцлийг үндэслэн Э.Э, Т.Д нарт холбогдох 17090147590182 дугаартай эрүүгийн хэргийг 2018 оны 1 дүгээр сарын 22-ны өдөр хүлээн авч, шүүгч М.Пүрэвсүрэнгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

           

1. Хасаг лувжаан овгийн Энх-Амгалангийн Э.Э, Ховд аймгийн Манхан суманд 1996 оны 6 дугаар сарын 1-ний өдөр төрсөн, 21 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, тогооч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 8, эцэг, эх, ах, дүү нарын хамт амьдардаг, Хан-Уул дүүргийн 12 дугаар хороо, Тайвааны сан 2-42 тоотод оршин суух хаягтай, ял шийтгэлгүй. /регистрийн дугаар: ПЖ96060119/

 

2. Цоохор овгийн Төрбатын Т.Д, Говь-Алтай аймгийн Алтай суманд 1996 оны 5 дугаар сарын 27-ны өдөр төрсөн, 21 настай, эрэгтэй, дээд боловсролтой, зүтгүүрийн аж ахуйч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эх, эгч, хүргэн ахын хамт амьдардаг, Баянгол дүүргийн 21 дүгээр хороо, Горькийн 17-458 тоотод оршин суух хаягтай, ял шийтгэлгүй. /регистрийн дугаар: ДЮ96052711/

 

Э.Э, Т.Д нар бүлэглэн 2017 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 06 цагийн үед Сүхбаатар дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэр, 2А байрны гадна Г.Аы цүнхтэй эд зүйлийг илээр хүч хэрэглэхгүйгээр хууль бусаар авсан гэмт хэрэгт холбогджээ.

 

            Сүхбаатар дүүргийн прокурорын газраас Э.Э, Т.Д нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.2 дугаар зүйлийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт заасныг баримтлан Э.Э, Т.Д нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус бүр 1 жил хорих ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан хорих ялуудыг тус бүр 1 жилийн хугацаагаар тэнсэх саналтайгаар шүүхэд шилжүүлжээ.

 

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: А.Э.Э, Т.Д нарыг бусдын эд зүйлийг хүч хэрэглэхгүйгээр хууль бусаар авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлий 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Э.Э, Т.Д нарт тус бүр 1 жил хорих ял оногдуулж, уг ялыг нээлттэй хорих байгууллагад тус тус эдлүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-д зааснаар Э.Э, Т.Д нарт оногдуулсан хорих ялыг хөнгөрүүлж тус бүр 1 жилийн хугацаагаар тэнсэж, тэдэнд хяналт тавихыг Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд даалгаж,

Э.Э, Т.Д нарт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалт “зан үйлээ засах, хөдөлмөрлөх дадал олгох сургалтад хамрагдах”, 2.5 дахь заалтад зааснаар “оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх” үүрэг тус тус хүлээлгэж,

Э.Э, Т.Д нар нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэжээ.

 

Прокурор П.Даваасүрэн бичсэн улсын яллагчийн эсэргүүцэлдээ: “... Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Хөнгөн гэмт хэрэг үйлдсэн хүн гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж хор уршигийг арилгасан, эсхүл гэмт хэргийн улмаас учирсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн бол гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан тухайн зүйл хэсэг заалтад заасан хорих ялыг оногдуулахгүйгээр таван жил хүртэл хугацаагаар тэнсэж болно” гэж хуульчилсан байна.

Гэтэл шүүхийн шийтгэх тогтоолд шүүгдэгч Э.Э, Т.Д нарт бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр хууль бусаар авсан үйлдэлд 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэж 1 жилээр тэнсэж шийдвэрлэсэн нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1.2, 39.7 дугаар зүйлийн 1.3 дахь хэсэгт заасныг тус тус зөрчсөн байна.

Иймд шүүгдэгч Э.Э Т.Д нарт холбогдох хэргийг шийдвэрлэсэн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 480 дугаартай шийтгэх тогтоолыг зөвтгүүлэн, өөрчлөлт оруулахаар эсэргүүцэл бичив...” гэжээ.

 

Шүүгдэгч Э.Э, Т.Д нарын өмгөөлөгч Б.Мөнхгэрэл тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг дэмжиж байна. Өөр хэлэх тайлбар байхгүй.” гэв.

 

Прокурор Ш.Насанжаргал тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “Прокурор П.Даваасүрэнгийн бичсэн улсын яллагчийн эсэргүүцлийг дэмжиж оролцож байгаа тул шийтгэх тогтоолд эсэргүүцэлд дурьдсан үндэслэлээр зохих өөрчлөлтийг оруулж өгнө үү.” гэв.

ХЯНАВАЛ:

 

Давж заалдах шатны шүүх Э.Э, Т.Д нарт холбогдох хэргийг хэлэлцэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт заасан эрх хэмжээний хүрээнд улсын яллагчийн эсэргүүцлийн үндэслэлээр хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянан үзэхэд дараах байдал тогтоогдов.

 

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх, Э.Э, Т.Д нарт холбогдох хэргийг хүлээж аваад, яллагдагчийг шүүхэд шилжүүлэх эсэх асуудлыг шийдвэрлэлгүйгээр шүүх хуралдааныг явуулж Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчжээ.

 

   Учир нь, анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн VII хэсэгт хуульчилан тогтоосон байх ба энэхүү ажиллагаа нь яллагдагчийг шүүхэд шилжүүлэх, шүүх хуралдааны бэлтгэл хангах ажиллагаа /Гучин гуравдугаар бүлэг/, шүүх хуралдааны ерөнхий нөхцөл /Гучин дөрөвдүгээр бүлэг/, шүүхэд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа /Гучин тавдугаар бүлэг/, шүүхийн шийдвэр /Гучин зургадугаар бүлэг/ гаргах гэсэн үе шатыг дамжин хэрэгжихээр зохицуулсан болно.

 

   Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуульд яллагдагч хэдийд шүүгдэгчийн байр сууриар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцохыг тодорхой хуульчлаагүй боловч дээр дурьдсан бүлгүүдэд заасан зохицуулалтуудаас харахад шүүхэд шилжүүлсэн яллагдагчийг шүүгдэгч гэж үзэх нь тодорхой байна.

  

   Иймээс яллагдагчийг шүүхэд шилжүүлэх асуудлыг шийдвэрлэх нь анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны нэг чухал хэсэг болж хуульчлагдсан бөгөөд үүнийг шийдвэрлэхгүйгээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа цааш үргэлжлэх хууль зүйн боломжгүй юм.

 

   Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйл /Шүүх хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх журам/-ийн 2 дахь хэсэгт “Шүүх тухайн хэргийг шууд хянан шийдвэрлэх боломжтой гэж үзвэл хүлээн авсан даруй ял оногдуулах шүүх хуралдаан зарлан явуулж болно” гэсэн хэдий боловч мөн зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулахад энэ хуульд заасан ердийн журмаас гадна энэ бүлэгт заасан тусгай журмыг баримтлана” гэж заасныг шүүх хэрэгжүүлэх үүрэгтэй.

 

   Өөрөөр хэлбэл шүүх хуульд заасан хялбаршуулсан журмыг баримтлан эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэхдээ анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зайлшгүй хэрэгжих зохицуулалтуудыг орхигдуулж болохгүй гэж ойлговол зохино.

 

   Гэтэл анхан шатны шүүх, яллагдагчийг шүүхэд шилжүүлэхгүйгээр гэм буруугийн асуудлыг шүүх хуралдаанаар хэлэлцэн, тогтоол гаргасан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн байх тул шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, Э.Э, Т.Д нарт холбогдох хэргийг “яллагдагчийг шүүхэд шилжүүлэх, шүүх хуралдааны бэлтгэл хангах ажиллагаа”-ны шатнаас эхлэн дахин хэлэлцүүлэхээр буцаах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

 

   Хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэх болсонтой холбогдуулан прокурорын бичсэн эсэргүүцлийг шийдвэрлээгүй болно.      

 

   Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

   1. Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 480 дугаар шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, Э.Э, Т.Д нарт холбогдох хэргийг “яллагдагчийг шүүхэд шилжүүлэх, шүүх хуралдааны бэлтгэл хангах ажиллагаа”-ны шатнаас эхлэн дахин хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

 

   2. Хэрэг анхан шатны шүүхэд очтол Э.Э, Т.Д нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжүүлсүгэй.

 

   3. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

 

                                 ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                        С.СОЁМБО-ЭРДЭНЭ

                                 ШҮҮГЧИД                                                          Н.БАТСАЙХАН

                                                                                                            М.ПҮРЭВСҮРЭН