Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2018 оны 09 сарын 27 өдөр

Дугаар 001/ХТ2018/01266

 

 

Ж.Бы нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

    Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Г.Алтанчимэг, Б.Ундрах, Д.Цолмон, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Баян-Өлгий аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн  

         2017 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 704 дүгээр шийдвэр,

Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 

         2018 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн 212/МА2018/00022 дугаар магадлалтай,

         Нэхэмжлэгч: Ж.Б

         Хариуцагч: Баян-Өлгий аймгийн “Э” ХК-д холбогдох

  135 м.кв талбай бүхий үйлчилгээний зориулалттай барилга байгууламжийг м.кв-ыг 1.250.000 төгрөгөөр тооцон нийт үнэ 168.750.000 төгрөгөөс 74 м.кв орон сууцны үнэ 92.500.000 төгрөгийг хасаад зөрүү 76.250.000 төгрөгийг бодит хохиролд тооцон гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

         Хяналтын журмаар гаргасан хариуцагчийн гомдлыг үндэслэн шүүгч Б.Ундрахын илтгэснээр хянан хэлэлцэв.

         Нэхэмжлэгчийн нэхэмжлэл болон тайлбарт: Миний бие Э ХК-ийн захирал Д.Мураттай харилцан тохиролцож гэрээ ёсоор Өлгий сумын 5 дугаар багт  , 500 м.кв талбай бүхий газарт Д.Муратын гараар бичсэн бичгийн зөвшөөрлийг үндэслэн үйлчилгээний зориулалттай, 135 м.кв талбайтай 6 өрөө барилга байгууламжийг өөрийн хөрөнгөөр 2007 оноос барьж эхэлсэн. Уг үл хөдлөх эд хөрөнгийн хууль ёсны өмчлөгч нь Ж.Б миний бие мөн болох нь Эд хөрөнгийн эрхийн Улсын бүртгэлийн газраас 2010-02-11-ний өдөр олгосон гэрчилгээгээр нотлогдож байгаа. Э ХК уг газарт 8 давхар 40 айлын орон сууц барихаар болж миний 135 м.кв талбай бүхий үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг надад мэдэгдэхгүйгээр нураасан учраас 135 м.кв талбайтай байр өгөхөөр тохирсон. Гэвч Көшелик ХХК-ийн 24 айлын орон сууцаас 74 м.кв бүхий байр өгч, 61 м.кв талбайд нь үйлчилгээний зориулалттай подвалын талбайгаас өгнө гэж тохиролцсон боловч одоог хүртэл өгөхгүй хохироосоор байна. Иймд хоёр талын тохиролцсон хэлцлээс буцсан учраас Көшелик ХХК-ийн 24 айлын орон сууцнаас 74 м.кв талбайтай орон сууцыг тус компанид буцаах, Өлгий сумын 5 дугаар багт үйлчилгээний зориулалттай 135 м.кв талбайтай 6 өрөө барилга байгууламжийг сэргээн барьж өгөхийг Э ХК-ийн захиргаанд даалгах нэхэмжлэл гаргасан.  Гэвч  нэхэмжлэлийг  өөрчилж байна. Д.Мурат нь Ж.Бы өмчлөлийн 135 м.кв талбайтай барилга байгууламжийг дур мэдэн нурааж оронд нь өөрийн өмчлөлийн 8 давхар орон сууц барьсан бөгөөд  Д.Мурат тухайн үед 1 м.кв талбайн үнийг 1.250.000 төгрөгөөр үнэлсэн учраас 135 м.кв талбайтай барилга байгууламжийн нийт үнэ 168.750.000 төгрөг гэж үзэж байна. Ж.Бд 168.750.000 төгрөгийн хохирол учирсан бөгөөд үүнээс 2 өрөө орон сууцны үнэ 92.500.000 төгрөгийг хасахад 76.250.000 төгрөгийн зөрүү гарч байна.  Энэ нь Ж.Бд учирсан бодит хохирол тул  Э ХК-ийн санхүүгээс гэм хорын хохирол 76.250.000 төгрөг гаргуулж өгнө үү гэжээ.

        Хариуцагч  хариу тайлбартаа: Э ХК-ийн захирал байсан Д.Мурат нь  Ж.Бы өмчлөлийн 123 м.кв барилга байгууламжийн оронд Өлгий сумын 5 дугаар баг 24 айлын орон сууцны 3-24 тоот 74 м.кв 2 өрөө байрыг тухайн үеийн зах зээлийн үнээр нэг м.кв-ыг 1.250.000 төгрөгөөр үнэлж нийтдээ 92.500.000 төгрөгөөр худалдан авч өгсөн. Ж.Б тухайн байрыг хүлээн авч бүртгэлийн байгууллагад бүртгүүлж өмчлөлдөө авсан тул түүнд учирсан ямар нэгэн хохирол байхгүй. Түүний шинээр баригдсан 8 давхар орон сууцны үйлчилгээний зориулалттай 61 м.кв талбай бүхий подвалын байгууламжийг ашиглуулахаар тохирсон гэдэг нь огт үндэслэлгүй бөгөөд энэ талаар талуудын хооронд ямар нэгэн хэлцэл хийгдээгүй тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

          Баян-Өлгий аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 704 дүгээр шийдвэрээр Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1, 227 дугаар зүйлийн 227.4, 274 дүгээр зүйлийн 274.1-д заасныг  үндэслэн Ж.Бы нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 58 дугаар зүйлийн 58.2, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг нэмж 469.000 төгрөгийг нэхэмжлэгчээс нөхөн гаргуулж  улсын орлого болгож шийдвэрлэсэн байна.

        Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн 212/МА2018/00022 дугаар магадлалаар Баян-Өлгий аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 704 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаажээ.

       Хариуцагч хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Давж заалдах шатны шүүх магадлал гаргахдаа “Нэхэмжлэлийн шаардлагыг өөрчилсөн тухай нэхэмжлэлийг хүлээж авахдаа ИХШХШТХуийн  62.2-т заасан бүрдүүлбэрийг шалгаагүй, мөн хуулийн 65.1.11-д заасан журмыг зөрчсөн байна. Ж.Быг “Э” ХК-с 76.250.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг хүлээж авахдаа ИХШХШТХ-н 57.1, 58.2, 62.2-т заасныг зөрчиж, улсын тэмдэгтийн хураамжийг төлүүлж аваагүй, бүрдүүлбэр шалгаагүй, мөн хуулийн 58.2-т заасныг шүүхээс буруу хэрэглэсэн гэснийг зөвшөөрөхгүй байна. Учир нь нэхэмжлэгч анх “Э" ХК-ийн олгосон 74 м.кв талбайтай орон сууцны барилгыг буцаан олгож, Ж.Бы өмчлөлд байгаа 135 м.кв талбайтай 6 өрөө байрыг сэргээн барьж өгөхийг даалгах” тухай нэхэмжлэл гаргасныг шүүх хүлээж авч иргэний хэрэг үүсгэж, зохигчид тайлбар болон холбогдох нотлох баримтуудыг шүүхэд гаргаж өгсний дараа нэхэмжлэгчийн  төлөөлөгч О.Акилбай  нэхэмжлэлийн шаардлагыг ихэсгэн. Шүүх  ихэсгэсэн хэмжээгээр улсын тэмдэгтийн хураамжийг тус шүүхийн 2017-11- 23-ны өдрийн 704 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 2 дахь заалтаар ИХШХШТХ-н 58.2-т зааснаар нөхөн төлүүлэхээр шийдвэрлэсэн нь хуулийг оновчтой зөв хэрэглэсэн гэж үзэж байна.  “Нэхэмжлэлийн шаардлагыг ихэсгэх тохиолдолд улсын тэмдэгтийн хураамжийг нэхэмжлэлийн үнийг ихэсгэсэн хэмжээгээр нөхөн төлүүлнэ" гэж тодорхой заасан байна. Хуулийн дээрх заалтаар “нөхөн төлүүлнэ” гэж тодорхой заасан учир анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн 2 дахь заалтаар ИХШХШТХ-н 58.2-т заасныг баримтлан улсын тэмдэгтийн хураамжийг нөхөн төлүүлсэн нь хуулийг оновчтой бөгөөд зөв хэрэглэсэн явдал байсан. Харин давж заалдах шатны шүүх магадлал гаргахдаа ИХШХШТХ-н 58.2-т заасан заалтыг буруу тайлбарлаж хэрэглэсэн нь хууль хэрэглээний алдаа тул хяналтын журмаар гомдол гаргаж байна.2/ Шүүх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд хэргийг хянан шийдвэрлэх ёстой. Ж.Б нь хариуцагчаар “Э” ХК-ийг тодорхойлж тус компаниас 76.250.000 төгрөг төлүүлж өгөхөөр нэхэмжлэлийг тодорхойлсон учир “Э” ХК-ийг хариуцагчаар тогтоож, нэхэмжлэлийн шаардлагыг хянан шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэрийг буруутгах үндэслэл байхгүй байна. Давж заалдах шатны шүүхээс “...иргэд хооронд үүссэн маргааны баримтыг хуулийн этгээдэд холбогдох нэхэмжлэлд хамруулсан үндэслэлээ шийдвэрт заагаагүй...” гэснийг зөвшөөрөхгүй. Нэхэмжлэгч тал  нэхэмжлэлдээ хариуцагчаар “Э” ХК-ийг тодорхойлсон.  ИХШХШТХ-н 28.3-т “Нэхэмжлэгч хариуцагчийг өөр этгээдээр солих тухай хүсэлт гаргаагүй, эсхүл зөвшөөрөөгүй бол шүүх хариуцагчийг сольж болохгүй” гэж тодорхой заасан. Иймд давж заалдах шатны шүүх ИХШХШТХ-н 28.3-г буруу хэрэглэсэн гэж үзэж байна. Хариуцагчийг зөвхөн нэхэмжлэгч тодорхойлох тул шүүх хариуцагчийг өөрчлөх боломжгүй юм.3/. Нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл, хэрэгт цугларсан нотлох баримтын хүрээнд дүгнэлт хийж үзэхэд энэ төрлийн маргаан нь Иргэний хуулийн 274.1-д заасан “Арилжааны гэрээ”-нээс үүдэлтэй маргаан болох нь нотлогдож байгаа учир анхан шатны шүүх 2017-11- 23-ны өдрийн 704 тоот шийдвэрийн тогтоох хэсэгт Иргэний хуулийн  274.1-д заасныг баримталсныг “хууль буруу хэрэглэсэн” гэж үзэх боломжгүй байна. Иймд магадлалыг хүчингүй болгож, шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү.” гэжээ.

ХЯНАВАЛ:

      Ж.Б 2016 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр шүүхэд хандан, Баян-Өлгий аймгийн, Өлгий сум, 5-р баг, 24 айлын 3-24 тоот орон сууцыг хариуцагчид буцааж, мөн багийн нутаг дэвсгэрт 135 м.кв 6 өрөө байрыг сэргээн барьж өгөхийг хариуцагчид даалгах шаардлагыг “Э” ХХК-д холбогдуулан /хх 1-3/ гаргасан бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлээ өөрчлөн, “Э” ХК-ийн санхүүгээс гэм хорын хохиролд 76,250,000 төгрөг гаргуулахыг шаардсан байна. /хх 155/ Хариуцагч нэхэмжлэлийг эс зөвшөөрчээ. /хх 22/

      Анхан шатны шүүх нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон бөгөөд ийнхүү шийдвэр гаргахдаа “... нэхэмжлэгч нь Э ХК-тай биш, харин Д.Мураттай хэлцэл хийж байсан үйл баримт тогтоогдож байна... Ж.Б нь 135 м.кв талбай бүхий барилгыг Д.Муратад өгч,  Д.Муратаас 74 м.кв талбайтай байрыг хүлээн авч өмчлөгч нь болсон үйлдэл нь талууд тодорхой эд хөрөнгийг харилцан тохиролцсоноор өмчлөлдөө шилжүүлэн авах үүргээ биелүүлжээ.... Ж.Бы өмчлөлийн 135 м.кв барилгыг Э ХК түрээсэлж байсан талаар зохигч маргаагүй болно... түрээсийн гэрээ нэгэнт дуусгавар болсон тул уг гэрээ хүчин төгөлдөр эсэхэд дүгнэлт өгөх шаардлагагүй гэж үзлээ... 135 м.кв талбай бүхий барилгыг Э ХК өмчлөгчид мэдэгдэлгүйгээр нураасан гэдэг нь үгүйсгэгдэж байна... 8 давхар орон сууц хэний өмчлөлийн орон сууц гэснийг нотлох баримт байхгүй байна... 135 м.кв талбай бүхий  барилгыг Э ХК-тай худалдах-худалдан авах гэрээ хийсэн болон харилцан тохиролцсон тухай ямар нэгэн баримт байхгүй байна...” гэсэн дүгнэлт хийжээ.  

        Давж заалдах шатны шүүх шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаахдаа “... шүүх  өөрчилсөн  шаардлагыг  хүлээн авахдаа ИХШХШТХ-ийн  62.2., 65.1.11-г зөрчсөн байна... 76.250.000 төгрөг гаргуулах нэхэмжлэлд тэмдэгтийн хураамжийг төлүүлж, бүрдүүлбэр хангуулж аваагүй... хэрэг хянан шийдвэрлэх тодорхой ажиллагаа явуулаагүй атлаа 58.2.-т заасныг хэрэглэсэн нь оновчгүй болсон.... нэхэмжлэгчийн өөрчлөгдсөн нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлийг тодруулалгүйгээр маргааныг шийдвэрлэсэн.... хяналтын шатны ...тогтоолд заасан үндэслэлүүдийг  биелүүлээгүй... хэрэглэвэл зохих материаллаг хуулийн заалтыг хэрэглээгүй,  шаардлагын үндэслэлд бодитой дүгнэлт хийгээгүй, хангалттай тодруулаагүйгээс Иргэний хуулийн  219, 227, 274 дүгээр зүйлийн холбогдох зохицуулалтыг буруу тайлбарлаж хэрэглэсэн... Д.Мурат, Ж.Б нарт холбоотой баримтуудыг Э ХК-д холбоотой хэрэгт хамааруулах үндэслэлийг тусгаагүй, хуулийн этгээдийн эрх зүйн байдлыг тодорхойлох баримт бичгийг хэрэгт хавсаргаагүй байна...” гэжээ.

      Хяналтын шатны шүүхэд гаргасан хариуцагчийн гомдлыг дараах үндэслэлээр хангах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

      1. Шийдвэрийг хүчингүй болгохдоо хийсэн давж заалдах шатны шүүхийн дүгнэлт  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн  167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлд заасан нөхцөлд хамаарахгүй байна. Тухайлбал,

       а/. Нэхэмжлэлийн шаардлагыг ихэсгэх тохиолдолд улсын тэмдэгтийн хураамжийг нэхэмжлэлийн үнийг ихэсгэсэн хэмжээгээр нөхөн төлүүлнэ.

        Нэхэмжлэгч шүүхэд нэхэмжлэл гаргахдаа, нэхэмжлэлийн шаардлагыг ихэсгэхдээ улсын тэмдэгтийн хураамжийг төлөөгүй эсхүл дутуу төлсөн нь шүүх нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах үндэслэл боловч нэгэнт хэрэг үүсгэсэн бол бүрдүүлбэрт тавигдах энэхүү шаардлагыг шийдвэр гаргахдаа залруулах нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.2, 117 дугаар зүйл, 118 дугаар зүйлийн 118.5 дахь хэсгийн зохицуулалтад нийцэх юм.

         Иймд “... шүүх өөрчилсөн шаардлагыг хүлээн авахдаа тэмдэгтийн хураамжийг төлүүлээгүй буюу бүрдүүлбэр хангуулагүй...ажиллагаа явуулаагүй атлаа ИХШХШТХ-ийн  58.2.-т заасныг хэрэглэсэн нь оновчгүй болсон...” гэх дүгнэлт шийдвэрийг хүчингүй болгох үндэслэл биш байна.

        б/. Эн ХК-д холбогдох энэ хэргийн талаар өмнө хяналтын шатны шүүх 2017-09-14-ний өдөр 001/ХТ2017/009 дугаар тогтоол /хх 143-148/ гаргасан бөгөөд тогтоолын хувийг зохигч талууд хүлээн авч /хх 150/ шүүх хуралдаанаас өмнө хэргийн материалтай /хх 167/ танилцжээ.

        Хяналтын шатны шүүхийн тогтоолд заасан үндэслэлтэй холбоотой баримт болон тайлбар, хүсэлтийг талууд гаргаагүй, анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ зохигчийн эрхийг хязгаарласан гэх үндэслэл тогтоогдоогүй буюу энэ талаар гомдол гараагүй байх тул “....хяналтын шатны шүүхийн ...тогтоолын заалтыг” шүүх биелүүлээгүй гэж үзэх үндэслэлгүй байна. 

         Анхан шатны шүүх нь хяналтын шатны шүүхийн 2017 оны 001/ХТ2017/009 дугаар тогтоол гаргаснаас хойш талуудад хэргийн материалыг танилцуулж, хэрэгт байгаа баримтын хэмжээнд нэхэмжлэлийн талаар дүгнэлт хийсэн нь буруу биш юм.   

         в/. Нэхэмжлэгчийн төлөөлөгч /хх 72/ 2017-10-30-ны өдөр нэхэмжлэл, түүний үндэслэлийг тодруулахдаа шаардлагаа өөрчилж /хх 155/ Э ХК-с гэм хорын хохирол 76,250,000 төгрөг гаргуулахыг хүссэн бөгөөд нэхэмжлэл тодорхой байх тул “...өөрчлөгдсөн нэхэмжлэлийн шаардлагыг...тодруулалгүйгээр маргааныг шийдвэрлэсэн...” гэх дүгнэлт үндэслэлгүй байна.

        г/. Давж заалдах шатны шүүх шийдвэрийг хүчингүй болгохдоо “...шүүх нэхэмжлэлийг тодруулалгүй маргааныг шийдвэрлэсэн...” гэж үзсэн атлаа “...шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй ...” гэсэн нь агуулгын хувьд хоорондоо зөрчилтэй болжээ.

      Нэхэмжлэлийн шаардлага, үндэслэл  тодорхой бус байгаа тохиолдолд  шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглэсэн эсэхийг дүгнэх боломжгүй юм.

       д/. Өмнө нь хяналтын шатны шүүх хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцаахдаа  хариуцагчийн эрх зүйн байдлыг тодруулах шаардлагатай гэсэн агуулга бүхий дүгнэлт хийсэн байх боловч энэ талаарх баримтыг нэхэмжлэгч шаардаж шүүхэд хүсэлт гаргаагүй, хариуцагч баримт өгөөгүй байх тул анхан шатны шүүх хэрэгт байгаа баримтын хэмжээнд нэхэмжлэлийн талаар дүгнэлт хийснийг буруутгах үндэслэлгүй гэж үзлээ.

        Нэхэмжлэгч нь “...Э ХХК нь Д.Муратын компани...” гэж маргадаг боловч хэрэгт байгаа баримтаас үзвэл уг хуулийн этгээд нь нээлттэй хувьцаат компани байна. Нээлттэй хувьцаат компани гэж хувьцаа эзэмшигчийн оруулсан хөрөнгө нь хувьцаанд хуваагдаж, хувьцаа нь үнэт цаасны арилжаагаар эрх бүхий байгууллагад бүртгэгдэж, нийтэд чөлөөтэй арилжаалдаг компанийг хэлнэ. Иймд Э ХК нь Д.Муратын хувийн буюу хязгаарлагдмал хариуцлагатай компани гэж үзэх үндэслэлгүй юм.

        Харин анхан шатны шүүх нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгохдоо хийсэн “...Э ХК-ийг төлөөлж тус компани захирал Д.Мурат, нэхэмжлэгч Ж.Б нар гарын үсэг зурж баталгаажуулсан 2014-04-26-ны өдрийн Тооцоо нийлэх, Түрээсийн гэрээ гэсэн баримтаар нэхэмжлэгч Ж.Бы өмчлөлийн 135 м.кв талбай бүхий үйлчилгээний зориулалттай барилга байгууламжийг хариуцагч Э ХК нь түрээсэлж байсан гэдэгт талууд маргаагүй болно... Э ХК нь түрээсээр ашиглаж байх хугацаанд дур мэдэн өмчлөгчид мэдэгдэлгүйгээр нураасан гэдэг нь үгүйсгэгдэж байна...” гэх дүгнэлт нь баримтгүй байгааг дурдах нь зүйтэй юм. Хэргийн  38-д  байгаа баримт нь хариуцагчид бус, харин Д.Мурат захиралтай  “Эрчим” ХХК-д холбоотой байна.

        Хэргийн 38 дугаар талд буй баримтын талаар анхан шатны шүүх үндэслэл муутай дүгнэлт хийсэн хэдий ч уг нотлох баримт нь Э ХК-д холбогдох  нэхэмжлэлийг нотлохгүй байгаа тул анхан шатны шүүх нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосныг буруутгах боломжгүй байна.

        Дээр дурдсан үндэслэлээр магадлалыг хүчингүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

        2. Анхан шатны шүүх хэрэгт байгаа баримтын хэмжээнд нэхэмжлэлийн талаар үндэслэл бүхий дүгнэлт хийсэн байна.  

       Ж.Б нь Э ХК-с хохиролд 76,250,000 төгрөг гаргуулахыг  шаардахдаа “...135 м.кв талбай бүхий барилгыг дур мэдэн нураасан тул уг талбайн нийт үнэ 168,750,000 төгрөгөөс 2 өрөө орон сууцны үнэ 92,500,000 төгрөгийг хасаж үлдэх мөнгийг нэхэмжилсэн...” гэжээ.  

        Ж.Б нь Э ХК-тай хэлцэл хийсэн баримт хэрэгт байхгүй тул  нэхэмжлэлийг хангах үндэслэлгүй байна.  

        Иймд давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээв.

        Ж.Б нь “Эрчим” ХХК, Д.Мурат нарт холбогдуулан нэхэмжлэл гаргахад энэ тогтоол саад болохгүйг дурдах нь зүйтэй гэж үзлээ.

        Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.3 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ :

        1. Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн 212/МА2018/00022 дугаар магадлалыг хүчингүй болгож, Баян-Өлгий аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 704 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээсүгэй. 

        2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн  59 дүгээр зүйлийн 59.3-т заасныг баримтлан хариуцагчаас хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2018 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр төлсөн 539.200 төгрөгийг Э ХК-д захирамжаар олгосугай.

                                 ТАНХИМЫН ТЭРГҮҮН                           Х.СОНИНБАЯР

                                  ШҮҮГЧ                                                     Б.УНДРАХ