Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 06 сарын 29 өдөр

Дугаар 516

 

2020        06          29                                   2020/ШЦТ/516

 

 

                                      МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ё.Цогтзандан даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Мөнхтөр,

Улсын яллагч С.Энхтуул,

Шүүгдэгч Г.Э /шүүгдэгч өөрөө өөрийгөө өмгөөлж оролцсон/ нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

 Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Онход овогт Г.Эд холбогдох эрүүгийн 2011008610506 дугаартай хэргийг 2020 оны 06 дугаар сарын 03-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

   Шүүгдэгч Онход овогт Г.Э, Монгол Улсын иргэн, 1986 оны 04 дүгээр сарын 29-ний өдөр Сэлэнгэ аймгийн Хушаат суманд төрсөн, 34 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, цахилгаан хийн гагнуурчин мэргэжилтэй, Номин холдинг ХХК-ийн Номин дизайнер салбарт үйлдвэрлэлийн менежир ажилтай, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо Шадивлангийн 1-172 тоотод оршин суух, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, /РД:..................../.

 

  /холбогдсон хэргийн талаар/

Шүүгдэгч Онход овгийн Г.Э  /РД...................../ нь 2020 оны 03 дугаар сарын 18-ны өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Чингэлтэй дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Галактик баарны гадна О.Жавхлангийн нүүрэн тус газар нь мөргөх, газар унагаах зэргээр биед нь халдаж улмаар түүний эрүүл мэндэдбаруун шилбэний шаант, тахилзуур ясны далд хугарал, баруун шилбэнд цус хуралт бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Шүүх хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт авагдаж шүүх хуралдаанаар шинжлэн судлагдаж, хэлэлцэгдсэн баримтуудыг үндэслэн ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Г.Э мөрдөн шалгах ажиллагааны үед яллагдагчаар мэдүүлэхдээ: “...2020 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн 16:00 цагийн үед 10 гаран хүмүүсийн хамт хоол идэж, 6 шил сөжү, эдэн нэртэй архи 1 литрийн 1 шил архи хувааж уугаад ажлынхнаасаа хүмүүсээс салсан. Тэгээд Баттөмөр, Оюунбат, Самбалхүндэв, Жавхлан бид тав Чингэлтэй дүүргийн 2 дугаар хороо Галактик пабад 20:00 цагийн үед ороод Эдэн нэртэй архи 1 литрийн 2 шилийг хувааж уучихаад 22:00 цагийн үед гарч ирээд яагаад барилдах болсоноо санахгүй байна ямар ч байсан Жавхлан барилдаад би эхлээд нэг давсан. Тэгээд салаад зогсож байтал Жавхлан миний араас боогоод байхаар нь би тоглож байна гэж бодсон чинь байдал эвгүйдээд би ухаан балартаж унах гээд байхаар нь мөргөсөн байхаа, тэр үед бид хоёр зууралдаад би Жавхланг газарт унагаачихсан. Тэгтэл орилоод хөл эвгүй болчихлоо гэхээр нь битгий тоглоод бай бос гээд татаж үзсэн. Манай ажпын Батттөмөр гэх залуу хөлийг барьж үзээд баруун хөлийн шилбэ хэсгээрээ хугарсан байна гэж хэлсэн. Тэгээд Баттөмөр түргэн дуудаад Гэмтэл согог судлалын үндэсний төв рүү Оюунбат, Баттөмөр нар цуг явсан. Галактиз барнаас гараад л Жавхланг газарт унагаачихсан. Маргалдсан шалтгаанаа мэдэхгүй байна...” гэх мэдүүлэг /хх-9, 60х/,

 

Шүүгдэгч Г.Эаас шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн: “Жавхлан бид 2 баарнаас гараад мөргөсөн нь худлаа. Хохирогчид 2 сая төгрөг өгөх үү гэсэн чинь авахгүй гэсэн. Би сард 1.600.000 төгрөгний цалин авдаг” гэв.  

 

Хохирогч О.Жавхлангаас мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “...2020 оны 03 дугаар сарын 18-ны өдөр Цэргийн баяр тэмдэглэх гээд ажлын газрын 10 гаран хүмүүстэй Сансарт нэгт пабад сууж байгаад Сөжү 1 шил, мөн нэрийг санахгүй нэг 0.75 литрийн 1 шил архи хувааж уугаад тарсан. Тэгээд 19:00 цагийн үед ажпын газрын хүмүүс болох Оюунбат, Самбалхүндэв, Баттөмөр, Энхбадрах нарын хамт Чингэлтэй дүүргийн 2 дугаар хороо Галактик пабад орсон. Бид ороод эдэн нэртэй архи 1 литрийн авч хувааж уугаад тухайн газраас гарсан. Гадаа гарч ирээд такси барих гээд зогсож байтал Энхбадрах шалтгаангүйгээр ирээд зодолдоё гээд миний өмсөж байсан куртикыг тайлаад цуг байсан хүнд бариулсан. Тэгээд ирээд миний хамарлуу нэг удаа мөргөсөн. Тэгэхээр нь би өдөөс нь очоод чи яагаад мөргөж байгаан гэтэл намайг нааш ир нааш ир гээд би дөхөөд очтол намайг газарт унагачихсан. Хавирч унагасан уу, түлхэж унагасан эсэхийг би санахгүй байна. Тэгээд газарт уначихаад босох гэтэл хөл эвгүй болоод босч чадахгүй хөндүүрлээд зовиурлаад байсан чинь намайг бос битгий баашлаад бай гээд намайг татаж босгох гэж үзсэн. Тэгтэл найз Баттөмөр миний баруун хөлийн шилбийг барьж үзээд хөл нь нээрээ хугарсан байна 103 дугаарт дуудлага өгөөд намайг ГССҮТ аваачсан. Тэр үед намайг шууд хэвт гээд эмнэлэгт хэвтүүлээд 2020 оны 03 дугаар сарын 23-ны өдөр хагалгаанд баруун хөлийнхөө шилбийг хадуулаад мөн оны 03 дугаар сарын 27-ны өдөр эмнэлгээс гарсан.Тухайн үед пабаас гарч ирээд надруу дайраад байсан.Намайг тухайн үед мөргөхөд миний хамар хавдаад хөхөрчихсөн, баруун хөлний шилбэ хугарчихсан. Тэгээд хагалгаанд орж хадуулсан. Шүүх эмнэлэгт үзүүлнэ. Манай ажлын газрын залуу Энхбадрах намайг мөргөөд түлхэж унагасан...” гэх мэдүүлэг /хх-5-7х/,

 

Гэрч О.Эрдэнэсайханаас мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “...2020 оны 03 дугаар сарын 18-19-нд шилжих шөнө 03 цагийн үед байхаа ах Жавхлан залгаад хүнд зодуулаад, хөлөө хугалуулчихсан. Хагалгаанд орно гэнэ одоо гэмтэл согог судлалын төвд хэвтэж байгаа талаар утсаар ярьсан. Өглөө 10 цагийн үед очоод ах Жавхлантай уулзсан чинь нүүрнийх нь дух орчим шалбарчихсан, хамар нь дунд хэсэгтээ улаагаад бага зэргийн хавдартай байсан. Тэгээд би хамар чинь зүгээр юм уу үзүүлсэн үү гэтэл ах Жавхлан хамар гайгүй, хугараагүй, хавдчихсан байна гэж хэлж байсан. Хэнтэй ямар шалтгааны улмаас маргалдсан талаар хэлээгүй, ажлын газрынхаа хүнтэй муудалцсан талаар хэлсэн... “гэх мэдүүлэг /хх-14х/,

 

            Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2020 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн шинжээчийн Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний №4438 тоот дүгнэлт /хх-17-18х/ “О.Жавхлангийн биед баруун шилбэний шаант, тахилзуур ясны далд хугарал, баруун шилбэнд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна..” гэх дүгнэлт,

 

Шинжээч эмч Ш.Цэцэгмаагаас мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “..О.Жавхлангийн биед үүсэн гэмтлүүд нь цохих, цохигдох, хавирч унагах аль алинд нь үүсэх боломжтой...” гэх мэдүүлэг /хх-15х/,

 

Шүүгдэгч Г.Эын иргэний үнэмлэхний лавлагаа /хх-53х/, Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-23х/, Оршин суух хаягийн тодорхойлолт /хх-54х/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судаллаа.

 

Шүүх хуралдаанаар шинжлэн судласан нотлох баримтууд болон хавтаст хэрэгт авагдсан хохирогч, гэрч нарын мэдүүлгээр шүүгдэгч Онход овгийн Галбадрахын Энхбадрах /РД: МС86042915/ нь 2020 оны 03 дугаар сарын 18-ны өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Чингэлтэй дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Галактик баарны гадна О.Жавхлангийн нүүрэн тус газар нь мөргөх, газар унагаах зэргээр биед нь халдаж улмаар түүний эрүүл мэндэдбаруун шилбэний шаант, тахилзуур ясны далд хугарал, баруун шилбэнд цус хуралт бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан болох нь нотлогдож байна.

 

Хэрэгт нотолбол зохих байдал бүрэн хангагдсан, прокуророос зүйлчилсэн хуулийн зүйл заалт тохирсон байх тул шүүгдэгч Г.Эыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан торгох оногдуулах хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Шүүх шүүгдэгч Г.Эыг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, ял оногдуулахдаа үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг  үйлдсэн нөхцөл  байдал, учруулсан хор уршиг болон шүүгдэгчийн  хувийн  байдал зэргийг тус тус харгалзан үзээд түүнд торгох ял оногдуулж, торгох ялын нэг нэгжийг мөн хуулийн 5.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар нэг мянган төгрөгтэй тэнцүү байхаар тооцлоо.

 

Мөрдөн шалгах ажиллагааны үед хохирогч О.Жавхлангаас энэ гэмт хэргийн улмаас өөр учирсан гэм хорын хохирлын талаарх баримтыг гаргаж өгөөгүй байх ба хохирогч нь нотлох баримтаа бүрдүүлсэн гэм буруутай этгээдээс иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлэв.

 

Энэ хэрэгт битүүмжлэгдэн ирсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурьдав.