Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 06 сарын 29 өдөр

Дугаар 517

 

2020        06        29                                    2020/ШЦТ/517

 

 

                                      МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ё.Цогтзандан даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Мөнхтөр,

Улсын яллагч Ц.Хулан,

Шүүгдэгч Ч.Ү, түүний өмгөөлөгч П.Учралгэрэл нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн  11.6 дугаар зүйлийн 1, 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасан гэмт хэрэгт холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боржигон овогт Ч.Үд холбогдох эрүүгийн 2011000000470 дугаартай хэргийг 2020 оны 06 дугаар сарын 04-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

        Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Шүүгдэгч Боржигон овогт Ч.Ү, Монгол Улсын иргэн, 1973 оны 12 дугаар сарын 23-ны өдөр Сэлэнгэ аймгийн Зүүн бүрэн суманд төрсөн, 46 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг гэх, ам бүл 5, эхнэр, хүүхдүүдийн хамт Чингэлтэй дүүргийн 16 дугаар хороо, Согоотын 14-197ё тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, регистрийн дугаар ....................................

         Шүүгдэгч Ч.Ү нь 2020 оны 04 дүгээр сарын 16-ны өдөр Чингэлтэй дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Кар вош” гэх машин угаалгын газраар үйлчлүүлээд төлбөрөө дутуу төлсөний улмаас иргэн Ц.Батмөнх, Б.Даваадорж нартай маргалдаж, улмаар тэднийг 87-92 УБС улсын дугаартай тээврийн хэрэгслээр чирж Ц.Батмөнхийн эрүүл мэндэд зүүн гарын бугуйн завь хэлбэрийн ясны сэлтэрсэн хугарал, баруун шууны зөөлөн эдийн няцрал, зулгаралт бүхий хүндэвтэр хохирол,

- Б.Даваадоржийн эрүүл мэндэд зүүн тохойны зөөлөн эдийн няцрал, цус хуралт, баруун гуяны гүн зулгаралт, баруун шилбэний зулгаралт, зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол тус тус санаатай учруулсан гэмт холбогджээ.

          Шүүх хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт авагдаж шүүх хуралдаанаар шинжлэн судлагдаж, хэлэлцэгдсэн баримтуудыг үндэслэн ТОДОРХОЙЛОХ нь:

            Шүүгдэгч Ч.Ү мөрдөн шалгах ажиллагааны үед яллагдагчаар мэдүүлэхдээ: “...миний машинд ямар нэг эвдрэл гэмтэл учраагүй...дээрх гэмтлүүдийг Батмөнх миний машины босоо баганыг өөрөө гараараа цохих шиг болсон түүнээс болж үүссэн байх гэж бодож байна эсвэл машинаас шидэгдэж унахдаа гараа дарсан байх... дээрх гэмтлүүдийг Даваадорж миний машиныг дагаж гүйж, чирэгдэх үед үүссэн гэж бодож байна ...” гэх мэдүүлэг /хх-68-70х/,

Шүүгдэгч Ч.Үаас шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн: “: Би тэр газарт 3 цаг машинаа угаалгасан. Би хөдөө яваад ирсэн махны цус урссан байсан. Би бүтэн угаалгаад гарахдаа энэ яагаад дутуу байгаа юм гэсэн чинь ингэж л угаадаг гээд уурлаад байсан. Тэгээд би уурлаад машинаа асаагаад хөдлөөд явсан. Машинаа зогсоож чадаагүй. Цонх онгорхой байсан болохоор гар нь орж ирээд намайг зодоод байсан” гэв. 

Хохирогч Б.Даваадоржоос мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “...тус өдөр би өөрийн төрсөн дүү Лхагвасүрэн, хүргэн дүү Батмөнх нарын хамтаар угаалгын газраа ажиллуулаад байж байтал миний дүү Лхагвасүрэн угаалгын үүдэнд уйлчихсан зогсож байхаар нь юу болсон талаар асуутал “намайг нэг цохисон, доромжилсон” гээд уйлахаар нь уур хүрээд... манай угаалгын газрын эсрэг талын зам дээр ирэх үед нь би гүйгээд очсон чинь 87-92 УБС машины жолооч Үнэнбат “зайл писда минь” гээд нүүррүү тохойдсон, би хаалгыг нь татсан онгойхгүй байхаар нь нүүр рүү нь 1 удаа цохисон, гэтэл хүргэн дүү Батмөнх ирчихсэн зогсож байсан гэтэл Үнэнбат огцом хаазалсан чинь Батмөнх шидэгдээд унасан би тухайн үед уг автомашины цонхны хавтас хэсгээс нь барьчихсан байсан тул айсандаа тавьж чадаагүй ойролцоогоор 100 метр газар чирэгдэж байхдаа Үнэнбатад “хөөе зогсоочээ" гэж зөндөө удаа хэлсэн тэгээд Үнэнбат бага зэрэг хурдаа хасах үед нь би бууж үлдсэн юм...” гэх мэдүүлэг /хх-31-32х/,

Хохирогч Ц.Батмөнхөөс мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “...Үнэнбат машинаа угаалгаж байхдаа энэ дутуу, тэр ч дутуу гээд байхаар нь би уучлалт гуйгаад арчиж өгөөд байсан юм. Арчиж дуусчихаад дараагийн машин руугаа явахдаа Лхагвасүрэнд “тэр машин дуусчихлаа тооцоогоо аваарай” гэж хэлээд дараагийн машин руугаа явсан... Лхагвасүрэн намайг “хаашаа алга болчихдог юм, би хүнд зодуулаад доромжлуулчихлаа” гээд уйлсан чинь Даваадорж ах “хаана байна тэр машин” гээд угаалгаас гараад явахаар нь би араас нь дагаад гарсан юм. Гэтэл Даваадорж ах Үнэнбатын машины хамар дээр нь гишгээд жолооч талын хаалга дээр нь яваад очихоор нь хүн зодчих байх гэж айгаад араас нь яваад очсон чинь Даваадорж ахыг Үнэнбат нүүр рүү нь мангастаад бага багаар урагшлаад байхаар нь жолоочийн хаалганы бариулаас бариад “та зогсоочээ” гэсэн чинь Үнэнбат шууд хаазлаад хөдлөх үед нь би шидэгдээд газарт унаад босоод харсан чинь Даваадорж ах машинаас нь зүүгдчихсэн, чирэгдсэн байдалтай байхаар нь би цагдаа шууд дуудсан... би Үнэнбатын биед гар хүрээгүй...” гэх мэдүүлэг /хх-36-38х/,

Гэрч Б.Лхагвасүрэнгээс мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “...гаднаас 87-92 УБС гэсэн дугаартай Приус 40 маркийн автомашин 12 цагийн үед орж ирээд жолооч нь бүтэн угаалга нь хэд юм бэ гэхээр нь би 18.000 гэсэн чинь угаалгая гэсэн... Үнэнбат урдаас энэ ч дутуу, тэр ч дутуу гээд байхаар нь нүдэн дээр нь машиных нь дотор талыг нь угааж үзүүлсэн чинь 15.000 төгрөг өгөөд “чи хүний машин дутуу угаачихаад яаж мөнгө нэхэж чадаж байна аа гичий минь” гээд машиндаа суугаад хаалгаа хаахаар нь уур хүрээд “та яагаад намайг гичий гээд байгаа юм мөнгөө гүйцэд өгөөч” гэсэн чинь миний цээж рүү түлхээд хаалгаа хаахаар нь ...нөхөр, ах хоёроо дуудсан чинь ирэхгүй яг угаалгын үүдэнд Даваадорж таарахаар нь болсон явдлаа хэлээд уйлсан...” гэх мэдүүлэг /хх-47-48х/,

Гэрч З.Авирмэдээс мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “...цонхоороо харсан чинь урд авто угаалгын газрын нэг залуу нь саарал өнгийн приус 40 маркийн авто машины хамар дээр нь гишгэж гараад жолоочтой муудалцаад байх шиг байсан. Араас нь бас нэг залуу ирээд автомашины цонхноос нь барьчихсан зогсож байсан чинь нөгөө машин хөдлөөд 2 залууг чирж байхад нь би манаачийн байрнаасаа гараад машин зам руу хартал намхан залуу нь замын хажууд машинаасаа чирэгдэж байгаад уначихсан өрөөсөн гутал нь сугараад замын голд унасан байхаар нь... зам руу харсан чинь уг приус 40 маркийн машины цонхноос нь нэг залуу барьчихсан чирэгдээд урагш явж байсан... тэр хоёр залууг машин дээр ирэх үед автомашин хөдөлгөөнгүй зогсож байх шиг байсан... миний харсанаар түрүүлж газарт унадаг намхан залуу нь ойролцоогоор 50-100 метр газар чирэгдсэн байх өндөр залуу нь хаа хүртэл чирэгдсэн талаар мэдэхгүй..." гэх мэдүүлэг /хх-49-50х/,

Шинжээч эмч Б.Ундармаагаас мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Ц.Батмөнхийн биед учирсан зүүн гарын бугуйн завь хэлбэрийн ясны сэлтэрсэн хугарал гэмтэл нь автомашиныг цохих үед үүсэхгүй, боломжгүй...” гэх мэдүүлэг /хх-64х/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 2020 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн  №4776 тоот дүгнэлт /хх-56-57х/ “Б.Даваадоржийн биед зүүн тохойны зөөлөн эдийн няцрал, цус хуралт. баруун гуяны гүн зулгаралт, баруун шилбэний зулгаралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн 2 удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Дээрх гэмтэл нь шинэ гэмтэл байна. Дээрх гэмтэл нь тус тусдаа гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Дээрх гэмтлийг өөрөө өөртөө учруулах боломжгүй. Цаашид гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй” гэх дүгнэлт,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2020 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн  №4775 тоот дүгнэлт /хх-61-62х/  “Ц.Батмөнхийн биед зүүн гарын бугуйн завь хэлбэрийн ясны сэлтэрсэн хугарал, баруун шууны зөөлөн эдийн няцрал, зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн 2 удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Дээрх гэмтэл нь шинэ гэмтэл байна. Дээрх зүүн гарын бугуйн завь хэлбэрийн ясны сэлтэрсэн хугарал гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт, баруун шууны зөөлөн эдийн няцрал, зулгаралт гэмтэл нь дээрх журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт тус тус хамаарна. Дээрх гэмтлийг өөрөө өөртөө учруулах боломжгүй. Цаашид гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй” гэх дүгнэлт,

Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-9-16х/,

Мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-22-28х/,

Шүүгдэгч Ч.Үын иргэний үнэмлэхний лавлагаа /хх-85х/,

Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-72х/,

Оршин суух хаягийн тодорхойлолт /хх-86х/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судаллаа.

Шүүх хуралдаанаар шинжлэн судласан нотлох баримтууд болон хавтаст хэрэгт авагдсан хохирогч, гэрч нарын мэдүүлгээр шүүгдэгч Чойжилын Үнэнбат нь 2020 оны 04 дүгээр сарын 16-ны өдөр Чингэлтэй дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Кар вош” гэх машин угаалгын газраар үйлчлүүлээд төлбөрөө дутуу төлсөний улмаас иргэн Ц.Батмөнх, Б.Даваадорж нартай маргалдаж, улмаар тэднийг 87-92 УБС улсын дугаартай тээврийн хэрэгслээр чирж Ц.Батмөнхийн эрүүл мэндэд зүүн гарын бугуйн завь хэлбэрийн ясны сэлтэрсэн хугарал, баруун шууны зөөлөн эдийн няцрал, зулгаралт бүхий хүндэвтэр хохирол,

- Б.Даваадоржийн эрүүл мэндэд зүүн тохойны зөөлөн эдийн няцрал, цус хуралт, баруун гуяны гүн зулгаралт, баруун шилбэний зулгаралт, зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол тус тус санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь нотлогдож байна.

Хэрэгт нотолбол зохих байдал бүрэн хангагдсан, прокуророос зүйлчилсэн хуулийн зүйл заалт тохирсон байх тул шүүгдэгч Ч.Үыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэргийг тус тус үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан ял оногдуулах хууль зүйн үндэслэлтэй байна.

Хохирогч Ц.Батмөнх нь энэ гэмт хэргийн улмаас өөр учирсан гэм хохирлын талаарх 102.150 төгрөгийн гэх нотлох баримт гаргаж хавтаст хэрэгт хавсаргуулсан боловч нотлох баримтаар үнэлэх боломжтой 10.104 төгрөгийн баримт байх тул уг мөнгийг шүүгдэгч Ч.Үаас гаргуулж хохирогчид олгож шийдвэрлэв.

Мөн хохирогч Б.Даваадорж нь хохирлын талаарх 85.300 төгрөгийн баримт гаргаж хавтаст хэрэгт хавсаргуулсан байх тул шүүгдэгчээс гаргуулах нь зүйтэй.

Шүүх шүүгдэгч Ч.Үад эрүүгийн хариуцлага буюу ял шийтгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзээд түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 550 (таван зуун тавь) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 550.000 (таван зуун тавин мянга) төгрөгөөр торгох ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 (дөрвөн зуун тавь) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 (дөрвөн зуун тавин мянга) төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2-д тус тус зааснаар шүүгдэгч Ч.Үад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 550 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 550.000 төгрөгөөр торгох ял дээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялыг нэмж нэгтгэн нийт 1.000.000 (нэг сая) төгрөгөөр торгох ялаар тогтоож, торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 5 сарын хугацаанд төлөхийг даалгаж шийдвэрлэв.

Хэрэгт битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч Ч.Ү нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.