| Шүүх | Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Ёндонгийн Цогтзандан |
| Хэргийн индекс | 186/2020/0563/Э |
| Дугаар | 571 |
| Огноо | 2020-07-17 |
| Зүйл хэсэг | 27.10.2.1., |
| Улсын яллагч | Б.Дэлгэрмаа |
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2020 оны 07 сарын 17 өдөр
Дугаар 571
2020 07 17 2020/ШЦТ/571
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ё.Цогтзандан даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Нэргүй,
Улсын яллагч Б.Дэлгэрмаа,
Шүүгдэгч Д.А, түүний өмгөөлөгч Д.Пүрэвдорж нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Тээврийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан гэмт хэрэгт холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Жанянсан овогт Д.т холбогдох эрүүгийн 2003000000229 дугаартай хэргийг 2020 оны 07 дугаар сарын 07-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Шүүгдэгч Жанянсан овогт Д.А, Монгол Улсын иргэн, 1980 оны 06 дугаар сарын 28-ны өдөр Завхан аймгийн Улиастай суманд төрсөн, 40 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, “Барс” захад бараа буулгадаг гэх, ам бүл 2, эхнэрийн хамт Сонгинохайрхан дүүргийн 24 дүгээр хороо, Зээлийн 38 дугаар гудамж 29 тоотод оршин суух хаягтай, ял шийтгэгдэж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай, регистрийн дугаар ..............................
Шүүгдэгч 2020 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн 13 цаг 24 минутын үед Чингэлтэй дүүргийн 12 дугаар хороо, Булгийн 19 дүгээр гудамжны зүүн талын замд Д.А нь Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7.а-д заасан “Жолоочид дараах зүйлийг хориглоно: а/...согтууруулах ундаа ... хэрэглэсэн ...үедээ тээврийн хэрэгсэл жолоодох;” гэсэн заалтыг зөрчиж согтуурсан үедээ, мөн дүрмийн 3.4.а-д заасан “Жолооч дараах үүргийг хүлээнэ: а/энэ дүрмийн 4 дүгээр хавсралтад заасан эвдрэл, гэмтэл, техникийн зөрчилгүй байхаар тээврийн хэрэгслийнхээ бүрэн бүтэн байдлыг хангах; Тээврийн хэрэгслийн ажлын тоормосны систем ...ажиллахгүй болсон ...үед хөдөлгөөнөө үргэлжлүүлэхийг хориглоно” гэсэн заалтыг зөрчиж ашиглахыг хориглосон эвдрэл, гэмтэл, техникийн зөрчилтэй “Hyundai Sonata-6” маркийн 33-04 УБЗ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож яваад, мөн дүрмийн 12.3-т заасан “Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэсэн заалтыг зөрчсөний улмаас явган зорчигч Т.Нандин-Эрдэнийг мөргөж, эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Шүүх хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт авагдаж шүүх хуралдаанаар шинжлэн судлагдаж, хэлэлцэгдсэн баримтуудыг үндэслэн ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Д.А мөрдөн шалгах ажиллагааны үед яллагдагчаар мэдүүлэхдээ: “...Тэгсэн Цолзаяагийн гэрийг нь бүтээх гялгар уут хэрэгтэй болоод Цолзаяа намайг гялс Нарантуул 2 худалдааны төв ороод гялгар уут аваад ирье гэхээр нь би HYUNDAI Sonata 6 маркийн, 33-04 УБЗ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодоод жолоочийн хажуу талын урд суудал дээр Цолзаяа, арын суудал дээр Цолзаяагийн эхнэр Цогзолмаа суугаад бид гурав замыг уруудаад засмал замаар явж байтал зүүн талын толины орчим эмэгтэй хүүхэд замынхаа зүүн талаас гэнэт гүйж орж ирээд автомашинд мөргүүлж гэмтсэн. Би тэр даруй автомашинаа зогсоогоод машинаас буугаад мөргүүлсэн хүүхэд дээр очиход эмэгтэй хүүхэд байсан. Тухайн хүүхдийн зүүн хөл нь дунд чөмөг хэсгээрээ гэмтчихсэн байсан. Эмнэлэг, цагдаад Цогзолмаа дуудлага өгсөн. Мөргүүлсэн хүүхдийн аавыг хэн дуудсаныг мэдэхгүй нэг мэдсэн мөргүүлсэн охины аав нь хүрээд ирчихсэн байсан. Хүүхдийн аав гэмтлийн эмнэлэг явъя гэхээр нь би мөргүүлсэн охиныг аавтай нь хамт машиндаа суулгаад хөдлөх гэж байтал түргэний автомашин ирээд түргэний эрэгтэй эмч охиныг үзээд зүүн хөл нь хугарчихсан байна гэж хэлээд зүүн хөлийг юмаар ороогоод гэмтлийн эмнэлэг рүү аваад явсан. Тэгээд л удаагүй та нар ирээд хэргийн газарт хэмжилт хийгээд би тэр өдрөө эрүүлжүүлэхэд хоносон ...Хохирогчид эмчилгээний зардалд нийт 2.300.000 төгрөгийг өгч барагдуулсан. Би гаргасан буруугаа хүлээн зөвшөөрч байна “ гэх мэдүүлэг /хх-104-105х/,
Шүүгдэгч Д.Ааас шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн: “Мөрдөн шалгах ажиллагааны үед үнэн зөв мэдүүлэг өгсөн. Шүүх хуралдаанд нэмж мэдүүлэх зүйлгүй” гэв.
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч М.Төрбатаас мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “...Жолооч Анхбаярын зүгээс эмчилгээний зардалд 1.500.000 төгрөгийг өгч хохиролгүй болгосон. Цаашид бид нар эмчилгээний мөнгө төгрөг нэхэмжлэхгүй...” гэх мэдүүлэг /хх-26х/,
Насанд хүрээгүй хохирогч Т.Нандин-Эрдэнээс мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “...зам руу гүйгээд гарах гээд явж байтал хойноосоо урагшаа чиглэлтэй явж байсан жижиг суудлын автомашинд мөргүүлсэн ...” гэх мэдүүлэг /хх-28х/,
Насанд хүрээгүй гэрч Э.Тэмүүжингээс мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “...Би гудамж руу өгсөөд явж байсан тул хараагүй. Мөргөх чимээг л сонссон. Автомашин зам дээр тоормозлоод чахрах чимээ сонсогдсон. Тэгээд намайг очиход Нандин-Эрдэнэ автомашинд мөргүүлчихсэн зам дээр байсан...” гэх мэдүүлэг /хх-30х/,
Гэрч Х.Цогзолмаагаас мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “...Явган зорчигч хүүхэд замын урдуур гэнэт гүйгээд ороод ирсэн. Осол болох үед Анхбаяр нь нилээн хурдтай явсан ...Анхбаяр нь манай нөхөр Цолзаяатай хамт 1 шил 0,75 литрийн архи уучихсан байсан. Би Анхбаярыг автомашин унаад хэрэггүй гэхэд зөрж байгаад автомашинаа унаж явсан ...” гэх мэдүүлэг /хх-34-35х/,
Гэрч Д.Цолзаяагаас мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “...Анхбаяр согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож явахад нь хүүхэд автомашины зүүн талын толь хэсгээр гүйж орж ирээд мөргүүлснээс болсон ...” гэх мэдүүлэг /хх-38х/,
Иргэний хариуцагч С.Номин-Эрдэнээс мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “...тээврийн хэрэгсэл миний нэр дээр байдаг. Гэмтсэн хүүхдийн хохирлыг нөхөр, бид хоёр барагдуулна ...” гэх мэдүүлэг /хх-44-45х/,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 2020 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн №6737 тоот дүгнэлт /хх-71-72х/ “Т.Нандин-Эрдэнийн биед баруун шилбэ тахилзуур ясны дунд хэсгийн зөрөөтэй далд хугарал, духанд цус хуралт, баруун хауар, тохой, эрүүнд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн шинэ гэмтэл байна. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй” гэх дүгнэлт,
2020 оны 06 дугаар сарын 06-ны өдөр хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, үзлэгээр тогтоосон байдал, хэмжилтийн бүдүүвч болон гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-2-11х/,
Жолоочийн согтууруулах ундаа хэрэглэсэн эсэхийг шалгасан тэмдэглэл “...Дашцэрэн овогтой Анхбаярыг драйгер багаж ашиглан шалгахад 1,32% тоон үзүүлэлт илэрч согтууруулах ундаа хэрэглэсэн болох нь тогтоогдлоо ...” гэжээ /хх-12х/,
Баянгол техникийн хяналтын үзлэгийн төвийн “...хойд тэнхлэгийн дугуйн тоормос ажиллахгүй буюу зогсоогүй зэрэг эвдрэл гэмтэлтэй байгаа нь стандартын шаардлага хангахгүй байна ...Хойд дугуйн тоормос ажиллахгүй тул тоормосны мөр үүсэхгүй ба тоормосны зам уртассах байдлаар нөлөөлж болно” гэх дүгнэлт /хх-86-91х/
Шүүгдэгч Д.Аын иргэний үнэмлэхний лавлагаа /хх-115х/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-118х/, оршин суух хаягийн тодорхойлолт /хх-117х/ зэрэг мөрдөн шалгах ажиллагааны үед хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шүүх хуралдаанаар шинжлэн судаллаа.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтууд нь хэргийг шийдвэрлэхэд хангалттай, хэргийн бүрдэл хангагдсан, шүүгдэгчийн үйлдэлд прокуророос зүйлчилсэн хуулийн зүйл хэсэг тохирсон байна гэж шүүх дүгнэлээ.
Шүүгдэгч 2020 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн 13 цаг 24 минутын үед Чингэлтэй дүүргийн 12 дугаар хороо, Булгийн 19 дүгээр гудамжны зүүн талын замд Д.А нь Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7.а-д заасан “Жолоочид дараах зүйлийг хориглоно: а/...согтууруулах ундаа ... хэрэглэсэн ...үедээ тээврийн хэрэгсэл жолоодох;” гэсэн заалтыг зөрчиж согтуурсан үедээ, мөн дүрмийн 3.4.а-д заасан “Жолооч дараах үүргийг хүлээнэ: а/энэ дүрмийн 4 дүгээр хавсралтад заасан эвдрэл, гэмтэл, техникийн зөрчилгүй байхаар тээврийн хэрэгслийнхээ бүрэн бүтэн байдлыг хангах; Тээврийн хэрэгслийн ажлын тоормосны систем ...ажиллахгүй болсон ...үед хөдөлгөөнөө үргэлжлүүлэхийг хориглоно” гэсэн заалтыг зөрчиж ашиглахыг хориглосон эвдрэл, гэмтэл, техникийн зөрчилтэй “Hyundai Sonata-6” маркийн 33-04 УБЗ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож яваад, мөн дүрмийн 12.3-т заасан “Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэсэн заалтыг зөрчсөний улмаас явган зорчигч Т.Нандин-Эрдэнийг мөргөж, эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан болох нь хавтаст хэрэгт цуглуулж бэхжүүлэгдсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Иймд шүүгдэгч Д.Аыг согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодож Автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Шүүгдэгч Д.А нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нь гэм буруутай этгээдэд гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй /хх-122х/ гэсэн хүсэлтээ мөрдөн шалгах ажиллагааны үед бичгээр гаргаж өгсөн бөгөөд прокуророос шүүгдэгчид Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасаж, 2 жилийн хугацаагаар тэнсэх, тэнссэн хугацаанд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д заасан Оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх, 3 дахь хэсгийн 3.3-т заасан “согтууруулах ундаа, мансууруулах бодис хэрэглэхийг хориглох” гэж заасан үүрэг хүлээлгэх, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ авах ял оногдуулах санал гаргасныг шүүгдэгч хүлээн зөвшөөрсөн болно