| Шүүх | Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Ёндонгийн Цогтзандан |
| Хэргийн индекс | 186/2020/0496/Э |
| Дугаар | 575 |
| Огноо | 2020-07-20 |
| Зүйл хэсэг | 11.6.2., 17.1.2.1., |
| Улсын яллагч | Ц.Хулан |
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2020 оны 07 сарын 20 өдөр
Дугаар 575
2020 07 20 2020/ШЦТ/575
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ё.Цогтзандан даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Нэргүй,
Улсын яллагч Ц.Хулан /томилолтоор/,
Шүүгдэгч Б.Б, түүний өмгөөлөгч Д.Пүрэвдорж,
Хохирогч М.Ариунаа, Д.Эрдэнээ,
Иргэний хариуцагч С.Батзаяа нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт тус тус холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Цаст богд овогт Б.Бд холбогдох эрүүгийн 2011006790312 дугаартай хэргийг 2020 оны 06 дугаар сарын 10-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Шүүгдэгч Монгол Улсын иргэн, Цаст богд овогт Б.Б, 1992 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 28 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, тогооч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, эхийн хамт Налайх дүүргийн 01 дүгээр хороо, Баянзүрхийн 8 дугаар гудамж 803 тоотод оршин суух,
урьд: Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн 2014 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн 1078 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож хэрэгсэхгүй болгосон,
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 874 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар 1 жилийн хорих ялаар шийтгүүлж, 2019 оны 06 дугаар сарын 23-ны өдөр хугацаа дуусч суллагдсан, хэрэг хариуцах чадвартай, регистрийн дугаар ...................................
/яллах дүгнэлтэнд тэмдэглэснээр/
Шүүгдэгч Б.Б нь 2020 оны 03 дугаар сарын 10-ны өдрөөс 11-ний өдөрт шилжих шөнө Чингэлтэй дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэр Чингэлтэйн 13-416б тоотод байх иргэн М.Ариунаагийн эзэмшлийн гутлын үйлдвэрлэл хийх үйл ажиллагаа явуулах зориулалттай цехэд нэвтэрч, 20 ширхэг гутлыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, 1.720.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг,
2019 оны 10 дугаар сарын 10-ны өдөр Чингэлтэй дүүргийн 13 дугаар хороо, Сургуулийн 25 дугаар гудамжны 482а тоотод оршин суух иргэн Д.Эрдэнээгийн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч, эл жи загварын 55 инчийн зурагт, эл жи загварын гар утас, 5000 төгрөг зэрэг эд зүйлсийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, 750.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг,
2019 оны 08 дугаар сарын 20-ны өдөр Чингэлтэй дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хамтран амьдрагч Ш.Маамыг зодож тархи доргилт, хамрын нурууны зөөлөн эдийн няцрал, хацар, гуяны цус хуралт бүхий хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараахи нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч Б.Баас шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн: ”2019 оны 10 дугаар сарын 10-ны өдөр хохирогч Д.Эрдэнийн хашааны хаалга онгорхой байсан тул би хашаанд нь ороод ам цангаад байсан тул ус уухаар гэрийн хаалгыг цохисон. Гэтэл хүнгүй байсан тул хаалганы шалавчийг сөхтөл хаалганы түлхүүр нь байсан учир хулгай хийх сэдэлт төрөөд гэрт нь орсон. Түрийвчинд байсан 5000 төгрөгийг авсан. Гар утас бол аваагүй. Зурагтыг нь авч явж байгаад Чингэлтэй дүүргийн 17-гийн гүүрэн доор үлдээсэн. Ингээд 7 хоногийн дараа ирэхэд байж байсан тул караокед орж, миний зурагт гэж хэлэн худалдсан. 2020 оны 03 дугаар сарын 11-ний өдөр хүмүүстэй архи ууж байсан. Гэтэл хамт архи ууж байсан хүмүүс алга болсон тул тэднийг хайж байгаад нэг хаалгыг түлхтэл онгойсон. Тэнд баахан гутал байсан. Би мөнгөгүй байсан тул түүнээс авсан. Үйлдсэн хэрэгтээ маргах зүйл байхгүй. Харин Ш.Маамыг би зодоогүй. Би энэ талаар байцаагчид хэлсэн. Ш.Маам нийтийн байрнаас хүний гар утсыг хулгайлсан байсан ба гар утасны эзэн Ш.Маам бид хоёрыг цохисон. Нийтийн байрны бичлэг байгаа байх. Би Ш.Маамыг хутгалаагүй. Тэдний гэрийнхэн намайг юм л бол бөөнөөрөө бөөрөлхдөг. Гэхдээ энэ миний сонгосон амьдрал. Би архи ууж, бусдад хохирол учруулсандаа гэмшиж байна. Би айлаас хулгай хийсэндээ тайван унтаж чадахгүй байсан тул байцаагчийг дагуулж явж, айлаа зааж өгсөн” гэв.
Хохирогч Д.Эрдэнээгээс шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн: “Тухайн өдөр манай хадам ээж хөдөөнөөс ирсэн байсан ба охин хичээлдээ явсан байсан тул гэрийн түлхүүрээ үлдээсэн. Гэрээс миний охин Эл жи брэндийн гар утас болон түрийвч хоёроо гэрийн буйдан дээр үлдээсэн байсныг шүүгдэгч гэрээс авсан байсан. Мөн манай гэрээс 55 инчийн зурагт авсан байсан. Манай телевизор оригналь телевизор байсан боловч хөрөнгийн үнэлгээний байгууллага маш багаар үнэлсэн. Шүүгдэгч манай гэрт ороод шкаф, авдар уудалсан байсан. Телевизорийг нэг эд зүйлд боож явсан байх. Гэрийн хамаг эд зүйлийг сандаачсан байсан. Манай телевизорыг нэг хүн авч явах боломжгүй том телевизор бөгөөд гудамжны камер шүүж үзэхэд гудамжаар телевизор авч яваа хүн байгаагүй. Шүүгдэгч телевизорыг авч явахдаа унаатай явсан уу, эсвэл цаашаа давуулаад авч явсан уу мэдэхгүй. 17-гийн жалганд аваачиж нуусан гэсэн. Тэгэх ямар ч боломжгүй. Шүүгдэгч худал яриад байх шиг байна. Би энэ талаар цагдаад хэлсэн. Миний охины Эл Жи брэндийн гар утас алга болсон байсан” гэв.
Хохирогч М.Ариунаагаас шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн: “Тухайн өдөр миний ажлын байрны ширээн дээр гурван цүнх байсан. Тухайн цүнхэнд бид гутлаа хийж борлуулалтад явдаг юм. Миний нэг цүнхэнд чихэж хийгээд 8 гутал ордог тул нэг цүнхэнд 14 гутал орохгүй. Нэг цүнхэнд гутлуудыг хийж явсан гэж шүүгдэгч ярьж байна. Тэр нь худал. Миний ажлын байрны ширээн дээр байсан 3 цүнхэнд шүүгдэгч 20 ширхэг гутал хийж авч явсан байсан. Би гутлуудаа эгнүүлэн өрөөд тавьсан байсан ба түүнээс 20 ширхэг гутал алга болсон байсан. Би гутал хийсэн материалын үнэ 1.720.000 төгрөг нэхэмжилж байгаа. Миний хохирлыг барагдуулж өгнө үү” гэв.
Иргэний хариуцагч С.Батзаяагаас шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн: “Би Чингэлтэй дүүргийн 17-гийн хажууд кароеке ажиллуулдаг байсан. Гэтэл нэг залуу телевизор авах уу гэж орж ирэхэд нь тухайн телевизорыг худалдан авсан. Тухайн телевизор хулгайн телевизор байсан тул би энэ хэрэгт иргэний хариуцагчаар оролцож байгаа” гэв.
Хохирогч Ш.Маамаас мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “...2019 оны 08 дугаар сарын 20-ны орой гэгээ тасарсан байхад хамтдаа нийтийн байрнаас гарч дэлгүүр явж байхдаа би түүнд “архи уухаа болиочээ” гэж хэлсэн чинь өөдөөс “би архи уухаа болино шүү дээ, өнөөдөр ганц удаа уучихаар яадаг юм бэ пизда минь” гээд өөдөөс хэрүүл хийгээд байхаар нь би түүнд “чи тэгвэл эндээ архиа уугаад үлдэхгүй юу даа би ээж рүүгээ очиж хоноод маргааш ажил руугаа явлаа. Би ямар гэр оронгүй хүн биш ээждээ очлоо гээд явах гэсэн чинь явуулахгүй гээд зулгаагаад байхаар би өөдөөс нь эсэргүүцсэн чинь Банзрагч миний нүүр рүү гараараа олон удаа алгадаж, цохиод байсан. Би өөдөөс нь эсэргүүцсэн чинь Банзрагч миний нүүр рүү гараараа олон удаа алгадаж, цохиод байсан. Энэ үед миний толгой өвдөөд толгойгоо бариад зогсож байтал миний зүүн хөлний гуяны хэсэгт 2 удаа өшиглөсөн. Миний хөл өвдөөд доошоо суухад хамарнаас цус гарч эхэлсэн бөгөөд үүнийг Банзрагч хараад “хайрыгаа уучлаарай, би ингэж цохино гэж бодоогүй юм” гээд намайг аргадаж цусыг минь арчаад байсан ... Хамтран амьдарч байх үед маргалдаж байгаад намайг үсдэж, алгадаж байсан удаа олон байгаа ... 2017 оны орчим Хайлаастын дунд буудалд нийтийн байранд ээж, дүү нар болон ээж цуг амьдарч байхад маргалдаж байгаад Банзрагч жижигхэн хутга хөргөгчин дээрээс аваад над руу далайх шиг болохоор нь гараараа хаасан чинь гарын шууны орчим зүсэж гэмтээж байсан...” гэх мэдүүлэг /хх-125-126х, 128х-129х/,
Гэрч О.Шүрэнсайханаас мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “...Тухайн өдөр манай охин Маам оройхон гэрт орж ирэхдээ уйлчихсан нүүр амыг нь хөх эрээн болгочихсон байсан ... хамар нь хавдаад, 2 нүдний доод хэсэг болон гуя нь хөхөрсөн байсан. Тэр шөнөө их халуурч хоносон ... намайг хамт байхад нэг удаа Маамыг алгадаж байсан. Тухайн үед уур хүрээд би Банзрагчийг бас алгадаж хөөж байсан..." гэх мэдүүлэг /хх-134-135х/,
Гэрч Ш.Алтанцэцэгээс мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “...22 цагийн орчим ажлаа тараад гэртээ ирсэн чинь хашаан дотор хүмүүс орилж чарлаад байхаар хашаан дотроо ороход манай ээж Шүрэнсайхан Банзрагч нар байсан бөгөөд ээж Банзрагчид “чи яах гэж манай охиныг зодож байгаа юм бэ” гээд түүнийг хөөгөөд байсан...” гэх мэдүүлэг /хх-136-137х/,
Гэрч Б.Алтантулгаас мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “...Би 2019 оны 10 сарын 08-ны өдрөөс эхлэн эхнэр Алтанцэцэг болон түүний аав ээж эгч нарын хамт Хайлаастад байрлах нийтийн байранд түр амьдрах болсон юм. Гэтэл манай нийтийн байрны эзэн нь надад “танай хүргэн гээд нэг залуу ирээд хаалга үүд балбаад байна ямар хүн ирээд байгаа юм бэ гэхээр нь би коридорын камерын бичлэг шүүж үзсэн чинь Банзрагч ирсэн байсан. Тэгээд 2019 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 16 цагийн орчим ус авахаар гадагшаа гартал Банзрагч ойролцоо гудамжинд явж байгаад замын эсрэг талын Чандмань дэлгүүрт яваад орчихоор нь би буцаж гэртээ ороод эхнэртээ цагдаад Банзрагч явж байгаа талаар нь хэлээрэй гэж хэлчихээд Банзрагчийн орсон дэлгүүр лүү араас нь ороод Банзрагчтай гадаа гарсан чинь Банзрагч надаас зугтаад замын эсрэг тал руу гараад айлын хашаа руу гүйгээд орохоор нь түүнийг бариад автал зугтаах гээд намайг нүүр лүү 2 удаа мөргөсөн. Тэгэхээр нь би өөрийгөө хамгаалах гээд түүний нүүр лүү 2-3 удаа гараараа цохиод хашаанаас нь чирч гаргаж ирээд байж байтал цагдаа ирээд түүнийг аваад явсан” гэх мэдүүлэг /хх-138-139х/,
Гэрч Х.Анхбатаас мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “...2019 оны 08 сарын 19-ний өдөр тэр хоёр байрнаас гараад үлдэгдэл 80000 төгрөгөө аваад явсан боловч тэр шөнөө буцаад ирсэн байсан. Шөнө 01 цагийн орчим унтаж байсан чинь байрны эзэн Цэцэгмаа намайг дуудаж сэрээгээд гадаа хүмүүс маргалдаад байна салгаадах гэхээр нь би гараад харсан чинь нийтийн байрны хашаан дотор Банзрагч Маам нар болон уг нийтийн байрны 16 тоотод амьдардаг Урнаа /95003634/ гэх эмэгтэй нөхрийн хамт гараад ирчихсэн Урнаа нь Банзрагч Маам нарыг гэрээс гар утас хулгайлаад баригдсан гээд маргалдаж байсан. Тэр үед Банзрагчийг Урнаагийн нөхөр цохиод хамарнаас нь цус гаргасан харагдаж байсан. Харин Урнаа Маамыг гар утас хулгай хийчихээд өөдөөс хэрэлдэж орилоод байна гээд 1-2 удаа алгадсан. Хэсэг маргалдаж байгаад Маам түрүүлээд зугтаад явсан. Араас нь Банзрагч нь гараад явж байгаа харагдсан ...” гэх мэдүүлэг /хх-ийн 140-141х/,
Гэрч Э.Буянхишигээс мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “...бид хоёр орж харахад хромон гутал 22 ширхэг байснаас 7 ширхэг алга болсон, гоёлын гутал 4 байсан 4-үүлээ байхгүй болсон байсан. Хагас түрүүтэй гоёлын гутал байсан бас байхгүй ...” гэх мэдүүлэг /хх-23-24х/,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 08 дугаар сарын 21- ний өдрийн 10146 дугаартай дүгнэлтэнд /хх-151х/ “...Ш.Маамын биед тархи доргилт, хамрын нурууны зөөлөн эдийн няцрал, хацар, гуяны цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх ба хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэх дүгнэлт,
Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тухай тэмдэглэл /хх-16х, 61х/,
Хэргийн газарт үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-7-14х, 62-63х/,
Дамно ХХК-ний үнэлгээний "... ЧД2-20-155, ЧД2-20-259...” дугаартай тайлан /хх-37-43х/,
Мэдүүлгийг газар дээр шалгасан тэмдэглэл /хх-68-69х/,
Дамно ХХК-ний үнэлгээний “... ЧД2-19-634...” дугаартай тайлан /хх-88-90х/,
Аюулын зэргийн үнэлгээ /хх-114х/,
“Од” зочид буудлын бүртгэлийн дэвтэрт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-119х/,
Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-181х/,
Иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-173х/, Шийтгэх тогтоолын хуулбарууд /хх-183-188х, 191-192х/ зэрэг болно.
Тус хэрэгт цугларсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үзэж шүүх нотлох баримтаар үнэллээ.
Шүүгдэгч Б.Б нь 2020 оны 03 дугаар сарын 10-ны өдрөөс 11-ний өдөрт шилжих шөнө Чингэлтэй дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэр Чингэлтэйн 13-416б тоотод байх иргэн М.Ариунаагийн эзэмшлийн гутлын үйлдвэрлэл хийх үйл ажиллагаа явуулах зориулалттай цехэд нэвтэрч, 20 ширхэг гутлыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, 1.720.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг,
2019 оны 10 дугаар сарын 10-ны өдөр Чингэлтэй дүүргийн 13 дугаар хороо, Сургуулийн 25 дугаар гудамжны 482а тоотод оршин суух иргэн Д.Эрдэнээгийн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч, эл жи загварын 55 инчийн зурагт, эл жи загварын гар утас, 5000 төгрөг зэрэг эд зүйлсийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, 750.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг,
2019 оны 08 дугаар сарын 20-ны өдөр Чингэлтэй дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хамтран амьдрагч Ш.Маамыг зодож тархи доргилт, хамрын нурууны зөөлөн эдийн няцрал, хацар, гуяны цус хуралт бүхий хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг тус тус үйлдсэн болох нь дээрх нотлох баримтуудаар нотлогдож байна.
Хэрэгт нотолбол зохих байдал бүрэн хангагдсан, прокуророос зүйлчилсэн хуулийн зүйл заалт тохирсон байх тул шүүгдэгч Б.Бийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан хүн байнга амьдрах, үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нэвтэрч бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авсан,
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн буюу гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг тус тус үйлдсэн гэм буруутайд тооцож түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан ял оногдуулах хууль зүйн үндэслэлтэй байна.
Шүүх шүүгдэгч Б.Бид эрүүгийн хариуцлага буюу ял шийтгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзээд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар 3 жилийн хугацаагаар хорих ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-д зааснаар шүүгдэгч Б.Бид Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар оногдуулсан 3 жилийн хорих ял дээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 240 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг 8 цагаар тооцож (240:8=30) 30 хоногийг нэмж нэгтгэн түүний биечлэн эдлэх ялыг 3 жил 30 хоногийн хорих ялаар тогтоож шийдвэрлэсэн болно.
Шүүгдэгч Б.Б нь энэ гэмт хэргийн улмаас учруулсан гэм хорын хохирлыг барагдуулаагүй байх тул хохирлын 1.720.000 төгрөгийг гаргуулан хохирогч М.Ариунаад, 750.000 төгрөгийг гаргуулан хохирогч Д.Эрдэнээд тус тус олгох нь зүйтэй.
Хохирогч Ш.Маам нь энэ гэмт хэргийн улмаас өөрт учирсан гэм хорын хохирлыг шүүгдэгчээс нэхэмжлэхгүй гэсэн болно.
Хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, шүүгдэгч Б.Б нь 125 хоног цагдан хоригдсон болно.