Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 06 сарын 07 өдөр

Дугаар 358

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Отгонтуяа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 2 дугаар танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: “Т Б” ХХК,

Хариуцагч: Нийслэлийн Засаг даргад холбогдох,

Нэхэмжлэлийн шаардлага: Нийслэлийн Засаг даргын 2006 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн 86 дугаар “Газар эзэмшүүлэх, ашиглуулах эрхийн нэр шилжүүлэх тухай” захирамжийн “М Д” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.М, Н.Б, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.А, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.О, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Баярдулам нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч “Т Б” ХХК-ийн шүүхэд гаргасан нэхэмжлэл болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч нараас шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: “Манай эзэмшилд байсан газрыг 2006 оны захирамжаар “М Д” ХХК-д эзэмшүүлсэнд маргаан үүсгэсэн. Маргаан үүссэн газрыг анх “У” ХХК эзэмшиж байсан. “У” ХХК 4500 м.кв эдэлбэр газрыг эзэмшиж байгаад “Х Б” ХХК-иас авсан зээлийн өр төлбөрт уг газраа шилжүүлж өгсөн байдаг.

1999 оны 05 дугаар сарын 12-ны өдөр Хамтын ажиллагааны гэрээ гэж хэлэлцээр байгуулж 1999 оны 06 дугаар сарын 07-ны өдөр барилгыг хүлээлцэж өгсөн. Улмаар 2002 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн 11 тоот албан бичгээр “Х Б” ХХК-ийн нэр дээр шилжүүлж өгнө үү гэсэн хүсэлтийг эрх бүхий байгууллагад гаргаснаар “Х Б” ХХК-ийн нэр дээр шилжүүлж өгсөн.

“Х Б” ХХК Монголбанкны ерөнхийлөгчийн 2013 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн тушаалаар “Х Б” ХХК татан буугдаж “Т Б” ХХК-ийг эрх шилжүүлэн авагчаар томилсон. “Х Б” ХХК болон эрх хүлээн авагч “Т Б” ХХК-ийн хооронд 2013 оны 07 дугаар сарын 22-ны өдөр шаардах эрх шилжүүлэх болон актив хөрөнгө шилжүүлэх гэрээ, эд хөрөнгө болон эд хөрөнгийн өмчлөх эрх шилжүүлэх гэрээ байгуулснаар маргаан бүхий газар “Т Б” ХХК-ийн нэр дээр шилжиж ирсэн.

Үүнтэй зэрэгцэн “М Д” ХХК 1996 оны Нийслэлийн Засаг даргын А/224 дүгээр захирамжаар “З Т” ХХК-д ашиглах эрх олгосон газрыг 1999 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр “З Т” ХХК болон “М Д” ХХК нарын хооронд байгуулсан Үндсэн хөрөнгө худалдах, худалдан авах гэрээний үндсэн дээр өөрийн нэр дээр 480 м.кв газрыг шилжүүлж авсан байдаг.

Дээрх гэрээ хийгдсэнээс хойш ямар нэг үйлдэл хийгээгүй бөгөөд 2005 онд “М Д” ХХК болон “З Т” ХХК хүсэлт гаргаснаар “М Д” ХХК 480 м.кв эдэлбэр газар эзэмшүүлсэн гэрээ Нийслэлийн Газрын албатай хийж олгосон байдаг.

“М Д” ХХК өөрийн эзэмшлийн 480 м.кв газар дээрээ хашаа барьсан, мөн газарт нь “Т Б” ХХК-ийн үл хөдлөх хөрөнгө байдаг. Монгол Улсын Засгийн газрын 2016 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн “Төрийн болон орон нутгийн өмчийн талаар авах зарим арга хэмжээний тухай” 193 дугаар тогтоол гарсан.

Энэ тогтоолын 7 дугаар хэсэгт Төрийн болон орон нутгийн өмчийн улсын үзлэг, тооллогоор бүртгэгдсэн хөрөнгө цаашид ашиглах боломжгүй болсон бол үндсэн хөрөнгийг Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуульд заасан арга хэмжээг авах, шилжүүлэх, устгах, өмчлөлийн хөрөнгийн маргаантай байгаа хөрөнгийг холбогдох хууль тогтоомжийг дагуу шийдвэрлэх арга хэмжээг холбогдох Монгол Улсын Засгийн газрын агентлаг, аймаг, нийслэлийн Засаг дарга хүлээн авч хэрэгжүүлэх, нэгдсэн дүнг танилцуулах гэсэн байдлаар Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газарт даалгасан.

Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар улмаар 2017 оны 12 дугаар сарын 13-ны өдөр  А-1/3549 дугаартай Хөрөнгийн үнэлгээний талаар авах зарим арга хэмжээний тухай албан бичгийг “Т Б” ХХК-д ирүүлсэн. Энэ албан бичгийн хавсралтаар “Төрийн болон орон нутгийн өмчит хуулийн этгээдийн газар эзэмших, ашиглах эрхийг үнэлэх, үл хөдлөх хөрөнгийн дахин үнэлгээ хийх ажлын бэлтгэлийг хангах тухай зөвлөмж”-ийг ирүүлсэн. Энэ зөвлөмжийн дагуу “Т Б” ХХК өөрийн өмчлөлд болон эзэмшилд байгаа нийт үл хөдлөх эд хөрөнгө, газар гэсэн бүх хөрөнгөдөө дахин үнэлгээ, үзлэг хийх ажлыг зохион байгуулсан.

Гэтэл маргаан бүхий газарт байрлах “Т Б” ХХК-ийн үл хөдлөх хөрөнгөнд дахин хэмжилт хийлгэсэн бөгөөд уг барилгын нийт талбайн хэмжээ 375.16 м.кв гэж албан ёсны хэмжилт гарсан. Энэ хэмжээ гэрчилгээ дээр байгаа 542 м.кв талбайн хэмжээтэй зөрсөн учир дахин гэрчилгээ гаргуулах ажиллагаа хийгдэх шаардлагатай болж улмаар Улсын бүртгэлд бүртгүүлэхээр хандсан боловч Газрын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.10-д заасан иргэн аж ахуй нэгж байгууллагын газар эзэмших эрхийн гэрчилгээ нь тухайн газар дээрх тэдгээрийн үл хөдлөх хөрөнгийн улсын бүртгэлд үндэслэл болгон гэж үзэж шинэчилсэн шинээр гэрчилгээ олгохоос татгалзсан.

Нэхэмжлэлийг Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3-д заасныг юу гэж ойлгож байна вэ? гэсэн асуултаар тодорхой болгож байна.

Монгол Улсын Засгийн газар, Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар, Монголбанкны тогтоол шийдвэрээр “Х Б” ХХК-иас “Т Б” ХХК нь үл хөдлөх хөрөнгө болон хөдлөх хөрөнгө, мөнгөн хөрөнгө актив, пассив хөрөнгө, хадгаламж, зээлийн бүртгэл, баланс зэргийг шууд шилжүүлж авсан үйл ажиллагаа болсон тул “Т Б” ХХК газар эзэмших хүсэлт гаргаж байгаагүй.

Актив, пассив хөрөнгө нийт 553 гаруй тэрбум төгрөгийн хөрөнгө шилжиж ирсэн тул түүнд газар орсон, газар эзэмших эрх байгаа гэсэн ойлголттой байсан. Улмаар активд чанарын үнэлгээ хийсэн, Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газраас ирсэн зөвлөмж, Монгол Улсын Засгийн газрын 193 дугаар тогтоолыг үндэслэж нийт хөрөнгө дээрээ үнэлгээ, хэмжилт хийх ажиллагаа “Т Б” ХХК-ийн бүх салбарт явагдсан. Үүний явцад тухайн газрыг эзэмших эрхгүй болсон гэдгийг мэдсэн. Улсын бүртгэлийн газарт хандахад хэмжилт хийсэн газрыг дахин бүртгэх боломжгүй, шинээр гэрчилгээ гаргаж өгөхгүй гэсэн хариу өгсөн. 

2017 оны 10 дугаар сарын 06-ны өдөр Нийслэлийн Засаг дарга, Нийслэлийн Газрын алба, Баянзүрх дүүргийн Засаг дарга, Баянзүрх дүүргийн Газрын албанд хандаж гомдол, хүсэлт гаргасан, хашааг буулгах тухай хүсэлт гаргасан.

Гэтэл 2017 оны 10 дугаар сарын 16-ны өдөр Нийслэлийн Газрын албанаас утасдаж уулзахад “М Д” ХХК-ийн нэр дээр 2006 онд шилжсэнг мэдэгдсэн. Ийм байдлаар эзэмших эрхгүй гэдгээ мэдсэн.

Одоо уг захирамжийг хүчингүй болгуулах гэж байгаа хамгийн гол үндэслэл нь Бид газар эзэмших эрхгүйгээр үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг дахин шинээр авч бодит үнэлгээгээр тогтоох боломжгүй болсон. Монгол Улсын Засгийн газрын 193 дугаар тогтоолыг биелүүлэх нэг шаардлага байна.

“З Т” ХХК-иас “М Д” ХХК-д анх шилжүүлэхдээ ашиглах эрхтэй газрыг эзэмших эрхтэй болгож шилжүүлсэн байдаг. Хариуцагч Газрын тухай хуулийн 38 дугаар зүйлд заасны дагуу шилжүүлсэн гэж байгаа нь ашиглах эрхтэй газрыг эзэмших эрхтэй болгож яаж шилжүүлсэн гэдэг асуудал байна. Үүнээс үндэслэвэл энэ захирамж нь хууль бус байна.

2000 оны 11 дүгээр сард “З Т” ХХК-ийн газар ашиглах эрхийн хугацаа дууссан. Гэтэл “М Д” ХХК 2005 онд “З Т” ХХК-тай хамтран тус тусын албан тоотыг эрх бүхий байгууллагад өгч эзэмших эрхээ баталгаажуулж авахаар хүсэлт гаргаснаар 2006 онд захирамж гарсан. 2000 оны 11 дүгээр сард ашиглах эрхийн хугацаа дууссан байтал 2006 онд нэг ч удаа баталгаажаагүй байхад уг газар шилжсэн гэдэг нь асуудал юм. 2000-2006 он хүртэл 6 жилийн хугацаанд “З Т” ХХК-ийн газар ашиглах эрх баталгаажаагүй газар ашиглах эрхгүй байтал ашиглах эрхтэй болгож эзэмших эрхтэйгээр шилжүүлсэн байна.

Ийм зүйлүүд харагдаж байгаа учир тухайн захирамжийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

Мөн Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3-д “Хүсэлт гаргасан газар нь бусдын эзэмшиж, ашиглаж байгаа газартай ямар нэг хэмжээгээр давхцаагүй байна” гэж заасан. Бид уг газрыг эзэмших эрхгүй болсон бол газар эзэмших хүсэлтээ гаргамаар байна. Хүсэлт гаргахдаа дээрх заасан давхцуулах боломжгүй учир Нийслэлийн Засаг даргын 2006 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн 86 дугаар захирамжийн гуравдагч этгээдэд холбогдох хэсгийг хүчингүй болгосноор хүсэлтээ гаргах боломжтой болно. Дээр дурдсан шаардлага байгаа учир нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хангаж өгнө үү” гэв.

Хариуцагч Нийслэлийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.А нь шүүхэд бичгээр гаргасан болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Нийслэлийн Засаг даргын 2006 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн 86 дугаар захирамжийн гуравдагч этгээд буюу “М Д” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгож өгнө үү гэсэн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй.

Анх тухайн газар 1996 оны А/224 дүгээр захирамжаар “З Т” ХХК-д  Баянзүрх дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт конторын зориулалтаар 800 м.кв талбай бүхий газрыг 40 жилийн хугацаатай ашиглуулах эрх олгосон. Энэ нь тухайн үед мөрдөгдөж байсан хууль тогтоомж, Нийслэлийн Засаг даргын бүрэн эрхийн хүрээнд шийдвэрлэгдсэн.

1999 оны 09 дүгээр сарын 29-ний өдөр “З Т” ХХК нь “М Д” ХХК-д үндсэн хөрөнгө худалдах худалдан авах гэрээ байгуулж газар эзэмших эрх шилжүүлэх тухай хүсэлтийг 2005 оны 10 дугаар сарын 19-ний өдөр өгсөн. Энэ хүсэлт Газрын тухай хуулийн 38 дугаар зүйлд заасан шаардлагыг хангасны үндсэн дээр Нийслэлийн Засаг дарга, тухайн үеийн Газрын албаны зөвлөлийн хурлаар хэлэлцэж Газрын тухай хуулийн 38 дугаар зүйлд заасны дагуу газар эзэмших эрхийг шилжүүлсэн байдаг.

Ингэж шилжүүлэхдээ “М Д” ХХК нь 800 м.кв газар, 480 м.кв үл хөдлөх хөрөнгөтэй шилжүүлсэн. Улмаар “М Д” ХХК нь 15 жилийн хугацаатай сургууль, эмнэлэгийн зориулалтаар ашиглаж ирсэн. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.1-ээр хүчингүй болгуулахаар гаргасан нэхэмжлэл гэж ойлгож байна. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.1-д захиргааны акт, захиргааны гэрээ хууль бус бөгөөд түүний улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдсөн болох нь тогтоогдвол түүнийг хүчингүй болгох гэсэн хуулийн зохицуулалт байна.

“Х Б” ХХК-иас эрх хүлээн авагч “Т Б” ХХК руу 2013 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн актив, пассивын хөрөнгө шилжүүлэх гэрээгээр шилжсэн гэдэг. Энэ ажил холбогдох хууль тогтоомжийн дагуу явагдсан ажил. Энэ үл хөдлөх хөрөнгө “Т Б” ХХК болон “Х Б” ХХК-ийн нэр дээр байна уу гэдэгт хэргийн оролцогч хэн аль нь маргаагүй.

“Т Б” ХХК үл хөдлөх хөрөнгийнхөө доорх газрыг эзэмших ёстой гэдэг. Үүнийг Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар буюу Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн дагуу төрийн өмчийг дахин тоолох шийдвэрийн дагуу энэ чиглэлээр ажиллагаа явуулахад “Т Б” ХХК-ийн төрийн өмчийг тооллого явуулахад холбогдох газар нь гэрчилгээтэй байх ёстой гэсэн зөвлөмжийн дагуу эрх ашиг хөндөгдөж байна гэж тайлбарлаж байгаа нь хууль зүйн үндэслэлгүй.

“Х Б” ХХК тухайн үед маргаж байгаагүй. Одоо “Т Б” ХХК-ийн өмч гэдэгтэй хэн ч маргахгүй. “Т Б” ХХК-ийн үйл ажиллагаанд саад болсон зүйл байхгүй. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар Нийслэлийн Засаг даргын 2006 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн 86 дугаар захирамжаар “Т Б” ХХК-ийн ямар эрх, ашиг хөндөгдөж байгааг тайлбарлаж чадахгүй байна.

Тухайн үед “Х Б” ХХК нь газар эзэмших талаар Нийслэлийн Засаг даргад хүсэлт гаргаж байгаагүй бөгөөд аль эрт газрын харилцааны асуудал нь 1996 оноос өгөгдөлтэй явж ирсэн.

“Т Б” ХХК-ийн хандаж байгаа хандлага нь Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3 “Хүсэлт гаргасан газар нь бусдын эзэмшиж, ашиглаж байгаа газартай ямар нэг хэмжээгээр давхцаагүй байна” гэснийг зөрчиж байна.

“Т Б” ХХК Нийслэлийн Газрын албанд 2017 оны 06 дугаар сарын 02-ны өдөр 12/3690 тоот албан бичиг ирүүлсэн бөгөөд Нийслэлийн Газрын албанаас 2017 оны 07 дугаар сарын 03-ны өдөр 03/2604 тоот хариу хүргүүлсэн.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд аливаа эрх, ашиг нь хөндөгдсөн этгээд шүүхэд хандах хуулийн хугацаатай. Энэ албан бичгийг аваад эрх, ашиг нь хөндөгдсөн бол 30 хоногийн дотор шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй байсан. Гэтэл шүүхэд нэхэмжлэл гаргасан огноо 2017 оны 12 сарын 19-ний өдөр бөгөөд 4 сарын дараа шүүхэд нэхэмжлэл гаргасан байна. Тиймээс үүнд хөөн хэлэлцэх хугацаа яригдах ёстой.

Энэ захирамж гарснаар нэхэмжлэгчийн ямар хууль ёсны эрх, ашиг хөндөгдсөн гэдэг нь тодорхойгүй. Нийслэлийн Засаг даргын 2006 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн 86 дугаар захирамж нь өөрөө хууль бус гарсан хуулийн шаардлага хангаж гаргаагүй гэж нэхэмжлэлийн гол утгыг тайлбарлах ёстой ч тайлбар гаргаж чадаагүй гэж үзэж байна.

Одоо хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа Газрын тухай хууль 2002 оноос үйлчилж эхэлсэн. Энэ газрын харилцаа 1996 онд үүссэн бөгөөд тухайн үед газар ашиглах хуулийн зохицуулалттай байсан. “Т Б” ХХК-ийн үйл ажиллагааны эрх 2010 онд үүссэн 2013 онд үл хөдлөх хөрөнгө нь шилжсэн. Эрх нь шилжсэний дараа өмнөх үйл баримт одоо эзэмших эрхийг хөндөж байна гэж болохгүй. Тэгэхээр өнөөдөр Нийслэлийн Засаг даргын 2006 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн 86 дугаар захирамж гарах үед эзэмшигч нь хэн байсан гэдэг асуудал яригдана. Энэ үед “Х Б” ХХК-ийн эзэмшилд шилжсэн байна. Тухайн үед “Х Б” ХХК газар эзэмших хүсэлт гаргаж байсан эсэх тухай яригдаж байна. Тухайн үед байсан төрийн захиргааны байгууллагаас нотлох баримт явуулсан бөгөөд нотлох баримтад хүсэлт гаргаж байгаагүй гэж  баримт ирсэн. “З Т” ХХК ашиглах эрхтэй байсан газрыг “М Д” ХХК руу эзэмших эрхтэй болгож шилжүүлсэн гэж байна. Тухайн үед 2002 оноос өмнө эзэмших эрх олгодоггүй ашиглах эрхтэй газар олгодог байсан. Энэ хуулийн зохицуулалтын дагуу “З Т” ХХК-иас “М Д” ХХК руу шилжсэн. Харин “З Т” ХХК үл хөдлөх хөрөнгөө “М Д” ХХК руу худалдах, худалдан авах гэрээгээр шилжүүлсэн бөгөөд энэ гэрээ одоо хүртэл хуулийн хүчин төгөлдөр байна. Энэ гэрээг хүчингүйд тооцсон шүүхийн ямар нэг хүчин төгөлдөр тогтоол шийдвэр байхгүй. Үл хөдлөх хөрөнгө шилжсэнтэй холбоотой, 2002 оноос Газрын тухай хууль шинэ хууль хэрэгжсэнтэй холбоотой мөн хуулийн 38 дугаар зүйлийг барьж 2006 онд шилжүүлсэн. Нэхэмжлэгч уг үл хөдлөх хөрөнгийн өмчлөгч болсон нь 2013 он буюу 7 жилийн дараа юм. Тиймээс энэ нь ямар нэг үндэслэлгүй байна. Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар, Монгол Улсын Засгийн газрын тогтоолыг харвал кадастрын мэдээллийн санд байх ажиллагаануудыг газартай холбоотой Төрийн өмчийн объект байгаа асуудлыг дахиж судалж үнэлгээндээ оруулна уу гэсэн асуудал байгаа юм. Түүнээс биш үл хөдлөх хөрөнгө байгаа газрын доорх газрыг эзэмшиж ав гэсэн харилцааг зохицуулаагүй. Нотлох баримт судлахад кадастрын мэдээллийн санд байгаа зураг дээр үндэслэж, шинжилж зургаа хийж үл хөдлөх хөрөнгийнхөө тооллого бүртгэлд хамрагдаарай гэсэн байсан. Энэ харилцааг зохицуулсан Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын зөвлөмж байгаа. Үүнийг үндэслэж нэхэмжлэгч буюу “Т Б” ХХК нь зөвлөмжийг хэрэгжүүлэх төлөвлөгөө гаргасан. Гэтэл энэ төлөвлөгөөнд үл хөдлөх хөрөнгө нь байгаа газрыг нь эзэмшээгүй газрынхаа эрх хэмжээний асуудлыг зохицуулъя гэсэн ямар ч төлөвлөгөөндөө  тусгасан зүйл байхгүй. Тэгэхээр төлөвлөгөөнөөсөө гадуур үйл ажиллагааг нэхэмжлэлийн гол зүйл болгох тайлбарлаж байгаа хууль зүйн үндэслэлгүй.

Нэхэмжлэгчээс маргаан бүхий акт нэхэмжлэгчийн ямар хууль ёсны эрх, ашиг сонирхлыг зөрчиж байгаа нь ирээдүйд энэ захирамжийг хүчингүй болгосноор ямар хууль ёсны эрх, ашиг сонирхол сэргэх вэ гэдгийг тодорхой гаргаж ирээгүй, тайлбарлаж чадахгүй байна. Тиймээс Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.14-ийг үндэслэн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.

Гуравдагч этгээд “М Д” ХХК нь шүүхэд бичгээр гаргасан тайлбартаа: “М Д” ХХК нь 1999 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр Улаанбаатар хотын Баянзүрх дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах барилгыг худалдан авч одоог хүртэл үйл ажиллагаагаа тогтвортой явуулж байна.

Тус “М Д” ХХК-д 480 м.кв талбай бүхий газар эзэмших эрхийг Нийслэлийн Засаг даргын 2006 оны 86 тоот захирамжаар буюу Газрын тухай хуулийн 38 дугаар зүйлд заасны дагуу олгосон. 2006 оны 03 дугаар сарын 17-ны өдөр Нийслэлийн Газрын албантай газар эзэмшүүлэх 3011/0022 дугаар бүхий гэрээ байгуулж, ашиглах газрын баталгаат хэмжээг тогтоосон акт гарган, кадастрын зургаар баталгаажуулсан. Нийслэлийн Засаг даргын Тамгын газраас 2006 оны 03 дугаар сарын 27-ны өдөр 0059931 дугаартай Газар эзэмших эрхийн гэрчилгээ олгосон. 2017 оны 10 дугаар сарын 24-ний өдөр өөрийн эзэмшлийн газрын нэгж талбарын хил, заагийн газарт бэхэлсэн эргэлтийн цэгийг тодорхойлуулан актаар баталгаажуулсан болно.

Бид өөрийн байгууллагын зөвшөөрөл бүхий газрын баталгаажсан хил, хязгаарт хашаа барьсныг “Т Б” ХХК-иас манай байгууллагыг “Бусдын өмчид санаатайгаар халдаж байгаа хууль бус үйлдэл, “М Д” ХХК-ийн хашааг нураа" хэмээн үндэслэлгүйгээр гүтгэн доромжилж, бусдын өмчийг эвдлэн сүйтгэх гэсэн дээрэлхүү, ёс зүйгүй үйлдэл гаргаж, зарга үүсгэж байна хэмээн үзэж байна.

“Т Б” ХХК нь анх уг барилгын хэсэгт үйл ажиллагаа явуулж эхлэхдээ барилгын ханыг шууд цоолж манай эзэмшлийн газар руу хаалга гаргасан бөгөөд энэ нь барилгын даацад сөргөөр нөлөөлөх эрсдэлтэй юм. Бид “Т Б” ХХК-ийн эзэмшлийн хэсэгт байрлах барилгын зургын дагуу гаргасан хаалганы хэсгийг огт хаагаагүй бөгөөд энэ хаалгаар чөлөөтэй орж, гарах бололцоотой байгаа юм” гэжээ.

 Гуравдагч этгээд “М Д” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.О нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “М Д” ХХК нь Баянзүрх дүүргийн 7 дугаар хорооны барилгыг хуулийн дагуу худалдаж авсан. Энэ цагаас хойш жил бүр холбогдох төлбөр, татварыг төлж байсан. “М Д” ХХК-д зөрчилтэй зүйл байхгүй” гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

Шүүхээс хэрэгт цугларсан бөгөөд шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв эргэлзээгүй талаас нь үнэлж нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Нэхэмжлэгч “Т Б” ХХК нь “Нийслэлийн Засаг даргын 2006 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн “Газар эзэмшүүлэх, ашиглуулах эрхийн нэр шилжүүлэх тухай” 86 дугаар захирамжийн  “М Д” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулж, газар эзэмших эрхээ сэргээлгэх” нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “...2013 онд “Т Б” нь Хадгаламж банкны эрх хүлээн авагчаар томилогдсоны дараа эрхийн улсын бүртгэлтэй үл хөдлөх хөрөнгийг, эдэлбэр газрын хамт шилжүүлэн авсан, үл хөдлөх хөрөнгийн доорх газраа бид эзэмших эрхтэй” гэх агуулгаар тайлбарладаг.

Харин хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн зүгээс “...Хадгаламж банк, “Т Б” аль аль нь үл хөдлөх хөрөнгийн байршиж буй газраа эзэмшихээр хүсэлт гаргаж байгаагүй, 86 дугаар захирамж гарснаар ямар эрх, хууль ёсны ашиг сонирхлыг нь зөрчигдсөн нь тодорхойгүй байгаа тул нэхэмжлэлийн шаардлага хангагдах үндэслэлгүй” гэх агуулга бүхий тайлбарыг гарган нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын гаргасан үндэслэлийг үгүйсгэсэн маргасан.

Хэргийн үйл баримтын талаар дараахь нөхцөл байдлууд тогтоогдож байна. Үүнд:

1. Улаанбаатар хотын Найрамдлын районы оросын цэргийн хотхонд байршилтай ахуй үйлчилгээний комбинатын зориулалттай Зөвлөлт Холбоот Улсын өмчлөлийн 3 давхар барилгыг 1992 онд тус Улсын цэргийг оросын нутаг дэвсгэрт гаргахтай холбогдуулан худалдан борлуулахад “У” ХХК нь 8 сая төгрөгтэй тэнцэх рублиэр авч, уг объектын доорх 4500 м.кв газрыг 5 жилийн хугацаатай /нэхэмжлэгч “Т Б” ХХК болон гуравдагч этгээд “М Д” ХХК-иудын үл хөдлөх хөрөнгө байршиж буй газар/ ашиглаж байсан болох нь “У” ХХК, Нийслэлийн Засаг даргын дэргэдэх өмчийн газартай байгуулсан “Газар ашигласан төлбөр тогтоосон акт”   болон 1994 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн “Улаанбаатар хотын Баянзүрх дүүргийн 07-р хорооны “У” компани эдэлбэр газрын баталгаат хэмжээг тогтоосон” №550207 актаар ;

“У” ХХК нь уг объектын өөрийн өмчилж байсан 950 м.кв талбай бүхий үл хөдлөх хөрөнгийг “Х Б” ХХК-д зээлийн өрөнд шилжүүлэн өгсөн болох нь 1999 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн “О” ҮЦК-иас зээлийн өрөнд авсан барилга хүлээлцсэн акт”-аар тус тус тогтоогддог ба энэхүү актын 2.4. “Бусад” хэсгийн е-д “Эдэлбэр газрын хэмжээг тогтоосон акт”-ын үйлчлэх хугацаа нь 1999 оны 05 дугаар сарын 06-ны өдөр дууссан бөгөөд сунгалт хийлгэх, Үл хөдлөх хөрөнгийн бүртгэлийн шилжүүлэлт хийх асуудлыг жич шийдвэрлэхээр тохиролцов”   гэжээ.

Үүний дараа Хадгаламж банк нь 2002 оны 07 дугаар сарын 26-ны өдөр уг объектын Үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн гэрчилгээг өөрийн нэр дээр гаргуулан авч, улмаар үл хөдлөх хөрөнгийнхөө зарим хэсгийг буюу 408 м.кв-ыг нь “Ж*******” ХХК-д худалдсанаар  “Х Б” ХХК-ийн үл хөдлөх хөрөнгийн талбайн хэмжээ 542 м.кв болсон байна.

Монголбанкны Ерөнхийлөгчийн 2013 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн А:153 дугаар тушаалаар /2 дахь заалт/ “Х Б” ХХК-ийн эрх хүлээн авагчаар Ч.А-ийг томилсон  байх ба нэг талаас “Х Б” ХХК дахь эрх хүлээн авагч /эрх шилжүүлэгч/ Ч.А, нөгөө талаас “Т Б” ХХК /эрх шилжүүлэн авагч/-ыг төлөөлж гүйцэтгэх захирал Д.Б******* нарын хооронд 2014 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр байгуулсан №******* “Үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийг шилжүүлэх гэрээ”-ээр   нэхэмжлэгч “Т Б” ХХК нь Улсын бүртгэлийн Ү-******* дугаарт бүртгэлтэй ******* дугаар бүхий үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээтэй , Нийслэлийн Баянзүрх дүүргийн 7 дугаар хороо, Б.Доржийн гудамж 5/1 тоот хаягт байрлах, 542 м.кв талбайтай үл хөдлөх хөрөнгийг шилжүүлэн авсан байх ба уг гэрээний 2-т “Дээрх үл хөдлөх хөрөнгийн өмчлөх эрхийг шилжүүлсэнтэй холбогдуулан уг үл хөдлөх хөрөнгийн газар эзэмших эрхийг Эрх шилжүүлэн авагчийн эзэмшилд гэрээгээр шилжүүлнэ” гэж заасан байна.

2. Нэхэмжлэгч “Т Б” ХХК-ийн өмчлөлийн /Нийслэлийн Баянзүрх дүүргийн 7 дугаар хороо, Б.Доржийн гудамж 5/1 тоот/ үл хөдлөх хөрөнгө байрших 3 давхар объектын зарим хэсэг нь “З Т” ХХК-ийн өмчлөлд байсан байх ба Нийслэлийн Засаг даргын 1996 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн А224 дүгээр захирамжаар  “З Т” ХХК-д 0,08 га газрыг 4 жилийн хугацаагаар ашиглуулахаар шийдвэрлэж, улмаар Нийслэлийн газрын албанаас 1072 дугаар “Газар ашиглах гэрчилгээ”-г  “З Т” ХХК-д олгон, “Иргэн аж ахуйн нэгж байгууллагын газар ашиглах гэрээ”-г байгуулж байжээ.

“З Т” ХХК нь 1999 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн “Үндсэн хөрөнгө худалдах, худалдан авах тухай гэрээ”-гээр  дээрх үл хөдлөх хөрөнгөө гуравдагч этгээд “М Д” ХХК-д худалдсан ба уг гэрээгээр үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ болон газрын эзэмших гэрээг “М Д” ХХК-д шилжүүлэхээр тохиролцсон ба үүний дараа гэрээний талуудаас газар эзэмших эрхийг шилжүүлэх тухай хүсэлтийг Газрын албанд гаргаснаар маргаан бүхий акт болох Нийслэлийн Засаг даргын 2006 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн “Газар эзэмшүүлэх, ашиглуулах эрхийн нэр шилжүүлэх тухай” 86 дугаар захирамжаар “З Т” ХХК-ийн эзэмшлийн газраас “М Д” ХХК-д 480 м.кв газрыг шилжүүлэн 15 жилийн хугацаагаар эзэмшүүлсэн  байна.

3. Өмнөх хэсэгт тогтоогдсон үйл баримтыг харьцуулан дүгнэвэл “У” ХХК-ийн 4500 м.кв “Эдэлбэр газрын хэмжээг тогтоосон акт”-ын үйлчлэх хугацаа буюу газар ашиглах хугацаа нь 1999 оны 05 дугаар сарын 06-ны өдөр дуусгавар болсноос хойш 01 сар 01 хоногийн дараа “Х Б” ХХК нь “У” ХХК-ийн үл хөдлөх хөрөнгийг /1999 оны 06 дугаар сарын 07-ны өдөр/ өөртөө шилжүүлэн авсан ба өөрөөр хэлбэл “Х Б” ХХК уг үл хөдлөх хөрөнгийг өөртөө шилжүүлэн авах үед “У” ХХК-иас газрын харилцаа эрхэлсэн төрийн захиргааны байгууллагатай газар ашиглахтай холбогдон үүссэн эрх зүйн харилцаа нь Газрын тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1-д “газар эзэмших эрхийн гэрчилгээ болон газар эзэмших гэрээний хугацаа дуусахад сунгуулах хүсэлт гаргаагүй”, 47 дугаар зүйлийн 47.1-д “Газар эзэмших, ашиглах эрх дуусгавар болоход хууль болон гэрээнд өөрөөр заагаагүй бол уг газар дээрх барилга байгууламж, бусад эд хөрөнгө өмчлөгч этгээдийн тэрхүү эд хөрөнгөө тухайн газар дээр ашиглах эрх дуусгавар болно” гэж тус тус заасан дагуу дуусгавар болсон байжээ.

“Т Б” ХХК нь газар ашиглах, эзэмших эрхийн зөрчилтэй буюу “тухайн газар дээр ашиглах эрх нь хуульд зааснаар дуусгавар болсон” үл хөдлөх хөрөнгийг “Х Б” ХХК-иас шилжүүлэн авсан бөгөөд ийнхүү авахдаа байгуулсан 2014 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн №84/2014БЭХА/129 “Үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийг шилжүүлэх гэрээ”-ний 2-ийн “Дээрх үл хөдлөх хөрөнгийн өмчлөх эрхийг шилжүүлсэнтэй холбогдуулан уг үл хөдлөх хөрөнгийн газар эзэмших эрхийг Эрх шилжүүлэн авагчийн эзэмшилд гэрээгээр шилжүүлнэ” гэх заалтыг хэрэгжүүлэх талаар ямар нэг үйлдэл хийгээгүй, газар эзэмших талаар хүсэлтийг гаргаж байгаагүй болох нь нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан “... “Т Б” газар эзэмших хүсэлтийг гаргаж байгаагүй” гэх тайлбараар тогтоогддог ба нэхэмжлэгчээс дээрх гэрээний заалтын дагуу газар эзэмших эрхийг шилжүүлэн авахаар шаардсан бол “Х Б” ХХК-ийн газар эзэмших, ашиглах эрхийн зөрчлийг мэдэх, улмаар Газрын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.2-т “Эрхийн гэрчилгээг шилжүүлэх хүсэлтийг талууд гаргах...” гэж заасны дагуу газар эзэмших хүсэлтийг Нийслэлийн Газрын албанд гарган шийдвэрлүүлэх боломжтой байжээ.

Мөн “Х Б” ХХК нь газар ашиглах эрхийн хугацаа дууссан объектыг өөртөө шилжүүлэн авснаас хойш 3 сар 14 хоногийн дараа гуравдагч этгээд “М Д” ХХК нь үл хөдлөх хөрөнгийг “З Т” ХХК-иас худалдан авсан ба “нэгэнт уг газар дээрх барилга байгууламжийн өмчлөгч этгээдийн тэрхүү эд хөрөнгөө тухайн газар дээр ашиглах эрх нь дуусгавар болсон” нөхцөлд 2006 оны 86 дугаар актыг гарган гуравдагч этгээд “М Д” ХХК-д газар эзэмшүүлсэн /нэхэмжлэгчийг 2014 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр үл хөдлөх хөрөнгийг шилжүүлэн авахаас 07 жил 10 сарын өмнө/ хариуцагчийн үйл ажиллагаа хууль ёсны байх бөгөөд “Т Б” ХХК-ийн “...газар эзэмших эрхтэй, маргаан бүхий нь 2016 оны 86 дугаар захирамжаар манай газар эзэмших хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн” гэж маргасан нь үндэслэлгүй байна. 

Мөн нэхэмжлэгч нь үл хөдлөх хөрөнгийн өмчлөх эрхээ улсын бүртгэлд бүртгүүлж гэрчилгээ авахаар 2014 оны 06 дугаар сарын 03-ны өдөр мэдүүлгийг  Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн хуулийн 13 дугаар зүйлийн 13.5-д “Мэдүүлэгт энэ хуулийн 17.1-д заасан зүйлийг тусгах бөгөөд дараахь баримт бичгийг хавсаргана”, 13.5.4-т “газар эзэмших, ашиглах эрхийн гэрээ болон гэрчилгээний хуулбар” гэж заасныг зөрчиж гаргасан, Нийслэлийн улсын бүртгэлийн газрын улсын бүртгэгч нь “газар ашиглах, эзэмших эрхийн гэрчилгээ”-г мэдүүлэгт хавсаргаагүй байхад хуульд зааснаар мэдүүлгийг хүлээн авахаас татгалзалгүйгээр Газрын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.10-д “Иргэн, аж ахуйн нэгж байгууллагын газар эзэмших эрхийн гэрчилгээ нь тухайн газар дээрх тэдгээрийн үл хөдлөх хөрөнгийг улсын бүртгэлд бүртгэх үндэслэл болно” гэж заасныг зөрчин нэхэмжлэгчийн мэдүүлгийг хүлээн авч үл хөдлөх хөрөнгийг Ү-******* дугаар улсын бүртгэлд бүртгэн, ******* дугаар бүхий “Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ”-г   мөн 2014 оны 06 дугаар сарын 03-ны өдөр олгосон нь тогтоогдсон ба өөрөөр хэлбэл нэхэмжлэгчээс хууль зөрчин олж авсан “Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ”-гээ газар эзэмших эрхийн үндэслэл болно гэж тайлбарласан нь мөн үндэслэлгүй юм. 

Маргаан бүхий акт болох хариуцагчийн гаргасан 2006 оны 86 дугаар захирамжийн улмаас нэхэмжлэгч “Т Б” ХХК-ийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн байдал тогтоогдохгүй байх тул “Нийслэлийн Засаг даргын 2006 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн “Газар эзэмшүүлэх, ашиглуулах эрхийн нэр шилжүүлэх тухай” 86 дугаар захирамжийн “М Д” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах” тухай “Т Б” ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

Шүүхээс маргаан бүхий газарт явуулсан үзлэгээр  нэхэмжлэгч болон гуравдагч этгээдийн өмчлөлийн үл хөдлөх хөрөнгө байрших 3 давхар барилгын хойд хэсэг нь “МСРС” ХХК-ийн өмч, барилгын урд хэсгийн зарим хэсэг /1 давхрын урд талын 4 цонхны зүүн талаас эхний 3 цонх, 2 давхрын урд талын 5 цонхны зүүн талын эхний 4 цонх/ нэхэмжлэгчийнх, үлдэх хэсэг нь /1 давхрын урд талын 1 цонх, 2 давхрын урд талын 1 цонх, 3 дугаар давхар бүхэлдээ/ гуравдагч этгээдийн өмчлөлд хамаардаг, барилгын зүүн талын зүүн тийш харсан хаалга нэхэмжлэгч “Т Б” ХХК-ийнх, 1 давхрын урд доголд “М Д” ХХК руу орох хаалга байдаг ба “М Д” ХХК-ийн эзэмшлийн газар дээр нэхэмжлэгчийн үл хөдлөх хөрөнгө байрлаж байгаа нь, уг 3 давхар объектыг дээрх хуулийн этгээдүүд дундаа хэсгээр өмчилдөг болох нь тогтоогдсон ба энэ талаар хэргийн оролцогчид хэн аль маргаагүйг, шүүхээс хэрэгт хамааралгүй, ач холбогдолгүй болон нотлох баримтын шаардлага хангаагүй зарим баримтуудыг үнэлээгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.

 

                Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.2, 106.3.14 дахь зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Газрын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.2, 47 дугаар зүйлийн 47.1 дэх зүйлүүдэд заасныг баримтлан Нийслэлийн Засаг даргад холбогдуулан гаргасан “Нийслэлийн Засаг даргын 2006 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн “Газар эзэмшүүлэх, ашиглуулах эрхийн нэр шилжүүлэх тухай” 86 дугаар захирамжийн “М Д” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах, газар эзэмших эрхээ сэргээлгэх” тухай “Т Б” ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй  болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1 дэх зүйлүүдэд заасныг баримтлан нэхэмжлэгч “Т Б” ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 /далан мянга хоёр зуун/ төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх зүйлд зааснаар шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөч 14 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                             С.ОТГОНТУЯА