Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 03 сарын 13 өдөр

Дугаар 707

 

 

Д.Норжинсүрэнгийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Туяа даргалж, шүүгч Б.Нармандах, Д.Дэлгэрцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2016 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 181/ШШ2016/01553 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч Д.Норжинсүрэнгийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч С.Мөнхзулд холбогдох

 

Гэрээний үүрэгт 10 000 000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг,

 

Хариуцагч С.Мөнхзулын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн,

шүүгч Д.Дэлгэрцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч В.Батсайхан,

Хариуцагч С.Мөнхзул,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Цолмон нар оролцов.

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Д.Норжинсүрэн нь С.Мөнхзулд 14-47 УНХ улсын дугаартай “Тоёота премио” маркийн тээврийн хэрэгслийг 9 000 000 төгрөгөөр харилцан тохиролцож худалдсан бөгөөд төлбөрийг 2015 оны 4 дүгээр сарын 15-ны өдөр бүрэн төлж барагдуулах тухай хэлцэл хийсэн боловч хариуцагч нь өнөөг хүртэл гэрээний үүргээ биелүүлээгүй байх тул 10 000 000 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 10 000 000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй. В.Батсайхан нь миний дээр шилжүүлж автомашиныг зардаг байсан. “Тоёота премио” маркийн автомашиныг миний нэр дээр шилжүүлж зарж өгөөч гэсэн ч зарагдаагүй. Би В.Батсайханаас автомашин зарахад гарсан угаалгах, гараашид тавьсан зардлаа нэхээгүй. Надтай хамтран ажиллаж байсан хүмүүс 2016 оны 4 дүгээр сарын 05-ны өдрийн дотор мөнгө өгнө гэсэн тул 2016 оны 4 дүгээр сарын 15-ны дотор төлнө гэсэн бичиг хийж өгсөн гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч С.Мөнхзулаас 9 000 000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Д.Норжинсүрэнд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдсэн 1 000 000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зйүлйин 56.2, 57 дугаар зүйлийн 57.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх заалтад зааснаар нэхэмжлэгч Д.Норжинсүрэнгийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 174 950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч С.Мөнхзулаас улсын тэмдэгтийн хураамжид 158 950 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Д.Норжинсүрэнд олгож шийдвэрлэжээ.

 

Хариуцагч С.Мөнхзул давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Миний бие шүүх хуралдаанд Монгол Улсын Үндсэн хуульд заасан өөрийгөө өмгөөлөх, хууль зүйн туслалцаа авах эрхээ эдэлж чадаагүй. Анхан шатны шүүх хуралдаанд хууль зүйн туслалцаа, өмгөөллийн үйлчилгээ авч шүүх хуралдааныг тодорхой хугацаагаар хойшлуулах тухай хүсэлтийг гаргасан боловч шүүх хүсэлтийг хангахгүйгээр шүүх хуралдааныг үргэлжүүлсэн нь хууль туслалцаа авах эрхийг зөрчсөн. Мөн уг хүсэлтийг хэлэлцсэн тухай шүүх хуралдааны тэмдэглэлд тусгаснаа шүүхийн шийдвэрт бичигдээгүй, хүсэлт хэлэлцсэн шүүгчийн захирамж хэрэгт авагдаагүй. Дээрх үндэслэлүүдээр миний хуулиар олгогдсон эрх зөрчигдсөн ба шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчсөн байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр буцааж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөнөөс шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй байна.

 

            Нэхэмжлэгч Д.Норжинсүрэн нь хариуцагч С.Мөнхзулд холбогдуулан гэрээний үүргийн гүйцэтгэлд 10 000 000 төгрөгийг гаргуулахаар шаардсаныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

Хариуцагч С.Мөнхзул нь 2016 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн шүүх хуралдаанд өмгөөлөгч авах тухай хүсэлт гаргасан боловч шүүх 2016 оны 10 дугаар сарын 24-ний өдрөөс 2016 оны 12 дугаар сарын 14-ний өдөр хүртэл 2 сарын хугацаа өнгөрсөн тул шүүх хуралдаанд өмгөөлөгч авах тухай хүсэлт гаргаж байгаа нь хүндэтгэн үзэх шалтгаангүй гэж үзэж хүсэлтийг хангахгүй орхиж хэргийг шийдвэрлэсэн байна.                                                                        

                                                                                                 /хэргийн 23-24 дүгээр тал/

 

Хариуцагч нь хүсэлтийн үндэслэлээ “нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй, өвчтэй хүн асарч байсны улмаас хууль эрх зүйн туслалцаа авч чадаагүй” гэж тайлбарласан байтал шүүх уг хүсэлтийг үндэслэлгүй гэж шийдвэрлэсэн нь учир дутагдалтай болжээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.3-т зааснаар хэргийн оролцогч “...шүүх хуралдааныг хуульд заасан үндэслэлээр хойшлуулах тухай хүсэлт гаргах” эрхтэй бөгөөд хуульд заасан эрхийнхээ хүрээнд дээрх хүсэлтийг гаргасан байхад шүүх хүндэтгэн үзэх шалтгааныг судалж үзэхгүйгээр хэргийг шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсгийн “иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаа нь эрх тэгш байх зарчимд үндэслэн явагдана”, 6 дугаар зүйлийн 6.1 дэх хэсгийн “хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг мэтгэлцэх үндсэн дээр хэрэгжүүлнэ” гэж заасныг зөрчсөн байна.

 

Иймд хариуцагчийн давж заалдах гомдол үндэслэлтэй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.3-т заасан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.3-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 181/ШШ2016/01553 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч С.Мөнхзулын давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 158 950 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

                         ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                     Т.ТУЯА

 

 

                                         ШҮҮГЧИД                                      Б.НАРМАНДАХ

 

 

                                                                                                Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ