Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2018 оны 09 сарын 27 өдөр

Дугаар 001/ХТ2018/01264

 

 “Н” ХХК, С.М нарын

 нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

    Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Г.Алтанчимэг, Б.Ундрах, Д.Цолмон, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн          

         2017 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 102/ШШ2017/03352 дугаар шийдвэр,

    Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 

         2018 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн 846 дугаар магадлалтай,

         Нэхэмжлэгч: “Н” ХХК,

         Нэхэмжлэгч: С.М нарын

         Хариуцагч: С.Т

         Хариуцагч: Ж.Б нарт холбогдох

    Үндсэн нэхэмжлэл: С.Тгаас 320 300 000 төгрөг гаргуулах, 2016-07- 04-ний өдөр зарлан хуралдуулсан ээлжит бус хурлыг хууль бус болохыг тогтоон, хурлын шийдвэрийг хүчингүй болгуулах, хувьцаа эзэмшигчдийн хувьцааны эрхийг буцаан шилжүүлэх, 2014-02-24-ний өдрийн Н ХХК-ийн хувьцаа эзэмшигчдийн хооронд байгуулсан гурван талт зөвшилцлийн гэрээний 1.1-д заасан ...ам.доллароос буулгахгүй байх... 1.2-т заасан ...ам.доллароос багагүй байх... гэсэн болзол нь Иргэний хуулийн 45.1 дэх хэсэгт заасан хуульд харшилсан хүчин төгөлдөр бус болохыг тогтоох, мөн гэрээний   2.1-д ...урьдчилгаа төлбөр хийгдсэн үед... гэсэн болзол Иргэний хуулийн 46 дугаар зүйлийн 46.3 дахь хэсэгт заасны дагуу хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгох тухай,

         Сөрөг нэхэмжлэл: С.М холбогдох гүйцэтгэх захирлын бүрэн эрх дуусгавар болсныг тогтоолгох тухай иргэний хэргийг

          Хариуцагч С.Тгийн хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч  Б.Ундрахын илтгэснээр хянан хэлэлцэв.

         Шүүх хуралдаанд: Эрх залгамжлагч М.Б, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ц.Ш, хариуцагч С.Т, түүний өмгөөлөгч Б.Э, хариуцагч Ж.Бын төлөөлөгч С.Б, нарийн бичгийн даргад Г.Наранхүү нар оролцов.

         Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: С.Тгийн нэхэмжлэлтэй, Н ХХК-д холбогдох үүрэгт 1, 5 сая  ам.доллар  гаргуулах  иргэний хэргийг Сүхбаатар дүүргийн шүүх 2013-09-26-ны өдөр зохигчдын эвлэрлийг баталж 1772 дугаартай захирамж гарсан. Уг захирамжийн дагуу Н ХХК-ийн өмнөөс 330 300 000 төгрөгийг С.Тд өгсөн. Шүүхийн 2013 оны 1772 дугаар захирамж 2014-09-17-ны өдөр 8376 дугаар захирамжаар хүчингүй болсон. Өөрөөр хэлбэл, С.Т хууль бусаар 330 300 000 төгрөг авсан бөгөөд 2015-02- 24-ний өдрийн гурван талт гэрээний хавсралтаар тогтоогдож байгаа. Иймд уг мөнгийг улсын тэмдэгтийн хураамжийн хамт  нийт 332 109 450 төгрөгийг С.Тгаас гаргуулж өгнө үү. Н ХХК нь 3 гишүүнтэй 2009 онд шинэчлэн байгуулагдаж иргэн С.Т, Ж.Б нар тус бүр 33,33 хувийн хувьцааг, миний бие 33,34 хувийн хувьцааг эзэмшиж, гүйцэтгэх захирлаар ажиллаж байна. Компанийн гүйцэтгэх захирлын хувьд хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурлыг 2 удаа зарласан боловч эхний удаа хуралдаанд ирээгүй. 2 дахь удаа дахин зарлан 100 хувийн ирцтэй эхэлсэн ч хэлэлцэх асуудлын 1 дэх хэсгийн үед С.Т, Ж.Б нар хурал  үймүүлж орхиж  явсан. Гэтэл С.Т, Ж.Б нар Компанийн тухай хуулийн 61.1.2-р хувьцаа эзэмшигч нар ээлжит бус хурал хуралдуулах санал шаардлага гаргах эрхтэй боловч хурлын тов зарлах эрхгүй, 61.4-р компанийн гүйцэтгэх удирдлага ээлжит бус хурал хуралдуулах эсэх талаар ажлын 10 хоногт багтаан шийдвэр гаргана гэнийг зөрчиж, 2016-06-29-нд ээлжит бус хурал хуралдуулах шийдвэр гаргаж, 2016-07- 04-ний өдөр хуралдаж, гүйцэтгэх захирлаар С.Тг томилсон. Иймд уг шийдвэрийг хүчингүй болгоно уу. Хувьцаа эзэмшигч нар хөрөнгө оруулалтаа хугацаанд нь хийдэггүй, үүнээс гарах хохирлыг мэдсээр байж төлбөрөө төлдөггүй. Удаа дараа хууль бус аргаар компанийн эрхийг авч, компанийг зарж борлуулах гэж хууль зөрчиж дарамталж байна. Иймд хариуцагч нарын  хувьцааны эрхийг С.М надад шилжүүлнэ үү. Н ХХК-ийн хувьцаа эзэмшигч нар 2015-02- 24-ний өдөр Гурван талт зөвшилцлийн гэрээг байгуулсан. Гэрээний гол нөхцөл нь С.Т, Ж.Б нар надад өгөх мөнгөн хөрөнгө болон компанийн хэвийн үйл ажиллагаа 2015 он хүртэл зарцуулсан мөнгөн хөрөнгийг хэрхэн барагдуулахыг зохицуулсан.. Учир нь 2015 он хүртэл 6364А, 7700А тоот ашигт малтмалын тусгай зөвшөөрлүүдтэй холбоотой бүхий л зардлыг өөрийн бусад хөрөнгөнөөс төлсөн. Хариуцагч нар нэг ч төгрөг төлөөгүйгээ хүлээн зөвшөөрсөн ба хөрөнгө оруулагч байна, хөрөнгө оруулалтыг хурдан босгож компанийг хэвийн үйл ажиллагаанд оруулна, шүүх дээрх маргаануудаас болж ажил явагдахгүй байна гэж гэрээ байгуулахыг шаардсан. С.Тг 500 000 ам.долларын хөрөнгө оруулалт хийснийг үгүйсгээгүй боловч 33.3 хувийн хувьцааг уг хөрөнгөөр худалдан авч хувьцаа эзэмшигч болсон, эрүүл мэндийн байдлыг нь харгалзан өрөвдөж гэрээг байгуулсан. Хариуцагч нар гэрээний 1.1-д алтны үндсэн орд газарт гадаад, дотоодын хөрөнгө оруулалт орох тохиолдолд хөрөнгө оруулагч талд хувьцаа эзэмшигчдийн хувьцаа нийлбэрээр 70-80 хувийг шилжүүлэн өгөх бол доод үнийг ...ам.доллароос буулгахгүй байх, 1.2-т ...хэрвээ хөрөнгө оруулагч талын хүсэлтээр хувьцаа эзэмшигчид хувьцаагаа 100 хувь шилжүүлэх тохиолдолд нийт хувьцааны доод үнийг ...ам.доллароос багагүй байх гэсэн болзлыг тавьсан. Уг заалтад “...ам.доллароос буулгахгүй байх...”-г заасан нь  Төлбөр тооцоог үндэсний мөнгөн тэмдэгтээр гүйцэтгэх тухай хуулийн 4.1, 4.4-г зөрчсөн. Тухайн үед үйлчилж байсан Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 4.1.2-, 4.1.4 болон Иргэний хуулийн 84.5-с үзвэл барааны үнийг ам.доллараар илэрхийлэх нь хуульд харшилж байна.  Гэрээний 1.1, 1.2-т заасан нөхцөл нь  биелэгдэхгүй гэдэг нь ойлгомжтой бөгөөд гэрээний 2.1.-н заалт нь  Иргэний хуулийн  46.3, 189.1, 45.1-р  хуульд харшилсан. Гэрээний  2.1-т ...Урьдчилгаа төлбөр хийгдсэн үед... гэсэн болзол нь Иргэний хуулийн 46.3-т заасны дагуу хүчин төгөлдөр бус юм. Иймд нэхэмжлэлийг хангаж өгнө үү гэжээ. 

     Хариуцагч С.Т хариу тайлбартаа: 320,300,000 төгрөгийн шаардлагыг зөвшөөрөхгүй. Н ХХК-ийн хувьцаа эзэмшигч нарын хооронд байгуулсан 2015-02- 24-ний өдрийн Гурван талт зөвшилцлийн гэрээний 2.3-т заасан. Гэрээ байгуулснаас хойш хувьцаа эзэмшигч нар нь хөрөнгө оруулалт буцаах болон хувьцааны эзэмшлийн талаар маргаан гаргахгүй ба шүүх дээр байгаа нэхэмжлэл, сөрөг нэхэмжлэлээс С.Т, С.М нар ажлын 5 хоногийн дотор татгалзах бөгөөд цаашид дахин маргаан гаргахгүй байх үүргийг хүлээхээр тохирсон. Гэрээний 2.1-д  Урьдчилгаа төлбөр хийгдсэн үед хувьцаа эзэмшигч нар хамгийн түрүүнд хоорондын тооцоогоо үл маргах журмаар барагдуулах гэсэн заалтыг зөрчиж шүүхэд нэхэмжлэл гаргасан байх тул С.Мийн нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй.  Гурван талт зөвшилцлийн гэрээ  гэрээний 1.1-т компанийн эзэмшлийн  6364А, 7700А дугаар лицензтэй алтны үндсэн орд газарт гадаад, дотоодын хөрөнгө оруулалт орох тохиолдолд хөрөнгө оруулагч талд хувьцаа эзэмшигчдийн хувьцааг нийлбэрээр нь 70-80 хувийг шилжүүлэн өгөх бол доод үнийг 3сая ам.доллароос буулгахгүй байх, 1.2-т хөрөнгө оруулагч талын хүсэлтээр хувьцаа эзэмшигчид хувьцаагаа 100 хувь шилжүүлэх тохиолдолд нийт хувьцааны доод үнийг 6 сая ам.доллароос багагүй байх, 1.5-т гэрээний 1.1, 1.2 дахь хэсэгт заасан нөхцлийн аль нэгээр нь хөрөнгө оруулагч талд хувьцаа шилжих тохиолдолд гэрээний нийт үнийн дүнгийн 30-аас доошгүй хувийг урьдчилгаа төлбөр байдлаар хувьцаа эзэмшигч нар дундын данс нээлгэн шилжүүлэн авсан нөхцөлийг баримталж, энэ нөхцөл хаагдсанаар хувьцаа худалдах-худалдан авах болон компанийн эрх шилжүүлэх ажиллагааг эхлүүлнэ, 2.1-д Урьдчилгаа төлбөр хийгдсэн үед хувьцаа эзэмшигч нар хамгийн түрүүнд хоорондын тооцоогоо үл маргах журмаар барагдуулах гэж тохиролцсон. Иймд гэрээний дагуу Н ХХК-д гадаад, дотоодын хөрөнгө оруулалт орж, хөрөнгө оруулалтын урьдчилгаа төлбөр хийгдсэн нөхцөлд л Гурван талт зөвшилцлийн гэрээний хавсралт 1-д заасан 320.300.000 төгрөгийг төлөх юм. Компанийн тухай хууль, Н ХХК-ийн дүрэмд зааснаар хувьцааны эрхээ хэнд, яаж шилжүүлэх нь зөвхөн хувьцаа эзэмшигч нарт байдаг эрх учир тус компанийн хувьцааг С.М хүчээр шилжүүлэн авах хууль зүйн үндэслэлгүй.С.М нь гүйцэтгэх захирлаар 2010-06- дугаар сараас  ажилласан 6 жилийн хугацаанд Компанийн тухай хууль, компанийн дүрэмд зааснаар гүйцэтгэх захирлын эрх хэмжээг удаа дараа хэтрүүлж,  их хэмжээний  хохирол учруулсанас гадна  хувьцаа эзэмшигч нарт нэг ч удаа санхүүгийн болон үйл ажиллагааны тайлан тавьж байгаагүй, ногдол ашиг хуваарилж байгаагүй. Бид 2016 оны 6 дугаар сард ээлжит бус хурал хуралдуулах шаардлагыг Компанийн тухай хуульд заасан журмын дагуу хүргүүлсэн ч  эсэргүүцсэн тул  бид  ээлжит бус хурлыг хуралдуулах шийдвэр гаргаж, хурлаа хийж, шийдвэр гаргасан.С.Мийн  гүйцэтгэх захирлын бүрэн эрх Компанийн тухай хуулийн 59.5 дахь хэсэгт зааснаар 2011-05- 01-ний өдрөөр дуусгавар болох ёстой. Иймд нэхэмжлэлийн энэ шаардлагыг зөвшөөрөхгүй. Нэхэмжлэгчийн болзол тавьсан хэлцлийн талаар гэрээний зарим заалтуудыг хүчин төгөлдөр бусд тооцуулах тухай шаардлагыг зөвшөөрөхгүй. Гэрээнд заасан 3 сая ам.доллар болон 5 сая ам.доллар дээр ярьж байна. ИХШХШТХ-ийн дагуу тэмдэгтийн хураамж төлөх шаардлагыг тавьдаг. Энэ хэмжээнд тохируулж улсын тэмдэгтийн хураамжийг төлөөгүй байхад  шүүх нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах стой байсан. Нэхэмжлэгчийн шаардаж байгаа 320 300 000 төгрөгийг төлнө, гэхдээ уг мөнгийг хэн авах нь тодорхойгүй нөхцөлд буцаан төлөхгүй гэжээ.

         Хариуцагч Ж.Бын төлөөлөгч хариу тайлбартаа: 2016-06-14-ний өдөр хувьцаа эзэмшигч нар ээлжит бус хурлыг хуралдуулах талаар саналаа гүйцэтгэх захирал С.Мид хүргүүлсэн. Хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурал нь тус компанийн хувьцаа эзэмшигчдийн 2/3 нь оролцсон тохиолдолд хүчин төгөлдөр болох байсан.  2010-06- 20-ны өдөр хувьцаа эзэмшигчдийн хооронд байгуулсан гэрээ хүчин төгөлдөр байна. Ямар нэг байдлаар хөрөнгө оруулалт оруулаагүй гэдэг үндэслэлээр компанийн дүрэмд өөрчлөлт хийгээгүй, компанийн хувьцаа эзэмшигчдийн хоорондын гэрээг хүчин төгөлдөр байгаа тохиолдолд хариуцагчийн 33,33 хувийн хувьцааг авна гэдэг нь хууль зүйн үндэслэлгүй. Ашиглалтын тусгай зөвшөөрөл бүхий 2 талбайд хөрөнгө оруулсан гэдэг асуудал яригдаж байна. Энэ талбайг ашиглаад ямар ашигтай ажилласан, ямар ногдол ашиг хүртээсэн талаар хэрэгт баримт байхгүй. С.М Н ХХК-ийг төлөөлж байгаа. Маргаж буй асуудлыг иргэнийхээ хувьд нэхэмжлэл гаргаж байгаа. Урьд нь шүүхээс шийдсэн асуудлын талаар 3 хувьцаа эзэмшигч харилцан тохиролцож хийсэн гэрээ юм. Гуравдагч этгээдэд бүтнээр нь худалдахгүй, хувьцаагаа хэсэгчлэн 70-80 хувийг тодорхой хэмжээнээс буулгахгүй тохиролцоо яригддаг. 33.33 хувийн хувьцаагаа шаардах эрх байгаа эсэх нь маргааны өөр нэг төрөл юм.  Өнөөдрийн байдлаар эзэмшиж байгаа хувьцаагаа гуравдагч этгээдэд зарах эрх нээгдсэн байдаг. Шүүх дээр маргаан байгаагаас зарах боломж хаагдсан.

        Хариуцагч нар шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ: С.М нь Н ХХК-ийн гүйцэтгэх захирлаар 2010-06-р сараас 2016-07 сар хүртэл 6 жил ажиллахдаа Компанийн тухай хууль, компанийн дүрэмд заасан гүйцэтгэх захирлын эрх хэмжээг удаа дараа хэтрүүлэн, хувьцаа эзэмшигчдийн хурлын шийдвэргүйгээр компанийн эзэмшлийн 6364А, 7700А лицензтэй талбайд дураараа олборлолт явуулж, олборлосон алтыг хувьдаа авах, бусад аж ахуйн нэгж компанитай  гэрээг байгуулж эрх хэмжээгээ хэтрүүлж, их хэмжээний мөнгө хувьдаа авч завшиж хохирол учруулсан. Хувьцаа эзэмшигч нарт нэг ч удаа санхүүгийн болон үйл ажиллагааны тайлан тавиагүй, ногдол ашиг хувиарлаж байгаагүй. 2016 оны 6 дугаар сард ээлжит бус хурал хуралдуулах шаардлагыг Компанийн тухай хуульд заасан журмын дагуу хүргүүлсэн ч эсэргүүцсэн мэдэгдэл ирүүлсэн. Иймд ээлжит бус хурлыг хуралдуулах шийдвэр гаргаж, хурлаа хийж шийдвэрээ гаргасан нь хууль зөрчөөгүй. Ээлжит хурлыг Компанийн тухай хуульд заасан хугацаанд зарлаагүй олон жил болсон учир гүйцэтгэх захирлын бүрэн эрх нь Компанийн тухай хуулийн 59.5-р 2011-05- 01-ний өдрөөр дуусгавар болох ёстой. Тиймээс 2014-11- 14-ний өдөр ээлжит бус хурал хийж гүйцэтгэх удирдлагыг сольсон. Үүнийг эсэргүүцэж С.М шүүхэд нэхэмжлэл гаргасан боловч нэхэмжлэлээсээ татгалзаж Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн шүүгчийн 2015 оны 102/ШШ2015/02182 дугаар захирамж гарсан. Тиймээс Н ХХК-ийн хувьцаа эзэмшигчдийн 2014 -11- 14-ний өдрийн ээлжит бус хурал, түүний шийдвэр хүчинтэй хэвээр байгаа. С.М урьдын адил хууль зөрчсөөр, маргаан үргэлжилсээр байсан тул  2016-04- 29-ний өдөр хувьцаа эзэмшигчдийн хурлыг 2016-05-06-ны өдөр хийх болж, ойрын үед хийх ажлын талаар ярилцана гэсэн мэдэгдэл ирүүлсэн.  Компанийн тухай хуулийн 59.11-р хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурлаар уг хуулийн 62.1.9-д заасан асуудлыг заавал хэлэлцэнэ. Бид компанийн тайлант жилийн үйл ажиллагааны болон санхүүгийн тайланг л хэлэлцэхийг хүссэн. Ээлжит бус хурлыг 2016-07-04-ний өдөр хуралдуулахаар шийдвэр гаргаж, үүнийг 2016-06-29-ний өдөр С.Мид хүргүүлсэнч тэрээр ээлжит бус хуралд  ирээгүй. Тиймээс Ж.Б, С.Т нар 2016-07-04-ний өдрийн ээлжит бус хурлыг хуульд заасны дагуу хуралдуулж, хуралд оролцсон хувьцаа эзэмшигчдийн 100 хувийн саналаар хувьцаа эзэмшигч С.Тг гүйцэтгэх захирлаар сонгосон. Иймд  С.Мийн гүйцэтгэх захирлын бүрэн эрх дуусгавар болсон-ыг тогтоож өгнө үү гэжээ.

       Нэхэмжлэгч С.М сөрөг нэхэмжлэлд гаргасан хариу тайлбартаа: Өнгөрсөн 6 жилийн хугацаанд ямар нэгэн зөрчил гаргасан, эрх мэдлээ хэтрүүлэн ашигласан зүйлгүй.  Энэ гүтгэлэгт ямар нэгэн буруугүй болохыг тогтоож Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн 2015 оны  102/ШШ2015/02182 дугаар бүхий захирамж, тус шийдвэрийн дагуу хувьцаа эзэмшигч нарын баталгаажсан Гурван талт зөвшилцлийн гэрээнд тодорхой байгаа. Уг гэрээ нь компанид үүссэн нөхцөл байдлыг үнэн зөвөөр дүгнэж 3 хувьцаа эзэмшигч харилцан зөвшилцөж баталгаажуулсан хүчин төгөлдөр баримт юм.  Энэ бүх үйлдэл гэрээгээр хүлээсэн өр төлбөрөө төлөхгүйн тулд компаний эрх мэдлийг авах, улмаар зарах санаа юм. С.М нь дураараа алт олборлолт огт явуулаагүй, 1 грамм ч алт тушааж үзээгүй. Заамар Хаан ХХК, Нью Перл ХХК-тай байгуулсан гэрээг хувьцаа эзэмшигч нар гурвуулаа зөвшөөрч баталгаажуулсан. Заамар Хаан ХХК-иас орсон 320 300 000 төгрөгийг С.Т ганцаараа авч хэрэглэж компанийг их хэмжээний хохиролд оруулаад байна. Дээр нь С.Моос 10 сая төгрөгийг нэмж авч эмчилгээнд явж ирээд бүгдийг буцаан төлнө гэсэн боловч өдийг хүртэл төлж барагдуулаагүй байгаа.  С.Т команид их хэмжээний хохиролд оруулсан нь баримтаар батлагдана. Хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурлыг зарлаагүй олон жил явсан болохоор гүйцэтгэх захирлын бүрэн эрх нь Компанийн тухай хуулийн 59.5 дахь хэсэгт зааснаар 2011-05-01-ний өдрөөр дуусгавар болох ёстой гэжээ. Энэ нь ор үндэсгүй худал зүйл. Үе үеийн хурлын протоколууд байгаа. Үүнийг ихэнх тохиолдолд С.Т өөрөө бичиж хөтөлсөн. Бид хурлыг хангалттай хийдэг байсан, хурал болгонд хөрөнгө оруулалт, төлбөр тооцооны тухай хэлэлцдэг ч хувьцаа эзэмшигч нар төлбөр тооцоог хийдэггүй. Ээлжит хурлыг 2016 он гарснаас хойш 3 удаа зарлаж байсан. 2016-02- 25-нд хувьцаа эзэмшигч нарын хурал зарласан боловч Ж.Б хуралдаа ирээгүй, С.Т нь үл таних хүнтэй хамт ирж хурал үймүүлж, хуралдуулахгүй байх зорилгоо биелүүлсэн. 2016-04- 29-ний өдөр зар хүргүүлсэн боловч хувьцаа эзэмшигч нар ирээгүй. Хувьцаа эзэмшигч нар Компанийн тухай хуулийн 61.1.2-д зааснаар ээлжит бус хурал хуралдуулах санал, шаардлага гаргах эрхтэй ч хурлын тов зарлах эрхгүй, 61.4-т зааснаар компанийн гүйцэтгэх удирдлага ээлжит бус хурал хуралдуулах эсэх талаар ажлын 10 хоногт багтаан шийдвэр гаргана гэж заасныг зөрчиж 2016-06-  29-ний өдөр Компанийн тухай  хуулийн 61.4-т заасныг зөрчиж 2016-07- 04-ний өдөр хуралдаж гүйцэтгэх захирал миний шийдвэргүйгээр ээлжит бус хурал хуралдуулах шийдвэр гарган хуралдаж гүйцэтгэх захирлаар С.Т өөрийгөө томилсон нь хүчин төгөлдөр бус юм. 2016-06-29-ний өдөр шаардлага хүргүүлсэн нь Сонгуулийн тухай хуулинд зааснаар бүх нийтийн амралтын өдөр байх тул 30-ны өдөр хүлээн авснаар тооцоход 2016 -07- 21-ний өдөр гүйцэтгэх удирдлагын шийдвэр гаргах хуулийн хугацаа дуусах байсан. Гэтэл 2016-07- 04-ний өдөр 14 цагт хууль бусаар ээлжит бус хурал хуралдуулсан хуульд нийцэхгүй, шийдвэрийг эрх бүхий этгээд гаргасан гэж үзэх хууль зүйн үндэслэлгүй. Иймд сөрөг нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй гэжээ.

       Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 102/ШШ2017/03352 дугаар шийдвэрээр Компанийн тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.5, 70 дугаар зүйлийн 70.1.1-д заасныг баримтлан Н ХХК-ийн 2016 оны 7 дугаар сарын 04-ний өдрийн хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлын шийдвэрийг хүчингүй болгож, Иргэний хуулийн 45 дугаар зүйлийн 45.1, 46 дугаар зүйлийн 46.3, 476 дугаар зүйлийн 476.1, 205 дугаар зүйлийн 205.1, 492 дугаар зүйлийн 492.1.1-д заасан үндэслэлгүй тул нэхэмжлэлийг үлдэх шаардлагыг сөрөг нэхэмжлэлийн хамт  хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсгүүдэд заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн нийт 2 020 050 төгрөгийг, хариуцагчаас сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргахад төлсөн 70 200 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч нараас 70 200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэсэн байна.

        Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн 846 дугаар магадлалаар Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 102/ШШ2017/03352 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаажээ.

        Хариуцагч С.Т хяналтын журмаар гаргасан гомдолдоо: “...хариуцагч нарын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн, Компанийн тухай хуулийн хэрэглэх ёстой заалтыг хэрэглээгүй, техникийн шинжтэй алдааг залруулах боломж байхад  “үл ялиг” шалтаг заан хэргийг анхан шатны шийдвэрийг хүчингүй болгож,  дахин хэлэлцүүлэхээр буцаасан нь компанийн хувьцаа эзэмшигчдийн төдийгүй, компанийн эрх ашиг ноцтой зөрчиж байна. 1/. Анхан шатны шүүх 2016-07- 04-ний өдрийн хурал, хурлаас гарсан шийдвэрийг хүчингүй болгохдоо Компанийн тухай хуулийн 59.5, 59.4-г зөрчсөн. 2011-2016 оны компанийн ээлжит хурлыг зарлан хуралдуулаагүй “С.Мийн гүйцэтгэх захирлын бүрэн эрх дуусгавар болсныг тогтоолгох тухай” сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ Компанийн тухай хуульд заасан хувьцаа эзэмшигчдийн “ээлжит хурал” гэсэн ойлголтыг  өөрөөр ойлгосон нь илт харагдаж байсан. Компанийн “ээлжит хурал”: санхүүгийн жил дууссанаас хойш 4 сарын дотор хуралдах ёстой, түүгээр компанийн өмнөх жилийн санхүүгийн тайланг “заавал хэлэлцэх” ёстой, “урд онуудад” тус компанид гарсан зардлууд”-ыг хэлэлцэх албагүй, гэсэн хуулийн заалтуудыг анхан шатны шүүх уншаагүй, мэдэхгүй гэдэгт итгэхгүй байна. Нягтлан бодох бүртгэлийн хууль, хууль тогтоомжийн бусад акт, олон улсын стандартын дагуу гаргасан тайланг санхүүгийн тайлан гэж ойлгох ёстой болохоос биш зөвхөн гарсан зардлын жагсаалтыг санхүүгийн тайлан гэхгүй, санхүүгийн тайлаг тухайн аймаг, хот, сум, дүүргийн санхүүгийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага батлах ёстой, мөн харьяалах татварын албаар энэ нь баталгаажсан, тайланг санхүүгийн тайлан гэж нэрлэх ёстойг шүүх огт ойлгоогүй нь  шийдвэрийнх нь дүгнэлтээс  харагдаж байна. Тийм ч болохоор санхүүгийн жил дууссанаас хойш зарлаж байгаа хурлыг “ээлжит хурал” гэж ойлгож, тэр мэдэгдэлдээ хавсаргасан 2015, 2016 оны “зардлын жагсаалт”-ыг санхүүгийн тайлан гэж ойлгож, 4 сар нь өнгөрчихсөн үе буюу 2016-05- 03-ны өдрийн хурлыг “ээлжит хурал” гэж тодорхойлж, уг ээлжит хурлыг хүчин төгөлдөр гэж дүгнэн шийдвэрээ гаргалаа. 4 сар л өнгөрсөн бол гүйцэтгэх удирдлагын хувьцаа эзэмшигчдийн хурал хуралдуулахаас бусад бүх эрх дуусгавар болно гэдгийг ямар ч эргэлзээ, тээнэгэлзээгүйгээр заасан байхад шүүх Компанийн тухай хуулийн 70.1.1-г зөрчиж ийм шийдвэр гаргалаа. Ээлжит бус хурал хуралдуулах шаардлага гаргах эрхтэй болохоос биш өөрсдөө шийдвэр гаргах эрхгүй гэсэн утга бүхий дүгнэлт гаргасан нь ч хуульд нийцэхгүй байна. Давж заалдах шатны шүүх шийдвэрийн алдааг залруулаагүйгээс хоёр этгээдийн хоорондын мөнгө төгрөгийн асуудлаар компанийг хохирооход хүргэж, компанийн хувь заяаг эрсдэлд орууллаа. Компанийн удирдлага, итгэмжлэлгүйгээр төлөөлөх этгээдийн талаар маргаж байсан нэхэмжлэгч нас барсан, тийм болохоор компанийн гүйцэтгэх удирдлагын асуудлыг ямар нэгэн байдлаар шийдвэрлэхгүй бол компанийн цаашдын хувь заяа мухардмал байдалд орлоо.  Маргааныг нэг тийш болгох боломжтой байхад хэрэглэх ёстой хуулийг хэрэглэж дүгнэлт гаргаагүй нь шүүх өөрөө бусдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн хэрэг болов.  Хувь этгээдүүдийн хоорондын өгөө авааг дахин нэхэмжлэл гаргаж шийдээд явчих боломжтой, анхан шатны шүүхийн шийдвэрт зөрөөтэй бичигдсэн тоон дүнг залруулах эрх нь давж заалдах шатны шүүхэд байсаар байтал маргааныг сунжрууллаа. Иймд  магадлалыг хүчингүй болгож, С.Мийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, сөрөг нэхэмжлэлийг хангаж  өгнө үү  гэжээ.

ХЯНАВАЛ:

       С.Мижиддож 2016-06-22-ны өдөр шүүхэд хандан, С.Тгаас 330,300,000 төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шаардлагаа   нэмэгдүүлж, 2016-07-04-ний өдөр зарлан хуралдуулсан ээлжит бус хурлыг хууль бус болохыг тогтоолгох, хурлын шийдвэрийг хүчингүй болгуулах, хувьцаа эзэмшигчдийн хувьцааны эрхийг буцаан шилжүүлэх, 2014-02-24-ний өдрийн Н ХХК-ийн хувьцаа эзэмшигчдийн хооронд байгуулсан гурван талт зөвшилцлийн гэрээний 1.1-д “...ам.доллароос буулгахгүй байх...” 1.2-т “...ам.доллароос багагүй байх...” 2.1-д “...урьдчилгаа төлбөр хийгдсэн үед...” гэсэн заалт нь хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгох нэхэмжлэлийг С.Т, Ж.Б харт холбогдуулан гаргажээ.

        С.Т, Ж.Б нар 2016-09-19-ний өдөр сөрөг нэхэмжлэл гаргаж, С.М  “Н” ХХК-ийн гүйцэтгэх захирал хийх бүрэн эрхийн хугацаа дуусгавар болсныг тогтоолгохыг хүссэн байна.

       Анхан шатны шүүх Н ХХК-ийн 2016 оны 7 дугаар сарын 04-ний өдрийн хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлын шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн үлдэх шаардлагыг сөрөг нэхэмжлэлийн хамт хэрэгсэхгүй болгожээ. 

        Давж заалдах шатны шүүх шийдвэрийг хянаад хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаасан байна. Магадлалын үндэслэлд “...шийдвэр болон шүүх хуралдааны тэмдэглэлд нэхэмжлэлийн шаардлага, улсын тэмдэгтийн хураамж төлсөн үнийн дүн  зөрүүтэй бичигдсэн нь шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох талаарх ИХШХШТХ-ийн 119.2, 116.2-т нийцэхгүй байна. ...өөрөөр хэлбэл, шийдвэр талуудад танилцуулан сонсгосноос өөр агуулгаар гарсан байна... мөн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 470 дугаар магадлалд заасан ажиллагаа гүйцэд хийгдээгүй буюу бусдын өмнөөс нэхэмжлэл гаргах эрхтэй эсэх агуулгыг тодруулаагүй байна...” гэжээ. 

        Давж заалдах шатны шүүхийн магадлалыг дараах үндэслэлээр хэвээр үлдээх нь зүйтэй гэж  хяналтын шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

        1. Шүүхийн шийдвэрийн “тогтоох” хэсэг нь шүүх хуралдааны тэмдэглэлээс зөрүүтэй бичигдсэн байх тул шийдвэрийг хүчингүй болгохдоо хийсэн давж заалдах шатны шүүхийн дүгнэлт Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 96, 118 дугаар зүйлийн 118.5, 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсгийн зохицуулалтыг зөрчөөгүй байна.

        2. С.Тгаас 320,000,000 төгрөг гаргуулах тухай шаардлагын талаар дүгнэлт хийхдээ анхан шатны шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, шийдвэрт өөрчлөлт оруулах боломжгүй байна.

       а/. Сүхбаатар дүүргийн шүүхийн  2013 оны 9 дүгээр сарын 26-ны өдрийн 1772 дугаар  захирамжийн дагуу шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдаж, төлбөр авагч С.Тд  “Заамар хаан” ХХК, С.М нараас 30,000,000 төгрөг, “Н” ХХК, С.М, Б.Мөнхбат нараас 88,000,000 төгрөг, “Н” ХХК болон Б.Мөнхбатаас 180,300,000 төгрөг, Б.Мөнхбат, “Н” ХХК-иас 12,000,000 төгрөг, С.Моос 10,000,000 төгрөг, нийт 320,300,000 төгрөг олгогдсон талаар анхан шатны шүүх шийдвэртээ дурдсан байна.  

        Гэвч Сүхбаатар дүүргийн шүүхийн 2013 оны 1772 дугаар захирамж Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн шүүгчийн 2014 оны 8376/ч тоот захирамжаар  хүчингүй болжээ.        

       Гүйцэтгэгдсэн шийдвэр хүчингүй болсон бол уг шийдвэрээр төлбөр авагчид олгогдсон хөрөнгийг гаргуулж, төлбөр төлөгчид буцаан олгох, боломжгүй тохиолдолд буцаан олгох үеийн ханшаар хөрөнгийн үнийг тогтоон төлбөр авагчаас төлбөр төлөгчид шилжүүлэх талаар Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд зохицуулсан байна.

       Иймд энэ шаардлагатай холбогдуулан нэхэмжлэгч нар Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад хандаж байсан эсэх, энэ талаар шүүхийн шийдвэр байгаа эсэх, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд уг байгууллагыг татан оролцуулах эсэхийг тодруулах шаардлагатай юм.

        б/. Сүхбаатар дүүргийн шүүхийн 2013 оны  1772 дугаар  захирамжид “Эрдмаш” ХХК, “Н” ХХК-с 1,200,000 ам. доллар гаргуулахаар заасан тул шийдвэр гүйцэтгэх ажиллагаагаар төлбөр төлөгч бус этгээдээс буюу “Заамар хаан” ХХК, С.М, Б.Мөнхбат нар төлбөр төлж байсан үндэслэл тодорхой байх нь энэ хэргийг шийдвэрлэхэд ач холбогдолтой байна.

        в/. Сүхбаатар дүүргийн шүүхийн 2013 оны 1772 дугаар захирамжийн дагуу  С.М болон  “Н” ХХК төлбөр төлж байсан баримт хэрэгт авагдсан байх тул  320,300,000 төгрөгөөс хэдэн төгрөгийг С.М, хэдийг “Н” ХХК шаардаж буй нь нэхэмжлэлд тодорхой байх шаардлагатайгаас гадна С.М “Н” ХХК-г төлөөлж шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй эсэх талаар шүүх дүгнэлт хийгээгүй нь дутагдалтай болжээ. 

       г/. С.Т нь “Н” ХХК болон “Эрдмаш” ХХК-д холбогдуулан 1,500,000 ам.доллар буюу 2,156,205,000 төгрөгийг шаардаж Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргасан боловч уг нэхэмжлэлээс татгалзсан байх бөгөөд үүнийг Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны 1 дүгээр шүүх баталгаажуулж 2015 оны 3 дугаар сарын 09-ний өдрийн 1678 дугаар захирамж гаргажээ. Иймд энэ маргааны талаар шүүхийн хүчин төгөлдөр шийдвэр байгаа гэж үзнэ.

         Харин, Н ХХК-ийн хувьцаа эзэмшигчдийн хооронд 2015-02-24-ний өдөр байгуулсан гурван талт зөвшилцлийн гэрээг Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны 1 дүгээр шүүх 2015 оны 1678 дугаар захирамжаар баталгаажуулаагүй, уг гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар тухайн үед шүүх дүгнэлт өгөөгүй байна. Уг гэрээний талаар шүүх энэ хэргийг шийдвэрлэхдээ дүгнэлт өгөх нь зүйтэй юм. 

        С.Тд 320,300,000 төгрөгийг “Заамар хаан” ХХК, “Н” ХХК, Б.Мөнхбат, С.М нар төлсөн гэх тул “Н ХХК-ийн хувьцаа эзэмшигчдийн хооронд байгуулсан гурван талт зөвшилцлийн гэрээ”-ний 2.1, уг гэрээний 1-р хавсралтад мөнгийг С.Мид өгөх талаар заасан /хх 1-н 21-23, 26/ буюу  “Заамар хаан” ХХК, “Н” ХХК, Б.Мөнхбат, С.М нарын төлсөн гэх мөнгийг  буцааж хэнд төлөх  талаар “Н” ХХК-ийн хувьцаа эзэмшигчид тохиролцоход  үндэслэл байх шаардлагатай юм. 

        3. С.Т, Ж.Б нарын хувьцааны эрхийг С.Мийн нэр дээр шилжүүлэх шаардлагын талаар хийсэн шүүхийн дүгнэлт ойлгомжгүй болжээ.

        Хоёр буюу түүнээс дээш этгээд хуулийн этгээд байгуулахгүйгээр, ашиг олох болон бусад тодорхой зорилгыг хэрэгжүүлэхийн тулд хамтран ажиллах үүрэг хүлээнэ гэж Иргэний хуулийн 476 дугаар зүйлд зохицуулсан  байна.

        Харин, Компанийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1, 3.2-т зааснаар хувьцаа эзэмшигчийн оруулсан хөрөнгө нь тодорхой тооны хувьцаанд хуваагддаг, өөрийн тусгайлсан хөрөнгөтэй, үндсэн зорилго нь ашгийн төлөө хуулийн этгээдийг компани гэх бөгөөд хувьцаа нь тухайн компаний хувь нийлүүлсэн хөрөнгийн өмчлөлд оролцох эрхийг нотлох бөгөөд компанийн эд хөрөнгийг тусгайлан өмчлөх эрхийг нотлохгүй .

         Иймд нэхэмжлэлийн энэ шаардлагын талаар дүгнэлт хийхэд нэхэмжлэл, түүний үндэслэлийг тодруулах нь зүйтэй байна.  

         Шүүх хэргийг шийдвэрлэхдээ хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, шийдвэрт өөрчлөлт оруулах боломжгүй байх тул магадлалыг хэвээр үлдээж, хариуцагч С.Тгийн гомдлыг хангахгүй  орхив.

        Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

        1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн 846 дугаар магадлалыг хэвээр үлдээж, хариуцагч С.Тгийн гомдлыг хангахгүй орхисугай. 

        2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4-т заасныг баримтлан нэхэмжлэгчээс хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид  хариуцагчаас 2018 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

                                 ТАНХИМЫН ТЭРГҮҮН                           Х.СОНИНБАЯР

                                  ШҮҮГЧ                                                     Б.УНДРАХ