Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2020 оны 04 сарын 22 өдөр

Дугаар 2020/ШЦТ/159

 

                                           МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Орхон аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Ариунцэцэг даргалж

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Ундрах

Улсын яллагч Н.Дүүрэнжаргал

Хохирогч Э.Мөнгөнбадрал

Хохирогчийн өмгөөлөгч С.Болортуяа

Шүүгдэгч Ж.Б нарыг оролцуулан Орхон аймгийн Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах” гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ж.Бод холбогдох эрүүгийн 1925008400527 дугаартай хэргийг тус шүүхийн танхимд нээлттэй хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Ж.Б

Орхон аймгийн Прокуророос, шүүгдэгч Ж.Быг 2019 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр Орхон аймгийн Баян-Өндөр сумын Эрдэнэ багийн 37-02 тоотод иргэн Э.Мөнгөнбадралыг хавсарч унагааж эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан /яллах дүгнэлтэд бичсэнээр/ гэмт хэрэгт холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлжээ.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шүүгдэгч Ж.Бын мэдүүлсэн “Би Мөнгөнбадралыг танихгүй.Би тэр өдөр Цагаанаа ахыг эргэж очсон юм.Архитай очсон.Дараа нь Мөнгөнбадрал нар орж ирсэн.5уулаа 4 шил архи уусан.Тэгээд Мөнгөнбадрал гарч явсан.Бид унтах гэж байхад тэр дахин орж ирсэн.Олонхүүг бос гээд байсан.Би тэгэхэд нь “унтаж байхад яах гээд байгаа юм” гэж хэлсэн чинь “намайг Алтанбаганы Мөнгөнбадрал гэдэг чи намайг яах юм гээд дайраад байсан ба түшлэгтэй сандал аваад над руу шидсэн.Тэгэхээр нь би хойморын орон дээрээс ухасхийхэд хөлөнд бүдрээд тэр чигээрээ үүдээр гараад унасан.Үүдэнд тавьсан арзгар төмөр дээр унасан.Би тэр үед хөл нүцгэн байсан.Яг миний хөлд тээглэсн юм байхгүй.гэхдээ миний буруу бий.Би ухасхийж босч ирэхэд гарч гүйсэн юм   гэсэн мэдүүлэг,

-хохирогч Э.Мөнгөнбадралын шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн “Тэр өглөө Олонхүүтэй таарч 1 шил архи уусан.Тэгээд 1 шил архи авч тэр айлд орсон.Нэг мэдэхэд гэртээ унтаж байсан ба буцаж гарч тэр айлд очсон.Тэр хүмүүс унтах гэж байсан.Олонхүүг бос гарая гэхэд Б “яах гээд байгаа юм” гэсэн.Би сууж байсан сандлаа шидсэн,зугатахад барьж авч зодсон.Босч гүйхэд хавсарч унагасан.Хүнд гэмтэл учирч 10 хоногт эмнэлэгт хэвтсэн. Одоо хавантай гишгэж болохгүй байгаа.Нэг ч удаа эргэж ирээгүй.2020 оны 3 сарын 24-нд групп  тогтоолгосон.Ар гэрийн амьдрал хүндэрсэн.Эмнэлэг,эмчилгээний зардал болон цалин нийт 4,131,460 төгрөг нэхэмжилнэ  гэх мэдүүлэг,

-Хэргийн газарт нөхөн үзлэг хийсэн тухай тэмдэглэл гэрэл зургийн үзүүлэлтийн   хамт /хх-ийн 3-7-р хуудас/,

-Хохирогч Э.Мөнгөнбадралын мөрдөн байцаалтад мэдүүлсэн...Тэгээд Олонхүү босож ирсэн Б намайг чи юу вэ гээд Б бид хоёр маргах болсон бөгөөд намайг зодох гээд барьж аваад бид хоёр барьцалдаж авсан. Би согтуу байсан болохоор яг юунаас болоод яаж маргалдсанаа одоо нарийн сайн санахгүй байна. Тэгээд би салаад урдаас нь сандал аваад шидсэн бөгөөд Б намайг зодох гээд дайрхаар нь би байшингийн хаалгаар гараад зугтаасан бөгөөд Б миний араас хөөж гарч ирээд үүдний амбаарт намайг араас хавсарсан. Тэгээд би үүдний амбаарын үүдэнд тавьсан байсан дөрвөлжин төмөр гишгүүр дээр баруун хөлөөрөө эвгүй унаад миний хөл хугарах шиг болсон. Тэгээд би оёо хөл хугарчихлаа гээд орилсон чинь Б амандаа нэг үг хэлээд буцаад байшин руу орсон......миний хөл сайн эдгэхгүй байна, суга таягтай явж байна. Одоогийн байдлаар миний эмчилгээний зардалд 1.773.360 төгрөг гараад байна. Иймд уг мөнгийг Б гэж хүнээс гаргуулж авмаар байна. ..одоогийн байдлаар надад хохирол мөнгө төлсөн зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 9, 10-р хуудас/

 

-Гэрч Б.Эрдэнэчулууны мэдүүлсэн мэдүүлсэн.....Тэгээд орой бид нар унтах гээд байж байхад нөгөө Мөнгөнбадрал гэх залуу гэрт орж ирээд агсан тавиад намайг мэдэх үү, таних уу гээд байсан. Гэтэл Б чамайг яаж таньдаг юм,чи хэн юм бэ? гэж хэлж байх шиг байсан. Тэгсэн Мөнгөнбадрал гэрт байсан шар өнгийн модон сандалаар Быг орон дээр хэвтэж байхад цохисон бөгөөд сандал бутраад хугарсан. Гэтэл Б  уурлаж босож ирээд Мөнгөнбадралыг мөргөж авсан бөгөөд Мөнгөнбадрал гэрээс  хаалгаар гарсан бөгөөд Б араас нь хөөгөөд гарсан, тэгээд Б удалгүй буцаад орж ирсэн. Тэгсэн Мөнгөнбадрал үүдэнд Олонхүү гээд дуудаад орилоод байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 13-15-р хуудас/

-Гэрч Н.Олонхүүгийн мэдүүлсэн....”Мөнгөнбадрал тэр хоёр маргалдаж байгаад Цагаанаа ахынд байсан модон шар өнгийн түшлэгтэй сандалыг Мөнгөнбадрал аваад Б руу шидсэн чинь оноогүй бөгөөд дунд нь байсан багана төмрийг онож сандал салж бутраад эвдэрсэн.Тэгтэл Б чи муу яаж байнаа гээд Мөнгөнбадралтай барьцалдаж аваад нэг нэгийгээ ганц хоёр удаа гараараа нүүр лүү нь цохиод авсан ба тэнд байсан хүмүүс боль та нар гэж хэлээд Мөнгөнбадралыг танихгүй учраас түүн рүү дайрсан чинь Мөнгөнбадрал тэд нараас айсан бололтой гараад зугтаасан. Араас нь Б хөөгөөд гарсан, удаагүй Мөнгөнбадрал Олонхүү ахаа гараад ирээч гэрт хүргээд өгөөч гишгэж болохгүй байна гэхээр нь би гараад очтол Цагаанаа ахын үүдний тамбарт Мөнгөнбадрал хажуулдаад хэвтсэн байдалтай байхаар нь өргөж босгох гээд дийлээгүй, Мөнгөнбадрал хөл эвгүй болчихлоо гээд байсан. ..Би Мөнгөнбадралаас яасан бэ хөл чинь яачаад байгаа юм бэ гэхэд мэдэхгүй ээ хөл гишгэж болохгүй байна гэмтсэн байна гэж хэлсэн...гэх мэдүүлэг/хх-ийн 16-17-р хуудас/

-Гэрч Л.Нямдаваагийн  мэдүүлсэн.... Тэгээд бид нар суугаад архи уусан бөгөөд би бүр согтоод унтаад өгсөн бөгөөд намайг унтаж байхад хэрүүл зодоон болсон юм шиг байна лээ? Тэгсэн Олонхүү ахтай өдөр орж ирээд гараад явдаг залуу согтуу орж ирээд Б ахтай хэрүүл зодоон хийсэн гэж ярьж байсан. Би өөрөө согтсон байсан юу болсон талаар нарийн сайн мэдэхгүй байна. Эрүүлжүүлэхэд байж байхад нөгөө залуугийн хөл хугарсан гэж байсан... гэх мэдүүлэг /хх-ийн 18-р хуудас/

-Гэрч Н.Алтан-Эрдэний мэдүүлсэн  ...Мөнгөнбадрал орж ирээд чанга, чанга яриад намайг мэдэх үү гээд байсан. Тэгсэн Б чамайг танихгүй юм байна хэн бэ чи гээд энэ хоёр маргасан бөгөөд Мөнгөнбадрал байшинд байсан шар өнгийн модон сандалыг аваад Быг цохиж авах шиг болсон бөгөөд дараа нь сандалаа Б руу шидээд сандал нь бутраад хугараад газар унасан. Тэгсэн Б уурлаад босож ирээд чи муу яаж байна гэнээ гээд Мөнгөнбадрал руу дайрсан бөгөөд Мөнгөнбадрал байшингаас гараад зугтаасан Б араас нь хөөгөөд байшингаас яг араас нь гарсан. Тэгээд ерөөсөө удаагүй хэдэн секунт болоод Б ороод ирсэн бөгөөд Мөнгөнбадрал үүдэнд хөл эвгүй болчихлоо Олонхүү ахаа гараад ирээч гээд байсан..” гэх мэдүүлэг /хх-ийн 19-р хуудас/

- Шүүхийн шинжилгээний албаны 2019 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн № 761 дугаартай ...Э.Мөнгөнбадралын биед баруун шилбэний шаант болон тахилзуур ясны дээд 1/3-ээр далд зөрөөтэй ташуу бяцарсан хугарал, баруун шилбэ, тавхай, зүүн шилбэ, нүүр, цээж, баруун бугуй, зүүн тохой, бугалганд зөөлөн эдэд олон тооны цус хуралт, зулгаралт, 2 нүдний салст цус харвалт бүхий гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулна. Шилбэний ясны хугарал нь шүүх эмнэлэгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т -д зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарагдана, бусад гэмтэл нь шүүх эмнэлэгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д заасны дагуу гэмтлийн зэрэгт хамаарагдахгүй ...” гэх дүгнэлт /хх-ийн 22-р хуудас/

-Хохирогч Э.Мөнгөнбадралын хэвтэн эмчлүүлсэн өвчний түүхийн хуулбар, хохиролын баримтууд /хх-ийн 26-40,72-79-р хуудас/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлахад дараахь үйл баримт тогтоодлоо.

2019 оны 11 дүгээр сарын 18-ны орой 22 цагийн орчим Орхон аймгийн Баян-Өндөр сумын Эрдэнэ багийн 37-02 тоотод Э.Мөнгөнбадрал Ж.Б нар согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ маргалдан цохилцож улмаар Э.Мөнгөнбадралыг гарахаар гүйхэд нь Ж.Б араас нь гүйж очиж хавсарч унаган биед нь баруун шилбэний шаант болон тахилзуур ясны дээд 1/3-ээр далд зөрөөтэй ташуу бяцарсан хугарал, баруун шилбэ, тавхай, зүүн шилбэ, нүүр, цээж, баруун бугуй, зүүн тохой, бугалганд зөөлөн эдэд олон тооны цус хуралт, зулгаралт, 2 нүдний салст цус харвалт бүхий хүндэвтэр зэргийн хохирол учруулсан үйл баримт тогтоогдож байна.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрхи хохирогчийн мэдүүлэг, гэрчүүдийн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт зэрэг эдгээр нотлох баримтыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар цуглуулж бэхжүүлсэн тул хууль ёсны, үйл баримтын талаархи мэдээллийг агуулсан байх тул хэрэгт хамааралтай, хэргийн бодит байдлыг тогтооход ач холбогдолтой, шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийхэд хангалттай гэж үзэв.

Шүүгдэгч Ж.Бын үйлдлийн улмаас Э.Мөнгөнбадралын биед баруун шилбэний шаант болон тахилзуур ясны дээд 1/3-ээр далд зөрөөтэй ташуу бяцарсан хугарал гэмтэл  үүссэн шууд шалтгаант холбоотой болох нь хохирогчийн мэдүүлэг,гэрч Б.Эрдэнэчулууны”... Мөнгөнбадрал гэрээс  хаалгаар гарсан бөгөөд Б араас нь хөөгөөд гарсан, тэгээд Б удалгүй буцаад орж ирсэн. Тэгсэн Мөнгөнбадрал үүдэнд Олонхүү гээд дуудаад орилоод байсан...” гэх мэдүүлэг,гэрч Н.Олонхүүгийн “...Мөнгөнбадрал тэд нараас айсан бололтой гараад зугтаасан. Араас нь Б хөөгөөд гарсан, удаагүй Мөнгөнбадрал Олонхүү ахаа гараад ирээч гэрт хүргээд өгөөч гишгэж болохгүй байна гэхээр нь...” гэх мэдүүлэг, гэрч Н.Алтан-Эрдэний “...Мөнгөнбадрал руу дайрсан бөгөөд Мөнгөнбадрал байшингаас гараад зугтаасан Б араас нь хөөгөөд байшингаас яг араас нь гарсан. Тэгээд ерөөсөө удаагүй хэдэн секунт болоод Б ороод ирсэн бөгөөд Мөнгөнбадрал үүдэнд хөл эвгүй болчихлоо Олонхүү ахаа гараад ирээч гээд байсан..” гэх мэдүүлэг, шинжээчийн 761 дугаартай дүгнэлтээр нотлогджээ.Шүүгдэгч шүүх хуралдаанд “би хавсарч унагаагүй”гэж мэдүүлсэн боловч шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудаар няцаагдаж байна.

Шүүгдэгч Ж.Бын  энэ үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинжтэй санаатай, нийгэмд аюултай, бусдын эрүүл мэдэд хохирол учруулсан үйлдэл мөн бөгөөд прокурорын яллах дүгнэлт үндэслэлтэй байна. Иймд Эрүүгийн хуулийн 2.1 дүгээр зүйлд “Энэ хуулийн тусгай ангид заасан, нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж, 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд...эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасны дагуу шүүгдэгч Ж.Быг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй. Хэргийн талаар нотлогдвол зохих байдлууд бүрэн нотлогдсон, мөрдөн шалгах ажиллагаанд хэргийн оролцогчийн эрх зөрчигдөөгүй байна гэж дүгнэв.

Улсын яллагч шүүх хуралдаанд,шүүгдэгч согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2019 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр Орхон аймгийн Баян-Өндөр сумын Эрдэнэ багийн 37-02 тоотод иргэн Э.Мөнгөнбадралыг хавсарч унагааж эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан болох нь хохирогчийн мэдүүлэг,гэрчүүдийн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт зэргээр тогтоогдсон тул Эрүүгийн хуулийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож 1000 нэгжтэй тэнцэх төгрөгөөр торгох ял оногдуулах саналтай байна. Хохирогчийн эмчилэгээний зардал 1,645,960 төгрөгийг гаргуулах үндэслэлтэй.харин хохирогч ажилтай байсан нь нотлогдоогүй,мөн 353 төгрөгний зардал нотлогдоогүй тул хэрэгсэхгүй болгох саналтай гэжээ.

Хохирогчийн өмгөөлөгч С.Болортуяа шүүх хуралдаанд,хохирогч 4,131,460 төгрөгний нэхэмжлэл гаргасан байгаа.353,100 төгрөгний бусад зардалд өмгөөлөгчийн хөлс,бензин шатахууны зардал орж байгаа.”ББ-Од”ХХК-д ажил хийж байсан боловч энэ талаар уг компани баримт гаргаж өгөхөөс татгалзсан тул хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр нөхөн төлбөр нэхэмжилж байгаа.Хөдөлмөрийн чадвар алдалтыг 50%иар тогтоосон тул зөрүү нэхэмжилнэ.Хохиролыг барагдуулж өгнө үү гэжээ.

Шүүгдэгч шүүх хуралдаанд өөрийгөө өмгөөлж,ялын тухайд өөр саналгүй.  Хохирогчийн эмчилгээ,группын зөрүүг төлнө гэжээ.

Шүүгдэгчийн гэм буруутай байдал нотлогдож тогтоогдсон тул түүний ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас, хувийн байдлыг тодорхойлсон баримтууд зэргийг шинжлэн судлаж хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас учирсан хохирлын шинж чанар, хэр хэмжээ, шүүгдэгч гэм буруугаа хүлээсэн байдал,хохирогчийн зүй бус үйлдэл нөлөөлсөн байдал зэргийг харгалзан торгох хариуцлага хүлээлгэж,үүрэг хүлээлгэх нь зүйтэй гэж дүгнэж шийдвэрлэв.

Хохирол төлбөрийн тухайд, хохирогч Э.Мөнгөнбадрал нь эмнэлэгт хэвтэн эмчлүүлсэн зардал 507960 төгрөг,хагалгааны зардал 850,000 төгрөг,эм тарианы зардал 288,000 төгрөг,бусад зардал 353,100 төгрөг,ажилгүй байсан хугацааны цалинг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр тооцож 20199.11.18-наас 2020.01.01 хүртэл ХХДХ 320,000 төгрөгөөр ажлын 10 хоног /10х15240/ 152400 төгрөг,2020.1.01-нээс 2020.4.01 хүртэл ХХДХ 420,000 төгрөгөөр 3 сар /3х420,000/ 1,260,000 төгрөг,хөдөлмөрийн чадвар алдалтын тэтгэвэрийн зөрүү 2020.3.24-нөөс 2020.9.24 хүртэл 6 сарын тэтгэвэр сарын 300,000 төгрөгнөөс зөрүүг тооцоход /120,000х6 /720000 төгрөг,нийт 4,131,460 төгрөг нэхэмжилсэн ба тэтгэвэрийн дэвтэр,эмнэлгийн тооцооны баримтууд,эмийн зардлын баримт зэрэг холбогдох баримтуудыг хавсаргасан байна.Иймд баримтыг үндэслэн эмнэлэгт хэвтэн эмчлүүлсэн ор хоногийн төлбөр 507,960 төгрөг,хагалгааны зардал  850,000 төгрөг,эм тарианы зардал 288,000 төгрөг нийт 1,645,960 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулах үндэслэлтэй байна.Мөн,хохирогч “ББ-Од “ХХК-д автбусны жолоочоор ажилладаг гэх боловч нийгмийн даатгалын дэвтэр 2016 оны 1 дүгээр сараас хойш бичилтгүй,ажил эрхэлдэг талаар ямар нэг баримтгүй байх тул хохирогчийг “ажил эрхэлдэггүй цалин хөлс орлогогүй” иргэнд хамааруулж үзэх үндэслэлтэй тул хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр тооцож нөхөн төлбөр нэхэмжилснийг үндэслэлтэй гэж үзсэн ба 2019 оны 11 дүгээр сарын 19-ний өдрөөс 2020 оны 4 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл хугацааны 1,412,000 төгрөг нэхэмжилсэн нь үндэслэлтэй байна.Харин хохирогч нийгмийн даатгалын сангаас хөдөлмөрийн чадвар алдалтын тэтгэвэр 300,000 төгрөгөөр тогтоогдсон байх тул хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний зөрүүг/ 420,000-300,000/ 120,000 төгрөгийг 2020.3.24-нөөс 2020.9.24-ний өдөр хүртэл 6 сараар тооцон шүүгдэгчээс гаргуулах нь зүйтэй.Иймд нийт  3,778,360 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулж хохирогчид олгохоор шийдвэрлэлээ.Хохирогчийн нэхэмжлэлээс баримтаар  нотлогдоогүй 353,100 төгрөгний бусад зардлын хэсгийг хэрэгсэхгүй болгов.                                                                                                                                                                         

Ц.Жаргалбаярын эзэмшлийн 64-56 БУЛ улсын дугаартай Санни маркын тээврийн хэрэгслийг битүүмжлүүлэх хүсэлтийг хэрэгсэхгүй болголоо.Дээрхи тээврийн хэрэгсэл шүүгдэгчийн эзэмшилд байгаа талаар хэрэгт баримт авагдаагүй байна.

Шүүгдэгч 20201 дүгээр сарын 30-ны өдрийн 115 дугаар шүүгчийн захирамжаар цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан боловч эрэн сурвалжлагдаж байгаад 3 дугаар сарын 19-ний өдрийн 19 цаг 20 минутад баривчлагдаж цагдан хоригдсон байх тул 32 хоногийг эдлэх ялд нь оруулан тооцоохоор зааж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хөрөнгө битүүмжлэгдээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүйг дурьдаж,Ц.Жаргалбаярын эзэмшлийн 64-56 БУЛ улсын дугаартай Санни маркын тээврийн хэрэгслийг битүүмжлүүлэх хүсэлтийг хэрэгсэхгүй болголоо.Дээрхи тээврийн хэрэгсэл шүүгдэгчийн эзэмшилд байгаа талаар хэрэгт баримт авагдаагүй байна.

 Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Шүүгдэгч Ч овогт Ж.Б-ыг Эрүүгийн хуулийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Быг 800 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 800,000 /найман зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэж,Эрүүгийн хуулийн 7.3 дугаар зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчид ял эдлэх хугацаанд гэмт хэргийн хор уршгийг арилгах арга хэмжээ авах үүрэг хүлээлгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг журамлан Ж.Бын цагдан хоригдсон 32 хоногийг эдлэх ялд нь оруулан , торгох ялын 15 нэгжийг цагдан хоригдсон нэг хоногтой дүйцүүлэн 480,000 төгрөгний ялыг тооцож, эдлэх ялын хэмжээг 320 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ялаар тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4,5 дахь хэсэгт зааснаар Ж.Бод оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш  5 сарын хугацаанд, сард 64,000 төгрөгөөр хэсэгчлэн төлөхөөр тогтоож, шүүхээс тогтоосон хугацаанд ялыг биелүүлээгүй бол хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

5. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ж.Бод урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 505 дугаар зүйлийн 505.1, 505.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Боос 3,778,360 төгрөг гаргуулж хохирогч Э.Мөнгөнбадралд /Орхон аймаг Баян-Өндөр сум Эрдэнэ баг 39в-10 тоотод оршин суух /ФБ81121778/ олгуулж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэлийн шаардлагаас 353,100 төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.

7. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүйг дурьдаж, Ц.Жаргалбаярын эзэмшлийн 64-56 БУЛ улсын дугаартай Санни маркын тээврийн хэрэгслийг битүүмжлүүлэх хүсэлтийг хэрэгсэхгүй болгосугай.

            8. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

                    ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                            Д.АРИУНЦЭЦЭГ