Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2020 оны 03 сарын 29 өдөр

Дугаар 2020/ШЦТ/114

 

                           

                                           МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Орхон аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Д.Ариунцэцэг даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Халиунаа

Улсын яллагч Л.Энхтайван

Шүүгдэгч Г.А нарыг оролцуулан хийж Орхон аймгийн Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6  дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Г.Ад холбогдох эрүүгийн 202501420121 дугаартай хэргийг тус шүүхийн танхимд нээлттэй хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Г.А

Орхон аймгийн Прокуророос, шүүгдэгч Г.Аийг 2020 оны 02 дугаар сарын 15-ны өдөр Орхон аймгийн Баян-Өндөр сумын Наран баг 39-05 тоотод С.Чимэддоржийн эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан /яллах дүгнэлтэд бичсэнээр/ гэмт хэрэгт холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлжээ.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шүүгдэгч Г.Аийн мэдүүлсэн “Гэм буруугаа хүлээж байна. Чимэддорж ахтай архи уусан. Үйл явдлыг сайн санахгүй байгаа. Яллах дүгнэлтийг зөвшөөрч байгаа гэх мэдүүлэг,

-Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 4-8-р хуудас/

-Хохирогч С.Чимэддоржийн мөрдөн байцаалтад мэдүүлсэн  “...архи уугаад дууссаны дараа А Түмэнзаяа нар орж ирсэн. А намайг архи уусныг мэдээд  дахиад надад 0.75 литрийн архи авч өгөөд бид хоёр хамт уусан. А их хурдан согтож байсан ба А гэрээсээ гарна гэхээр нь би гаргахгүй гэж хэлээд зууралдсан, тэр үед  А миний чихэнд гэмтэл учруулсан, яг юугаар зүссэн, урсан эсэхийг хэлж мэдэхгүй байна. А гал тогооны өрөөнд байсан хутга бариад өөрийнхөө цээжийг хатгахаар нь би Түмэнзаяаг дуудсан. Аийн гэрээс би гараад Дэнж багт байрлах хүүгийнхээ гэрт очиж хононо гэж хэлэхэд А намайг гаргаагүй. Тэгээд бид хоёр ноцолдсон.... надад гомдол санал байхгүй, шүүх хуралдаанд оролцохгүй” гэх мэдүүлэг /хх-ийн 12-14-р хуудас/

-Гэрч М.Түмэнзаяагийн мэдүүлсэн .... Би охиноо хөхүүлээд том өрөөндөө хэвтэж байхад Чимэддорж А нар хоорондоо маргаад байгаа бололтой чи намайг сдаа гэлээ гээд шалихгүй юман дээрээс маргаад байхаар нь би унтаач та хоёр гэхэд гал тогооны догол хэсэг дээр суугаад юм яриад байсан. Тэгсэн ах Чимэддорж энэ А хутга авчихаад байна шүү гэхээр нь би Аээ маяглаад байгаарай гэж хэлчихээд арай ч авахгүй байх гэж бодоод хэвтэж байтал хэсэг зүйрмэглэчихсэн байсан. Тэгсэн Чимэддорж ах Заяа гээд дуудахаар нь очтол А завилаад суучихсан цээжээ дараад цээжнээс нь амьсгаа авахаар нь цус олгойдож гарч байсан. Би тухайн үед балмагдаж түргэний 103 руу дуудлага өгсөн... ”гэсэн мэдүүлэг /хх-н 18-20-р хуудас/

-Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2020 оны 02 сарын 20-ны өдрийн 219 дугаартай ”..С.Чимэддоржийн биед зүүн чихний дэлбээний ар талд 1 тооны язарсан шарх бүхий гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн 1 удаагийн үйлчлэлээр үүсгэгджээ. Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулна. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар дагуу гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” ...гэх дүгнэлт /хх-ийн 30-р хуудас/

-Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2020 оны 02 сарын 27-ны өдрийн 31 дугаартай ...Г.Аийн биенээс авсан цусанд этилийн спирт 3.5 промиль процент илэрсэн болно. Энэ нь согтолтын хүнд зэрэгт хамаарагдана” гэх дүгнэлт /хх-ийн 41-р хуудас/

-Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2020 оны 02 сарын 27-ны өдрийн 32 дугаартай...С.Чимэддоржийн биенээс авсан цусанд этилийн спирт 3.5 промиль процент илэрсэн болно. Энэ нь согтолтын хүнд зэрэгт хамаарагдана” гэх дүгнэлт /хх-ийн 41-р хуудас/ зэрэг нотлох баримтуудаар дараахь үйл баримт тогтоогдлоо.

             Шүүгдэгч Г.А нь 2020 оны 02 дугаар сарын 15-ны өдөр Орхон аймгийн Баян-Өндөр сумын Наран баг 39-05 тоотод гэртээ согтуурсан үедээ С.Чимэддоржтой үл ялих зүйлээр шалтаглан маргалдаж ноцолдон зууралдаж биед нь зүүн чихний дэлбээний ар талд 1 тооны язарсан шарх бүхий хөнгөн хохирол учруулсан үйл баримт тогтоогдож байна.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан хохирогчийн мэдүүлэг, гэрчүүдийн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт зэрэг нотлох баримтыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар цуглуулж бэхжүүлсэн, дээрхи үйл баримтын талаархи мэдээллийг агуулсан хэрэгт хамааралтай, хэргийн бодит байдлыг тогтооход ач холбогдолтой, шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийхэд хангалттай гэж үзэв.

Шүүгдэгч Г.А нь бусдын биед санаатай халдаж хөнгөн гэмтэл учруулсан энэ үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан хүний эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинжтэй, нийгэмд аюултай, бусдад хохирол учруулсан үйлдэл мөн бөгөөд хэргийн зүйлчлэл зөв, прокурорын яллах дүгнэлт үндэслэлтэй байна.

Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн  дүгнэлтээр “...С.Чимэддоржийн зүүн чихний дэлбээний ар талд 1 тооны язарсан шарх бүхий гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулна, шүүх эмнэлэгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д заасны дагуу гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарагдана” гэж дүгнэсэн ба шүүгдэгчийн үйлдлийн улмаас хохирогчийн биед хөнгөн гэмтэл учирсан шууд шалтгаант холбоотой болох нь тогтоогдсон, шүүгдэгч гэм буруугийн талаар маргаангүй байна.

Иймд Эрүүгийн хуулийн 2.1 дүгээр зүйлд “Энэ хуулийн тусгай ангид заасан, нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж, 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд...эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасны дагуу шүүгдэгч Г.Аийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн  хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.                 

Улсын яллагч шүүх хуралдаанд: 2020 оны 02 дугаар сарын 15-ны өдөр Орхон аймгийн Баян-Өндөр сумын Наран баг 39-05 тоотод С.Чимэддоржийн эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь тогтоогдсон тул Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450 000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналтай гэжээ.

Шүүгдэгч шүүх хуралдаанд “Би гэм буруугаа хүлээж байна. Гэмшиж байна. Ялын саналыг зөвшөөрч байна гэжээ.

Хохирол төлбөрийн тухайд: хохирогч С.Чимэддорж нь санал гомдол, нэхэмжлэх зүйлгүй, шүүх хуралдаанд оролцохгүй гэж шүүхэд мэдэгдсэн байх тул шүүгдэгчээс  гаргуулах төлбөргүй гэж шийдвэрлэлээ.    

          Шүүгдэгчийн гэм буруутай байдал нотлогдож тогтоогдсон тул ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас, хувийн байдлыг тодорхойлсон баримтууд зэргийг шинжлэн судлаж хэргийн нөхцөл байдал, учруулсан хохирлын хэр хэмжээ, гэм буруугаа хүлээсэн байдал, шүүгдэгчийн хувийн байдал, улсын яллагчийн санал зэргийг харгалзан торгох ялын доод хэмжээгээр эрүүгийн хариуцлага оногдуулах үндэслэлтэй.

  Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн хутга 1 ширхэг, “Хараа” нэртэй архины шил 1 ширхэг зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгаж, хөрөнгө битүүмжлэгдээгүй, шүүгдэгч цагдан хоригдоогүй, төлөх төлбөргүй,хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүйг дурьдлаа.

 Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг,36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ НЬ:

1.Шүүгдэгч Д овгийн Г.А-ийг Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Аийг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 /дөрвөн зуун тавин мянган/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4,5 дахь хэсэгт зааснаар Г.Ад оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш  90 хоногийн хугацаанд төлөхөөр тогтоож, шүүхээс тогтоосон хугацаанд ялыг биелүүлээгүй бол хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.            

4.Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Г.Ад урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

            5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар ирүүлсэн хутга 1 ширхэг, “Хараа” нэртэй архины шил 1 ширхэг зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгаж, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч цагдан хоригдоогүй, төлөх төлбөргүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүйг дурьдсугай.

 

            6. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

                    ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                            Д.АРИУНЦЭЦЭГ