Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2020 оны 04 сарын 02 өдөр

Дугаар 2020/ШЦТ/123

 

                    

                                      МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Орхон аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Д.Ариунцэцэг даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Алтаншагай

Улсын яллагч Л.Энхтайван

Шүүгдэгч Ч.Б нарыг оролцуулан хийж Орхон аймгийн Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6  дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ч.Бт холбогдох эрүүгийн 2025000000131 дугаартай хэргийг тус шүүхийн танхимд нээлттэй хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Ч.Б

Орхон аймгийн Прокуророос, шүүгдэгч Ч.Быг согтуурсан үедээ 2020 оны 03 дугаар сарын 11-ний өдөр Орхон аймгийн Баян-Өндөр сум Цагаанчулуут баг Их хаадын цуваа хотхоны 9-79 тоотод шилэн аяга шидэж Б.Энхтуулын хацрыг зүсэн эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан /яллах дүгнэлтэд бичсэнээр/ гэмт хэрэгт холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлжээ.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шүүгдэгч Ч.Бын мэдүүлсэн “2020 оны 3 дугаар сарын 10-11нд шилжих шөнө төрсөн өдөр тэмдэглэсэн. Найз Эрхэмбаяр 3 найз охиноо дуудсан. Тэр охидууд согтуу байсан. Энхтуул над руу шилэн аяга шидэхээр нь би ширээ рүү шилэн аяга шидсэн чинь хагарсан. Хэлтэрхий нь Энхтуулыг оносон. Бид ширээ тойроод сууж байсан. Энхтуул нь миний өөдөөс хараад сууж байсан юм. Гэм буруугаа хүлээж байна гэх мэдүүлэг,

-Хохирогч Б.Энхтуулын мөрдөн байцаалтад ...Бид Их хаадын цуваа гэдэг байранд айлд очсон. Даваацэцэгийн найзын гэрт очсон. Тухайн үед би их согтуу байсан. Тэгээд тэр айлд нь ортол 3 залуу байсан. Би тэр айлын сандал дээр сууж байсан гэдгээ санаад байгаа юм. Нэг мэдсэн чинь миний зүүн талын хацарнаас цус гарсан байсан. Даваацэцэг хэлэхдээ гэрийн эзэн залуу чам руу шилэн аяга шидсэн гэж надад хэлсэн. Миний толгой бага зэрэг эргээд байгаа. Зүүн хацар маань зүсэгдэж хацартаа 5 оёдол тавиулсан. Даваацэцэг бид хоёрын очсон айлын залуу над руу шилэн аяга шидэж миний хацарт гэмтэл учруулсан юм...“ гэх мэдүүлэг /хх-н 4-р хуудас/

-Гэрч Т.Даваацэцэгийн мэдүүлсэн“.....2020 оны 03 сарын 10-наас 2020 оны 03 сарын 11-нд шилжих шөнө 00 цаг өнгөрч байхад би өөрийн найз Энхтуул, Мөрөн нарын хамт Их хаадын цуваа 9 дүгээр байранд байдаг Б гэдэг залуугийн гэрт очсон юм. Тэгээд байж байтал Энхтуул согтчихсон. ...Б гартаа байсан шилэн аягаа аваад ширээ рүү шидсэн. Шидсэн шилэн аяга нь хагарч хэлтэрхий нь үсрээд Энхтуулын зүүн талын хацар орчимд нь зүссэн. Мөрөн бид хоёр Энхтуулын цусыг цэвэрлэж өгөөд Эрхэмбаяр, Мөрөн бид гурав Энхтуулыг гэрт нь хүргэж өгсөн...” гэх мэдүүлэг /хх-н 7-р хуудас/

-Гэрч Х.Мөрөнгийн мэдүүлсэн... Тэгээд Энхтуул гэрийн эзэн Бтай маргаад байсан. Б болохоор чи манай гэрт шүлсээ хаялаа гээд Энхтуултай маргаад байх шиг байсан. Би Батмөнх, Дүүрэнжаргал хоёртой хамт тагтруу гарсан. Тэгээд байж байтал гэрт шил хагарах чимээ гарсан. Тэгэхлээр нь гүйгээд ортол Энхтуул буйдан дээр суучихсан зүүн талын хацарнаас нь цус гарч байсан. Би юу болсон юм бэ гэтэл Даваацэцэг Энхтуул эхлээд Б руу шилэн аяга шидсэн. Дараа нь Б Энхтуулыг айлгах гэж ширээ рүү шилэн аяга шидсэн чинь аяга нь хагараад Энхтуулыг оносон гэж хэлсэн. Даваацэцэг бид хоёр Энхтуулын цусыг цэвэрлэж өгсөн...” гэх мэдүүлэг /хх-н 8-9-р хуудас/

-Гэрч Ц.Батмөнхийн мэдүүлсэн:.....”Намайг тагтан дээр байхад гэрт шил хагарах чимээ гарсан. Би тамхиа татчихаад ортол энд тэндгүй шил хагарсан байсан. Нөгөө Энхтуул охины зүүн хацар зүсэгдсэн байсан. Тэгээд Энхтуул гэдэг охин гэртээ харилаа гээд Мөрөн, Даваацэцэг нарын хамт шөнө 03 цаг болж байхад Бын гэрээс явсан.” гэх мэдүүлэг /хх-ийн 10-р хуудас/

-Гэрч Д.Эрхэмбаярын мэдүүлсэн....Энхтуул нь унтаж өгөхгүй хэсэг байж байгаад буцаад ороод ирсэн. Тэгээд байж байгаад Энхтуул гэдэг охин нь гартаа байсан шилэн аягаа манай найз Б руу шидсэн. Б өөрийнхөө барьж байсан шилэн аяга аваад ширээ рүү шидсэн. Гэтэл Бын шидсэн шилэн аяга хагарч хэлтэрхий нь Энхтуулын зүүн талын хацар орчимд нь онож зүссэн. Би Энхтуулын хажууд сууж байсан юм...” гэх мэдүүлэг /хх-н 11-р хуудас/

-Гэрч В.Дүүрэнжаргалын мэдүүлсэн....Энхтуул гартаа байсан шилэн аягаа Б руу шидсэн. Б чи миний гэрт намайг доромжлохгүй шүү гээд уурлан нэг шилэн аяга аваад ширээ рүү шидсэн. Гэтэл Бын шидсэн шилэн аяга хагарч хэлтэрхий нь Энхтуулын зүүн талын хацар орчимд нь онож зүссэн. Мөрөн гэдэг охин Энхтуулын хацарнаас гойжсон цусыг нь цэвэрлээд байсан...” гэх мэдүүлэг /хх-н 12-р хуудас/

-Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2020 оны 03 сарын 16-ны өдрийн 289 дугаартай ...Б.Энхтуулын биед зүүн хацарт шарх, нүүрэнд олон тооны зураасан зулгаралт үүсчээ. Уг гэмтэл нь үзүүр иртэй зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн байхаар байна. Зүүн хацарт шарх нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д заасны дагуу гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарагдана ...гэх дүгнэлт /хх-ийн 14-15-р хуудас/

-Хохирогч Б.Энхтуулын хохирлын баримт /хх-ийн 54-р хуудас/

-Шүүгдэгч Ч.Бын хохирогч Б.Энхтуулын хохиролд 300,000 төгрөг хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл /хх-ийн 56-р хуудас/

-Хохирогч Б.Энхтуул хохирлын төлбөрт шүүгдэгч Ч.Баас 500,000 төгрөг нэхэмжилж байснаас татгалзан 300 000 төгрөг хүлээн авсан, цаашид гаргах гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй, шүүх хуралдаанд оролцохгүй тухай тэмдэглэл /хх-ийн 62-р хуудас/  зэрэг нотлох баримтыг шинжлэн судлахад дараахь үйл баримт тогтоогдлоо.

             Шүүгдэгч Ч.Б нь 2020 оны 03 дугаар сарын 11-ний өдөр Орхон аймгийн Баян-Өндөр сум Цагаанчулуут баг Их хаадын цуваа хотхоны 9-79 тоотод гэртээ архидан согтуурч байхдаа хамт байсан Б.Энхтуулыг “манай гэрт намайг доромжиллоо” гэх шалтагаар сууж байсан ширээ рүү нь шилэн аяга шидэж хагалснаас Б.Энхтуулын  хацар  зүсэгдэн биед нь  зүүн хацарт шарх, нүүрэнд олон тооны зураасан зулгаралт бүхий хөнгөн хохирол учруулсан байна.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан хохирогчийн мэдүүлэг, гэрчүүдийн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт зэрэг нотлох баримтыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар цуглуулж бэхжүүлсэн, дээрхи үйл баримтын талаархи мэдээллийг агуулсан хэрэгт хамааралтай, хэргийн бодит байдлыг тогтооход ач холбогдолтой, шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийхэд хангалттай гэж үзэв.

Шүүгдэгч Ч.Б нь бусдын биед санаатай халдаж хөнгөн гэмтэл учруулсан энэ үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан хүний эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинжтэй, нийгэмд аюултай, бусдын эрүүл мэндэд хохирол учруулсан үйлдэл мөн бөгөөд хэргийн зүйлчлэл зөв, прокурорын яллах дүгнэлт үндэслэлтэй байна.

Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн  дүгнэлтээр “...Б.Энхтуулын биед зүүн хацарт шарх, бүхий гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулна, шүүх эмнэлэгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д заасны дагуу гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарагдана” гэж дүгнэсэн ба шүүгдэгчийн үйлдлийн улмаас хохирогчийн биед хөнгөн гэмтэл учирсан шууд шалтгаант холбоотой болох нь тогтоогдсон, шүүгдэгч гэм буруугийн талаар маргахгүй байна.

Иймд Эрүүгийн хуулийн 2.1 дүгээр зүйлд “Энэ хуулийн тусгай ангид заасан, нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж, 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд...эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасны дагуу шүүгдэгч Ч.Быг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн  хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.                  

Улсын яллагч шүүх хуралдаанд: согтуурсан үедээ, 2020 оны 03 дугаар сарын 11-ний өдөр Орхон аймгийн Баян-Өндөр сум Цагаанчулуут баг Их хаадын цуваа хотхоны 9-79 тоотод шилэн аяга шидэж Б.Энхтуулын хацрыг зүсэн эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь тогтоогдсон тул Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож 450 нэгтжэй тэнцэх хэмжээний буюу 450 000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналтай гэжээ.

Шүүгдэгч шүүх хууралдаанд “Би гэм буруугаа хүлээж байна. Гэмшиж байна гэжээ.

Хохирол төлбөрийн тухайд:  Хохирогч Б.Энхтуул хохиролд 500,000 төгрөг нэхэмжилж байснаасаа татгалзан 300,000 төгрөг нэхэмжилснийг шүүгдэгч Ч.Б төлсөн байх тул шүүгдэгчээс гаргуулах төлбөргүй гэж шийдвэрлэлээ.    

 Шүүгдэгчийн гэм буруутай байдал нотлогдож тогтоогдсон тул ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас, хувийн байдлыг тодорхойлсон баримтууд зэргийг шинжлэн судлаж хэргийн нөхцөл байдал, учруулсан хохирлын хэр хэмжээ, хохирол төлөгдсөн байдал, гэм буруугаа хүлээсэн байдал, шүүгдэгчийн хувийн байдал, улсын яллагчийн санал зэргийг харгалзан торгох ялын доод хэмжээгээр ял оногдуулах үндэслэлтэй.

  Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хөрөнгө битүүмжлэгдээгүй, шүүгдэгч цагдан хоригдоогүй, төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүйг дурьдлаа.

 Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг,36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ НЬ:

1.Шүүгдэгч Ш овгийн Ч.Быг Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Быг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 /дөрвөн зуун тавин мянган/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4,5 дахь хэсэгт зааснаар Ч.Бт оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш  90 хоногийн хугацаанд 225,000 төгрөгөөр хоёр хувааж хэсэгчлэн төлөхөөр тогтоож, шүүхээс тогтоосон хугацаанд ялыг биелүүлээгүй бол хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.  

4.Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ч.Бт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

            5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар ирүүлсэн зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч цагдан хоригдоогүй, төлөх төлбөргүй,эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүйг дурьдсугай.

 

            6. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

                    ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                            Д.АРИУНЦЭЦЭГ