Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2020 оны 04 сарын 03 өдөр

Дугаар 2020/ШЦТ/127

 

 

                                          МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Орхон аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Д.Ариунцэцэг даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Алтаншагай

Улсын яллагч Л.Энхтайван

Шүүгдэгч Э.Б нарыг оролцуулан хийж Орхон аймгийн Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хулгайлах” гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Э.Бд холбогдох эрүүгийн 1825008770143 дугаартай хэргийг тус шүүхийн танхимд нээлттэй хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Э.Б

Орхон аймгийн Прокуророос, шүүгдэгч Э.Бийг 2018 оны 12 дугаар сарын 11-ний өдөр Орхон аймгийн Баян-Өндөр сум Баянбулаг багийн 2-696 тоот төрсөн эгч Э.Итгэлтөгсийн гэрээс булган шуба, эмэгтэй хүний монетон болон мөнгөн ээмэг, бөгж, эмэгтэй хүний мөнгөн хослол, виски, вино, лаазтай шар айраг зэрэг эд зүйлсийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч 1,522,800 төгрөгийн хохирол учруулсан /яллах дүгнэлтэд бичсэнээр/ гэмт хэрэгт холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлжээ.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шүүгдэгч Э.Бий мэдүүлсэн “Гэм буруугаа хүлээж байна. Би эгчийндээ байдаг байсан. Завхан явах гээд мөнгө гуйсан чинь өгөхгүй болохоор нь юмыг нь аваад хот явсан. Заримыг нь гудамжинд танихгүй хүмүүст зарсан. Хохирол төлж 1 сая гаруй төгрөг өгсөн гэх мэдүүлэг,

-Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зураг /хх-ийн 18-21-р хуудас/

-Хохирогч Э.Итгэлтөгсийн мөрдөн байцаалтад мэдүүлсэн...  2018 оны 12 дугаар сарын 11-ний өдөр би гэртээ очиход гэрээс миний булган шуба, эмэгтэй хүний монетон болон мөнгөн ээмэг, бөгж, виски, вино, лаазтай пиво зэрэг эд зүйлүүд алга болсон. Намайг гэртээ очиход хаалга, цонх хаалттай түгжээтэй байсан. Манай гэрээс эд зүйл алга болдог өдөр манай дүү Э.Б манай гэрт ганцаараа байж байсан. Гэрээс эд зүйл алга болсноос хойш Бтэй холбогдож чадаагүй. Тэр өдөр манай дүү Б манай гэрийн ойролцоо байдаг дэлгүүрт архи, вино, пиво хямдхан зарна гээд явж байсан гэж Хархираа дэлгүүрийн худалдагч надад хэлсэн. Тийм болохоор манай дүү Б манай гэрээс эд зүйл хулгайлаад явсан гэж бодож байна... Би шинжээчийн дүгнэлтээр гарсан 1,522,800 төгрөгийг Бээс нэхэмжлэхээс татгалзаж байна. Би нэг ч төгрөг нэхэмжлэхгүй, надад гомдол байхгүй. Шүүх хуралдаанд суухгүй” гэсэн мэдүүлэг /хх-н 31-32-р хуудас/

-“Бан хас” ХХК-ны шинжээчийн хулгайд алдсан эд зүйлийн үнэлгээ нийт 1 522 800 /Нэг сая таван зуун хорин хоёр мянга найман зуун/ төгрөг гэх дүгнэлт /хх-н 40-43-р хуудас/

- Гэрч Б.Эрдэнэсувдын “... намайг дэлгүүр дээрээ байж байхад Э.Итгэлтөгсийн дүү болох залуу 4 ш вино, 18 ш лаазтай пиво авах уу гэхээр нь би 80 000 төгрөгөөр бүгдийг нь худалдаж авсан. Тэр эд зүйл нь хулгайн зүйл гэдгийг мэдээгүй авчихсан гэж Итгэлтөгсөд хэлсэн юм...” гэсэн мэдүүлэг /хх-н 144-145-р хуудас/

-Э.Бий яллагдагчаар мэдүүлсэн...2018 оны 12 дугаар сарын эхээр төрсөн эгч Э.Итгэлтөгсийнд буюу Орхон аймгийн Баян-Өндөр сум Баянбулаг баг 2-696 тоотод ажил хийхээр ирсэн юм. Тэгээд эгчийн хүүхдийг сургуульд нь хүргэж өгч, авдаг байсан, ажил хийх гэхээр эгч гэрт байж бай гээд ажил хийлгэхгүй байсан юм. Тэгэхээр нь ээж рүү буюу Завхан аймгийн Улиастай сум руу явахаар зардал хоолны мөнгө гуйсан чинь өгөхгүй байхаар нь хэрэг болдог өдөр хүүхдийг нь сургуульд нь хүргэж өгчихөөд гэрт буцаж очоод эгчийн булган шуба, 6 ширхэг виски, 8 ширхэг вино, хоёр мөнгөн ээмэг бөгж гинж, 18 ширхэг лаазтай пиво, нокиа 3310 загварын гар утас зэрэг эд зүйлүүдийг аваад гэрийнх нь ойролцоо байдаг дэлгүүрт одоо нэрийг нь санахгүй байна 4 ширхэг вино, 18 ширхэг лаазтай пиво зэргийг 80.000 төгрөгөөр зараад жижиг тэргэнд суугаад Улаанбаатар хот ороод Хархорин захын ойролцоо явж байгаад гудамжинд явж байсан хүмүүст зараад ойролцоогоор 300.000 орчим төгрөг олсон... гэх мэдүүлэг /хх-ийн 137-р хуудас/

-Яллагдагч Э.Бий мэдүүлгийг газар дээр нь шалгасан тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-н 141, 143-р хуудас/ зэрэг баримтыг шинжлэн судлахад дараахь  үйл баримт тогтоогдож байна.

Шүүгдэгч Э.Б нь 2018 оны 12 дугаар сарын 11-ний өдөр Орхон аймгийн Баян-Өндөр сум Баянбулаг багийн 2-696 тоот төрсөн эгч Э.Итгэлтөгсийнд амьдарч байхдаа  гэрээс нь булган шуба, эмэгтэй хүний монетон болон мөнгөн ээмэг, бөгж, эмэгтэй хүний мөнгөн хослол, 6ш виски, 13ш вино, 18ш лаазтай шар айраг зэргийг нууцаар, зөвшөөрөлгүй авч бусдад худалдан мөнгийг ашиглаж хохирогчид 1,522,800 төгрөгийн хохирол учруулсан үйл баримт тогтоогдож байна.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан хэргийн газрын үзлэгийн тэмдэглэл, хохирогчийн мэдүүлэг, гэрчүүдийн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт, шүүгдэгчийн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл зэрэг нотлох баримтыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар цуглуулж бэхжүүлсэн, дээрхи үйл баримтын талаархи мэдээллийг агуулсан хэрэгт хамааралтай, хэргийн бодит байдлыг тогтооход ач холбогдолтой, шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийхэд хангалттай гэж үзэв.

Эдгээр хэргийн газрын үзлэгийн тэмдэглэл, хохирогчийн мэдүүлэг, гэрчийн мэдүүлэг, хэргээ хүлээн мэдүүлсэн шүүгдэгчийн мэдүүлэг зэрэг нотлох баримтаар шүүгдэгч Э.Бий үйлдэл нотлогдсон ба  энэ үйлдлийн улмаас хохирогчид 1,522,800 төгрөгийн хохирол учирсан шууд шалтгаант холбоотой болох нь тогтоогдсон, шүүгдэгч гэм буруугийн талаар маргахгүй байна.

Шүүгдэгч Э.Бий, бусдын эд зүйлийг нууцаар, зөвшөөрөлгүй, хүч хэрэглэхгүйгээр авсан энэ үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан бусдын өмчлөх эрхэд халдсан “хулгайлах” гэмт хэргийн шинжтэй санаатай, нийгэмд аюултай, бусдын эд хөрөнгө, өмчлөх эрхэд хохирол учруулсан үйлдэл мөн бөгөөд прокурорын яллах дүгнэлт үндэслэлтэй, шүүгдэгч гэм буруутай байна.

Улсын яллагч шүүх хуралдаанд: Шүүгдэгч Э.Б нь 2018 оны 12 дугаар сарын 11-ний өдөр Орхон аймгийн Баян-Өндөр сум Баянбулаг багийн 2-696 тоот төрсөн эгч Э.Итгэлтөгсийн гэрээс эд зүйлийг хууль бусаар хулгайлан авч 1,522,800 мянган төгрөгний хохирол учруулсан болох нь тогтоогдсон. Хохирол төлөгдсөн. Шүүгдэгч гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн. Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож 320 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах саналтай байна гэж, шүүгдэгч шүүх хуралдаанд “шийтгэлээ хүлээнэ, гэмшиж байна гэж..     

Шүүгдэгчийн гэм буруутай үйлдэл нотлогдсон тул Эрүүгийн хуулийн 2.1 дүгээр зүйлд “Энэ хуулийн тусгай ангид заасан, нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж, 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд...эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасны дагуу шүүгдэгч Э.Бийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.           

          Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага оногдуулахдаа ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас, хувийн байдлыг тодорхойлсон баримтууд зэргийг шинжлэн судлаж шүүгдэгчийн хувийн байдал, гэм буруугаа хүлээсэн байдал, учруулсан хохирлын хэмжээ, хохирол төлөгдсөн хөнгөрүүлэх нөхцөл зэргийг харгалзан хуульд заасан нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах нь шүүгдэгчийн үйлдсэн хэргийн гэм буруу, хувийн байдалд тохирно гэж дүгнэж шийдвэрлэв. Эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх болон нөхцөл байдал тогтоогдоогүй.

          Хохирол төлбөрийн тухайд: Хохирогч Э.Итгэлтөгс гомдол саналгүй, нэхэмжлэх  зүйлгүй шүүх хуралдаанд оролцохгүй гэж шүүхэд мэдэгдсэн байх бөгөөд энэ тухай тайлбар /хх-ийн 45-р хуудас/-т авагдсан,  шүүгдэгч Э.Б нь хохирогчид учирсан хохирлыг төлж барагдуулсан гэж мэдүүлсэн тул шүүгдэгчээс гаргуулах хохирол төлбөргүй гэж үзэв.

             Энэ хэрэгт эд мөрийн баримт хураагдаж ирсэн зүйлгүй, хөрөнгө битүүмжлэгдээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүйг дурьдлаа.

 Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1.Шүүгдэгч С овогт Э.Бийг Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Бийг 240 /хоёр зуун дөчин/ цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2, 4 дэх хэсэгт  зааснаар шүүгдэгч Э.Бд оногдуулсан 240 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт 8 цагаар Төв аймгийн Нийтлэг үйлчилгээний албанд эдлүүлэхээр тогтоож, ялыг биелүүлээгүй бол хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

4.Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Э.Бд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжүүлсүгэй.

5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүйг дурьдсугай.

6.Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                            Д.АРИУНЦЭЦЭГ