Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 02 сарын 06 өдөр

Дугаар 123

 

 

 

 

 

 

 

 

 

Б.Бд холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ш.Бат-Эрдэнэ даргалж, шүүгч С.Соёмбо-Эрдэнэ, Ц.Оч нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Ч.Батбаяр,

шүүгдэгч Б.Б, түүний өмгөөлөгч Ц.Алтанзаяа,

нарийн бичгийн дарга Ч.Хатанбаатар нарыг оролцуулан,

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Ариунхишиг даргалж хийсэн шүүх хуралдааны 2017 оны 11 дүгээр сарын 3-ны өдрийн 667 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч прокурор Ч.Батбаярын бичсэн 2017 оны 12 дугаар сарын 6-ны өдрийн 55 дугаартай улсын яллагчийн эсэргүүцэлд үндэслэн Б.Бд холбогдох 170300185 дугаартай эрүүгийн хэргийг 2018 оны 1 дүгээр сарын 8-ны өдөр хүлээн авч, шүүгч Ц.Оч илтгэснээр хянан хэлэлцэв.

............... овгийн ...............ы ..............., 1994 оны 9 дүгээр сарын 8-ны өдөр Увс аймагт төрсөн, 23 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, ............... ажилтай, ............... тоотод оршин суух хаягтай, ял шийтгэлгүй, /регистрийн дугаар: .............../,

Б.Б нь 2017 оны 8 дугаар сарын 11-ний өдөр Баянзүрх дүүргийн 10 дугаар хороо, Витсамогийн 5 дугаар хэсгийн 4-566 тоот хаягт байрлах хашаан дотор 72-85 УНЯ улсын дугаартай “Хьюндай Соната 6” загварын автомашин жолоодон ухрах үйлдэл хийх үедээ 1 нас 8 сартай, эмэгтэй, Д.Хг дайрч амь насыг нь хохироосон гэмт хэрэгт холбогджээ.

Баянзүрх дүүргийн Прокурорын газраас: Б.Бийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс: Шүүгдэгч ............... овогт ...............ы ...............ийг болгоомжгүй үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хүний амь насыг хохироосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ............... овогт ...............ы ...............ийг 1 жилийн хугацаагаар хорих ял шийтгэж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Б.Бд оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2, 7.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.3-т тус тус заасныг баримтлан түүнд оногдуулсан 1 жил хорих ялыг 1 жилийн хугацаагаар тэнсэж, түүнд согтууруулах ундаа, мансууруулах бодис хэрэглэхийг хориглохоор үүрэг хүлээлгэж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол прокурорын дүгнэлтийг үндэслэн шүүх уг шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулж болохыг дурдаж,

Шүүгдэгч Б.Б нь цагдан хоригдсон хоноггүй ба энэ хэрэгт битүүмжлэн
ирсэн болон эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч нь бусдад төлөх
төлбөргүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэжээ.

Прокурор Ч.Батбаяр бичсэн эсэргүүцэл болон тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Шүүх шийтгэх тогтоол гаргахдаа Эрүүгийн хууль буруу хэрэглэсэн дараах нөхцөл байдал тогтоогдож байна. Үүнд:

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “энэ хуулийн тусгай ангид хорих ялын дээд хэмжээг таван жил, түүнээс доош хугацаагаар оногдуулахаар тогтоосон, эсхүл хорих ял оногдуулахаар заагаагүй гэмт хэргийг хөнгөн гэмт хэрэг гэнэ” гэж заажээ. Иймд Б.Бийн холбогдсон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь хөнгөн ангиллалын гэмт хэрэгт хамаарч байна. Харин Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “хөнгөн гэмт хэрэг үйлдсэн хүн гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж хор уршгийг арилгасан, эсхүл гэмт хэргийн улмаас учруулсан хохиролоо нөхөн төлөхөө илэрхийлсэн бол гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан тухайн зүйл, хэсэг, заалтад заасан хорих ялыг оногдуулахгүйгээр таван жил хүртэл хугацаагаар тэнсэж болно” гэж заасан байна. Гэтэл шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтыг хэрэглэхдээ шүүгдэгч Б.Бд 1 жил хорих ял оногдуулж, 1 жилийн хугацаагаар тэнсэж шийдвэрлэсэн нь Эрүүгийн хууль буруу хэрэглэсэн гэж үзэж Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 3-ны өдрийн 667 дугаартай шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж өгнө үү.” гэв.

Шүүгдэгч Б.Б тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Би өөрийнхөө хийсэн гэмт хэрэгт маш их гэмшиж байна. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү.” гэв.

Шүүгдэгч Б.Бийн өмгөөлөгч Ц.Алтанзаяа тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хууль зүйн үндэслэлтэй гэж үзэж байна. Учир нь хууль хэрэглээний хувьд прокурор, шүүх өөр өөрийнхөөрөө тайлбар хийж байгаа ч гэсэн шүүхийн шийтгэх тогтоолыг үндэслэлтэй гэж үзэж байна. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг шүүх заавал хэрэглэнэ гэсэн ойлголт биш гэж хэлж байгаа учраас үүнийг үгүйсгэхгүй байна. Заавал шүүх хэрэглэнэ, прокурор хэрэглэнэ гэж тайлбарласан хуулийн заалт байхгүй учраас хөнгөрүүлэх нөхцөл байдал байгаа гэж үзэж байна. Б.Бийн хувийн байдлыг гаргаж өгсөн. Б.Б өнөөдөр ажил эрхэлж байна. Мөн энхийг сахиулахад оролцоно гэж бүртгүүлсэн, бэлтгэл хангагдаад явж байгаа. Мөн эхнэр нь жирэмсэн таван сартай, бага насны нэг нас гурван сартай хүүхэдтэй. Хохирогчийн ах шүүхэд тайлбар гаргасан. Тайлбартаа “шүүх хуралдаанд оролцох боломжгүй, гомдолгүй, тэнсэх саналтай анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү” гэсэн тайлбар гаргасан. Ийм учраас анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү.” гэв.

ХЯНАВАЛ:

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэргийг хянан хэлэлцэхдээ анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны ба үндэслэлтэй болсон эсэхийг хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэж хэргийг бүхэлд нь хянаж үзлээ.

Батсайханы Баттөр нь 2017 оны 8 дугаар сарын 11-ний өдөр Баянзүрх дүүргийн 10 дугаар хороо, Витсамогийн 5 дугаар хэсгийн 4-566 тоот хаягт байрлах хашаан дотор          72-85УНЯ улсын дугаартай “Хьюндай Соната-6” загварын автомашиныг жолоодон ухрах үйлдэл хийх үедээ 1 нас 8 сартай эмэгтэй, Д.Хг дайрч амь насыг нь хохироосон гэмт хэрэг үйлдсэн болох нь:

шүүгдэгч Б.Бийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...2017 оны 8 дугаар сарын 11-ний өдөр би өөрийнхөө хашаанд байсан Б.Даваадалай ахын нэр дээр байдаг “Хьюндай Соната 6” загварын 72-85 УНЯ улсын дугаартай автомашиныг жолоодоод эхнэр болох гэж байгаа Э.Оюуны гэрт очихоор 20 цаг 30 минутын орчим гарахаар болсон. Тэгээд манай найз эмэгтэй хашааны хаалга онгойлгоод, би автомашиндаа суугаад толиндоо харж байгаад ухартал нэг зүйл дээгүүр гарах шиг болохоор нь буугаад хартал жолоочийн эсрэг талын хойд урд дугуйгаараа Б.Даваадалай ахын хүүхэд болох Хүслэнг дайрчихсан байсан. Тухайн үед сандраад гэр рүүгээ бариад ороход цус алдаад байсан ба шууд дүүргийн эмнэлэг рүү очсон. Тэгээд эмч нар үзээд нэг их удалгүй байж байгаад нас барчихсан. ...би ухрах гэж байхдаа толинд харсан. ...талийгаач дүү маань жолоочийн эсрэг тал руу харсан байрлалтай хэвтэж байсан. Хаанаас гарч ирсэнийг нь бол анзаараагүй. Гэрт ээж, манай хүүхэд талийгаач нар байсан ба намайг гэрээс гараад автомашин руугаа явах үед гэрт тоглож байсан. Би 2017 оны 8 дугаар сарын 11-ний өдөр Баянзүрх дүүргийн 10 дугаар хороо, Витсамогийн 5 дугаар хэсгийн 4-566 тоот хаягт байрлах хашаан дотор 72-85 УНЯ улсын дугаартай “Хьюндай Соната 6” загварын автомашин унаж ухрах үйлдэл хийх үедээ төрсөн ах Б.Даваадалайгийн 1 нас 8 сартай охин Хүслэнг болгоомжгүйгээр дайрсан. Би ийм хэрэг хийсэндээ маш ихээр гэмшиж байна.” (хх-35-36, 44-45),

хохирогч Б.Даваадалайгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...2017 оны 8 дугаар сарын 11-ний өдөр би Дорноговь аймагт ажилтай явж байсан. Тухайн өдөр манай эхнэр Ц.Энхбат ажилтай байсан тул манай төрсөн дүү Б.Бөөр манай 1-3 насны 2 хүүхдийг харуулж байсан гэсэн. Манай ээж Х.Одонхүү бид нар нэг хашаанд байдаг. Ээж орой 20 цагийн үед гэртээ ирээд, дүү Баттөр манай 2 хүүхдийг ээжид гэрт нь оруулж өгөөд, Б.Б миний “Хьюндай Соната 6” загварын 72-85 УНЯ улсын дугаартай автомашиныг унаад гарах гэж байхдаа миний охин 1 нас 8 сартай Д.Хг дайрсан гэж байсан. Бага охин Д.Х 2015 оны 10 дугаар сарын 3-ны өдөр төрсөн. Миний хувьд болон манай эхнэрийн зүгээс ямар нэгэн гомдол санал байхгүй. Б.Б энэ хэргийг санаатай үйлдээгүй, манай бага охинд маш их хайртай байсан. Тухайн үед талийгаач охин маань автомашины ухрах камер болон толинд харагдаагүй гэж Б.Б хэлж байсан. Б.Бийн эхнэр Э.Оюун автомашин гарах үед хашааны хаалга онгойлгож байхад талийгаач автомашины ард зогсож байгаа нь харагдаагүй гэсэн. Тийм болохоор энэ хэргийг санаатай үйлдсэн гэж бодохгүй байна.” (хх-33-34),

гэрч Э.Оюуны мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...Би өөрийн нөхөр Б.Бийн хамт түүний төрсөн ах Даваадалайгийн 1-с 3-н насны 2 хүүхдийг нь харж өгч байсан. Манай хадам ээж Одонхүү, ах Б.Даваадалай нар нэг хашаанд Баянзүрх дүүргийн 10 дугаар хороо, Витсамогийн 5 дугаар хэсэг 4-566 тоотод амьдардаг байсан. Б.Б бид хоёр 20 хоног хүүхдүүдийг нь харсан. Тэгээд 2017 оны 8 дугаар сарын 11-ний орой 16 цаг өнгөрөөгөөд хадам ээж Одонхүү гэртээ ирээд, Б.Б бид хоёр орой 20 цаг өнгөрөөгөөд гадаа бүрэнхий болж байхад гэр рүүгээ явахаар Б.Даваадалай ахын 1 нас 8 сартай Хүслэн, 3 настай Ганбаатар нарыг хадам ээжийн гэрт оруулаад, мөн өөрийн 7 сартай Амарбаясгаланг үлдээгээд би хашааны хаалга онгойлгохоор очсон. Б.Б ахынхаа 72-85 УНЯ улсын дугаартай “Хьюндай Соната 6” загварын автомашиныг асааж хашаанаас гаргахаар болоод би хашааны хаалга бариад, гудманд автомашин байгааг хараад, эргээд гэрээс хүүхдээ авахаар гэр рүү явсан. Энэ үед урд талын дугуйны урд талд Хуслэн хажуу талаараа хараад дээгүүр нь автомашин явсан байдалтай хэвтэж байсан. Би хашгираад, Төрөө автомашинаас бууж ирээд талийгаачийг өргөөд, ээжийг дуудаад бид нар шууд эмнэлэг явсан.” (хх-38),

гэрч Х.Одонхүүгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...Б.Даваадалай хөдөө ажлаар явсан, эхнэр Энхбат нь ажилтай байсан тул завгүй байсан. Би 2017 оны 8 дугаар сарын 11-ний орой 16 цаг өнгөрөөгөөд ажлаасаа ирсэн. Б.Б эхнэр Э.Оюуны хамт орой 20 цаг өнгөрөөгөөд гадаа бүрэнхий болж байхад гэр рүүгээ явахаар Б.Даваадалай ахынхаа 1 нас 8 сартай Хүслэн, 3 настай Ганбаатар нарыг гэрт оруулаад мөн өөрийн хүүхэд 7 сартай Амарбаясгаланг үлдээгээд, Э.Оюун хашааны хаалга онгойлгохоор явсан. Б.Б ахынхаа 72-85 УНЯ улсын дугаартай “Хьюндай Соната 6” автомашиныг асааж хашаанаас гаргахаар болоод, би гэртээ хоол хийж байхад талийгаач Хүслэн гараад явсан байсан. Би анзаараагүй, нэг мэдсэн чинь гадаа Э.Оюун хашгирах чимээ гараад, Б.Б талийгаачийг тэврээд “дайрчихлаа” гээд гэрт орж ирсэн. Тэгээд шууд эмнэлэг рүү бид нар автомашинтай авч явсан. Талийгаачийн хамар амнаас нь цус гараагүй, хөдөлгөөнгүй болсон байсан. Эмнэлэгт очихоос өмнө автомашинд нас барсан байх гэж бодож байна.” гэх мэдүүлэг (хх-39) гэх мэдүүлгүүд,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн “...Талийгаачийн цогцост хийсэн шинжилгээгээр гавлын орой яс дух зулайн заадас зөрсөн, баруун чамархай, суурь яс, баруун нүдний ухархайд дээд хана, шүрэн ялтас руу үргэлжилсэн, турк эмээлийн баруун хэсгээр арагш суурийн ар хонхор, зүүн тийш суурийн том нүх дайрч, зүүн ар хонхор зүүн чулуулаг дайрч зүүн чамархай хүрсэн хугарал, тархины суурь, харааны зөрлөгийн ар хэсэг дунд тархи, тархины багана хэсэг, гүүр, уртавтар тархи, бага тархины эдийн няцрал, 2 хажуу ховдол арын эвэр, 4 дүгээр ховдлын цус, баруун дух, зулай чамархайн хуйхны
дотор гадаргуу болон булчинд цус хуралт, уушигны эдийн няцрал, дух, чамархай,
хацар шанаанд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр хэрэг учрал болсон гэх хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой шинэ гэмтэл байна. Талийгаачийн цогцост хийсэн шинжилгээгээр үхэлд нөлөөлөх архаг өвчингүй байна. Талийгаач нь толгой, цээжний хавсарсан хүнд гэмтлийн улмаас нас
баржээ. 2017 оны 8 дугаар сарын 11-ний 01:50 минутад нас бараад ойролцоогоор 6-8 цаг болжээ. Талийгаач нь 3 дугаар бүлгийн цустай байна.” гэх 1620 дугаартай шинжээчийн дүгнэлт (хх-25-26),

Замын цагдаагийн Албаны шинжээчийн “...Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1.4 Нийтлэг үндэслэл “Зам тээврийн осол” – “зам дээр тээврийн хэрэгслийн хөдөлгөөнөөс үүдэн хүний амь бие, эрүүл мэнд хохирох, тээврийн хэрэгсэл болон замын байгууламж эвдэрч гэмтэх, ачаа болон бусад эд материалын хохирол учрах явдал”, “Зам” – “тээврийн хэрэгслээр зорчиход зориулсан зурвас газар. Зорчих хэсэг болон түүний хажуугийн хөвөө, таримал зүлэг, явган хүний зам, тусгаарлах зурвас замд хамаарна” дээрхи тодорхойлолтоос дүгнэхэд зам тээврийн осол гэж үзэх үндэслэлгүй байна.” гэх 352 дугаартай шинжээчийн дүгнэлт (хх-24),

Зам тээврийн осол, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл (хх-9-14) зэрэг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авсан нотлох баримтууд болон хэрэгт цугларсан бусад бичгийн нотлох баримтуудаар хангалттай нотлогдож тогтоогджээ.

Мөрдөн байцаалтын шатанд энэ хэрэгт нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, шүүх нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн бодитой харьцуулан судалсны үндсэн дээр Б.Бийн үйлдсэн гэмт хэргийн талаар үндэслэлтэй дүгнэлт хийж, түүний гэм буруу, хувийн байдал, үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанарт тохирсон ял шийтгэл оногдуулсан байна.

Прокурор Ч.Батбаярын бичсэн “...шүүгдэгч Б.Бд 1 жил хорих ял оногдуулж, 1 жилийн хугацаагаар тэнсэж шийдвэрлэсэн нь Эрүүгийн хууль буруу хэрэглэсэн байна. Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 3-ны өдрийн 667 дугаартай шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж өгнө үү.” гэх улсын яллагчийн эсэргүүцлийг хангах нь зүйтэй гэж үзлээ.

Учир нь 2017 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс үйлчилсэн Шинэчлэн найруулсан Эрүүгийн хуульд “Тэнсэх, албадлагын арга хэмжээ хэрэглэх” талаарх ойлголт зохицуулалт нь өмнө 2002 оны Эрүүгийн хуульд зааснаас өөр байдлаар шинэчлэн зохицуулахаар тусгагдсан байна.

Тухайлбал, шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “хөнгөн гэмт хэрэг үйлдсэн хүн гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж хор уршгийг арилгасан, эсхүл гэмт хэргийн улмаас учруулсан хохиролоо нөхөн төлөхөө илэрхийлсэн бол гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан тухайн зүйл, хэсэг, заалтад заасан хорих ялыг оногдуулахгүйгээр таван жил хүртэл хугацаагаар тэнсэж болно” гэж тодорхой заасан байхад анхан шатны шүүх шүүгдэгч Б.Бд 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, уг хорих ялыг тэнсэж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна.

 Иймд прокурор Ч.Батбаярын бичсэн 2017 оны 12 дугаар сарын 6-ны өдрийн 55 дугаартай улсын яллагчийн эсэргүүцлийг хүлээн авч, шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт зохих өөрчлөлтийг оруулж, шүүгдэгч Б.Бд хорих ял оногдуулсан заалтыг хүчингүй болгож шийдвэрлэлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2 дахь заалтуудыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 3-ны өдрийн 667 дугаар шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 2 дахь заалтыг хүчингүй болгож,

тогтоох хэсгийн 4 дэх заалтад “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2, 7.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.3-т тус тус заасныг баримтлан түүнд оногдуулсан 1 жил хорих ялыг 1 жилийн хугацаагаар тэнсэж, түүнд согтууруулах ундаа, мансууруулах бодис хэрэглэхийг хориглохоор үүрэг хүлээлгэсүгэй” гэснийг “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт тус тус заасныг баримтлан ...............ы ...............д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ял оногдуулахгүйгээр нэг жилийн хугацаагаар тэнсэж, түүнд согтууруулах ундаа, мансууруулах бодис хэрэглэхийг хориглох үүрэг хүлээлгэсүгэй” гэж өөрчилсүгэй.

2. Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 3-ны өдрийн 667 дугаар шийтгэх тогтоолын бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

3. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийн буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Ш.БАТ-ЭРДЭНЭ

ШҮҮГЧИД                                                       С.СОЁМБО-ЭРДЭНЭ

                                                                                                Ц. ОЧ